Categories
мэдээ спорт

ОУХМ Д.Төмөрхүлэгийн финалын барилдаан

Эрэгтэй

-66 кг

1.Д.Төмөрхүлэг (Монгол)

2. Хифүми Абег (Япон)

3.Д.Алтансүх (Монгол)

4.Арсен Галстян (Орос)

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баян суманд болсон дунд сунгааг Ш.Лхамсүрэнгийн загал үрээ өнгөллөө

Алтан туурайт хурдан хүлгийнхээ давхил юуг сорих дунд сунгаа өчигдөр болов. Богино, дунд, их гурван сунгаанаас хамгийн чухал нь жил бүрийн долдугаар сарын 2-нд болдог дунд сунгаа. Уяа сойлго ид жигдэрсэн байх учиртай энэ үед тухайн жилийнхээ ерөнхий өнгийг дунд сунгаанаас багцаалдаг. Тэр ч үүднээсээ дунд сунгааны үеэр хамгийн хол зайд морьдоо уралдуулна. Өчигдөр болсон сунгаануудаас хамгийн том нь Төв аймгийн Баян сумын нутаг Их булагийн сөдөт хөндийд боллоо. Энэ хавиар Монгол Улсын тод манлай уяач Б.Билэгдэмбэрэл, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Т.Галбадрах, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Ц.Бямбадорж, Төв аймгийн Баян сумын уугуул, нийслэлийн алдарт уяач Г.Буянтогтох, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат аймгийн алдарт уяач Б.Батхүү, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгийн алдарт уяач Т.Ганзориг тэргүүтэй уяачдын гал буужээ. Баян сумын урд руу буюу 12 дугаар точек хавьд Монгол Улсын тод манлай уяач Д.Мөнхбат, Д.Онон, А.Батсүх, Б.Бат-Өлзий тэргүүтэй улсын алдар цолтонгууд зусаж байгаа. Жил бүрийн хамгийн өтгөн сунгаа Цагаан хөтөлийн дэнжид болдог байсан хэдий ч өнөө жил гантай байгаа болохоор Баян сумын сунгаанд хамгийн олон үрээ мордлоо. Хязаалан насанд зуу орчим хурдан хүлэг шандас сорьж байв. Өвс ногоо байхгүй гэмээр цагаан талд тоос их босож байгаа болохоор уралдааны замаа усалж байсан. Уяачид 150 мянган төгрөгөөр нийлэн сумынхаа Онцгой байдлын газраас гал унтраах машин авчирчээ.

Тэгэхгүй бол хүүхэд, морь битүү тоосонд хахаж цацахын наагуур юм болж байгаа гэнэ. Усалсан зам дээр хязаалан үрээг 10 км-ээс мордуулав. Гарааны зурхайгаас эхлэн уяач нар машинтай дагаж унаач хүүхдэдээ зөвлөгөө өгөх ажээ. Өнгөнд “Агт-Эрдэнэ” галын эрлийз голдуу арваад үрээ гарч ирж байна. Сунгаанд монгол, эрлийзийг хамтад нь мордуулдаг болохоор эрлийз үрээ монгол морийг дийлж уралдаж байлаа. Замын турш машинтай дагах уяачид унаач хүүхдэдээ “Мориныхоо амыг одоо тат. Жаахан зүт­гүүлж уралд. Ташуурдаад өг. Суулгаж болохгүй шүү” гэхчлэн зөвлөж байв. Тал газраас эхэлсэн уралдааны зам дундаа орох үеэс уулын хяр өөд өгслөө. Өгсүүр замд уралдаад сурчихсан адуу наадамд тоосоо өргөхөд хүч нь суудаггүй болохоор дунд сунгааг ийм газар зохиодог юм байна. Бариа ойртох замд морьтой залуус тосож аваад уралдаж буй морьдыг дагуулан хүчийг нь нэмүүлэх ажээ. Бариан дээр ирэхэд Төв аймгийн Баян сумын уяач Н.Мандахын хээр үрээ өнгөллөө. Аман хүзүүнд Монгол Улсын тод манлай уяач “Бандгай” С.Ганхуягийн төрсөн дүү С.Ганбаатарын хүрэн үрээ ирэв.

