Categories
мэдээ цаг-үе

Хубилайг Чингис хаан бусад ач нараасаа арай өөр гэж үнэлдэг байжээ

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Дундад зууны судалгааны салбарын эрхлэгч Ц.Цэрэндоржтой ярилцлаа.

-Эзэнт гүрний их хаан Хубилайн 800 жилийн ой ирэх есдүгээр сард болох юм байна. Зарим түүхч түүнийг хаадын хаан гэх юм билээ?

-Монголын эзэнт гүрэн эзэн Чингис хаанаас авахуулаад маш олон хаадтай байсан. Бүгд тодорхой гавьяа байгуулсан түүхэн хүмүүс байсан. Энэ дотроос Хубилайг онцолж ярих учир шалтгаан бий. Хубилайг бол Монголын эзэнт гүрнийг хөгжлийн оргилд хүргэсэн хүн гэж хэлж болно. Чингис хаан тэргүүтэй түүний өмнөх хаад байлдан дагуулалт маш их хийсэн. Гэтэл Хубилай бол энэ байлдан дагуулалтыг үргэлжлүүлэхийн хамтаар эзэнт гүрнийг харьцангуй тогтвортой байдалд аваачиж, түүний үед Монголын эзэнт гүрэн хүн ам, газар нутгийн хувьд дээд цэгтээ хүрсэн. Хубилай байлдан дагуулалтыг гүйцээгээд, энх амгалан цагийг авчирсныхаа дараа Монголын эзэнт гүрнийг тохинуулах нөр их ажлыг хийсэн. Хубилайн байгуулсан Юань улстай холбоотой түүхийн маргаан байдаг. Юань улсыг Хятадын улс уу, Монголын улс уу гээд дэлхийн түүхчид маргалддаг. Ялангуяа Хятадын түүхчид бол Юань улсыг Хятадын төр улс гэж үзээд, Хубилай тэргүүтэй Юанийн хаад тэр ч байтугай Хубилайн өвөг дээдэс Чингис хааныг хүртэл Хятадын аугаа их хаадын нэг гэж үздэг. Энэ хүнийг олон улс өөрийн болгох гэж булаацалддаг. Зуун жилд нэг тохиолддог тэгш ой тохиож байгаа дээр Хубилай хааныг Монголын их хаан, Чингис хаанаас дутахгүй том эзэн хаан байсан юм аа гэдгийг сурталчлах ажил зайлшгүй хэрэгтэй байгаа. Ойг тохиолдуулаад төр засаг үүнийг анхаараасай гэж бид хүсч байна. Оны эхээр ШУА-аас Хубилай хааны тэгш ойг төр засгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх санаачилга, уриалга гаргасан. Их ойн хүрээнд эрдэм шинжилгээний хурал хийхээр бэлтгэж байгаа. Хубилай, Их Юань улс, эзэнт гүрэн судлалын гадаад, дотоодын томчуудыг урьж авчрахаар бэлтгэж байна. Мөн судалгааны бүтээлүүд гаргана.

-Толуйн хөвгүүд хаана ширээнд удаан суусан байх шүү?

-Хубилай бол Чингис хааны ач хүү Толуйн тухай энд бас хэдэн үг хэлэх хэрэгтэй болов уу. Чингис хаан гуравдугаар хүү Өгэдэйгээр хаан ширээ залгамжлуулахаар тогтсон шүү дээ. Гэхдээ отгон хүү гал голомт сахьдаг монголчуудын уламжлал ёсоор Толуйд маш их хэмжээний хүн, цэрэг, газар нутаг ногдсон байдаг. Чингис хаан их хатнаасаа төрсөн дөрвөн хөвгүүнийхээ том гуравт нь Монгол нутагт хувь эзэмшил газар соёрхсон. Толуй бол Чингис хааны захирч байсан гал голомт Монголын гол хэсгийг өвлөж авах нь ойлгомжтой. Чингис хаан нэр цохож Өгэдэйг хаан ширээ залгамжлуулна гэсэн ч түүнийг өөд болсны дараа хоёр жил Толуй төрийн хэргийг түр хамаарч байсан гэж үздэг. Яагаад Өгэдэй шууд хаан ширээнд суугаагүйн гол шалтгаан Толуйг хаан суулгах уу, Өгэдэйг хаан суулгах уу гэдэг дээр алтан ургийн ноёд санаа бодол нийлэхгүй байсантай холбоотой. Бодит эрх хүч чадлын хувьд Толуй хамаагүй хүчтэй байдаг. Харин Чингис хааны гэрээс захиас ёсоор Өгэдэй хаан ширээнд суух учиртай. Ингэж эргэлзэж байсны улмаас хаан ширээ залгамжлах ажил удааширсан гэж судлаачид үздэг. Өгэдэй хаан ч Толуй өөрт нь маш их найр тавьж, буулт хийснийг ойлгож байсан.

-Мөнх нь хаан суусан байх аа?

-Мөнх хаан суусан. Өгэдэйн удам Монголын их хааны суурийг залгамжлах уу, өөр удам угсаа руу шилжих үү гэсэн асуудал байсан л даа. Өгэдэйн дараа түүний хүү Гүюг хаан суусан. Түүний дараа Толуйн хүү Мөнх хаан сууснаар үүнээс хойш Монголын их хааны ширээ Толуйн удамд бүрэн шилжсэн гэж болно.

-Мөнх хаан урт наслаагүй хэрэг үү?

-Мөнх хаан Толуйн ахмад хүү. Толуйн их хатан Хэрэйд аймгаас гаралтай Сорхугтани бэхи хатнаас төрсөн түүхэнд алдартай дөрвөн хүү бий. Мөнх, Хубилай, Хүлэгү, Аригбөх нар. Мөнх хаан 1251 онд Монголын их хаан суусан. Харамсалтай нь 1259 онд өмнөд Сүн улсыг байлдан дагуулах замдаа өвчнөөр нас барсан. Дараагийн хаан ширээ залгамжлагчийн асуудал гарч ирсэн. Мөнхийн нэг дүү Хүлэгү их хааны даалгавраар баруун зүгт Иран, Иракт байлдан дагуулалт хийж байсан. Нутагтаа бага дүү Аригбөх гал голомтоо сахиж үлдсэн байв. Хубилай бол Мөнх хааны гурван замаар довтолсон их цэргийн нэг замын цэргийг удирдаж өмнөд Сүн улстай байлдах аян дайнд оролцож байсан. Мөнх хааныг нас барсан мэдээг авангуутаа эзэн хааныг залгамжлах талаар Хубилай, Аригбөх нарын аль аль нь санаатай байсан бололтой байдаг. Хубилай аян дайнаасаа буцаж, өөрийн хувь эзэмшил болгож авсан өнөөгийн Өвөр Монголын нутагт буцан ирж, Монголын эзэнт гүрний их хаан суулаа гэж 1260 оны хавар зарласан. Түүнээс нэг сар гаруйн дараа түүний дүү Аригбөх Хархорум буюу тухайн үеийн Монголын нийслэлд эзэнт гүрний их хаан боллоо гэдгээ зарласан. Монголд нэгэн зэрэг хоёр хаан гарч ирсэн. Их хааны ширээний төлөө энэ хоёрын тэмцэл өрнөсөн юм.

-Аригбөх нь ялсан бол Монголын нийслэл Хархорум илүү хөгжих байсан гэсэн үзэл санаа явдаг?

-Хубилайд нэгэнт төв хэсэгт эзэмшил газар оногдоогүй учраас өөрт ногдсон өнөөгийн Өвөр Монголын нутагт сууж, Умард Хятадын байдлыг сайн мэддэг болсон хүн. Хубилайн бага залуу насны тухай сурвалжийн мэдээ бага. Хубилай Умард Хятадад хувь эзэмшихтэй холбоотойгоор түүхэнд гарч ирсэн. Тэндээ байхдаа хятад хүмүүстэй нүүр тулж байсан. Тухайн үед монголчууд Хятадад байсан Алтан улсыг мөхөөгөөд эзэлж авсан ч тухайн газар нутгийг яаж захирах, ямар маягаар авч явах талаар айхавтар сүрхий бодлого боловсруулж чадаагүй юм шиг байгаа юм. Тэр үед Умард Хятад нэгэнт Монголын эзэмшилд орсон ч орон нутгийн цэргийн эрхтнүүдийн нөлөө маш ихтэй, Монголын төрийн тогтолцоо бүрэн хэрэгжиж чадаагүй байдалтай байлаа. Тэр газарт суухдаа Хятад нутгийг Хятадын уламжлалт хэв маяг, тогтолцооных нь дагуу захирах нь зүйтэй гэдэг бодол Хубилайд төрсөн шиг байгаа юм. Сүүлд социализмын үед Хубилайг суурьшмал иргэдийн талд орсон, Аригбөх бол нүүдэлчдийн соёл иргэншлийг хадгалах гэж үзсэн мэтээр үнэлдэг байсан. Хубилай нийслэлээ Хятад руу шилжүүлснээр Монгол нутаг зах хязгаар орхигдмол газар болж хувирч, Монголын эзэнт гүрний хөгжил саарсан гэж Хубилайг үнэлдэг байсан. Гэтэл тухайн үед өнөөгийн Бээжин гэдэг бол Хятад, Монгол хоёрын зааг газар байсан. Энд өмнө нь Алтан улс гэж монголчуудтай ойролцоо зүрчид хэмээх нүүдэлчин угсаатны байгуулсан улсын нийслэл байсан газар. Цагаан хэрэм дөнгөж даваад шахуу байгаа. Тухайн үед Дай Юань улс хоёр нийслэлтэй байсан. Нэг нийслэл нь өнөөгийн Бээжин хотын суурин дээр байсан Дайду гэж хятадаар хэлдэг, монгол сурвалжуудад Хаан балгас гэж нэрлэдэг хот. Энэ бол үндсэндээ өвлийн нийслэл гэж болно. Зуны цагт буцаад өнөөгийн Өвөр Монголын нутагт байсан Шанду гэдэг газарт халууныг өнгөрөөдөг байжээ. Тиймээс зөвхөн нэг нийслэлээ л өнөөгийн Хятад нутагт шилжүүлсэн гэж үзэж байгаа юм. Тухайн үеийн нөхцөл байдлын үүднээс нийслэлийг урагш шилжүүлэхээс өөр аргагүй байсан. Монголын эзэнт гүрэн өмнө тийш ихэд тэлсэн учраас урьдын адил Монгол нутгаас удирдахад бэрхшээлтэй байсан тал ч бий.

