Categories
гадаад мэдээ

Америкийн цэргийн баазад дэлбэрэлт болжээ

Японы Сагамихара хотын ойролцоо орших АНУ-ын цэргийн бааз дээр хүчтэй дэлбэрэлт болсон тухай NHK мэдээллээ.Гэрчүүдийн ярьснаар дэлбэрэлт 10-15 минут үргэлжилсэн бөгөөд үүний дараа тэнгэрт хөх утаа татсан байна. Гал сөнөөгчид тэр даруй хэргийн газар очиж түймрийг унтраажээ. Азаар хүний амь эрсдээгүй аж. Сагамихара хотод Америкийн цэргийн баазын агуулах нь байрладаг бөгөөд сум, зэвсэг байдаг юм байна.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

В.Путин Бээжинд болох баярын парадыг үзнэ

Удахгүй Бээжин хотноо дэлхийн II дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойд зориулсан цэргийн парад болно. Баярын арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцох юм байна. Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров энэ тухай “Российская газета” сонинд бичжээ. Ийнхүү хоёр улс Ялалтын баярыг хамтран тэмдэглэж байгаа нь Орос, Хятадын найрамдалт харилцааг улам бүр бэхжүүлээд зогсохгүй дэлхий дахинд энх тайвныг сахин хамгаалахад чухал үүрэгтэй юм. Ирэх есдүгээр сарын 3-ны өдөр Бээжин хотын Тянь Ан Миний талбайд болох цэргийн парадад 12000 цэрэг, 200 онгоц оролцох юм байна.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл авахад нь дэмжлэг үзүүлнэ

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/683 дугаар захирамжаар хичээлийн
шинэ жил–Эрдмийн баярыг тохиолдуулан амьжиргааны баталгаажих түвшнээс
доогуур орлоготой өрхөөс ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид
элсэн орох хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл авахад нь дэмжлэг туслалцаа
үзүүлэхээр боллоо. Хичээлийн хэрэгсэл худалдан авахад шаардагдах
49.890.390 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах юм.
Мөн энэхүү үйл ажиллагааг нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа
аж ахуйн нэгж, байгууллага, Төрийн бус байгууллага, олон улсын
байгууллага, төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн нөөц боломжийг дээрх чиглэлд
хандуулан, зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт
даалгажээ гэж Нийслэлийн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг бүрэн хангахыг үүрэг болголоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит
шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж зөвлөгөөнөөр өнгөрсөн 14 хоногийн нөхцөл
байдлын талаар дүүргийн удирдлагууд мэдээлэл өглөө.

