Categories
мэдээ нийгэм

Арслантай гүүрний усан хөшиг ажиллаж эхэлжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилгоор Арслантай гүүрийг усан хөшигтэй болгосон.

Усан хөшиг нь шөнийн цагаар гэрэлтдэг, агаар чийгшүүлэх ач холбогдолтой хэмээн нээлтээ хийх үеэрээ нийслэлийн менежер магтаж байсан боловч тун удалгүй ажиллахаа больсон. Харин иргэд “70 сая төгрөгөөр ус гоождог турба хийлээ” гэж хүчтэй эсэргүүцэн “шээдэг гүүр” гэсэн хоч өгөөд байсан юм. Албаны хүмүүс бүрэн дуусаагүй байсан гэсэн утгатай мэдээлэл хийж байлаа. Тэгвэл өнгөрсөн хугацаанд засвар хийгээд өнөөдрөөс усан хөшиг ажиллаж эхэлсэн байна. Урьдынхыг бодвол арай хол цацардаг болсон бололтой.

Ж.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулган эхэллээ

Ази, Номхон
Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулган
(АНДЧ)-ы ээлжит 20 дугаар хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2002 оноос хойш АНДЧ-ны бүрэн
эрхт гишүүнээр элсэн ажиллаж байна. АНДЧ-ны гишүүнчлэлтэй байснаар Хүний
эрхийн Үндэсний байгууллагын хувьд хүний эрхийн хэрэгжилтэд хяналт
тавьж, хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах чадавх бүс нутгийн
түвшинд хүртэл бэхжихэд ихээхэн чухал үүрэгтэй юм. Энэхүү хурлыг зохион
байгуулснаас Монгол Улс 2015 оноос 2017 он хүртэл АНДЧ-ыг тэргүүлэн
ажиллах эрхтэй болох юм.

Энэ удаагийн хуралд Ази, Номхон далайн
бүс нутгийн 28 улсын хүний эрхийн үндэсний байгууллага, иргэний нийгмийн
байгууллага, Хүний эрхийг хамгаалагчдын асуудал эрхэлсэн НҮБ-ын Тусгай
илтгэгч болон Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний
байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хороог төлөөлөн нийт 160 орчим
зочид төлөөлөгч оролцож байна. Хуралдаан өнөөдрөөс эхлэн энэ сарын
28-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд хүний эрхийн үндэсний байгууллагын
чадавх, хүний эрхийг хамгаалагчдын өмнө тулгамдсан асуудал, эрүү шүүлт
болон бусад хэлбэрийн зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэх талаар
хэлэлцэнэ. Чуулганы өнөөдрийн хуралдаан хаалттай горимоор эхэлсэн бөгөөд
14.00 цагт хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй болох юм. Харин маргааш буюу
энэ сарын 27-нд хаалттай дэгээр хуралдах юм.

Categories
мэдээ нийгэм

ЕБС-ийн багш нарын хүүхдүүд үнэ төлбөргүй цэцэрлэгт хамрагдана

ЕБС-ийн багш нарын хүүхдүүдийг хувийн хэвшлийн цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулах боллоо. Өнөөдөр БСШУЯ, Нийслэлийн боловсролын газар, Монголын сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн холбоо хамтран энэ тухай санамж бичиг үйлдлээ. Нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй 300 гаруй цэцэрлэгт ЕБС-ийн багш нарын 3000 хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг ийнхүү шийдэж байна. Боловсролын яаманд гарын үсэг зурах үед салбарын сайд Л.Гантөмөр “3000 хүүхдийг нэг жил төлбөр аваад сургавал зургаан тэрбум төгрөг болох нь. Үндсэндээ хувийн цэцэрлэгүүд зургаан тэрбум төгрөг хандивлаж байна гэсэн үг. Харин эдгээр хүүхдийг хамруулах 30 цэцэрлэг баривал 30 тэрбум төгрөг болно. Тэгэхээр хувийн цэцэрлэгүүд 36 тэрбум төгрөгийн сайн үйлс хийж байна” гэсэн юм. Нийслэлийн боловсролын газар дүүргийн хэлтсүүдтэй хамтарч аль сургуулийн багш нарын хүүхдийг аль цэцэрлэгт хуваарилахыг шийдэх аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Барууныхан хоёр хөршийг давж Монголд хөрөнгө оруулах уу