-Сорхугтани бэхи угсаа гарал нь хэний охин бэ?

-Сорхугтани бэхи хатан бол Чингис хааны үеийн Хэрэйд аймгийн Ван хан Тоорилын дүү Жаха Хамбугийн охин. Монголын нэг том аймгийн өндөр сурвалжит язгууртай эмэгтэй шүү дээ. Тухайн цагийн түүхчид энэ эмэгтэйг маш их ухаантай. Хар багадаа өнчирсөн хүүхдүүдээ хүмүүжүүлж, хаан суух арга ухаанд сургасан гэж үнэлдэг.

-Хубилай хувь хүнийхээ хувьд юугаараа онцлогтой хүн байсан бэ. Энэ хааны нэрээр үлдсэн түүхэн ололтууд юу байв?

-Мөнх хааныг эрдэмтэй мэдлэгтэй хүн байсан гэдэг. Мөнх хаан олон гадаад хэл мэддэг, ухаан мэдлэг төгс хүн байсан гэж сурвалжид тэмдэглэсэн байдаг. Хубилайн тухай гоц гойд гэж тэмдэглэсэн мэдээлэл ховор. Монгол сурвалжид Чингис хаан Хубилайн тухай “Хубилай хүүхний үг ажигтай гарнам бөлгөө” гэж хэлсэн гэдэг. Үг нь хэрсүү сүрхий юм байна гэж хэлсэн гэсэн үг. Зарим судлаачид үүнийг сүүлд зохиосон гэдэг. Ямар ч байсан Чингис хаан бусад ач нараасаа арай өөр гэж үнэлдэг байжээ. Хубилайн үед хэд хэдэн гол зүйлийг хийсэн. Нэгдүгээрт: Монголын хаадын явуулж байсан байлдан дагууллыг туйлд нь хүргэсэн. Энэ үед Хятадын өмнөд хэсэгт байсан Өмнөд Сүн улс, Түвдийг бүрэн эзэлсэн. Солонгосыг өөрийн хараат улс болгосон. Хэдийгээр амжилтгүй төгссөн ч Япон руу хоёр удаа довтолгоон хийсэн. Бирм, Вьетнам гэх мэт зүүн өмнөд Ази, өмнөд Азийн улсуудыг хараат улс болгож, өөрийн захиргаанд оруулсан. Зүүн өмнөд Азийн Ява, Суматра арал өнөөгийнхөөр бол Индонез, Энэтхэг хүртэлх олон далайн жижиг улсуудыг өөртөө алба барьдаг хараат улс болгож чадсан. Хоёрдугаарт: Тухайн үеийн өрнө, дорныг холбосон. Монголчуудыг XIII зуунд мандаж гарч иртэл өрнө, дорнын харилцаа холбоо муутай байсныг илүү чөлөөтэй нээлттэй болгож, нэг эзэнт гүрний захиргаанд орууллаа. Үүнтэй холбоотой мэдлэг ухаан чөлөөтэй бие биедээ дамжих нөхцөл бүрдсэн нь хожим дэлхийн газарзүйн том том нээлт гарах, хожим дэлхий орвонгоороо хувьсч өөрчлөгдөх эх үндсийг тавьсан.

-АСЕМ-ийн үндэс тавигдаж байсан юм биш үү?

-Одоогийнхтой хамаагүй зүйрлэж болохгүй л дээ. Гэхдээ өмнө нь монголчууд Юань улс Монголын эзэнт гүрний нэг хэсэг гэж үздэг байсан. Одоо бол Хубилайн үед тэгж их тасарч салсан юм байгаагүй юм байна. Монголын эзэнт гүрэн сул боловч нэгдэлтэй байжээ. Хубилай тэргүүтэй их хаадын удирдлагад оршсоор байсан гэдгийг илүү их нотолж байна. Ил хаант улс гэж Хубилайн дүү Хүлэгүгийн улс баруун Ази, өнөөгийн Иран, Ирак, Түркийн зүүн хэсэгт байсан. Хойд талд нь өмнөд Орост Алтан ордны улс гээд Зүчи хааны удмынхан байсан. Тэрнээс наашаа Цагаадайн хаант улс Дундад Азид байсан. Энэ гурван улс Хубилайнхаа захиргааг ерөнхийдөө хүлээн зөвшөөрөөд, нэгдсэн байдлаар оршиж байсан юм. Тийм ч учраас их хааны зарлиг тушаалыг хүлээн зөвшөөрдөг. Нийт эзэнт гүрний хэмжээнд Хубилайн бодлого үйлчилж байсан гэж үздэг.

-Монголчууд далайд гарцгүй улс гэдэг. Тухайн үед далайн тээвэртэй байжээ?

-Байлгүй яах вэ. Хубилай хаан хэд хэдэн шинэчлэл хийсэн. Нэгдүгээрт: мөнгөний бодлого, цаасан мөнгө гэдгийг Монголын эзэнт гүрний хэмжээнд нэгдмэл байдлаар хэрэглэх болсон. Хубилай хаан цаасан мөнгө санаачилсан гэж манайхан буруу яриад байдаг. Цаасан мөнгө түүнээс өмнө ч байсан. Цаасан мөнгийг явцуу хүрээнд хэрэглэдэг байсан. Тэр хүрээнээсээ гарахаар хүн итгэдэггүй байсан. Цаас шүү дээ. Ийм байсныг Хубилайн үед төрөөс цаасан мөнгийг нэгдсэн байдлаар хэвлэж гаргаад, цалин цагаан мөнгөний баталгаа олгосон байдаг. Одоо валютын алтан баталгаа банкинд байдаг шиг гэсэн үг шүү дээ. Тиймээс Хубилай орчин үеийн цаасан мөнгөний тогтолцооны эх үүсвэрийг тавьсан гэж болно. Хоёрдугаарт: Далайн тээврийн хувьд Юань улсын үед оргилдоо хүрсэн. Өмнөд Сүн улсыг буулгаж авах үед тэдний флот тэр чигээрээ шахуу монголчуудын мэдэлд орж ирсэн. Хубилай цэргийн хөлөг онгоцыг байлдаанд ашиглаж байсан. Бусад хөлөг онгоцууд ялангуяа Баруун Азийн ислам шашинтнууд хэдийнээ өмнөд Хятадад ирээд далайн худалдаа эрхэлдэг. Тэд баруун тийш Энэтхэг, Иран хүртэл далайгаар аялдаг, худалдаа хийдэг байж. Тэр их уламжлалыг Хубилай өвлөж аваад илүү өргөн хүрээтэй болгосон. Худалдаа хийх эрхийг нь ислам гаралтай худалдаачдад олгосон. Улсаас хөхиүлэн дэмжиж тэдэндээ мөнгө цаас зээлүүлж, санхүүгийн туслаж үзүүлдэг. Хууль эрх зүйн дэмжлэг үзүүлдэг. Нөгөөдүүл нь худалдаа наймааныхаа ашгаас хуваалцдаг. Хэн хэндээ харилцан ашигтай, түншийн хэмжээнд хүрсэн байдаг.

-Хубилай хэдэн жил хаан суусан бэ?

-Хубилай Монголын хаадын дотроос хамгийн өндөр насалсан хүн шүү дээ. 80 насалсан. 1294 онд нас барсан. Анх хаан сууснаас нь хойш тоолбол 34 жил, Аригбөхийн тэмцлийг дараад ганцаараа хаан ширээнд суусанаас тооцвол 30 жил хаан суусан.

-Хубилайг хэн залгамжилсан бэ?

-Хубилай урт насалсан учраас түүнийг амьд байхад олон хөвгүүд нь нас барсан байсан. Тэгээд түүний ач хүү Төмөр гэдэг хүнийг Хубилай дараагийн залгамжлагчаараа нэр цохсон. Төмөр нэртэй хүн олон. Монголын хаад нэрнээс гадна тодотгодог цолтой. Жишээлбэл: Хубилайг Сэцэн хаан, Төмөр хааныг Өлзийт гэдэг байсан. Өлзийт Төмөр хаан 13 жил хаан суусан. Өлзийт Төмөр хааны үед урьд нь хэдэн арван жил Хубилайтай тэмцэлдэж байсан Хайду тэргүүтэй “самуун” намжиж, монголчууд хоорондоо найрамдсан. Ямартай ч Төмөр хаан өвөг эцгийн байгуулсан их гүрнийг тэр хэвээр нь хадгалаад дараагийн хүнд өгсөн. Түүний дараагаас хаан ширээний төлөө тэмцэл ах дүү нарын хооронд өрнөсөн билээ.

Б.Янжмаа

Categories
мэдээ цаг-үе

Өндөр Гэгээний түүх, Өвөрхангай нутгаар

УИХ-ын гишүүн
Я.Содбаатар, Г.Лүндээжанцан нар Есөн зүйл
сум, Өвгөн суварга

Их соён гэгээрүүлэгч, Өндөр
гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн хүрээнд түүний төрж өссөн, ажиллаж
амьдарч байсан нутгаар аяллаа. Өнөө жил Өндөр гэгээний өлмий нутаг Өвөрхангайд
нар, хур тэгш дүүрэн байна. Түүний төрсөн нутгийг нь өнөөгийн Өвөрхангай
аймгийн Зүйл сумын Есөн зүйлийн булаг хэмээн эрдэмтэд тогтоосон. Судалж
тогтоосон гэхээсээ хууч домог, нутгийн ардуудын яриагаар маргашгүй
нотлогдчихсон байдаг. Одоогоос 380 жилийн тэртээ буюу 1635 онд Түшээт хан
Гомбодоржийн хатан Ханджамц төрөхөөр болжээ. Хэдийгээр хатан нь бие давхар, өвлийн
тэргүүн сар гараад байсан ч отор нүүдэл хийн Орхоны хөндийгөөс Есөн зүйлийн хөндийг зорьсон байгаа нь
сонирхол татна.

