Categories
мэдээ соёл-урлаг

“Ocean Grey” продакшны нээлтийн шоу болно

Намрын анхны томоохон шоу тоглолтыг шинэлэг найруулга, мэргэжлийн түвшинд зохион байгуулахаар залуу уран бүтээлчид ажиллаж байна.

Энэ бол наймдугаар сарын 26-ны 19:00 цагт “Crocus” event hall-д эхлэх товтой байгаа “Ocean Grey” хөгжмийн продакшны нээлтийн шоу, party юм.

Тодруулж хэлбэл, хөгжмийн олон талт урсгалаар шинэлэг хэв маяг, дуугаралт, найруулга бүхий дуу, хөгжмийн бүтээлүүдээс гадна кино, реклам хөгжим гээд урлагийн олон төрөлд амжилттай ажиллаж буй “Ocean Grey” мэргэжлийн хөгжмийн продакшн албан ёсоор нээлтээ хийж, Монголын хөгжмийн зах зээлд өөрсдийн брэнд нэр, туурвисан уран бүтээлүүдээ ийнхүү танилцуулах гэж байна.

Сүүлийн үед болж байгаа олон тоглолтууд дундаас ялгарах онцлогтойг энэхүү тоглолтын үндсэн агуулга, цар хүрээ, реклам гээд олон хүчин зүйл тодорхойлж байгаа юм. Оролцох уран бүтээлчид тэдний зүгээс үзэгчиддээ хүргэх тоглолт нь шинэлэг байх бөгөөд зөвхөн тоглолт бус шоу, party хосолсон үдшийг залууст бэлэглэх нь ээ. Рок поп, хип хоп урлагийн шилдэг хамтлаг, дуучид, шинэ үеийн онцлох уран бүтээлчдийн хамтран оролцох амьд шоу тоглолтонд, Төрийн Соёрхолт Д.Болд, МУГЖ Б.Сарантуяа, “Камертон” хамтлаг, ая зохиогч, продюсер Б.Ангирмаа, дуучин С.Сэрчмаа, “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа, “Киви” хамтлаг, “Honey Moon” хамтлаг, дуучин Х.Отгоо, Э.Болор-Уянга, Ч.Цэлмүүн, А.Хишигдалай, С.Зоригт, С.Хишигжаргал, “Opozit” хамтлаг, реппер Цэцэ, “Aim4r” бүжгийн хамтлаг, “Ocean Grey” продакшны дуучид оролцох юм байна. Тэд энэхүү тоглолтын тайзнаа “Ocean Grey” продакшнаас мэндэлж, сонсогчдын дунд хит болсон дуунуудаа мөн хэний ч сонсоогүй шинэ уран бүтээлүүдээ анхлан дуулах ажээ. Мөн DJ, продюсер Түвшин, “MMP”-ийн DJ TMK нар электро сет, хөгжмөөр залуусыг доргиох юм.

“Ocean Grey” продакшны нээлтийн шоу, party-ны энгийн тасалбар 30 мянган төгрөг бөгөөд уух зүйл үнэгүй дагалдана. Харин VIP тасалбарын үнэ 150 мянган төгрөг бөгөөд үүнд хоол, уух зүйлс, меню үйлчилгээ зэрэг багтжээ. Тасалбарыг “HI-FI”, “Orange” рекордсын бүх салбараар болон онлайнаар easyticket.mn сайт, 1900-1188, 1900-1991 дугаарын утсаар үнэгүй хүргэж байна.

Дашрамд, тоглолт зохион байгуулагчдын зүгээс амралтын өдрийг тааруулан үзэгч залуустаа нэгэн боломжийг олгожээ. “Ocean Grey” продакшны нээлтийн шоу тоглолт, партины энгийн тасалбарыг зөвхөн өнөөдөр, маргаашийн өдрүүдэд /08-22, 23/ авах үзэгчид “3-ыг авбал 1 үнэгүй” байхаар болсон байна. Хоёрхон хоног ингэж борлуулах тул та бүхэн яаравчлаарай.

