Categories
мэдээ нийгэм

Наадмаар зуслангийн иргэдэд зориулсан “ЗУСЛАНГИЙН НААДАМ” болно

Үндэсний их баяр наадам, Их монгол улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаар зуслангийн төвлөрсөн цэг буюу Зунжин худалдааны төвийн гадна талбайд наадамчин олондоо зориулан ардын урлагийн тайлбарт тоглолт, уламжлалт наадгайн тэмцээн уралдаан, үндэсний хувцас загварын шоу тоглолт үнэ төлбөргүй зохион байгуулагдах ажээ.

Үндэсний их баяр наадмын Урлаг соёлын салбар хороо, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Залуучуудын Холбоо нар хамтран зохион байгуулж буй тус тоглолт долдугаар сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд 11:00-19:00 цагийн хооронд зохион байгуулагдах бөгөөд тоглолтод Нийслэлийн харьяа дүүргүүдийн ардын урлагийн авьяастнууд, уламжлалт наадгайн өв тээгчид, судлаачид, “Андра” загварын агентлагийн дизайнер, моделиуд оролцох юм.

Энэ дашрамд дуулгахад тус тоглолтын нээлтэд ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг оролцож уран бүтээлийн дээжээсээ толилуулах бөгөөд дэлхийн хамгийн алдартай шоу нэвтрүүлгүүдийн нэг “Asia`s Got Talent” буюу “Авъяаслаг Aзичууд” шоунд амжилттай оролцож II байрыг эзлэхийн зэрэгцээ дэлхийн олон оронд уригдан тоглож сая сая хүмүүсийн хүндлэлийг хүлээсэн эрхэм уран бүтээлчидтэй түмэн олон минь үндэсний их баяр наадмаар буюу долдугаар сарын 11-нд 13:00 цагаас болох нээлтээр учран золгох нь ээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Шөнийн музейд-Хөсөгтөн” үдшийн цэнгүүн болно

“Авъяаслаг Азичууд” (Asian’s got talent) тэмцээнд оролцож дэлхий дахинаа монгол ардын урлагаа болоод эх орныхоо нэрийг цуурайтуулж шүүгчид, үзэгчдийг бишрүүлж чадсан “Хөсөгтөн” хамтлагийн залуус Чойжин ламын сүм музейтэй хамтран “Шөнийн музейд-Хөсөгтөн” үдшийн цэнгүүнийг 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

Энэхүү “Шөнийн музей” арга хэмжээ нь 2011 оноос зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд зорилго нь Монгол улсын түүх соёлын өвийг гадаад, дотоодын үзэгчдэд сонирхолтой хэлбэрээр таниулан сурталчлах, эдийн засгийн эргэлтэнд оруулах, бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой юм.

Та бүхэн Үдшийн цэнгүүнд хүрэлцэн ирсэнээр музейд хадгалагдан буй түүх соёлын дахин давтагдашгүй арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдийг сонирхон мэлмий баясгахын зэрэгцээ музейн уран барилга, зун цагийн ногоон байгаль хосолсон өвөрмөц тансаг орчинд тухлан ардын урлагийн гайхалтай тоглолтыг таалан соёрхож нэгэн үдшийг тав тухтай дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжтой юм.

“Шөнийн сүм музейд Хөсөгтөн” үдшийн цэнгүүний тасалбарын үнэ 80,000 төгрөг байна.
Хөтөлбөр:

21:00-22:00 Чойжин ламын сүм музейтэй танилцах

22:00-23:30 “Хөсөгтөн” хамтлагийн ардын урлагийн тоглолт

23:30-01:00 Шөнийн сүм музей үзэх

Categories
мэдээ соёл-урлаг

“Дэлхийн мисс 2015”-д эх орноо төлөөлөн мисс Н.Ану оролцоно

63 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа “Дэлхийн мисс-2015” энэ жил БНХАУ-д болно. Манай улсаас эх орноо төлөөлөн оролцох гоо бүсгүйн шалгаруулалт өчигдөр болжээ. Намширын Ану дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Мисс Н.Анугийн товч танилцуулга.