Өвс, ногоогүй цагаан талд морины ажил хийхээр ул, таваг нь тэсэхгүй хэцүү байгаа гэнэ. Хөлс авахаар жаахан давхиулахад л улдаж байгаа тухай уяачид ярьж байв. Бас байгалийн шим тэжээлтэй өвсөөр биш тэжээлтэй урал­дах гэж байгаа болохоор та­мир тэнхээ дундаж байгаа гэсэн. Тиймээс баяр наадмын уралдааны замаас хоёр км-ыг хасах шийдвэр гаргаасай хэмээн чих тавин суугаа ажээ. Мөн их сунгаагаа 7-нд хийчихээд Цагаан хөтөл рүү нүүдэг уламжлалтай ч энэ жил уралдааны өмнөх өдөр хөдлөхөөр ярилцаж байгаа гэнэ.

Энэ жилийн наадамд Өвөр­хангай, Дундговийн уяачид хурдтай сайхан наад­на гэх таамаг уяачдын дунд гарчээ. Учир нь дээрх хоёр аймагт зуншлага сайхан болж байгаа болохоор адуу нь бяртай байгаа. Хүүхдээр яривал эхийнхээ сүүг хөхөж буй, хуурай сүүгээр угжуулж байгаа хоёр хүүхдийн тамир тэнхээтэй зүйрлэж болно гэх. 2011 онд гандуухан жил болоход Өвөрхангайн уяачид зуншлага сайтай нутагтаа морьдоо уяж байгаад наад­мын өмнөхөн давхиж ирээд олон түрүү, айраг авч байсан түүхтэй.

Шүдлэнгийн сунгаанд мөн л зуу дөхсөн хурдан үрээ мордлоо. 12 км-ээс эргэхэд “Нүүдэлчин” группийн захирал Ш.Лхамсүрэнгийн загал өн­гөлсөн юм. Аман хүзүүнд Төв аймгийн Архуст сумын уугуул н.Сарангэрэлийн халтар үрээ хурдалсан. Энэ халтар үрээ эрлийз адуутай тэнхээ мэдэн уралдаж байсан бөгөөд олон уяачийн анхаарлыг татаж байв. Гарааны зурхайгаас нэлээн хойгуур гарсан ч газрын дун­даас яван чангарах монгол адууг өнөө жилийн наадмаар баараггүй юм дуулгана гэж байна лээ. Халтар үрээний ар дээр “Агт-Эрдэнэ” галын уяач Ш.Лхамсүрэнгийн хээр, “Уулс трейд” ХХК-ийн захирал Т.Галбадрахын хү­рэн, Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хээр хур­даллаа.

Харин өнөөдөрүлдсэн дөрвөн нас болох азарга, их нас, соёолон, дааганы сунгаа болох юм.Тодорсон хүлгүүдээс Х.Цогтсайханы сүмбэн зээрд азарга, Т.Гал­бадрахын хар азарга энд тоосоо өргөнө. Их насны морь­доос өнөө жилийн “Дүн­жингарав” уралдааны түрүү Х.Цогтсайханы хар, Дорноговьд түрүүлсэн С.Төгөл­дөрийн буурал, Говь шанхад түрүүлсэн Н.Зоригтын хул тэргүүтэй улс, бүсийн наадамд цолоо дуудуулж байсан хурдан хүлгүүд мордохоор болжээ.

Баян сумын 12 дугаар точект болсон бага сунгааны сонин сайхныг энэ үеэр хууч­лав. Бас л нас болгонд зуу гаруй адуу мордсон гэнэ. Их насанд Тод манлай уяач А.Батсүхийн уяаны хэд хэдэн үрээ өнгөлж хурдтай байгаагаа ха­руулсан сурагтай. Азарганд Ховд аймгийн Дарви сумын уяач З.Мэндсайханы хээр түрүүлсэн гэнэ. Олноо Дугараа ман­лай хэмээн алдаршсан Б.Бат-Өлзийгийн уяж байгаа даян түмний эх морь хорьдоор уралд­жээ. Хүрэн үрээ “Ал­тай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийн хүлэг. Араасаа олон түрүү, айраг дагуулж буй хурдан хүлэгтэй нэг уяанд байгаа хээр даага сунгаанд мөн л хурдтай байсан гэнэ.

Дунд сунгааны сониноос дуулгахад ийм байна. Наад­мын өдөр ч ирлээ дээ.

