Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд ийм журмаар хөдөлгөөнд оролцоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын
хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын түр арга хэмжээ
авахаар А/674 дугаар захирамж гаргалаа. Хичээлийн шинэ жилийн өмнөх хоёр
долоо хоногт орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг
бөгөөд автозамын хөдөлгөөнд ачаалал үүсч иргэд цаг хугацаа алдах
эрсдэлтэй болдог. Тиймээс өмнөх жилүүдэд авч хэрэгжүүлж байсан түр
зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа юм. 9 дүгээр сарын өмнөх хоёр долоо
хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш,
сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулна. 08 сарын 29-н буюу бямба
гарагт өглөөний 0800 цагаас 2000 цагийн хооронд
автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8)
төгссөн автомашин автомашин хөдөлгөөнд оролцоно. Харин 08 сарын 30-н
буюу ням гарагт сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин
хөдөлгөөнд оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Налайхад газ дэлбэрч нэг хүн түлэгджээ

Налайх дүүргийн III хороонд өчигдөр 17:00 цагийн орчимд орон сууцанд ахуйн хэрэглээний газ дэлбэрчээ. Тодруулбал, 14 литрийн газ дэлбэрч 31 настай эрэгтэй “М” түлэгджээ. Одоогийн байдлаар гэмтсэн иргэн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Хэргийг холбогдох цагдаагийн хэлтэс шалгаж байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас ахуйн хэрэглээний газыг болгоомжтой ашиглахыг иргэдэд анхааруулав.

Д.Сүрэн

Categories
мэдээ нийгэм

Сургуульд хийжүүлсэн ундаа зарахгүй байх хориг тавьлаа

Олон улсын Хэрэглэгчийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн
байгууллагаас 2015 оныг дэлхий нийтээрээ “Эрүүл зөв, зохистой хооллолтын
жил” болгон зарласантай холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн
төлөө газраас ерөнхий боловсролын дунд сургуулиудын сурагчдад үзүүлж
байгаа зарим үйлчилгээ, тухайлбал үнэгүй цэвэр усаар хангаж байгаа
байдал нь холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцэж байгаа
эсэхэд хяналт шалгалт хийжээ. Нийслэлийн зургаан дүүргийн 69, 18 аймгийн
402 дунд сургууль, нийт 471 төрийн болон хувийн сургуулиуд хамрагджээ.

Улсын хэмжээнд төрийн болон хувийн 630 сургууль байдаг бөгөөд нэг
сургуульд дунджаар 1000-1500 орчим хүүхэд суралцдаг юм байна. Хяналт
шалгалт судалгаагаар Ерөнхий боловсролын сургуулиудын цэвэр усны крантад
360 ширхэг цэвэр усны төхөөрөмж суурилуулж, зөөврийн савтай ус
цэвэршүүлэгч 382 ширхэг байгаа нь нийт суралцагчдынхаа тоотой
дүйцүүлэхэд сурагчид цэвэр усаар үйлчлүүлэх боломж нь хязгаарлагдмал
байгаа нь тогтоогдсон байна.

Сургуулиудын зарим нь эцэг, эхчүүдийн хандив, “Unisef”, “Дэлхийн зөн”
олон улсын байгууллагын тусламж, НҮБ-ийн хүүхдийн сангийн санхүүжилтээр
цэвэр усны төхөөрөмжтэй болсон ба сурагчдын цайны газаргүй сургуулиуд ч
цөөнгүй байна. Иймд ШӨХТГ-аас аймаг, нийслэл, дүүргүүдийн Засаг дарга
нарт 2015-2016 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудыг цэвэр
усны төхөөрөмжөөр бүрэн хангах асуудлыг шийдвэрлүүлэхээр улсын
байцаагчийн дүгнэлтийг хүргүүлжээ.

