“Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн ярилцлагыг уншаарай. Тэрбээр “Хоригийг хүлээж авбал нэг ч хүн өршөөгдөхгүй” хэмээсэн юм. “Гэхдээ авлига албан тушаалтан гэдэг хэргийг яаж тодорхойлоод, хэнийг нэрлээд байгаа вэ гэдэг нь бас л сонин. Яагаад гэвэл манайх авлигын индексээрээ дэлхийд дээгүүрт орж байна гэх хэрнээ авлигын сүлжээ нь эмч, багш нарын местэнд илүү байдаг” хэмээн ярьжээ. Үүний дэлгэрэнгүйг маргаашийн дугаарыг захиалан авч хоёр болон тавдугаар нүүрээс уншиж болно.
Month: August 2015
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо буюу КЭЙДАНРЭН-ийн Ерөнхийлөгч Садаюки Сакакибара тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар болон албаны бусад хүмүүс байлцсан байна.
Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрхэм хүндэт, ноён Сакакибара болон КЭЙДАНРЭН байгууллагын төлөөлөгч та бүхэнтэй уулзахад туйлын таатай байна. Тус байгууллага нь Японы нийслэл Токио хотноо өнгөрсөн хугацаанд Монгол, Японы бизнесийн байгууллагуудын уулзалтыг хоёр удаа зохион байгуулсан. Өнөөдөр та бүхэн ийм өргөн бүрэлдэхүүнтэй ирж, Монголын бизнес эрхлэгчид, төр засгийн албан тушаалтнууд, шийдвэр гаргагчидтэй уулзаж байгаа нь үнэхээр чухал юм. Монгол, Японы харилцаа, ялангуяа улс төрийн салбарын хамтын ажиллагаа, итгэлцэл маш өндөр түвшинд байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Одоо бид эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд, шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх шаардлагатай байгаа. Иймээс та бүхний айлчлал цаг үеэ олсон, чухал ач холбогдолтой айлчлал болж байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абе гуай хүртэл манай хоёр орны харилцааг “эрч”, “эрч +” гэж тодорхойлсон. Үүнийг илүү их эрчтэй, хурдтай, илүү их агуулгатай хамтран ажиллая гэсэн санаа гэж бид ойлгож байгаа. Манай хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/ байгуулсан сайн мэдээтэй.Аливаа улс орны төр засгийн үйл ажиллагаа ард иргэдийнхээ хүсэл зоригийг хэрэгжүүлэх, бизнесийн бүтээлч үйл ажиллагааг дэмжихэд чиглэгддэг. Энэхүү хэлэлцээр нь манай хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн гол баримт бичиг, ололт амжилт юм. Эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхэд КЭЙДАНРЭН байгууллагын манлайлал маш чухал юм.
Та бүхэн Монголд айлчлах үеэрээ УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон бусад сайд нартай уулзана гэж сонссон. Иймээс богино хугацаанд их мэдээлэл авна гэж найдаж байна. Амжилт хүсье” гэв.
КЭЙДАНРЭН-ийн Ерөнхийлөгч Садаюки Сакакибара хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд “Юуны өмнө Монголд ардчилсан хувьсгал ялсны 25 жилийн ой тэмдэглэж байгааг тохиолдуулан баяр хүргэе. Ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засгийг амжилттай хөгжүүлж байгаа Монголын ард түмэнд баяр хүргэе.
Эрхэмсэг ноён, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд өнгөрсөн тавдугаар сард айлчлахад би бараалхаж байсан. Тухайн үед танай зүгээс Японы Эдийн засгийн байгууллагуудын холбооны удирдлагыг Монголд урьсан. Энэхүү урилгын дагуу бид нийт 39 хүний бүрэлдэхүүнтэй Монголд хүрэлцэн ирээд байгаадаа нэн таатай байна” хэмээв.
Мөн уулзалтын үеэр Японы хөрөнгө оруулалт, ноу-хауг Монголд нэвтрүүлэх, дотоодын бүтээгдэхүүнээ Японы болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх талаар ярилцлаа. Түүнчлэн Монгол, Японы хоорондын уул уурхай, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, энэ салбарт Японы технологийг өргөнөөр нэвтрүүлэх тухай санал болилцлоо.
КЭЙДАНРЭН нь 2002 оны тавдугаар сард “Эдийн засгийн нэгдсэн холбоо”, “Японы эдийн засгийн удирдагчдын холбоо” гэсэн салангид үйл ажиллагаа явуулж байсан холбоод нэгдсэнээр эдийн засгийн нэгдсэн холбоо болон байгуулагдсан түүхтэй.
