Categories
мэдээ улс-төр

Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэл хийнэ

Уул уурхайн сайд Р.Жигжид маргааш/VIII.26/ 11.00 цагт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр болжээ. Тэрээр уул уурхай салбарын өнөөгийн нөхцөл байдал болоод Ашигт малтмалын газраас олгож байгаа лиценз олголтын асуудлаар мэдээлэх гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Ялалтын 70 жилийн ойг Улаанбаатар хотноо тэмдэглэнэ

1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүх 70 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ойн арга хэмжээг бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайдаар ахлуулан байгуулсан бөгөөд ажлын хэсгээс түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм байна. Ойн хүрээнд Сүхбаатар аймагт энэ сарын 19, Дорноговь аймагт энэ сарын 21-нд ялалтын баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн бол Улаанбаатар хотод энэ сарын 28-нд ялалтын баярт зориулсан арга хэмжээ үргэлжилих юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэдээллээ.

1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН ОЙГ УЛААНБААТАР ХОТОД ТЭМДЭГЛЭХ ХӨТӨЛБӨР

1. Ялалтын ойг тохиолдуулан хөшөө дурсгалын цогцолборт цэцэг өргөх

11:00-12:00 цагт, Зөвлөлтийн дайчдын хөшөө, Г.К. Жуков, Л.Дандар. Ж. Лхагвасүрэнгийн хөшөөнд ойн ажиллагаанд оролцогч байгууллагууд

2. Баярын хурал, хүндэтгэлийн концерт

14:-17:00 цагт Нийслэлийн Соёлын төв өргөөнд

3. Ойд зориулсан үзэсгэлэн

14:00-17:00 цагт Нийслэлийн Соёлын төв өргөөнд

4. Үдшийн цэнгүүн

21:00-22:00 цагт Их эзэн Чингис хааны талбайд

5. Ёслолын буудлага

22:00-22:10 цагт Их эзэн Чингис хааны талбайн урд цэцэрлэгт хүрээлэн

Categories
мэдээ спорт

Монголд багийн спортыг хөгжүүлнэ

Монголд багийн спортыг хөгжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийг гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх зорилтыг шат дараатайгаар үргэлжлүүлэх зорилгоор Монголд багийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 144 дүгээр зарлигийг 2015 оны наймдугаар сарын 13-ны өдөр гаргасан билээ. Энэхүү зарлигийг гардуулах ёслол өнөөдөр Спортын төв ордонд боллоо. Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамба, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, үндэсний болон багийн спортын холбоодын ерөнхийлөгч, тэргүүнүүд, баг тамирчид оролцов.

Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулж, гардуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт засгийн газрын гишүүд, энд хүрэлцэн ирсэн дасгалжуулагч, тамирчид, хатагтай, ноёдын энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оноос хойш спортыг дэмжих талаар дөрвөн чухал зарлиг гаргасан. Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх тухай, Өвлийн спортыг хөгжүүлэх тухай, Тив дэлхийн, олимпийн уралдаан тэмцээнд амжилт гаргасан тамирчдад насан туршид нь тэтгэлэг олгох тухай зарлиг гаргасан. Өнөөдөр багийн спортыг дэмжих тухай Засгийн газарт чиглэл өгсөн чухал зарлигийг гардуулах ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт баг тамирчид, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Өнөөдөр дэлхий нийт даяаршихын хэрээр улс орнууд бүх салбарт өрсөлдөж байна. Эдийн засгийн хөгжил, хүний хөгжил, спорт гээд салбарт өрсөлдөөн явж байна. Монгол гурван сая хүн амтай, 1.6 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай, байгалийн арвин их баялагтай.

Даяаршиж буй дэлхийд өрсөлдөхийн тулд ард түмнийг оюун санааны хувьд нэгтгэдэг зүйл бол урлаг, спорт юм. Үүнд өнөөгийн болон өмнөх Засгийн газрууд, биеийн тамир, спортын холбоод монгол хүнийг эрүүл саруул байлгах, бусад улс үндэстнүүдтэй спортын талбарт өрсөлдөхөд нь чухал үүрэг гүйцэтгэж байна. “Эрүүл биед саруул ухаан оршино” хэмээн их зохиолч Д.Нацагдорж хэлсэн. Гурван сая монголчууд маань хэдий чинээ эрүүл чийрэг, тэр хэмжээгээр ой ухаан сайтай байна. Хэдий чинээ ухаантай байна, даяаршиж буй дэлхийд улс орныхоо хөгжлийг урагш нь манлайлж авч явч чадна.

Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд, нийт тамирчид болоод Монголын нийт ард түмэнд Ерөнхийлөгчийн зарлигийг дэмжиж ажиллахыг хүсье. Дэлхийн олон уралдаан тэмцээн, олимпийн наадам биднийг хүлээж байна. Монголчуудынхаа алдар цуу, нэр хүндийг дэлхий дахинд цуурайтуулж явахын өлзийтэй ерөөлийг тамирчин, дасгалжуулагч та бүхэнд хүсэн ерөөе. Та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Энэ бол их чухал зарлиг. Үр дүн нь удахгүй гарна гэдэгт итгэлтэй байна. Монголчууд зөвхөн хувийн амжилт үзүүлдэг спортод төдийгүй багийн спортод амжилт гаргах болно. Гэхдээ бид зөвхөн нэг баг биш улс орноороо нэг баг болж, дэлхийн бусад орнуудтай өрсөлдөхийг зорьж байна.

Энд хүрэлцэн ирсэн та бүхэн цөөхөн монголчууддаа сайн үлгэр дууриал үзүүлэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлж, Засгийн газарт чиглэл өгсөн энэхүү зарлигийг хэрэгжүүлэх ажилд онцгой анхаарахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд болон бусад холбогдох хүмүүсээс хүсье. Сайн үйлс дэлгэрэх болтугай. Баярлалаа” гэв.

Categories
мэдээ спорт

М.Бундмаа, А.Цолмон нар хожигдлоо

Астанагийн татамид эмэгтэйчүүдийн 52 кг-д
А.Цолмон эхний тойрогт хийлж, Канадын Г.Екатринатай барилдан эхний ялалтаа
аваад ОХУ-ын бөх Юлий Ризховаг гурван торгуулиар хожсоноор Туркменстаны бөх
Бабамуратоватай барилдахаар болсон. Тэгвэл дөнгөж сая Туркменстаны бөх
Бабамуратовад цэвэр ялагдлаа. Харин Дэлхийн аваргад найм дахь удаагаа оролцож
буй М.Бундмаа гавьяат эхний барилдаанаа АНУ-ын Д.Ажеликатай хийж, 37 секундэд
цэвэр хожсон бол шөвгийн наймын барилдаанд ОХУ-ын бөх Наталъяд торгуулиар
хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүлэв.

Categories
мэдээ спорт

Х.Цагаанбаатар дэлхийн аваргын татамиг орхилоо

Казахстаны нийслэл Астана хотод болж буй жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдрийн барилдаан Улаанбаатарын цагаар 14.00 цагт эхэллээ. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорно. Өнөөдөр манай дөрвөн жүдоч барилдахаас 66 кг-д хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар салхийг хагалан барилдаж эхний тойрогт Аргентинийн П.Гонзалесыг дарах мэхээр цэвэр хожсон ч хоёрдугаар тойрогт ОХУ-ын Х.Камалд цэвэр ялагдсан. Түүнийг хожсон Х.Камал дараагийн тойрогт БНСУ-ын бөх Ан Баулд хожигдсоноор Х.Цагаанбаатарын тэмцээн дууссан юм. 66 кг-д “D” хэсгийг тэргүүлсэн Д.Төмөрхүлэг эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд хоёрдугаар тойрогт Сербийн В.Марког 3 минут 35 секундэд цэвэр хожлоо.

Эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон “В” хэсэгт, гавьяат тамирчин М.Бундмаа “С” хэсэгт багтсан. А.Цолмон эхний тойрогт хийлж, Канадын Г.Екатринатай барилдан эхний ялалтаа авлаа. Харин дараагийн тойрогт ОХУ-ын бөх Юлий Ризховаг гурван торгуулиар хожсоноор Туркменстаны бөх Бабамуратоватай барилдахаар боллоо. Дэлхийн аваргад найм дахь удаагаа оролцож буй М.Бундмаа гавьяат эхний барилдаанаа АНУ-ын Д.Ажеликатай хийж, 37 секундэд цэвэр хожоод байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ намрын шинэ ургацын ногооны эхний үзэсгэлэн худалдаа нээгдэв

Энэ намрын шинэ ургацын ногооны эхний үзэсгэлэн худалдаа өнөөдөр Барилгачдын талбайд нээгдлээ. Ирэх аравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх үзэсгэлэн худалдаанд Сэлэнгийн Мандал, Төв аймгийн Борнуур зэрэг газруудаас ногоочид ирсэн байв. “Өдрийн сонин” маргаашийн дугаартаа үзэсгэлэн худалдаанаас хийсэн дэлгэрэнгүй “Өдрийн сурвалжлага”-ыг хүргэх болно.