Categories
мэдээ цаг-үе

Г.Ариунбаатар П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанаас алтан медаль хүртлээ

П.И.Чайковскийн нэрэм­жит олон улсын хөгжмийн уралдаанд Монгол Ул­сын гавьяат жүжигчин Г.Ариун­баатар түрүүлж, алтан медаль хүртлээ. Энэ уралдаанд 39 орны билэг авьяастай 500 дуучин оролцсон юм. Дөрвөн шатны шалгаруулалтаар эцсийн шатанд Монгол, ОХУ, БНХАУ,БНСУ-ын дуучид тунаж үлдээд байв. Харин манай цагаар долдугаар сарын 02-ны 01:00 цагт сүүлийн шалгаруулалт болж, цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Г.Ариунбаатар “Трубадур” дуурийн Ди Луна­гийн ари, “Пиковая дама” дуурийн Елецскийн арийг дуулж, тэргүүн байр эзэллээ.

Дөрвөн жил тутамд болдогП.И.Чайковскийн нэрэмжит уралдааныг дэлхийн дуурийн дуучдын “олимп”, хамгийн оргил тэмцээн гэж үздэг. Тэг­вэл Монгол Улс дуурийн “олимп”-ийн аварга дуучинтай болж байна. Сонсогчид түүний энэ амжилтыг Монголын сон­годог урлагт түүхэн үйл явдал болж, цоо шинэ хуудас нээлээ гэж үнэлж байна.

Г.Ариунбаатар тэмцээний дараа “Би маш их баяртай байна. Та нартаа баярлалаа. Энэ уралдаан намайг хамгийн их сорилоо. Үнэхээр хvнд байлаа. Гэхдээ би ард нь гарсаан. Тийм ээ, би урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн уралдаанаас анх удаа эх орондоо тэргүүн байр, алтан медальтай очих нь ээ. Аав ээж, элгэн садан, эрдэмтэн багш найз нөхдөдөө бүгдэд нь баярлалаа. Аливаа тэмцээн уралдаанд оролцоход нэн чухал асуудал бол мөнгө санхүү. Намайг чин сэтгэлээсээ ойлгож байн­­­га тусалж дэмждэг авар­­га А.Сүхбат ахдаа, “Эх нутгийн иргэн” ТББ-ын тэргүүн, УИХ-ын дэд дарга М.Энхболд ахдаа, мөн “CMS group”-ийн хамт олондоо, Монголын цагдаагийн нийт бие бүрэлдэхүүндээ, Улаан-Үүдийн театрынхандаа да­хин дахин талархаж байна” гэж өөрийнхөө фэйсбүүк хуу­дас­таа бичсэн байв. Түүнтэй өчигдөр онлайнаар холбогдоход “Чайковскийн уралдаан их хүнд байлаа. Баяр наадмын өмнө монгол түмэндээ бэлэг барьсандаа баяртай байна. Очиж байгаад танай сонинд ярилцлага өгнө өө. Одоо зав муутай байна” гэсэн юм.

Төв аймгийн Баян-Өнжүү­лийн унаган хүү Г.Ариунбаатар ийн­хүү дуурийн дуучдын дунд болдог гурван том уралдааны хоёрт нь түрүүлж байна. Өмнө нь М.Глинкийн нэрэмжит урал­даанаас алтан медаль хүртэж, гавьяат цол хүртэж байсан билээ.

Ц.БАЯРЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Цагаан: Ерөнхийлөгчийн тамгын газар бөх эрэмбэлдэг газар биш

Сүүлийн үед дархан аварга А.Сүхбат, Г.Өсөх­баяр нарын хэн нь баяр наадмын үндэсний бөхийн барилдааны зүүний магнайд гарах вэ гэдэг асуудал олон хүнийг талцуулаад авсан. Талцуулах болсон хүнээр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагааныг нэрлээд байгаа. Түүнээс дараахь тодруулгыг авлаа.

-Монгол хүн бүр наадмыг хүсэн хүлээдэг. Гэтэл хоёр дархан аваргын хэн нь зүүний магнайд гарах нь наадмын өмнөх чухал сэдэв болж байна. Таны нэр ч олонтаа сонсогдох боллоо. Ерөнхийлөгчийн Тамгын газар бөхийн эрэмбийг тогтоодоггүй гэж ярьж байна. Энэ талаар тайлбар авах гэсэн юм?