Мөн түүнчлэн Олон Улсын хэрэглэгчийн байгууллагаас дэвшүүлсэн
сургуулиудыг үнэгүй, эрүүл, аюулгүй ундны усаар хангах уриалгыг
хэрэгжүүлж улсын хэмжээнд сурагчдад үйлчлэх ундны цэвэр усны үйлчилгээг
нэмэгдүүлэх жил болгон, бүх сургуулиудыг хамруулан зохион байгуулах,
сургууль дээр сахар, давс, өөх тосны өндөр агууламжтай бүтээгдэхүүн
болон хийжүүлсэн ундаа худалдаалах, энэ чиглэлийн сурталчилгаа явуулахыг
зогсоох тал дээр сургуулиудын удирдлагуудад мэдэгдэл хүргүүлж
гүйцэтгэлийн хяналт шалгалтыг ирэх аравдугаар сард хийхээр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хаана цахилгаан хязгаарлагдах вэ?

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас цахилгаан шугам
тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан өнөөдөр
нийслэлийн таван дүүрэгт эрчим хүчний хязгаарлалт хийхээр төлөвлөжээ.

27/VIII

Баянгол

10.00-18.00

9-11, 21-23-р хороо. Наран, Горькийн гудамжууд, тэр орчмын хэрэглэгчид

27/VIII

Баянзүрх

10.30-17.30

1-р хороо 12-р хороолол 26, 27, 28, 57, 58, 61-р байр, 22-р цэцэрлэг, Мон хангай трейд ХХК ба эдгээрийн ойр орчимд

Сүхбаатар

10.30-17.30

19-р хороо Телевизийн ажилчдын зуслан ба ойр орчимд

Баянгол

11.00-18.00

1-р хороо 2-р хороолол 13-16-р байр ба эдгээрийн ойр орчимд

Сонгино-хайрхан

10.00-17.00

Ган хийц ХХК

Хан-Уул

10.00-18.00

1, 11-р хороо Сэргээн засах клиник, Зайсан 11-р хэсэг Туул ривер
кондо, Энхтуяа барилга, Модун ХХК, Нэмүт констракшн, Ноблес, 17, 19-р
байр, Цоглог, Бумба хотхонууд, Газар шилтгээн, Энэрэл интернэшнл,
Русский констракшн ХХК болон тэдгээрийн ойр орчимд

27/VIII

Сонгино-хайрхан

10.00-18.00

1, 22-р хороо. Хилчин, Баянголын гудамжууд, Усан сан, МТ ШТС-ын
орчим, Экс эм экс, Гео кад ХХК, ХҮЯ-ны, UB зуслангууд, Төмөр транст,
Сэрх тайгам, Комодо, Байгууламж, МТ маркет, Отголжий, Москва комплекс,
Женерал энерго, Дөрвөн морь, ХХК-иуд, Номын ёс Нү ТББ, ШУТИС зуслан,
123-р сургууль, тэр орчмын хэрэглэгчид

27/VIII

Баянгол

10.00-18.00

9-11, 21-23-р хороо. Наран, Горькийн гудамжууд, тэр орчмын хэрэглэгчид

24-28, 31/VIII

Сонгино-хайрхан

11:00-18:00

3, 4, 5, 26, 27-р хороо СХД-ийн ЗДТГ, Цагдаагийн хэлтэс, 38-н айл,
Улаан чулуутын хогийн цэг, Их наран, Бага наран, Баянгол, Чулуутын
гудамжууд болон тэдгээрийн ойр

Categories
мэдээ нийгэм

Манай улс VII байрт жагсаж байна

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны нийслэл Астана хотын Алау ордонд дөрөв дэх өдрөө үргэлжилнэ.

Манай улс хоёр хүрэл медаль, шагналт тавдугаар байрын шагнал гурав, нэг долоодугаар байр эзэлсэн амжилттайгаар манай улс VII байрт жагсаж байна. Гурван өдрийн дараах байдлаар 12 улс ямар нэгэн медаль хүртээд байна.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 81 кг,
эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн аваргууд тодорно. Эрэгтэйчүүдийн 81 кг-д
олон улсын хэмжээний мастер О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид нар хүч үзнэ.

Манай бөх О.Ууганбаатар эхний барилдаандаа Шинэ Зеландын И.Павлиничтэй учраа таарсан. Харин Ц.Цэрэннадмид Туркийн К.Бусратай эхний барилдаанаа хийх бол Ц.Мөнхзаяа эхний тойрогт гоц мөргөсөн.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төвдийн тэмдэглэл (2)

Монголчуудын дотроос Халх овгийн хүмүүс бол хувирамтгай зантай, эд юмтай болоод болоод сэтгэл ханана гэж үгүй. Өчнөөн их бэлэг өгөөд байхад ч баярлана гэдгийг мэддэггүй. Хэн ч тэдний шуналыг бүрэн хангаж чадахгүй.