Аж үйлдвэрийн сал­барын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2013 онд ДНБ-ний 30.3 хувийг эзэлж, тухайн үеийн үнээр арван их наяд шахам төгрөг болж өсчээ. Энэхүү өсөлтөд уул уурхайн олборлолт нөлөөлсөн. Харин боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний ДНБ-д эзлэх хувь буурч байна. Өмнө нь аж үйлдвэрийн салбарын талаар бодлого, хөтөлбөрүүд УИХ, Засгийн газрын тогтоолоор удаа дараа батлагдсан боловч хэрэгжүүлэх механизм тодорхой бус, нэгдсэн удирдлагагүй байснаас цаасан дээр л үлдсэн гэнэ. Харин хэдэн сарын өмнө байгуулагдсан Шийдлийн нэртэй Засгийн газар Аж үйлдвэрийн яамыг анх удаа байгуулав. Тус яам “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”, түүний хэрэгжүүлэх хүрээнд “Үйлдвэрлэлийг дэмжих” хуулийг УИХ-аар маш богино хугацаанд батлуулж чадсан. Наадмын өмнө баталсан энэ хуулийг наадмын уур амьсгалыг далимдуулан, гэнэдүүлэн баталсан гэх шүүмжлэл бий. Үнэхээр энэ чухал баримт болон хуулийг бусад баримттай харьцуулахад нүд ирмэх зуур л баталсан. Дээр нь энэ хууль баталсан цаг, минутаасаа хэрэгжиж эхэлсэн. “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого” нь дэлхийд өрсөлдөх техник технологитой, байгальд аюулгүй аж үйлдвэрлэлийг Монгол Улс дэмжинэ гэдгийг дэлхийд баталж байгаа юм байна. Харин “Үйлдвэрлэлийг дэмжих хууль” нь хэн, ямар үйлдвэрлэл эрхэлж, экспортод гаргавал төрөөс ивээл хүртэх тухай хууль аж.

Зуун жил яамгүй явчихаад яагаад өнөөдөр гэнэт ийнхүү төр, засгийн бүх хүчээ дайчилж хэдхэн хоногийн дотор аж үйлдвэрлэлийн чухал баримтуудыг шууран батлав гэдэг асуулт гарна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол орон байнга хямарч, сүйрч байгаа тухай мэдээлнэ. Бараг дайнтай орнуудаас дор юм болж байгаа тухай сүржигнэнэ. Мэдээж 2011 оны тансаг төсөвтэй жилийг харьцуулбал бидний орлого буурсан. Тухайн үеийн дэлхийг гайхуулсан 17 хувийн эдийн засгийн өсөлт бол монгол сайдын хар дарсан зүүд гэж болно. Австралийн нэгэн нүүрсний уурхай усанд автаад хятадууд биднээс нүүрс авахаас өөр сонголтгүй болчихсон. Нүүрсний үнэ одоогийнхыг бодвол гурав дахин өндөр байсан. Хятадаас орж ирсэн асар их орлого манай эдийн засгийг сүйрүүлсэн гэдэг нь өнөөдөр батлагдаж байна. Хаа сайгүй өрийн сүлжээ төр нь хятадуудад, компаниуддаа өртөй, компаниуд нь хамт­рагчид, ажилчдадаа өртэй. Иргэд дэлгүүр, ломбардад байгаагаа барьцаалчихсан. Шийдлийн Засгийн газар ийм л орныг хүлээж авсан. Гэтэл бидний гадаад харилцаа зарим өндөр хөгжилтэй орнуудаас ч таатай байна. Европын холбооны улсуудад 6000 гаруй бүтээгдэхүүн татваргүй гаргах эрхтэй. Япон улстай эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулчихсан. Мах, гурил, ноос, ноолуур, чацаргана гээд манайд хог шиг хөглөрч байгаа зүйл дэлхийн зах зээл дээр үнэ буурах нь бүү хэл улам өсөх хандлагатай байна. Эрдэнэтийг эс тооцвол бидэнд томоохон үйлдвэр гээд байх юм алга. Хөл дээрээ босчихвол Монголын эдийн засагт нөлөөлөх Оюу толгой руу хурга харсан чоно шиг хялайж байна. Хөршүүд маань хөрөнгө оруулах байсан бол хангалттай хугацаа байсан. Барууны ганц хөрөнгө оруулалт дээр дооргүй хавчигдаж байхад ойрын ирээдүйд хөрөнгө оруулалт нэмэгдэх магадлал бага гэнэ. Хэрэглээнийхээ 80 хувийг ам.доллараар хангадаг монголчууд өнөөдөр үйлдвэрлэсэн ч юмгүй, хүний үйлдвэрлэснийг худалдан авах ч чадалгүй болсон. Нүүрсэн эдийн засаг нь нурчихаар нөгөө хэдэн ногоон цаас нь хомсдоод 2000 төгрөг болж байна. Нүүрс, зэсийн үнэ өсвөл маргааш дахиад тансаглаад эхэлнэ гэдэг нь ойлгомжтой. Үнэ унахаар хэдэн биесээ харааж эхэлнэ. Эндээс харвал бид өөрийн гэсэн эдийн засаггүй өнөөг хүрсэн гэсэн үг. Евро бүс өнөөг хүртэл манай орныг зах зээлийн эдийн засагт шилжсэн гэж үздэггүй. Манай эдийн засаг социалист эдийн засгийн муужирсан хувилбар. Зах зээлийн эдийн засагт орохын тулд эхний ээлжинд хувийн хэвшил давамгайлсан байх ёстой гэнэ. Гэхдээ хувийн хэвшил алив нэг орны барааны ченж биш ямар ч тохиолдолд өөрийгөө хангах үйлдвэрлэлээс бүрдсэн байх ёстой аж. Түүхий эдээ үнэгүй шахам өгөх гээд байхад авахгүй байгаа хоёр хөршөө бид яаж ч чадахгүй. Харин бүтээгдэхүүн болгоод тавьчихвал далайн чанадаас өөрсдөө ирээд авчихна. Ингэж байж л бид өөрийн гэсэн эдийн засагтай, түүнийг удирддаг төгрөг гэдэг цаасаар амьдардаг болно.

