Categories
мэдээ нийгэм

Түрүүлж, айрагдсан морины хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ

Хүүхдийн төлөө үндэсний газраас өнөөдөр хязаалангийн уралдаанд морио айрагдуулсан унаач хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ. Хүүхдүүдэд хүндэт өргөмжлөл, медаль, нэг сая төгрөгийн хадгаламжийн даатгалаар бэлэг барив. Шагналыг Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа гардуулсан юм

Шагнал авсан унаач хүүхдүүд:

  • Ч.Бямбажав-Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул аймгийн Алдарт уяач, Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатарын “Загал бор” үрээг унаж, түрүүлсэн.
  • Э.Төгссайхан- Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул П.Одонбаатарын халиун хязааланг унаж, аман хүзүүдсэн.
  • Д.Өсөхбаяр- Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Б.Алтан-Очирын сартай хүрэн үрээг унаж, айргийн гуравт орсон.
  • Г.Алтантөгс- Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат аймгийн Алдарт уяач Б.Бадраагийн хонгор хязааланг унаж, айргийн дөрөвт орсон.
  • С.Батхүү- Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Сүхбаатарын хонгор халзанг унаж, айргийн тавд хурдалсан.
Categories
мэдээ улс-төр

МАН-ыг засгаас гаргах асуудлыг ирэх сард шийдэж магадгүй нь

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хамтарсан Засгийн газар байгуулахад МАН-тай байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-ний биелэлтийг хангалтгүй гэж дүгнээд буй. АН-ын Гүйцэтгэх зөвлөл бүлгийн энэ шийдвэрт үндэслэн МАН- ыг энэ сарын 10-ны өдрийн дотор Засгийн газраас гаргахыг Засгийн газарт АН-аас томилогдсон гишүүддээ даалгаад байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн УИХ-д суудалтай намуудын удирдлагуудтай дээрх асуудлаар уулзах үед АН-ын дарга З.Энхболд АН-аас гарсан шийдвэрийг биелүүлэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн. Гүйцэтгэх зөвлөлөөс МАН-ыг Засгийн газраас гарга гэж өгсөн сүүлчийн өдөр. АН МАН-тай хамтарч Засгийн газарт ажиллахгүй гэдгээ өчигдөр мэдэгдэл гаргаж нотолсон билээ. Гэхдээ одоогоор МАН-ын асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байгаа юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АН-ын дарга З.Энхболдын өрөөнд өчигдөр өнжсөн сураг чих дэлсэж байна. Тэднийг ямар нэг шийдэлд хүрсэн байх магадлалтай гэж улстөрийн хүрээнийхэн ярьж байна. МАН-аас томилогдсон зургаан сайдын асуудлыг өнөөдөр УИХ-аас хэлэлцүүлж магадгүй гэнэ. Эсвэл ирэх сарын 3-ны өдөр ээлжит бус чуулган зарлаж МАН-ыг Засгийн газраас гаргах асуудлыг шийдэж мэдэхээр байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэг гаргалаа

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадам болж буй эдгээр өдрүүдэд Монголчууд бид дэнж хотойтол сайхан нааддаг уламжлалтай билээ. Гэвч анхаарал сэрэмжтэй наадаж, цаг уурын нөхцөл байдлыг харгалзан үзэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

2015 оны 07 дугаар сарын 11, 12-ны өдөр баруун, төв, зүүн аймгийн нутгаар өдөртөө 32-39 градус хүрч халах бөгөөд 12-ны өдрөөс нутгийн баруун хэсгээр, 13, 14, 15-ны өдөр төв болон зүүн зүгийн нутгаар өмнөх өдрүүдээс 10-15 градусаар буурах төлөвтэй байна.

Түүнчлэн 07 дугаар сарын 11-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 12-ны өдөр баруун болон төвийн нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, 13-ны өдөр ихэнх нутгаар, 14, 15-ны өдөр нутгийн зүүн хагаст зүсэрсэн бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орж, салхины хүч ширүүснэ.

