Categories
мэдээ цаг-үе

Думаагийн Содном: Олон жил хардлага төрүүлсэн, хэрүүл маргаан болсон асуудалтай амьдарч болохгүй

Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содномтой уулзаж ярилцлаа.

-Сүүлийн үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар их яригдаж байна. Нэг хэсэг нь Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах нь зөв гэж байгаа ч нөгөө хэсэг нь буруу гэдэг байр суурийг илэрхийлж байна. Та үүнийг хэрхэн харж байгаа вэ?

-Улс орны хөгжилд саад болж байгаа гол зүйл нь одоогийн төрийн тогтолцоо гэж харж байна. Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1-д Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн суурь заалт бий. Хуулийн энэ заалт тунхаг төдий зүйл болж, төр засгийн бүх эрх ард түмний биш улс төрийн намын нэрээр гарч ирсэн цөөн хүний мэдэлд орчихсон. Улс орноо хөгжүүлэх алсыг харсан ухаалаг бодлого төлөвлөгөөгүй улс төрийн намууд, түүнийг төлөөлсөн ухаалаг бодлого төлөвлөгөөтэй байхыг хүсдэггүй буюу ухаардаггүй хүмүүс зонхилсон бүлэг нөхөд засаг төрийн эрх мэдлийг атгаж байгаа ноцтой гэж хэлж болох алдаа гажуудлыг засах нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гол шаардлага.

Энэ шаардлагын үүднээс би хоёр үндсэн санал дэвшүүлдэг. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэгт парламентыг хоёр танхимтай болгох өөрчлөлт оруулах. Тухайлбал, Ардын Их хурал, Улсын Бага хуралтай болох. Ардын Их хурал нь иргэд өөрсдөө нэрийг дэвшүүлэн сонгосон 400 орчим гишүүнтэй, байнгын бус ажиллагаатай байх юм. Харин хууль тогтоох үүрэгтэй байнгын ажиллагаатай Улсын Бага хурлын ажилд ард түмний нэрийн өмнөөс хяналт тавьдаг байх. Уламжилж ирсэн ийм систем байх нөхцөлд Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн заалт амьдралд хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Хоёрдугаарт, Монгол Улсыг хөгжүүлэх алс хэтийг харсан ухаалаг бодлого төлөвлөгөөтэй болгох, энэ асуудлыг хариуцсан яамыг Засгийн газрын бүтцэд байхыг хуульчлах. Энэ асуудлаар надтай адил саналтай хүмүүс улам олон болж байгаа. Харин одоогийн хууль тогтоогчдын ихэнх нь дээрх өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах сонирхолгүй байгаа. Ухамсартай л байх хэрэгтэй.

-Ухамсартай бай гэдэг нь?

-Ухамсартай байна гэдэг нь ухаантай бодлоготой байхыг хэлж байгаа юм. Болж байгаа үйл явдлын учир шалтгаан, үр дагавар ямар байхыг ухаж бодсон, ойлгож мэдсэн байхыг хэлж байгаа хэрэг. Ардчилал, зах зээлийн эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө хөгжиж байгаа одоогийн нөхцөлд зөв ажиллах, зөв амьдрах, зөв шийдвэр гаргадаг байхын тулд хүн бүр ухамсартай байх, өөрөөр хэлбэл ухаалаг бодлоготой байх шаардлагатай.

-Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээ Монгол Улсын хувьд ашигтай, ашиггүй гэх мэтгэлцээн олон жил үргэлжилж байна. Таны бодлоор яавал зохих бол?

-Гэрээний нөхцөлөөс болж манай улс ашиг олох биш өрөнд унана, гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэсэн саналтай хүмүүс улстөрчид, эдийн засагчид төдийгүй иргэдийн дотор байна. Асар их нөөцтэй, олон арван жил ашиглах энэ ордын ашиглалтын талаар хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээний нөхцөл олон түмэнд ил тодорхой, хоёр талд ашигтай, аль нэг тал нь хохиролгүй байхыг, шударга ажиллах нөхцөл хэрхэн хангагдаж байгааг Монголын иргэдэд ойлгуулсан байх нь чухал. Олон арван жил хардлага төрүүлсэн, хэрүүл маргаан болсон асуудалтай амьдарч болохгүй. Гэрээлэгч тал мэдээж ихээхэн хэмжээний ашиг олох зорилгоор ажиллана. Монголын Засгийн газар бол хөрөнгө оруулагчийн ашиг сонирхлыг харгалзахын хамт улсынхаа ашиг сонирхлыг хангах нөхцөлийг гэрээнд бүрэн тусгаж хэрэгжүүлэх чадвартай болох ёстой. Энэ үүднээс Оюу толгой, Таван толгой болон бусад ордын ашиглалтаар Хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулах асуудлыг хариуцсан мэргэшсэн албан тушаалтнуудыг тогтвортой ажиллуулдаг бие даасан бүтцийг Засгийн газарт яаралтай бий болгох хэрэгтэй. Би Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн яам байх ёстой гэж боддог. Хөгжлийн бодлого түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг дээр дурдсан яам болон салбар хариуцсан яамдын мэргэшсэн албан хаагчид хариуцдаг байх ёстой. Түр хугацаагаар ирж ажиллаад явчихдаг сайд дарга нар бол бодлого тодорхойлогчид биш яамныхаа мэргэшсэн нөхдийн боловсруулж албан ёсны болгосон бодлогыг өөрийн ажиллах хугацаанд хэрэгжүүлэх үүрэгтэй, түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг байх нь зөв. Миний бодлоор Оюу толгойн гэрээлэгч хоёр тал буюу Засгийн газар ба РиоТинто компани хэд хэдэн асуудлыг тодорхой болгож зохистой шударга шийдэл тохиролцоонд хүрч иргэдэд ил тод мэдээлэх шаардлагатай болоод байгаа.