“Глобал Коммунитс” байгууллагаас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд харилцагч хөдөө аж ахуйн бүлэг, хоршоодыг нэгтгэн ийнхүү нийслэлийнхэнд шинэ ургац худалдаалж эхэллээ. “Монголд ургуулж, үйлдвэрлэснийг бид сонгодог” уриан дор ажилладаг тус байгууллагын хөтөлбөр нь 2010 оноос амжилттай хэрэгжиж байгаа аж. Энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн очсоноор тогооч Тэнгистэй хамтарч төрөл бүрийн ногоогоор хоол хийж сурах юм байна. Ингээд үзэсгэлэн худалдаанд зарагдаж байгаа хүнсний ногооны үнэ ханшийг хүргэе.

Брокли- 4000

Улаан лооль- 4000

Хулуу-1500

Тарвас-кг-1500-2000

Огурци-1500-1000

Бөөрөнхий байцаа-1000

Кимчи-1500

Ченжүү-4000

Сонгино-1500-2000

Зөгийн бал-20000

Бууцай-1500

Төмс-1200

Лууван-1000-1500

Манжин-1500

Жууцай-2500-3000

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ спорт

“Шинэ Яармагийн цом 2015”-ын аваргууд тодорлоо

Хүүхдийн хөлбөмбөгийн “Шинэ Яармаг” клубээс өнгөрөгч наймдугаар сарын 22-24-ний өдрүүдэд “Шинэ Яармагийн цом-2015” өсвөр үеийн тэмцээнийг зохион байгууллаа. Хан-Уул дүүргийн 41-р сургуулийн хөлбөмбөгийн талбай дээр болсон энэхүү тэмцээн хөвгүүдийн 11, 13 нас, охидын 13, 15 насны ангиллаар болсон юм.

Анх удаа болсон энэхүү тэмцээнд 10 байгууллага, клубын 23 багийн 350 гаруй тамирчид оролцсон бөгөөд “Шинэ Яармаг” клубын үйл ажиллагааг сурталчлах, хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээний тоог нэмэгдүүлэх зорилгоор тус клубыг үүсгэн байгуулагч Н.Нэргүйн нэрэмжит болгон зохион байгууллаа. Энэхүү тэмцээн цаашид жил бүр уламжлал болгон зохион явуулах юм байна.

Тэмцээнд Монголын хүүхдийн хөлбөмбөгийн лиг, УАШТ, “Дуулиан 2020” тэмцээний эхний байрын төлөө өрсөлддөг шилдэг багууд өрсөлдсөн нь тэмцээнийг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгожээ. Хамгийн холоос Төв аймгийн “Төв ургац” баг оролцож, хэсгээс шалгарахад тун ойрхон амжилт үзүүлсэн байна.

Тэмцээний хөвгүүдийн 13 насны ангилалд нийт 8 баг өрсөлдөж, С.Самдан ахлагчтай “Мазаалай 52” клубын баг тэргүүлж, Б.Мөнхжаргал ахлагчтай Баянзүрх дүүрэг, Э.Алтангэрэл ахлагчтай “Арвис” клуб удаалав.

Хамгийн холоос Төв аймгийн “Төв ургац” баг оролцож, хэсгээс шалгарахад тун ойрхон амжилт үзүүлсэн байна.

Хөвгүүдийн 11 насны ангилалд А.Мэнд-Амар ахлагчтай “Арвис” клуб цомын эзнээр тодорч, мөнгө, хүрэл медалийн эздээр Баянзүрх дүүрэг, “Хүчит чулуут ДМЮ” клубын багууд шалгарчээ.

Тэмцээний охидын 15 насны ангилалд 5 баг тойргийн журмаар өрсөлдснөөс Б.Маналжав ахлагчтай “Хан-Уул 41” баг тэргүүлж цомын эзнээр тодорсон бол хоёр, гуравдугаар байрт Баянзүрх дүүрэг, “Туулын том тулнууд” багууд шалгарсан юм.

Харин охидын 13 насны ангилалд “Хан-Уул 41”, “Шинэ Яармаг” багууд хоёр удаа тоглож, тус бүрт тооны харьцаа 1:1-ээр тэнцэж, торгуулийн цохилтоор 4:2 харьцаагаар “Хан-Уул 41” баг тэргүүлэв.

Тэмцээнийг УИХ-ын гишүүн Х.Баттулгын ивээл дор зохион байгуулж, хүүхдэд зориулсан “Маамуу шүүс” брэнд бүтээгдэхүүн, “Хаан банк-Яармаг”, цахилгаан, сантехникийн “Хүрд” компани, “Орем трейд” ХХК, “Пирамид Индастри” ХХК, Хан-Уул дүүргийн 5-р хороо зэрэг байгууллагууд дэмжин ажилласан байна.