Холбоо барих: 9995-8058

Categories
мэдээ нийгэм

Хортон шавьж устгалын ажил 90 хувьтай байна гэв

Энэ жил нийслэлд ойн хортон шавьжийг хүн болон байгальд хоргүй байдлаар устгаж байгааг албаныхан мэдэгдлээ. Байгаль, цаг уурын өөрчлөлт, хэт дулаарлаас шалтгаа­лан ойн санд хортон шавьж эрс ихсэх нь ойн түймэр болон хулгайчдаас дутуугүй модыг дахин сэргэх чадваргүй болгож сүйтгэ­дэг. Хор­тон шавьж­тай тэмцэх нь бай­галь хамгаалалд нэлээд чу­халд тооцогддог байна. Тиймээс устгал хийх талбайгаа судалж, их хэмжээний тархалттай хэсэгт шавж устгах ажлаа эхлүүлдэг аж. Нийслэлийн хувьд 90 мянган га талбайд судалгаа шинжилгээ хийснээс 6100 га талбайд устгал хийх шаардлагатай гэж үзсэн байх юм. Одоогоор устгалын ажил 90 хувьтай байна гэж Нийслэлийн байгаль, орчин ногоон хөгжлийн газрын Ой, ногоон байгууламжийн хэлтсийн дарга н.Болдбаатар ярьжээ.

Нийт талбайн 60 хувьд нь авиагаар буюу онгоцоор, үлдсэн хувьд механик аргаар устгал хийж буй юм байна. Авиагаар тэмцэх ажилд бактерийн бэлдмэл мөн зарим тохиолдолд химийн бэлдмэл ашигладаг байна. Гэхдээ химийн бэлдмэл байгаль болон хүн амьтанд хортой учраас аль болох татгалзаж байгааг хэлсэн юм. Зарим хорхой шавжийн хувьд улирлаас шалтгаалж устгах шаардлагатай учраас устгалыг нэг дор хийх боломжгүй байдаг аж.

Categories
мэдээ нийгэм

13 настай хүү Орхон голд живжээ

ОБЕГ-ын Гамшигийн шуурхай удирдлагын газраас усанд живсэн болон саатсан гэх тус бүр нэг мэдээлэл ирсэн талаар мэдээллээ.

Тодруулбал, Архангай аймгийн Хотонт сум Бургалтай багийн “Талын хар балгас” гэдэг газар 13 настай, эрэгтэй Ө Орхон голд живсэн тухай дуудлага энэ сарын 21-ний өдрийн 21:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн ОБГ-ын зургаан албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байна.

Мөн Налайх хотын тавдугаар хороо, “Уу” булангийн Сөрдөгийн гарам гэдэг газар “Туул” голд П-н “Land-100” загварын автомашин суусан, дөрвөн иргэн автомашин дээрээ байна гэсэн дуудлага өчигдөр оройн 19:20 цагт ирсний дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр татан гаргаж, тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн бүртгэл маргааш эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 24-28-ны хооронд явагдана. Өнгөрсөн хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчийн 189, төрийн бус өмчийн 314 нийт 503 цэцэрлэгт 83575 хүүхэд хамрагдсанаас төрийн өмчийн цэцэрлэгт 62993, төрийн бус өмчийн цэцэрлэгт 19886 хамрагдсан дүнтэй байна.

Энэ хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 233, төрийн бус өмчийн 399 нийт 632 цэцэрлэгт 91687 хүүхэд элсэх төлөвтэй байна. Нийслэлд нийт 152 хороо байдаг бөгөөд 33 буюу 21.7% нь цэцэрлэггүй байна. 2012-2013 оны хичээлийн жилийг энэ хичээлийн жилийнхтэй харьцуулан авч үзвэл хамрагдалтын хувь 6.4%-иар өсчээ.

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байна

“Нийслэлчүүдийг энэ өвөл дулаанаар хангах, өвөлжилтийн бэлтгэл ажил 85 хувьтай үргэлжилж байна” гэх мэдээллийг Улаанбаатар дулааны сүлжээний инженерийн албаны дарга Э.Батмөнх өгч байна.

Энэ жил Амгалангийн дулааны станц ашиглалтад орно. Дээрээс нь III, IV цахилгаан станцыг өргөтгөсөн. Үндсэн магитсрал шугамын өргөтгөлийг хийсэн аж.

Жилд дунджаар дулаан, эрчим хүчээр хангагдах 180-200 барилгын хүсэлтийг иргэн, аж ахуйн нэгжээс гаргадаг байна. Ямартай ч энэ эрэлт хэрэгцээг ойрын гурван жилдээ дээрх шинэчлэл, өргөтгөлийг хийсний дүнд хангах боломжтой хэмээн албаныхан тайлбарлалаа.