Канси. Энх-Амгалан хаан.

Хожим тодорсон Жавзан­дамбын IX дүр гэгч өөрийгөө Монголын шашны удирдагч гэдгээ мэдүүт Монгол руу очих гэж нэлээд хэдэн жил оролдлоо. Тухайн үеийн төрийн бодлого энэ асуудалд нэлээд хатуу хандаж байсан тул иргэний харьяалал үгүй энэ ламд виз гаргаж өгсөнгүй. Гэвч тэрээр арга саам хайсаар 1999 онд Халимагийн Элстэйд суух консулын төлөөлөгчөөс виз авч дөнгөв. Гадаад хэргийн яамнаас хатуу анхааруулсаар байтал уг консулын төлөөлөгч виз өгсөн нь ямар учиртайг бүү мэд. Бодвол хахуулиар бүтсэн байх.

Ерэн оноос “дахин сэргэсэн” Монгол дахь төвдийн буддизм нь биенээ үл зөвшөөрсөн, харилцан дайсагнасан олон бүлэглэлд хуваарилагдан тус тусын бие даасан сүмүүдэд хуваагджээ. Тэд нэгдсэн удирдлага хүсч байсан авч биенийгээ бол хэнийг ч зөвшөөрч чадахгүй байв. Чухам энэ үед Дарамсалагаас хойд дүр залран ирсэн хэрэг. Хойд дүр Хархоринд залран өөр дээрээ Монголын шинэ үеийн шашны мяндагтнуудыг цуглуулав. Өөр өөрийн бие даасан сүмтэй “хамба” нар тэнд дуудагдан очлоо.

Монгол Улс нь 1911 он хүртэл Манж Чин улсын вассал байснаа тусгаар тогтнолоо зарлаж төр шашныг хослон барьсан хэмжээгүй эрхт хаант теократ улс болсон юм. Үүнээс өмнөх бүх Жавзандамбууд эхлээд Халхын, дараа нь нийт Гадаад Монголын шашны тэргүүн гэгдэж байсан. Харин 1911 онд Жавзандамбын VIII дүрийг Монгол Улсын хаанд өргөмжлөн төр шашныг хослон баригч болгожээ. 1915 оны Хиагтын гэрээгээр Гадаад Монголыг Оросын онцгой эрхтэй, Хятадын тусгай автономит болгон хувиргасан юм. 1921 онд Бодоогийн тангаргийн гэрээгээр (Үндсэн хууль гэсэн үг) Үндсэн хуульт, хэмжээт эрхт хаант улс болон өөрчлөгдсөн. Харин Богд хаан 1924 онд өөд болоход Бүгд найрамдах засаглалтай улс болсон билээ. 1946 онд Хятад, ЗХУ хоёр Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсний дараагаас бүгд найрамдах засаглал бүхий хүлээн зөвшөөрөгдсөн nation-state болсон юм.

Жавзандамбын хойд дүр гэгдэх төвд лам маань өөрийгөө Богд хааны хойд дүр буюу шашныг төртэй нь хослон баригч гэж ойлгосон бололтой Дарамсала дахь Төвдийн орогнолын Засгийн газрын үлгэрээр Хархоринд Монгол Улсын Засгийн газар эмхлэн байгуулав. 1921 онд Хүрээнд Жалханз хутагт Дамдинбазар, Маньдшир хутагт Цэрэндорж нарын толгойлсон хууль ёсны Засгийн газар байсаар байтал Оросын Троицкосавскт Чагдаржаваар толгойлуулсан орогнолын засгийн газрыг большевикууд давхардуулан байгуулж байсантай төстэй байдал үүсэх нь тэр. Улсын дээд хурал, Засгийн газар, таван яамыг байгуулж толгойлогч нараар нь сүм болгоны нэр бүхий “хамба” нарыг мань хойд дүр тохоон томилобой. Энд тодорхой нэрийг дурдах шаардлагагүй ч хэрэг гарвал хурлын процессийн албан бус дэлгэрэнгүй протокол хадгалагдан үлдсэн.