Categories
мэдээ улс-төр

Шинээр ашиглалтад орох цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон Баянгол дүүргийн холбогдох албаны хүмүүс өчигдөр Баянгол дүүрэгт шинээр баригдаж байгаа хоёр цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцсан юм.

Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа цэцэрлэг өмнө нь Олон улсын галт тэрэгний тасалбар худалдаалах төв байсан бөгөөд зориулалтыг нь өөрчилж цэцэрлэг болгож байгаа аж. Нийслэлийн хэмжээнд хүүхдийн цэцэрлэг¬ийн хүртээмж хангалтгүй байгаа тул УБТЗ-ын даргын 2015 оны тавдугаар сарын 25-ны өдрийн А-118 тоот тушаалаар Олон улсын тасалбар худалдаалах төвийн барилгыг найман бүлэгтэй, 200 хүүхэд хүлээж авах хүчин чадал бүхий цэцэрлэг болгон өөрчилж байгаа юм байна. Тус төвийн барилгыг шинэчилж, цэцэрлэг болгох ажлыг төмөр замынхан өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж, дотоод нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна.

Одоогоор барилгын ажил 80 хувьтай явагдаж байгаа бөгөөд есдүгээр сарын эхээр ашиглалтад оруулж, есдүгээр сарын 21-нд цэцэрлэгийнхээ нээлтийг хийж, хүүхдүүдээ хүлээж авах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Цэцэрлэгийн барилгын үйл ажиллагаатай танилцах үеэр УИХ-н гишүүн С.Одонтуяа Улаанбаатар төмөр замын хамт олонд бүх хөрөнгө оруулалтыг байгууллагаасаа гаргаж цэцэрлэг барьж байгаад 200 гаруй эцэг, эхчүүдийн өмнөөс талархлаа илэрхийлсэн юм. Мөн тэрбээр “Баянгол дүүрэг нь цэцэрлэг, сургуулийн 80 хувийн хамралттай байгаа. Гэвч өнгөрсөн хавар гарсан тооцоо судалгаагаар нийтдээ 8000 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байсан бол энэ намар шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор энэ тоо нэг талаасаа багасна, нөгөө талаасаа ч ихсэх байх” хэмээн хэллээ. Улмаар цэцэрлэгийн барилгын доторх бүтэцтэй танилцаж, ажлын явцтай нарийн танилцлаа.

Дараа нь Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийг зорьсон юм. Тус цэцэрлэг нь зургадугаар бичил хорооллын хойно байрладаг бөгөөд 1965 онд байгуулагдаж байжээ. Өмнө нь дөрвөн бүлэгтэй 100 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай байсан тус цэцэрлэгийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар өргөтгөн, 10 бүлэгтэй, 240 хүүхдийн багтаамжтай болгон өөрчилж байгаа юм байна. Одоогоор барилгын ажил 95 хувьтай яваа бөгөөд энэ ондоо багтаад ашиглалтад орно гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа. Ямар ч байсан оноос өмнө ашиглалтад орчихвол өмнө нь авч байсан 100 дээрээсээ нэмээд 140 хүүхдийг хүмүүжүүлэх боломжтой болох аж. Ийнхүү 2015-2016 оны хичээлийн жилд Баянгол дүүрэг хоёр цэцэрлэгээр хүчээ сэлбэж, гэртээ сууж байгаа 300 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшихээр болж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Шаравдоржийн хэлэхийг нь хориглосон илтгэлийг “Өдрийн сонин” бүрэн эхээр нь нийтэллээ

-МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН БАЙДЛЫН ТУХАЙ ИЛТГЭЛ-

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос зохион байгуулж байгаа Ази Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын Чуулганы (АНДЧ) ээлжит XX бага хурал болж байна. Уг хуралд 20 гаруй орны 150 гаруй төлөөлөгч оролцож хүний эрх, эрх чөлөө, түүнийг тойрсон асуудлаар чуулах юм.

Манай орны хувьд Ази номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын чуулганыг эх орондоо зохион байгуулж байгаа нь олон талын ач холбогдолтой. Тэр тусмаа Монголын талаас төлөөлөл оролцуулж Ардчилсан Монгол оронд хүний эрх, эрх чөлөө ямар түвшинд байгаа талаар илтгэл тавих нь амин чухал асуудал байв. Гэсэн ч Монгол Улс дахь хүний эрхийн байдлын тухай илтгэл тавих байсан УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдоржийн хүсэлтийг хүлээн аваагүй байна. Тус бага хуралд тавихаар бэлтгэсэн түүний илтгэлийг бүрэн эхээр нь толилуулж байна.

