Categories
мэдээ нийгэм

”Да хүрээ” зах маргаашнаас ажиллахгүй

Баяр наадмын үеэр нийслэлийн харьяа байгууллагууд болон томоохон зах худалдааны төвийн ажиллах цагийн хуваарь батлагджээ.

Тухайлбал, “Нарантуул” худалдааны төв
энэ сарын 11-ээс эхлэн долоо хоног амраад ирэх 18-ны өдрөөс эхлэн ердийн
цагийн хуваарийн дагуу ажиллах аж.

“Да хүрээ” техникийн зах энэ сарын 8 буюу маргаашнаас эхлэн амраад энэ сарын 16-нд ажилдаа орох юм байна.

Харин “Хүчит шонхор” худалдааны төв энэ сарын 11-16-ны өдөр амарна.

Баярын өдрүүдэд Шуурхай ажиллагааны алба 24
цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ,
цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг үйлчилгээний талаар
гомдол саналыг хүлээн авч барагдуулна.

Ирэх 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх
хүрээлэн орох наадамчдад зориулж “Мишээл” экспо болон “Дүнжингарав”
төврүү автобус үйлчлэхээр болжээ. “Мишээл” экспо болон “Дүнжингарав”
худалдааны төвөөс Төв цэнгэлдэх хүрээлэнрүү гурван минут тутамд автобус
хөдлөх бол рейлбусны зорчигчдыг “Урбанек”-ийн зогсоолоос Төв
цэнгэлдэхрүү хүргэх таван автобус дөрвөн минут тутамд, Хүй долоон худагт
рейлбусны зогсоолоос Морь барианы газар хүртэл таван автобус дөрвөн
минут тутамд тус тус богино эргэлтээр үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчид Элчин сайд нар ИЖБ барив

Монгол Улсын Ерөнхийлөгчид Шинэ Зеланд, Эквадор, Сингапур, Польш улсын Элчин сайд нар ИЖБ барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Шинэ Зеланд улсаас
Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Маккинон, Бүгд
Найрамдах Эквадор улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин
сайд Хосе Мариа Борха Лопэс, Бүгд Найрамдах Сингапур улсаас Монгол Улсад
суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийп Ве Киат, Бүгд Найрамдах Польш
улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михайл Рафал
Лабенда нар Итгэмжлэх жуух бичгээ барилаа.

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
шинээр томилогдон ирсэн Элчин сайд нартай ганцаарчлан уулзав.

Шинэ Зеланд улсаас Монгол Улсад суух Элчин сайд Жон Маккинонтой уулзах
үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ ажилд нь амжилт хүсэн
ерөөж хоёр талын найрсаг харилцаа дипломат харилцаа тогтоосноос хойших
40 жилийн хугацаанд тал бүрээр хөгжиж ирснийг тэмдэглэв. Мөн өнгөрсөн
жил хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын хооронд болсон зөвлөлдөх
уулзалтын үр дүнд Монгол Улс, Шинэ Зеландын хооронд цаашид найрсаг
харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх байнгын яриа хэлэлцээг хөгжүүлэх
сайн хөрс суурь бүрдсэнийг дурдлаа.

Бүгд Найрамдах Эквадор улсаас Монгол Улсад суух Элчин сайд Хосе Мариа
Борха Лопэстай уулзах үеэрээ Монгол Улс нь Латин Америк, Карибийн
орнуудтай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд ач холбогдол өгч
байдгийг дурдаад өнгөрсөн жил Бразилийн нийслэлд Элчин сайдын яамаа
нээсэн нь үүний нэг жишээ болохыг хэлж байв. Мөн хоёр орны хооронд
худалдааны харилцаа өргөжиж байгаа юм байна.

Бүгд Найрамдах Сингапур улсын Элчин сайд Ийп Ве Киаттай уулзах үеэр энэ
жил хоёр талын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож
буйг тэмдэглээд 2013 онд Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд Сингапурт
амжилттай айлчилснаа дурдлаа. Хоёр талын хооронд худалдаа, эдийн засгийн
харилцаа өргөжин хөгжиж, өндөр дээд хэмжээний айлчлал болон яриа
хэлэлцээнүүд тогтмолжиж ирснийг мөн тэмдэглэв.

Бүгд Найрамдах Польш улсын Элчин сайд Михайл Рафал Лабендатай хийсэн
уулзалтын үеэр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн
ой энэ онд тохиож буйг дурдаж, мөн энэ долдугаар сарын 29-30-нд
тэмдэглэх Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль явуулсны 25
жилийн ойгоор Польшийн талаас тус улсын ардчилсан хувьсгалын лидер Лех
Валенса нарын зэрэг хүмүүсийг уриад байгааг дурдав.