Учир нь тухайн үед Монгол
нутагт шашны томоохон хямрал болоод байсан цаг. Шашны хямралаас гарахын тулд Өндөр
гэгээн Занабазарыг мэндлэхээс хоёр зууны тэртээд Автай сайн хан олон ч ажил
зохион байгуулсан түүхтэй. Тодруулбал Автай сайн хан нэгэн удаа нутгаа эргэж
явахдаа Есөн зүйлийн булагт шарын шашны ухаанд нэвтэрсэн хүмүүстэй таарч тэндээ
тэмдэг тавин “Ирэх цагт энд Монголын шашны тэргүүн мэндлэх учиртай” хэмээн
хэлсэн нь түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Уг бэлгэдлийн дагуу Түшээт хан
Гомбодоржийнх өвлийн тэргүүн сард Есөн зүйлийн хөндийг зорьсон нь тэр. Ингэж л Өндөр гэгээн Занабазарын түүх Есөн зүйлийн
булаг, Мандаа толгойгоос эхэлжээ. Энэ болоод Өндөр гэгээнтэй холбоотой бусад түүхийг,
түүхийн ухааны доктор Д.Хоролдамба, нутгаас төрсөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан,
Я.Содбаатар, АН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг, Гандантэгчинлэн хийдийн
тэргүүлэгч лам, гавж Д.Лувсанжамц, Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм
шинжилгээний ажилтан доктор С.Амарбаяр нар тун ч сайн ярина. Өнгөрсөн өдрүүдэд
зохион байгуулагдсан “Өндөр гэгээний нутгаар” тойрон аялалд ч тэд оролцож
холбогдох бүхий л түүхийг сэтгүүлчдэд ярьж, тайлбарлаж өгч байлаа.

Өндөр гэгээн Занабазар хөлд
орсон цагаасаа л их хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэдэг нь олон ч эх сурвалжаар
батлагддаг. Түүнийг төрсөн цагаас нь хойш Түшээт хан Гомбодоржийнх байнга шахам
нүүдэллэсээр өнөөгийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ширээт цагаан нуурт 1640
оны үед ирсэн түүх бий. Энэ цагт буюу Өндөр гэгээн Занабазарыг Халхын анхдугаар
Богдод өргөмжилж гэгээнтэн цол олгосныг хүмүүс мэднэ. Эндээсээ хоёр жилийн
дараа Өндөр гэгээн Занабазарыг долоон настайд түүний хүй цөглөсөн газар болох
Есөн зүйлийн булгийг тахиж, сүм бариулан, суварга босгон шүтэж ирсэн нь өнгөрсөн
зуунд түүхээс арчигджээ. Их хэлмэгдүүлэлтийн тэр жилүүдэд буюу 1930-аад оны
дунд үед “Орос хүмүүс ирж 300 жилийн настай суварга, хийдийг нураан туурийг нь
ч үлдээлгүй ачиж явсан” гэдгийг нутгийн ард Гомбо гуай өнөөдөр хүүрнэж байна.
Тэрээр өдгөө 96 нас элээсэн ч тухайн суварга, хийдийн шүншиг, аравнайг нутгийн
ардууд хадгалж явсаар 1950 оны дундуур Улаанбаатар хотод, Төв ганданд хүлээлгэж
өгчээ. Одоо Гандантэгчинлэн хийдэд байдаг Буяны модны баруун дээд суваргад 370
орчим жилийн настай тэр шүншиг, аравнай бий гэдгийг ярьж байна.

Өндөр гэгээн Занабазарын
мэндэлсний 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үндэсний хороо, Засгийн газрын
хэтийн зорилго нь түүний төрж, ажиллаж, амьдарч байсан нутгаар шашин номын
аялал жуулчлал буюу мөргөлийн замыг нээх ажээ. Монголчууд Өндөр Богдоо шүтэхгүй
хэрнээ хойд урд этгээдэд зорчиж байгаа нь эдийн засаг талдаа, бусад
ойлголтоороо ч баахан буруу хэмээн анхдугаар Богдын байгуулсан сүмийн үйлийг үргэлжлүүлж
буй лам хуврагууд тайлбарлаж байна. Өндөр гэгээний нутгаар аялахуйд ийм үзэлтэй
олон ч хуварга, хувилгаан таарах агаад Гэгээнтэй холбоотой түүхийг энд
ишилснээс ч өнгөтөөр ярьж өгөх юм. Тодруулбал, Шанхын хийд, Төвхөн хийд, Эрдэнэ
зуугийн тайлбарлагч, хуврагууд “Ер нь бол шарын шашны Монгол дахь урсгал бол
хойд урд хөрш, тэр дундаа Түвдэд дэлгэрснээс тэс өөр. Өндөр гэгээн бол Монголын
шарын шашныг нээн дэлгэрүүлэгч хийгээд нэрт соён гэгээрүүлэгч юм гэж эхлээд
цааших түүхийг ёстой л нэг амьсгаагаар хөврүүлцгээнэ. Шанхын хийдийн хувьд Өндөр
гэгээн Занабазар 1647 онд 13 настайдаа үүсгэн байгуулсан бөгөөд тухайн хийд нь
их хэлмэгдүүлэлтийн үе хүртэл үйл ажиллагаа явуулж байжээ. Тухайн үед сүм
дуганыг нь бүрэн бүтэн авч үлдэхийн тулд зориулалтыг нь өөрчлөн ашиглаж байсан
аж. Тухайлбал, гурван гол дуганы нэгийг нь ноосны агуулах нэрээр бүтэн үлдээсэн
түүхтэйг хийдийн бурханч лам онцолж байсан. Шанхын хийдэд Өндөр гэгээн
Занабазарын таван настайдаа өмсч байсан баривч зэргээс эхлээд холбогдолтой бүхий
л үзвэр, баримт нь бий. Харин бидний Төвхөн хийд хэмээн хэлж заншсаныг 1653 онд
Өндөр гэгээн Занабазар Дувхан хийд нэртэйгээр анх байгуулж байжээ. Өндөр гэгээн
Занабазар Төвхөн хийдэд сууж байхдаа олон сор бүтээл туурвисны нэг нь 1686 онд
зохиосон соёмбо үсэг юм.

УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг, Гандантэгчинлэн хийдийн гавж Д.Лувсанжамц

Түүний ажиллаж амьдарч байсан
нутагт түүнтэй холбоотой түүхэн үзвэр, сүм хийд элбэг байхын зэрэгцээ үзэсгэлэнт
газрууд олон. Өвөрхангай аймгийн Бүрд сум, Элсэн тасархай буюу Их Монгол Уул,
Ширээт нуур, Зүйл сумын Есөн зүйлийн хөндий, Өлзийт сумын Сангийн далай, Бат-Өлзий
сумын Үүртийн тохой, Улаан цутгалан, Хархорин сумын Орхоны хөндийн олон ч газар
очсон хүн бүрийн нүдийг булаахаар байна. Өндөр гэгээний замналаас гадна
Монголын үе үеийн төр түшиж явсан хүмүүсийн түүх ч тэнд оршжээ.

Л.Мөнхөө

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Наадмаар юу үзэж, сонирхох вэ?​

Тулгар төрийн 2224, их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын соёл урлагийн үзвэр, үйл­чил­гээний хөтөлбөрийг то­лилуулж байна.

Долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд 10:00-18:00 цагийн хооронд урлагийн тоглолт болох бөгөөд 09:00-17:00 цагийн хооронд “Монгол хуу­шуур-2015” фестиваль болох юм. Долдугаар сарын 11-нд Хүй долоон худагт 16:00-19:00 ца­гийн хооронд холч морьдын уралдаан болох бол 14:00 цагт Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа болно. Мөн 11-13-ны өдрүүдэд 14:50-15:20, 11:40-12:10 цагуудад “Морьтон монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүл­бэр үзүүлэх аж.

Долдугаар сарын 10-12-ны өдрүүдэд 10:00-18:00 цагт “Сэр­сэн тал” соёлын наадам болох бол долдугаар сарын 12-нд 08:30-09:00 цагт шүхрийн буултын үзүүлбэр үзүүлэх гэнэ. Долдугаар сарын 13-нд 07:00-18:40 цагт “Уяачдын наадам” болж, долдугаар сарын 14-ний өдөр 10:00-17:00 цагийн хооронд “Монгол адуу­чин баяр” болох юм.

Их эзэн Чингис хааны нэ­рэм­жит талбайд долдугаар сарын 14-ний 22:00 цагт “Best of classics” сонгодог урлагийн үдшийн цэнгүүн болно. Дол­дугаар сарын 11-нд 15:00 цагаас “Хөсөгтөн” хамтлаг, Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нар хүндэтгэлийн концертод ая дуугаа өргөх юм байна.

Чингисийн талбайд дол­дугаар сарын 10-нд 19:00 цагт “Дээлтэй мон­гол” наадам болж 22:00 цагт “Учиртай гурван толгой” дуурь тоглогдоно. Долдугаар сарын 11-нд 21:00 цагт “Улаан­баатарын үдэш-Эх орноо хамт­даа дуулъя” рок попын урлагийн тоглолт болох юм. Долдугаар сарын 12-нд 21:00 цагт “Талын бүжиг” Монгол үндэсний бүжгийн наадам болно. Мөн долдугаар сарын 13-ны 20:00 цагт “Морин хуур” олон улсын фестиваль болж, долдугаар сарын 14-нд 21:00 цагт “Ulaanbaatarswing night” фестиваль тус тус болох аж.