Монгол Улс нь НҮБ-ын гишүүн бөгөөд хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой дэлхийн 70 шахам гэрээнд нэгдэн орсон, ардчилсан орон. Бид 1992 онд баталсан ардчилсан Үндсэн хуулиндаа хүний салшгүй эрх, эрх чөлөөг баталгаатай хамгаалж хэрэгжүүлэхээ тунхаглаж Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ баталгаажуулсан юм.

Ийм алхам хийснээр Монгол Улс нь ардчиллын үнэт зүйл болсон хүний эрх, эрх чөлөөг хамгаалж хэрэгжүүлэх, шударга ёсыг тогтоох, хуулийг дээдлэх, нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ, конвенци, эрх зүйн актаар хүлээсэн үүргээ биелүүлэх, үнэн зөв шударгаар тайлагнах өндөр үүрэг хүлээж ажиллана гэсэн үг. Үүнийг дэлхий нийт, түүний дотроос НҮБ харж, ажиглаж байдаг гэдэгт итгэж байна.

Монгол Улс Хүний эрх, эрх чөлөөг хангах талаар зарим арга хэмжээг авч, бас тодорхой үр дүнд хүрч байгаа боловч, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн, хангалттай биелүүлж чадахгүй байна.

“Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын үйл ажиллагаа” сэдвийн дор явагдаж байгаа Ази, Номхон далайн бүсийн орнуудын Хүний эрхийн Үндэсний чуулганы XX Бага хурлыг Улаанбаатар хотноо хийж байгаа нь завшаантай хэрэг боловч өнөөдөр Монгол Улсын дотоодод хүний эрхийн байдал бодит амьдрал ямар байгааг чин үнэнээр, бүрэн дүүрэн харуулна гэдэгт илтгэлгүй байна. Учир нь өнөөгийн Монголын төрийн эрх баригчид манай оронд аймшигтай хэлмэгдүүлэлт, тэгш бус байдал бий болоод хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Үүнийг манай ард түмэн нүдээрээ харж, биеээрээ амсч байгаа бөгөөд“ардчиллын хэлмэгдүүлэлт” хэмээн нэрлэдэг боллоо.

Хүний эрхийн “Эмнести Интернэшнл” байгууллага, “НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг Конвенци батлагдаад 30 жил өнгөрсөн ч Монголд эрүү шүүлт улам газар авч байгаа нь илэрхий байна. Дур зоргоор баривчлан, хорьж байгаа практик үргэлжилж байгаад санаа зовниж байна” гэсэн дүгнэлт хийсэн нь тохиолдлын зүйл биш.

Монгол дахь хэт улстөржилт, олигархуудын эрх ашиг, фракци бүлэглэлүүдийн хоорондын тэмцэл, өрсөлдөөнөөс болж хуулийн байгууллагууд хүний эрх, эрх чөлөөг ноцтой хэлбэрээр зөрчиж байна. Өнөөдөр Монгол Улсад хүний эрхийг хамгийн ноцтой зөрчих хэлбэр болох хэлмэгдүүлэлт, “эрүүдэн шүүх” явдал бодитой оршиж, төрөл бүрээр хэрэгжиж байна. Тэр байтугай, нас барсан хүнд шүүхээс эрүүгийн ял оногдуулсан эмгэнэлтэй явдал ч гарсан.

Энэ бүгдийг батлах олон жишээн дотроос би өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Монгол Улсын Их Хурлын дарга асан, Улсын Ерөнхий сайд асан Намбарын Энхбаяр болон түүнтэй хамсаатуулан олон хүнийг зохиомол хэрэгт хүчээр шийтгэсэн явдлыг тодорхой жишээн дээр танилцуулахыг хүсч байна.

Олон улсын практикаас үзэхэд, хагас цэрэгжсэн бүлгээс гүйцэтгэсэн баривчилгааг хуулиас гадуурхи баривчилгаанд тооцдог ажээ. Харин, Н.Энхбаярыг дур мэдэн баривчлах ажиллагааг шөнийн 04 цагт цагдаагийн 600 гаруй хүний бүрэлдэхүүнтэй арми гардан хэрэгжүүлж, бүлэглэн зодож, хамт байсан хүмүүст хэрцгий догшин хандсаныг олон нийтийн хэвлэл мэдээллээр харуулсан юм. Энэ ажиллагааг Авилгалтай тэмцэх газар, Цагдаа, Тагнуулын байгууллага, Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны удирдлага гардан гүйцэтгэсэн бөгөөд нийт монголчуудад аймшиг, түгшүүр төрүүлсэн үйл явдал болсон юм.

