Хууль зүйн сайдын тушаалаар хуульчийн мэргэжлийн шалгалтыг ирэх есдүгээр сарын 18-20-нд авахаар болжээ. Өнөөдрийн хувьд шалгалт өгөхөөр 165 хүн бүртгүүлжээ. Хуульчийн шалгалт нь сорилгын ба бодлогын гэсэн хоёр хэсгээс бүрдэх юм байна. Бүртгэл энэ сарын 3-наас ирэх сарын 18-ныг хүртэл үргэлжлэх гэнэ. Өнгөрсөн оноос шалгалтыг цахимаар авдаг болжээ. 1698 эрх зүйч шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 1506 хүн сорилгын шалгалтад оролцож, 342 нь босго оноог давсан байна. Хуульчдыг сонгон шалгаруулах, мэргэжлийн гэрчилгээ олгох ажлыг 2004 оноос эхлүүлж, 2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар тус шалгалттай холбоотой эрх зүйн зохицуулалтыг шинэчилжээ.
Month: July 2015
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 10 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний эхнийх нь Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолын төсөл байлаа.
Үндсэн хуулийн цэц 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэснийг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан юм. Дээрх дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах гэснийг зөрчсөн байна гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дээрх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэснийг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн юм. Энэ өдрийн хуралдаанаар дээрх шийдвэрийг баталгаажуулсан УИХ-ын тогтоолыг баталлаа.
Үүний дараа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцуулсан юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ автомашин жолоодож байгаа хүн гар утас хэрэглэхийг хориглох талаар төсөлд туссан эсэхийг лавлаж байлаа. Тэрбээр, жолооны ард яваа хүмүүс гар утсаараа ярих, олон нийтийн сүлжээнд нэвтрэх явдал байнга ажиглагддаг учир ард иргэдийн аюулгүй байдлын үүднээс энэ асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Ажлын хэсгээс хариулснаар, гар утас хэрэглэснээс үүдсэн зам тээврийн хэрэг, зөрчил одоогоор бүртгэгдээгүй байгаа хэдий ч жолооны ард гар утас хэрэглэхтэй холбоотой заалт хуулийн төсөлд туссан ажээ. Түүнчлэн гишүүд хуулийн хэрэгжих хугацааны талаар нэлээд санал солилцсоны эцэст, хуулийг олон нийтэд сурталчлах хугацаа гаргах, тэр хугацаанд замын хөдөлгөөний дүрмээ батлан нийтэд танилцуулах нь зүйтэй хэмээн үзэн хуулийг есдүгээр дүгээр сарын нэгний өдрөөс мөрдөж эхлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ. Хууль зүйн байнгын хорооноос жолоодох эрхийн болон олон улсын жолооны үнэмлэхийг олгох, бүртгэх ажлыг цагдаагийн байгууллага зохион байгуулна гэсэн нэг саналыг оруулж ирсэн бөгөөд дээрх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Дараагийн асуудал нь Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг байв. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү хийсэн.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр, Газар эзэмших, өмчлөх асуудал маш нарийн. Бид Үндсэн хуулиараа хүний өмч хөрөнгийг хамгаалсан улс оронд амьдарч байна. Сүүлийн үед нэгнийхээ газар руу дайрдаг, булааж авдаг болж. Газраас болж дайтах дөхөж байна. Үүнийг дагаад сөрөг үр дагавар гарч болзошгүй. Иргэний өмч рүү халдсан үйл ажиллагаа хавтгайрвал хуулийг нэн даруй өөрчлөх ёстой. Хамаг хөрөнгөө зараад байшин барьсан байхад иргэдийн 80 хувийн саналаар газрыг чөлөөлж нүүлгэнэ гэдэг. Олны эрх ашиг гэсэн үүднээс бусдын өмчид халдана гэдэг бас хэцүү. Гэхдээ хуулийн хэрэгжилтийг харья. Ноцтой нөхцөл байдал үүсвэл нэн даруй өөрчлөх ёстой гэлээ.