Н.Ану нь 24 настай

Биеийн харьцаа: 90х62х92

Биеийн өндөр: 178см

Боловсрол: ШУТИС-УТДС-ийг төгссөн.

Сонирхол: Усанд сэлэх, Шүлэг бичих, Аялах дуртай

Categories
мэдээ нийгэм

ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн хороо “Бурхан Халдун” уулыг дэлхийн өвд бүртгэх шийдвэр гаргалаа

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулган ХБНГУ-ын Бонн хотноо хуралдлаа. Тус хорооны энэ сарын 4-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” номинацийг гишүүн орнууд хэлэлцэж улмаар Дэлхийн өвд бүртгэх шийдвэрийг санал нэгтэйгээр батлан гаргалаа.

Хуралдаанаар Дэлхийн өвийн хорооны 21 гишүүн орноос 17 улс (БНСУ, Япон, Вьетнам, Казахстан, Польш, БНЭУ, Хорват, ХБНГУ, Ямайка, БНТУ, Алжир, Филиппин, Малайз, Катар, Серб, Сенегал) дэмжиж үг хэлэв. Дэмжиж үг хэлсэн гишүүн орнууд Чингис хаантай холбоотой Бурхан халдун уулыг ийнхүү Дэлхийн өвд бүртгэснээр Монгол Улсын хувьд төдийгүй Дэлхийн өвийн хорооны гишүүн орнуудын хувьд нэр хүндийн хэрэг юм хэмээв. Ингээд дэлхийн түүх, соёлын өвд монголчуудын оруулж буй бодит хувь нэмэр юм гэдгийг онцлон тэмдэглээ.

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулган манай улсаас нэр дэвшүүлсэн “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”-ийг хэлэлцэхтэй холбогдуулан чуулганаас Хорооны 21 гишүүн орнуудад урьдчилан тараасан шийдвэрийн төслөөр уг номинацийг эргүүлэн буцаахаар тусгагдсан байсан. Харин ГХЯ, ОТХАГ, Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар болон чуулганд оролцсон Засгийн газрын төлөөлөгчдийн идэвхтэй оролцоо, хүчин чармайлтын үр дүнд шийдвэрийн төслийг өөрчлөн улмаар бүртгэх нь зүйтэй гэсэн нааштай шийдвэрийг гаргуулж чаджээ.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нь ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дарга юм.

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын өдрүүдэд байгууллагууд хариуцлагатай жижүүр гаргаж, ажиллахыг үүрэг болголоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Нийслэлийн нийт дүүрэгт гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад Баянзүрх, Хан-Уул дүүрэгт өссөн, бусад дүүрэгт буурсан үзүүлэлттэй байна. Харин Баянгол дүүргийн 162 дугаар цэцэрлэгт дулааны 100-гийн хос шугам засварлах шаардлагатай. Мөн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын 9 дүгээр байрны гадна талын өнгөлгөөний тоосгон хана нурж,нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Бусад дүүрэгт гарсан зөрчилгүй байна. Мөн өмнөх шуурхай зөвлөлгөөн дээр нийслэлийн Засаг даргаас холбогдох албаныханд өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцууллаа. Тухайлбал,

– Үндэсний их баяр наадмын өмнө өөрсдийн нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, усан оргилууруудыг бүрэн ажилд оруулах, орчин тойрны тохижилтын ажлыг хийх, нийтийн эзэмшилийн талбайн зүлэг, мод, бут, сөөгийн хортон шавьжийг устгах, хог хаягдлыг татан зайлуулах, цэвэрлэгээ хийх ажлыг зохион байгуулах үүрэг өгсний дагуу:

