Categories
мэдээ цаг-үе

Багадаа Төв цэнгэлдэх орж хуушуур идэж, улаан ус уудаг байлаа

Тулгар Төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаар олны танил алдартай эрхмүүд хэрхэн нааддаг тухай манай www.admin.dnn.mn сайт онцолж байгаа юм. Жүжигчин М.Оргилыг наадмаар юу хийдгийг сонирхлоо.

-Баярын мэнд хүрье. Наадмаар та яаж баярладаг вэ. Бага байхдаа яаж нааддаг байв?

-Би багадаа Дамбадаржаад бөмбөг өшиглөж, чулуугаар байлдаж өссөн хүүхэд л дээ. Наадам болохоор гэрийнхэнтэйгээ Төв цэнгэлдэх орж хуушуур идэж, улаан ус уудаг байсан санагддаг юм. Арай том болоод найз нартайгаа бөх үзэж, айраг уунгаа сайхан нааддаг болсон. Харин одоо Наадмаар сайхан монгол хувцасаа өмсөөд ах нарийн уяан дээр очиж, найз бөхчүүдээ дэмжиж нааддаг болжээ.

-Найз бөхчүүд гэхээр та бөх их сонирхдог хэрэг үү?

-Бөх сонирхоно. Олон сайхан бөхчүүдтэй найзалж, нөхөрлөдөг. Тэр дундаа Төв аймгийн харъяа Улсын начин Гэрэлт-Од, Хөвсгөл аймгийн харъяа Улсын начин Баттулга хоёртой сайхан найзууд. Би бэлтгэлээ энэ хоёртой болон Якузона Харумафүжигийн ах Баасандорж, Бат ах гээд хүмүүстэй байнга хүчний бэлтгэл хийдэг. Бэлтгэлийн хажуугаар нь эд нараар бөхийн мэх заалгаж үндэс, жүдо хоёроор хаяа сонирхогчийн хувьд барилдаж үздэг юм. Үнэн ярьдаг юм уу, онгироодог юм уу бүү мэд намайг бөхөөр явсан бол бас зүгээргүй байхаар байсан гээд байдаг шүү.

-Эр хүн бөхөөр барилдаж чаддаг байх ёстой гэж боддог юм уу?

-Бөх бол ер нь монгол эр хүний заавал оролдож байх ёстой бидний өв соёл сайхан уламжлалт тулааны урлаг гэж боддог. Бусад орны тулааны урлагуудын хажууд Монгол баатар эрийн уран мэх, мэргэн харваа, хурдан морь гурвыг даван дийлэх хүчин үгүй гэдгийг бидний өвөг дээдсийн агуу түүх харуулдаг. Энэ сайхан уламжлалаа бид дээдэлж мөнхөд хадгалж, хамгаалж хөгжүүлж л байх ёстой.

-Та морь хэр сонирхдог вэ?

-Монгол хүн гэдэг үүднээсээ сонирхдог. Би уяж уралдуулахгүй ч гэсэн хувийн хэдэн адуутай болно гэж боддог юм. Бага байхдаа моринд их дуртай хүүхэд байлаа. Дөнгөж есөн настайдаа ээжийгээ дагаад хотын хүүхэд Сэлэнгэд очсон юм. Баахан морь унасан хүмүүс харагдаад унаж үзмээр санагдаж билээ. Шуудхан л нэг хүн дээр очоод “Өвөө би таны морийг унаж болох уу” гэж асуусан чинь “Тэг, тэг” гээд морио өгчихсөн. Морьдоод “Чүү” гэсэн чинь давхиад алга болчихсон. Ганц ч морь унаж үзээгүй хүүхэд нэг мэдсэн эмээлнийхээ ард морьны бараг бөгсөн дээр ирчихсэн байдаг юм. Яаж зогсоосон юм бүү мэд. Ямар ч байсан морьноосоо унаагүй эзэнд нь буцааж авчирч өгч байсан. Монгол хүний цусанд, генд морь унах чадвар байдаг юм шиг санагддаг.

-Наадмын дараа та юу хийх вэ?

-Гэр бүлээрээ нутагтаа буюу Сэлэнгийн Ерөө сумын Баянгол гэдэг газар очиж амардаг. Тэнд ээж минь байгальд ээлтэй, хүүхдэд байгалийн ба иргэний боловсрол олгодог “Eco Land Camp” гэж зуслантай юм. Зуслангийнх нь хажуудаа Баянгол голтой, рашаантай, уулаар нүд дүүрэн гүзээлзгэнэ ургадаг зэрлэг онгон байгальтай, хот суурьнаас хол сайхан газар байдаг юм. Тэнд очиж амрахаар цэвэр байгальд сайхан амарч чаддаг.