Урьд нь нэг ч удаа гэмт хэрэг үйлдэж байгаагүй, хуулийн байгууллагаас оргон зайлаагүй, Улаанбаатар хотод байнга амьдарч, тэр ч байтугай баривчилгаа явуулсан тэр өдөр ч Төрийн ордонд ажлын өрөөндөө хүмүүстэй уулзаад байж байсан хүнийг хүч хэрэглэн, яаран баривчлах ямар ч шаардлага байгаагүй гэдэг нь тодорхой.

Түүнийг баривчлах тухай шүүгчийн тогтоол гараагүй байхад асар их хүч хэрэглэсэн баривчлагааны үеэр зодуулж гэмтэл авсан Н.Энхбаяр ухаан алдсан байхад нь толгойг нь доош харуулан дамжилж гэрээс нь авч явсан юм. Энэ бол харгис хэрцгий хандсан эрүүдэн шүүлтийн илэрхий нотолгоо яах аргагүй мөн.

Баривчилгааны үеэр хуулийнханд зодуулж гэмтсэн, хохирсон 25 хүнийг эмчийн үзлэгт хамруулахад, тэдний 86,5 хувь нь, тархины доргилт, зөөлөн эдийн няцралт, цээж, нуруу, гуяны хэсгээр хөхрөлт, хавантай ба дийлэнх хүмүүс бүх биеийн битүү гэмтэл авсан байсан бөгөөд хоёр хүний хавирга цуурсан, нэг хүний шүд булгарсан нь тогтоогдсон. Энэ нь нэг хүнийг биш, нийтэд хүч хэрэглэсэн үйл ажиллагаа байсныг харуулж байна.

Мөн Н.Энхбаярт эрүү шүүлт тулгасны бас нэг нотолгоо бол, түүнийг баривчилсны дараа Төв аймгийн урьдчилан хорих, Зайсангийн хорих газарт шилжүүлэн хорьж, гэр бүл, төрөл төрөгсөдтэй нь уулзуулахгүй, гагцхүү өөрсдийн тулгасан үндэсгүй ялыг тулгаж, хүчээр хүлээлгэхийг оролдож байв.

Н.Энхбаяр өөрийг нь хилс хэрэгт ял тулгаж, эрүүдэн шүүж байгааг эсэргүүцэж арга буюу 11 хоног хуурай өлсгөлөн зарлаж, өөрийн эрх эрх чөлөө, нэр төрийг хамгаалахын төлөө тэмцэж амь насанд нь бодитой аюул тулгарсан нэн эгзэгтэй үед “МальтынТунхаглал”-ын заалтыг зөрчин “албадан хооллолт” хийх шийдвэр гаргасан юм. Мөн Н.Энхбаяр шаардлага тавьж өлсгөлөн зарлаад ес хонож байхад эрх баригчдаас ямар ч хариу өгөхгүй байсан нь өөрөө хүний эрхийн маш ноцтой зөрчил мөн.

Зөвхөн Н.Энхбаярт биш, энэ хэрэгт хилсээр холбогдож ял шийтгүүлсэн бусад хүмүүстэй зүй бусаар харьцах, айлган сүрдүүлэх, сэтгэл санааны эрүү шүүлт тулгасан нь олон баримтаар батлагдан тогтоогдож байна.

Хилсээр шийтгэгдсэн иргэн Д.Дуламсүрэн ярихдаа: “Энэ бол улстөрийн зохиомол хэрэг. Намайг энэ хэрэгт татан оруулж, ял шийтгэл оногдуулах нь Н.Энхбаяр, түүний гэр бүлийг улс төрд оруулахгүй байх, нийгэмд муухай харагдуулах гэсэн зорилготой байсан гэж боддог. АТГ-ын байцаагчид, чи Энхбаярын гэргий О.Цолмонтой хамт ажиллаж байсан юм чинь, чи үйлчилсэн байж таарна, тэд чамд ямар чиглэл өгсөн, хэзээ утсаар ярьсан, хаана уулзаж байсан бэ гэх зэргээр байцааж байсан.

Мөрдөн байцаагчид, прокурорууд, шүүгчдийн байдлаас харахад ямар ч хамаагүй аргаар Энхбаяр гэдэг хүнийг яллах зорилготой ажилласан юм билээ. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд намайг болон иргэн Д.Чулуунбаатарыг зүгээр золиос болгосон юм шүү. Ганцхан жишээ хэлэхэд, Нийслэлийн СБД-ийн шүүхийн шүүгч Соёмбо- Эрдэнэ бид нартай маш бүдүүлэг харьцаж байсан. Би өдөр болгон шүүх дээр 9-10 цагт өөрийн биеэр очиж бүртгүүлэх үүрэгтэй байсан ба ажил, замын түгжрэл зэргээс шалтгаалан 2-3 удаа 5-10 минут хоцорч бүртгүүлэхэд, шууд л дүүргийн шүүхийн камерт оруулаад хорьчихно, өрөөндөө оруулж загнана, чичлэнэ. Чи гараад сонин хэвлэлд яриад үзээрэй, сайнаа үзэхгүй шүү гээд сүрдүүлдэг байлаа” гэжээ.