• Нийслэлийн 8 байршилд хөшөө, барималын урсгал засварыг 100 хувь хийж дуусгасан. Нийтийн эзэмшлийн зам талбайн 7 ширхэг усан оргилуурын засварын ажил хийгдэж байгаагаас 3 нь бүрэн дуусч, 4 усан оргилуурыг баяр наадмын өмнө засаж дуусгана.Мөн гудамжны 3D зураг, явган хүний замын хэвтээ тэмдэг, тэмдэглэгээний ажил 70-80 хувийн гүйцэтгэлтэй байна.Хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн 180.000 мод сөөгний өвчин, хортон шавьжийг устгах ажлыг зохион байгуулсан. Хотын хэмжээнд 1.7 сая ширхэг мод, сөөг, 1.3 сая квмзүлэгт талбайд усалгаа болон арчилгааны агротехнологийн ажлуудыг график төлөвлөгөөний дагуу хийв.Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд 17400 квмталбайн зүлэгжүүлэлт, нэг наст цэцэг 114 квмталбайд тарьж, 32 ширхэг улиас модонд шуулт болон титмийн хэлбэржүүлэлт, 450 у/м ургамлан хашлагыг хэлбэржүүлэх, ногоон байгууламжийг услах зэрэг ажлуудыг гүйцэтгээд байна.

• Төв цэнгэлдэх хүрээлэн, Чингисийн талбайн орчмын хог цэвэрлэгээ, зэрлэг ургамал устгах ажилд онцгой анхаарч, Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”,Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн Тохижилт, үйлчилгээний хэлтэстэйхамтран ажиллаж байна. “Хүй долоон худаг”-т Баянгол, Сүхбаатар дүүргийн Тохижилт, үйлчилгээний байгууллагуудтай хамтран цэвэрлэгээ болон тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна.

– Наадамчдад Төв цэнгэлдэх хүрээлэн болон “Хүй долоон худаг”-т 850 цэгээр худалдаа үйлчилгээ үзүүлэхээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн өргөдөл, хүсэлтийг төвийн 6 дүүргийн Засаг даргын Тамгын газраар дамжуулан хүлээн авч шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрлийг олгож байна.

– Нийслэлийн Засаг даргын 2013 оны 1146 дугаар Захирамжийн дагуу холбогдох хэлтэс, алба, агентлаг, дүүрэг, харъяа газруудаас тайлан мэдээг хүлээн авлаа. Холбогдох газрууд тайлан мэдээгээ бүрэн ирүүлсэн.

– Энэ онд хэрэгжүүлж байгаа авто зам, замын байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд захиалагчийн хяналт тавьж, замын материал шинжилгээ, туршилт судалгааны итгэмжлэгдсэн лаборатори нь материалын чанарт хяналт тавин ажиллаж байна.

– Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр барилга угсралт, их засвар, зураг төсвийн нийт 423 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Ажлын явц 2015 оны 07 сарын 01-ний өдрийн байдлаар 63.5 хувьтай байна.

– Бүх нийтийн их цэвэрлэгээг Баянзүрх дүүргийн “Хар усан тохой”-оос “Хүй долоон худаг” хүртэлх Туул голын дагуу 1-21 өртөө болгон хувааж зохион байгуулсан. Их цэвэрлэгээнд нийслэлийн агентлаг, харьяа газруудаас 51 байгууллага,1398 албан хаагч оролцож, нийт 1710 шуудай хог, 3,3 тн хогийг ачуулсан байна. Мөн нийслэлийн 8 дүүргээс их цэвэрлэгээнд нийт 7161 аж ахуйн нэгж байгууллага, 32,229 мянган албан хаагч болон иргэд оролцож, 3,684,425 мкв талбайн 2,285,5 тн хогийг ачуулсан.

– Нүүдэлчин ард түмний соёл, түүний дотор угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет болон биет бус өвийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, залуу хойч үедээ өвлүүлэн уламжлуулах зорилгоор Нийслэлийн хэмжээнд 9 дэх жилдээ зохион байгуулж буй “Дээлтэй Монгол 2015” наадамд нийслэлийн 9 дүүрэг тус бүр “Зохиомж” гарган идэвхтэй оролцохоор бэлтгэж байна.