-Та наадамчин олондоо мэндчилгээ дэвшүүлэх үү?

-Та бүхэн хотол олноороо дэлгэр сайхан наадацгаагаарай. Мөнх хөх тэнгэрийн ивээл дор Монгол Улс маань мандах бадрах болтугай. Энэ жил бидний хувьд тавиад монголчуудын “Марко Поло” кинонд оролцуулсан улс орноо дэлхийд сурталчилж буй сайхан жил болж байна. Тиймээс энэ жилийн наадам миний хувьд онцгой сайхан болж байна.

Categories
мэдээ цаг-үе

Дуучин С.Наран: Нийгэмд хэрэгтэй зүйл хийвэл сэтгэл ханах гээд байна

Дуучин С.Нарантай ярилцлаа.

-Дуучин С.Наран хог хаягдал дахин ашиглах, боловсруулах “ДЭКО” төсөл эхлүүлэх гэж байгаа гэж сонслоо. Яагаад энэ сэдэвт анхаарах болов?

-Долдугаар сарын 8-нд миний цомгийн нээлт болох юм. Энэ бол миний цомгуудын нийлбэр, түүвэр юм. Зүгээр нэг баяр болгоод өнгөрөх бус өөрийн хамгийн эмзэглэдэг асуудлыг шийдэлцэх төслийнхөө нээлтийг хамт хийнэ. Хог хаягдал жилээс жилд гурав, дөрөв дахин өсч байна. Гэтэл хогон дунд ч бас ашигтай зүйлс бий. Хог хаягдлыг боловсруулаад орчноо маш сайхан тохижуулж болно. Өдөр тутамдаа дахин ашиглах боломжтой. Энэ бүх нөөцийг бид ашиглахгүй зүгээр л хараад, халаглаад сууж байна. Жил бүр төмөр хайснуудыг солих мэтээр давтамжтай үзэгдлүүд нүдэнд тусдаг. Маш их мөнгийг үрэн таран хийж байгаа нь харагддаг. Түүний оронд хэмнэлттэй амьдарч сурах хэрэгтэй байнаа. Бусад оронд өнгөрсөн түүхэндээ хүндэтгэлтэй ханддаг. Болоод өнгөрсөн бүхний ул мөр барилга байшин, хөшөө дурсгалд нь хадгалагдаж үлддэг. Гэтэл манайхан өөрсдөөсөө түүхийг эхлүүлэх гээд байдаг. Урьдны хүмүүсийн хийсэн бүхэн юу ч биш болох гээд байдаг. Энэ бүгд хүүхдүүдэд ч нөлөөлж байх шиг. Компьютер, утас шагайхаас өөр амьд харилцаа тэдэнд маань алга болох гээд байна… Дахивар нөөцийг ашиглаж, эко хөгжлийг бий болгоод ажилгүйдэлтэй тэмцээд эдийн засагтаа ямар нэмэр болж болох вэ. Хүмүүсийг яаж хүмүүжүүлэх, ухамсар суулгах гэдэг чухал асуудалд бид нэгдэх хэрэгтэй. Энэ үүднээс энэ төслийг санаачилсан юм.

Монголын нэртэй дизайнерууд, архитекторууд, барилга барьж байгаа компаниуд, хаягдал гаргаж байгаа үйлдвэрүүд энэ санаачилгыг дэмжиж ажиллах хэрэгтэй байна л даа. Дизайнеруудтай хамтарч маш сайхан цэмцгэр орчин бий болгож, бодит байдлаар цуврал нэвтрүүлэг хийхээр 25 дугаар суваг телевизтэй тохирсон. Манайхан маш их зүйлийг импортоор авдаг. Жишээ нь хуучин машины агуулах улс болохоо дөхлөө. Энэ ашиглагдахаа байсан машины хог хаягдлаар уул овоо босч, орчныг бохирдуулахыг зүгээр хараад сууж таарахгүй. Үүгээр юу бүтээж эргээд ашиглаж болохыг бүтээлч нүдээр харах хэрэгтэй байна. “ДЭКО” буюу Дахивар нөөцөнд тулгуурласан эко хөгжил. (дахивар, дизайнууд, дахин ашиглах мөн decorate) гэдэг утга илэрхийлсэн үг.