-Улсын наадам бол Монгол түмний эрх чөлөө, тусгаар тогтнол, эв нэгдлийн их баяр, төрийн арга хэмжээ гэдгийг мартаж болохгүй. Дэлхий дахин ч Монгол наадмыг андахгүй сайн мэддэг болсон байна. Бразилийн Карнавал үзнэ гэдэг шиг Монгол наадам үзэхээр ирдэг хүмүүс олширч байгаа нь сайн хэрэг. Эрийн гурван наадам бол манай ард түмний түүх, соёлын их өвийг тээгчид. Тийм учраас бид зөв, соёлтой сайхан наадах учиртай. Миний нэр гараад байгаа тухайд гэвэл А.Сүхбат аваргын гаргасан өргөдөлтэй холбоотойгоор наадмын комиссын хурал дээр яригдсан асуудлаас улбаатай юм шиг байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн жил Р.Гончигдорж нарын УИХ-ын гишүүдийн санаачилсан шинэ хуулийн дагуу Дархан аваргын болзол хангасан хоёр аваргад цол олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргах шаардлагатай болсон. Зарлиг гаргахдаа дархан аваргын болзол хангасан цаг хугацааг нь харгалзсан. Дархан аваргын болзлыг 2000 онд ес, 2001 онд арав, 2004 ес давж түрүүлсэн А.Сүхбат аваргад 8 тоот үнэмлэхийг, 2002, 2003, 2005, 2009 онд тус тус ес давж түрүүлсэн Г.Өсөхбаяр аваргад 9 тоот үнэмлэхийг олгосон тухай хэлсэн. Ерөн­хийлөгчийн Тамгын газар бөхчүүдийг эрэмбэлдэг газар биш. Бөхчүүдээ ямар байдлаар яаж эрэмблэхээ бөх мэддэг хүмүүс нь мэднэ биз. Наадмаа сайн, шударга, хууль номын дагуу зохион байгуулахын төлөө Шадар сайдаар ахлуулсан комисс хичээн ажиллаж байна. Бөхийн холбоо гэдэг эзэн биегүй нэрийн дор хүмүүсийг талцуулж, маргалдуулахын оронд бөхчүүдийн эрүүл мэнд, амь насанд хор хөнөөлтэй эм тариа, допинг хэрэглэхийн эсрэг тэмцмээр байгаа юм.

Э.ЭНХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д нийтлэлч С.Алтанцэцэгийн “Монгол наадам бидний бахархал болоод зогсохгүй үндэстнийг нэгтгэдэг байх ёстой” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Монгол Улсад жүдо бүхийн Чингис хаан ганпри тэмцээн эхэлж буйтай холбогдуулан “Өдрийн сурвалжлага” буланд онцоллоо. Энэ талаар сурвалжлагыг IX нүүрнээс уншаарай. Мөн нэг анги буландаа Их сургуулийн цахилгааны инженерийн хагас зуун жилийн өмнөх анхны сурагчид оролцжээ.

Харин “Улс төр” нүүрт УИХ-ын чуулганы “Төрийн өмчийг хувьчлахыг дэмжив”, Л.Эрдэнэчимэгийн “Эрдэнэс Тавантолгой компани Таван толгойн 51 хувийг эзэмших тогтоолын төслийг өргөн барина” ярилцлага болон үйл явдлын мэдээ мэдээлэл нийтлэгджээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч С.Алтанцэцэгийн “Монгол наадам бидний бахархал болоод зогсохгүй үндэстнийг нэгтгэдэг байх ёстой” нийтлэлхэвлэгдлээ.

Манай сонин “Өдрийн зочин” буландаа П.И.Чаяковскийн нэрэмжит олон улсын уралдаанд тэргүүн байрыг эзэлсэн Г.Арианбаатарыг урилаа.

Улсын арслан Л.Сосорбарамын Мөнхбатад намайг хаях аргыг хужаа Чүлтэмсүрэн гуай хэлж өгсөн гэдэг ярилцлага нийтлэгджээ. Та энэ талаар “Өдрийн сонин”-ы VII нүүрнээс уншаарай. Мөн сонины уламжлалт нүүр болох өд бэх, амрах агшин, хэлэх эрхийн индэр, таны гал тогоо, ном ярьж өгье нүүрнүүд хэвлэгдлээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын Гүйцэтгэх зөвлөл МАН-ыг Засгаас гаргахаар шийдвэрлэв

