МУГЖ дуучин Л.Болдбаатартай ярилцлаа.
-Энэ зун хаагуур амрав даа?
-Юуны өмнө уншигч түмэн олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ жил миний хувьд их сайхан жил болж байна. Түмэн олны хишиг буян надад ирж сайхан цол авлаа. Энэ зун нутагтаа очиж зүгээр л зүлгэн дээр гэрээ барьж сар шахуу амарсан. Увс нутгийн маань 90 жилийн ой боллоо. Тэнд ах дүү, нутаг усныхантайгаа наадлаа.
-Монгол Улсын гавьяат жүжигчин цол авсныхаа дараа та фэйсбүүктээ “Аав, ээждээ баярлалаа” гэж бичсэн байсан. Ер нь төрийн том шагнал хүртээд зогсож байхад юу бодогдох юм?
-Энэ эрхэм хүндтэй цолыг авсандаа маш баяртай байгаа. Намайг энэ эрхэм цолыг авахыг олон хүн хүлээж байж дээ гэж бодогдсон. Үүнийг дагаад том үүрэг хариуцлага надад ирж байна. Долдугаар сарын 6-нд Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярихад надад их сонин үгээр хэлж боломгүй мэдрэмж төрсөн. Ингээд долдугаар сарын 8-нд Ерөнхийлөгчөөс тэмдгээ гардаж авчихаад гарч ирэнгүүтээ дээшээ хараад аав, ээжтэйгээ хамгийн түрүүнд мэндэлсэн. Тэд маань дээр байгаа бол намайг харж байгаа даа гэж бодогдсон. Олон хүн дэмжиж, баяр хүргэхээр ирсэн байсан даа. Тэдэн рүүгээ гараа өргөж мэндчилээд буусан. Цаашаа юу болсныг мэдэхгүй. Би одоо тэр үеийн бичлэгээ эргэж хараагүй л явна. Маш олон сайхан хүмүүс ирж баяр хүргэж байсан. Түүнээс л би өөрийгөө өнгөрсөн амьдралдаа буруу яваагүй олонтой хүн юм байна гэж анзаарч байлаа.
-Нутагтаа очиход хэрхэн хүлээж авав. Адуу мал бэлэглэлээ л гэсэн сураг сонсогдоод байсан. Та ч тоглолтоо хийхдээ хүмүүст адуу бэлэглэх дуртай шиг байдаг?
-“Морин жилийн хийморь” тоглолтоо хийхдээ нэг үзэгчид эмээл хазаартай морь бэлэглэж байсан. Адуунд дургүй монгол хүн бараг байхгүй байх. Тэр утгаараа би өөрөө адуунд дуртай, адуу цуглуулах ч дуртай. Нээх тийм морь уяж гавиад байх юмгүй. Гэхдээ бас тэр олон буянууд дотроос хурд гарчих байх л гэж бодож байгаа.
Хэдэн адуутай болж байна?
-Аавын ах дүү нар, нутгийн зон олны өгсөн адууг тоолох юм бол бараг нэг азарга адуу болчихсон.
-Жил бүрийнхээ төрсөн өдрөөр тоглолт хийсээр арван жилийг үджээ. Өнөө жил гавьяат жүжигчин болсон юм чинь мялаалга болгож наана нь тоглолтоо хийх үү?
-Төрсөн өдрөөрөө тоглолт хийдэг уламжлалаараа нэгдүгээр сард тоглолтоо хийнэ дээ. Тайлан гэдгээс илүү талархлын өдөр маягтай, түмэн олондоо баярласнаа илэрхийлсэн тоглолт байна гэж төлөвлөж байгаа. Түмэн олон маань миний дууг сонсож, дэмжээгүй бол би өдий зэрэгтэй явахгүй. Тэгэхээр түмэн олондоо маш их баярлалаа гэдгээ илэрхийлсэн тоглолт хийх юм.
-Та олон нийтийн цахим хуудсуудаа идэвхтэй хөтөлдөг юм билээ. Олны танил зарим хүмүүс фэйсбүүк хуудас, пэйжээс зай бариад байх шиг санагддаг?
-Сошиал ертөнц, фэйсбүүк пэйж хуудас чинь их амар юм билээ шүү дээ. Үүнийг би идэвхтэй хэрэглэдэг. Надад хүнээс нууж хаагаад байх юм байхгүй. Би өөрийгөө их энгийн хүн гэж боддог. Энгийн ч байсан. Энгийн ч байх болно. Гавьяат боллоо гээд миний нүүр царай өөрчлөгдөхгүй. Л.Болдбаатар тэр хэвээрээ л байна. Миний тухай мэдээллүүд пэйж хуудсанд маань дэлгэрэнгүй байдаг. Одоо хүртэл пэйж хуудсан дээр баяр хүргэсэн мэндчилгээ тасрахгүй байгаа.