-Нийгмийн шийдэгдээгүй том асуудлыг барьж авчээ?

-Нийгэмд хэрэгтэй зүйлс хийвэл сэтгэл ханах гээд байна. Хараад, бухимдаад шүүмжлээд суумааргүй байна.

-Хог хаягдлын асуудлыг барьж авахад нөлөөлсөн хүмүүс байсан уу?

-Байлгүй яах вэ. Би маш олон жил үүнийг бодож байгаа. Би интерьер дизайнд дуртай. Олон жил гудамж цэвэрлэж байгаа эмээ, өвөө хоёр байлаа. Би тэгэхэд “Ривер саунд”-д дуулдаг байсан. Миний анзаарч харснаар тэр эмээ өвөө хоёр хамгийн эрт босоод хогоо цэвэрлэсээр байгаад хамгийн орой явдаг байсан. Болдогсон бол тэр хоёрын тухай кино хийчих юмсан гэдэг бодол орж ирдэг байлаа. Хэдэн удаа дуулж олсон мөнгөнөөсөө хэдэн төгрөг тэр хоёрт өгч билээ. Хүн хийсэн ажлынхаа хөлсийг авах ёстой. Хог цэвэрлэнэ гэдэг айж ичих ажил биш, нийгэмд маш хэрэгтэй хүмүүс гэж хайрладаг.

-Эхний цэг буюу хэрэглэгч “үйлдвэрлэдэг” хогоо багасгаж байж хотын хог багасдаг учиртай юм билээ. Өөрийн чинь хувьд хог бага гаргах хэв маяг баримталдаг уу?

-Хог бага гаргах гэж байнга хичээдэг. Машиныхаа цонхоор хогоо хаяж байгаа хүн харвал байж сууж чаддаггүй, араас нь сигналддаг. Цэвэр орчинд амьдардаг хүн сэтгэл тайван бас эрх чөлөөг мэдэрч эрүүл байна шүү дээ. Орчин ингэж хүнд нөлөөлдөг. ДЭКО төсөл жишээ нь хагарсан аягыг ингэж ашигладаг юм байна, машины дугуйг орчны тохижилтод ингэж ашиглаж болдог юм уу, ундааны савыг хаяхын оронд цэцэг тарьж болох юм байна гэх мэт боломжуудыг хүмүүст харуулахыг хичээж байна. Хүүхдүүд ч үүнийг хараад бүтээлч болно.

-Эмэгтэйчүүд гэр цэвэрлэхийн зовлонг мэддэг болохоор цэвэрлэгээний асуудалд илүү анхаарал хандуулдаг байж магадгүй. Ингэхэд дуучин С.Наран гэр орноо цэвэрлэхэд хэр цаг зарцуулдаг вэ?

-Цэвэр байх чухал, тайван байдлыг мэдэрдэг. Гэрээ сайхан цэвэрлэчихээд ажлаа бодож төлөвлөх, телевизор үзэж, компьютер бариад суухад сэтгэл уужирдаг. Гэр цэвэрлэхэд цаг гаргана. Өөрөө нураасан бол өөрөө цэвэрлэнэ шүү дээ.

-Та хуучин эд зүйлсийг орчны тохижилтод хэрхэн хэрэглэж болох талаар олон санаа цуглуулжээ?

-Бусад оронд эко хөгжил нь ямар түвшинд хүрснийг интернэтэд ороод харах боломжтой. Интернэтээр дүүрэн санаа бий. Манайхан дандаа шинэ юм эдлэх дуртай. Тэр нь хуучнаас долоон дор зүйлүүд байх нь бий. Урдаас маш хямд эдэлгээгүй зүйлсүүд оруулж ирдэг. Үүний оронд өөрсдөө гараараа бүтээсэн зүйлс эдэлгээ даан, үнэ цэнтэй байх боломжтой. Өөрөө бүтээнэ гэдэг маш чухал. Оюун санаа ч өөрчлөгдөөд үр хүүхдүүдэд хүртэл нөлөөлөөд ирнэ.

-Гадны зарим хүмүүс хуучны эд зүйлсийг илүү таашаадаг юм билээ?

-Хуучны зарим нүнжигтэй зүйлс байдаг. Би Европоор аялж байхдаа үүнийг маш сайн ойлгосон. Хуучны юм гэдэг үргэлж түүх өгүүлдэг. Хөгшин аавын бурхны авдар гэхэд л нэг л сайхан харагддаг. Хуучны зэс эдлэл сэтгэл татдаг. Англичууд хуучин эд зүйлээр гэрээ тохижуулж, хуучны эд зүйлс худалдаж авч нандигнаж хайрладаг юм билээ. Хуучны эд зүйлс, хөшөө дурсгал, байшин барилга, модон хүрээтэй цонхоо хүртэл яг тэр хэвээр нь хадгалж үлдээхээр хичээл зүтгэл гаргадаг юм билээ.