Энэ нь хурдны зам барих, шинэ хот байгуулахтай холбоотой харилцааг зохицуулах хуулийн төсөл хэмээн УИХ-ын дарга хуралдааны үеэр тодотгон хэлсэн юм. Ингээд Байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, хуулийг бүхэлд нь баталлаа.
Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дараа нь хийлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцуулав.
Төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр төсөлд “факторингийн үйлчилгээ” болон зээлийн “хүүгийн зөрүү” гэсэн нэр томьёог шинээр тодорхойлох, экспортын үйлдвэрлэлийг экспортын санхүүжилтийн төрөл бүрийн арга хэрэгсэл, түүний дотор факторингийн үйлчилгээг хөгжүүлэх замаар дэмжих заалт нэмэх санал олонхын дэмжлэг авсан хэмээн Ж.Батсуурь гишүүн танилцуулав. Мөн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортод гаргаж байгаа үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалт болон эргэлтийн хөрөнгөд зориулан арилжааны банкнаас олгосон зээлийн хүүгийн зөрүүг олгох өөрчлөлтийг төсөлд тусгах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгох дэмжлэгийн хэлбэрийг өөрчилсөнтэй холбогдуулаад төслөөс зээл болон зээлийн эргэн төлөлттэй холбоотой заалтуудыг хасах саналууд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэгийг авсан байна. Байнгын хорооноос танилцуулсан саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг мөн шийдлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Р.Жигжид танилцуулсан юм.
Газрын тосны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Шатдаг занарын эрлийн үед өрөмдлөг хийж болно.” гэж заасан боловч бусад уламжлалт бус газрын тос (байгалийн битум, тослог элс, хийтэй элс, нүүрсний давхаргын метан хий)-ны эрлийн үед өрөмдлөг хийж болох эсэхийг зохицуулалгүй орхигдуулсан. Эрлийн ажил гүйцэтгэхэд тандан судалгаа буюу хүндийн хүчний, соронзон болон чичирхийллийн судалгааны ажлыг хийдэг боловч эдгээр аргууд нь газрын тосны нөөцийн хэтийн төлөвийг тогтооход шаардлагатай мэдээллийг өгдөггүй юм байна.
Иймд уламжлалт бус газрын тосны эрлийн үед өрөмдлөг хийж болох эрх зүйн орчин тодорхой бус байгааг тодорхой болгож, гэрээлэгч үүргээ зөрчсөн тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлагыг 2 заалтаар давхардуулан хуульчилсан техникийн алдааг засч хуулийн төслийг боловсруулжээ. Хууль батлагдсанаар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаас өмнө уламжлалт бус газрын тосны нөөцийн эдийн засгийн үр ашгийн тооцоо боловсруулах нөхцөл бүрдэх бөгөөд уламжлалт бус газрын тосны Засгийн газар болон аж ахуйн нэгжид ногдох хувь хэмжээний талаар хэлэлцээ хийж, харилцан ашигтай нөхцөл тохирох боломж бүрдэнэ гэж сайд танилцуулгадаа дурдсан.
Эдийн засгийн байнгын хороо дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан Байнгын хорооны санал, дүгнэлтийг уншиж танилцуулахдаа хэллээ.
Хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, С.Дэмбэрэл нар газрын тосны салбарт хөрөнгө оруулалт хийх аж ахуйн нэгж цөөнгүй байгаа боловч энэ талаарх шийдвэрийг гаргахгүй удаадаг нь хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байгааг анхаарах, УИХ-ын гишүүн Г.Батхүү байгалийн хийн зах зээлийг төр бодлогоор дэмжиж ажиллах нь зүйтэй гэсэн саналуудыг гаргажээ.
Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Үүний дараа “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Су.Батболд танилцуулав.
Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, үр тарианы чиглэлээр бус, төмс ногоо, жимс жимсгэнэ тариалж, түүнийгээ экспортод гаргах үйл ажиллагаа явуулах чөлөөт бүс байгуулбал болох байх хэмээгээд Халх голд үр тариа тарих чиглэлээр хэдэн мянган га атар газрыг хагалах гээд байна гээд яригдаад байгаа нь үнэн үү хэмээн лавласан. Тэрбээр “Халх гол” чөлөөт бүс байгуулахыг дэмжиж байгаа ч атар газрыг ашиглавал экологи, ан амьтанд шинжлэх ухаанчаар хандах нь зүйтэй гэж хэлсэн юм.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд, Д.Лүндээжанцан гишүүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд Халх голын бүс нутаг эмзэг хөрстэй, салхи ихтэй гэж байлаа. Гэтэл Халх голын бүс нутагт сумын Засаг дарга олон мянган га газарт тариалан эрхлэх зөвшөөрөл олгоод байгаа бөгөөд энэ бүхнийг цэгцлэх үүднээс тогтоолын төслийг санаачилсан гэдгийг тодруулан хэлсэн.
“Халх гол” чөлөөт бүсэд онцгой дэглэмтэй, дэвшилтэт технологи ашиглан тариалан эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд хөдөө аж ахуйн хорио цээр, технологийн дэглэм бүхий бүс байх аж. Энэ бүсийг байгуулснаар хөдөө аж ахуйн хөгжилд цоо шинэ зүйл авчирч, газар эзэмшихтэй холбоотой замбараагүй байдлыг цэгцэлнэ гэж үзэж байгаа ажээ. Гишүүд ийнхүү хэлэлцээд Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Тус тогтоолын нэрийг Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай гэж өөрчлөх санал олонхын дэмжлэг авсан юм. Ингээд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.
Энэ өдрийн хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталсан юм. Түүнчлэн Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүллээ.
Засгийн газрын хуралдаанаар зарим шийдвэрийг гаргалаа. Тухайлбал,
– Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах талаар тодорхой төлөвлөгөө гарган зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь шуурхай шийдвэрлэж ажиллах,
– Малчид, иргэд, аж ахуйн нэгжийн хадлан, тэжээл бэлтгэх техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллан өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг заавал бүрдүүлэх,
– Сум дундын болон аймаг дундын отрын бүс нутгууд, хилийн зурвас газар, улсын тусгай хамгаалалттай газарт отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоог бэлчээрийн даацад тулгуурлан нутгийн өөрөө удирдах байгууллага, хамгаалалтын захиргаадтай тохиролцон гэрээ байгуулан зохион байгуулах,
– Малчин өрх бүрийг малын хашаа, саравч, уст цэгээ засварлах, түлээ түлш бэлтгэх, цаг агаар хүндэрсэн нөхцөлд хэрэглэх өвс, тэжээл, гар тэжээлийг нөөцлөх, өвлийн хувцас хэрэглэл, хоол хүнсээ базаах зэргээр өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангуулах,
– Ургац хураалтад ажиллах хүн хүч, техникийн бэлтгэл, зохион байгуулалтыг хангуулан, цаг агаарын гамшигт үзэгдлээс ургацаа хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгалаа.
Аймаг, сумын эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, түргэн тусламжийн машин, багаж, хэрэгслээр хангахад дэмжлэг үзүүлэх, орон нутагтаа болон отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэндийн явуулын үйлчилгээг үзүүлэх хуваарийг гарган аймаг, сумын эмнэлгийг бэлэн байлгах арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, аймгийн Засаг дарга нарт даалгалаа.
Өвөл, хаврын улиралд зам давааг байнгын нээлттэй байлгахад шаардлагатай хүн хүч, техникийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан, техник, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд даалгалаа.
Агаарын хуурайшилтаас үүдэн бэлчээрийн ургамлын ургац муудах, тариа, ногооны болцод сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж гангийн нөхцөл бүрдсэн үед эрсдэлийн үнэлгээ хийх ажлыг зохион байгуулан дүгнэлт гаргуулах, үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах, мал сүргийг гантай нутгаас отроор нүүлгэн шилжүүлж оторлох зэрэг арга хэмжээг шуурхай авч ажиллаж байхыг Шадар сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нарт даалгалаа.