Categories
мэдээ нийгэм

А.Сүхбат: Би барилдана. Зүүний магнайд гарна

Үндэсний их баяр наадмын 94 жилийн ойн бөхийн барилдаанд Дархан аварга
А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүний магнайг магнайлах вэ гэх
асуудал нийгэмд талцал маргаан үүсгээд байгаа. Баяр наадмыг зохион
байгуулах комиссоос дээрх бөхчүүдийг амжилтынх нь эрэмбээр ангилна
хэмээн мэдэгдсэн.

Энэ асуудалд Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат тайлбар өгөхөөр дөнгөж
сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “Дархан аваргуудыг
эрэмбэлдэггүй. Хэн түрүүлж энэ цолонд хүрсэн нь зүүний магнайд гардаг.
Миний хувьд 2004 онд дархан аварга цолны болзол хангасан. Харин
Г.Өсөхбаяр 2009 онд энэ болзлыг хангасан байдаг. Тэр утгаараа Монгол
Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн жилийн баяр наадмын өмнө бид хоёр дархан
аварга цол өгч, үнэмлэх гардуулахдаа 08 тоот үнэмлэхийг надад өгсөн.
Өөрөөр хэлбэл, дархан аварга цолыг би Г.Өсөхбаярын өмнө хүртсэн.
Гаргасан амжилтаараа ч би зүүний магнайд гарах ёстой. Эрэмбэндээ багтаж
амьдрах ёстой” гэв.

Categories
энтертаймент-ертөнц

Э.Ганболор “Шинэ дэлхий” телевизийн захирал боллоо

“Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор хэвлэл мэдээллийн салбарт хөл тавьлаа.

Тодруулбал, тэрээр “Шинэ дэлхий” телевизийн гүйцэтгэх захирлаар ажиллах болжээ.

Энэ тухайгаа дуучин бүсгүй “Би шинэ ажлаа аваад удаагүй. Өөрийнхөө
хэмжээнд дахин нэг урлагийн салбар руу шилжиж орсон. Миний хувьд
дуулахын хажуугаар ток шоуны хөтлөхийг битүүхэндээ мөрөөддөг байсан.
Хэзээ нэгэн цагт өөрийн гэсэн ток шоутай болно гэж битүүхэндээ бодсоор
ирсэн. Энэ мөрөөдөл минь 2015 онд биелэх гэж байна. Он гарсаар
телевизийн салбарын найз нөхөд, хамтран ажиллагсдаас багагүй санал
ирсэн” хэмээжээ.

Ямартаа ч, сүүлийн жил гаруйн хугацаанд
нам гүмхэн байх болсон. Хамтлагийн гишүүд тус тусын амьдралдаа анхаарч,
Ц.Сарнай хоёр дахь хүүхдээ төрүүлсэн билээ.

Г.Сүндэрээгийн хувьд 10 гаруй жил фитнесээр явж биеэ хөгжүүлсэн туршлага дээрээ үндэслээд нэвтрүүлэг бэлдэж эхэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Урианхай, буриад сур харваа эхэллээ

Яармагийн морь барианы газарт өчигдөр бөмбөг намнах харваа боллоо.

Тус
харваанд өнгөрсөн жил МУ-ын гарамгай мэргэн Хүдэрчулуун тэргүүлж байсан
бол, энэ жил залуу шинэ харваачид их байна. Бөмбөг намнах харваанд хашир туршлагатай харваачид их оролцсон ч салхи ихтэй байсан нь харваачдын суманд ихээр нөлөөллөө.

Харин өнөөдрөөс Үндэсний их баяр наадмын
харваа урианхай, буриад сурын харваагаар эхлэж байна. Баяр наадмын
харваа энэ сарын 10-ны өдөр албан ёсоор эхэлнэ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч намуудын болон бүлгийн дарга нартай уулзана

Сүүлийн хэдэн өдөр улс төрийн амьдрал ид
буцалж байна. Улс төрийн намууд нь шуудайд хийсэн үхрийн эвэр мэт хэдэн тийшээ
хараад суучихсан. Улсын ажил урагшлах гэхээсээ илүүтэйгээр гацаанд орчихоод
байгаа. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 15.30 цагт УИХ дахь
нам эвслийн бүлгийн дарга нар болон улс төрийн намуудын дарга нарын хүлээн авч
уулзахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Увснуур галын барилдаанд харцага Ө.Бат-Орших түрүүлжээ

Төв
аймгийн Эрдэнэ сумын нутаг “Харзтай”-д наадмынхаа бэлтгэлийг базаасан
Увс аймгийн Увснуур галын бөхчүүдийн барилдаан өнгөрсөн амралтын өдөр
болжээ.

Уг барилдаанд Увс аймгийн Улаангом сумын харьяати улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат үзүүрлэжээ.

Барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын
арслан Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын заан Д.Бумбаяр, улсын харцага
Ө.Бат-Орших, А.Бямбажав, улсын начин С.Батсуурь, Т.Баасанхүү, аймгийн
хурц арслан Н.Жаргалбаяр, О.Гантулга, аймгийн арслан Н.Ганзориг,
аймгийн заан Л.Цээсүрэн, аймгийн харцага Ц.Мөнхбаяр, Д.Тогтохжаргал,
аймгийн начин Э.Элбэгбаяр нарын улс аймгийн алдар цолтой 64 бөх
зодоглосон байна.