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгад долдугаар сарын 09-15-нд 18:00 цагт “Монгол урлагийн гайхамшиг” тоглолт болно. Монголын хүүхдийн ордонд долдугаар сарын 09-нд 11:00 цагт наадмын хүүхдийн гала концерт болох юм байна. Нийслэлийн “Улаанбаатар” чуул­га долдугаар сарын 10-ны 19:00 цагт “Ариун хаврын тахилга” этно балет тоглох гэнэ.

Долдугаар сарын 11-нд 19:00 цагт “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл, дол­дугаар сарын 12-нд 19:00 цагт “Colors of mongolia” ардын урлагийн тоглолт болно. Үндэсний соёл, амралтын хүрээлэнд долдугаар сарын 12-нд 22:00 цагаас “Silence white” дижи урлагийн шоу болох юм байна.

Улаанбаатар хотын му­зейд долдугаар сарын 10-15-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд үзмэрээ дэлгэх аж. Монголын уран зургийн галерейд долдугаар сарын 01-25-ны өдрүүдэд 10:00-22:00 цагийн хооронд “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн үргэлжилнэ.

Монголын үндэсний музей, Дүрслэх урлагийн му­зей долдугаар сарын 06-15-ны өдрүүдэд 08:00-22:00 цагийн хооронд өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйл­чилнэ.

АВТОБУС БАЯРЫН ӨДРҮҮДЭД ҮНЭГҮЙ ҮЙЛЧИЛНЭ

Үндэсний их баяр наад­мын өдрүүдэд нийтийн тээв­рийн үндсэн 81 чиглэлд их багтаамжийн 615, туслах 17 чиглэлд бага багтаамжийн 90, зуслангийн гурван чиглэлд дөрөв, нийт 725 автобус нийс­лэлчүүдэд үйлчилнэ.

Тухайлбал, долдугаар са­рын 11,12-ны өдрүүдэд “Дүн­жингарав”, “Төв цэнгэлдэх хүрээлэн”, “Мишээл экспо” гэсэн гурван чиглэлд 20 том оврын автобус үнэгүй үйлч­­лэх юм байна. Мөн “Хүй до­лоон худаг”, “Дунд голын га­рам” чиглэлд рэйлбус зор­чихоор болжээ. Улмаар дээрх рэйлбусын зорчигчдыг “урбанек”-ийн зогсоолоос төв цэнгэлдэх рүү хүргэх “Дунд гол-Төв цэнгэлдэх” чиг­­­лэлд таван автобус ир­гэдэд үнэгүй үйлчлэх юм. Харин “Хүй долоон” худаг дахь рейлбусын зогсоолоос морь барианы газар хүртэл “Давааны зөрлөг-Хүй 7 худаг” чиглэлийн таван автобус энэ сарын 10-15-ны өдрийг хүртэл богино эргэлтээр үнэ төлбөргүй иргэдэд үйлчилнэ гэж Зорчигч тээврийн нэгт­гэлээс мэдээлж байна.

Мөн долдугаар са­рын 11,12-ны өдрүүдэд “Ган­дан­гийн гудамж”-ны автобусны зогсоолоос, долдугаар сарын 13,14-ний өдрүүдэд хотын төвөөс буюу ”МУБИС”-ийн баруун талын автобусны зог­соолоос их багтаамжийн 20 автобус, “3,4 дүгээр хо­роолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ор­дон”-ы зогсоолуудаас нийт 20 бага багтаамжийн автобус тус тус “Хүй долоон” худаг руу явах юм байна.

НААДМЫН ҮЕЭР ХААЛТТАЙ ЗАМУУДЫГ НЭЭХЭЭР БОЛЖЭЭ

Улсын баяр наадмаас өм­­нө нийслэлд хийгдэж буй ав­то замуудын өргөтгөл, ши­нэчлэлийн ажлыг эрчимжүүлж, бая­рын үеэр хаалттай за­муудыг нээж, тээврийн хэрэгс­лийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Хойд зуслангийн чиглэлд Дам­­ба­даржаагийн уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх таван км авто за­мын эхний 1500 метр авто замын суурь хучилтыг хийж хөдөлгөөнийг долдугаар са­рын 08-нд нээх юм. Шарга морьтын уулзвараас Ханд­гайтын зам хүртэлх 6.75 км авто замын ажлын хүрээнд Шаргаморьтын уулзвараас Нямдоржийн гүүр хүртэл 2.8 км авто замын хучилтыг хийж зорчих хэсгийг долдугаар сарын 09-нд нээх аж.

Мөн Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км авто замын эхний 1.1 км-ээс зургаан км хоорондох нийт таван км замын асфальт бетон хучилтыг бүрэн хийж долдугаар сарын 09-ний орой тээврийн хэрэгслийн хө­дөлгөөнийг нэвтрүүлэх гэнэ. Улаанбаатар хотын ду­лаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600500 бол­гон өргөтгөх ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замыг гурван үе шат­тайгаар хааж, засвар, шугам хоолой солих ажлыг хийж буй. Эхний үе шат буюу Төв шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал хүртэл зам, хоёрдугаар үе шат буюу Цэцэг төвийн уулзвараас Ул­сын Их дэлгүүрийн уулзварын дагуух шугам хоолой солих ажлыг товлосон хугацаандаа гүйцэтгэж, замыг нээсэн юм. Харин гуравдугаар үе шат буюу Улсын их дэлгүүрээс баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замыг 2015 оны долдугаар сарын 14-нөөс наймдугаар сарын 10 хүртэл хааж шугам хоолойг солихоор төлөвлөөд байгаа ажээ.

НААДМЫН ӨДРҮҮДЭЭР ИХЭНХ НУТГААР ХАЛУУН БАЙНА

Улаанбаатар хотод 11, 12-ны өдрүүдэд бороогүй, 30 хэм давж халах төлөвтэй байгаа учраас ард, иргэдийг наршихаас сэргийлэхийг Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс сэрэмжлүүлж байна. Харин 13-ны өдөр бороо орж сэрүүсэх төлөвтэй байгаа гэнэ.

Малчид, тариаланчдын анхааралд 11-12-нд баруун аймгийн ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Завхан, Баян­хонгорын хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус өдөртөө 18-23 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус дулаан байх аж.

Төвийн нутгаар 12-нд за­рим газраар түр зуурын дуу ца­­­­­­­хилгаантай бороо орно. Бо­­рооны өмнө салхи зарим газ­раар түр зуур ширүүснэ. Дар­­­­хадын хотгор, Хангай, Хөвс­­гөлийн уулархаг нутгаар шө­нөдөө 8-13 градус өдөртөө 20-25 градус дулаан, Орхон-Сэ­лэнгийн саваар шөнөдөө 15-20 градус өдөртөө 32-37 гра­­дус дулаан, бусад нутгаар шө­­нөдөө 12-17 градус өдөртөө 26-31 градус хүрч халах юм байна.

Зүүн зүгийн нутгаар шөнө­дөө 14-19 градус өдөртөө 33-38 градус хүрч халах бол говийн ихэнх нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 30-35 градус хүрч халах төлөвтэй байна.

ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Алтайн нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Сагсай, Түргэн, Хар­бут, Чигэртэй, Булган, Төгрөг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, Ус судлалын Ховд-Өлгий, Сагсай-Буянт, Харбут-Алтай, Булган-Байтаг, Төгрөг-Ман­хан, Халх-Баянхошуу харуул орчмоор үерийн түвшинг 5-25 см, Ховд гол Мянгад сум, Буянт гол Ховд хот орчимд үерийн аюултай түвшинг 5-10 см даван тус тус үерлэж байна. Долдугаар сарын 8-нд Ховд гол Мянгад сум орчимд усны түвшин 10 см орчим нэмэгдэнэ. Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж, аялж, амарч, зугаалж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байж бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол ус руу явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.

С.АРИУН

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын арслан Л.Сосорбарам: Мөнхбатад намайг хаях аргыг “хужаа” Чүлтэмсүрэн гуай хэлж өгсөн гэдэг

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хүчит арслан Лувсанчимэдийн Сосорбарамтай хөөрөлдсөнөө хүргэе.

-Өмнөх үеийнхээ бөхчүүдээс Түвдэндорж аваргатай ойр байсан гэдэг. Аваргатай барилдаж байв уу. Тэр тухай хуучлахгүй юу?

-Халхын их аваргатай хоёр удаа барилдах хувь тохиосон юм. Тавин найман онд спортын төв ордон анх нээлтээ хийлээ. Спортын ордны нээлтэд зориулсан барилдаанд Түвдэн аварга манлайлж бослоо. Аварга бол надаас 21 насаар ах хүн. Уг барилдааны их шөвөгт аварга намайг амласан юм. Хав дөрвөлжин барьцнаас шууд баглаад авахаараа тун эвгүй шүү дээ. Би түүнийг нь эрхбиш гадарлана. Тийм барьц өгөлгүй сэрвүү барьцнаас хүч үзээд унагачихаж байсан. Жаран онд байна уу даа, Ховд хотын ой болдог юм. Түвдэн аварга бид хоёр онгоцоор явж таарлаа. Ховдынхон аваргыг урьсан хэрэг. Би яахав, оюутан хүүхэд дагаад оччихсон. Тэр наадамд Х.Баянмөнх анх тав давж, аймгийн начин болж байсан. Шөвгийн дөрөвт Түвдэн аварга Увсын Норовыг амлаж, Завханы “уран гараат” Г.Баттогтох бид хоёрыг тунаадаг юм. Би Баттогтохыг давж аваргатай үлдээд “Түвдэндорж гуай та түрүүлэх үү” гэхэд “Үгүй, үгүй. Хоёулаа сайхан барилдана” гэж байсан. Намайг давна гэж бодсон байх л даа. Ингээд тэр том ойд аваргыг давж түрүүлж байсан түүх бий.

-Мөөеө аварга улсад анх түрүүлэх жил(1963 он)-ээ шөвгийн дөрөвт тантай тунаж барилдсан. “Со арс­лантай барилдахаар гара­хад хоёр хөлийн өвдөг салганатал чичрээд, амихандаа түүнийгээ мэдэг­дүүлэхгүй гэж гуяа алгадан дороо тойрон эргэл­дэж байлаа” гэж дурссан байдаг?

-Дороо учиргүй дэвхцэж, гуяа алгадаад байж билээ. Намайг сүрдүүлж байна гэж л бодохгүй юу. Тэгтэл хоёр хөлийнх нь өвдөг чичрээд байсан юм билээ л дээ.Тэр үед Мөнхбатыг би ихэвчлэн давдаг байсан юм. Хөвсгөлийн “хужаа” Ө.Чүлтэмсүрэн арс­лан Мөнхбатад “Чи Сосор­барамтай баталгаатай туна­на. Чи олон ойчсон. Чамд түү­нийг хаях ганц арга бай­на. Сосорбарам эхлээд чам руу их хүчтэй дайрна. Энэ дайралтыг чи ямар нэгэн байд­лаар тогтоох ёстой. Цаа­дах чинь дайраад зогсохдоо арагшаа заавал ухарч гиш­гэдэг юм байна. Яг тэр гиш­гэд­лийг тааруулан чи ард нь хөл тавиад түлхчих“ гэж тун нарийн хэлж өгсөн байдаг. Хашир арслан миний барил­дааныг ажиглаад л байж. Яг ийм байдлаар Мөнхбатад би унасан. Дараа жил бид хоёр шөвгийн наймд тунадаг юм. Би Мөнхбатын баруун хөлийг авч энгэртээ авчраад хаяж чадаагүй шүү дээ. Ер нь Мөнхбат надаас их айдаг байв. Учир нь би ах Чадраабалтай нь найз. Одоо ч намайг ах аа л гэнэ шүү дээ. Чи гэж нэг ч хэлэхгүй. Анхдугаар спартакиадын тойргийн барил­даанд би Архангайн бөх, Чимэд-Очир аваргын дүү Намсрайжавыг суйлж хаяхдаа солгой ядам хуруугаа булгалчихсан юм. Тэгээд боож бай­гаад үзсэн дээ. “Ноёны бөх” гэгддэг улсын начин Жоржооны Жигмэддорж, Ж.Мөнх­бат, Ж.Чойжилсүрэн нарт унасан юм даг. Мөнхбат тэр барилдаанд Дундговийн Цэнд-Аюуш арсланд унасан. Тэр барилдааны дараа Төмөр замын соёлын ордонд болсон нэг барилдаанд “Дундговийн мангар улааныг хаяад өгье” гэж амлаж барилдаад бас унасан. Ер нь хэд хэд унасан байх. Цэнд-Аюуш гэж өндөр том биетэй, ханхалзсан эр. Эргэлдсэн улаан алаг нүдтэй сайхан бөх байж билээ. Мөнхбатыг олон хаясныг хүмүүс тэр бүр мэддэггүй юм.

-Та бол Түвдэндорж, Батсуурь, Дамдин авар­гуудтай барилдаж явсан, мөн өөрийн үеийн Цэрэн, Бээжин аваргууд байна. Залгуулаад “Хоёр Мөнх”, “Тэмээ өргөдөг” Жамьян­дорж, Дэмүүл, Мижиддорж, Чойжилсүрэн, “том” Жамц, Эрдэнэ-Очир, Дагвасүрэн гээд аваргын дайтай хүчит арслангуудтай нэгэн үед зодоглож байсан түүхтэй бөх. Тэдгээр бөхчүүдийн тухай ярилцана гэвэл урт түүх болно. Гэхдээ зах зухаас нь асууя. Жалбуугийн Чой­жил­сүрэн арслан та хоёрыг их ойр байсан гэдэг?

-Яриа юу байхав. 1958 онд анх Монгол Улсын их сургуулиас бие дааж байгуу­лагдсан Хөдөө аж ахуйн их сургуульд хамт орж байлаа. Тэр цагаас хойш Чойжоогоо өнгөртөл нь ойр дотно явсан.Надаас нэг ах хүн байв. Ө.Эрдэнэ-Очир тэр хоёр чацуу юм. Би малын эмч, мань хүн зоотехникч. Сурлага тийм сайнгүй болохоор багшаар үлдэх тухай бодоо ч үгүй байтал бид хоёрыг багшаар үлдээсэн. Жамьянжав багш гэж бурхан хүн. Чойжоо их уран барилдаантай, гэм нь залхуу. Сурч байх үедээ үеийн бидний нөлөөгөөр барил­даж байгаад тэгсхийгээд барил­дахаа больчихсон хүн шүү дээ. Чойжоогийн маань хоёр мөр ч мөн лут даа. Манай хүн ярианд их тааруу. Нэг удаа сурвалжлагч баахан юм асуухад нь ганц нэгхэн зүйл хэлчихээд “Миний тухай Сосорбарам сайн мэднэ. Түүнээс асуу” гэсэн юм гэнэ лээ. Үнэн барилдахгүй, барилд­маар аядсанаа л инээгээд унаад өгнө. 1963 оны наадмын долоогийн даваанд Ш.Батсуурь аварга Чойжилсүрэнг авч би хэдэн хүний дараа Эрдэнэ-Очир, Баянмөнх, Дэмүүл гурваас Дэмүүлийг авлаа. Засуул дээр Чойжоо бид хоёр зэрэгцээд гардаг юм байна. Чойжоо“Би ч мөн азтай хүн ээ. Миний барилдах хүнийг чи хардаа, тоодгоносон хөгшин аварга, чинийх болохоор бул чулуу, чи яана даа, хөөрхий” гэж хор шар малтах аястай хэлж байна. Тэгээдби муу Дэмүүлээ даваадахав. Харин Чойжоо маань аваргыг хоёр хөлөндөө давхар гүйлгээд байдаггүй. Үндсэндээ Батсуурь аварга түүнийг хүүхэд шиг аваад шидчихлээ. Асарт ирээд би “За, нөгөө тоодгоносон хөгшин аваргаа яав” гэтэл “Ингэнэ гэж би ердөө санаагүй” гээд дахин дахин үглээд байж билээ. Мөн Хадааг начин болдог жил тавын даваанд амлан удаж, удаж уначихаад ирэхдээ инээгээд л байх юм. Юу болов гэсэн чинь “Би тэгтлээ муудаа юу, энэ хүүхэд тэгтлээ их хүчтэй хүн үү, нэг тийшээ унаж явтал татаж босгоод нөгөө тийш нь дарах юм. Унахын даваан дээр л өргөөд босгочих юм. Ядартлаа нухуулаад арайхийж нэг унаж амарлаа” гэж байв.

-Чойжилсүрэн гуай жаран хоёр онд “Би аварга боллоо” гэж гуяа алгадаж гараад Д.Жамц гуайг бараагүй түүх бий байх?

-Тэр жил бид хоёр төг­сөх ангийн оюутнууд боло­хоор дадлагад яваад бэлт­гэлд гарч чадалгүй шууд наадамд барилдсан юм. Яахав тэгээд л хаядаг хүнээ баралгүй уначихсан хэрэг. Манай Д.Жамц бяртай л даа, мундагладаг хүн. Харин барилдаан жаахан муутай юм. Сони­ноос нөгөө чөлөөтийнхөн (Ж.Мөнхбат, С.Цэрэн, Ч.Бээжин, Ө.Эрдэнэ-Очир нар) Болгарт анхны бэлтгэлд явсан жил Чойжоо бид хоёр зааланд ээлжлээд л түрүүлээд байж билээ. Ямар сайндаа би нэг өдөр гурав туучихаж байхав. Чойжоо “өмсдөг” Ц.Дамдиндорж, Ч.Бээжин хоёрт огт унахгүй. Намайг уначихаар их зэмлэнэ. Би угаасаа өмсөө, дэгээ хоёрыг хариулж чаддаггүй хүн. Булганы “дэгээ” Н.Батчулуунд (аймгийн арслан) их олон унасан. Тэр ч дэгээгээ л орооно, би ч савчиж, савчиж байгаад л унана. Нэг удаа циркийн жүжигчин Дундговийн Молдой гэж нэг жижигхэн нөхрийг дэгээ ороочихоор нь яаж ч чадалгүй унаад өглөө. Манайхан “Хөлөөр ньоролдвол мөн чмаруухандаа” гээд л намайгаа дооглодог байсан нь тийм учиртай.

-Дэмүүл арслантай, Булганы “дүүгүүр” Гомбо­сүрэнтэй барилдсан хор­жоон­той дурсамжууд их бий. Барилдааныхаа ховор сайхан дурсамжуудыг Бөхийн холбооны Д.Данзан тэргүүнд та нэгэнтээ дурссан байдаг юм?

-Данзан бол өвгөн бидний­хээ хууч яриа, дурсамж дур­датгалыг дандаа тэмдэглэж, олон түмэнд нэг их дэлгээд байдаггүй, амьхандаа нуу­цал­­­даг бүгдийг маань ил гар­га­чихдаг хүн л дээ. Наадам хаяанд ирсэн энэ өдрүүдэд ид барилдаж явсан үеийн дурсамж дурдат­гал илүүтэй тодрох юм. Жараад оны наадмын бөхийн барилдаан гэдэг чинь одоо бодоход зүрх үхмээр болдог байжээ. Түвдэндорж, Батсуурь аваргууд хараахан хариагүй ид л байсан үе. Дамдин аварга ёстой л нөгөө “гарлаа, өрлөө, давлаа” гэдгээ дуудуулж байсан. За тэгээд “Хоёр Мөнх” аймаар амьтад байна. Цэрэн, Бээжин гэж уран барилдаант аваргууд байна. Тэдэнтэй зэрэгцээд Жамъяндорж, Мижиддорж, Чойжилсүрэн, Эрдэнэ-Очир, Дэмүүл, П.Дагвасүрэн, Ж.Хайдав, У.Пүрэв, Т.Зундуй гээд яралзсан амьтад байлаа. Тэдний дундаас дээшээ гарч ирэх үнэндээ амаргүй. “Тэмээ өргөдөг”-ийг зааланд дэвээд гарахад шал дүн дүнхийгээд байдаг сан. Манайхны хэн нь ч гэсэн Жамьяндоржийг хав бариад дэгээ орооно. Тэгэхэд дэгээ ороосон хөлийг нь мулт татаад өөр дээрээ аваад ирнэ. Гэхдээ түүнд Дамдин аваргаас илүү бяр байгаагүй юм шүү. Дамдин гуайтай золгоход хад чулуу мөргөж байгаа юм шиг аймаар. Дамдин аваргатай би улсын таарч барилдаагүй юм. Аварга намайг амлаж байгаагүй хэрэг л дээ. Заал танхимд бол олон барилдсан.

