УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
Манай оронд зуны саруудаас хамгийн дулаан нь долдугаар сар бөгөөд агаарын температурын сарын дундаж нь
Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 22-27,
Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Завханы зүүн, Баян-Өлгийн баруун болон өмнөд хэсгээр 12-17,
Бусад нутгаар 17-22 градус дулаан байдаг байна.
Гэвч цаг агаарын нөхцөл жил бүр харилцан адилгүй. Тухайлбал: 1996 онд
баруун, төвийн нутгаар, 1999-2002, 2004-2005, 2007, 2008 онд ихэнх
нутгаар, 2010 онд говийн нутгаар олон жилийн дунджаас 2-5 градусаар
дулаан, өдрийн үнэмлэхүй их температур Орхон-Сэлэнгийн бэлчир, говийн
нутгаар 36-43, бусад нутгаар 33-38 градус хүрч халжээ.
Мөн 1976 онд баруун ба говийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр,
1978 онд говь ба зүүн зүгийн нутгаар олон жилийн дунджаас нилээд
хүйтэрч, шөнийн үнэмлэхүй бага температур уулархаг нутгаар 3-8 градус
хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байжээ. Цочир
хүйтрэл сарын аль ч үед ажиглагддаг.
Энэ сард олон жилийн дунджаар Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх нутаг,
Өвөрхангай, Хэнтий, Дорнодын хойд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд
хэсгээр 75-107, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговийн
ихэнх нутаг, Увс, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр
13-44, бусад нутгаар 45-74 мм бороо ордог.
Гэвч 1993, 1994, 1997, 1998, 2012 онд ихэнх нутгаар, 2003 онд нутгийн
баруун хагаст олон жилийн дунджаас 1-3 дахин их бороо орсон бол
1999-2002, 2004,2005, 2007 онд олон жилийн дунджаас харьцангуй бага
бороо орж байв.
Дуу цахилгаан жил бүр 4-8, зарим жил 10-14 удаа ажиглагддаг. Салхи 15
м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр 1-3, зарим жилд 5-6 удаа
ажиглагддаг бөгөөд салхины хамгийн их хурд 1991 онд говийн нутгийн зүүн
хэсгээр түр зуур 28-36 м/с хүрч онц хүчтэй шороон шуурга шуурсан хэмээн
ЦУОШГ-аас мэдээллээ.