Categories
мэдээ соёл-урлаг

“Хөсөгтөн” Чойжин ламын музейд тоглоно

“Авъяаслаг Азичууд” (Asian’s got talent) тэмцээнд оролцож дэлхий дахинаа монгол ардын урлагаа болоод эх орныхоо нэрийг цуурайтуулж шүүгчид, үзэгчдийг бишрүүлж чадсан “Хөсөгтөн” хамтлагийн залуус Чойжин ламын сүм музейтэй хамтран “Шөнийн музейд-Хөсөгтөн” үдшийн цэнгүүнийг өнөөдөр зохион байгуулах гэж байна.“Шөнийн сүм музейд Хөсөгтөн” үдшийн цэнгүүний тасалбарын үнэ 80,000 төгрөг аж. 21:00-22:00 цагийн хооронд Чойжин ламын сүм музейтэй танилцах бол 22:00-23:30 цагт “Хөсөгтөн” хамтлагийн ардын урлагийн тоглолт болох гэнэ. 23:30-01:00 цагт шөнийн сүм музей үзнэ гэж хөтөлбөртөө тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

Гэр хороололд хүүхдийн тоглоомын талбай байгууллаа

Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын албаны “Тэнүүн сайхан” иргэдийн бүлэг гэр хороололд хүүхдийн тоглоомын талбай байгууллаа. Тоглоомын талбайг нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны 0119 дүгээр цэргийн ангийн 1 дүгээр гудамжинд барив. Гэр хорооллын айлуудын дунд байрлах ашиглагдахгүй байгаа газарт тоглоомын талбай байгуулах санаачлагыг тус хорооны оршин суугч Б. Чинболд гаргасан. Цаашид оршин суугчидтай хамтран тоглоомын талбайн арчлалт хамгаалалтыг нь хариуцан ажиллах юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ногоон бүсэд аялахдаа галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулав

Нийслэлийн онцгой байдлын газраас иргэдэд зориулж анхааруулга гаргажээ. Тус газраас “Баяр наадмын өдрүүдэд нийслэлчүүд ногоон бүсэд аялж зугаалдаг. Аялал зугаалгаар явахдаа галын аюулгүйн төхөөрөмжөөр тээврийн хэрэслээ тоноглох, үнс нурмаа ил, задгай асгахгүй байх, ил түлсэн гал, цог нурам, татсан тамхи, шүдэнзний галыг бүрэн гүйцэд унтраах хэрэгтэй. Мөн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгж байгууллага, амралтын газрууд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамгаалалтын зурвас татаж, түймэр унтраах багаж хэрэгслийг зайлшгүй бэлтгээрэй” хэмээн анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хурдан морины уралдааны цагийн хуваарь батлагджээ

Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааны цагийн хуваарь гарчээ. Уралдааны цагийн хуваарийг танилцуулъя.

Сар, өдөр

Цаг

Гариг

Зохион байгуулах ажил

07 дугаар сарын 10

08:00-11:00

Баасан

Хязаалан насны морьдын уралдаан

14:00-16:20

Шүдлэн насны морьдын уралдаан

07 дугаар сарын 11

08:00-11:40

Бямба

Азарганы уралдаан

14:00-16:20

Их насны морьдын уралдаан

07 дугаар сарын 12

07:00-09:20

Ням

Соёолон насны морьдын уралдаан

10:30-12:30

Дааганы уралдаан

07 дугаар сарын 13

07:00-09:20

Даваа

Эрлийз дээд насны морьдын уралдаан

/азарга, их нас, соёолон/

10:30-12:30

Эрлийз дунд насны морьдын уралдаан

/шүдлэн, хязаалан/

13:00-13:05

Уяачдын наадмын нээлтийн үйл ажиллагаа явагдана.

12:00-15:00

Жороо морины тойргийн уралдаан

14:00-16:00

Эрлийз бага насны мо

Categories
мэдээ улс-төр

Иргэний нисэхийн үндэсний корпораци байгуулагджээ

Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар
байгуулах тухай Засгийн газрын 2015 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн
129 тоот тогтоолын дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн
ерөнхий газрын хэрэгжүүлж байсан агаарын навигац, агаарын хөлгийн газрын болон
нисэх буудлын үйлчилгээ, бусад аж ахуйн үйл ажиллагаатай холбогдох чиг
үүргийг хариуцан хэрэгжүүлэх “Иргэний нисэхийн үндэсний корпораци” аж
ахуйн тооцоотой үйлдвэр байгуулагджээ.