-Тухайлбал юуг нь ил тод болгох ёстой гэж?

-Оюу толгойн гэрээлэгч тал төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ болон бүтээгдэхүүний өртөгт хамаарах зардлыг хиймлээр олон дахин өсгөх аргаар төслийн ашгийг эрс багасгаж байна гэдэг. Монголын талд төлөх ёстой ашгийн татвар болон ногдол ашгийг багасгах бодлого хэрэгжүүлж байна гэсэн өөр нэг хардлагыг байхгүй болгохын тулд гэрээлэгч талуудыг төлөөлөн хариуцаж байгаа хүмүүс одоо хэлэлцээр хийж байгаа албан тушаалтнууд хэдэн гол асуудлаар маш тодорхой үнэн зөв мэдээллийг иргэдэд өгөх нь зүйтэй.

-Ямар гол асуудлууд байгаа вэ?

-Оюу толгойн анхны гэрээ байгуулах үед гэрээний нөхцөлийн үндэс болгож байсан ТЭЗҮ-д тусгагдаж байсан хөрөнгө оруулалтын хэмжээ болон нэгж бүтээгдэхүүний өртөг хэд байсан бэ. Тэр ТЭЗҮ-д хөрөнгө оруулалтын хэмжээг ил ба далд уурхайг ашиглахаар тодорхойлж байсан уу, эсвэл зөвхөн ил уурхайг ашиглахаар тохиролцож байсан уу. Одоо хүртэл хийгдсэн хөрөнгө оруулалтын зардлаас олон тэрбум ам.долларын зардлын үндэслэл байхгүй буюу худал мэдээлэл байна гэсэн яриа үндэстэй эсэх. Хөрөнгө оруулалтын зардалд цаашид Засгийн газар хэрхэн хяналт тавьж байх вэ. Анхны ТЭЗҮ-д тусгагдаж байсан нэгж бүтээгдэхүүний өртөг хэд байсан юм гэх мэтээр тодорхой болгох зүйлс бий.

Түүнчлэн анх гэрээ байгуулагдаж байхад төслөөс Монгол Улсын төсөвт төлөх Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, Ашгийн татвар, Хувьцаанд ногдох ашгийн төлбөрийн дүн нь нийт ашгийн буюу борлуулалтын орлого ба өртгийн зөрүүгийн 53-54 хувьтай тэнцэнэ гэж ярьж байсан. Тэр нь одоо хэвээр байгаа юу. Хэвээрээ байгаа бол тэр гурван татвар төлбөрийн дүнг ТЭЗҮ-д тусгагдаж байсан борлуулалтын орлогын дүнтэй нь харьцуулсан хувийг гаргаж цаашид тэр хувиар гурван төрлийн татвар төлбөрийг шууд борлуулалтын орлогоос нь авч байх тохиролцоог хийж болохгүй юу. Энэ нөхцөлд өртөг зардал болон ашиг тодорхойлохтой холбогдсон олон жил эцэс төгсгөлгүй үргэлжлэх маргаан, хардлагаас ангид байх биш үү.

Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын зардлыг нэмээд байвал хөрөнгө оруулагч тал хожоод байх, харин Монголын тал 34 хувийн оролцоогоо хадгалахын тулд олон тэрбум долларын өрөнд ороод байна. Үүний зэрэгцээ үндсэн хөрөнгийн элэгдэл нэрээр асар их хэмжээгээр өсгөж болох өртгийн өндөржилтийн гайгаар Монголын Засгийн газар олох боломжтой байсан Ашгийн татвар болон Ногдол ашгаа авч чаддаггүй байх шударга бус үйлдлийг яаж зогсоох ёстой вэ.

Ордыг ашиглах явцад хөрөнгө оруулалт нэмэгдэх нөхцөлд Монголын Засгийн газар нэмэлт хөрөнгө оруулалтыг хариуцахгүйгээр оролцооныхоо 34 хувийг хадгалж байх заалтыг гэрээнд нэмэлт болгон тусгахын төлөө ажиллах ёстой биш үү. Юуны өмнө эдгээр асуудалд харилцан тохиролцож зохистой хариу өгөхгүй бол энэ төслийн хэрэгжилтэд хүндрэл гарсаар байх болно гэдгийг хоёр тал аль аль нь онцгой анхаарах ёстой. Ялангуяа манай Засгийн газар гэрээний нөхцөлийг сайжруулахын төлөө маш анхааралтай ухамсартай тууштай ажиллах хэрэгтэй. Ёстой эзний сэтгэлээр энэ асуудалд хандах ёстойг, хожим хойтод том хариуцлага хүлээнэ гэдгийг манай эрхэм нөхөд ухаарч байгаа биз. Энэ гэрээний нөхцөлийг сайжруулахгүй, төслийг хэрэгжүүлэх явцад илэрч байгаа шударга бус гэмээр үйлдлүүдийг зогсоохгүй удаан үргэлжилбэл улс орны тогтвортой, аюулгүй байдалд муугаар нөлөөлж болохыг мэдэж л байгаа байлгүй дээ.

-Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтад хөрөнгө оруулагчдыг оролцуулах гэрээний төслийн талаар маргаан дэгдэж Засгийн газар төслөө эргүүлэн татсан. Үүнийг юу гэж харж байна вэ та?