Мал сүргийн тоо толгой хэт их өсч, бэлчээрийн даац, тэжээлийн хүрэлцээ хангамжид муугаар нөлөөлөх эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор амьд малын болон махны экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд нарт үүрэг болголоо.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын хилийн тухай хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох, хуульд хэрэглэсэн нэр томъёог олон улсын эрх зүйн зарчим, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцүүлэх, улсын хил хамгаалалтыг олон улсын түвшинд хүргэх шаардлага бий болж байна.
Хуулийн төсөлд хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах, хилийн зөрчил, хил дамнасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн зурвасын өргөнийг 10, хилийн бүсийг 50 км-ээс илүүгүй байхаар тусгажээ. Түүнчлэн хил орчмын нутаг дэвсгэрт оршин суудаггүй иргэн, байрладаггүй байгууллага, аж ахуйн нэгж нь улсын хилийн бүсэд ажил үйлдвэрлэл явуулах тохиолдолд ХХЕГ-аас хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгож байгааг өөрчилж хилийн анги, салбарт мэдэгдэж, бүртгүүлснээр үйл ажиллагаа явуулах эрх нь үүсэхээр зохицуулалтыг тусгасан байна.
Засаг солигдох эсэх талаар дуулиан дэгдсэн энэ
өдрүүдэд МАН мэдэгдэл гаргалаа. Тус намаас гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь
хүргэе.
Монгол Ардын намыг хамтарсан
засгаас гаргах Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл, Улсын Их хурал дахь Ардчилсан
намын бүлгийн улс төрийн шийдвэрийг Монгол Ардын намын бүлэг болон Удирдах
зөвлөл хэлэлцэж, байр сууриа нэгтгэлээ.
Монгол Ардын нам Ардчилсан
намтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээг зөвхөн нэг талын үзэмжээр дүгнэх
бус, бодитойгоор дүгнэж цуцлахад бэлэн байна.
2014 оны арваннэгдүгээр сард
Ардчилсан намын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар УИХ дахь Монгол
Ардын намын бүлгийн хуралдаанд оролцож, Засгийн газарт хамтрах санал тавьж,
Ч.Сайханбилэг Ерөнхий сайд Монгол Ардын намд захидал илгээж, хамтарч ажиллахыг
урьсан билээ. Энэ саналыг үндэслэн’ Монгол Ардын намын Бага хурал хуралдаж,
засагт хамтрах улс төрийн шийдвэр гаргаж, хамтарсан Засгийн газар хагас жил
гаруй хугацаанд ажиллаж байна.
Харамсалтай нь, энэ богино
хугацааны дараа Ардчилсан нам, түүний Гүйцэтгэх дээд байгууллага нь Монголын
төрийг тогтворгүй болгож, улсын эрх ашгийг уландаа гишгэсэн шийдвэрийг
дангаараа гаргалаа.
Байгаль дэлхий ган гачигтай,
эдийн засаг хямралтай, ялангуяа орон нутагт ард иргэдийн амьдрал хүндхэн байгаа,
улсын баяр наадам ойртсон энэ үед ийм шийдвэр гаргасан нь цаг хугацааны хувьд
төдийлөн оновчтой бус юм. Ардчилсан нам улс орон, ард түмний нийтлэг эрх ашиг,
нийгэм улс төрийн тогтвортой байдлыг умартан, намынхаа-фракцуудын явцуу
сонирхолд хөтлөгдсөн шийдвэрийг дангаараа гаргасан нь тун болчимгүй алхам
боллоо гэж Монгол Ардын нам үзэж байна.
Нэгэнт хамтрагч Ардчилсан нам
улс төрийн шийдвэрээ гаргасан тул Монгол Ардын нам албан тушаалтай зууралдахгүй
болохоо албан ёсоор мэдэгдэж байна.