Дүүргүүдийн хувьд
гэмт хэрэг, зөрчлийн дуудлага харьцангуй буурсан үзүүлэлттэй байсан бол
барилга угсралтын үйл ажиллагааны зөвшөөрлийн зөрчилтэй хэд барилга
байгууламж байгааг дуулгалаа.
Тодруулбал, Баянзүрх дүүрэгт
зөвшөөрлийн зөрчилтэй долоон байгууламж байгаа бол, Хан-Уул дүүрэгт
дөрөв, Сүхбаатар дүүрэгт хоёр барилга байгууламж нэмэгджээ.
Нийслэлийн
Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа,
“Сүүлийн өдрүүдэд зохих зөвшөөрөл авалгүйгээр барилгын ажил эхлүүлэх
явдал нэмэгдэж байна. Тиймээс нийслэлийн холбогдох агентлагууд энэ
асуудлыг анхааралдаа авч, судалгаа гаргаж зөрчлийг тухай бүрт нь
холбогдох хууль журмын дагуу шийдвэрлүүлэх”-ийг үүрэг болголоо.
Түүнчлэн
хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлыг бүрэн
хангаж, сургуулийн орчинд замын хөдөлгөөний аюулгүй бүс бий болгох,
зарим замуудад замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэгээг шинээр тавих зэрэг
ажлыг хийж гүйцэтгэхийг холбогдох газруудад үүрэг болгов.
Сонгинохайрхан
дүүргийн Засаг дарга М.Чинболд, тус дүүрэгт байрлах Москва хорооллын
9-р байрны гадна дулаалга нурж, иргэд оршин суугчид хүндхэн байдалтай
байгааг өнгөрсөн шуурхайгаар танилцуулсан. Энэ асуудал одоо болтол
шийдэгдээгүй байна гэж мэдээлэв.
Энэ асуудлын хөрөнгийн асуудлыг
яаралтай шийдэж, иргэдийг хохиролгүй болгох, тухайн барилгыг барьсан
гүйцэтгэгч болон, хүлээн авсан Улсын коммиссын гишүүдэд хариуцлага
тооцох хэрэгтэйг Засаг даргын орлогч санууллаа.
Мөн энэ үеэр
нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж энэ онд хэрэгжүүлж байгаа
зам засвар, барилгын ажлын талаар товч мэдээлэл өглөө. Өнгөрсөн жил
Улаанбаатарын баруун тэнхлэгийн замыг сайжруулж тэлсэн бол энэ жил зүүн
чиглэлийн замуудыг сайжруулж шинэчлэх зорилт тавьж ажиллаж байгаа. Энэ
онд нийслэлийн хэмжээнд 91.5 тэрбум төгрөгөөр нийт 14 байршилд зам
барилгын ажил гүйцэтгэж байгаагаас дийлэнхи нь хугацаандаа дуусгахаар
ажиллаж байна. . Мөн зуслангийн чиглэлийн замууд энэ оны 10 сарын нэгэн
гэхэд бүрэн ашиглалтад орно гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ улс-төр

Хүний эрхийн үндэсний байгууллагуудын ээлжит чуулган Улаанбаатарт болно

Наймдугаар сарын 26-28-ны
өдрүүдэд Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний
байгууллагуудын ээлжит чуулган Улаанбаатар хотноо болно.

Чуулганд 28 улсын хүний эрхийн байгууллага, иргэний нийгмийн
байгууллага, Хүний эрхийг хамгаалагчдын асуудал эрхэлсэн Нэгдсэн
үндэсний байгууллагын тусгай элч болон хүний эрхийг хөхиүлэн дэмжих,
хамгаалах үндэсний байгууллагуудын олон улсын зохицуулах хороог төлөөлөн
нийт 160 орчим төлөөлөгчид оролцох юм байна.

Жил бүр зохион байгуулдаг энэ чуулганаар бүс нутагт хүний эрхийн
тулгамдсан асуудал, зөрчил, тэдгээрийн нөхцөл шалтгаан, тэдгээрийг
шийдвэрлэж буй байгууллагуудын туршлага, боломжийг хэлэлцэж, шийдвэр
гаргадгаараа ач холбогдолтой аж.

Ази, Номхон далайн чуулган нь бүс нутагтаа хүний эрхийн үндэсний
байгууллагыг байгуулах, бэхжүүлэх үйл ажиллагааг дэмжих, хамгаалах
зорилготой байгууллага юм байна. Манай улс 2002 оноос эхлэн тус
байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элссэн бөгөөд 2015-2017 онд АНДЧ-ыг
тэргүүлэн ажиллах юм.

Мөн чуулганы үеэр хоёр жил тутамд болдог бага хурлыг “Эрүү шүүлт
болон бусад хэлбэрийн зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэхэд хүний
эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдвээр зохион байгуулах
юм байна.