Увс аймгийн бөхийн галыг Улсын гарьд Б.Гантогтох ахлаж, бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

”Залуусын наадам” Моби толгой дээр болно

Монголын Залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Залуусын наадам” энэ сарын 11-ний 13 цагт Моби толгой дээр болох аж.

Энэхүү
наадамд урлаг соёл, спортын алдартнууд, монголын фээсбүүкчид, твитерчид
гээд олон залуус цуглаж, наадмаа өргөн дэлгэр тэмдэглэдэг бөгөөд энэ нь
ч залуус бүхний хүсэн хүлээдэг сонирхолтой арга хэмжээний нэг болоод
байгаа юм.

Энэ жилийн наадамд алдартай хамтлаг дуучид аяны дугараа өргөхөөс гадна амьд хөгжмийн хамтлаг дуучид ая дуугаа түлхүү өргөх гэнэ. Ая
дуугаа өргөх хүсэлтэй залууст ч боломж нээлттэй байгаа ба уг наадамд
оролцох хамтлаг дуучдыг энэ сарын 08-ныг дуустал бүртгэх аж.

Categories
мэдээ нийгэм

XIII зууны үеийн Монголчуудын хөлөг онгоцыг илрүүлжээ

Археологчид Япон улсын баруун хойд захад
орших Нагасаки мужийн эргийн ойролцоо байх Такашима арлын орчмоос он
цагийн хувьд XIII зууны үед хамаарах хөлөг онгоцны үлдэгдэл олжээ.
Олдсон хөлөг онгоцны үлдэгдлийг Рюкю их сургуулийн судлаачид Хубилай
хааны зарлигаар бүтээсэн хоёр дахь хөлөг онгоц байж магадгүй хэмээн
тайлбарлаж байгаа юм байна.

Тус тууринаас зөвхөн хөлөг онгоцноос
гадна керамик дурсгалууд олдсон бөгөөд хөлөг онгоны тухайд сүйрлээс
үлдсэн хэсэг нь 12 метр урт, 3 метрийн өргөнтэй. Гэвч судлаачид онгоц
сүйрээгүй байх үедээ жинхэнэ хэмжээ нь 20х7 метрийн урттай байсан хэмээн
таамаглаж байгаа аж.

Хөлөг онгоцыг Хубилай хааны онгоц хэмээн үзэж байгаа шалтгаан нь
түүхэндээ Монголчууд XIII зууны үед Япон улс руу хэд хэдэн удаа
байлдааны хөлөг онгоц илгээн эзэлж авахыг оролдож байсан ч далайн
шуурганд өртөн живж байсан тухай мэдээллүүд байдаг. Өмнө нь 2011 онд
Хубилай хааны эхний онгоцны үлдэгдлийг археологичид олж байсан аж.
Түүхэн сурвалжуудад Хубилай хаан нийт 4000 орчим байлдааны хөлөг онгоцыг
Япон руу илгээж байсан гэдэг.

Археологчдын олсон энэ олдворыг Японы эрдэмтэд тун олзуурхан хүлээн авч
байгаа бөгөөд тухайн үеийн Монголчуудын хөлөг онгоц зохион бүтээх арга
технологийг судлах ховорхон тохиол хэмээн онцлон тэмдэглэжээ.

Categories
мэдээ нийгэм

Бөхчүүд гутландаа “хадаас”-тай барилдах уу

Төв цэнгэлдэх хүрээлэн олон улсын стандартын шаардлагад нийцсэн хөл
бөмбөгийн ногоон талбайг 1,2 тэрбум төгрөгөөр хийсэн билээ. Энэ нь
бөхчүүд төдийгүй бөх сонирхогчдын таалалд нийцэхгүй байгаа юм. Учир нь
энэ жилийн баяр, наадмын бөхийн барилдаанд барилдах бөхчүүд хиймэл
зүлгэн дээр барилдахаар болж буй. Ингэхдээ халтирах, унаж бэртэх зэрэг
асуудал үүсэх вий гэдгээс болгоомжилж байгаа аж. Түүнчлэн бөхчүүд мэхэнд
биш халтирч унах магадлал өндөртэй байгаа тул монгол гутландаа хадаас
хийж барилдах санааг ч дэвшүүлжээ. Харин албаны хүмүүс хиймэл зүлэг нь
борооны усыг шингэж авах чадвартай, халтирахгүй гэдгийг хэлж байгаа юм.
Учир мэдэх улсын цолтой зарим бөхчүүд ч Төв цэнгэлдэхийн хиймэл зүлгийг
очиж үзээд боломжийн гэсэн дүн өгсөн аж. Ямартай ч наадам эхлэхэд хэдхэн
хоног үлдсэн учир бөхчүүд маань бэлтгэлээсээ буугаад хадаасны эрэлд
гарцгаах вий.