Өнөөгийн хүчин төгөлдөр хэрэгжиж
буй хууль тогтоомжийн дагуу Ч.Сайханбилэг нь Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд
Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Ардын намаас томилогдон
ажиллаж байгаа сайд нарын асуудлыг өөрөө биечлэн Улсын Их хуралд өргөн мэдүүлж
шийдүүлэх ёстой.
Монгол Ардын нам засагт
хамтрахдаа улс орны эдийн засгийг өөд нь татах талаар дорвитой ажлуудыг
санаачлан хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн билээ. Хамтарч ажиллахдаа бид
“ханцуй дотроо наймаалцахгүй, алдаа дутагдлыг хаацайлахгүй” гэсэн зарчмыг
баримталж, ард түмэн, улс орны ашиг сонирхол, хөгжил дэвшилд харшлах хууль бус,
хуудуутай аливаа асуудалд шүүмжлэлтэй хандаж ирсэн. Бидний энэ зарчмын байр
суурийг Ардчилсан нам улс төрийн агуулгаар мушгин тайлбарлаж, бүхий л ажилд
“чөдөр тушаа’’ болж байна гэж үзэж байгааг эрс няцааж байна.
Монгол Ардын нам Үндсэн хууль,
Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай хуулиудыг шинэчлэн батлуулах, улс орны
эдийн засаг, ард түмний амьдралд өгөөжтэй Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон
төслүүдийг хөдөлгөх зарчмын байр суурьтай байгаа. Харамсалтай нь, бидний бодож
төлөвлөсөн хэмжээнд эдгээр ажил урагшилж чадаагүй нь Ардчилсан нам, Улсын Их
хурал дахь АН-ын бүлэг, холбогдох хууль, төслийн ажлын хэсгүүдийг ахалсан АН-ын
гишүүд болон тус нам доторх фракцуудын зөрчилдөөнтэй салшгүй холбоотой.
Тавантолгой, Оюутолгой төслүүд
Ардчилсан намын фракц хоорондын өрсөлдөөн тэмцэлдээнээс болж зогссон,
Сонгуулийн хуулинд “саналыг гараар тоолж баталгаажуулна”, “намын нэрсийн
жагсаалтаар сонгогддог байдлыг багасгана” зэрэг олон өөрчлөлтүүдийг оруулж 2015
оны долдугаар сарын 1 гэхэд батална гэсэн тохиролцоо тус намын явцуу сонирхлын
улмаас биелэгдээгүй, эдийн засгийг хямралт байдлаас гаргах тусгай төлөвлөгөөг
баталж хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгож ажиллана гэсэн заалтыг
АН-ын бүлэг хэрэгжүүлэх шаардлагагүй гэж үзсэн зэрэг олон жишээ нь аль нам нь
хамтын гэрээгээ биелүүлэхгүй төрийн ажлыг гацааж буй тодорхой баримтууд юм.
Орон нутгийн төвшинд ч хамтран
ажиллах талаар тохирсон зүйлс хэрэгжээгүйн нэг жишээ нь энэ оны дөрөвдүгээр
сарын 22-нд Говьсүмбэр аймагт болсон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн
сонгуульд үнэмлэхүй ялсан Монгол Ардын Намын гишүүд ИТХ-даа орж, бүрэн эрхээ
хэрэгжүүлж чадалгүй өнөөдрийг хүрсэн нь Ардчилсан нам хуулийг гууль болж,
төрийн ажилд чөдөр тушаа болж байгаагийн тодорхой жишээ юм.
УИХ-ын хаврын чуулганаар Эдийн
засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөлд тусгасан “төрийн өндөр албан
тушаалтан өмнө нь хууль бусаар завшиж, нуун дарагдуулсан өмч хөрөнгөө хуулийн
хамгаалалтан дор ил гаргаж хуулийн хариуцлагаас өршөөгдөх боломжийг бий болгох”
зорилготой ганц заалтыг Монгол Ардын нам эсэргүүцсэнийг төрийн ажилд чөдөр
тушаа боллоо гэж Ардчилсан нам тайлбарлаж байгаа нь дэндүү ойлгомжгүй байна.