Харин саяхан УИХ-аар батлагдсан үйлдвэрлэлийн тухай бичиг баримтууд монголчуудыг өөрийн гэ­сэн эдийн засагтай болох замыг нээсэн гэж болно. Үйлдвэрлэлийг дэмжих хуулиар хэн нэг нь дэлхийд өрсөлдөх бараа, бүтээгдэхүүн хийх чадвартай бол төр таны хурган үйлдвэрийг заан болтол дэмжинэ. Үнэхээр дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай үйлдвэр байгуулж чадвал Ерөнхийлөгчөөсөө эхлээд Элчин сайдууд таны барааг зарж өгөх гээд тавхайгаа эргүүлэх болно. Монголоор нэг хөглөрч байгаа ХАА-н түүхий эдийг түрийвчнээс эхлээд турк савхинаас ялгаагүй боловсруулах толгой байвал төр засаг үйлдвэр, техник мэтийн жижиг зүйлс дээр гар татахгүй дэмжлэг үзүүлнэ.

Гадаад ертөнц биднээс юу ч авахад бэлэн байна. Харин бид өмнөх шигээ Эрээний барааг тэдэнд шахах гэж маанагтах хэрэггүй. Цүнх барьж далдганаж байгаа залууст үйлдвэр байгуулах боломж нээгдэж байна.

Япон Монголын эдийн засгийн түншлэл бидэнд маш том боломж олгож байна. Энэ хэлэцээрээр стандартыг хангаж чадвал их наран улс руу хангалттай бараа бүтээгдэхүүн гаалийн татваргүй оруулна. Дээр нь хил гаалийн хөнгөвчлөл үзүүлнэ. Монголчуудыг хил нэвтрэхээс эхлээд, түр оршин суух таатай нөхцөлөөр хангана. Харин монголчууд хариуд нь соёлтой орнуудад мөрддөг бизнес эрх зүйн орчинг бүрдүүлэхэд хангалттай.