Categories
мэдээ улс-төр

Маргааш Засгийн газар хуралдана

Долоо хоног бүрийн даваа гарагт Шийдлийн Засгийн газар хуралддаг билээ. Үүний дагуу даваа гаригийн үдээс хойш буюу 16.00 цагаас Засгийн газрын ээлжит хуралдаан болох юм. Одоогоор хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт гараагүй байгаа ч шинэ сайд нарын асуудлын талаар хэлэлцэж магадгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ

Нэгэн 70-ны тэртээд Монгол Улс Дэлхийн II дайны төгсгөл 1945 оны чөлөөлөх дайнд Зөвлөлтийн улаан армитай хамт оролцож ялалт байгуулсаны түүхт 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Одоогоос 70 жилийн өмнө Жанчхүүгийн давааны бэхлэлтийг эвдэж, японы цэргийн томоохон бүлэглэлийг устгах ширүүн тулаан хийсэн цэргүүд Чөлөөлөх дайнд ялалт байгуулсан нь Дэлхийн II дайны төгсгөл болсон юм.

Ийнхүү Монгол улсын түүхэнд төдийгүй дэлхийн цэргийн дайны түүхэнд томоохон байр суурь эзлэх чухал үйл явдал болсон юм. Энэ дайнд манай улс оролцсон нь дэлхийн дайны голомтыг дарж унтраахад холбоотон гүрнүүдтэй хамтран байлдаж нийтийн дайсныг бут цохин Нэгдсэн үндэстний талд тууштай зогсож байгаагаа батлан харуулж, дэлхийн хүн төрөлхтний өмнө тусгаар улс гэдгээ батлан харуулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг дэлхий нийтэд дахин баталгаажуулсан түүхтэй билээ.

Энэхүү Чөлөөлөх дайны түүхэн ялалтын 70 жилийн ойг Дорноговь аймаг бахархалтайгаар тэмдэглэн өнгөрүүллээ. Тус арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд дарга хошууч генерал Б.Баярмагнай, ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн ахлагч Аймгийн ЗДТГ-ын дарга С.Бөххүү, Чөлөөлөх дайнд оролцож, эх орноо хамгаалах баатарлаг үйлст хүчин зүтгэж явсан ахмад дайчид оролцсон.

Тус үйл ажиллагаа Дорноговь аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд ёслолын жагсаалаар эхэлж, ахмад дайчид болон албаны хүмүүс Зургаан баатрын хөшөө, БНМАУ-ын баатар Данзанваачигийн хөшөө, 7-р хуягт бригадын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж аймгийн музейд “Бид ялав” үзэсгэлэнг нээсэн юм.Түүнчлэн Саран хөхөө театрт ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт боллоо.

Энэ үеэр Чөлөөлөх дайны түүхт ялалтын 70 жилийн ойн медалийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ахмад дайчиддаа гардуулан өгсөн бол Аймгийн Засаг дарга ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл гардууллаа. Дашрамд сонирхуулахад 1945 оны Чөлөөлөх дайнд манай аймгаас 9 дайчин оролцож байснаас 5 ахмад дайчин ойн үйл ажиллагаанд оролцсон юм.

Мөн аймгийн төв талбайд “Монгол Улсын төлөө зүтгэе” үдшийн цэнгүүн, чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярт зориулсан ёслолын буудлага боллоо.

1945 оны дайны ялалтын ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийн байгуулсан гавьяаг сурталчлах, дайнд оролцогсод, ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх учиртай юм.

Ийнхүү Дорноговь аймаг Чөлөөлөх дайны түүхт ялалтын 70 жилийн ойг бахархалтайгаар тэмдэглэж, зохион байгуулалтыг өндөр түвшинд хийсэнд ахмад дайчид болоод холбогдох албаны хүмүүс өндөр сэтгэгдэлтэй байлаа.

Categories
мэдээ нийгэм

Гадны нөлөөтэй амиа алдсан хэргийг хаажээ

“My car” компанийн захирал Ч.Батболд бусдад хорлогдож амиа алдсан хэрэг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 03-нд гарсан. Гадны нөлөөтэй буюу шүүх эмнэлгээр бусдад хорлогдож амиа алдсан уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж үзээд “амиа хорлосон” гэх дүгнэлт гаргаж хэргийг хаажээ.