-Таван толгойн ордыг ашиглахад үндэсний болон БНХАУ-ын хөрөнгө оруулагчийг оролцуулахаар сонгосон нь зөв болсон. Одоогоор бодит худалдан авагч нь, мөн дамжуулан тээвэрлэх нөхцөлтэй улс нь өмнөд хөрш. Дахин тендер зарлах, өөр хөрөнгө оруулагчдыг оролцуулах гэвэл улам их цаг алдана. Өнгөрсөн жилүүдэд тендерийг олон удаа зарласан. Төмөр замын талаар баримтлах төрийн бодлогыг УИХ буруу гаргасан шалтгаанаар ордыг ашиглах хугацаа олон жилээр хойшилж зах зээлээ алдахад хүрч байсан алдааг давтаж болохгүй.

Сонгосон хөрөнгө оруулагчидтай байгуулах гэрээнд миний одоо хэлэх зүйлсийг анхаарч тусгавал ухаалаг шийдвэр болох байх. Нэгдүгээрт, Таван толгойн ордыг ашиглах ТЭЗҮ боловсрогдож төсөлд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ болон санхүүжүүлэх хугацаа, үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашгийн үзүүлэлтүүд маш тодорхой болсон, тэр үндсэн дээр гэрээний нөхцөлүүдийг тохиролцох. ТЭЗҮ-гүй гэрээ байгуулахыг би сохор явахтай адил гэж хэлж байсан удаа бий. Хоёрдугаарт, Таван толгойн ордоос БНХАУ-ын чиглэлд нарийн царигийн төмөр замыг яаралтай барих. Хөрөнгө оруулагчдад энэ замыг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлөөр барих нөхцөлийг санал болгох. Хоёр дахь зах зээлд гарахын тулд БНХАУ-ын нутгаар нүүрс тээвэрлэх нөхцөлийг хангах талаар урд хөршийн хөрөнгө оруулагчтай тохиролцох. Гуравдугаарт, Таван толгой ордоос Сайншандын чиглэлд өргөн царигийн төмөр зам барих нь зөв. Таван толгойн нүүрсийг, ялангуяа эрчим хүчний өндөр илчлэгтэй нүүрсийг нь нутгийн төв хэсгийн хэрэгцээнд ашиглах, гүнзгий боловсруулах төсөл хэрэгжүүлэхэд ашиглах шаардлага гарна. Дөрөвдүгээрт, Сайншандаас Дорнод чиглэлд төмөр зам барих нь эхний ээлжийн зорилт гэж үзэж хөрөнгө оруулагчдад гэрээ байгуулах нөхцөл болгож болохгүй.

-Яагаад?

-Ашиглагдах магадлалгүй, ашигласан ч үр ашигтай байх үндэслэл муутай энэ чиглэлийн олон зуун км төмөр зам барихыг эхний ээлжийн зорилго гэж шийдэж урагш тавих төмөр замыг бариулахгүй удаасан нь ноцтой алдаа болсон. ОХУ-ын нутгаар тээвэрлэж далайд гарна гэж ярьж байсан нь судалгаагүй том эндүүрэл байсан. ОХУ Якутын өмнөд хэсэгт байдаг Нюренгриний тэрбум тоннын нөөцтэй кокосжих нүүрсний ордынхоо ашиглалтыг нэмэгдүүлж байгаа боловч далайд хүргэх төмөр замын тээвэрлэлтийн нөхцөл хүндрэлтэй, өвөл хөлддөг далайн боомтын хүчин чадал асуудалтай зэрэг мэдээлэл байгааг бодох ухаарах хэрэгтэй.

Зарим эрхэм нөхдийн зүгээс Таван толгойн ордын ашиглалтад төр 51-ээс дээш хувиар оролцох ёстой гэсэн санал хэлж байгааг би буруу гэж боддог. Учир нь төрд тийм хэмжээгээр оролцох хөрөнгийн бололцоо байхгүй, төрд сайн менежменттэй төрийн өмчийн компани байхгүй. Харин үүний оронд хувийн өмчийн “Энержи ресурс“ компани болон төрийн өмчийн “Эрдэнэс Таван толгой” компани нэгдсэн консорциум байгуулаад Монголын талын хувь оролцоо 51 хувь байхаар шийдвэл зөв бөгөөд хэрэгжих боломжтой хувилбар байх болно.

-1072 хувьцаа амилах эсэх нь мөн л тодорхойгүй хүлээлт үүсгээд байна?

-Иргэдэд эзэмшүүлнэ гэж байгаа 1072 хувьцааны асуудал бол Монголын Засгийн газрын мэдэх зүйл. Хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарагдах асуудал биш байх. Хувьцаанд хуваарилж болох ногдол ашгийг ямар эх үүсвэрээс гаргах, тухайлбал Консорциумд оролцох “Эрдэнэс Таван толгой“ төрийн өмчийн компанид очих ногдол ашгаас гаргах уу эсвэл Таван толгой ордын ашиглалтаас Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, Ашгийн татвар болон Ногдол ашгийн нийлбэр дүнгээс гаргах уу гэдгийг Засгийн газар шийдэх нь зөв байх. Засгийн газар болон хөрөнгө оруулагч талуудын үүрэг хариуцлагын асуудлыг зөв шударга байлгахыг анхаарах ёстой.