Хүний эрхийн үндэсний байгууллагуудын эрүү шүүлтийн эсрэг элчин
сайдаар ажиллаж буй ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг энэ үеэр илтгэл тавих аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Мөнхтөр: Ерөнхий сайдын зүгээс сайд нарын нэрийг өргөн мэдүүлэх боломжгүй

АН-ын Гүйцэтгэх зөвлөл 15.00 цагаас хуралдах тов гарсан. Үүгээр зургаан сайдын асуудлыг батламжлаад УИХ-д өргөн барих эрхийг Ерөнхий сайдад өгнө гэж таамаглаж байсан. Гэтэо ээлжит бус чуулган зарласан ч Ерөнхий сайдын зүгээс сайд нарын нэрийг өргөн мэдүүлэх боломжгүй байна гэсэн мэдээллийг дөнгөж сая Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр хийлээ. Ийм нөхцөл байдал үүссэн нь улс төрийн намуудтай холбоотой аж.

Тиймээс ирэх аравдугаар сарын 1-н буюу намрын ээлжит чуулган зарлагдах үед сайд нарын нэрийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Гэхдээ Засгийн газрын төвшинд ажил цалгардсан зүйл байхгүй, чөлөөлөгдсөн зургаан сайдын ажлыг нэр бүхий сайд нар нугалж байгаа гэдгийг мөн тэрээр тодотголоо.

Намрын их ажил эхэлж, өвлийн бэлтгэл хангах цаг тулж байгаа тул ирэх долоо хоногт Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллах бол ирэх есдүгээр сарын 10-ны орчимд БНХАУ-д айлчлал хийх болсон байна.

Categories
мэдээ спорт

Боксчид хатуу болзолтой тивийн аваргыг зорилоо

Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар
сарын 26-наас есдүгээр сарын 5-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотод
болно. Тэмцээнд хүч үзэх ширэн бээлийтнүүд өнөөдөр хилийн дээс алхаж
байна.

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Тамирчид:

  • 49 кг: Г.Ган-Эрдэнэ
  • 52 кг: А.Нурлан
  • 56 кг: Э.Идэрхүү
  • 60 кг: Д.Отгондалай
  • 64 кг: Б.Чинзориг
  • 69 кг: Б.Түвшинбат
  • 75 кг: Н.Шинэбаяр
  • 81 кг: С.Эрдэнэбаяр
  • 91 кг: Д.Отгонбаяр

Дасгалжуулагч:

  • Д.Батсүрэн
  • Б.Эрдэнэбаяр
  • Н.Мөнхсайхан

Тивийн аварга шалгаруулах тэмцээн боксчдын хувьд тун хариуцлагатай
даваа болж байгаа. Учир нь AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын
холбооны шинэчлэгдсэн дүрэм боксчдод тун хатуу шаардлага тавьж байгаа
бөгөөд ирэх аравдугаар сард болох ДАШТ-д өрсөлдөхийн тулд эхлээд тухайн
тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд эхний долоод бичигдсэн байх
болзлыг AIBA тулгаж буй.

Тэгэхээр энэ Азийн аваргаас медаль хүртэх, эсхүл медалийн төлөө тоглох
хэмжээний өрсөлдөөн үзүүлж байж Дэлхийн аваргад тулалдах эрхтэй болох
юм. Өмнө нь нэг улсаас бүх жинд тамирчнаа оролцуулах боломжтой байсан
бол ийнхүү болзол тавьснаар Дэлхийн аваргад оролцох бүрэлдэхүүн,
тамирчдыг одоо нэрлэхэд эрт болж таарч байна. Цаашлаад олимпийн эрх
олгох шалгуур ч бас хатуу болсон гэдгийг боксын багш, дасгалжуулагч нар
онцолж байна.

Харин эмэгтэйчүүдийн хувьд ирэх оны хоёрдугаар сард өмнөд хөршид болох
ДАШТ-ээс медаль хүртсэн тохиолдолд олимпод өрсөлдөх боломжтой болох юм.
Олимпийн наадамд эмэгтэй боксчид 51, 60, 75 кг гэсэн гурван жингийн
ангилалд оролцох бөгөөд 2016 оны ДАШТ-ээс дээрх гурван жинд медаль
хүртсэн тамирчдад буюу тус тус дөрвөн тамирчинд олимпийн эрх хүртээнэ.
Үүний дараа эрэгтэйчүүдийн адил тив тивийн эрх олгох тэмцээнээс олимпийн
эрхээ авах боломжтой. Гэхдээ Ази тивийн тамирчдын хувьд тус тэмцээнээс
жин тус бүрт ердөө ганцхан буюу зөвхөн түрүүлсэн тамирчдад олгох ажээ.