Зам тээврийн сайдын 2015 оны долдугаар сарын 8-ны өдрийн тушаалаар
Иргэний нисэхийн үндэсний корпорацийн Ерөнхий захирлаар Т.Батжаргал, Тэргүүн
дэд захирлаар Г.Мөнгөнхуяг, Бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд
захирлаар П.Баярхүү, Нисэх буудлуудын үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар
Л.Бямбасүрэн, Нислэгийн хөдөлгөөний үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар
Ч.Одгэрэл, Санхүү бүртгэл, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирлаар А.Дагвадорж,
Захиргааны удирдлага, хүний нөөц эрхэлсэн дэд захирлаар Г.Анхныбаяр, Хангамж
үйлчилгээ эрхэлсэн дэд захирлаар Ц.Батсайхан нар томилогдож өнөөдрөөс ажилдаа
орсон байна.

Categories
мэдээ нийгэм

Хуучин байрны үнэ буурчээ

Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компаниас өнгөрсөн “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааг олон нийтэд танилцууллаа.

Тус судалгаагаар орон сууцны үнийн индекс зургадугаар сард 14 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 2.37 хувиар буурсан үзүүлэлт аж. Харин оны эхэн үетэй харьцуулахад -4.15 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад 8.4 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 26.5 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 0.17 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Харин оны эхэн үеэс -0.2 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -1.14 хувиар буурсан байна.

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 7.6 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -2.24 хувиар, оны эхэн үеэс -7.4, өнгөрсөн оны мөн үеэс -12.0 хувиар буурсан үзүүлэлт юм.

Нэгдсэн

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

14.0%

26.5%

7.6%

Өмнөхсартайхарьцуулахад

-2.37%

-0.17%

-2.24 %

Оныэхэнтэйхарьцуулахад

-4.15%

-0.2%

-7.4%

Өмнөхонымөнүетэйхарьцуулахад

-8.4%

-1.14%

-12.0%

Орон сууцны үнийн индексийг Хедоник регрессийн аргаар тооцоолж байгаа аж. Энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4635орон сууцны мэдээллийг хамруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 16 байршилд 3D зураг зурж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хотын өнгө үзэмжийг зурган тохижилтоор гоёх зорилготойгоор 127 метр квадрат талбайд 3D зургууд зурж байна. Төв шуудангийн баруун тал, Чингис хааны талбайн баруун урд цэцэрлэг, талбайн баруун тал Төв шуудангийн хана, Талбайн зүүн урд цэцэрлэг, Чингис хааны талбайн баруун урд цэцэрлэг, Циркийн баруун тал, 13 дугаар хороолол автобусны буудал, Бага тойрог 5 дугаар сургуулийн баруун урд, Циркийн баруун тал, Зориг сангийн баруун тал, Төв шуудангийн баруун тал,Мэдээлэл технологийн үндэсний парк, Талбайн зүүн урд цэцэрлэг, Хүүхдийн урлан бүтээх төв зэрэг 16 байршилд 3D зургууд зурах юм. Урлаг дизайны академийн уран бүтээлчид эдгээр зургийг зурж, олны хүртээл болгож байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хэвлэл мэдээллийн зөвлөл анхны гомдлоо хэлэлцлээ

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл өчигдөр хуралдаж, нэгэн иргэний гомдлыг хэлэлцлээ. Тэрээр 14 хоног тутмын нэгэн сонины 2015 оны №05 дугаарт нийтлэгдсэн “Монголын трансжендерүүд өөрсдийгөө гадаадын гаж донтнуудад хямдхан борлуулж эхэллээ” гарчигтай нийтлэл нь “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 3.2 дох заалт болох “Хэнийг ч арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхалтын золиос болгохгүй”, 4 дэх заалт болох “Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана”гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзээд Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол гаргасан юм.

Энэ гомдолд тайлбар өгөх боломжийг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс тухайн сонинд олгосон боловч татгалзсан байна. Гомдлыг үндэслэлтэй гэж үзэж, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин сэтгүүл сайтын ёс зүйн хорооны 2015 оны 7 дугаарын сарын 8-ны хуралдаанаар авч хэлэлцээд уг сонин “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 3.2 дох заалт болох “Хэвлэл мэдээллийнхэн нийгэмд оршиж байгаа хэвшмэл ойлголтуудыг улам дэвэргэхээс зайлсхийнэ”, 4 дэх заалт болох “Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана”гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэж дүгнэлээ.