Иймд:

  • Баяр наадмын өдрүүдэд анхаарал болгоомжтой байж, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тавих хараа хяналтыг сайжруулж, ах дүү, найз нөхөд, гэр бүл, хамт олноороо аялал зугаалгаар явахдаа зохион байгуулалт сайтай явах, голын усны түвшин нэмэгдэх тул тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүр, гарам, гарцаар зорчих, архи согтууруулах ундааг тохируулж хэрэглэхийг зөвлөж байна.
  • Мөн амралт, аялал зугаалгаар явахдаа цаг агаарын мэдээг судлах, голын ай сав, хуурай сайр, уулын усны буулт бүхий газар хоноглохгүй байх, үргэлжилсэн бороо орох үеэр төл мал осгох, мөндөрт цохиулах тохиолдол гарч байгаа тул малчид малын хариулга маллагаанд анхаарч, үер усны аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхааруулж байна.
  • Шаардлагатай тохиолдолд баяр, амралтын өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газар бусад холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, дуут дохиоллын цамхагаар иргэд, олон нийтэд зориулсан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээг яаралтай хүргэнэ.

Ард олон минь аюул, осолгүй анхаарал болгоомжтой сайхан наадаарай.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын өргөмжлөлөөр шагналаа

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам тохиолдуулан

-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга Т.Булган

– Гадаад хэргийн яамны Ази, Ойрхи Дорнод, Африкийн газрын дэд захирал Г.Бямбасүрэн

– Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, зохион байгуулалтын хэлтсийн дарга С.Мөнгөнцэцэг

– Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Л.Мөнхцэцэг

– Аж үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Р.Баасанжав

– Барилга, хот байгуулалтын яамны Барилга, нийтийн аж ахуйн бодлогын газрын дарга Б.Баасан

– Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдах газрын мэргэжилтэн О.Ууганбаяр

– Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухааны бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Лхагвадорж

– Зам, тээврийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Д.Баярмаа

– Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү

– Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Алимаа

– Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Х.Мөнхзул

– Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч М.Ариунболд

– Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг

– Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж

– Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн аврагч-усчин Ц.Наранбаатар

– Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга М.Үүрийнтуяа

– Монгол Улсын сайдын зөвлөх А.Энх-Амгалан

– “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нарыг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагналаа.

Үндэсний их баяр наадмын босгон дээр Засгийн газрын хамгийн дээд шагнал болох Засгийн газрын хүндэт өргөмжлөлийг хүлээн авч байгаа хүмүүст Ерөнхий сайд Ч.Сайханбилэг баяр хүргэж хэлсэн үгэндээ салбартаа үлгэр дууриалал болж, ард түмний аж амьдралыг дээшлүүлэх, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, их бүтээн байгуулалтуудыг хийж, хариуцлага, шударга ёс, эрх чөлөөг тогтоох чиглэлээр амжилт гаргасан хүмүүсээ Засгийн газар шагнаж байна гэдгийг онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

А.Сүхбатад албан бичиг хүргүүлжээ

Монголын үндэсний бөхийн салбар, хорооноос дархан аварга А.Сүхбатад албан бичиг явуулжээ. Уг бичигт “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 07 дугаар сарын 3-ны өдөр өгсөн чиглэл, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний бөхийн салбар хорооноос өгсөн үүрэг даалгаврын дагуу тэргүүлэгчдийн хурлаараа Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарыг “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийг баримтлан эрэмбэлэх асуудлыг 2015.07.07-ны өдөр хэлэлцээд дээрх дүрмийн 3.6.1 дэх заалтыг үндэслэн өнгөрсөн жил хоёр бөхийг эрэмбэлсэн нь зөв байсан. Одоо ч тэгж эрэмбэлэх нь зүйтэй гэсэн нэгдмэл байр суурьтай байгаагаа дахин нотолсон болно. Иймд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.4 дэх заалтаар хүлээсэн үүргээ биелүүлж дээрх эрэмбээр гарч барилдана гэдэгт найдаж байна. Хэрэв эс биелүүлбэл хариуцлага тооцох болохыг анхаарна уу” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Эхний аравт хурдалсан хязаалангууд

Ардын хувьсгалын 94 жилийн ойд эхний аравт хурдалсан хязаалангууд

1.Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул аймгийн Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын Загал
2.Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул аймгийн Алдарт уяач П.Одонбаатарын Халиун
3.Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат уяач Мягмарсүрэнгийн Сартай хүрэн
4.Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Бадраагийн борлог
5.Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Сүхбаатарын хонгор халзан
6.Төв аймгийн Баянжаргалан сумын Б.Мөнхтүвшингийн хонгор халзан
7.Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул С.Дамбажавын хээр
8.Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул Д.Ганхуягийн сартай халтар
9.Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Л.Чинбатын буурал
10.Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Л.Чинбатын хүрэн халзан.