Дэмүүл маань Өмнөговийн бөхчүүдээ “ЗИЛ-130”-ийнхаа тэвшин дээр ачаад л ирнэ. Их хурц, бэлэн цэцэн үгтэй хүн байв. Бид хоёр барилдаад будилсан удаа бий. Гэхдээ Дэмүүл түүнд огт юм бодохгүй. “Бид хоёр зүг нэг, муу шар толгойт минь” гээд над их сайн байж билээ, зайлуул. Наадамд ирж буцахдаа манай Бараатыг дайрдаг хэрэг л дээ. Нэг удаа заалны барилдаанд Дэмүүл бид хоёр будиллаа. Шүүгч Дэмүүлд “Чи унасан” гэчихэж.Мань эр уурлаад “Хотынхонд дээрэлхүүлэхгүй” гээд л сүйд. Тэгээд дахиж барилдлаа. Би давчихлаа. Гэтэл нөгөө шүүгч чинь “Одоо болов уу, унав уу” гээд асуучихлаа. Манай хүн “уналаа” гээд алгадчихдаг юм. Цагдаа сэргийлэх дуудах юм боллоо. Гэтэл Дэмүүл гэнэт татаад уначихсан. Тэгээдцагдаагийн машинаар эмнэлэг рүү явж байлаа шүү дээ. Болохоо болилоо гэж мэдээд зальдаж байхгүй юу. Тиймл сийрэг толгойтой, гүйлгээ ухаантай хүн байж билээ. Булганы дүүгүүр Гомбосүрэн бол бас л лут бөх. Манайхны хэлдгээр тийм ч амар боорцог байгаагүй. Далаад оны нэгэн барилдаанд бид хоёр хүч үзэж байтал үзэгчид “Сосорбарам аа, наадах чинь дүүгүүрдэнэ шүү” гээд орилолдож бай­на. Тэгтэл мань эр “Та бүх­нийг хэлсэн ч, хэлээгүй ч дүүгүүрдэнээ” гээд хэд хүчтэй эргүүлж байгаад үзэгчид рүү шидчихсэн сэн. Тэр үед хоёр хөл эмнэг адууных шиг байж дээ. Дөрвөн хөллөөд буусан санагдана. Харин толгой жаахан эргэж байлаа. Одоо бол үхэхгүй юү. Гомбосүрэн начин тийм л аатай барилддаг бөх байсан.

-Самдангийн Оргодол гэж танай Баянбараатын сайхан бөх байсан. Тавин таван оны наадамд хөтөлгөө морьтой ирж түрүүлчихээд буцсан юм гэнэ лээ. Үнэн юм болов уу?

-Тэр ч үнэний ортой байх шүү. Оргодол гуай 1954 онд Дундговь аймгийн наадамд Шарын Доржтовуу начинтай барилдахаар очсон байгаа юм. Тэгтэл шөвгийн дөрөвт үлдээд Чимэддорж гэж хүнд уначихаж. Өнөө Доржтовуутайгаа барилдаж чадалгүй аймгийн начин цол аваад буцжээ. Хойтон жил нь улсын наадамд зодоглох санаатай сумын даргадаа хэлтэл “Хадлан тарианы цаг эхлэх гэж байна. Юуны чинь найр наадам” гээд хавьтуулсангүй гэнэ. Тэгэхээр нь ямар ч байсан улсын наадамд зодоглоно доо гээд унаа морио уяачдад өгч явуулаад, өөрөө замын унаанд эмээлээ аваад суусан гэдэг шүү. Тэр жилийн наадам чинь гурвын даваанаас сугалаагаар барилдсан. Мань хүн У.Мижиддорж, Г.Цоодол гээд хүчтэй арслангуудтай таарч хаясан байдаг. Тун ч их бяртай хүн л дээ. Хэд хүч халаад гар дээрээ хий цохиод татчихдаг мэхтэй. Түүнд нь тогтох хүн ховор. Хоёр хөл нь гозойгоод л яваад өгнө.

-Та Оргодол арслантай барилдаж байв уу?

-Наймдугаар ангид орох жилээ Бараатынхаа наадамд анх барилдсан. Миний барил­дана гэж ямар юм байхав. Арслан мэх хийхэд туранхай чөргөр хүн чинь суганд нь наалдчихаад болж өгөхгүй байж. Тэгтэл гэнэт хүчтэй сэжихдээ тохойгоороо хамрыг минь сөхчихлөө. Хамрын хоёр нүхнээс зэрэг цус садраад тогтдоггүй. Хоёуланг нь бөглө­төл амаар гоожоод байж билээ. Оргодол гуай “Өндөр Лувсанчимэдийн энэ хүүг хоёр жилийн дараа би барахгүй шүү” гэж байлаа даа. Үнэндээ ч хоёр жилийн дараа арслан давж сумынхаа наадамд түрүүл­сэн. Бид хоёрт нэг нэг бор эсгий өгч байлаа. Үзүүр түрүүний бөхчүүдийн бай. Арслан байныхаа эсгийг эмээлийнхээ араар, мориныхоо хондлой дээр нэвсийтэл хаяад мордтол морь нь булгиад л, наадамчид “хүүе хаая, яадаг билээ” гэж хашгиралдаад л. Манай хүн тоож байгаа ч юм алга. Морио булгиулаад хээв нэг инээж харагдаж билээ. Адуу маланд мөн ч эрэмгий хүн байсан даа.

-Наадмын өмнө өвгөн арслантай уулзаж байна. Энэ жилийн бөхийн өнгийг тодорхойлж хэлэхгүй юу. Та­най галаас дээшээ барилдах бөхчүүд хэн байна?

-Богд хаан уулынхаа өвөр бэлийг бараадсан Өвөр хөндлөн хэмээх энэ газар сүүлийн хэдэн жил Эрдэнэ-Очир бид хоёр Төв аймгийнхаа бөхчүүдийг авч бэлтгэлд гарч байна. Цагаан толгойтой хоёр өвгөн гэртээ тогтож чадахгүй энд ирээд хэвтчихдэг. 60 шахам жил наадмын бэлтгэлд гарч байна. Гэр бүлийнхэн, хүүхдүүд одоо боль л гэдэг. Гэвч миний бие хөлс, тоос хоёртой хутгалдах хувьтай юм байлгүй дээ. Бөхийнхөө буянаар 70 настайдаа гавьяат авлаа. Энд ирээд хэвтэж байх нь жаргал юм. Сүүлийн хэдэн жил надаас олон хүн наадмын бөхийн өнгийг асууж байгаа. Би тэр энэ түрүүлнэ гэж хэлж байсангүй. Нэг хэсэг монгол бөхийн чанар заануудад байсан. Ялан­гуяа залуу зургаан заан гэж манай­хан ярьж байлаа. Тэд бүгд аварга, арслан, гарьд болцгоосон. Б.Ганбат л заанаараа байж байгаад сүүлд арслан боллоо. Уул нь би Ганбатыг ирээдүйн аварга мөн дөө гэж бодож байсан. Гэвч арслангаар үлдэж байна. Одоо бол наадмын түрүү үзүүрийн бөхийг таах багцаагүй болсон. Аймгийн цолтой бөх ч түрүүлэхийг үгүйсгэх аргагүй болсон. Шижигнэсэн начин, харцага, заанууд байна. Тэднээс зарим нь дээшээ гараад ирнэ гэж таа­вар­лаж байна. Манай галаас Б.Батмөнх заан, Ч.Батчулуун начин гээд дээшээ барилдах залуучууд байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол хэлний тайлбар толь

Монгол хэлний “толь” гэсэн үг юунаас үүссэнийг мэдэхгүй. Дүрс хардаг шилэн толь гэсэн үгтэй дүйцүүлж элдвийг лавладаг номыг толь гэсэн болов уу, эсвэл эсрэгээр үү? Толигор гэж үг бий, үүнээс үүдээд дүрс хардгийг толь гэж нэрлэх болсон байх магадлалтай. Юутай ч дөнгөж сая Сингапурт хэвлэгдээд ирсэн Монгол хэлний зурагт тайлбар тольд “ТОЛЬ – Гэрэл ойлгож дүрс буцаан харуулах зориулалттай, өнгөлсөн шилэн гадаргуу” гэж тайлбарлаад зургийг нь тавьжээ. Үүнтэй адил нэрлэгддэг лавлагааны цаасан номыг ялгахын тулд “толь бичиг” гэх авч амьдралд товчхоноор “толь” л гэдэг. “Толь бичгийг толь бичигт тайлбарлахдаа “ТОЛЬ – Үгсийг цэгцлэн толгойлж товч мэдээлэл, тайлбар хийсэн ном. Нэрээр болон сэдвээр толгойлдог. Хэлний ба нэвтэрхий хэмээн хоёр үндсэн зарчимд тулгуурлана. Компьютер технологи хөгжсөний дүнд цахим болон онлайн толь сүүлийн үед бас буй болжээ”.