Энэхүү дүгнэлтийг тухайн сонинд мэдэгдэж, гаргасан алдаагаа засах зөвлөмжийг хүргүүлэх, уг сонины нэрийг дурдалгүйгээр олон нийтэд мэдээлэх шийдвэрийг гаргасан байна хэмээн Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа” хурал болно

Хууль сахиулахын их сургуулиас “Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал-эрдэмтдийн уулзалтыг Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуурын хөвөөнд байрлах “Харуул занги” цогцолборт 2015 оны 07 дугаар сарын 17,18-ны өдрүүдэд зохион байгуулна.

Хууль сахиулахын их сургууль нь 2011 онд их сургуулийн статустайгаар үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш олон улсын эрдэм шинжилгээний хурлыг тав дах удаагаа зохион байгуулах гэж байна.

Хөдөө орон нутагт, бүс нутгийн зааг Хөвсгөл аймагт зохион байгуулж буй энэ удаагийн хурлын гол зорилго нь хууль сахиулах, гамшгаас хамгаалах салбарт, түүний дотор хилийн бүс нутаг, хил орчмын нутаг дэвсгэр, орон нутаг дахь хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаанд тулгамдсан асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдлийг эрэлхийлэхэд оршиж байгаа юм.

Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд Хууль зүйн яам, харъяа агентлагуудын удирдлагын төлөөлөл, хууль сахиулах, эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэн, их, дээд сургуулиуд болон Австрали, Унгар, ОХУ, БНСУ, БНТУ, Япон, ХБНГУ-ын эрдэмтэн, судлаачдын төлөөлөл, Монгол Улсад суугаа Элчин сайд, хууль сахиулах асуудал хариуцсан атташе нарын нийт 70 гаруй эрдэмтэн, судлаач, багш, практик байгууллагын ажилтнууд оролцоно.

Хурлын үеэр хууль сахиулах салбарын сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагаа, оролцогч орнуудын эрх зүйн шинэчлэл, гэмт хэрэгтэй тэмцэх, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гамшгаас урьдчилан сэргийлэх болон аюулгүй байдлын чиглэлээр туршлага, мэдээлэл солилцох юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Замын хөдөлгөөний хуульд ийм өөрчлөлтүүд тусчээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар өчигдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Хуулийн анхаарал татахаар заалтуудыг хүргэе.

Өмнө нь жолооч зөрчил гаргалаа гэхэд торгосон цагдаатайгаа эргэж таарахгүй бол 1000-10000 төгрөгөөр торгуулаад хариуцлагаас мултрах бүрэн боломжтой байсан бол шинэ хуулиар өөр болжээ. Жолоочийн зөрчил тус бүрийг мэдээллийн санд бүртгэх юм байна. Жолоочийг өмнө нь ямар зөрчил гаргаж байсан талаар тусгай мэдээллийн санд байрлуулж тус сангаас тухай бүрт шүүж, хариуцлага оногдууулах гэнэ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 384 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараар хасах аж. Жолооч согтуугаар тээврийн хэрэгслийг жолоодсон зөрчлөө давтан гаргавал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 768 мянган төгрөгөөр торгож, гурван жил хүртэлх хугацаагаар жолоодох эрхийг хасах юм байна. Шаардлагатай гэж үзвэл баривчилж, Захиргааны хариуцлага хүлээлгэхээр хуульд тусгажээ.

Хөдөө орон нутгийн зам дагуу 100 километр тутамд эмнэлгийн тусламж үзүүлэх цэгийг байрлуулахаар болжээ.

Жолоочийн эрх олгох шалгалтыг зөвхөн замын цагдаагийн газар эсвэл нэг талын төрийн байгууллага авч байгаа. Шинэ хуулиар Замын цагдаагийн газар, Хууль зүйн яам, Зам тээврийн яам, Боловсрол шинжлэх ухааны яамны төлөөлөл болон бусад энэ чиглэлийн олон нийтийн байгууллага оролцсон мэргэжлийн комисс шалгалтыг авах нь. Жолооны курст суралцахдаа дүрмийн хичээлийг бие даан суралцаж болохоор зохицуулжээ.

. Шинэ хууль намраас буюу ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм байна. Дашрамд дурдахад энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн сургалтын хөтөлбөрт замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хичээл орохоор болжээ. Мөн бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахдаа эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчийн хараа хяналтад хөдөлгөөнд оролцуулах юм байна.