Шинэ тодорсон хойд дүрийг орж ирснээс нь хоёр сарын дараа пэрсон нон грат өгөн хөөж гаргалаа. Түүнтэй зохих албаны хүмүүс уулзан хэн түүнийг тодруулсан, хэн зөвшөөрсөн тухай асуухад Зөвлөлтийн Гадаад яамны сайд Э.А. Шеварнадзе Мон­голд дараагийн Богд хаан тодрохыг зөвшөөрч өөрийг нь Далай лам Дэнзэнжамц албан ёсоор тодруулсан хэмээн нэгэн утгатай мэдэгдэл хийсэн юм. 1987 онд Шеварнадзе Монголд айлчилсан үеийн бүх протокол, бичиг баримтыг Монголын Гадаад харилцааны яамнаас эргүүлж нягтлан шалгасан боловч Төвдийн тухай, хэн нэгэн тодрох тухай ганц ч үг өгүүлбэр олдсонгүй. Айлчлалаар Монгол Улсыг АНУ-тай дипломат харилцаа тогтооход Зөвлөлтийн зүгээс ямар нэг саад учруулахгүй гэсэн нь хамгийн олзуурхууштай амлалт байв. Монгол АНУ-ын хооронд харилцаа тогтоохыг Громыко гуч гаруй жилийн турш боогдуулсан юм. Ин­гэхээр Шеварнадзе хэзээ хэнтэй Монголын Богдын хойд дүр тодрохыг зөвшөөрсөн хэрэг вэ? Огт худлаагаасаа санаанаасаа зохиож хэлсэн байж болох ч энэ зэргийн боловсрол нимгэн хүн олон улсын харилцааны талаар ийм юм ярих хэмжээ дамжаатай биш болохоор эсвэл ийм худал үгийг хэн нэг нь зааж өгсөн байж болох. Эсхүл ийм бага зиндааны хүнтэй Шеварнадзе тоож уулзаагүй нь лавтай тул уулзахуйц зиндааны нэгэнд үнэхээр ингэж зөвшөөрөл олгоо юу? Юутай ч Энэтхэгт буцаж очсон хойно нь түүнийг Монголд хэт дураараа дургилаа хэмээн Далай лам зэмлэсэн гэсэн яриа байдаг. Ийм цуу албаар тараасан ч байж болох.

Далай лам Монголд нэлээд хэдэн удаа айлчиллаа. Тухай бүрт нь Хятадын Засгийн газраас эсэргүүцлийн ноот өгнө, тэр болгонд нь Монголын Засгийн газар үүнд огт хамаагүй, гагцхүү сүсэгтнүүдийн хүсэлтээр сүм хийдийн урилгаар ирж байгаа юм гэсэн тайлбар өгнө. Сүүлдээ Далай ламын айлчлалыг Монголын улс тө­рийн хүчин дотоодын хямралаа янзлахын тулд ашиг­­­­ладаг болжээ. Тухайлбал 2004 оны эхээр сөрөг хүч­ний томоохон жагсаал Улаан­баатарын төв талбайд бо­лохоор бэлтгэгдэж байв. Тэгэн­гүүт тэр үеийн Ерөнхий сайд тухайн цагт Японд айл­чилж явсан Далай ламыг гэ­­нэт урьж чартэрийн онгоц явуулав. Далай лам ирүүт сөрөг хүчний жагсаал өөрийн эрхгүй зогсов. Ер нь Далай ламыг хаана ч айлчилсан хятадууд үргэлж дургүйцлээ албан ёсоор илэрхийлж бай­даг. Ийм дургүйцэл нь Монголын хувьд тун эмзэг зүйл. Түүний нэг удаагийн Монгол дахь айлчлалын үеэр Монгол-Хятадыг холбосон цорын ганц төмөр замын зан­гилааг долоо хоногоор “засварт” оруулж байв. Мон­голын бараа эргэлтийн дий­лэнх хувь энэ замаар явдаг.