-Стратегийн гэх ашигт малтмалын ордын ашиглал­тад төр оролцох нөхцөлийг хуульд заасан байдаг. Гэтэл зарим хүмүүс төр заавал их хувиар оролцох ёстой гэдэг л дээ…

-Өндөр үр ашигтай болох нь ТЭЗҮ-ээр баталгаажсан, их хөрөнгө оруулалт шаардах том төслийг Төр өөрөө 100 хувь санхүүжүүлж үр ашигтай хэрэгжүүлж чадаж байвал сайн. Гэтэл төрд хөрөнгийн боломж, төслийг үр ашигтай хэрэгжүүлэх туршлага, дэвшилтэй техник технологи дутагдах зэрэг бэрхшээл байдаг. Тиймээс гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг урьж, тэдэнтэй гэрээ байгуулж ордын ашиглалтын санхүүжүүлэлтийг эрсдэлтэй нь хариуцан хэрэгжүүлэхийг зөвшөөрдөг. Энэ бол дэлхийн бүх улсад, өндөр хөгжилтөй улсуудад ч байдаг зүйл.

Манай Ашигт малтмалын тухай хуульд Геологи хайгуулын ажлыг Засгийн газар санхүүжүүлсэн эсэхээс хамааруулж ордын ашиглалтад төр 51 хүртэл хувиар, эсвэл 34 хүртэл хувиар оролцож болно. Тэгэхдээ оролцооныхоо хэмжээнд тохирох санхүүжүүлэлтийг төр хийсэн байх ёстой гэсэн заалт байдаг. Энэ хуулийг би зөв гэж үздэг. Хуулиа гуйвуулалгүй хэрэгжүүлж байх ёстой. Зарим хүн ордын ашиглалтад төр 51-ээс доошгүй хувиар оролцох ёстой гэж ярьдаг. Ордын ашиглалтаас гарах ашгийг төр ахиухан авч байх санааг буруутгаж болохгүй. Харин тийм санал хэлдэг нөхөд оролцооныхоо санхүү­жүүлэлтийн эх үүсвэрийг бүрдүүлэх бодит бололцоо байгаа эсэх, хөрөнгө оруулагчтай тохиролцох боломж ямар байхыг бодолцох ёстой. Зарим ордын ашиглалтад төр хөрөнгө оруулж оролцох шаардлагагүй гэсэн шийдвэрийг УИХ гаргасан байхад ордоо үнэгүй өгчихлөө гэж ярих хүн дайралддаг. Ордыг үнэлээд худалдчих, эсвэл гэрээлэгч талд ордын ашиглалтын бүх санхүүжүүлэлт, эрсдлийг хариуцуулчихаад төр хууль ёсоор авах төлбөр татваруудаа бүрэн авч байх хувилбарын аль нь илүү зохимжтойг орд бүр дээр бодох хэрэгтэй.

-Татварын тогтворгүй орчин гэдэг зүйл яригдаад байгаа. Үүн дээр та ямар бодолтой байгаа вэ?

-Татвар төлбөрийн хуулиа тогтвортой байлгах, гэрээлэгч нарт ялгаваргүй хандаж байхад анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг алтны борлуулалтын орлогоос таван хувиар авдаг хуультай байсныг 2.5 хувь болгож бууруулсан. Зэсийн борлуулалтын орлогоос авдаг нөөц ашигласны төлбөрийг одоогийн хуулиар Эрдэнэтийн үйлдвэрээс 15 орчим хувиар авч байгаа бол Оюутолгойн үйлдвэрээс таван хувиар авч байхаар гэрээлсэн байгааг би буруу гэж боддог. Ард түмний, төрийн өмч гэж үздэг ашигт малтмалын ордыг ашигласны төлөө авдаг энэ төлбөрийг аль болох ахиу хэмжээгээр нь ялгаваргүй төлүүлдэг байх бодлого барьж ажилламаар байгаа юм.

Гадаадын хөрөнгө оруулагч нар бол татварын дараах ашгаа аваад явна. Харин үндэсний хөрөнгө оруулагч нар бол татварын дараах ашгаа Монголдоо үлдээж шинэ хөрөнгө оруулалтад ашиглана. Тийм учраас томоохон төсөл хариуцаж хэрэгжүүлэх санаачилга гаргасан үндэсний хөрөнгө оруулагч компанид төслөө амжилттай хэрэгжүүлэхэд нь төрийн зүгээс бүх талын дэмжлэг үзүүлдэг баймаар. Үндэсний компанид дэмжлэг үзүүлэх асуудлыг “авлига авсан байж таарна гэсэн яриа гарахаас” болгоомжлоод шийдэхгүй байх, баялаг бүтээгчдээ дэмжицгээх хөдөлгөөн өрнөж байхад тэр баяжих нь гэж муугаар атаархаж байх хэрэггүй.

Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ улс-төр

Ирц бүрдээгүй байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал
өнөөдөр 08.30 цаг эхлэх ёстой байсан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар
эхлээгүй байна. Одоогоор тус байнгын хорооны 19 гишүүнээс зургаан гишүүн
буюу УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ш.Түвдэндорж, З.Баянсэлэнгэ, Х.Тэмүүжин,
Ц.Оюунгэрэл, С.Эрдэнэ зэрэг гишүүд ирц бүрдэхийг хүлээж сууна.

уль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хууль болон
холбогдох бусад хуулийн төслүүд, Зөрчлийн тухай болон холбогдох бусад
хуулийн төслүүд, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиудын
эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.

Categories
мэдээ улс-төр

Монгол судлалын талаар ярилцжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин,
Монгол судлалын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Заяабаатар,
Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга,
академич Д.Төмөртогоо, Олон улсын Монгол судлалын холбооны хүндэт
гишүүн, академич Ш.Бира нарыг хүлээн авч уулзан, Монгол судлалын
асуудлаар ярилцлаа. Уулзалтад Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, ний гмийн бодлогын зөвлөх Р.Болд байлцав.