-С.Наран Хөвсгөлийн хүүхэд. Хүүхэд байх үед чинь ертөнцийг үзэх үзэлд чинь юу нөлөөлөв?

-Миний хүүхэд ахуй цаг сайхан байсан. Үнэнийг хэлэхэд би социализмын нийгэмдээ дуртай шүү дээ.Шунал гэдэг ойлголтыг мэдрэхгүй, хүнийг л хүндлэх, орчноо хайрлаж хамгаалах гэдгийг сайтар ухамсарлуулж, зөв хүмүүжүүлж өсгөдөг байж гэж боддог. Сайн хүмүүжилтэй өсгөнө гэдэг хамгийн том бэлэг. Хүүхдээ өөрөө өөрийгөө авч явах чадвартай өсгөнө гэдэг чухал. Өөрийн гэсэн чиг шугамтай байна гэдэг чухал. Үүний суурь аав ээжийн үлгэр дуурайлал хүмүүжил шүү дээ.

-Аавдаан би… гээд өөрөө дуулдаг. Энэ дуунд тань аав чинь дуртай юу?

-Дуртай байлгүй яахав.Балхаа ах ээжийн тухай дуу дуулж өгөөч гэж байсан. Би аавын тухай дуулмаар байна гэсэн. Хятадад сурч байхдаа аавыгаа их санадаг байсан л даа. Аавын халуун алгыг санана. Харангын Чука ах, Гүрээ ах бид нар сууж байгаад аавуудын өвөрмөц чанаруудыг ярьж байж бүтээсэн, сайхан үгтэй дуу. Аавын дулаахан гар, ташуурдах мэт харц, үнэн үг нь хүнд ямар хэрэгтэй байдаг билээ. Энэ бүх мэдрэмжүүд их чухал. Олон үг хэлэхгүй ч биеэрээ үлгэрлэж хүүхдүүдээ өсгөнө гэдэг гайхамшигтай юм билээ.

-Ц.Оюунгэрэлийн номонд өөрийн чинь тухай хэдэн өгүүлбэр байдаг. Англи хэлний курст суугаад, Хөвсгөлдөө ирээд курс хичээллүүлэхэд Наран гэдэг охин идэвхтэй сурч байжээ. Таван хэл дээр цомог гаргасан гэдэг. Тэр үед л суурь нь тавигдаж байжээ?

-Тэр үед дөнгөж ардчилал гараад амьдралыг өөрөөр харж байсан үе. Яалт ч үгүй англи хэлийг сонирхох хэрэгтэй болсон. A,B,C-гээ Ц.Оюунгэрэл эгчээр заалгаж байлаа. Сонсдог дуу маань ч өөрчлөгдсөн. Гэхдээ маш хүнд хэцүү үеийг давж гарсан гэж боддог. Дөнгөж сургууль төгсөөд, 18 настай охин зах зээлийн эдийн засгийн ойлголт огт байхгүй байсан үе. Өөрийгөө, амьдралыг ойлгох хэрэгтэй болсон. Энэ цаг үеийг хөдөөний охин давж туулах гэж нэлээд тэмцсэн. Курст суугаад дараа нь англи дуунууд сонсч эхэлсэн. Тэр үед “Queen” хамтлагийг сонсдог байлаа. Яаж дуулаад байгаа нь биш юу дуулаад байгаа нь сонин байсан л даа. Тиймээс үг болгоных нь дээр монгол орчуулгыг нь бичээд дуунуудын утгыг ойлгож бүр шимтэн сонсдог байлаа. Чихэвчний хөгжим л миний найз байсан. Дараа нь миний анхны cover цомог гарсан. Гадаад дууг хуулах биш өөрийнхөөрөө илэрхийлж гаргаж дуулж байсан.Тэр цомог маань маш их борлогдож билээ.

-СУИС-ийн жүжигчний анги төгссөн нь өөрт чинь хэрэг болсон уу. Яагаад дуулаачийн биш жүжигчний ангид орчихсон юм бэ?