Төвдийн шашны олон урсгалууд янз бүрийн юм хариуцсан тоо томшгүй олон бурхантай байдаг. Төсөөлбөл эртний Герегт Зевсээр толгойлуулсан олон бурхад янз бүрийн салбар хариуцаад явдаг шиг. Доржшүгдэн хэмээх нэгэн бурхан эд баялаг хариуцаж шүтэгчдээ хөрөнгө мөнгөөр тэтгэдэг гэх. Доржшүгдэнг монголчууд дээр үеэс бараг төрсөн цагаас нь ихэд шүтэн эд баялаг хүсдэг байжээ. Харин XIV Далай лам далаад оны үед Доржшүгдэнг муу зүгийн ландрам болохыг нь “илчилж” сүсэгтнүүдийг шүтэхийг тас хориглосон байна. Үүнээс болоод шарын шашныханд томоохон хагарал гарчээ. Далай лам барууныхныг ч, тэр дундаа монголчуудыг эд баялагт хэт автдаг хэрэглээний нийгэм болж байна гэж их шүүмжилдэг ба жинхэнэ буддизм нь эд баялаг гэхээсээ оюун санааны хувьд баян байх ёстой гэж сургадаг учир хүмүүсийг хэрэглээний шохоорхол руу илүүтэй татдаг Доржшүгдэнг үзэн ядах болжээ. Гэтэл алив эд баялгийг нэн эртнээс “дайны олз” гэж хардаг, хөдөлмөр заралгүйгээр хөрөнгөжих сонирхолтой нүүдэлчний сэтгэлгээт монголчуудын хувьд Доржшүгдэн нь нэн эрхэмлэн сүсэглэх “ихийг амлагч” шүтээн бөлгөө. Доржшүгдэн шүтэхээ зогсоогүй Гүрдаваа гэх хувилгаан Дарамсалагаас хөөгдөн Балбад амьдарч байгаад Монголыг нээлттэй болонгуут морилон ирснээр Монголд Доржшүгдэн дорхноо хүчээ авлаа.

Гучаад оны үед улаан хувьсгалчдын нурааж сүйтгэн балгас болгосон Амарбаясгалантын хийдийг Гүрдаваа сэргээн босгожээ. Түүнийг Монголд ердөө найман мянган доллартай ирсэн гэдэг. Харин зөвхөн шүтсэнийх нь төлөө л дорхноо мөнгө олоод өгдөг буянтай Доржшүгдэнг сүсэглэгч нар дорхноо олшрон Гүрдавааг тойрон хүрээлж дэмжсэний хүчинд тэрээр эгшин зуур баяжин Улаанбаатарт бүхэл бүтэн хороолол хувьдаа бариулжээ. Доржшүгдэнг шүтээн болгосон төвдүүд ч цөөнгүй байдаг, тэдний Далай ламыг эсэргүүцсэн төв нь Швейцарьт төвлөрнө.

Далай лам ч Дарамсалад эхлүүлсэн Доржшүгдэнгийн эсрэг аян дайнаа Монголд үргэлжлүүлэн өргөжүүлэв. Нэг удаа Улаанбаатарт сүсэгтнүүдтэй уулзаж байхдаа “Энд Доржшүгдэн шүтдэг хүн байвал эртхэн эндээс зайлаарай” хэмээн шулуухан хөөж байв. Ашигтай буюу хэрэг болж магадгүй л гэж үзвэл юу л бол юу сүсэглэн дагадаг прагматик монголчууд марксизмаас өөр бусад бүх шашин хориглогдсон нийгэмд гурван үеэрээ амьдарсан болохоор шүгдэнгийн тухай ямар ч ойлголтгүй байснаа Гүрдаваа, Далай лам нарын хооронд хоёр фронт болон хуваагдаж, цаашлах тутмаа энэ нь гүнзгийрэх боллоо. Монголчууд прагматикаас гадна хэнээс ч үл хамаарсан бие даасан өөрийн довтой байх төрөлхийн араншинтай учир эв нэгдлээс илүүтэй хувийн дошин дээрээ эзэн байх сонирхолтой, үүнээс ч болдог уу хоорондоо эвдрэлцэх нь амархан. Уламжлалт гэгдэх шарын шашныг (Уламжлалт гэх нь ч худлаа л даа, Шарын шашин Монголд их хожим буюу дөнгөж XVII зуунд орж ирсэн. Түүнээс өмнө бөө мөргөлт монголчууд заратустрагийн салбар болох манихизм, загалмайн шашны нэг урсгал болох нэсторианизмыг ч шүтдэг, хожим нь марксизмыг сүсэглэдэг байлаа.) дахин сэргэхдээ үндэсний эв нэгдлийг хангана гэж горьдож байсан нь талаар болж, харин ч хоорондоо хэрхэн эвдрэлцэн дайсагнадаг болохыг нүдээр харж биеэр амссан болохоор ёстой жинхэнэ уламжлалт араншин нь хөдлөн ялангуяа лам нарын хүрээнд бүлэглэл, фракц, зиндаанууд болж хуваагдан харилцан толхилцох болов.