Одоо тус холбоо нь нийт 1623 гишүүн компаниас бүрддэг. Үүний дотор Японы дэлхийд нэр хүндтэй 1308 компани, үйлдвэр үйлчилгээний 114 холбоо, орон нутгийн эдийн засгийн 47 холбоо байна.
Д.Сумъяа хүрэл медалийн төлөө Канадын жүдоч Катерин Бушемин-Пинардтай учраа таарсан. Хоёр жүдочийн хооронд ширүүн тэмцэл өрнөж, адил хоёр торгуультайгаар цагаа дуусгасан юм. Нэмэлт цагт Д.Сумъяа өрсөлдөгчөөсөө илт давуу байж. дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ. Д.Сумъяагийн хувьд энэ нь дэлхийн аваргаас хүртэж буй анхных нь медаль аж. Ийнхүү 2015 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий анхны медалийг Доржсүрэнгийн Сумъяа хүртсэн. Тэгвэл эрэгтэйчүүдийн -73кг-д С.Ням-Очир эхний тойрогтоо хийлж хоёрдугаар тойрогт Африкийн аварга шалгаруулах тэмцээний шагналт V байрын эзэн Мозамбекийн Модеиро Эдсонтой оноолт таарсан. Гэвч түүний өрсөлдөгч дэвжээнд гарах боломжгүй болсон учир шууд III тойрогт барилдсан юм. III тойрогт Тажикистаны Кароматулло Хакимовтой барилдаж цэвэр ялсан.
Тэрээр хүрэл медалийн төлөө өнгөрсөн жилийн дэлхийн аваргын мөнгөн медальт БНАСАУ-ын жүдоч Хон Кук Кёнтай оноолт таарсан. С.Ням-Очир өрсөлдөгчөө юүко үнэлгээгээр ялж, эрэгтэйчүүдийн -73кг-ийн жингийн хүрэл медалийн болзол хангасан юм. Мөн хүрэл медалийн төлөө гарсан Г.Одбаяр БНСУ-ын тамирчин Ан-д ялагдсанаар тэмцээнээ дуусгаж байна.
-Мэдэгдлийн дагуу арга хэмжээ авахгүй бол маргааш өглөөнөөс ажилд гарахгүй гэв-
Маргааш өглөөнөөс эхлээд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 20 аж ахуйн нэгж үйлчилгээндээ гарахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тэд мэдэгдэлдээ “Нийтийн тээврийн удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем төслийг хэрэгжүүлж эхлээд нэг сар болж байна. Төсөл хэрэгжүүлэх явцад нийслэлийн зорчигч тээврийн үйлчилгээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай асуудлуудын талаар зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд 2015 оны наймдугаар сарын 18-ны өдөр хамтарсан албан мэдэгдлээр хүргүүлсэн. Гэвч тодорхой шийдвэр гаргалгүй цаг хугацаа алдаж асуудал хариуцсан төрийн зарим албан тушаалтан, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн удирдлагууд эсрэг байр суурь баримталж өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдэхгүй байна. Үүнээс шалгаалан аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаа ажиллагсдын хөдөлмөрийн эрх зөрчигдөж нийгмийн захиалгат үйлчилгээ хүндэрч байна” гэжээ. Мөн “Шаардлагыг авч хэлэлцэхгүй бол бид 27-ны өглөөнөөс ажилд гарахгүй” гэж онцолсон байв.
Тэд “Нийтийн тээврийн гол ачааг хувийн хэвшлийнхэн үүрдэг. Гэтэл хувийн хэвшлийг шахаж өмчийн ялгавар гаргаж байгаа Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал Ц.Одонтунгалагийг огцруулах, мөнгө хураагч нарын ажлын байрыг хадгалж нийгмийн асуудлыг шийдэх, тээврийн гэрээнд өөрчлөлт оруулах хэрэгтэй” зэрэг шаардлагыг тавьсан байна.
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй 20 аж ахуйн нэгж нэгдэж өргөх бичгээ өнөөдөр Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга нар өгсөн аж.
Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн
“Шангри Ла 2” зочид буудлын нэг давхар дахь хурлын танхимд эмнэлгийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнд Азийн өндөр хөгжилтэй орнуудын анагаах ухааны чиглэлийн бараа бүтээгдэхүүнүүд өргөнөөр тавигдсан байв. Нуруу нугасны эмгэгийг засах болон ясны хугаралыг хадах төмөр ялтас, хадааснаас эхлээд шинжилгээний аппаруутыг дэлгэсэн байлаа.
Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн
Зэрлэг ан амьтдын шилжих хөдөлгөөн болон нүүдлийн замд Төв Азийн уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай олон улсын семинар өнөөдөр “Бишрэлт” зочид буудлийн хурлын их танхимд нээлтээ хийлээ. БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл семинарыг нээсэн бөгөөд түүний хэлснээр, уул уурхай, зам тээвэр гэх мэт байгалийн нөөцөд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг салбаруудын хөгжил эргээд байгаль орчин, зэрлэг ан амьтдын нүүдлийн замд сөргөөр нөлөөлөх болжээ. Монгол Улсын хувьд ч уул уурхай, зам тээвэр гэх дэд бүтцийн төлөвлөлт болон зураг төсөлд зэрлэг амьтдад ээлтэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шинэчлэл хэрэгтэй байгаа учраас энэхүү энэ удаагийн семинарыг зохион байгуулж байгаа ажээ. Уг олон улсын семинарыг БОНХАЖЯ, Монгол дахь Герман Улсын Элчин сайдын яам, тус улсын Хүрээлэн буй орчин, байгаль хамгаалал, барилга болон цацрагийн аюулгүй байдлыг хариуцсан холбооны яам, Биологийн төрөл зүйлийг хамгаалах байгууллага хамтран зохион байгуулж байна.
Семинарт оролцогсод зэрлэг ан амьтдыг хамгаалах талаар Монгол Улсад хэргэжиж байгаа бодлого, хууль тогтоомж болон дүрэм журмуудыг судлах, хэлэлцэх, Германы туршлагаас судалж суралцах, Төв азийн бүс нутаг дахь биологийн төрөл зүйлд дэд бүтцийн хөгжлийн үзүүлж буй нөлөөлийг бууруулах зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Уг семинарт Германаас ирсэн төлөөлөгч, “Монгол Улс өргөн уудам нутагтай, түүх соёл, байгалийн нөөц гээд бүх талаараа хашлага байхгүй дэлхийд гайхагдсан зэрлэг ан амьтан олноор нутагладаг уудам орон. Энэхүү уудам улс орон НҮБ-ын конвенцийг дэмжин бодитой үйл ажиллагаа явуулж байгаад бид талархаж байна. Зэрлэг амьтдыг хамгаалахын тулд зөв цагт арга хэмжээ авах шаардлагатай. Манай ХБНГУ-ын зүгээс Монгол Улсыг онгон дагшин байгалиа хамгаалж авч үлдээсэй гэж хүсч, арга туршлагаа харамгүй хуваалцахыг хүсч байна” гэлээ. Семинар энэ сарын 29-нийг дуустал үргэлжилнэ гэж БОНХАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Клаудиа Шиффер 45 нас хүрлээ
Нэрт загвар өмсөгч Клаудиа Шиффер өнөөдөр 45 нас хүрлээ. 1987 онд анх загварын ертөнцөд хөл тавьж ELLE сэтгүүлийн эхний нүүрэнд зураг нь тавигдаж, Chanel-тай гэрээ байгуулсан түүнийг танихгүй хүн бараг үгүй. Маш богино хугацаанд нэр алдрын оргилд хүрсэн тэрээр Германы хамгийн чинээлэг бүсгүйчүүдийн нэг. “Forbes” сэтгүүлээс гаргасан судалгаагаар тэрээр 55 сая ам.доллартай тэнцэхүйц хөрөнгөтэй.
Загвар өмсөгч бүсгүй маань ёс суртахууныг чандлан баримталдаг нэгэн. Арабын хунтайж түүнтэй болзохыг хүсч хэдэн сая фунт стерлинг өгнө хэмээн амласан гэдэг. Харин загвар өмсөгч саналыг нь хүлээж аваагүй. Их Британийн найруулагчтай Мэттью Вонтой гэрлэсэн тэрээр хожим нь яагаад Арабын хунтайжтай болзохоос татгалзсанаа ярьсан байдаг. Өдгөө Клаудиа Шиффер буяны үйлсэд мөнгө хандивлаж ДОХ болон хорт хавдартай тэмцэх үйлсэд хүчин зүтгэдэг.
