Month: July 2015
Баяр амралтын өдрүүдэд иргэд
хөдөө орон нутгаар аялаж зугаалах нь ихэсдэг. Баяр тэмдэглэж байна гээд
согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар зам
тээврийн осол гаргах нь нэмэгддэг тул согтуугаар жолоо барихыг Замын
цагдаагийн газраас хатуу хориглож байна.
Анхааруулга:
- Замын хөдөлгөөнд оролцохоос өмнө техникийн бүрэн бүтэн байдлаа шалгах
- Замын хөдөлгөөнд оролцох үедээ гар утас хэрэглэхгүй байх, утсаар
ярих зайлшгүй шаардлага гарвал тээврийн хэрэгслээ зогсоосон үедээ гар
утсаар ярих, эсвэл чихэвч хэрэглэх - Жолоо барихдаа өвчин намдаах, тайвшруулах эмнүүдийг хэрэглэхээс татгалзах
- Жолооч, зорчигчид та хамгаалах бүсээ зүүж хэвших
- Хөдөө, орон нутгийн замд ямагт анхаарал болгоомжтой явах
- Наадмын хөтөлбөрт хуваарийн дагуу цагаа зөв зохицуулах
- Согтууруулах ундааны зүйл /Архи, пиво, айраг/ хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх.
- Хүүхдийг зам тээврийн осол хэрэгт
өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхчүүд тээврийн хэрэгсэлд
зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг зүүлгэж тээвэрлэх. - Хүүхэд төөрөх, зам тээврийн ослын хохирогч болохоос урьдчилан сэргийлж тэдэнд тавих хараа хяналтыг сайжруулах.
- Хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй байх
- Жолооч нар явган зорчигч нарт хүндэтгэлтэй хандаж, зам тавьж өгөх
- Явган зорчигчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын зорчих хэсэг дээгүүр явахгүй байх
- Автомашин дотроо ил задгай эд зүйлээ үлдээхдээ хулгайд алдахаас сэргийлэх.
- Бусдын хөдөлгөөнд саад болж Замын
хөдөлгөөний дүрмээр хориглосон газарт тээврийн хэрэгслийг байрлуулж
зогсоохгүй байхыг Замын Цагдаагийн газраас анхааруулж байна.
Авах арга хэмжээ:
- Зам тээврийн ослын үед тусламж үзүүлэгч нь өөрийн аюулгүй байдлыг хангах
- Авто осолд орсон автомашины нэн тэргүүнд цахилгаан үүсгэгчийг салгах, унтраах
- Ослын газарт тэмдэг тэмдэглэгээг байрлуулах
- Тусламж үзүүлэхийн өмнө хувийн хамгаалах хэрэгслийг өмсөх /бээлий,
гар ариутгах бодис/ байхгүй тохиолдолд гартаа цэвэр гялгар уут өмсөх
Дөнгөж сая азарга барианд орж ирлээ.
Азарганы уралдаанд 170 гаруй хурдан хүлэг уралдсанаас Архангай аймгийн Ихтамир
сумын уяач Г.Тэмүүлэнгийн хээр азарга уралдааныг өнгөлсөөр түрүүллээ. Г.Тэмүүлэн
нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Г.Ганзоригийн хүү юм. Түүний хурдан хээр
азаргын уяа сойлгыг МУ-ын тод манлай уяач Эрдэнэчулуун таруулжээ. Ямартай ч энэ
жилийн баяр наадмын азарганы уралдаанд битүү морьд орж ирсэнгүй. Айргын тавд
орсон хурдан хүлэгүүд бүгд л цуутай олон ч улсын баяр наадмаас айраг түрүү
хүртэж байсан түүхтэй. Тодруулбал, аман хүзүүнд МУ-ын тод манлай уяач
Д.Ононгийн бага хээр азарга аман хүзүүдлээ. Айргийн гуравт Монгол Улсын тод
манлай уяач Д.Ононгийн янзага хээр, айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга
Т.Болдбаатарын халиун азарга, айргийн тавд Ховд аймгийн Мянгад сумын уяач
З.Мэндсайханы хээр азарга давхилаа.
Үндэсний их баяр наадмын арга хэмжээтэй холбогдуулан нийслэлийн тодорхой хэсгүүдэд замыг түр хааж буй. Өнөөдөр дараах замуудыг хаана.
10.00 -11.20 цагт Төрийн их цагаан тугийг Төрийн ордоноос Төв цэнгэлдэх хүрээлэнрүү залах ёслолын үеэр Их эзэн Чингис хааны талбайн баруун зүүн замыг хааж, туг Төв цэнгэлдэх хүрээлэнрүү явах үед Олимпийн гудамж, Их монгол улсын гудамж, Гандигийн гудамж хаагдана.
21.00-00.00 цагийн хооронд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Улаанбаатар үдэш” тоглолттой тул талбайн баруун болон зүүн замыг хаана.
Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Эрхэм зочид гийчид ээ,
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг есөн
хөлт Их цагаан сүлдний цэнгэн орших хүндэт хоймроос наадамчин олон Та
бүхэнд Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлж, хамгийн сайн
сайхныг хүсэн ерөөж мэндчилье. Сайн байцгаана уу!
Төрт ёсны уламжлал, их түүх соёлын гайхамшиг, ард олны сэтгэлийн
цэнгэл хосолсон үндэсний их баяр наадам маань ивээлт наран зуны эрхэм
төгс цаг дор бахархлыг бадрааж, золбоо хийморийг өргөн эхэлж байна.
Монголын үндэсний их баяр наадам бол эртний түүхтэй монгол төр гурван
цагийн хэлхээнд мөнх оршиж, мандан бадрах хувьтайг даянд дуурсгаж буй
их ёслол юм. Монгол наадам бол тэнгэр хичнээн агуу, газар хичнээн уудам
юм бээ гэдгийг хүмүүн төрөлхтөнд ухааруулж, дэглэм журам, энх
амгалангаар дэлхийг засагласан монгол хүмүүний эрдэм билгүүн, хүлэг
морьдынх нь эр шандсыг гайхуулсан үндэсний соёл, уламжлалын чуулган юм.
Монгол наадам бол өнийн түүхийг сануулж, өрнөх ирээдүйг бүтээх урам
зориг хайрладаг ундарга арвин булаг билээ.
Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг бататган бэхжүүлж, эвийн хүч,
шударга ёс, бүтээлч сэтгэлгээг эрхэмлэн дээдэлж, үндэсний түүх, эх хэл,
соёл уламжлалаа нандигнан өвлөж, хөгжил дэвшлийн төлөө хичээн зүтгэж буй
хүн бүхэнд талархал илэрхийлье. