Categories
мэдээ нийгэм

Хууль сахиулахын их сургуулийн 500 сонсогч наадмын хамгаалалтад гарна

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Хууль сахиулахын их сургуулийн дүрмийн 9.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, тэргүүн комиссар С.Баатаржав 500 сонсогчийг Үндэсний их баяр наадмын хамгаалалтад гаргаж, ажиллуулах тушаалыг гаргалаа.

Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газартай байгуулсан “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн хүрээнд Цагдаагийн сургуулийн 1 дүгээр дамжааны 172, 3 дугаар дамжааны 173, харьяа Ахлагчийн сургуулийн 155 нэр бүхий сонсогчид хамгаалалтад гарах юм.

Хууль сахиулахын их сургуулийн захирлын тушаалын дагуу сонсогчдын сахилга, ёс зүйд хяналт тавьж, хариуцан ажиллахыг Цагдаагийн сургуулийн захирал, цагдаагийн хурандаа З.Дашдаваа, харьяа Ахлагчийн сургуулийн захирал цагдаагийн хурандаа Г.Ганбаатар, Цэргийн зохион байгуулалт, аюулгүй байдлын албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Түмэнтулга нарт үүрэг болгов.

Categories
мэдээ нийгэм

Наадмаар 725 нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ

Ардын хувьсгалын баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг дараах байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.

1. Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 81 чиглэлд их багтаамжийн 615 , туслах 17 чиглэлд бага багтаамжийн 90, зуслангийн 3 чиглэлд 4, нийт 725 автобус үйлчилгээнд ажиллана.

2. 7 сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох “Наадамчид”-аа зориулж Мишээл экспо төв рүү нийт 11 чиглэлийн 98 автобус, Дүнжингарав төв рүү 22 чиглэлийн 121 автобус үйлчилнэ.

3. Мишээл экспо төв болон Дүнжингарав худалдааны төвөөс Төв цэнгэлдэх хүрээлэн рүү “Мишээл экспо-Төв цэнгэлдэх хүрээлэн-Дүнжингарав худалдааны төв” чиглэлд 15 автобус 3 минут тутамд, рейлбусны зорчигчдыг “Урбанек”-ийн зогсоолоос Төв цэнгэлдэх рүү хүргэх “Дунд гол-Төв цэнгэлдэх” чиглэлийн 5 автобус 4 минут тутамд, Хүй 7 худагт рейлбусны зогсоолоос Морь барианы газар хүртэл “Давааны зөрлөг-Хүй 7 худаг” чиглэлийн 5 автобус 4 минут тутамд тус тус богино эргэлтээр үнэ төлбөргүй үйлчилнэ.

4. Мөн 7 сарын 11,12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос,7 сарын 13,14-ний өдрүүдэд хотын төвөөс буюу ”МУБИС”-ийн баруун талын автобусны зогсоолоос их багтаамжийн 20 автобус, “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон”-ы зогсоолуудаас нийт 20 бага багтаамжийн автобус тус тус Хүй 7 худаг руу үйлчилнэ.

5. Баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 725 тээврийн хэрэгсэл ажиллахаар төлөвлөгдөөд байна.

Нийслэлийн Нийтийн тээврийн газар

Categories
мэдээ нийгэм

Завьт эргүүл Тэрэлж, Алтанбулагт ажиллана

Баяр наадмын өдрүүдэд иргэд нийслэлийн ногоон бүс, голын эрэгт амралтаа өнгөрүүлдэг тул нийслэлийн Онцгой байдлын газраас завь эргүүлийг хүч нэмэгдүүлэн ажиллана.

Маршрутыг уртасгаж Төв аймгийн Алтанбулаг сумын Туул гол дагуу мөн Налайх дүүрэгт Тэрэлж орчмын Туул голд иргэдийг голын усанд осолдож амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллахаар боллоо.

Ингэснээр иргэдийг голын усанд осолдох амь насаа алдах аюулаас урьдчилансэргийлэх ач холбогдолтой юм гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

НӨАТ төлөх босгыг 50 сая төгрөгт хүргэхийг Байнгын хороогоор дэмжжээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн
хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн
найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн
хэлэлцүүлэгийг хийлээ.

Эцсийн хэлэлцүүлгээр НӨАТ төлөх босгыг
50 сая төгрөгт хүргэхийг дэмжсэн байна. Одоо 10 сая төгрөг байгаа
НӨАТ-ын босгыг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нарын зарим гишүүн 100,
200 сая төгрөгт хүргэх санал гаргаж байсан юм.

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы
хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн
найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийг батлах юм. Ингэхдээ
анхны хэлэлцүүлгийн үеэр уг хуулийн дагаж мөрдөх хугацааг 2016 оны 01
дүгээр сарын 01-нээс мөрдөхөөр тогтсон билээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Уфаг зорилоо

2014 онд Душанбе хотноо болсон гурван
орны төрийн тэргүүн нарын уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч
Орос–Хятадыг холбосон дэд бүтцийн томоохон төслүүдийн багц болох “Талын
зам” санаачлагыг анх удаа дэвшүүлэн тавьсан. ОХУ-ын байгалийн баялагийн
нөөц, БНХАУ-ын өдөр тутам өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээний үр дүнд
хийгдэх гадаад худалдааны хамгийн дөт зам нь Монголоор дайрах зам байх
нь ойлгомжтой юм.

ОХУ-ын Уфа хотод болох ШХАБ-ын дээд
хэмжээний уулзалтын үеэр ОХУ, БНХАУ, Монгол Улсын төрийн тэргүүн нар
Душанбегийн уулзалтаас хойш хийгдсэн бүтээн байгуулалтын төслүүдийн
талаар ярилцах юм. Мөн энэ уулзалтын үеэр “Талын зам” санаачилгын
хүрээнд хамтран ажиллах гурван орны бизнесийн томоохон группийн
уулзалт болох ба уг уулзалтад манай улсаас “Чингис Интернэшнл”-ийн
салбар групп болох “Чингис Энерж” группийн Ерөнхийлөгч С.Эрдэнэ, “Чингис
Лэнд Девелопмент” группийн ерөнхийлөгч Д.Амарбаясгалан, “Чингис Хайвэй”
Корпорацийн Гүйцэтгэх захирал Ц.Гантулга нар оролцох аж.

Сүүлийн хэдэн жил Ази-Европийг холбосон
эдийн засгийн томоохон төслүүдийг ярих болсон Чингис Интернэшнл Группийн
хувьд 2009 оноос эхлэн эдгээр мега төслийг хөгжүүлэх тооцоо судалгааг
хийж ирсэн байна. Энэ төслүүдээс хамгийн түрүүнд Алтанбулагаас Замын-Үүд
чиглэлд баригдах “Чингисийн зам” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа.
Алтанбулагаас цааш Улаан-Үүд хүртэл ОХУ-ын томоохон компаниуд, Эрээнээс
урагшаа Бээжин хүртэл БНХАУ-ын бүтээн байгуулалтын том корпорациуд
ажиллах юм.

Чингисийн “Талын зам” төслийн хүрээнд
хурдны авто зам, төмөр зам, нефть дамжуулах хоолой, хийн хоолой,
цахилгаан дамжуулах шугамын том төслүүд багтаж байгаа ч Чингис
Интернэшнл Групп эдгээрээс гадна олон мега төслийг санаачлан
хэрэгжүүлэхээр хөрш орнуудын бизнесийн томоохон корпорациудтай ажиллаж
байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Наадмаар Арслантай, Зайсангийн гүүрэнд усан хөшиг хийнэ

Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой,
Үндэсний их баяр наадмыг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын
албанаас тохижилтын ажлуудыг хийж байна. Иргэдийн хүсэлтийн дагуу эвдрэл
ихтэй байсан Зайсангийн тойруугийн 460 метр замыг засаж ашиглалтад
оруулсан. Одоогоор явган хүний зам тавьж байна. Мөн тоосжилтыг бууруулах
зорилгоор Арслантай, Зайсангийн гүүрэнд усан хөшиг хийх гэж байгаа юм.
Усан хөшиг нь гэрэлтдэг байхаар төлөвлөсөн бөгөөд хөшгийг наадмын өмнө
ашиглалтад оруулна.

Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд зүлэгжүүлэлтийг 17400 метр квадрат, мод
сөөг ургамлан хашлага, хэлбэржүүлэлтийг 450 урт метр талбайд хийж, 32
том улиас модыг хэлбэржүүлсэн. Цэцэгжүүлэлтийг 141 метр квадрат талбайд
хийж, 32000 метр квадрат ногоон байгууламжийг усаллаа.

Энхтайваны өргөн чөлөөний ургамлан хашлагыг бүрэн нөхөж, Ард Аюуш,
Нийслэл хүрээ өргөн чөлөө, 22-ын товчооны зам, Чингэлтэйн гудамж,
Олимпын гудамж, Хонхтой цэцэрлэг, гуравдугаар цахилгаан станцын зам
дагууд мод тарив. Нийт 2000 улиас модыг тайрч хэлбэржүүлэн, 4600 модыг
шохойдож, 152 мянган метр квадрат ногоон байгууламжийн хөрсийг ариутган,
900 мянган ширхэг мод, сөөгийг биобордоогоор бордон, 3500 улиасны үрийн
молцогийг гараар түүж, 183.2 мянган ширхэг мод сөөгний өвчин хортонтой
тэмцэн, 250 мянган метр квадрат газрыг зүлэгжүүлж, 20 мянган метр
квадрат талбайд нэг наст цэцэг тарих ажлыг төлөвлөгөөний дагуу зохион
байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

“Халх гол” чөлөөт бүс байгуулахыг дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ.
Чуулганы эхэнд Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн
төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Дараа нь Халх гол чөлөөт
бүс байгуулах тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж мөн л
гишүүдийн олонхи нь дэмжив. Үргэлжлүүлэн Нэмэгдсэн өртгийн албан
татварын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын эцсийн
хэлэлцүүлгийг хийж байна.

Categories
мэдээ спорт

Урианхай сурын харваанд Б.Хатансайхан түрүүллээ

Энэ жилийн үндэсний их баяр наадам
долдугаар сарын 7-ны өдрөөс Урианхай сурын харваагаар эхэлсэн. Тулгар
төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой,
Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваанд Дархан мэргэн 1, Хошой
мэргэн 3, Улсын мэргэн 6 гээд нийт 150 харваач оролцсон байна. Гурван
өдөр үргэлжилсэн Урианхай сурын харваа өндөрлөж, цэц мэргэнүүдээ
тодрууллаа.

Нэгдүгээр байрт – Харваач Б.Хатансайхан /“Алдар” спорт хороо, “Жем интернэшнл” ХХК/ – 28 оноогоор

Хоёрдугаар байрт – Харваач н.Чулуунбат /Ховд аймаг/ – 27 оноогоор

Гуравдугаар байрт – Хошой мэргэн харваач Б.Мөнхтөр /“Шинэ налайх” баг/ – 26 оноогоор

Дөрөвдүгээр байрт – Харваач З.Баярсайхан /Ховд аймаг/ – 25 оноогоор

Тавдугаар байрт – Харваач Б.Бямбажав /“Тод номын гэрэлт төв”, “Шинэ Налайх” баг/ – 25 оноогоор

Урианхай харваанд зөвхөн эрэгтэй
харваачид оролцдогоороо бусад харваанаасаа ялгаатай бөгөөд тэмцээнд
оролцогч урианхайн уламжлалт “хавчаахай” ба эвэр нумаар оролцдог. Сум нь
90-100 см урт, 1.1-1.3 см хөндлөн голчтой, 90-150 гр жинтэй байдаг.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы хуралдаан хаалттай болж байна

УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг
бөөндөж байна. Яг одоо чуулганаар Тагнуулын байгууллагын тухай хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг
хэлэлцэж байна.

