Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын зүүний магнайд хэн гарах гэх маргаан наадамчин олны дунд талцал үүсгээд байгаа билээ. Монголын үндэсний бөхийн холбоо болон, наадмын салбар хорооноос дүрэм ёсоороо Г.Өсөхбаяр зүүнийг магнайлах ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн. Энэ маргааныг Х.Баянмөнх аварга тасалж магадгүй нь. Тэрээр “Ийгл” телевизийн “Зочны цаг”-аар өнөөдөр орохдоо “Би 35 жил зүүний магнайд гараагүй. Энэ жилийн баяр наадмаар зодоглох гээд зодог шуудгаа хайж, оллоо. Хэрэв Ж.Мөнхбат аварга зодогловол би барууны магнайдаа гарна. Улсын наадамд Ж.Мөнхбат надаас бага түрүүлсэн ч Дархан аварга цолыг миний өмнө авсан учраас зүүний магнайд гардаг. МҮБХ бөхчүүдийг амжилтаар нь эрэмблэхээр боллоо гэдгийг сонсоод баярлаад зодог шуудгаа эрсэн. Миний хөл муудаж байна. Тариа энэ тэр хийж байгаад ч болтугай гаръя гэж бодлоо. Ирэх жил миний хөл бүр ч муудчих юм бил үү хэн мэдлээ. Тиймээс гишгэдэг байсан дээрээ зүүний магнайд гараад тугаа тойрмоор байна. Би барилдаж чадахгүй л дээ. Гэхдээ нэгийн даваанд оноолт таарсан бөхийг сайн бөх болоорой гээд духан дээр үнсэнэ. Ямар ч байсан А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарыг харна. Энэ хоёр хүн маргалдаад байвал би гарсан ч яадаг юм. Зүүний магнайг эзэлдэг ёс журмаар нь эзлэе л дээ” хэмээн ярилаа.
Month: July 2015
Авто тээврийн үндэсний төвөөс баяр наадмын өдрүүдэд хот хооронд зорчих тээврийн хэрэгслийн хуваарийг баталсан байна. Үндсэн хуваарийн дагуу 911, нэмэлтээр 184 нийт 1095 тээврийн хэрэгсэл долдугаар сарын 10-15-ныг дуустал хот хоорондын нийт 55 чиглэлд үйлчилгээнд явах юм. Баярын өдрүүдэд хот хооронд үйлчилгээнд нэмэлтээр явах тээврийн хэрэгслийн чиглэлийг танилцуулж байна.
Долоодугаар сарыи 10-нд
Хөвсгөл, Архангай, Увс, Өвөрхангай, Өвөрхангайн Хархорин, Төв аймгийн Заамар, Дундговийн Эрдэнэдалай руу тус бүр нэг автобус, Эрдэнэт рүү дөрөв, Дархан руу найм, Дарханы Шарын гол руу хоёр, Төв аймаг руу 13 автобус тус тус
Долоодугаар сарын 11-нд
Хөвсгөл, Өвөрхангай, Өвөрхангайн Хархорин, Төв аймгийн Заамар руу тус бүр нэг автобус, Эрдэнэт рүү дөрөв, Дархан руу найм, Дарханы Шарын гол руу хоёр, Төв аймаг руу 13 автобус үйлчлэхээр болжээ.
Долоодугаар сарын 12-нд
Хөвсгөл, Архангай, Төв аймгийн Заамар руу тус бүр нэг автобус, Эрдэнэт рүү дөрөв,
Дархан руу найм, Дарханы Шарын гол руу хоёр, Төв аймаг руу 13 автобус үйлчилнэ.
Долоодугаар сарын 13-нд
Хөвсгөл, Увс, Архангай, Архангайн Эрдэнэмандал, Ховд, Төв аймгийн Заамар руу тус бүр нэг авггобус, Эрдэнэт рүү дөрөв, Дархан руу найм, Дарханы Шарын гол руу хоёр, Төв аймаг руу 13 автобус тус тус явна. Долоодугаар сарын 14-нд Хөвсгөл, Увс руу тус бүр нэг Эрдэнэт рүү дөрөв, Дархан руу найм, Дарханы Шарын гол руу хоёр, Төв аймаг руу 13 автобус тус тус авна.
Долоодугаар сарын 15-нд Хөвсгөл, Увс, Ховд, Өвөрхангайн Хархорин, Төв аймгийн Заамар руу тус бүр нэг автобус, Эрдэнэт рүү дөрөв, Дархан руу найм, Дарханы Шарын гол руу хоёр, Төв аймаг руу 13 автобус тус тус авна.
Тулгар Төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын шүдлэн насны морьд гараанаас хөдлөөд байгаа. Шүдлэн насанд 228 шүдлэн бүртгүүлснээс 142-г нь эрлийз гэсэн үндэслэлээр хасчээ. Ийнхүү 91 шүдлэн гараанаас хөдөлсөн. Шүдлэн насны хурдан морьдын уралдаан хөтөлбөр ёсоор 14.00 цагт эхлэх байсан ч бүртгүүлсэн морьдын хэмжилт болон хасалтаас шалтгаалж хойшилсон юм. Уяачид үүнд ихээхэн бухимдалтай байна. Тэд монгол морио танихгүй хүмүүс хурдан морины комисст ажилллаж байна, шүдлэн насны морьдын уралдааныг хүчингүйд тооцуулан дахин уралдуулах хүсэлт тавина гэцгээж байлаа.