Үхсэнийх нь дараа хойд дүр дахин тодордог ёсыг аль XII зуунд төвдийн шашны улааны урсгалынхан бодож олжээ. Хожим буй болсон шарынхан энэ “сайхан” заншлыг өвлөн авч улам хөгжүүлсэн байна. Эхэндээ ихээхэн том мяндагтны хойд дүр дахин амилдаг байснаа Төвд, Монгол шиг буддизмыг дампууруулдаг бүдүүлэг газар энэ заншлыг улам түгээмэл болгон аль ч жалгын хамба үхэнгүүтээ төрөл төрөгсдийнхөө хэн нэгнийд дахин дахин амилж төрөөд салахаа болин буг болох болсон юм. 1911 онд Халхад 13 тамгатай хувилгаан, 50 гаруй тамгагүй хутагт байжээ. Тамгатай гэдэг нь өөрийн газар нутагтай, тэндээ шавь гэгдэх өөрийн мэдлийн хамжлага боолтой, төрд татвар төлөхгүй эрхтэй гэсэн үг. Тамгагүйгийнх нь ялгаа нь өөрийн мэдлийн газар нутаггүй. Энэ дампуурлыг 1928 оны төрийн хуулиар цаазлан хориглож, хутагт хувилгаад дахин төрөхийг үл зөвшөөрөх болжээ.

Хууль цуцлагдаагүй байсан учир хутагт тодруулж зүрхлэхгүй байсан авч Жавзандамбын IX дүр Төвдөд гэнэт амилангуут монголчууд зориг орон мөнөөх олон жилийн өмнө устаж алга болсон хутагт хувилгаадын хойд дүрийг уралдан тодруулах боллоо. Уг нь 1928 оны хуулийг одоо болтол хэн ч цуцлаагүй учир хуулийн үйлчлэл хэвээр л байгаа. Жалга болгонд тодрох хойд дүрүүдийг бусад нь хүлээн зөвшөөрөхгүй нь мэдээж учир аль нэг нэр хүнд үүнийг нь баталгаажуулах ёстой. Тэр нь мэдээж Далай лам. Алтан мөнгөн аяга, идээ будаа өвөртөлсөн санаархагчид Дарамсала руу уралдан гүйж жалгын хойд дүрээ мөн хэмээн баталгаажуулахаар давхина, цаадах нь тун баяр хөөртэйгөөр эхэлж ирснийх нь бичигт тамгаа дарж үсгээ зурна. Үүнээс болж бүлэглэл хоорондын зөрчил улам хурцдах болов. Одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт урьд Егүзэр хутагт амьдарч байжээ. 1930 онд улаан засагт буудуулсан түүний шатаагдсан сүмийн балгасыг нутгийн иргэд нийлэн сэргээж босгосны учир гол нь хойд дүрийг нь тодруулахаар нэгэн хүүхэд төлөвлөсөн байв. Гэтэл гэнэт Увсын хэдэн лам нар Егүзэр хутагтын хойд дүрийг нутгаасаа тодруулаад үүнээ Далай ламаар баталгаажуулчихсан, тамга тэмдэгтэй бичигтэй давхиж ирэх нь тэр. Мэдээж бөөн хэрүүл, бөөн зодоон. Энэ бол нэг л жишээ шүү.