Мөн энэ үеэр нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр зарим ажлыг хугацаа алдалгүй шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Тухайлбал, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд уламжлалт зохион байгуулалтын ажлууд хийгдэнэ. Байгууллага болгон хариуцлагатай жижүүр гаргаж,холбогдох байгууллагууд иргэдийн эрүүл аюулгүй хүнсэнд анхаарч, гэмт хэргийн гаралтаас урьдчилан сэргийлж, нийгмийн хэв журмыг сахиулах, мөн аялагч нарын аюулгүй байдлыг сайтар хангаж зохион байгуулалт сайтай ажиллахыг үүрэг болголоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд бүх нийтийн цэвэрлэгээнд оролцоогүй найман байгууллагад арга хэмжээ авахыг даалгав. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй барилга байгууламжийн асуудал дээр үнэлэлт дүгнэлт өгөхийг үүрэг болголоо. Мөн нийслэлийн татварыг тогтоож, УИХ баталсан. Иймд дүүргүүд, харьяа газрууд шат шатандаа идэвхитэй оролцох шаардлагатай. Харин дүүргүүдээс олгож байгаа тусгай зөвшөөрлийг цэгцлэн татварын газартайгаа хамтран мэдээллийн сан буюу мэдээллийн нэгдсэн баазтай болох асуудлыг сайтар зохион байгуулахыг дүүргүүдэд үүрэг болголоо. ХаринБаянгол дүүргийн162 дугаар цэцэрлэгийн тулгамдаж буй асуудлыг яаралтай шийдвэрлэхийг нийслэлийн ЗДТГ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст даалгав. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтийн асуудал хариуцсан орлогч С.Очирбатад Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах “Москва” хорооллын асуудлыг эцэслэн шийдвэрлэх буюу иргэдийнхээ аюулгүй байдлыг бодож асуудал боловсруулахыг үүрэг болголоо гэж Нийслэийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Наадмаар мэргэжлийн хяналтын 400 орчим байцаагч ажиллана

Энэ жилийн баяр наадмын өдрүүдэд нийслэл хотод 200, аймаг, орон нутагт 170, нийт 400 орчим улсын байцаагч ажиллана. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэдийн өгсөн үүргийн дагуу байцаагч нар хүнсний аюулгүй байдлыг хангах, мал, амьтны гоц халдварт өвчнөөс сэргийлэх, морь унаач хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаалах зорилгоор урьдчилсан хяналт хийн, зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч эхэллээ.

Энэ жил нийслэлд нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх 850 орчим аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээнд хамруулахын зэрэгцээ Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худагт явуулын лаборатори ажиллана. Наадамчин олон хүнсний бараа, бүтээгдэхүүн сонгохдоо хадгалалтын горим, хадгалах хугацаа зэргийг нь нягталж байхыг зөвлөж байна.

Өнгөрсөн жилийн баяр наадмын үеэр хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд урьдчилан сэргийлэх хяналт тавьж, зөвлөмж, зөвлөгөө өгөн, гарсан зөрчлийг тухай бүр нь таслан зогсоож байсны дүнд олныг хамарсан хоолны хордлого, халдвар гараагүй юм. Энэ баяр наадмаар нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчид шингэрүүлсэн шатдаг хий ашиглах учир аюулгүй байдалд онцгойлон анхаарч байна.

СХД, БЗД-ийн Засаг дарга нар захирамж гарган мал, малын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн худалдах цэгийг Ногоон зоорь, Эмээлтэд байлгахаар шийдвэрлэсэн. Өнгөрсөн жил зөвшөөрөлгүй цэгт малын худалдаа үйлчилгээ эрхэлсэн, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд мал нядалсан, гарал үүслийн гэрчилгээгүй зэрэг 132 зөрчил илэрснийг энэ жил давтахгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллага анхааруулж байна.

Бүх шатны Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоо, аймаг, орон нутаг дахь салбар хороод, Наадмын комисс, хүүхдийн болон хөдөлмөр, нийгмийн хамгаалал хариуцсан байгууллага, ажилтнууд морь унаач хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарахын зөвлөлөө. Наадмын дараа олон сумын ой, бүсийн хурдан морины уралдаан болно. Иймээс унаач хүүхдийг амь нас, эрүүл мэндээрээ хохирохоос сэргийлэх үүднээс стандартын шаардлага хангасан хамгаалалтын малгай, цээживч, тохойвч, өвдгөвчийг заавал өмсүүлэх, хүүхдийн эцэг, эхтэй гэрээ байгуулж, даатгал хийлгэсэн байхыг анхааруулж байна.