Ю.Дэлгэр
Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс “Шангрилла” зочид буудлын барилгыг барьж байсан БНХАУ-ын иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тус барилга дээр байрлаж, ажиллаж байсан БНХАУ-ын улсын иргэд нь энэ сарын 24-нд хамт ажиллаж байсан монгол ажилчдыг бүлэглэн зодсон, танхайрсан байж болзошгүй хэрэгт сэжиглэгдсэн байна. Мөн зодооны үеэр хэд хэдэн хүн бэртсэн бөгөөд нэг монгол залуугийн гар цуурч эмнэлэг хүргэгдсэн гэнэ. Ийнхүү танхайрч бусдын биед гэмтэл учруулсан гэх БНХАУ-ын иргэнийг буруутай эсэхийг тогтоохоор байцаалт авч эхэлжээ.
Хуралдааныг Монгол Улсын Шадар сайдын үүргийг хариуцагч бөгөөд Хууль зүйн сайд Д.Дорлигжав удирдаж, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Д.Цогт-Очир нар мэдээлэл хийлээ.
Мал аж ахуйн салбарт долдугаар сарын дунд үеэс зуншлага сайжирч, нийт нутгийн 30 хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн, 60 хувьд дунд зэрэг байна. Хадлан бэлтгэлд хадуур, тармуур бүхий 5529 дугуйт трактор, 1100 морин хадуур, тармуур, 4700 хаман боогч ажиллаж, өнөөдрийн байдлаар 49273.5 тонн өвс, 261.1 тонн гар тэжээл бэлтгэжээ. Гурилын үйлдвэрүүдэд шилжиж байгаа буудайнаас 58.0 тонн хивэг, 12.6 мянган тонн багсармал тэжээл, 53.0 тонн тэжээл нийлүүлэхээр байгаа нь хивэгний экспортыг зогсоосон тохиолдолд малын хүчит тэжээлийн дотоодын хэрэглээг хангах боломжтой гэж үзэж байна. Ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн тэжээлийн ургамал хураан авах төлөвтэй байна. Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр улаан буудайн 49.9 мянган га талбай ургац алдаж, 32.5 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаанбуудай тариалсан талбайн 77,1 хувийг хурааж, төлөвлөсөн ургацын 53.7 хувийг авахаар урьдчилсан төлөв гарчээ.
Монгол Улсын Шадар сайдын үүргийг хариуцагч бөгөөд Хууль зүйн сайд Д.Дорлигжав аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавин, шаардлагатай асуудлуудын шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо. Мөн намрын хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд байнгын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах ажлыг Зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.
Мөн малчин өрх бүр малын хашаа, саравч, уст цэгээ засварлах, тохижуулах, түлээ түлшээ бэлтгэх, цаг агаар хүндэрсэн нөхцөлд хэрэглэх өвс, тэжээлийг өрх болон малчид хоршин нөөцлөх, өвлийн хувцас хэрэглэл, мал аж ахуйн тоног хэрэгслийг засварлах зэргээр өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангуулах ажлыг аймаг, орон нутгийн хэмжээнд өргөн далайцтай зохион байгуулж, хамтран ажиллахыг даалгалаа.
Ургацын урьдчилсан балансаас харахад манай улсын дотооддоо үйлдвэрлэх гурилын хэрэгцээний 30 гаруй хувь нь дутагдах төлөвтэй байгаа тул хүн амын гурилын хангамж, хэрэгцээг тогтворжуулах зорилгоор нөөцийг хангалттай бүрдүүлж, үнийг тогтвортой байлгах ажлыг зохион байгуулах болон өвөлжих малын тоог цөөлөхөд анхаарч, махны нөөц, экспортыг нэмэгдүүлэх, малчдыг малаа даатгалд хамруулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад анхаарууллаа.
Зарим аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул улсын нөөцийн салбаруудын өвс, тэжээлийг дахин хуваарилж, сэлгэн байршуулах ажлыг энэ оны аравдугаар сарын 15-ны дотор багтаан зохион байгуулж дуусгахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадралд үүрэг болголоо.
Малын тоо толгой их хэмжээгээр өссөнтэй холбогдуулан дотоодын хэрэглээнээс илүүдэж байгаа амьд мал, махыг экспортлох асуудлыг шуурхай шийдвэрлэж, холбогдох хилийн боомтуудад зохион байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг Мэргэжлийн хяналтыг ерөнхий газрын дарга Ш.Раднаасэдэд үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.