“Цагаан захтануудыг өмгөөлсөн”
гэх энэхүү хуулийн төсөл УИХ дээр хэлэлцэх шаардлагагүй хэмээн хоёр удаа унаж
буцаасан ч долоо хоногийн дараа дахин өргөн баригдаж буй нь хэтэрхий увайгүй
үйлдэл юм. Гэтэл Ардын намын санаачилсан Ахмад настнуудын тэтгэврийн зээлийн
хүүг бууруулах, малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулах зэрэг нийгмийн хүсэн
хүлээж буй олон хуулийн төсөл УИХ-ын даргын шийдлийг харан гурван сараас нэг
жил тоосонд даруулан хүлээгдэж байна.
Монгол Ардын нам Хамтарсан
засагт орсон цагаас төрийн албан хаагчидтай холбоотой аливаа асуудлыг хуулийн
хүрээнд шийдвэрлэж байна. Бодит байдал дээр бүхэл бүтэн салбарын хэмжээнд хууль
зөрчин үүрэг гүйцэтгэгчид томилсон байсныг хуулийн дагуу залруулсан, төрийн
албаны зарим орон тоог цомхтгосон, тухайн ажлын байрны шаардлагад нийцэхгүй
цөөн албан тушаалтанг өөрчилснийг төрийн албан хаагчдыг хоморголон халсан гэж
байгаа нь хэт өрөөсгөл, үнэнээс зөрүүтэй дүгнэлт юм.
Үнэн хэрэгтээ Ардчилсан намын
фракц хоорондын зөрчлөөс болж цөөнгүй тооны албан хаагчид ажлаасаа халагдсаныг
төрийн албан хаагчид сайтар санаж байгаа бөгөөд 2012-2014 оны хооронд төрийн
албан хаагчдыг халж солих асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн
гэдэг дүгнэлтийг холбогдох байгууллагууд гаргаад байна.
Төрөө самарч, гэрээ нураах ажлыг
явцуу ашиг сонирхлын үүднээс эхлүүлсэн Ардчилсан нам улс төрийн тогтворгүй
байдлаас үүдэн цаашид үүсэх аливаа хариуцлагыг дангаараа үүрэх ёстойг хатуу
анхааруулж байна.
Монгол Улсынхаа тусгаар тогтнол,
хөгжил дэвшлийн ачааг үүрч ирсэн Монгол Ардын нам албан тушаалтай зууралдалгүй,
аливаа асуудалд зөвд зөөлөн, бурууд хатуу зарчмыг баримтлан, ард түмэн, улс
орныхоо эрх ашгийг эрхэмлэн ажиллана гэдгээ дахин мэдэгдэж байна.
МОНГОЛ АРДЫН
НАМ
ХБНГУ-ын Бонн хотноо зургадугаар сарын 28-наас энэ сарын 8-ны өдрүүдэд болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганд оролцоод ирсэн БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, Байгаль хамгаалах хөгжлийн төвийн тэргүүн, доктор А.Намхай, Хөшөө, Хөшөө дурсгалт газрын олон улсын зөвлөлийн үндэсний хорооны дарга, доктор Н.Уртнасан, БОНХАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албаны дарга Т.Бүдээхүү, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ц.Түвшинжаргал нар өчигдөр мэдээлэл хийлээ. Чуулганд эдгээр төлөөлөгчдөөс гадна БСШУЯ, Эрчим хүчний яамны дэргэдэх Эгийн гол төсөл, Гадаа хэргийн яамны төлөөлөгчид оролцсон байна. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны энэ удаагийн ээлжит чуулганаар Монгол Улстай холбогдох гурван асуудал хэлэлцжээ. Үүний нэг нь Байгаль нуурын нөхцөл байдлын үнэлгээний талаарх асуудал аж. Манай Сэлэнгэ мөрөн, Орхон гол дээр Шүрэнгийн болон Эгийн голын усан цахилгаан станц барьж байгуулах асуудлыг Байгаль нуурын эко системд нөлөөлнө гэж үзсэн учраас уг асуудлыг Дэлхийн өвийн чуулганаар хэлэлцүүлэхээр ОХУ-ын тал оруулж иржээ. Харин Монголын төлөөлөгчид усан цахилгаан станц барьж байгуулах хэрэгцээ шаардлага, Байгаль нуурын эко системд нөлөөлөхгүй үндэслэлийг сайтар тайлбарлан таниулсны хүчинд ямартай ч ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны шийдвэрт Монгол улсын байр суурийг тусган, илүү уян хатан болгож өөрчлүүлж чадсан байна. Өвийн хорооны Монголыг дэмжсэн улс орнууд хөгжиж буй орныг дэмжих хэрэгтэй гэсэн байр сууриа хүчтэй илэрхийлжээ. Мөн Өвийн хорооны чуулганаар “Дагуурын газар нутгийн төрх байдлыг” Дэлхийн өвийн жагсаалтад Монгол, ОХУ-ын хамтран бүртгүүлэх асуудлыг өмнө оруулаад байсан ч буцаах шийдвэрийн төсөл оруулж иржээ. Харин Монголын тал ул суурьтай тайлбараа хийсний дүнд олон улсын байгууллагын зарим зөвлөмжийг тусган дараагийн чуулганаар дахин оруулж ирж хэлэлцүүлэхээр болсон байна. Дагуурын газар нутгийн Монголын талын хэсэгт Дорнод аймгийн хойд талын ОХУ-тай хиллэдэг гурван сумын тусгай хамгаалалттай газар нутаг ордог.
Дэлхийн өвийн хорооны чуулганд оролцогсод Бурхан Халдун Уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар, нутгийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн нь онцлууштай амжилт байв. Бурхан халдун хайрханыг Дэлхийн соёлын өвийн дөрөв, зургадугаар шалгуураар бүртгэж авчээ. Дөрөвдүгээр шалгуураар бол Бурхан Халдун хайрхан хүн төрөлхтний түүхийн тодорхой үеийг харуулсан баталгаа, нотолгооны үлгэр жишээ болжээ. Бурхан Халдун нь Монголын эзэнт гүрэн, их эзэн Чингис хааны түүхийг өлгийдсөн газар нутаг билээ. Харин зургадугаар шалгуураар бол хүн төрөлхтний нэгэн үеийн үзэл бодлын илэрхийлэл, урлагийн бүтээлтэй холбогдох ёстой аж. Бурхан Халдун “Монголын нууц товчоо”-той шууд холбогдох бөгөөд уг үнэ цэнэтэй бүтээлд Бурхан Халдун 27 удаа нэр нь дурдагдсан байдаг ажээ. Ингэж Бурхан Халдуныг Дэлхийн өвд бүртгүүлснээр Монголын тусгаар тогтнол баталгаажиж, түүхийн үнэ цэнэ тодрон товойж байгаа тухай хэвлэлийн бага хуралд оролцогчид тэмдэглэлээ.
Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам сурын харваагаар эхэллээ. Энэ жилийн үндэсний сурын харваа урианхай харваагаар өчигдөр буюу долдугаар сарын 7-ны өдөр Сурын талбайд эхэлсэн юм. Урианхай сурын харваанд 160 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос Завхан аймгийн Тэс сумын уугуул, “Алдар” спорт хороо, “Жем интернэшнл” ХХК-ий харваач Батхуягийн Хатансайхан 30 сумнаас 28 онож түрүүлэн улсын мэргэний болзол хангасан байна.Тэмцээнд урианхайн уламжлалт “хавчаахай” ба эвэр нумаар оролцдог. Сум нь 90-100 см урт, 1.1-1.3 см хөндлөн голчтой, 90-150 гр жинтэй байдаг. Харваачид дундаас урианхай харвааны эрхийн мэргэн 1, дархан мэргэн 1, хошой мэргэн 6, улсын мэргэн 10 гаруй төрөөд байна.Энэ жилийн баяр наадмын урианхай сурын харваанд урианхай дархан мэргэн 1, хошой мэргэн 1, улсын мэргэн 7, спортын мастер, дэд мастер 60 гаруй оролцлоо.