Өнөөдөр манай улсад 200 гаруй компани экспорт хийж байна. Хэдийгээр хэмжээ нь бага ч гэсэн бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа нь гол үзүүлэлт гэнэ. Эдгээр компаниудыг бойжуулахад нэг их зардал гарахгүй. Гадаад таатай нөхцөл дотоодын боломжоо ашиглаж чадвал хоёр жилийн дараа баталгаатай үйлдвэрлэлтэй болохоос гадна, ам.доллар гэдэг цаасны хэрэглээ, үнэлгээ буурна. Манай залуус Японд нарны зай, Канадад оймс, Тайванд чацаргана, Англид ноолууран бүтээгдэхүүн гаргаж чадаж байна. Үйлдвэрлэлийн бодлого тодорхой болж, хууль гарснаар манай экспорт­логчдын түншид илүү итгэл төрж, зах зээл улам томрох боломжтой. АНУ-ын эдийн засагч нэгэнтээ “Танай улс бол дэлхийн эдийн за­сагтай “жаахан” байгалийн баялгаар холбогдсон улс. Нэг хүнд ноогдох баялгаараа дэлхийн хямралд өртөхгүй байх боломжтой орон” гэсэн бол Японы эдийн засагч “Танай эдийн засаг хямраагүй ээ. Та нарт тархины л хямрал байна” гэж байв. Хэд хоногийн өмнө Монголд ирээд буцсан ОХУ-ын иргэн нэгэн сонирхолтой санаа дэвшүүлж байв. Түүний үзэж буйгаар монголчуудын тусгаар тогтнол өөрийн хэрэгцээг хангах үйлдвэрлэлийн хэмжээ гэнэ. Наадмын өмнө гарсан хууль бол монголчуудын хувьд нэлээд зоригтой алхам. Монголд зэс хайлах, нефть боловсруулах үйлдвэр өнөөг хүртэл баригдаагүй нь том гүрнүүдийн бодлого. Үйлдвэр бай­­гуулаад дэлхийн стандартад нийцсэн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж Монголд маш их бий. Гэхдээ хоёр хөршөө давуулахын тулд багагүй ажиллагаа шаардагдана. Хоёр хөрш бараа, бүтээгдэхүүнийг дамжин өнгөрүүлэх асуудлыг компаниудтай биш сайдтай л тохирох шаардлага тавина. Энэ тохиолдолд аж үйлдвэр, худалдааны сайд байх нь Монголд ашигтай. Нэлээд олон газар бизнес хийж үзсэн Оросын бизнесмэн ингэж ярьж байна. Хоёр хөршийг давж ихээхэн хөрөнгө орж ирэх магадлал бага энэ цагт бид цаг алдалгүй үйлдвэрлэлээ сэргээх шаардлагатай юм байна. Яаран бичиг баримт баталсны учир ч энэ гэнэ. Хичээвэл энэ баримт бичгийн хүчээр хоёр хөршийг давж чадахгүй байгаа хөрөнгө оруулалтыг нөхөх ч юм бил үү.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ нийгэм

Авто худалдааны цогцолборын эхний хэсэг ашиглалтад орно

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчийн 2014 оны 19 дүгээр тогтоолоор Авто худалдааны цогцолборын эхний ээлжийг ашиглалтад оруулахаар болсон. Цогцолборын ажил Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт явагдаж байгаа бөгөөд ирэх сарын сүүлч гэхэд ашиглалтад орох төлөвтэй байна. Цогцолбор үйл ажиллагаагаа эхлэнгүүт автобусны шинэ маршрут нээгдэх юм. Худалдааны төвийн талбай “Нарантуул” захаас долоо дахин том гэнэ. Цогцолбор машины сэлбэг, суудлын, автобус, жийп болон хүнд даацын машины худалдааны талбай, машин турших авто замтай байна. Мөн авто экспо явагдах нэг барилга, оффисын 14 барилга зэрэг байх юм. Авто худалдааны цогцолборыг таван жилийн дотор бүрэн ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ.

Categories
гадаад мэдээ

200 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэв

Японд Гони хэмээн нэрлэсэн хар салхи нүүрлэсэн тул 200 мянган хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Байгалийн гамшгийн улмаас 75 хүн гэмтэж бэртжээ. “The Japan Times” сонинд бичсэнээр 230 нислэг цуцлагдсанаас хойш хурдны галт тэргүүд ч яваагүй гэнэ.

Ю.Дэлгэр


Categories
мэдээ улс-төр

Японы Эдийн засгийн байгууллагуудын холбооны төлөөлөгчдтөө уулзлаа

Монгол Улсын
Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Японы Эдийн засгийн
байгууллагуудын холбоо “Кэйданрэн”-ны ерөнхийлөгч С.Сакакибара тэргүүтэй
төлөөлөгчдийг өнөөдөр /2015.08.26/ хүлээн авч уулзав.

УИХ-ын дарга
төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, гуравдагч хөрш Япон
Улстай бүх талын харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь манай гадаад
бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Монгол Улс Япон Улстай хөгжүүлж
буй харилцаанд өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэн хэллээ. Мөн тэрээр энэхүү
“Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” буюу EPA нь манай улсын хувьд ийм
төрлийн анхны хэлэлцээр юм. Хэлэлцээрийг Япон Улстай байгуулснаар манай
улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид
нэгдэн орох боломж нээгдэхийн зэрэгцээ “Гуравдагч хөрш”-ийн бодлогыг
эдийн засгийн агуулгаар баталгаажуулахад томоохон хувь нэмэр болохыг
онцлон тэмдэглээд, “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг
хэрэгжүүлэхэд Монгол Улсын Их Хурал хэд хэдэн хуулийг өөрчлөхөөр байгаа.
Эдгээр хуулиудыг ойрын хугацаанд хэлэлцэн шийдвэрлэнэ гэлээ.