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл сая хуралдсан билээ. Тэдний ийн хуралдах болсон шалтгаан нь мэдээж МАН-тай Засгийн газарт хамтран ажиллах уу гэдгийг шийдвэрлэх байв. Гурван цаг орчим хуралдсан Гүйцэтгэх зөвлөлийн хурлын эцсийн шийдвэр МАН-тай хамтарч Засаг барьж чадахгүй гэжээ. Учир нь МАН Засагт хамтарсан цагаасаа эхлэн АН-ын бодлогыг эсэргүүцэн, хийсэн ажлыг нь үгүйсгэж, Засгийн газрыг ажил хийлгээгүй гэж үзжээ. Түүнчлэн хамтдаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөө гарган ажиллана гэсэн ч нэг ч дорвитой зүйл хийгээгүй тул МАН-ыг сөрөг хүчний хувиар ажиллах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр мэдээлсэн юм.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Гачууртын замыг засч байна

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Иргэдийн бүлгээс санаачлан дүүргийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Шинэ тосгон ТББ хамтран 65 сая төгрөгийн төсөвтэй 3.8 км зам тавих ажил эхэллээ.

20 дугаар хороо буюу Гачууртын Шар хоолойн хөндий иргэдийн хамгийн их зорчдог хөдөлгөөн ихтэй замтай. Тиймээс хорооны иргэдийн санаачилгаар Гачууртын автобусны эцсийн буудлаас Шар хоолойн хөндий рүү нийт 3.8 км замыг сайжруулсан шороон зам болгох ажлыг 2015 оны 06 дугаар сарын 20-нд эхлүүлсэн байна.

Өчигдрийн байдлаар 1.4 км зам тавигдаад байгаа бөгөөд үлдсэн 2.4 км замын шороог түрэх, дагтаршуулах ажил хийгдэж байна хэмээн тус хорооны Засаг дарга Х.Цэдэнбал өгүүлсэн бол 20 дугаар хорооны иргэдийн бүлгийн ахлагч Д.Сайнцог уг зам тавих ажлыг наадмаас өмнө дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын өдрүүдэд нийтийн эзэмшлийн зам дагуу зам сэтлэх ажил хийлгэхгүй

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаан болж, нийслэлийн 9 дүүрэг, инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагуудын 14 хоногийн хугацаанд хийсэн ажлын биелэлттэй танилцлаа.

Энэ үеэр Баянгол, Багануур дүүрэг Хөдөлмөрийн хэлтэстэйгээ хамтран бямба гаригт зохион байгуулагдах бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр 240 ажилгүй иргэнийг хамруулж, далан суваг, гуу жалгын цэвэрлэгээ хийхээр төлөвлөжээ.

Баянзүрх дүүрэг 3-р хорооны тунель, 4-р хорооны Жуковын талбай, 20-р хорооны цогцолбор байрны урд, 26-р хорооны Их монгол, Баянмонгол СӨХ-ны усан оргилууруудыг засварласан. Чингэлтэй дүүрэг 2-р хорооны 21, 22, 23-р байрны дундах усан оргилуурыг засварлан бүрэн хэмжээний тохижилтыг хийж, Багануур дүүргийнхээ хэмжээнд баригдсан 7 усан оргилуураа засварлан хэвийн ажиллагаанд оруулснаа тайлагналаа.

Үндэсний их баяр наадмыг угтан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор 6 кв-ын 24 кабель шугамд трассын дагуу үзлэг явуулж, кабелиудад оношилгоо хийсэн, 28 дэд станцын 49трансформаторыг туршсан. “Хүй долоон худаг”-ийн А тойрогт 630 квт чадалтай 10/0,4 кВ-ын 1 ком КТПН-ийг1890 квт чадалтай болголоо. Мөн Цагдаа толгойд 400 квт чадалтай 10/0,4 кВ-ын КТПН тавьжээ. Худгийн КТПН6-д 400 квт чадалтай 10/0,4 кВ-ын трансформатор дахин суурилуулан 6 сард хүчдэлд залгаснаар 5 худаг ажиллаж байна. Шинэ байршилд гарч буй цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд зориулан 10 тулгуур шинээр босгож, 5 тулгуурт гэрэлтүүлэг нэмлээ. Гэр хорооллын цахилгаангүй айл өрхийг цахилгаантай болгохоор 1 тэрбум нэг зуун сая төгрөгийн ажлыг 12 байршилд хийхээр төлөвлөж байгаагаа танилцуулав.

Хотын Ерөнхий менежер Б.Бадрал дүүргүүд, инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагуудад Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад анхаарах, үер усны аюулаас сэргийлэх, гэрэлтүүлэгт анхаарах, барилгын суурь ухах, зам талбай сэтлэх ажлыг наадмын үеэр хийлгэхгүй байх үүрэг өглөө.