Баяр наадмын үеэр Ерөнхий газар болон аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагад хариуцлагатай жижүүр ажиллан иргэдийн санал хүсэлт, гомдлыг 1800-1286 дугаарын утсаар хүлээн авч шийдвэрлэх юм.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын сайд нарыг хөөвөл Засгийн газрыг огцруулах асуудал сөхөгдөнө

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаа түр завсарлуулж, үдээс хойш
хуралдахаар болжээ.

МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга
М.Энхболд “Бүлгийн хуралдаанаар МАН хамтарсан Засгаас гарах асуудлыг хэлэлцэж
байна. Одоогоор тодорхой шийдвэр гараагүй. Хамтарсан Засгаас гарах асуудал бол
улс төрийн шийдвэр учир намын Удирдах зөвлөлийн хурлаас эцсийн шийдвэр гарах
ёстой. Одоо намын удирдлагууд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзана. Бүлгийн
хурал 15.00 цагаас үргэлжлэн, удирдах зөвлөлд хүргүүлэх санал, дүгнэлтээ
нэгтгэх болно” гэв.

Тэд
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзаж, зургаан сайдыг
нь явуулна гэвэл Шийдлийн Засгийн газрыг бүхэлд нь огцруулах асуудал
яригдах бололтой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын бүлэг МАН-ыг засгаас гаргахыг дэмжжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг МАН-ыг засгаас гаргахыг дэмжжээ.

Бүлгийн хуралдаанд АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй 37 гишүүн оролцсон байна.

МАН-ыг Засгийн газраас гаргах шийдвэр гаргасантай холбоотойгоор УИХ дахь бусад нам, эвслийн бүлгүүдтэй зөвшилцөж, шинэ сайд нарын асуудлыг хэлэлцэх ёстой гэж бүлэг АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нарт үүрэг болгожээ.

Мөн МАН-ыг Засгийн газраас гаргах болсон шалтгааныг нэгдүгээрт, төрийн албанд халаа сэлгээ хийж, 600 гаруй хүнийг ажлаас чөлөөлсөн. Энэхүү халаа сэлгээнд цэвэрлэгч хүртэл өртсөн. Цаашдаа ч халаа сэлгээ зогсохгүй үргэлжлэх байсан учраас ийм шийдвэрт хүрсэн гэв. АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Ардчилсан намын бүлэг Гүйцэтгэх зөвлөлийн тогтоолын төсөлтэй танилцаж сайтар ярилцсан. Ингээд хоёр заалттай шийдвэрийг гаргасан. Нэгдүгээрт, Гүйцэтгэх зөвлөлөөс өгсөн зургадугаар тогтоол болоод өнөөдрийн бүлгийн хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нарт үүрэг болгосугай гэсэн шийдвэр гарсан. Хоёр дахь заалт нь Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг ханган ажиллахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын бүлгийн гишүүдэд үүрэг болгосугай гэсэн шийдвэр гарсан” гэв.

Ерөнхий сайд бүлгийн хуралд оролцож өөрийнхөө саналыг илэрхийлсэн. Бүлгийн шийдвэр бол эцсийн шийдвэр. Ямар нэгэн цааргалах асуудал байхгүй гэж тэр онцлов. Бүлгийн дэд дарга С.Одонтуяа “Үүнээс хойш МАН Засгийн газрын гишүүдийг огцруулах асуудлыг тавихыг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдөр бусад намууд засагт хамтарсан хэвээрээ байх учраас төвөгтэй байдал үүсэхгүй байх” гэв.