Монголчууд түүхийн явцдаа олон янзын толь бүтээжээ. Таван зүйлийн үсгээр хавсаргасан манж толь зэрэг хэлний толиноос гадна, Гучин зургаат, Хорин нэгт гээд тайлбар толиуд бий. Ялангуяа Түвдийн буддизм нэвтэрснээс хойш түвд, энэтхэг, хятад толь зүйн соёл хүчтэй нэвтэрч орчуулахаас гадна өөрсдөө ч үйлдэх болов. Үүний оргил нь болох Ганжуур, Данжуур зэрэг Буддизмын нэвтэрхий толийг Лигдэн хааны үед олон ботиор хэвлэсэн явдал билээ. Ганжуур бол үгийг тайлбар гэсэн түвд үг ба энэхүү 108 ботид шашин, гүн ухаан, түүх, логик, анагаах, хэлзүй гэх мэтийн асуудлыг хамруулжээ. Тодотгол гэсэн утгатай Данжуур хэмээх 225 боть ном нь Ганжуурын тайлбар тодотгол юм. Энэ аварга бүтээлийг монгол хэлнээ орчуулахын өмнө нэршил, дараалал, логик зэргээ монгол хэлнээ цэгцлэн нэг мөр болгохын тулд Мэргэд гарахын орон хэмээх хэлний толийг монгол эрдэмтэд бүтээсэн байна.

Орчин үеийн өрнөдийн хэлбэрээр монгол толь зохиох ажлыг анхлан оросууд хийж эхэлсэн бололтой. XIX зууны эцсээр гарсан Франц-Орос-Монгол толь, 1934 онд хэвлэгдсэн Бурятско-Руский словарь, 1957 онд Шведэд хэвлэгдсэн Англи-Монгол, Монгол-Англи толь зэрэг нь анхдагч бололтой. Дамдинсүрэнгийн Орос Монгол толь, Лувсандэндэвийн Монгол Орос толь нь орчин цагийн монголчуудын бүтээсэн эхний хоёр хэлний толь юм. Үүний зэрэгцээ Гадаад үгийн, Эсрэг утгатай үгийн, Хүний нэрийн, Өвөрмөц хэллэгийн гэх мэт нэлээд бүтээл гарчээ. 1990 оноос хойш хоёр хэлний маш олон төрлийн хэлний толь зохиогдон хэвлэгджээ. Урьд нь англи, хятад, орос хэлний монгол толь л байсан бол эдүгээ түрэг, япон, солонгос, франц, герман гэх мэт хэл болгоны толь зохиогдсон байна. Үүнээс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Оксфордын Англи Монгол толь, Коллинзын Англи Монгол толь, Коллинзын Орос Монгол толь, Лангэншайдтын Герман Монгол толь нь олон улсын жишигт хүрсэн бүтээл юм.

Шинэ үеийн сэдэвчилсэн толь буюу нэвтэрхий толь бүтээх санаа анхлан 1970 онд гарч эхний редакцид 200 орчим эрдэмтдийг хамруулан Төв номын сангийн өмнө Сталины хөшөөг бүчээд бүгдээр зургаа авахуулж байсан нь гэрэл зурагт үлджээ. Энэ толь арай гэж гуч гаруй жилийн дараа хоёр боть болон гарахдаа оролцож байсан нэгэн албан тушаалтны зохиол бүтээл болж хэвлэгдсэн юм. Улсын асар их мөнгө шингээсэн энэ ном одоо үеийн байтугай хэдэн зуун жилийн өмнөх толины шаардлагыг ч хангах аргагүй. Энэ хооронд Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь хэл үггүй гарч хэд дахин хэвлэгдсэн. 2010 онд Британника нэвтэрхий толины монгол хувилбар найман ботиор хэвлэгдсэн нь монгол хэлээр гарсан жишгийн бүтээл болж чадсан. Энэ нэвтэрхий тольд Монголын түүх, газарзүй, хүмүүс, соёл, урлаг, засаг захиргаа зэргийг багтаасан гурван мянга орчим толгой үг оруулснаар анхны иж бүрэн монгол дэлгэрэнгүй нэвтэрхий толь болж чадлаа.

Монгол хэлний орчин цагийн тайлбар толь бүтээх анхны оролдлогыг Шагж хийсэн юм. Харин хожим жараад оны үед Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар толь нь өнөө үеийн шаардлага хангахуйц дажгүй бүтээл болсон ба түүнээс хойш хагас зууны турш өнөө хүртэл бараг энэ төрлийн бараг цор ганц хэрэглэгдэхүүн болсоор явна.

Олон улсад зурагт номоороо алдартай QA International компанитай хамтран Өврийн зурагт монгол-англи толь, Таван хэлний зурагт толь, Халаасны зурагт монгол-англи, монгол-орос, монгол–солонгос, монгол-хятад толь номуудыг хэвлүүлсэн НЭПКО хэвлэлийн газрын хамт олон бид энэ удаад Монгол хэлний тайлбар толь хэмээх бүтээлийг уншигч танаа өргөн барьж байна.

Толины үндэс нь QA International компанийн Visual Dictionary with Definitions бөгөөд Британника хэвлэлийн компанийн тайлбар сэлтэт тулгуурлав. 6,000 гаруй өнгөт зураг дээр 20,000 гаруй үгийг монгол болон англиар хадмалдан бичиж, доор нь монгол тайлбарыг нь хавсаргасан болно. Ийнхүү толь ашиглагч тухайн зүйлийнхээ зураг дүрсийг үзэн таньж монгол, англиар нэршлийг нь тогтоохын зэрэгцээ тайлбарыг нь уншиж утга учрыг нь улам тодруулах ач холбогдолтой юм. Тиймээс энэхүү толийг нэршлийн, улмаар нэвтэрхий толийн чанартай монгол хэлний тайлбар толь гэж үзэж болох билээ.

Монгол нэршлийн сан болон тайлбарыг хэлний мэргэжилтэн, янз бүрийн салбарын эрдэмтэн судлаач, түүнчлэн жирийн ард иргэд оролцон бүрдүүллээ. Ийм учраас тус толь мэргэжлийн явцуу хүрээний нэр томьёо гэхээс илүүтэйгээр бичгийн болон ярианы хэлэнд гарч буй хөгжил дэвшил, шинэ үзэгдлийн гэрч болж байна. Энэхүү толь бичигт биднийг хүрээлэн буй бодит шинж чанартай эд юмс тусгагдсан бөгөөд хүнийг өнөөгийн технологийн эрин үеийн иж бүрдлийн нэгээхэн хэсэг гэж харуулах зорилготой юм.

Нийтэд хүртээлтэй байлгах үүднээс ойлгомжтой зохиогдсон уг толь бичиг хүн бүрийн хэрэгцээг хангахуйц, энгийнээс эхлээд нарийн мэргэжлийн нэр томьёог хүртэл товч тодорхой илэрхийлэн тайлбарласан онцлогтой. Түүнчлэн үл мэдэх ухагдахууныг эрж хайх, ижил төстэй үгийг харьцуулах, дэлгэрэнгүй тайлбарыг үзэх, нэмэлт материалтай танилцах зэрэг олон боломжийг багтаасан давуу талтай.

Мэдээллийн багтаамжийн хувьд энгийнээс нарийн руу, хийсвэрээс тодорхой руу гүнзгийрэх байдлаар бүлэг-дэд бүлэг-гарчиг-зураг-нэршил-тайлбар гэсэн зарчмаар зохиогджээ. Алс огторгуйн галактик, атомын цахилгаан станцаас авахуулаад оёдлын зүү, сэрээний шүд хүртэл бүхий л сэдвийг хамарсан 17 бүлэгтэй. Тэдгээр бүлгээ тухай бүр дэд бүлгүүдэд, жишээлбэл, дэлхий гэсэн бүлгийг хамаарал бүхий газарзүй, геологи, хэмжилзүй, хүрээлэн байгаа орчин гэх мэтээр хуваасан болно. Зарим амьтан, ургамлыг бие эрхтнээр нь, машин тоног төхөөрөмжийг эд ангиудаар нь, спортын төрлийг багийн болон талбайн зохион байгуулалтаар нь ширхэгчлэн задлан тайлбарлаж, тус бүрийн онцлог шинжийг өнгөт зургаар тодорхой гаргасан тул танин мэдэхүйн асар их ач холбогдолтой юм. Толинд байгаа өнгөт зураг нь тухайн биет, юм үзэгдлийг нарийвчлан үзүүлж, гол шинж тэмдгүүдийг тод томруун харуулна.

Ердийн тайлбар толинд жишээ нь “Хундага” гэсэн үг нэг л байх ба үүнийгээ алив архи дарсыг уухад хэрэглэх сав гэж тайлбарлана. Тэгвэл энэ толинд 15 янзын хундага зураг, тайлбартайгаа буй. Бүргүнд дарсны хундага – Голчлон бүргүнд дарсанд зориулсан урт иштэй хундага. Дарсыг дээд зэргээр исэлдүүлэх үүднээс өргөн амсартай байдаг. Бордоны хундага – Бордо дарс уухад зориулсан алтанзул цэцгийн хэлбэртэй хундага. Сэнгэнэсэн үнэрийг нь тогтоох үүднээс амсар хэсгээрээ яльгүй нарийссан байдаг. Гэх мэт. Эсвэл 24 янз зах зурагтайгаа буйд: Коларэт зах – Даашинзны захыг чимэх хуниастай эсвэл нугаларсан тансаг даавуу. Хэлбэр нь үеэс үед хувиран өөрчлөгдөж ирсэн. Битүү зах – Өндөр босоо нугалмал зах. Голдуу хүзүү барьсан байх бөгөөд товч болон цахилгаан байхгүй. Ердийн суудлын машины гадаад хэлбэрийг 30 орчим хэсэгт, дотоод хэсгийг мөн 30 хэсэгт, моторыг тусад нь 30 хэсэгт хуваагаад ямар үүрэг зориулалттай нь товчхон зурагтайгаар тайлбарлажээ. Үүнээ цаашлуулаад дугуй, хяналтын самбар, сандал зэргийг задлан тайлбарласан ба зөвхөн шил арчигчийг гэхэд туузан хаймар, арчигч хаймар, бэхлэгч, пүрш, гар, эргэгч холбоос гэж задлан тус бүрийн үүргийг ганц ганц өгүүлбэрээр тайлбарлажээ. Дэлгүүр, эмнэлэг, уурхай, спортын цогцолбор зэргийг нарийвчлан задалж тайлбарлахад ямар их олон салаа гарна гэж санана. Толийг Сингапурт хэвлүүлсэн, туйлын өнгө үзэмжтэй, нийт мянга орчим хуудастай, нөр их хөдөлмөр орсон, өдгөө Монголдоо өөр хувилбар үгүй цор ганц бүтээл. Толь зохиоход олон мэргэжлийн хүмүүс оролцсон ч ерөнхийд нь базан цэгцэлсэн Ерөнхий редактор нь Доржпаламын Хүрэлхүү хэмээх залуу болой. Ийм дэлгэрэнгүй танин мэдэхүйн лавлагаа нь айл бүрт байж, хүүхэд хөгшидгүй сонирхсон, хэрэг болсон зүйлээ зургаар дамжуулан тайлбарлуулж үзэж харж байх нь мэргэжлийн талаасаа ч, амьдралын өнөөгийн шаардлагаас ч, ерөөс эргэн тойрноо таньж ухаарах талаасаа ч хэрэгтэй дээ, хэрэгтэй. Хийсэн бүтээлээ борлуулах гэж рекламдах нэг хэрэг, нийтээрээ улам илүү танин мэдэж оюунаа тэлэх, аль болох бага омгойтдог болж соёлжих нь бүр чухал тустай хэрэг.