Уулзалтын эхэнд ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин хэлэхдээ “Монгол
судлалын салбарын өнөөгийн байдал өмнөхөө бодоход танигдахын аргагүй
хөгжсөн байна. Энэ салбарыг хөгжүүлэх тал дээр өнөөдөр олон чухал арга
хэмжээг санаачлан хэрэгжүүлж байгаа. Өнөөдөр дэлхий дахины 48 төвд
Монгол судлалыг эрчимтэй хөгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн
гадаадын улс оронд хийсэн айлчлалын үеэр Монгол судлалын салбарыг
хөгжүүлэх тал дээр хэлэлцэж тохирсон олон ажлыг хэрэгжүүлэх чиглэлээр
бид чамгүй зүйлийг хийсэн. Сүүлийн үед Монгол судлалын салбар залуужиж
байгаа бөгөөд цаашид гадаад, дотоодын монголч эрдэмтдийг дэмжих ажлыг
улам бүр эрчимжүүлэх хэрэгтэй байна” хэмээв.

Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга,
академич Д.Төмөртогоо хэлэхдээ “Төр засгаас сүүлийн үед Монгол судлалыг
эрчимтэй дэмжсэний ачаар энэ салбар эрчимтэй сэргэж байна. Тухайлбал
Монгол судлалын үндэсний хөтөлбөрийг гаргаж, Монгол судлалын Үндэсний
зөвлөл, Монгол судлалыг дэмжих санг тус тус байгуулсан гэх мэт олон
ажлыг дурдаж болно.

Олон улсын Монгол судлалын холбооны 11 дүгээр ээлжит хурал ирэх 2016
онд Улаанбаатар хотноо зохиогдоно. Ерөнхийлөгчийн ивээл дор болох энэхүү
арга хэмжээг таван жилд нэг удаа зохион байгуулдаг. Ирэх оны наймдугаар
сард уг хурлыг зохион байгуулахаар бид төлөвлөн гадаадын Монгол
судлалын төвүүдтэй холбогдон ажиллаж байна.

Гэвч хурлыг зохион байгуулахад шаардагдах төсөв мөнгөний асуудал
хүндрэлтэй байна. Энэхүү хурал нь Монгол Улсын нэр хүндийг өсгөх,
гадаадад сурталчлахад чухал нөлөөтэй арга хэмжээ юм. Энэ чухал арга
хэмжээг зохион байгуулахад хэрэгтэй хөрөнгийг шийдэх асуудалд төр
засгаас анхаарлаа хандуулан шийдэж өгнө гэж найдаж байна” хэмээв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол судлалын салбар болон Монгол судлалыг
хөгжүүлэх зорилго бүхий байгууллага, сангийн бүтэц үйл ажиллагааг
сайжруулах санал боловсруулах нь зүйтэйг дурдав. Дэлхийн Монгол судлалын
томоохон төвийг Улаанбаатар хотноо байгуулах, энэ чиглэлээр гадаадын
улс орны туршлага судлах тал дээр ажиллах хэрэгтэйг онцоллоо. Монгол
судлалын салбарыг санхүүжүүлэх хандивын сан байгуулах, санхүүжилтийн
бусад эх үүсвэрийг олох арга замыг хайх, энэхүү сангийн хөрөнгийг албан
татвараас чөлөөлөх боломжийг судлах хэрэгтэйг мөн дурдлаа.

Ирэх 2016 онд болох Олон улсын Монгол судлалын холбооны 11 дүгээр
ээлжит хурлын зохион байгуулалтын ажилд анхаарлаа хандуулахыг
Ерөнхийлөгч даалгав. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах
хөрөнгө мөнгийг ирэх оны улсын төсөвт оруулах саналаа илгээж
шийдүүлэхийг санууллаа.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулна

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан
орлогч Н.Батаа “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/585 дугаар захирамж
гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан
хангамжийг сайжруулах зураг төсөв боловсруулах ажлын гүйцэтгэгчийг
сонгон шалгаруулах Үнэлгээний хороо, захирамжийн Налайхын барилгын
материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамжийн зураг
төслийг боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний
хороог тус тус байгууллаа.

Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох
хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулан ажиллахыг Нийслэлийн Засаг
даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Худалдан
авах ажиллагааны газрын Хуулийн хэлтэст тус тус үүрэг болгов.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавин, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг
даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны
газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

А.Алиевийн нэрэмжит тэмцээн болжээ

ОХУ-ын Дагестан улсын Каспийск хотод дэлхийн 5 удаагийн аварга
А.Алиевийн нэрэмжит 46 дахь удаагийн олон улсын уламжлалт тэмцээн
А.Алиевийн нэрэмжит Спортын ордонд болж өнгөрлөө. Тус тэмцээнд ОХУ-ын
бүрэлдэхүүний улсууд, Азербайжана, Беларусь, Гүрж, Казахстан, Латви,
Польш, Серб, Тажик, Узбек, Украин, Унгар зэрэг орнуудын 171 бөх
оролцжээ.

Жин тус бүрт түрүүлсэн бөхчүүдэд 5, хоёрдугаар байр эзлэсэн бөхчүүдэд
3, хүрэл медаль авсан бөхчүүдэд 1, түрүүлсэн бөхийн дасгалжуулагч нарт
тус бүр 1 мянган ам.долларын шагнал олгосон байна.