Харин талийгаачийн ар гэрийнхэн нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй талийгаачийн эхнэр У нь өв хөрөнгөд шунаж, бусдаар алуулсан байх магадлалтай юм. Тиймээс хэргийг дахин шалгаж өгөхийг хүссэн ч шалгаж өгөхгүй байгаад гомдолтой байгаа гэжээ. Түүнчлэн түүний эхнэр нь хууль хяналтын байгууллагынхныг удаа дараа хахуулдаж энэ хэргийг хаалгасан байх хэмээн хардаж байгаа ажээ.

Талийгаачийн эгч нь “Талийгаач амиа алдахдаа хэвлийдээ хоёр удаа хутгалуулж, мөгөөрсөн хоолойгоо тасартал гурав огтлуулсан байсан. Хамгийн сүүлчийн шүүх эмнэлгийн дүгнэлтээр хоолойндоо ч авсан шарх нь тэр, хэвлийдээ ч авсан шарх нь тэр бүгд үхлийн аюултай, амьд гарах боломжгүй. Хэрэв өөрөө амиа хорлосон бол эхний хэсэгтээ гэмтэл учруулсны дараа дараачийн тус газраа мэс хүргэж амжихгүй гэдгийг дүгнээд гаргачихсан байгаа. Бидний зүгээс талийгаачийн эхнэр А.У-ийг сэжигтнээр татан, шалгахыг хүсч байна. Энэ хэргийг зохион байгуулалттайгаар, шуналын сэдэлтэйгээр үйлдсэн гэж бодож байна” гэсэн юм.

Categories
гадаад мэдээ

Хоёр Солонгосын хэлэлцээ өнөөдөр үргэлжилнэ

Өмнөд Солонгос БНАСАУ хоёрын хооронд хурцадмал байдлыг намжаах үүднээс бямба гаригт эхэлсэн хэлэлцээ 10 цаг үргэлжлээд зогслоо. Хэлэлцээ өнөөдөр үргэлжлэх бөгөөд Улаанбаатарын цагаар 15.00 цагаас эхлэх аж.

Хэлэлцээний явцад ямар үр дүн гарсан талаар мэдээлэл байхгүй байгаа бөгөөд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ким Хван Чин, Хоёр орны нэгдлийн хэргийн сайд Хон Ен Пе нар төлөөлж байна. Хойд Солонгосын төлөөлөгчөөр Өмнөд Солонгосын асуудал хариуцсан өндөр тушаалтан Ким Ян Гон, Умардын ардын армийн улс төрийн газрын захирал Хван Бен Со нар иржээ.

Эхлээд Пхеньян хоёр орны хил дээрх чанга яригч төхөөрөмжүүдийг зогсоон сурталчилгаа явуулахаа болихыг шаардсан юм. Өмнөд Солонгос тэр шаардлагыг нь хүлээн авалгүй радио нэвтрүүлгээ үргэлжлүүлнэ гэсэн байна. Үүний улмаас хоёр тал их буугаар буудалцаад амжсан.

Categories
мэдээ нийгэм

Өрхийн эмнэлэгт шинжилгээ авах бэлтгэл хангагджээ

Иргэд ирэх есдүгээр сарын 1-нээс өрхийн эмнэлэгтээ цус, шээсний шинжилгээ өгдөг болно. Одоогоор 142 өрхийн эмнэлэгт шинжилгээний аппаратыг суурилуулан, иргэдэд үйлчлэх бэлтгэлийг хангасан байгаа бөгөөд өрхийн эмч нарыг ч аппараттай ажиллах, шинжилгээ авах хэд хэдэн удаагийн сургалтад хамруулжээ.

БНСУ-аас төслийн хүрээнд оруулж ирсэн шинжилгээний аппарат нь иргэдийн цаг хугацааг хэмнэсэн олон үйлдэлтэй гэгдэж буй.

Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд шинжилгээнийхээ хариуг авахаар заавал эмнэлэгтээ ирэх шаардлагагүй болно. Шинжилгээний хариуг тусгай цахим хуудсаар орж, нууц дугаараа хийн авч болох бөгөөд цаашид хоолны дэглэм, эм тариа, зайн эмчилгээний мэдээллээ ч хамт авах боломжтой болох ажээ.