Categories
мэдээ нийгэм

Хүй долоо худаг явах автобусны чиглэл

Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Хүй долоо худаг явах том оврын 20 автобуснууд 4О жилийн өндөрлөгөөс хөдөлж, Энхтайваны гүүрний доогуур гараад Механик Инженерийн сургуулийн баруун хойд уулзвараар баруун гар тийш эргэж Нарны гүүрээр давж Нарны зам руу орно.

Хүй долоо худаг руу эргэхдээ эхний гарцаар баруун гар тийш эргэж, Нийтийн тээврийн зогсоол бүхий тэмдэгт газар автобуснуудаа байрлуулна.

Хүй долоо худгаас буцаж ирэхдээ Энхтайваны өргөн чөлөөгөөр явж байгаад 10 хорооллын гэрлэн дохиотой уулзвараар баруун гар тийш эргэж Нарны замаар яваад ЗЦГ-ын баруун урд уулзвараар баруун гар тийш эргэж, Их Монгол Улсын гудамж, Гандийн гудамжаар яваад 40 жилийн өндөрлөгийн ард зогсоно. Нийт 20 том оврын автобус үйлчилнэ. \Автобусны нэг эргэлт нь 3 цаг\

Categories
мэдээ нийгэм

Төрийн хүндэтгэлийн концерт 15.00 цагт болно

Чингисийн талбайд өнөөдөр15.00 цагт Төрийн хүндэтгэлийн концерт болно. Төрийн хүндэтгэлийн концертыг энэ жил анх удаа гадаа талбайд зохион байгуулах гэж байгаа билээ. Чингисийн талбайд өглөөний 10.00 цагт төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх ёслолын жагсаал, 12.00 цагт жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол болж өнгөрсөн байна.Төрийн хүндэтгэлийн концертын дараа 19.00 цагт Дээлтэй Монгол наадам, 21.00 цагт Төрийн туг цэнгүүлэх ёслол, 22.00 цагт Учиртай гурван толгой дуурийг тоглоно. Дээлтэй Монгол наадам, Учиртай гурван толгой дуурийг үзэхээр ирэх иргэд үндэсний хувцасаа заавал өмссөн байхыг НЗДТГ-аас уриалж байгаа.

Categories
мэдээ улс-төр

УИХ, орон нутгийн сонгуулийг нэг өдөр хийх эсэхийг шийдээгүй гэв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Улсын Их Хурлын 2015 оны хаврын элжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, өнөөдөр /2015.07.10/ 11 цагт хэвлэлийн бага хурал зохион байгуулан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн бага хуралд тус Байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Р.Бурмаа нар оролцов.

Байнгын хорооны дарга А.Бакей хэвлэлийн бага хурлын эхэнд Улсын Их Хурал 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд шахуу ажиллаж хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа үндсэнд нь хэрэгжүүлсэн, тухайлахад энэ хугацаанд 158 хууль тогтоомжийн төсөл өргөн баригдсанаас 136 нь хэлэлцэгдэж батлагдсан, түүнчлэн хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй нэлээд хууль тогтоомжийн төслийг хэлэлцэж шийдвэрлэснийг онцлов.

Дараа нь тэрээр тус байнгын хорооноос Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Төрийн байгуулалтын байнгын хороо хаврын чуулганы хугацаанд 10 удаа хуралдаж, давхардсан тоогоор 74 асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ. Энэ хугацаанд байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл 65, УИХ-ын тогтоолын төсөл 5, байнгын хорооны тогтоолын төсөл 3, хяналт шалгалт, харьяа байгуууллагын тайлан, мэдээлэл 4-ийг хэлэлцэж, санал, дүгнэлт 11, танилцуулга 2-ыг гаргасан байна. Мөн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх болон боловсруулах үүрэг бүхий 3 ажлын хэсгийг шинээр байгуулсан агаад энэ хугацаанд байнгын хорооны нийт 8 ажлын хэсэг 37 удаа хуралджээ.