ДБНХ-ны Швейцар улсын Лозанн хот дахь төв байр нь байрладаг эртний
Корзте-сюр-Вевье шилтгээний гаднах цэцэрлэгт хүрээлэн дотор 2011 оны
зургаадугаар сард зөвлөлтийн нэрт бөх А.Алиевт зориулсан хөшөө босгосон
нь уг цэцэрлэгт хүрээлэн дотор барьсан анхны хөшөө болж байжээ.

57 кг

1. Исмаил Мусукаев (Дагестан)
2. Рустам Караханов (Москва)
3. Рамазан Ферзалиев (Дагестан)
3. Артас Санаа (Казахстан)


61 кг

1. Ахмед Чакаев (Дагестан)
2. Магомед Магомедов (Дагестан)
3. Рустам Абдурашидов (Дагестан)
3. Муршид Муталимов (Дагестан)


65 кг

1. Жошкун Азимов (Азербайджана)
2. Алибеггаджи Эмеев (Дагестан)
3. Магомед Курбаналиев (Дагестан)
3. Гажимурад Абакаров (Дагестан)

70 кг

1. Магомедхабиб Кадимагомедов (Дагестан)
2. Хабиб Магомедов (Дагестан)
3. Магомед Хизриев (Умард Осет)
3. Камал Маликов (Дагестан)

74 кг

1. Ахмед Гажимагомедов (Дагестан)
2. Якоб Макарашвили (Гүрж).
3. Кахабер Хубежты (Умард-Осет)
3. Жигер Закиров (Казахстан)

86 кг

1. Шамиль Кудиямагомедов (Дагестан)
2. Даурен Куруглиев (Дагестан)
3. Збигнев Борановский (Польш)
3. Адлет Даулумбаев (Казахстан)

97 кг.

1. Радослав Баран (Польш)
2. Магомед Мусаев (Киргиз)
3. Юрий Белоновский (Красноярск)
3. Магомедгаджи Нуров (Македони)

125 кг

1. Биляль Махов (Дагестан, дэлхийн 3 удаагийн аварга)
2. Мурадин Кушхов (Дагестан, европийн аварга)
3. Георгий Саканделизе (Гүрж)
3. Давид Модзманашвили (Гүрж, олимпийн мөнгөн медальт)\

Categories
мэдээ нийгэм

Бөхийн холбоо зүүний магнайд хэнийг гаргахаа шийджээ

Үндэсний баяр наадмын хүчин бөхийн барилдааны зүүний магнайд Дархан
аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат хоёрын хэн гарах нь маргаан дагуулсан
асуудал болоод буй. Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо энэ
асуудлыг хариуцсан холбоо нь шийдвэрлэх ёстой хэмээн орхисон. Тэгвэл
Үндэсний бөхийн холбоо хоёр аваргын хэн нь зүүнийг магнайлахыг шийдсэн
аж. Уг шийдлээ энэ сарын 8-ны өдрийн 11.00 цагт хэвлэлийн бага хурал
хийж задлах гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлчид эрэлхэг дайчдынхаа хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Жиньпин өнгөрсөн онд манай улсад төрийн өндөр дээд хэмжээний айлчлалыг хийсэн билээ. Энэхүү айлчлалын үеэр Си Жиньпин Монголын 250 сэтгүүлчийг өөрийн улсад айлчлуулж, хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хооронд туршлага солилцуулахаар болсон. Энэ дагуу Монголын 50 сэтгүүлч өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын нийслэл Бээжин, Нанжинь, Жан Бэй зэрэг хотуудад ажлаад иржээ. Тэдний айлчлал Чөлөөлөх дайнд монголчуудын оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлахад оршиж байгаа юм. Монголын сэтгүүлчид Монгол-Зөвлөлтийн холбоот цэргийн дурсгалын суваргад цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн байна. Энэхүү дурсгалт самбар, бунхант цэцэрлэг Хэбэй мужийн Жан Бэй хотын (Бээжингээс 250 километр) Жанчхүүгийн аваанд орших юм. Тус суваргыг Японы эзлэн түргэмийллийн эсрэг дайнд байлдаж яваад амь үрэгдсэн Монгол, Оросын эрэлхэг цэргүүдийн гэгээн дурсгалд зориулж байгуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Дархан аварга А.Сүхбат мэдээлэл хийнэ

10:00 цагт НМХГ-ын
хурлын танхимд даргын зөвлөлийн хурлаар саун, бассейн, халуун усны
газруудад хийсэн төлөвлөгөөт шалгалтын дүнгийн тухай, ахуйн хог
хаягдлын тээврийн үйлчилгээ эрхэлж буй ААНБ-ын үйл ажиллагаанд хийсэн
шалгалтын талаар нээлттэй хэлэлцэнэ. Харилцах утас: 91887887

11:00 цагт Онцгой
байдлын ерөнхий газарт Дэлхийн Хүн Амын өдрийг Монгол Улсад тэмдэглэх
гэж буйтай холбогдуулан НҮБ-ын Хүн Амын Сан, ҮСХ, ОБЕГ хамтран
хэвлэлийн бага хурал зохион байгуулж байна.
Утас 99023258, 99013872 Онцгой байдлын ерөнхий газарт Дэлхийн Хүн Амын
өдрийг Монгол Улсад тэмдэглэх гэж буйтай холбогдуулан НҮБ-ын Хүн Амын
Сан, ҮСХ, ОБЕГ хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулж байна.
Утас 99023258, 99013872


11:00 цагт Хэвлэлийн
Хүрээлэнд: Монголчуудын татвар зээлийн мөнгөөр гадаадын аж үйлдвэрийн
салбарыг дэмждэг дарга нарын булхайтай үйлдлийн талаар зарим холбоод,
ХХК-ууд мэдээлэл хийнэ.