Таван толгойн асуудлаар сэтгүүлчийн асуултад Б.Гарамгайбаатар хариулахдааБаярын өмнө том том хуулиудыг батлаж байна гэх шүүмжлэл байдаг. Энэ утгаараа намын дарга Тавантолгойн төслийг намрын чуулган руу шилжүүлье. Аажуу, уужуу хэлэлцье, иргэдийг баяр наадмаа тэмдэглэж байхад хулгайгаар баталлаа гэдэг шүүмжлэл ахин дахин аваад баймааргүй байна гэсэн үүднээс намар болтол хойшлуулсан. Түүнээс ямар нэгэн зөрчил үүсээд өргөн барих гэж байгаа хуулийн төслийг хүлээж авахгүй байгаа юм биш” гэв.

Categories
мэдээ нийгэм

Наадмын үеэр хаалттай замуудыг нээнэ

Улсын баяр наадмаас өмнө нийслэлд хийгдэж буй авто замуудын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, баярын үеэр хаалттай замуудыг нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Хойд зуслангийн чиглэлд Дамбадаржаагийн уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх 5.0 км авто замын эхний 1500 метр авто замын суурь хучилтыг хийж хөдөлгөөнийг 07 дугаар сарын 08-нд нээнэ.
Шаргаморьтын уулзвараас Хандгайтын зам хүртэлх 6.75 км авто замын ажлын хүрээнд Шаргаморьтын уулзвараас Нямдоржийн гүүр хүртэл 2.8 км авто замын хучилтыг хийж зорчих хэсгийг 7 дугаар сарын 09-нд нээнэ.
Мөн Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км авто замын эхний 1,1км-ээс 6.0 км хоорондох нийт 5 км замын асфальт бетон хучилтыг бүрэн хийж 07 дугаар сарын 09-ний орой тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхээр төлөвлөөд байна.
Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун 4 замын уулзвар хүртэлх замыг 3 үе шаттайгаар хааж, засвар, шугам хоолой солих ажлыг хийж байгаа. Эхний үе шат буюу Төв шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал хүртэл зам, 2 дугаар үе шат буюу Цэцэг төвийн уулзвараас Улсын Их дэлгүүрийн уулзварын дагуух шугам хоолой солих ажлыг товлосон хугацаандаа гүйцэтгэж, замыг нээсэн. 3 дугаар үе шат буюу Улсын И дэлгүүрээс баруун 4 замын уулзвар хүртэлх замыг 2015 оны 07 дугаар сарын 14-нөөс 08 дугаар сарын 10 хүртэл хааж шугам хоолойг солихоор төлөвлөөд байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

АСЕМ-ын 20 жилд зориулсан гэрэл зургийн уралдаан зарлаж байна

АСЕМ-ын 20 жилд зориулсан гэрэл зургийн олон улсын уралдааны талаар АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтад бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатараас тодрууллаа.

– Гэрэл зургийн уралдаан хэзээ эхлэх юм бэ ?

– Ази, Европын дээд хэмжээний уулзалтын гишүүн орны мэргэжлийн гэрэл зурагчдын дунд АСЕМ-ын 20 жилийн ойд зориулсан фото зургийн уралдааныг Ази, Европын сангаас 2015 оны 7 дугаар сарын 7-ноос 9 дүгээр сарын 6-ны хооронд хоёр сарын хугацаанд зарлаж байгаа юм.

– Уралдааныг хэрхэн шалгаруулж, дүнг хэзээ гаргах бол ?

-Уралдаанд оролцох гэрэл зургууд нь Ази, Европын амьдрал, хөгжлийг харуулсан “Урагшлах замд” (On the Go) сэдвийн хүрээнд болох юм. Бүтээлүүдийг цахим санал хураалтад үндэслэн гурван ялагчийг олон улсын шүүгчид тодруулна.

Люксенбургийн Вант Улсад ирэх 11 дүгээр сард болох АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр нээгдэх гэрэл зургийн үзэсгэлэн дээр ялагчаар тодорсон гурван бүтээлийг тодруулж, тэдний бүтээлээр цомог гарган олон нийтэд сурталчилна.

– Мэргэжлийн гэрэл зурагчид энэ уралдаанд яаж оролцох вэ ?

-Уралдааны талаар холбогдох мэдээллийг Ази, Европын сангийн цахим хуудас болох http://www.asef.org/onthego хаягаар орж бүртгүүлэн оролцох боломжтой.