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катарын Доха хотноо аравдугаар сарын 5-18-нд болох билээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 27-нд тэнгэрт хоёр сар үзэгдэх үү?

Хүмүүс сошиалаар “Энэ сарын 27-нд тэнгэрт хоёр сар гарах уу. Марс гэдэг чинь сартай ижил хэмжээтэй юм уу” гэж бие биенээсээ асууж байна. Ийм мэдээлэл түгээд 14 хонож байгаа юм. НАСА-гийн зүгээс “Тэнгэрт хоёр сар үзэгдэхгүй. Ямар нэгэн гариг манай дэлхий рүү ойртон ирэх үед нарны туяа тусч тэр нь бидэнд сар мэт харагдаж болно. Маш том хэмжээтэй гаригууд манай дэлхийгээс алсад өнгөрөх үед ийнхүү гэрэлтэж ч болно. 2015 оны наймдугаар сарын 27-нд дэл­хийд хоёр сар гарна гэдэг нь цуурхал. Харин Ангараг гариг дэл­хийтэй ойртож ирээд өнгөр­нө” гэсэн тайлбар хийжээ.

Нэлээд хэдэн жилийн өмнө 2015 оны наймдугаар сарын 27-нд тэнгэрт хоёр сар гарна гэсэн мэдээлэл таржээ. Тэр мэдээлэл сошиалаар жил бүрийн өдийд сэргэж “Тэнгэрт хоёр сар гарна” гэж цуурцгаадаг. Ер нь аль нэг гариг манай дэлхийтэй ойртон ирээд өнгөрөх үзэгдэл мэр сэр тэмдэглэгддэг. Асар холуур өнгөрсөн өөр гариг шөнийн тэнгэрт тод гялалзсаныг хүмүүс сар мэтээр төсөөлж хүлээж авсан тохиолдол баруунд олон ажиглагджээ. Тэр үед лалын шашинтай орнуудын хувьд уг үзэгдлийг байгаль, сансрынх гэхээсээ илүүтэй ямар нэг ёр бэлгэ тэмдгийг агуулсан гэж үзэн нууц зан үйл хийж байжээ. Харин азичуудын хувьд хоёр сар үзэгдэх нь өсч дэвжихийн бэлгэдэл гэж эерэгээр хүлээж авдаг ч тэнгэрт ганцхан байдаг эрхэс ихэрлэх нь дайн самуун эхлэхийн дохио гэж цээрлэдэг юм байна.

Фэйсбүүкээр тархсан мэдээллүүдэд задаргаа хий­­хэд хэд хэдэн алдаа ажиг­лагджээ. Нэгдүгээрт олон нийтийн сүлжээгээр түгсэн хоёр сар бүхий фото нь хуу­рамч байжээ. Хоёрдугаарт, Ангараг гаригийг сартай адил хэм­­жээтэй мэтээр ташаарчээ.

Энэ сарын 27-ны 00:30 цагт Ангараг гариг дэлхийд ойртож ирэх юм байна. Наса-гийн судлаачдын мэдээлснээр тус гариг дэлхийд маш ойрхон буюу 3465000 км-ийн зайтай өнгөрөх гэнэ. Энэ үзэгдэл нь 272 жилд нэг удаа тохиодог юм байна. Дараагийн ийм үзэгдэл 2287 онд болох юм.