-Яахав дээ, Хөвсгөлд явж байгаад Кино драмын ангид тэнцчихсэн байхгүй юу. Кино драм бол надад гайхамшигтай мэдрэмж өгсөн. Яг юу хүсээд байгаагаа ойлгохгүй, нэг л өөр юм хүсээд байдаг. Кино драмд ороод “Зүрх сэтгэлээ зориулж дүр бүтээж байгаа шиг сэтгэл гэдэг юм миний хоолойгоор дамжиж гарах ёстой” гэдгийг ойлгосон. Тэр үед 1992 онд Франц дууны уралдаанд орж түрүүлээд, ерөнхийдөө маш их зүйлийг ойлгосон. Дуулах бол миний амьдрал юм байна гэдгийг мэдэрсэн дээ.

-Хятадад урлагийн менежментийн анги төгссөн гэсэн. Тэнд хийдэг урлагийн менежмэнт Монголоос өөр үү?

– Хүн амын тооноос бүх зүйл хамааралтай. Монгол хүний үндсэн зан төрхүүд байна. Их хувирамтгай хувьсамтгай үзэгчидтэй. Нэг дуучинг шүтэн бишрээд явах нь бага. Юуг л бол юуг сонсдог. Тийм болохоор бид маш олон цомог гарган тэр цомгоос хэдхэн дуу нь л хүмүүст хүрэх мөн бусад төрлийн дууг сонсогчдод бас дээр нь зөвхөн гадаадын дуучдыг сонсдог гэх мэт энэ жижиг зах зээл дээр яг өөрийн үзэгчийг бий болгоно гэдэг амаргүй шүү. Бусад орны дуучид жил болгон цомог гаргахгүй шүү дээ. Бид бол их хурдтай ажиллаж тоглолт хийх гээд хөөрхий зүтгэдэг. Эргэлт хурдантай байхгүй бол болохгүй. Зах зээл нь бага учраас менежмент гэдэг зүйлийг жинхэнэ утгаар нь хийх боломж бага. Маш олон зүйлийг ойлгож, төлөвлөж ирсэн ч амьдрал дээр тэр менежментийг хийхэд хэцүү. Хятад бол том зах зээл. Сургуульд сурахаас өмнө Хятадад олон удаа урилгаар дуулж байсан. Хятадын үзэгчдийг бишрүүлж байсан. Чин үнэнээсээ над руу харж баясч, дуу алдаж, биширсэн харц намайг татаж байсан л даа.Ертөнц гэдэг ямар баялаг гэдгийг ойлгосон. Дуучид бидэнд нэмэлт зах зээлүүд их хэрэгтэй. Магистрын ажлаа таван хэл дээрх CD-гээрээ хийсэн.

-Манай нөхцөлд өдөр бүр цомог дээр ажиллаад байхгүй, тоглолт хийхгүй. Дуучин С.Нарангийн ихэнх цагаа зарцуулдаг зүйл юу вэ?

-Би өөрийгөө ойлгохыг хичээдэг. Бүтээлч юм юу хийх вэ гээд өөрийгөө хөгжүүлэхэд цаг гаргадаг. Гэхдээ бид байнга тоглолттой байдаг гэж хэлж болно. Ертөнцийн арга хэмжээ, хурим найр, төрсөн өдөр дуусахгүй. Тасралтгүй дуулсаар л явна. Бидний нүүр царай хоолой хүмүүст танигдсан учраас завгүй ажиллаж байна даа.

-Таалагдсан залуудаа өөрөө эхэлж сэтгэгдэл илэрхийлэх зориг гаргадаг уу?

-Би шууд хэлдэг. Ямар гоё инээдэг юм бэ. Ямар гоё шүдтэй юм бэ. Ямар сайхан хувцаслаа вэ гэдэг. Би үнэхээр сэтгэлээсээ хэлдэг.Сайхан залууг эргээд харна, машин барьж явахад сайхан залуу харагдвал “Үүүү” гэж дуу алдах үе бий. Гэхдээ сайхан харагдахаас илүү хэр ухамсартай ухаантай гэдэг нь чухал шүү дээ.

-Нүдний шилийг яагаад өөрийн чинь эд эс мэт хэрэглэдэг юм бэ?

-Би дуулах, ярихдаа нүдээрээ их илэрхийлдэг. Инээхэд ч хүртэл. Энэ эмоци дуулахаараа хурц илэрхийлэгддэг. Уурлаад дуулаад байгаа юм шиг тэр бүх жүжиглэлт гарна. Дээр нь гэрэл тусахаар гялбаад хэцүү байдаг. Сүүлдээ нүдний шилгүй дуулж чадахаа байсан.