Тус байнгын хороо хаврын чуулганы хугацаанд Нийтийн сонсголын тухай, Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай, Захиргааны ерөнхий хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Төрийн албаны тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг давхардсан тоогоор 74 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухайгаа байнгын хорооны дарга товч дурдаад шинээр батлагдсан зарим хууль тогтоомжийн талаар танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2014 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа баталлаа. Нийтийн сонсголын тухай хууль 11 бүлэг 108 зүйлтэй бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Уг хууль нь төрийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод болгох, төрийн бодлого боловсруулах, хэлэлцэх, шийдвэр гаргах түвшинд иргэд, олон нийт оролцож, санал, үзэл бодлоо илэрхийлэх, төрийн бодлого, шийдвэрт саналаа тусгуулах бодит боломжийг бүрдүүлэх эрх зүйн үндэс бүрдлээ. Төрийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн оролцоотойгоор хяналт тавих тогтолцоо бүрдэж, хууль, захиргааны хэм хэмжээний актын чанар сайжирч, нийтээр хүлээн зөвшөөрөх хандлагад эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой болсон.

Харин Монгол Улсын Их Хурал 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого болон гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэлийн асуудал Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах болсон юм. Иймд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн зрхицуулалтыг дээрх өөрчлөлтэй нийцүүлэх үүднээсХөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурлаас 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр баталлаа. Хууль батлагдснаар хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг тодорхой болсноос гадна тодорхой салбарт хөрөнгө оруулахад хуульд заасан нөхцөл байдал үүссэн эсэхийг нягтлахдаа Хөрөнгө оруулалтын газар холбогдох байгууллагаас санал дүгнэлт авах хугацааг илүү тодорхой болгосноор төрийн байгууллага зөвхөн хуулиар тогтоосон хугацаанд шийдвэр гаргах, ингэснээр хөрөнгө оруулагчдын эрхийг илүү хангах ач холбогдолтой болсон гэдгийг хэллээ.

Мөн Засгийн газраас 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай” нэртэйгээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Улсын Их Хурал 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн “Хууль тогтоомжийн тухай хууль” нэртэйгээр баталсан. 11 бүлэг 53 зүйлтэй. Энэ хуулийг 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Энэ хуулиар хууль тогтоомжийг санаачлан боловсруулах, түүнд олон нийтийн оролцоог хангах, эрх зүйн дүгнэлт хийх, өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, олон нийтэд таниулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах болон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2015 оны 06 дугаар сарын 19-ний нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан. Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших 20 гаруй жилийн хугацаанд захиргааны байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан, хууль биелүүлэн төрийн гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагуудын үйл ажиллагааны журмыг нэгтгэсэн, тэдгээрийн хоорондын ажлын уялдааг зохицуулсан суурь хууль байхгүйгээс захиргааны үйл ажиллагаа өнөөг хүртэл уялдаа холбоо муутай, дур зоргын шинжтэй явж ирснийг уг хуулиар нэгдсэн стандарт, жишигт оруулах, захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуулийн зохицуулалтад орж захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээд хуулийг хэрэглэх, хэрэгжүүлэхэд хялбар, дөхөм, ойлгомжтой болгох, захиргааны байгууллагыг нээлттэй, ил тод, хариуцлагатай болгох хуулийн төсөл санаачлагчийн үзэл баримтлалыг УИХ зарчмын хувьд дэмжиж Захиргааны ерөнхий хуулийг баталсан. Энэ хууль нь 11 бүлэг 108 зүйлтэй бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ гэдгийг мэдээллээ.