-Урлагийн зам руу анх орж байсан үеэ эргэн дурсвал?
-Би 1998 онд Увс аймгийн Улаангом суманд 10 жилээ төгсөөд тэр намраа СУИС-д орсон юм. Багаасаа л дуулах дуртай хүүхэд байлаа. Тиймээс ч ерөөсөө л СУИС-д орно гэсэн бодолтой байсан. СУИС-ийн дуулаачийн ангийн хуваарь тэр үед Увс аймагт ирээгүй. Тэгээд хотод ирж конкурсдээд эчнээ ангид орж байлаа. Эчнээ ангиасаа нэг жилийн чөлөө аваад 1999 онд өдрийн анги руу ороод 2005 онд төгссөн дөө.
-Яагаад нийтийн дуу дуулж эхэлсэн юм бэ?
-СУИС-д орсноосоо хойш л нийтийн дуу руу орсон доо. Мэргэжлийн сургуулийн багш нар дуучид, шавь нараа нийтийн дуу дуулуулах бодолгүй байдаг. “Сонгодог урлаг, дэлхийн урлагт хүчээ үзье гэж бодож байвал та нар одоо үүндээ тууштай бай” гэж нэг, хоёрдугаар курст хэлдэг байлаа. Багш нартаа “за” гэсэн мөртлөө нууцаар студид очиж дуугаа бичүүлнэ. Сүүлдээ багш нар “За миний хүү сайхан дуулж байна. Үүгээрээ хоол олж идэх юм байна” гээд намайг бүр зоргоор нь хаясан шүү дээ. “Холын тэнгэр аав минь” гэж анхны дуугаа 1999 онд гаргасан. Тэгээд “Бурхан жолооч аав”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Сэм сэмхэн”, “Хүрээ байшин” гэх мэт дуунуудтай анхны цомог маань 100 хувь хит бүтээлээс бүрдэж байлаа.
-Хотод анх хэзээ ирж байв?
-“Бүх ард түмний урлагийн наадам” гээд болдог байсан. Зургадугаар ангид байхдаа түүнээс алтан медаль аваад “Найрамдал” зусланд 21 хоног амрах эрхээр шагнуулж байлаа. Тэгж л нэг ирсэн. Дараа нь оюутан болоод ирж байгаа юм. Түүнээс хойш Улаанбаатартаа л амьдарч байна.
-Таны үеийн оюутнууд хамгийн хүнд байсан гэлцдэг. Та нэг удаа “Ээжийн минь цуцашгүй хөдөлмөрийн үр шимээр л би өдий зэрэгтэй явна” гэж байсан?
-Миний хувьд бол маш хүнд байсан. Аав маань 1997 онд хотод ирж эмчилгээ хийлгэсэн ч харамсалтай нь бурхан болсон. Тэр үед би есдүгээр ангийн хүүхэд байлаа. Одоо энэ Баянцогтод хэдэн малтайгаа ирсэн юм байна. Тэгээд нэг жил мал маллах уу, сургуульдаа сурах уу гээд ээжтэйгээ байж байсан. Ээж маань “Чи сургуульдаа яв. Сургуулийнхаа мөрийг хөө” гээд хоёр дүүтэй хамт үлдсэн. Дараа нь ээж ерөөсөө хүүгээ бараадъя гэж шийдээд бүх малаа зараад хот руу ирж байлаа. Миний туулсан амьдрал тийм ч дардан байгаагүй. Уруудаж, доройтсон хүний л адил амьдрал туулсан. Хүн тууштай байх юм бол юунд ч хүрч болно гэдгийн жишээ миний амьдрал дээр харагдана. 2000-2003 онд гурван жил хүндхэн л байсан даа. Намайг СУИС-д ороход ээж их нөлөө үзүүлсэн. Хүүгээ заавал СУИС-д сургана. Заавал хүссэн мэргэжлийг нь эзэмшүүлнэ гээд өвлийн хүйтэнд зах дээр ногоо зараад сургалтын төлбөрийг минь хийдэг байсан. Тэгэхэд чинь СУИС-ийн төлбөр 490 мянган төгрөг байлаа. Тэр үедээ бас л ланзгар тоо. За тэгээд миний өмсөж зүүх, хоол унд бүх л юмыг ээж олно. Бас хоёр дүү байна. Бид чинь тиймэрхүү л амьдралтай байсан.
-Аав, ээжийн дэмжлэг их байжээ?