Монголын төрийн бодлого “зөөлөрсөн” 2010 онд Жавзандамбын IX дүр Монголд дахин заларч ирснээр барахгүй Монгол Улсын иргэнээр бүртгүүлэв. Түрүүн ирж Монголын давхар Засгийн газар байгуулж дөвчигнөж байснаа бодвол хавьгүй томоожсон тэрээр дараагийн дүрээ Монголд төрнө гэсэн баталгаа бичиг гаргаж өгөөд насан хутгийг олов. Одоо Х Богдыг өөрөөсөө тодруулахаар тэмцэх Монголын шарын шашны арав орчим бүлэглэлийн тэмцэл толхилцоон хэдийнэ эхэлчихсэн. Энэ нь цаашаа нэлээд хүнд зодоон болон өргөжих байх. Алалцана л даа.

Бүлэглэлээсээ Богд тодруулах найдвар багатай хэсэг нь Хятадад тодорсон Банчин богдыг дагаж гүйх боллоо. “Нэгэнт Далай лам өөрийн хойд дүрийг тодруулахгүй гэж хэлсэн учир эртхэн Банчин богдоо дагая” хэмээн тэд албан ёсоор мэдэгдэж буй боловч гол сэдэл нь мөнгө, эд баялаг л даа. Учир нь Бээжинд хэдэн жилийн өмнө тодруулсан Банчин богдын хойд дүрийг Далай лам зөвшөөрөхгүй байгаа учир хятадууд өөрийн Банчинг нь дагах шарын зүтгэлтнүүд хайж байгаа юм. Дагах зүтгэлтэн, нэр нөлөөтөн олдвол “соёлын” гэх мэт гоё нэрээр өнгөлөн эд материалын “дэмжлэг” үзүүлж буй хэрэг. Гадны хөрөнгө мөнгөөр дотоодын шашны хэргийг мандуулж болохгүйг зүтгэлтнүүдэд учирлавал “Битгий хуцаж бай! Та нар намайг ингэлээ гээд яах юм бэ!” гэсэн байна. Үнэндээ ч яаж ч чадахгүй л дээ.

2015.8.17

Үргэлжлэл бий

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Миний ажлын “ноу хау”

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл саяхан сэтгүүлч хүүхнүүдийн хүсэлтээр ном бүтээх арга барилынхаа талаар лекц уншсан юм. Борлуулалт сайтай номын зохиогч тэрбээр Миний ажлын “ноу хау”-гаа хамгийн их зарагддаг, өөрт нь ашиг орлого авчирдаг ном хэмээн тодорхойлсон. “Ноу хау” гэдгээ тэр ажлын дөр хэмээх монгол үгтэй дүйцүүлдэг. Хэрэв өмнөх үе нь ажлын туршлага, алдаа оноогоо дараа үеийнхэнтэйгээ хуваалцдаггүй “Миний зовж байж олж авсан юмыг чи ч бас зовж байж мэдэр” хэмээн аминчхан үзлээр хандвал нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг гэнэ. Учир нь өмнөх гашуун туршлагыг хойч үеийнхэн нь бас туулж цаг алдах вий. Хэрэв салбар бүрийн ахмадууд “ноу хау”-гаа харамгүй дэлгэдэг бол залуус ангал дээгүүр харайж гарах арга замаа түвэггүй олох юм. Миний ажлын “ноу хау” сайн борлогддог нь хэн нэгний ажлын туршлага нөгөөд нь хэрэгтэй байна гэсэн үг. Тийм учраас дээхнэ үед сайн малчны туршлагыг орон даяар сурталчилдаг байсан шиг л ажил мэргэжлийн сайчуул туршлагаа дэлгэх нь үр дүнтэй. Хэрэв та салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн бол таны ажлын “ноу хау” зах зээлд үнэлэгдэнэ гэсэн үг. Энэ утгаараа сайн малчны тэргүүн туршлага, Дарьгангын дархчуудын нууц жор, тогоочийн гарын амт, үйлчний уран увидас гэх мэтээр бүх л ажил мэргэжлийнхэнд ноу хаугаа дэлгэх орон зай хангалттай байна. Таны ярианы чадвар бичихээс илүү бол урилгаар лекц уншиж багшлах боломжтой. Амжилтад хүрсэн зарим хүн тэтгэвэрт гарсан ч “Насан туршийн боловсрол” төвд хандаж, багшлах арга ухаан заалгаад, арвин туршлагаа хэрэгцээтэй хүмүүст зааж сургадаг юм билээ. Таны ажлын ноу хау ч хэн нэгэнд хэрэгтэй юм бил үү.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 29 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 28-30 градус дулаан байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулс
болон Дорнод Монголын тал нутгаар түр зуурын бороо орно. Дуу
цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар
баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн
уулархаг нутгаар 21-26 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн
өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д Замын хөдөлгөөний тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбарыг хэвлэлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн гарлаа. Энэ өдрийн дугаарт “Есдүгээр сарын 1-нээс хэрэгжих Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуультай танилц” хэмээх материал хэвлэгдлээ. Замын хөдөлгөөний дүрэм, холбогдох журмуудын төслийг боловсруулж дууссан байна. Та энэхүү нийтлэлээс жолооч зөрчил гаргах бүрд хар дэвтэрт бүртгэгдэх, жолоодох эрхгүй этгээд согтуу машин баривал 768 мянган төгрөгөөр торгуулж, нэг сар баривчлагдах, хүүхдээ ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулбал 192 мянган төгрөгөөр торгох болон бусад олон заалтуудыг энгийн ойлгомжтой байдлаар уншиж танилцаарай.