Н.Энхбаяр нарт хүчээр ял тулгаж хилс хэрэгт ял шийтгэхэд чиглэсэн зорилготой үйл ажиллагаа шүүхийн шатанд ч явагдсан байна. Шүүх хурлаар Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн 150 дүгээр зүйлээр ялласан боловч энэ зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн Н.Энхбаярын үйлдэлд байхгүй юм.

Хуулийг илтэд буруу хэрэглэсэн, шүүхийн шинжээчийг зориуд тусгай хүмүүсээр томилж, захиалгаар дүгнэлт гаргуулж ял тулгах үндэслэл болгосон, шүүх хуралд оролцуулахаар хүсэлт гаргасан 16 гэрчээс зөвхөн хоёр хүнийг байлцуулсан, шүүгчээс татгалзан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон, өмгөөлөгч нарт хэрэгтэй танилцах боломжтой хугацаа өгөөгүй, танилцаж амжаагүй байхад буцаан хурааж авдаг байсан, шүүх хуралдаанд мэтгэлцээнийг хориглосон, шинжлэн судлаагүй зүйлийг яллах нотлох баримт болгосон, шүүх хурлын үеэр өмгөөлөгчийн асуулт тавих эрхийг хаасан зэрэг үй олон жишээ татаж болно.

Энэ хэрэгт хилсээр шийтгэгдсэн До.Чулуунбаатар ярихдаа: “Би энэ хэргийг ер ойлгодоггүй юм. Шүүх хурал дээр бидэнд тулгаж байгаа ялын тухайд асууж, юугаар нотлогдож байгаа юм бэ? гэхэд энэ гүйцэтгэх ажлын материал гэдэг. Түүнийг нь бид ч, бидний өмгөөлөгч нар ч үзээгүй, үзүүлээгүй. Шүүх хурал дээр цагаан цаасанд боосон юм харуулаад гүйцэтгэх ажлын материал гээд байсан. Тэр харуулаад байсан юм нь үнэхээр юу байсан бүү мэд. Ямар ч л байсан бидний хараагүй, мэдээгүй бөгөөд Монгол Улсын хуулиар нотлох баримтад тооцогдоггүй “гүйцэтгэх ажлын материал” гэдэг зүйлээр биднийг ялласан нь үнэн.

Мөрдөн байцаагч хэргийг шүүхэд шилжүүлэхийн өмнө надтай уулзаад, “таныг бүр шагнамаар хүн байх юм, маш их юм хийсэн, элдэв хууль зөрчсөн юм байхгүй, гэтэл АТГ заавал ял төлөвлөж өг гээд шахаад байна. Таныг шүүхийн шатнаас цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгох байхаа, тийм бүрэн үндэстэй” гэж байсан.

Миний холбогдсон хэрэг гэгчид хохирол байхгүй, хохирогч бас байхгүй. Бид тухайн обьектыг хувьчлаад авчихсан, зохих хэмжээний мөнгө төлсөн байсан. Гэтэл хувьчлалыг хүчингүй болгоод нийслэлийн өмчид авсан. Хувьчлалд төлсөн мөнгийг улс бидэнд буцааж төлөөгүй, шууд л хураагаад авсан. Дараа нь шинэ хүмүүст бас хувьчлаад өгчихсөн. Бид болдоггүй, тэр хүмүүс болдог байна” гэж байгаа нь болсон үйл явдлын үнэн мөнийг дэндүү бодитойгоор харуулж байгаа бусуу.

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Энхбаярыг Улсын Их Хуралд нэр дэвших эрхийг нь хаахдаа “боловсрол, ажлын чадвараар УИХ-ын гишүүн байх боломжгүй” гэж Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж авахаас татгалзаж байсан нь түүний улстөрийн эрхийг хязгаарласан захиалгат үйл ажиллагаа байв.

Энэ бол Н.Энхбаярыг МАХН-ын даргын нь хувьд, мөн улстөрийн хамгийн хүчтэй өрсөлдөгчийн нь хувьд улстөрийн сэдэлтээр бий болгосон зохиомол хэрэг бөгөөд Н.Энхбаярыг улстөрөөс шахан зайлуулах, түүнтэй улстөрийн тооцоо хийж алагчилахад чиглэсэн тодорхой зорилготой, улс төрийн хүчний зөвшөөрөл, үүрэг даалгавраар хуулийн байгууллагууд гардан хэрэгжүүлсэн зохион байгуулалттай, урьдаас тооцож бэлтгэсэн үйл ажиллагаа байсныг харуулж байна. Н.Энхбаярыг одоо ч мөрдөн мөшгисөн хэвээр байна.