Categories
мэдээ нийгэм

Банкууд наадмаар ингэж ажиллана

Үндэсний их баяр наадмаар банкуудын ажиллах цагийн хуваарийг хүргэе.

Голомт банк

Худалдаа хөгжлийн банк

Хаан банк

Хас банк

Төрийн банк

Капитал банк

2015.07.11 Бямба

амарна

амарна

амарна

амарна

Занабазар, Төв цэнгэлдэх салбарууд 11-17 цаг хүртэл ажиллана.

Нисэх тооцооны төв 24 цаг, Тавин мянгат, Сансар тооцооны төвүүд 10-17 цаг хүртэл тус тус ажиллана.

2015.07.12 Ням

Ард, 120 мянгат салбарууд тус тус 10-18 цаг хүртэл ажиллана

амарна

амарна

амарна

Мөнгөн завъяа, Хархорин салбарууд 11-17 цаг хүртэл ажиллана.

Нисэх 24 цаг, Тавин мянгат, Сансар тооцооны төвүүд 10-17 цаг хүртэл тус тус ажиллана.

2015.07.13 Даваа

Солонго, Ард, Саппоро, Өргөө, Сансар, 120 мянгат салбарууд тус тус 10-18 цаг хүртэл ажиллана.

амарна

амарна

Түшиг тооцооны төв 11-17 цагийн хооронд ажиллана.

Ялалт, Чулуун овоо, Драгон тооцооны төвүүд 11-17 цагийн хооронд ажиллана.

Нисэх тооцооны төв 24 цаг, Тавин мянгат, Хороолол салбарууд 10-17 цаг хүртэл ажиллана.

2015.07.14 Мягмар

Солонго, Цамбагарав, Сансар, Москва салбарууд 10-18 цаг хүртэл ажиллана.

Баянцээл 10-17, Сонгинохайрхан 11-16, Энхтайван 09-17, Богдхаан 10-17, Жуулчин 11-16, Хархорин салбарууд 10-18 цаг хүртэл тус тус ажиллана.

Богд-Ар, Дархан Плаза, Спортын ордон, МУИС, Өнөр, Драгон, Тэнгис, Ард, Үйлдвэр комбинат, Намьянжү, Баянзүрх тооцооны төвүүд тус тус 10-17 цагийн хооронд ажиллана.

Түшиг тооцооны төв 11-17 цагийн хооронд ажиллана.

40 мянгат, 13-р хороолол, Өнөр хороолол салбарууд 11-17 цаг хүртэл ажиллана.

Нисэх тооцооны төв 24 цаг, Их дэлгүүр, Хороолол салбарууд 10-17 цаг хүртэл ажиллана.

2015.07.15 Лхагва

Солонго, Цамбагарав, Сансар, Москва салбарууд 10-18 цаг хүртэл ажиллана.

Таван шар 10-18, Сөүл 10-17, Баянгол 09-17, Бага тойруу 10-17, Занабазар 11-16, Торгон хил 09-17, Сансар салбарууд 10-18 цаг хүртэл тус тус ажиллана.

Богд-Ар, Дархан Плаза, Спортын ордон, МУИС, Өнөр, Драгон, Тэнгис, Ард, Үйлдвэр комбинат, Намьянжү, Баянзүрх тооцооны төвүүд тус тус 10-17 цагийн хооронд ажиллана.

Түшиг тооцооны төв 11-17 цагийн хооронд ажиллана.

МУИС, Бөхийн өргөө, Цамбагарав тооцооны төвүүд 11-17 цагийн хооронд ажиллана.

Нисэх тооцооны төв 24 цаг, Их дэлгүүр, Хороолол салбарууд 10-17 цаг хүртэл ажиллана.

2015.07.16 Пүрэв

Энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Лавлах утас

1800-1646

1900-1977

1800-1917

1800-1888

1800-1881

1800-1912

Categories
мэдээ нийгэм

Францчуудын сэргээн засварласан ”Цогт тайж” наадмаар үзэгчдэд хүрнэ

Алдарт “Цогт тайж” киноны сэргээн засварласан эх хувь болон дижитал хувилбарыг хүлээн авах ёслолын ажиллагаа болоод удаагүй байна. Сэргээн засварласан киног наадмаар үзэгчдэд хүргэхээр болжээ.