Наймдугаар сар гарснаас хойш “Google”-д “Хоёр сар” гэсэн хайлтыг сая гаруй удаа хийж, хайлтын үр дүнд 136 сая мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс үзвэл байгалийн энэ ховор үзэгдэл хүн төрөлхтний хувьд ихээхэн анхаарал татаж байгаа нь ойлгомжтой. Шөнийн тэнгэрт сарнаас өөр гариг түүн шиг гялалзан цацрах нь ховор үзэгдэл яалтгүй мөн бөгөөд хүний биед сансрын ямар нэг сөрөг нөлөөгүй юм байна. Сансар судлаачдын хувьд “Тэр үдэш хоёр сар гарахгүй. Нэг л сар харагдана. Харин хоёр дахь гээд байгаа сар нь Ангараг гариг байх болно. Гэхдээ сар шиг тийм тод байхгүй. Ангаргийг нүдээрээ харах боломж хүссэн хүн бүхэнд олдохгүй. Энэ бол ховор тохиол” гэсэн байр суурьтай байгаа юм. Энэ сарын 27-нд хуучны тооллоор 12 байх бөгөөд сар харьцангуй том харагдана гэсэн үг.

Ангараг гариг нь Нарны аймгийн дөрөв дэх гариг. Хоёр дагуултай, хөрст гариг. Нүүрсхүчлийн хийгээс тогтсон агаар мандалтай, туйлууд дээр нь мөс байгаа нь тогтоогдсон гариг билээ. Уг гаригийн радиус нь дэлхийн радиусын хагастай тэнцэх бөгөөд жингээрээ дэлхийгээс арав дахин хөнгөн. Ангараг гаригийн улаан өнгө нь түүний гадаргуу дээр өргөн тархалттай байдаг төмрийн усан исэл буюу гематиттэй холбоотой. Ангаргийг олон улсад Марс гэх нэрээр нь илүүтэй тэмдэглэдэг. Энэ нь эртний Ромын дайны бурхны нэр. Харин монголчууд Ангаргийг “Улаан нүдэн гариг” гэж нэрлэсээр ирсэн билээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын гүйцэтгэх зөвлөл хуралдана

Өнөөдөр 15.00 цагаас АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдах тов гарлаа. Хурлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс мэдүүлсэн нөхөн томилогдох зургаан сайдын асуудлыг тус хурлаар батламжлаад УИХ-д өргөн барих эрхийг нь өгөх бололтой.

Ээлжит бус чуулганыг зарлах эрх нь хуулиараа зөвхөн УИХ-ын даргад буй. Тэрээр энэ сарын 26-нд Хэнтий аймагт болох Ардчилсан намын “Зүүн бүсийн чуулга уулзалт”-нд оролцох бол 30-ны өдөр буюу ирэх ням гаригт Нью-Йорк хотноо болох Дэлхийн парламентын спикерүүдийн дөрөвдүгээр уулзалтад оролцохоор Америкийн нэгдсэн улсыг зорино. Тэгэхээр наймдугаар сарын үлдсэн хэд хоногт ээлжит бус чуулган зарлагдаж нөхөн томилогдох зургаан сайдын асуудал яригдахгүй байж магадгүй гэсэн таамаглал байсан юм. Харин өнөөдрийн хурлаар тодорхой хариу гарах бололтой.

Categories
мэдээ нийгэм

13 настай хүүхэд усанд осолджээ

Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн “Талын хар балгас” гэдэг газар Ө /13 настай, эрэгтэй/ “Орхон” голын усанд живжээ. Энэ тухай дуудлагыг онцгойгийнхон 2015.08.21-ний өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж мэдээллээ.

Жимс түүж явсан иргэн ухаан алдсан байжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, Богд уулын “Чулуут” аманд 52 настай эмэгтэй жимс түүж яваад төөрчээ. Энэ тухай дуудлагыг Нийслэлийн Аврах анги өчигдөр орой хүлээн авч таван алба хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эрлийн үр дүнд “Чулуут”-ын дээд хэсэгт ухаан алдсан байдалтай байсныг олсон байна.