-Бага байхаас эхлээд л аав, ээж хоёр минь намайг маш их дэмждэг байсан. Аав маань 1994 онд 1200-гийн магнитофон гэдэг хөгжмийг авч өгөөд “Миний хүү энэ дээр дуугаа сур” гэж байлаа.
-Их сайхан дуулдаг хүмүүс үү?
-Аав, ээж хоёр хоёулаа л их сайхан дуулна. Аав минь тээврийн жолооч хүн байлаа. Холын замд дуулна, исгэрнэ. Аавынхаа хажууд холын тээвэрт явах их дуртай байсан. Заримдаа хичээлээ таслаад ч гэсэн явна.
-Аавын тухай дуу ер нь ховор байдаг. Харин танд нэлээд хэд бий. Тэр тусмаа “Бурхан жолооч аав”-ыг мэдэхгүй хүн үгүй. Захиалж хийлгэж байв уу?
-“Бурхан жолооч аав”-ыг захиалж хийлгээгүй ээ. Дуу болгон маань надад өөрөө хүрч ирсэн. Тэр үед чинь захиалж хийлгэх гээд ч намайг тоож хийж өгөхгүй шүү дээ. Дуунууд минь өөрөө над дээр ирснийг би хувь тавилан гэж ойлгодог. “Бурхан жолооч аав” Л.Галмандах багшийн хөгжим, Пүрэвдорж гээд цагдаагийн хурандаа ах байдаг юм. Түүний шүлэг л дээ. Аав нь бас л тээврийн жолооч байсан юм билээ. Хамгийн амархан бүтсэн дуу. Би нэг сонсоод студид ороод ганц дуулаад л гараад явсан.
-Сэдвийн хувьд танд бас ойр байжээ дээ?
-Надад ойрхон байсан. Аавын тухай дуунууд маань цомог гаргах хэмжээний болчихсон байна. Ер нь Монголын нийтийн дуунд аавын тухай дуу цөөхөн. Би үүнийг нөхөж дандаа аавын тухай дуу дуулна гэж ярьдаг байсан. Тэгээд “Холын тэнгэр аав минь”, “Бурхан жолооч аав”, “Миний буурал аав”, “Аавыгаа санаад л байна”, “Аав минь” гээд арав гаруй дуу байгаа байх. Аавын тухай дуугаар уран бүтээлээ эхлүүлж байсан. Тэгээд дараа нь яахав уран бүтээлч хүн ганцхан сэдэвт баригдаж болохгүй юм байна гэдгийг бас ойлгосон л доо.
-Тэгвэл “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”-н хувьд?
-“Хилийн заставын хар нүдэн бүсгүй”-г би чинь наймдугаар ангид байхдаа дуулдаг байсан шүү дээ. Энэ их дээр үеийн дуу шиг байгаа юм.
-Та анх дуулаагүй байх нь ээ дээ?
-Гараагүй дуу байхгүй юу. 1989 оны сүүл, 1990-ээд оны эхээр дууны түүх эхэлдэг. Ш.Дулмаа гуай, хөгжмийн зохиолч Б.Магсаржав хоёр хилийн заставуудаар бригад тоглолтоор явж байж. Тэгэхэд Ш.Дулмаа гуай “Хилийн заставын хар нүдэн бүсгүй” гэдэг шүлэг зохиосон юм байна. Түүнийг Б.Магсаржав гуай үзээд “Багш аа, орой үдэшлэг дээр би танд нэг бэлэг баринаа” гэжээ. Орой нь Б.Магсаржав гуай өөрөө баяантай дуулсан юм билээ. Тэгээд заставуудаар ам дамжаад хүмүүс мэддэг болчихсон дуу байсныг би гаргаж ирсэн хэрэг. Наймдугаар ангид байхдаа цэргийн Лувсанням гэдэг ахаасаа сурч аваад оюутан болоод дуулсан юм.
-Зургуудыг тань харахад хөдөө явах нэлээд дуртай юмаа даа?
-Хөдөө явах дуртай. Харин сүүлийн үед гэрээс гарахаас л дургүй хүрээд гэртээ л гэр бүлийнхэнтэйгээ баймаар санагдаад байдаг болчихсон. Хөдөө гадаа явах дуртай. Монголын маань сайхан байгальтай очиж үзээгүй газрууд зөндөө байна шүү дээ.
-Таныг 21 аймгаар гурван удаа тойрсон гэдэг. Тэгэхээр очиж үзээгүй газар үлдэнэ ээ?
