“Сайдын цаг” уулзалтад өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 257 мянган хүүхэд байгаагаас 218 мянгыг нь цэцэрлэгт хамруулах боломжтой. Жил бүр цэцэрлэг шинээр барьж, хүүхэд хүлээн авах чадлыг нэмэгдүүлдэг ч төрөлт нэмэгдэж байгаа тул хүрэлцэхгүй хэвээр байгаа. Засгийн газраас УИХ-д 2015 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлнэ, энэ хүрээнд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг суулгаж өгөх юм байна. Ингэснээр эцэг, эхчүүд хүүхдээ Хүүхэд харах үйлчилгээнд хамруулах бололцоо бүрдэнэ гэж үзэж байгаа аж.
Ерөнхий боловсролын сургуулиудын тухайд нийтдээ 799 сургуульд 539819 сурагч хамрагдана. Үүнээс 64346 нь нэгдүгээр ангид элсэн суралцах зургаан настнууд. Энэ онд 25 сургууль, зургаан дотуур байр, таван спорт заал шинээр баригдаж ашиглалтад орох бол 47 цэцэрлэг мөн шинээр баригдах ажээ.
2015-2016 оны хичээлийн жилд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх цэцэрлэгт “Сургуулийн өмнөх боловролын цөм хөтөлбөр” нэвтрүүлж байгаа. Өнгөрсөн жил 21 аймаг, 9 дүүрэгт “Цөм” хөтөлбөр хэрэгжүүлж, туршсан. Үүнтэй холбоотойгоор 7000 багшид “Цөм” хөтөлбөрийн талаар сургалт явуулсан. Энэ хөтөлбөр нь хүүхдийн сонирхолд тулгуурлан хөгжүүлэх юм. Ингэснээр хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх, бие даах чадвараа хөгжүүлэх боломж бүрдэх аж.
2015-2016 оны хичээлийн жилд Үндэсний хэмжээнд хүүхэд бүрийг хөгжүүлэх “Бага боловсролын цөм хөтөлбөр” хэрэгжүүлнэ. Энэхүү хөтөлбөрийг өнгөрсөн онд хэд хэдэн сургуульд туршиж, бүрэн шинэчилсэн. Энэ жилээс эхлэн улсын хэмжээнд хэрэгжүүлэх болно. 20 мянга гаруй багшид энэхүү хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар сургалт явуулсан.
БСШУЯ сургалтын хөтөлбөр бүрийг хүүхдүүдэд бүтээлчээр сурах арга барил эзэмшүүлэхэд чиглүүлж байгаа. Суралцах арга барил гэдэг нь бусадтай харилцах, сэтгэн бодох, бие дааж суралцах, бие дааж амьдрах ухаанд сургахыг хэлнэ. Шинжлэх ухаан бол танин мэдэхүйгээс эхэлнэ. Тиймээс хүүхэд аливаа зүйлийг танин мэдэхдээ заавал эцэг эх, багшаар заалгахгүйгээр өөрөө турших, үр дүнг нь баталгаажуулдаг болох хэрэгтэй. Тэгээд үүнийгээ онолын мэдлэгтэйгээ уялдуулах хэрэгтэй.
Мөн сургуулиудын менежментэд өөрчлөлт орно. Тухайлбал, олон ангитай цөөн элсэгчтэй сургууль хүүхдүүдээ хөгжүүлэхийн тулд сул байгаа танхимуудаа хэрхэн ашиглах вэ гэдгээ тодорхойлно. Хэт олон хүүхэдтэй, цөөн ангитай сургуулиуд номын сан, музейг ашиглах болно. Үүнтэй холбогдуулан бид номын сан, үзвэрийн газруудыг ерөнхий боловсролын сургалтад ашиглахаар төлөвлөж байна. Байгаль шинжлэлийн ухааны зарим хичээлийг Байгалийн түүхийн музейд, Түүхийн музейд Түүх, нийгмийн ухааны хичээл заадаг цаг гаргахаар ажиллаж байна. Энэ мэтчилсэн сургууль бүрийн онцлогоос хамааран сургалтын менежментээ өөрчлөх ажил гарч байгаа юм” гэлээ.
Мөн “Төлбөр дээр мушгин гуйвуулсан нэг зүйл яваад байна. 2,3, 4 дүгээр курсийн хүүхдүүдийн төлбөр 10 хувиас илүү нэмээгүй байна. Сургуульд орсных нь дараа төлбөр огцом нэмдэг байдлыг манай төрийн өмчийн сургуулиуд халсан байна. Зөвхөн өндөр төлбөр гээд яригдаад байгаа нь нэгдүгээр курсын хүүхдүүдэд гарсан асуудал. МУИС, Анагаахын сургуулиуд дээр 20-иос дээш хувийн нэмэгдэл гарсан. Энэ хоёр сургуулиуд руу төлбөрөө бууруулж, оюутнуудын суралцах орчныг сайжруулах чиглэл өгсөн. Анагаахын сургууль бол нийт элсэгчиддээ 5-10 хувийн хөнгөлөлт буюу тэтгэлэг олгохоор ажиллаж байгаа. Нийт тэтгэлгийн сангаа 500 сая төгрөг гэж мэдээлж байгаа. Гэхдээ эцсийн байдлаар бидэнд танилцуулаагүй байна. МУИС Байгалийн ухаан, Шинжлэх ухааны чиглэлээр суралцаж байгаа нэгдүгээр курсын оюутнууддаа 30 хувийн тэтгэлэг өгье, дотуур байрныхаа төлбөрийг 100 мянгаар хямдруулъя гэсэн саналыг ирүүлсэн. Төлбөрийн чадваргүй байгаа хэсэг дээр Төрийн сангийн тэтгэлэг байгаа. Бүр төлбөрөө төлж чадахгүй хүүхдүүдэд сургууль нь өөрөө төлдөг сан байгаа” гэв.