11:00 цагт Зууны мэдээ
сонины Үндэсний мэдээллийн төвд “Эрүүл элэг” үндэсний арга хэмжээний
өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөлөөс хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарч
байгаа гажуудлын талаар мэдээлэл хийнэ.


11.00 цагт Хуульчдын
танхимд /Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 3-р давхарт/ 2015 оны
Хуульчийн мэргэжлийн шалгалтын тов зарласантай холбогдуулан хэвлэлийн
бага хурлыг зохион байгуулна. Тус хэвлэлийн бага хурлаар Хуульчийн
мэргэжлийн шалгалтын журам, бүртгэл, шалгалтын товын талаар мэдээлэл
өгөхөөс гадна сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгнө.
Утас:9900-2019


12:30 цагт Зууны мэдээ
сонины Үндэсний мэдээллийн төвд Налайхад амиа алдсан иргэний ар
гэрийнхэн цагдаагийн байгууллагын албан хаагчдын зохион байгуулалттай
гэмт хэргийн талаар мэдээлнэ.


14:00 цагт Зууны мэдээ
сонины Үндэсний мэдээллийн төвд Дархан аварга А.Сүхбат, бөх судлаач
Н.Зоригтбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сараас усны үнэ нэмэгдэнэ

Ирэх сараас Өмнөговь аймгийн Даланзадгад суманд усны үнийг нэмэхээр болжээ.

Тодруулбал, тус аймгийн “Гүний-Ус”
компани Даланзадгад хотын хүн амыг ундны цэвэр усаар хангах, бохир усыг
татан зайлуулах үйл ажиллагааг эрхэлдэг юм байна. Тэгвэл саяхан тус
компаний удирдах зөвлөлийн гишүүдийн хуралдаанаар энэ 7-аар сарын
нэгнээс усны үнийг нэмэх шийдвэр гаргажээ.

Усны үнэ 16,7-80 хувиар нэмэгдэх бөгөөд
гэр хорооллын айл өрхүүд 1 литр усыг 1 төгрөгөөр худалдан авдаг байсан
бол 2 төгрөгөөр худалдан авах аж.

Усны үнэ нэмэгдэх болсон шалтгааныг тайлбарлахдаа дэлгүүрийн лангуун
дээр борлуулагдаж буй 0,33 литрийн савлагаатай усыг иргэд 350 төгрөгөөр
худалдан авдаг бол ус түгээх цэг буюу крантаар иргэдэд очиж байгаа ус 1
литр нь нэг төгрөгөөр худалдаалагдаж байгаа нь усны үнэ цэнэ алдагдах
нөхцөл болж, иргэд усыг хямдхан учраас хайр гамгүй хэрэглэж байна хэмээн
үзжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрүүгийн хуулиас гүтгэх заалтыг хассан нь сэтгүүлчдийн олон жилийн мөрөөдөл байлаа

Их хурлын чуулганаар саяхан Эрүүгийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонхийн дэмжлэгийг хүлээсэн. Уг хуулийн төсөл дэмжигдсэнээр Эрүүгийн хуулиас гүтгэх, доромжлох гэсэн заалтууд хасагдаж Зөрчлийн тухай хуулинд тусгагдахаар болж байна. Тухайн хуулийн төслийн санаачлагч, ажлын хэсгийн ахлагч нь Х.Тэмүүжин гишүүн. Тэрээр “Эрүүгийн хуулийн хамгийн гол зүйл нь доромжлох болон гүтгэх гэмт хэргийг алга болгосонд байгаа. Үндсэндээ доромжлох, гүтгэх, танхайрах гэсэн гурван төрлийн социалист гэмт хэргийг алга болгож чадлаа. Доромжлох гэдэг бол хувь хүнээс ирсэн гомдол байдаг тул иргэний журмаараа шийднэ. Гүтгэхтэй холбоотой асуудлыг гурав хувааж байна. Ердийн гүтгэх нь Зөрчлийн хуулиараа шийдэгдээд явна. Судалгаанаас харахад ердийн гүтгэхийн дийлэнх нь сэтгүүлчид рүү, эсвэл хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах хэрэгсэл болдог юм байна” гэж “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа хэлсэн.

Сэтгүүлч бусдыг гүтгэсэн бол Эрүүгийн хуулиар таван жилийн хугацаатай хорих ялаар шийтгэх хуулийн хатуу заалттай байв. Үүнийг Зөрчлийн тухай хуулинд оруулж өгснөөр ардчилсан, эрх чөлөөт оронд сэтгүүлчээ цагдан хорьдог харгис заалт үгүй болж, Зөрчлийн тухай хуулиар хоёр сая хүртэлх төгрөгийн мөнгөн торгууль хүлээхээр болсон. Ийнхүү Монголын чөлөөт ардчилсан сэтгүүл зүй болоод сэтгүүлчдийн олон жилийн хүлээлт, мөрөөдөл жинхэнэ утгаараа биеллээ оллоо. Ардчилал, хүний эрхийг дээдэлдэг оронд ардчиллын амин сүнс болсон хэвлэл мэдээллийг боомилох, сэтгүүлчдийг цагдан хорьдог асуудлыг энэ удаагийн парламент шийдэж чадлаа. Энэ бол Их хурлын дарга З.Энхболдын сэтгүүлчдэд барьсан үнэт бэлэг байв.

