Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ Казахстаны Астана хотноо өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас Х.Цагаанбаатар, Д.Төмөрхүлэг, М.Бундмаа, А.Цолмон нарын бөхчүүд зодоглоно.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар “В” хэсэгт багтсан. Тэрээр эхний тойрогт Аргентинийн П.Гонзалестай учраа таарсан байна.
Харин энэ жинд Д.Төмөрхүлэг эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд Тажикстан, Серб бөхчүүдийн аль хожсонтой нь хоёрдугаар тойрогт барилдах юм.
Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон “В” хэсэгт багтсан бөгөөд эхний барилдаанаа Канадын Г.Екатринатай хийнэ. Гавьяат М.Бундмаа эхний тойрогт АНУ-ын Д.Ажеликатай оноолт таарчээ. Тэрээр “С” хэсэгт багтсан.
Урьдчилсан барилдаан орон нутгийн цагаар 11.00 цагт буюу Улаанбаатарын цагаар 14.00 цагаас эхлэх юм. Харин шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 20.00 цагаас болох бөгөөд ДАШТ-ийг МҮОНТВ, ETV, SPORTBOX, C1 телевизүүд эх орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.