БНСУ-д Ойрхи-Дорнодын корона вирусын халдвар гарсны улмаас тус улсад зорчих аяллаа хойшлуулсан иргэдийн визийн хүчинтэй хугацааг дахин гурван сарын хугацаагаар сунгахаар болжээ. Энэ шийдвэрийг тус улсын ХЗЯ-наас гаргасан байна. Уг мэдээллийг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас албан ёсоор хүргэж байгаа аж. 2015 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны хооронд авсан БНСУ-д зорчих богино хугацааны визтэй иргэдийн зөвхөн визийн хүчинтэй хугацаанд хамаарах юм байна. Харин оршин суух хугацаанд хамаарахгүй гэнэ.
Чингисийн талбайд Төрийн хүндэтгэлийн концерт яг одоо болж байна. Төрийн хүндэтгэлийн концертыг энэ жил анх удаа гадаа талбайд зохион байгуулж байгаа билээ. Төрийн хүндэтгэлийн концерт үзэх наадамчин олонд зориулж талбай дээр 5000 суудал зассан юм. Өмнөх жилүүдэд Төрийн хүндэтгэлийн концертыг зөвхөн Төр засгийн удирдлагууд, тухайн жилд шагнагдсан онцгой зочдод зориулан Соёлын төв өргөөнөө зохион байгуулдаг байсан. Төрийн хүндэтгэлийн концертыг сонирхохоор ирсэн жуулчид олон байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга, Монгол улсын шадар сайд У.Хүрэлсүх концертыг нээж үг хэлсэн юм. Чингисийн талбай дээр 19.00 цагт “Дээлтэй Монгол” болно.
Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлсэн. Энэ жил хуурайшилт ихтэй учраас Хүй долоон худаг тоос шороондоо дарагдаж байна гэж бид өмнө нь мэдээлсэн. Ийм шалтгаанаар морьд багтрах эрсдэл өндөр байгаа аж. Нийслэлийн Мал эмнэлгийн газрын Халдвартын эмч Ц.Гантөмөр”Уяачид уралдааны замд морь нь сульдсан үед уралдахгүй байхыг унаач хүүхдүүддээ захиарай” хэмээн санууллаа.
Түлш эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатарын загал үрээ эрлийз байж магадгүй гэсэн мэдээлэл үнэн эсэх нь одоогоор тодорхой болоогүй байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар бол хязаалан насны морины уралдаанд түрүүлсэн, аман хүзүүдсэн морьд эрлийз байх өндөр магадлалтай гэнэ. Ер нь айргийн тавд багтсан хязаалангууд эрлийз байж болохыг учир мэдэх улс үгүйсгэхгүй байна. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй байна. Энэ жилийн “Дүнжингарав”-ын үеэр ч ийм маргаан гарч байв. Азарга насны айрагдсан бүх морь ийм шалтгаанаар хасагдсан юм. Саяхан хэлэлцэж баталсан Үндэсний их баяр наадмын хуульд орсон өөрчлөлтөөр үүлдэрлэг байдлыг харгалзаж эрлийз монголоор нь ялгая гэсэн санал орж ирж, дэмжигдэн батлагдсныг энэ дашрамд онцолъё.
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр Хүй долоон худагт хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан болж байна. 230 гаруй шүдлэн гарааны зурхай руу хөдөллөө. Үдээс өмнө болсон хязаалан насны морины уралдаанд түрүүлж, аман хүзүүдсэн морьд эрлийз байж магадгүй гэсэн шуугиан дэгдээд байгаа. Энэ дуулианаас болж Баяр наадмын комиссын хурдан морины уралдааны салбар хорооныхон шүдлэн насны морины уралдаан дээр нэлээд хянуур хандаж байгаа бололтой.
“Учиртай гурван толгой” дуурь Чингисийн талбайд эхэллээ. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд уг сонгодог дуурийг наадамчин олонд үнэ төлбөргүй хүргэж байгаа юм. “Учиртай гурав”-т ДБЭТ-ын голцол, найрал дуучид, симфони оркестр, балет ангийн бүжигчид оролцон тоглож байна. Удирдаач нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх. Д.Нацагдорж зохиолч энэ бүтээлийг анх “Үйлийн гурван толгой” нэрээр бичиж байжээ. 1934 онд анх Бөмбөгөр ногоон театрт “Учиртай гурван толгой” хөгжимт жүжгийг дан ардын дуугаар тоглодог байж. Дараахан нь буюу 1944 онд Б.Дамдинсүрэн ая зохиосноор “Учиртай гурван толгой” өөрийн гэсэн ая, үгтэй болсон түүхтэй. Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган уг дуурийг 1997 онд тодорхой хэмжээний засвар хийх шаардлагатай гэж үзэж шинэчлэн найруулсан. Уг найруулгаар өнөөг хүртэл тайзнаа эгшиглэсээр байна.
Улсын их баяр наадам өнөөдөр шагайн харваа, хязаалан насны морьдын уралдаанаар эхэлсэн билээ. Наадмын нээлтийн ёслолын ажиллагаа маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Яг одоо цэнгэлдэхийн гадна талд худалдаа, үйлчилгээний зориулалтаар зөвшөөрөл авсан иргэн, аж ахуй нэгжүүд бэлтгэл ажлаа базааж байна. Өнөө жилийн наадмаар 600 орчим цэг ажиллах юм. Тэдгээр цэгийн 80 орчим нь хоолны үйлчилгээ явуулна.