Францын “CNC” кино урлагийн төв нь хоёр улсын Засгийн Газрын хамтын ажиллагааны гэрээний дагуу “Цогт тайж” киноны эх хувилбарыг сэргээн засварлах ажлыг хэрэгжүүлж, киноны контратив хувийг сэргээн засварласан хувилбарыг 2011 онд манай талд хүлээлгэн өгсөн юм. Энэ удаа сэргээн засварлалт хийж, хуулбарласан 15 бүлэг, тоон хэлбэрт шилжүүлсэн хоёр хувь бүтээлийг өнөөдөр БСШУЯ-нд хүлээлгэн өгөөд байна. “Цогт тайж” киноны сэргээн засварлалтыг Францын Кино урлагийн үндэсний төв хийжээ.

Categories
мэдээ нийгэм

Бэлэн гоймон идсэний дараа биед ийм өөрчлөлт гардаг

АНУ-ын Массачусетсийн Ерөнхий эмнэлгийн эмч Браден Куо бэлэн гоймон идсэний дараа хоол боловсруулалт хэрхэн явагддагыг эм шиг жижиг камер ашиглан бичиж авчээ. Эцэст нь маш хачирхалтай үр дүн гарсан байна. Бэлэн гоймон идсэнээс хоёр цагийн дараа гэхэд ходоодонд задрал, өөрчлөлтгүй байсаар байж. Удалгүй ходоод боловсруулахын тулд маш ачаалалтай ажиллаж эхэлжээ. Ихэнх хүнс идсэний дараа хурдан хугацаанд шингэж боловсруулагддаг. Харин ийм удаан хугацаанд боловсруулагдахгүй байна гэдэг нь ходоод шим тэжээл авч чадахгүй ямар ч тэжээлгүй хоол гэсэн үг хэмээн эрдэмтэд тайлбарлаж байна. Харин ч хор болдог байна.

Бэлэн гоймонд Tertiary-Butyl HydroQuinone /TBHQ/ хэмээх бодис агуулагддаг. Энэхүү бодис нь нефтийн үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн аж. Хямдхан боловсруулсан бүтээгдэхүүнийг нөөшлөхөд хүнсний нэмэлт байдлаар цацаж хэрэглэдэг юм байна. TBHQ-г мөн удаан хадгалахын тулд гоо сайхны бүтээгдэхүүн, сүрчиг, лак зэрэг бүтээгдэхүүнд ашигладаг байна. TBHQ-г хүнсэнд хэрэглэх хэмжээ хүний биеийн жингээс хамаарч 0-0.5 мг/кг байх ёстой /бохинд хамгийн их TBHQ байдаг/. Хэрэв түүнээс хэтэрсэн хэмжээгээр хэрэглэвэл:

  • Дотор муухайрах, бөөлжих
  • Чих шуугих
  • Дэмийрэх
  • Амьсгал давхцах
  • Сульдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг гэнэ.

Удаан хугацаагаар байнга TBHQ найрлагатай хүнс /бэлэн гоймон/ хэрэглэсэн амьтан дээр хийсэн туршилтаар ноцтой үр дагаврууд ажиглагджээ. Элэгний өөрчлөлт, генийн мутаци өөрлөлт, биохимийн өөрлөлт, нөхөн үржихүйн өөрлөлт гарсан байна.

Бэлэн гоймон байнга иддэг хүн бодисын солилцооны хам шинж өвчин 68 хувь илүү байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Мөн чихрийн шижин, зүрх судасны өвчлөл эрс нэмэгддэг. Бэлэн гоймон байнга иддэг хүмүүс бусад хүмүүстэй харьцуулахад уураг, кальци, фосфор, төмөр, кали, витамин А, ниацин, витамин С гэх мэт чухал шим тэжээлийн дутагдалтай, эрч хүчгүй, таргалалттай байсан нь судалгаагаар тогтоогджээ.

Categories
мэдээ нийгэм

Шүдлэн насны уралдааныг дахиулж магадгүй

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн хурдан морьдын уралдаан өнөөдөр эхэлж, хязаалан шүдлэн насны уралдаан болсон билээ. Гэвч, шүдлэн насны морьдын уралдаан маргаан дагуулаад байна. Учир нь морины салбар хорооныхон энэ насанд уралдахаар бүртгүүлсэн 228 шүдлэнгийн 140 орчмыг нь эрлийз гэж үзэн хассан юм. Ердөө 90 гаруй шүдлэн л гараанаас хөдөлсөн. Үүнээс болж уяачид бухимдан шүдлэн насны уралдааныг дахиулах талаар ярилцаж байгаа гэнэ. Тэд “Монгол морио танихгүй хүмүүс хурдан морины комисст ажиллаж байна. Шүдлэн насны морьдын уралдааныг хүчингүйд тооцуулан дахин уралдуулах хүсэлт тавина” гэжээ. Мөн түүнчлэн хязаалан насанд түрүүлсэн дэд сайд Ө.Пүрэвбаатарын загал үрээ, аман хүзүүдсэн, айргийн тавд хурдалсан хүлгүүдийг эрлийз хэмээн хасах болсноос үүдэн уяачдын дунд томоохон маргаан дэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Наадмын гурав дахь өдөр ихэнх нутгаар бороотой