-Зүгээр л аймаг аймгаар нь оччихож байгаа байхгүй юу. Аймаг болгоны үзэсгэлэнт байгалиар явж үзмээр байна шүү дээ. Жишээ нь би нутгийнхаа гурав, дөрөвхөн сумаар л орсон. Өнгөрсөн хавар тойрлоо. Ямар сайхан нутаг юм бэ. Төрсөн нутгийнхаа сумуудаар явж үзээгүй байсан байна шүү дээ, би. Монгол хүн бол Монголынхоо бүх үзэсгэлэнт байгалийг харчихаад дараа нь гадаадын орнуудад явж харьцуулбал зүгээр юм болов уу гэж боддог. Монголд сайхан газар мундахгүй бий. Тухайлбал, Хяргас нуурын Хэцүү хад гэж байна. Зураг хөргийг нь харж байсан. Тийшээ очиж үзээгүй л байна. Энэ зун очих гээд амжсангүй.
-Ангийнхнаа дурсахгүй юу. Дуучдын бүтэн үе гэнэт л гараад ирсэн?
-Тийм мөчлөг л байдаг юм шиг байгаа юм. 2000 оноос манай үеийнхэн түрээд гараад ирсэн шүү дээ. Эхлээд С.Жавхлан, Т.Баясгалан хоёр чинь ерөөсөө бүх дуучдынхаа замыг засаад тавьчихсан. Тэр хоёрыг дуурайж нэг хэсэг хос дуучид ихээр гарч ирсэн. Р.Дэлгэрмаа, Д.Хишигбаяр, Т.Батсайхан, Г.Эрдэнэтунгалаг, Э.Оюумаа, Ч.Бат-Эрдэнэ гээд дандаа хос дуучид байгаа биз дээ. Энэ дотроос дангаараа гарч ирсэн дуучин гэвэл би бас Л.Чулуунбаатар байна.
-С.Жавхлантай ах дүүгийн хүүхдүүд гэсэн. Бас нэг үеийн оюутнууд. Бие биеэ хэр дэмждэг байсан бэ?
-Бид хоёр үеэлүүд л дээ. Оюутан байхдаа С.Жавхлан бид хоёр Арслантай гүүрний тэнд гэрт байдаг байлаа. С.Жавхлан, Т.Баясгалан хоёрын “Хонгорхон үр минь” дууг би багадаа дуулдаг байсан л даа. Хамгийн анхны уран бүтээлийг С.Жавхлан надад авчирсан. “Холын тэнгэр аав”-ыг авчраад миний найз дуул гээд өгч байлаа. Тэгээд “Хонгорхон үр минь”-ийг С.Жавхлан, Т.Баясгалан хоёр дуулж байгаа юм. Би ганцаараа яваад амжилтад хүрсэн юм биш. С.Жавхлан “Сэм сэмхэн” дууг “Болдоо чи л дуулах дуу байна даа” гээд авчирч өгч байлаа. Мөн “Хүрээ байшин” дуу байна. Би бас дуу олж өгнө. Ингээд дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг шиг л явж байлаа. Ер нь бол тэр их гоё үе байсан. Ямар ч хар, цагаан зүйлгүй бүгдээрээ л дээшээ гарах ёстой гэж явсан даа. Одоо ч тэр хэвээрээ.
-Гэр бүлийнхээ талаар сонирхуулахгүй юу. Таныг олон эмэгтэйчүүдтэй холбосон мэдээлэл байдаг?
-Би нэг л эхнэртэй. UBS телевизийн “Мөрөөдлийн гүүр” нэвтрүүлгийг хийдэг Мөнхгэрэл гэдэг сэтгүүлч бүсгүй бий. Гэр бүл зохиогоод зургаан жил болсон байна. Ганбат, Чинхүү гэдэг хоёр хүүтэй. Манай эхнэр говийн хүн. Сая гэр бүлээрээ Увсад очиж сайхан амарлаа. Миний хань Увс руу их элэгтэй болчихсон.
-Анх гэргийтэйгээ хэрхэн танилцаж байв?
-Яахав учрах ёстой хоёр хүн л учирсан. Манай хүн гадаадад олон жил амьдарсан л даа. Тэгэхдээ нийтийн дуу их сонсдог байсан юм билээ. Энд ирээд UB паласт маркетингийн менежер хийж байсан. Тэгээд түүгээр эргэлдэж байгаад хоёр биенээ сонирхоод л гэр бүл болсон доо. Эхнэртэйгээ танилцсаны дараа намар нь “Хайр татсан бүсгүй” гээд ятгатай тоглолтоо хийж байсан. Тэр тоглолт сэтгэлээс гардаггүй ш дээ. Түмэн олон ч их мэддэг. Тийм сайхан тоглолт болсон юм.
Ж.Баярсайхан