Байнгын хорооны дарга дараа нь тус байнгын хорооноос хийсэн бусад ажлын талаар товч мэдээлж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариултт өгсөн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа Сонгуулийн хуулийн төслийн явцын талаар танилцуулахдаа, ажлын хэсэг эрчимтэй ажиллаж сонгуулийн хуулийн төслийн гол асуудлаар нэгдсэн ойлголцолд хүрээд байгаа. Хуулийн төсөлд УИХ-д суудалтай болон суудалгүй улс төрийн бүх нам, экспертийн саналыг авч, хэд хэдэн удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Одоогоор сонгуулийн цахим сурталчилгааг хэрхэн шийдэх, мөн УИХ, орон нутгийн сонгуулийг нэг өдөр хийх эсэх асуудал шийдэгдээгүй байгаа. Энэ асуудлыг тухайн үед нь санал хураалтаар шийдэх боломжтой гэж үзэж байгаа. Хяналтын тооллогын тоог хоёр дахин нэмэгдүүлж суманд 2, дүүрэгт 4 хэсэгт хийхээр тусгасан гэдгийг хэлэв.

Байнгын хорооны дарга А.Бакей сэтгүүлчдийн асуултад өгсөн хариултдаа, УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ оны 9 дүгээр сарын 15-нд хийж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Ажлын хэсэг хуулийн төсөл дээр ажиллаж байна, төслийг өргөн мэдүүлбэл ард нийтээр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулна гэдгийг хэллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Дэд сайд Ө.Пүрэвбаатарын загал үрээ түрүүллээ

Тулгар Төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын хязаалан нас барианд орж ирээд байна. Хязаалан насны уралдаанд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, аймгийн Алдарт уяач, Эрчим хүчний дэд сайд Ө. Пүрэвбаатарын загал үрээ түрүүлсэн юм. Тэрээр 1997 онд 3.5 сая төгрөгөөр даага худалдан авч өндөр үнээр даага авлаа гэсэн мэдээлэл тухайн үед цацагдаж байв. Худалдаж авсан хурдан хүлэг нь дараа жилдээ улсын наадамд аман хүзүүдэж байжээ. Дэд сайдын өвөг эцэг Донойн Цэдэн гэж Архангай аймгийн Төвшрүүлэх, Хотонт сумын нутгаар нутагладаг олон сайхан хурдан адуутай хүн байжээ. Тэрээр өвөөгийнхөө тухай “Адуу нь хурдан айраг түрүү алддаггүй болоод ч тэгсэн үү нэг удаа халамцуухан “Хурдан хүрэнгээ түрүүлэхгүй бол төлөгнөөс өгчихөөд явна. Сайн нөхдүүд шараад идчихнэ биз”гэж аархаж байсан юм гэнэ лээ.Түүнийг нь одоо болтол нутаг усныхан нь хуучилж байдаг юм. Тэр нь одоогийн Хотонт сумын наймдугаар баг, Төвшрүүлэх сумын долдугаар баг хоёрын хооронд байдаг Хүйсийн овооны тахилга л даа. Тэр хавьдаа Бургатайн гол, Хөх сүмийн гол гэж хоёр сайхан гол бий. Тухайн үедээ Бургатайн голын адуу хурдтай, баячууд олонтой гэгддэг байж л дээ. Тэгээд л өвөө маань “Бургатайн баячууд сонсож бай, үрээгээ түрүүлэхгүй бол сэмжтэй төлөгнөөс өгчихөөд явна, сайн нөхдүүд шараад идчихнэ биз” гэж аархсан гэдэг. Морь уралдахад хүрэн үрээ нь хол тасарч түрүүлээд хөлсийг нь хусч шошгоо тойруулж байхад нь дараагийн морьд нь ирж байсан гэдэг юм. Манай нутагт морины уяаг шошго гэдэг юм. Бас нэг удаа манай өвөг эцэг Хөх сүмийн голд гаансаа унагаачихаж л дээ. Сайн гаансаа хаячихмааргүй санагдаад адуугаа гурав хоног услалгүй ээрч байгаад, Хөх сүмийн голыг дээгүүр нь боож, хажуу талаар нь салаалуулж урсган үлдсэн шалбаагт нь адуугаа усалж намаг дундаас нь гаансаа олж авсан гэдэг юм. Тэгж бодохоор их олон адуутай байсан юм шиг байгаа юм. Дараа нь нийгэмчилж аавын үед зөвшөөрөгдсөн цөөн тооны л малтай байсан” хэмээн дурсжээ.