Ийм байдлаар хэлмэгдүүлэлт явагдаж, эрүү шүүлт газар авч, хүний эрх, эрх чөлөөг хэмжээ хязгааргүй зөрчих явдал газар авч байна. Үүний золиос болсон хохирогчид гомдол гаргах боломж туйлын хязгаарлагдмал, гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох, хохирогчид айдаст авсан тул юм хэлж чадахгүй, эсхүл шударга үнэн үр дүн гарна гэдэгт ямар ч итгэлгүй болсон байна.

Эрүүдэн шүүгдэж, хүнлэг бусаар харьцаж шийтгэсэн хэргийн бүх хохирогчид гэмт хэргийн золиос болсныхоо төлөө нөхөн олговор авах, нэр төрөө сэргээлгэх, шударга үнэнийг тогтоолгох болон бусад хэлбэрээр хохирлыг барагдуулах ёстой.

Өнөөгийн ардчилсан Монгол Улсад хууль ёсыг сахих, биелүүлэх, хүний эрхийг хангаж байгаа нь бодит байдалд ийм байна. Хууль бус үйл ажиллагааны золиос болж олон хүн хохирч байгааг тодорхой баримт жишээн дээр сонордууллаа.

Иймээс,Монгол Улсад төрийн эрх баригчдын зүгээс явуулж байгаа хүний эрх зөрчсөн ноцтой үйл ажиллагааг таслан зогсоох эрс шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай байна.

Энэ асуудлаар НҮБ-ын Тусгай Илтгэгч, Эрүүдэн шүүхийн эсрэг Хорооны шинжээчдийг томилж ирүүлэхийг хүсч байна.

Энэхүү илтгэлийн материалтай хамт Н.Энхбаярыг хүч хэтрүүлэн, хууль бусаар баривчилсан ажиллагааны бичлэгийг хүргүүлэв.

ЦЭРЭНХҮҮГИЙН ШАРАВДОРЖ

/Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын гавьяат хуульч/

Categories
мэдээ улс-төр

БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Син Хаймин Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож, Монголчуудын сайхан уламжлалын дагуу морин цагт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байгаад баяр хүргэе. Монгол, Хятадын харилцааг цаашид улам өргөжүүлэн бэхжүүлэхэд таны ажил маш чухал. Энэ хариуцлагатай ажлаа амжилттай сайн хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. БНХАУ-тай харилцах, хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх, найрсаг хөршийн харилцааг хөгжүүлэн, урт удаан хугацаанд тогтвортой харилцах бодлого бол Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байж ирсэн.

Өнгөрсөн богино хугацаанд манай хоёр орны харилцаа маш эрчимтэй хөгжсөнийг онцлон тэмдэглэе. Ялангуяа БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр орны харилцааны ирээдүйн олон асуудлыг ярилцаж, хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурсан. Хоёр орны харилцаанд түүхэн ач холбогдолтой уг айлчлалын үеэр бид хамтын ажиллагааныхаа ирээдүйн чухал асуудлуудыг ярилцсан бөгөөд одоо үүнийг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай байна. Ингээд танд БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын хариуцлагатай, эрхэм, нэр хүндтэй ажилд томилогдож, өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байгаад дахин баяр хүргэе. Та бүхний, Элчин сайдын яамны нийт хамт олны ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе” гэв.

БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин хэлэхдээ “Эрхэмсэг ноён, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танд бид бүхнийг хүлээн авч уулзаж байгаад гүнээ талархал илэрхийлье. Юуны түрүүнд БНХАУ-ын дарга Си Зиньпиний чин сэтгэлийн мэндчилгээг танд уламжилъя. Бээжин хотноо ирэх есдүгээр сарын 3-нд болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойны арга хэмжээнд та оролцохоор болсонд бид баяртай байгаа бөгөөд ойн арга хэмжээний үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин тантай уулзаж, санал солилцохдоо таатай байх болно.

Би Монголд Элчин сайдаар томилогдон ирсэндээ үнэхээр баяртай байна. Хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө чармайн ажиллана. БНХАУ-ын дарга Си Зиньпиний өгсөн үүрэг даалгаврын дагуу хоёр орны харилцааг улам бүр хөгжүүлэн, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө ажиллах болно” гэв.