Үндэсний их баяр наадмаар хэлт хална гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Наадмын эхний хоёр өдөр халуун байх нь. Өдөртөө 30-35 хэм хүрэх аж. Төвийн бүс нутгаар 32-36 хэм, говь, зүүн аймгуудын нутгаар долдугаар сарын 10-нд баруун аймгуудын нутгаар, 11-нд нутгийн төв, баруун хэсгээр, 12-13-нд Монгол орны нутгийн зүүн хагаст хална. Өдөртөө 32-37 хэм, шөнө 17-20 хэм халуун байна. Бусад нутгаар өдөртөө 25-30 халуун, шөнөдөө 11-16 хэм дулаан байх төлөв гарчээ. Гэхдээ их халууны хажуугаар бороо ч орох юм байна. Долдугаар сарын 11-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн бүсийн баруун хэсгээр, 13-нд Монгол орны ихэнх нутгаар, 14-15-нд Монголын нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүснэ. Төвийн нутгаар 13-наас, 16-ныг хүртэл ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж, уулархаг бүс нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн нутгаар шөнөдөө 14-19 хэм дулаан, өдөртөө 26-31 хэм халуун байх нь. Бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм дулаан хонож, өдөртөө 22-27 хэм дулаан байх төлөвтэй байгаа аж. Баяр наадмын сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар бороо орох нь ээ. Ялангуяа төвийн бүс нутаг, уулархаг нутгаар хур тунадас ахиу хэмжээтэй орох магадлал байгаа учир үер усны аюулаас онцгой сэрэмжлэхийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахлын вакциныг улс даяар хийнэ

Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу Тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг долоодугаар сарын гурав дахь долоо хоног буюу энэ сарын 15-наас 19-ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Дархлаажуулалтыг явуулахаар Казахстан улсад үйлдвэрлэсэн тарвага тахлын эсрэг 29.800 хүн тун вакциныг 17 аймаг, есөн дүүргийн ЗӨСТ, болон Эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлээд байгаа аж. Дархлаажуулалтад тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд зэрэг эрсдэлт бүлгийн хүн ам хамрагдах болно.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл далайн эрэгт шоу болно

Долдугаар сарын 13-нд Хөвсгөл далайн зүүн эрэгт байрлах “Монгол далай” camp-д “The Mongolian ocean party. Volume” шоу болох юм байна. Шоу тоглолтод The lemons, Guys хамтлаг, дуучин гитарчин Гантулга, гитарчин Даавка нар ая дуугаа өргөхөөр болжээ. Мөн “Exclusive fashion” шоу үзүүлбэр, Бартендер шоу, галын наадам зэрэг хэд хэдэн арга хэмжээ болох аж. Хөвсгөлд болох шоуг үзэхээр очих залуусыг усан онгоцоор шоу тоглолт болох газар хүргэнэ гэж зохион байгуулагчид нь дуулгалаа.

Categories
мэдээ нийгэм

“Дээлтэй монгол” наадам эхэллээ

Ес дэх жилдээ болж буй “Дээлтэй монгол” наадам Чингисийн талбайд эхэллээ. Монголчууд үндэсний хувцсаа дэвжих төрийн дээл, мандах төрийн малгай, бадрах төрийн бүс хэмээн бэлгэдсээр ирсэн ард түмэн билээ. Энэ жилийн “Дээлтэй Монгол”-ын хувьд Чингисийн талбайд ирэх бүх хүнийг дээл өмсөхийг нийслэлээс уриалж байгаагаараа онцлог болж байна. Уг наадмыг үзэхээр жуулчид олноор ирсэн байлаа.

Анх 100 гаруй хүнийг хамарч байсан наадамд 2013 онд гэхэд л 15 гаруй мянган хүн оролцож байв. Наадамд оролцогчдын тоо жил бүр өсч байгаа гэж оролцогчид нь онцолдог.