Энэхүү хуулийн төслүүдийг Засгийн газар 2015.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд эцсийн хэлэлцүүлгийг хийж буй юм.
Энэ талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр танилцуулж байна.

Энэхүү хуулийн төсөл нь төрийн нууцад хамаарах асуудал учраас
нарийвчлан хэлэлцэхийн тулд чуулганыг хаалттайгаар үргэлжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 1 нээс ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ дараах заалтуудыг мөрдөнө

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн
хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг
хэлэлцэж батласан билээ. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийг
1996 онд баталсан. Гэсэн ч хуулийн төслийг сайжруулах, нөгөөтэйгүүр
одоогийн мөрдөгдөж буй хуулийн хариуцлагыг улам нэмэгдүүлэх заалт
оруулах цаг нь болсон гэдгийг чуулганы үеэр гишүүд онцолж байлаа. Иймээс
уг хуулийн төслийг хэлэлцэн батлаж, ирэх 9 дүгээр сарын 1-ээс эхлэн
дагаж мөрдөхөөр болсон байна. Уг хуулийн шинэчилсэн найруулгад ямар ямар
заалтууд багтсаныг хүргэж байна.


26.1.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд (жолоодлогын дадлага хийхээс
бусад тохиолдолд), эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үед
тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй
тэнцэх төгрөгөөр /192 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.


26.2.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад
тохиолдолд) буюу эрхээ хасуулсан этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог
шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр /192
мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.


27.1.
Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл
хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа,
мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг
зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл
жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр /384 мянган төгрөгөөр/ торгож, жолоодох
эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл
хүлээлгэнэ.


27.2.
Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл
хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр /96
мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.


27.3.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд
согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл
хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний
доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний
төгрөгөөр /384 мянгаас 768 мянган төгрөгөөр/ торгож, долоо хоногоос
гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл хүлээлгэнэ.


27.4.
Давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаатай баривчлах, тээврийн хэрэгсэл
жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэнэ.


28.1.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу
ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр /48 мянган төгрөгөөр/
торгох шийтгэл хүлээлгэнэ.


28.2.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу
ядарсан этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр /19 мянга 200 төгрөгөөр/
торгох шийтгэл хүлээлгэнэ.


31.1.
Улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрсэн зэргээс үзэгдэх байдал нь
муудсан, эсхүл дугаараа буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож
замын хөдөлгөөнд оролцсон бол улсын дугаарын тэмдгийг хурааж, иргэнийг
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр
/48 мянган төгрөгөөр/, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.


31.2.
Улсын бүртгэлийн дугааргүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн
хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний
доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх
төгрөгөөр /384 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.


31.3.
Улсын бүртгэлийн хуурамч дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын
хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй
тэнцэх төгрөгөөр торгож, нэг жилийн хугацаагаар эрхийг хасах, хуулийн
этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй
тэнцэх төгрөгөөр /960 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.


32.2.
Ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос
(чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал
үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл
жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр /48 мянган төгрөгөөр/
торгох шийтгэл хүлээлгэнэ.


33.2.
Тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан /Түргэний, галын, аврах
албаны, цагдаагийн албаны гэх мэт/ тээврийн хэрэгслийн жолоочид замын
хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хөдөлгөөний давуу эрх эдлүүлээгүй бол
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр /19
мянган 200 төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.


40.2.
Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч эсрэг урсгал
сөрсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх
төгрөгөөр /96 мянган төгрөгөөр/ торгож, тээврийн хэрэгсэл жолоодох
эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл
хүлээлгэнэ.


44.1.
Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож уулзвар нэвтрэх үед явган
зорчигчийн гарц, эсхүл уулзвар дээр зогссон давуу эрхтэй уулзвар
нэвтрэгчид зам тавьж өгөөгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний
таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.


54.4.
Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний
доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр /19 мянга 200 төгрөгөөр/
торгох шийтгэл хүлээлгэнэ.


54.5.
Явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр
/48 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.