Гадаадын хөрөнгийн биржүүд гол
төлөв 500, 225, 200 гаруй томоохон компаниудаа индекстээ багтаадаг. Энэ
компаниудын хувьцааны ханш өсч, буурахаас хамаарч тухайн хөрөнгийн захын
өөрчлөлт тодорхойлогдож байдаг. Манай улсын тухайд хөрөнгийн биржэд бүртгэлтэй
75 хувьцаат компанийг индекстээ багтааж, ТОП-75 индексээр хөрөнгийн захын
өөрчлөлтийг өмнө нь харуулдаг байсан. Тэгвэл, 2000 оноос индекст багтдаг
компаниудын тоог цөөлж, зах зээлийн үнэлгээ болон арилжааны идэвхиэр тэргүүлсэн
20 компанийг индекст багтаадаг болсон юм.
Ингэхдээ хөрөнгийн бирж дээр
бүртгэлтэй хувьцаат компанийн зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж
гүйлгээг харгалзаж индекст оруулдаг болсон. Зах зээлийн үнэлгээ гаргахдаа,
тухайн компанийн хувьцааны хаалтын ханшийг нийт хувьцаагаар үржүүлдэг. Харин
арилжааны өдрийн дундаж гүйлгээг гаргахдаа, тухайн үнэт цаасны сүүлийн хагас
жилийн арилжааны дүнг арилжаа явагдсан өдөрт хуваадаг юм. Ийм шалгуураар
хувьцаат компаниудыг ТОП-20 индекст багтааж, үнэт цаасны зах зээлийн
хөдөлгөөнийг харуулж ирсэн.
Тэгвэл энэ оны хоёрдугаар сарын
9-нөөс эхлэн “MSE ALL” нэгдсэн индексийг давхар тооцож гаргадаг болжээ.
Хувьцааны ханшийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор олон нийтэд нээлттэй
арилжигдаж байгаа 221 хувьцаат компанийг хамруулсан “MSE ALL” хувьцааны нэгдсэн
индексийг тооцож гаргадаг болсон юм. Тэгвэл удахгүй дахин шинэ индекс нэвтрүүлж
магадгүй байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ИБУИНВУ-д ажлын айлчлах хийх
үеэр Лондонгийн хөрөнгийн биржийн ерөнхийлөгч Хавиер Руле “FTSE Mongolia”
индексийг гар¬гахад хоёр тал хамтарч ажил¬лахаар болсон гэж мэдэгдсэн учраас тэр
юм.
Их Британийн FTSE групп
хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо судалгааны чиглэлээр тэргүүлэгч
байгууллага. Тус групп олон орны бирж дээрх хувьцааны индексийг арилжааны эцэст
болон бодит цагийн горимоор тооцоолон гаргаж, зах зээлд мэдээллэдэг. Энэ групптэй
хамтран ажиллах гэрээг манай улс 2013 оны аравдугаар сарын 18-нд анх байгуулсан
байна. Лондонгийн хөрөнгийн биржтэй байгуулсан “ажлын мастер гэрээ”-ний дагуу
уг индексийг оруулж ирэхээр талууд тохиролцсон учраас, FTSE-г оруулж ирэхээр
ийнхүү гэрээ байгуулжээ.
“FTSE Mongolia” индексийг
оруулж ирснээр монголын зах зээл дэлхий дахинд нээлттэй харагдах боломжтой.
Тодруулбал, FTSE индекс европчуудад илүү танигдсан. Энэ индексийг дэлхий дээр
3.5 их наяд долларын санхүүгийн хөрөнгө оруулалт дагадаг гэх судалгаа бий. Энэ
индексийг оруулж ирснээр европ руу хөрөнгө оруулалт хийдэг сангууд манай улс
руу анхаарлаа хандуулж, дээрх хөрөнгийн тодорхой хувь буюу 1-1,5 тэрбум доллар
орж ирэх бололцоотой гэж гэж судлаачид үзэж байгаа юм.
Нөгөө талаас энэ индексийг дагаж
хөрөнгө оруулалт хийдэг компаниуд тухайн биржийн хувьцааг авах ёстой болдог
байна. Энэ хэрээр дотоодын компаниуд бирж дээр хувьцаагаа гаргах сонирхолтой
болно. Цаашлаад компаниуд банкнаас өндөр хүүтэй зээл авах сонирхол буурч,
биржээс хямд эх үүсвэртэй санхүүжилт босгох хандлага нэмэгдэнэ. Энэ нь
арилжааны идэвх сэргэж, үнэт цаасны хөрвөх чадвар нэмэгдэхэд нөлөөлнө гэж
судлаачид үзэж байгаа юм.