2015.7.2

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Монгол төрийн наадмын зүүний магнай

Монгол төрийн наадмын зүүний магнайг манлайлах гэж хөлөө жийлцсэн хоёр аваргын хүүхэн шуухных шиг тулга тойрсон хэрүүлийн хөлд зуны сар өнгөрчихлөө. Эр хүний ноён нуруу, жудаг бүхний илэрхийлэл гэж итгэж, хүндэлж явдаг бөхчүүд нь хэрүүлтэй болохоор санаа дагаад ч тэр үү энэ зун Монголын их тал нутаг хаа хаанаа гандуухан байгаа сурагтай. Харин өчигдөр эрэмбээ булаалдсан хоёр аваргын хэрүүлийг эцэслэж Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээлэл хийлээ. Тэдний шийдвэрээр дархан аварга Г.Өсөхбаяр зүүн жигүүрийг магнайлахаар болов. Ер нь хоёр дархан аваргын хэн нь зүүний магнайд гарах нь наадамчин олны хувьд падлийгүй зүйл. Гэхдээ л “Энэ жилийн наадам юу л болдог бол доо, энэ бөхчүүдийн байж байгааг…” хэмээн сэтгэл зовних хүн цөөнгүй. Зарим нь бүр “Зүлэг нь хиймэл ч гэлээ, бөхийн жудаг нь жинхэнээрээ байвал зүгээр сэн” гээд жиг жуг хийх болов.

Бөхийн жудаг гэснээс тэр жилийн нэгэн түүхийг дэлгэе. Тэр жил гэдэг нь 1994 он. Мөөеө аварга Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнуулаад төрдөө үнсүүлжээ. Тэгээд шагнуулсныхаа дараахан Д.Дамдин аваргад зочилж “Данигай аваргаа Монгол Улс намайг Хөдөлмөрийн баатар болголоо, хөлсөө сайн урсгасан гэж шагнаж байгаа бололтой” хэмээжээ. Тэгтэл Данигай аварга хариуд нь “Монгол төрийн наадамд тогтоосон амжилтыг минь Мөнхбат эвдсэн. Таван жил дараалж түрүүлсэн хүчтэн чи шүү. Нүдээ олсон шагнал болжээ. Харин чиний энэхүү шагналыг мялаах барьц на­дад одоо алга. Энэ жилийн Монгол төрийн баяр наадмын зүүний магнайг чи ав” хэмээсэн байдаг. Энд мөнөөх бөхийн жудаг жинхэнээрээ байжээ гэж санагдана. Тийнхүү 1994 оны төрийн их баяр наадамд Данигай аварга зодоглолгүй өнжсөн түүхтэй. Монгол бө­хийн жудаг ийм байсан, байсаар ч байгаасай гэж хүснэм.

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ нийгэм

Уяачдад хандан уриалга гаргажээ

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хурдан хүлэг морьдоо сойж оролцох гэж байгаа уяачдад Монголын морин спорт, уяачдын холбооноос уриалга гаргажээ.

Уг уриалгад “Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж эмээлийн олом жирэм, угсуураг, жолоо цулбуур зэрэг хэрэглэлийн бат бөх байдлыг сайтар нягтлах, 7-оос дээш насны морь унах дадал, чадварыг эзэмшсэн, гэнэтийн ослийн даатгалд хамруулсан уралдаанч хүүхдэд стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас хэрэглэлийг заавал өмсүүлэхийг уриалсан байна.

Мөн наадмын өдрүүдэд нийт нутгаар тэр дундаа Улаанбаатар хотын Хүй долоон худагт гандуу зуншлага оройтсон, хуурайшилт ихтэй байх учраас уяачид хурдан морины уяа сойлго, урьд шөнийн хоол ундыг онцгой анхаарч морь өлдөх, багтрах зэрэг уяаны алдаа гаргахгүй байхаас урьдчилан сэргийлэхийг хүсчээ.

Categories
мэдээ нийгэм

Наадмын өдрүүдэд хаагдах замууд

Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн тодорхой хэсгүүдэд замын хөдөлгөөний хязгаарлалт хийнэ.

VII сарын 10-ны /баасан гарагт/ 10.00 цагаас 01.00 цагийн хооронд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайн баруун зүүн замыг Наадамчин олны аюулгүй байдлыг хангах үүднээс хаана.

VII сарын 11-нд /бямба гарагт/ 10.00 -11.20 цагийн хооронд Төрийн их цагаан тугийг Төрийн ордоноос Төв цэнгэлдэх хүрээлэнрүү залах ёслолын үеэр Их эзэн Чингис хааны талбайн баруун зүүн замыг хааж, туг Төв цэнгэлдэх хүрээлэнрүү явах үед Олимпийн гудамж, Их монгол улсын гудамж, Гандигийн гудамж хаагдана.

21.00-00.00 цагийн хооронд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Улаанбаатар үдэш” тоглолттой тул талбайн баруун болон зүүн замыг хаана.

VII сарын 12-нд /ням гарагт/ 20.00 цагаас Үндэсний их Баяр наадмын хаалтын ажиллагаа, Төрийн их цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордонлуу залах ёслолын үеэр Их эзэн Чингис хааны талбайн баруун зүүн замыг хааж, туг Төв цэнгэлдэх хүрээлэнрүү явах үед Олимпийн гудамж, Их монгол улсын гудамж, Гандигийн гудамжны замыг хаана.

Categories
мэдээ соёл-урлаг

“Учиртай гурван толгой” дуурийг анх удаа задгай талбайд тоглоно

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд анх удаа “Учиртай гурван толгой” дуурийг анх удаа задгай талбайд тоглоно. Үндэсний, ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурь 65 дахь жилдээ үзэгч түмэндээ хүрч байгаа бөгөөд анх 1934 онд драмын жүжиг, 1942 онд хөгжимт жүжиг, 1950 онд дуурь болсноосоо хойш 2415 дахь удаагаа тоглогдох гэж байна.

“Чингисийн талбайд” тоглох “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрүүдийн сонгон шалгаруулалтыг НЗДТГ-ын санаачлагаар 2015 оны 06-р сарын 24, 25-ны өдрүүдэд УДБЭТ-ын тайзнаа нээлтэй зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтаар Б.Дамдинсүрэн Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд: УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин, Нансалмаад: СТА Ш.Наранчимэг, Хоролмаад: МУГЖ С.Мөнгөнцэцэг, Балганд: СТА Ж.Бямбажав нар тоглож, симфони найрал хөгжмийг МУГЗ Ж.Бүрэнбэх удирдахаар болжээ. Тайзны уран бүтээлийг задгай талбайд тоглох хүндтэй бөгөөд хэцүү үүргийг биелүүлэхээр УДБЭТ-ын хамт олон бэлтгэл ажилдаа шамдан ороод байна.

Зохион байгуулагчдын зүгээс Үндэсний их баяр наадмын үеэр тоглох тус тоглолтод оролцогчид болон үзэгчид нь үндэсний хувцас монгол дээлтэй, гадаадын иргэн бол Монголын үндэсний хувцасны хэрэглэгдэхүүн орсон хувцастай, эсвэл өөрийн орны үндэсний хувцастай хүрэлцэх ирэхийг уриалж байгаа юм. Тоглолт 2015 оны 07-р сарын 10-ны өдрийн 21:00 цагт “Чингисийн талбайд” болно. Энэ үеэр Чингисийн талбай орчмын байгууллагуудын өмнөх авто зогсоолуудыг үнэ төлбөргүй болгож чөлөөлнө гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол угсаатны үндэсний музейн цогцолбор байгуулна

Монгол Улсын Засгийн газрын
ээлжит хуралдаанаар дараахи асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Концессын
“Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах” төрлөөр хэрэжүүлэх Монгол
угсаатны үндэсний музейн цогцолбор байгуулах төслийн концессын гэрээг “Секрет
Монголс” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ
байгуулах ажлыг хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж
үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

Тус цогцолбор нь угсаатны музей,
үндэсний гэр музей, панаромм музей, эко жуулчлал, соёл танин мэдэхүйн жуулчлал,
тусгай жуулчлал, зочид буудал зэргээс бүрдэх бөгөөд 125 сая ам.долларын
санхүүжилтээр 5 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулахаар тооцоолж байна.
Төсөлд төрийн зүгээс ямар нэгэн санхүүгийн дэмжлэг шаардахгүй бөгөөд хувийн
хэвшил өөрийн хөрөнгө оруулалтаар төслийн хэрэгжүүлэх юм. Энэ цогцолбор
монголчуудын олон үеийн туршид бүтээж ирсэн өв соёл, уламжлалыг танин мэдүүлэх,
соёлын өвийг нарийвчлан судлах, дэлгэрүүлэн таниулахыг гол чиглэлээ болгох юм.