Эрүүгийн хуулиас гүтгэх гэсэн заалтыг хасч, сэтгүүлчдэд бэлэг барина гэх нэрийн дор сүүлийн хэдэн жил мөн ч их улс төрийн шоу явсан. Эрх баригчид зүгээр шоу хийгээд зогсохгүй Монголын сэтгүүл зүйг сүйдэлж, сөхрүүлчихээ алдсан. Сэтгүүл зүйн гал голомт болох хэвлэлийн редакци руу эрээ цээргүйгээр дайрсан, улмаар редакцийг устгах санаа агуулсан хуулиуд ээлж дараалан яригддаг байлаа.

Тухайлбал, хэвлэл мэдээллийн байгууллагын эзэн редакцидаа орох эрхгүй, төлбөртэй мэдээ, материал нийтэлж болохгүй, эфирийн цаг, сонины зай талбайн тодорхой хувийг төрийн соён гэгээрүүлэх ажилд үнэ төлбөргүй зарцуулна, хөрөнгө оруулагч, өмчлөгч эзнийг нээлттэй зарлаж, нэг хөрөнгө оруулагч болон нэгдмэл сонирхолтой этгээдийн оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад хяналт тогтоох боломж бүрдүүлэхгүй гэсэн харгис заалтууд байв.

Энэ бүхэн цаанаа хэвлэлийн эздийг болоод хөрөнгө оруулагчдыг баалсан, хэвлэл мэдээллийн байгууллагад хөрөнгө оруулах нь байж боломгүй муухай зүйл, гэмт хэрэг мэтээр нийгэмд ойлгуулах гэсэн хуулийн төслүүд байсан нь илэрхий.

За тэгээд хэвлэл мэдээллийн байгууллага толгойлж буй эрхэм Их хуралд нэр дэвших эрхгүй, хөрөнгө оруулагч тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад гуравны нэгээс илүү хувь эзэмшиж болохгүй, эсрэг санаа бодолтой хүмүүс редакцид нь гуравны нэгийг нь эзэмшинэ гэх чөлөөт хэвлэлийг устгах, амыг нь барих гэсэн бодлого явагдаж байсан.

Хэвлэл мэдээллийн чиглэлийн хуулиас гадна огт өөр төрлийн хуулинд ч хэвлэлийг эдийн засгийн хувьд элгээр нь хэвтүүлэх гэсэн санаа агуулагдаж байсан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд хэвлэлийнхэн үнэ төлбөргүй мэдээ мэдээлэл бэлтгэх заалт оруулсан бол Захиргааны ерөнхий хуулийн төсөлд ч хууль зөрчсөн даргын уучлалыг хэвлэл үнэ төлбөргүй тавина гэсэн заалтыг тусгасан байдаг. Ардчиллын амин судас болсон хэвлэлийг заазуурдсан заалтуудын өнгөлөн далдалтад эрх баригчид ердөө “Сэтгүүлч та нарыг гүтгэхээс чөлөөлнө” гэх ганцхан зүйл хэлдэг байсан. Ингэж Эрүүгийн хуулиас гүтгэх гэсэн заалтыг авахын төлөөсөнд хэвлэл мэдээллийг устгаж болох бүхнийг нэхдэг байсан. Одоо харин хэвлэлийн редакцийг устгах заалт бүхий хууль санаачлах, тэр тухай бодох шаардлагагүй болжээ. Эрүүгийн хуулиас гүтгэх гэсэн заалтыг авч Зөрчлийн хуулинд оруулчихлаа.

Тэгэхээр Монголын төр засаг сэтгүүл зүйн салбарт Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, дээр нь Э.Бат-Үүл баатрын санаачилж, 1998 онд батлуулсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг чандлан мөрдөх хэрэгтэй байна. Эрх баригчид сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэлтэй холбоотой өөр хууль санаачлах юм бол Үүл баатарын Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг зөрччих гээд байгаа юм. Чөлөөт хэвлэлийн Библи судар болсон, Монгол Улсын хоёр дахь Үндсэн хууль гэгддэг дөрөвхөн заалт бүхий хуулийн хоёрдугаар зүйлд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно” гээд тодорхой заачихсан байдаг.

Мөн уг хуулийн гуравдугаар зүйлийн “Мэдээлэлд хяналт тавихыг хориглох” хэсгийн 3.1-т “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт (цензур) тогтоохгүй”, 3.2-т “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй”, дөрөвдүгээр зүйлд “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” хэмээн чөлөөт хэвлэлийн үндсэн мөн чанарыг утга агуулгыг бүрэн тодорхойлсон. Тиймээс Монолын хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрийн гэсэн хуульгүйдээ эрх баригчдын хараанд өртөөд байгаа юм биш л дээ. Бат-Үүл баатрын хуулийг, дээрээс нь З.Энхболд даргын сэтгүүлчдэд бэлэг болгон барьсан Эрүүгийн болоод Зөрчлийн тухай хууль байхад хангалттай.

Бусад эрх зүйн зохицуулал­тыг мэргэжлийнх нь байгуул­лага болох Монголын сэтгүүл зүйн ёс зүйн зөвлөл шийдэх нь зүйд нийцнэ. Ёс зүйн зөвлөл нь хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн нэр хүнд, сэтгүүлчийн эрх ашгийг хамгаалах, чөлөөт, хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэх зорилгоор байгуулагдсан хэвлэмэл болон онлайн болон өргөн нэвтрүүлгийн салбарын зохицуулалтын байгууллага юм. Дотоод чиг үүргийн ийм зөвлөл байхад заавал хэн нэгэн албан тушаалтнаар чөлөөт хэвлэлийг боомилсон хууль санаачлуулж, Их хурлаар оруулах шаардлага байхгүй.