Уралдааны дүнг танилцуулья:
1-р байр: Завхан аймгийн Тэс сумын уугуул, “Алдар” спорт хороо, “Жем интернэшнл” ХХК-ий харваач Батхуягийн Хатансайхан 30 сумнаас 28 оножээ.
2-р байр: Ховд аймгийн Дуут сумын харьяат Дансрангийн Чулуунбат 27 оноо.
3-р байр: Баян-Өлгий аймгийн Бугат сумын харьяат, “Шинэ налайх” багийн харваач хошой мэргэн Баастын Мөнхтөр 26 оноо.
4-р байр: Ховд аймгийн дуут сумын харьяат, Залуугийн Баярсайхан 25 оноо.
5-р байр: Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, “Тод номын гэрэлт төв”, “Шинэ Налайх” багийн харваач Бөхийн Бямбажав 25 оноогоор тус тус шалгарлаа.
Үндэсний сурын талбайд өнөөдөр буриад сурын харваа эхэллээ. Буриад сурын харваанд эрэгтэй, эмэгтэй нийт 160 харваач цэц мэргэнээ сорьж байна.
Баяр
наадмын өдрүүдээр унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахыг “МХЕГ-аас
мэргэжлийн хяналтын газрын дарга нарт үүрэг болголоо. Орон нутагт зохиогддог
бэсрэг наадам, их бага сунгаа, овоо тахилга бүсийн уралдааны морь унаач
хүүхдүүд бэртэж гэмтэж болзошгүйг тус
газраас анхааруулж байна. Үүнтэй холбогдуулж хэд хэдэн заалт бүхий
зөвлөмж гаргасан аж.
Монголын үндэсний бөхийн холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, үндэсний их баяр наадмаар зүүний магнайд Г.Өсөхбаяр, А.Сүхбат аваргын хэн нь гарах вэ гэдэг дээр байр сууриа илэрхийллээ. Өнгөрсөн жил амжилтаараа Г.Өсөхбаяр аварга зүүнийг манлайлах шийдвэр гаргасан юм. Гэтэл А.Сүхбат аварга зүтгэсээр зүүний магнайд гарч байв. Г.Өсөхбаяр аваргын хувьд тухайн үед ард түмнээ хүндлээд баруун жигүүрт гарсан аж. Харин энэ жил хууль дүрэм, ёс журмынхаа дагуу явна гэж Үндэсний бөхийн холбооноос мэдээлэв. Тэгэхээр энэ жил зүүний магнайг Г.Өсөхбаяр манлайлах нь тодорхой болжээ. Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 3.6.1-д “ Ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо олон биелүүлснийг, энэхүү нөхцөл ижил байвал доод давааг олон давсныг эхэнд нь… эрэмбэлнэ” гэж заажээ. Энэ заалтаар бол Г.Өсөхбаяр даян аварга цолтой байхдаа Г.Сүхбатын өмнө эрэмбэлэгдэх ёстой юм байна. “Г.Өсөхбаяр амжилтын хувьд гурван удаа найм давсан нь Г.Сүхбатын өмнө эрэмбэлэгдэх нь тодорхой” гэж тус холбооноос мэдээлсэн юм.
“ҮДБЭЧ” –ын уран бүтээлчид наадмаар язгуур урлагийн тоглолт хийхээр болжээ. Тоглолтонд наадмын онцлогийг харуулсан болон мартагдаж буй бүжгэн жүжгүүдийг сэргээн тоглох юм байна. Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит чуулгын 60 бүжигчин, Монгол төрийн үндэсний их хөгжмийн их найрлын 64 хөгжимчин, “Хөсөгтөн” хамтлаг болон бусад 180 гаруй уран бүтээлчид хамтран тоглох аж. Тусгай тоглолт энэ сарын 11-нд хоёр удаа наадамчин олны хүртээл болох юм байна. Харин жуулчдад зориулсан тоглолт нь энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.