Categories
мэдээ спорт

Монголын хөлбөмбөгийн холбоо МССХ-той хамтарна

Монголын Хөлбөмбөгийн Холбоо Монголын спортын сэтгүүлчдийн холбоо өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Гэрээнд МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, МССХ-ны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар нар гарын үсэг зурлаа.

Хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх их үйлсэд үргэлж хамтран ажиллаж, хослон зүтгэж ирсэн хоёр холбоо ийн албан ёсны санамж бичиг байгуулснаар хүүхэд залуучуудад хөлбөмбөгийн спортыг сурталчлах, бие бялдарын өв тэгш хүмүүжил олгоход нөлөөлөх том зорилгоо улам далайцтай, хүртээмжтэй болж өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллах юм.

Өнөөдөр спортын сэтгүүлчдийн холбооны 25 жилийн ойн баярын өдөр. Нийгэмд спортын талаарх мэдээ мэдээллийг цаг хугацаатай уралдан түгээн дэлгэрүүлэх хүндтэй агаад хариуцлагатай үүргийг хүлээж, спортын хөгжилд үнэтэй увь нэмрээ оруулан хамтран ажилладаг спортын сэтгүүлчид та бүхэндээ Монголын Хөлбөмбөгийн Холбооноос баярын мэнд хүргэж байна. Нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд та бүхэндээ үг нь мэргэн үзэг нь хурц байж шударга ёс, үнэний эрлийн төлөөх бүтээл тууривал, уран бүтээлдээ их амжилт олж, эрүүл энх аз жаргалаар дүүрэн байхыг хүсье.

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

Categories
мэдээ улс-төр

Өршөөлийн хуулийг өргөн мэдүүлнэ

Засгийн газрын
ээлжит бус хуралдаан болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эдийн
засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-Д өргөн мэдүүлнэ

УИХ-ын тогтоолоор бизнес,
хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх,
хувийн хэвшлийг дэмжих ажлын хүрээнд “Иргэн , аж ахуйн нэгж, байгууллагын
татварын ачааллыг бууруулж, тайлагнах журмыг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй
болгох, зарим татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр татварын холбогдох хуульд
өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх”-ийг Засгийн
газарт үүрэг болгосны дагуу энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Эдийн засгийн ил тод байдлыг
дэмжих асуудлын хүрээнд хамгийн өргөн хэрэглэгддэг арга хэмжээ нь
татварын өршөөл бөгөөд улс орнууд татварын бааз сууриа өргөтгөх, далд эдийн
засгийг бууруулах зорилгоор энэ аргыг хэрэглэдэг байна. Эдийн засгийн ил
тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлд татвар, нийгмийн даатгалаас гадна үл
хөдлөх эд хөрөнгийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодох
бүртгэлийн асуудлыг тусгаж, урьд гарч байсан хуулиудаас илүү өргөн хүрээг
хамарсан зохицуулалт оруулж, үүний үр дүнд эдийн засгийн ил тод байдлыг
бүрдүүлэх нэг удаагийн журмыг тодорхойлжээ.

Өршөөл
үзүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Гэмт хэргийн нийгмийн аюулын
шинж чанар, хэр хэмжээг харгалзан ял эдэлж байгаа хүмүүсийн зарим ялыг өршөөн
хэлтрүүлэх, зарим ялыг өршөөн хасах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд
байгаа эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн
төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд гэмт хэрэг үйлдэж
анх удаа хорих ял шийтгүүлсэн арван найман насанд хүрээгүй хүүхэдтэй
эмэгтэйчүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд, өөрийн шууд асрамжинд байгаа арван найм
хүртэл насны хагас өнчин хүүхэдтэй эрэгтэйчүүд, ял эдэлж байхдаа бие махбодидоо
санаатайгаар гэмтэл учруулснаас бусад шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа 70 ба
түүнээс дээш хувиар алдаж тахир дутуу болсон хүмүүс, жараас дээш насны
эрэгтэйчүүд, тавин таваас дээш насны эмэгтэйчүүд зэрэг хүмүүсийг эдлээгүй
үлдсэн үндсэн болон нэмсэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэхээр тусгажээ. Мөн насанд
хүрээгүй этгээдэд хамаарах болон Эрүүгийн хуулийн зарим зүйл хэсэгт заасан гэмт
хэрэг үйлдсэн этгээдэд хамаарах тусгай зохицуулалт оруулсан байна гэж
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.