Мөн энэ өдрийн дугаарт Монгол Улсын уул уурхайн зөвлөх инженер Д.Галсандоржтой хийсэн “Зэсийн үнэ төсөвт төлөвлөснөөс 2000 ам.доллараар унажээ” хэмээх ярилцлага нийтлэгдлээ.
Түүнчлэн Улс төрийн мэдээллийн хоёрдугаар нүүрт УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй хийсэн “Хоригийг хүлээж авбал нэг ч хүн өршөөгдөхгүй” ярилцлага гарлаа. Харин Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Цөмөөрөө үхэхээр гоё…” фельетон нийтлэгдлээ.
Мөн “Монгол газар” компани Арбитрын шүүхэд ялсан байна. Энэ талаар дэлгэрэнгүй материал долдугаар нүүрт хэвлэгдэн гарлаа. Өчигдөр болсон нэгэн онцлох үйл явдал бол Казакстан улсад болж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байв. Уг тэмцээнээс Д.Сумьяа, С.Ням-Очир нар хүрэл медаль хүртсэн юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 12 дугаар нүүрээс сонирхоорой. Харин 13 дугаар нүүрт төгөлдөрч хуурч Амитай хийсэн “Бөртэ-г анх сонсоод л би монгол эмэгтэй шүү гэсэн бодол төрсөн” хэмээх ярилцлага гарсныг уншаарай. Эдгээр материалуудаас гадна цаг үеийн олон мэдээллийг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас шимтэн уншаарай.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 8807-1920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөний шинэ дүрмүүдийг энгийнээр тайлбарлалаа

“Өдрийн сонин”-ы маргаашийн дугаарт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн талаар сонирхолтой нийтлэл хэвлэгдэж байна. Ирэх сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх энэхүү хуулийн талаар иргэд бараг ам дамжсан л мэдээлэлтэй байгаа. Тэгвэл хуулийн хүнд хэцүү үг хэллэггүйгээр гол санаа, хүмүүс анхаарах хэрэгтэй хэсгүүдийг нь түүвэрлэн хүргэсэн буй юм.

Энэ шинэ хуулиар бол жолооч бүр зөрчил гаргасан тоогоороо хар дэвтэрт бүртгэгдэх аж. Ингэж оноо тооцсоноор тодорхой хэмжээнд хүрвэл жолоодох эрхийг нь хасах юм байна. Түүнчлэн гадаадын иргэн олон улсын жолооны үнэмлэхээр нэг жил жолоо барихаар болжээ. Энэ мэтчилэн ядарсан ажилтнаараа жолоо бариулбал 576 мянган төгрөг, түргэний машинд зам тавьж өгөхгүй бол 19200 төгрөг, зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол, хэт удаан явах, шаардлагагүй үед тоормоз гишгэвэл хариуцлага хүлээх болжээ. Мөн хүүхдээ ганцааранг нь замын хөдөлгөөнд оруулбал 192 мянган төгрөгөөр торгох бол эвдэрсэн зам, таггүй траншейны нүхнээс болж машинаа эвдсэн бол хохирлоо нөхөн төлүүлэх аж. Эдгээр болоод бусад олон шинэ дүрмийг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаарыг худалдан авч уншаарай.