Ноён С.Сакакибара УИХ-ын даргыг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Монгол,
Японы эдийн засгийн форумд оролцохоор өргөн бүрэлдэхүүнтэй ирснээ
танилцуулав. Мөн тэрээр “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг хурдан,
шуурхай хүчин төгөлдөр хэрэгжүүлж эхлүүлэхээр ажиллаж байгаагаа
дуулгасан юм.

Японы Эдийн
засгийн байгууллагуудын холбооны төлөөлөгчид хөрөнгө оруулалтын талаар
болон дулааны цахилгаан станцын төслийн талаар саналаа хэлж, УИХ-ын
даргаас сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Энэхүү
уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга
Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд
дарга Л.Болд, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Баярсайхан, Монгол Улсаас
Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү нар болон албаны бусад төлөөлөгчид байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

Зуслангийн замыг хэсэгчлэн нээжээ

Зуслангийн чиглэлийн зам энэ зуны турш засвартай байж, зарим иргэд Дарь-Эхийн замыг сонгон зорчиж байлаа. Тэгвэл өчигдрөөс эхлэн зуслангийн чиглэлийн зарим замыг хэсэгчлэн нээсэн байна. Тухайлбал, Долоон буудлын замын цагдаагийн посттой уулзвараас Шадивлан хүртэлх таван км авто замыг нээжээ. Ингэснээр иргэд энэ замыг сонгох боломжтой болжээ.

Салхитаас Шадивлан хүртлэх замын өнгөн хучилтын ажил хийгдээгүй байгаа бөгөөд хучилт хийх үедээ замыг хаах аж. Одоогоор хэзээ хааж хучилтын ажил хийх нь тодорхойгүй байгааг замын ажилчид хэлж байгаа юм.

Энэ зуны хувьд зуслангийн замаас гадна нийслэлийн зүүн хэсгийн замд засвар шинэчлэлийг хийж байна. Албаныхны мэдээлж буйгаар 14 байршилд 91 тэрбум төгрөгөөр засвар хийж байгаа гэнэ. Зам засварын ажлыг ирэх сарын нэгнээс өмнө албан ёсоор дуусгах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгаа аж.

Ж.ЭНХ

Categories
мэдээ спорт

Медалийн чансааг Япончууд тэргүүлж эхэллээ

Казахстаны нийслэл Астана хотноо болж байгаа жүдо бөхийн дэлхийн
аварга шалгаруулах тэмцээний медалийн чансааг хоёр дахь өдрийн дараах
байдлаар Японы баг тамирчид тэргүүлж эхэллээ.

Энэ өдөр барилдсан Наран улсын жүдочдоос, эмэгтэйчүүдийн -52 кг жинд
барилдсан Мисато Накамүра Япончуудын энэ жилийн дэлхийн аваргын эхний
алтан медаль, өөрийнхөө дэлхийн аваргын гурав дахь алтан медалийг авсан
юм.

Categories
мэдээ спорт

9 ширэн бээлийтэн ААШТ-ий рингэд тулалдана

Сонирхогчдын боксын Ази тивийн аварга
шалгаруулах тэмцээн өнөөдрөөс эхлэн ирэх есдүгээр сарын 5-ны өдрийг
хүртэл Тайландын Бангкок хотод болно. Азийн аваргын рингэнд тулалдах манай ширэн бээлийтнүүд өчигдөр эх орноосоо мордсон.

Багийн бүрэлдэхүүн

49 кг: Г.Ган-Эрдэнэ

52 кг: А.Нурлан

56 кг: Э.Идэрхүү

60 кг: Д.Отгондалай

64 кг: Б.Чинзориг

69 кг: Б.Түвшинбат

75 кг: Н.Шинэбаяр

81 кг: С.Эрдэнэбаяр

91 кг: Д.Отгонбаяр

Дасгалжуулагч:

Д.Батсүрэн

Б.Эрдэнэбаяр

Н.Мөнхсайхан нар оролцоно.

AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын
холбооны шинэчлэгдсэн дүрэм боксчдод тун хатуу шаардлага тавьж байгаа
бөгөөд ирэх аравдугаар сард болох ДАШТ-д өрсөлдөхийн тулд тухайн
тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд эхний долоод бичигдсэн байх болзлыг тавьж байгаа аж.

Тиймээс тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэх, эсхүл медалийн төлөө тоглох хэмжээний өрсөлдөөн үзүүлж байж Дэлхийн аваргад тулалдах эрхтэй болох юм байна.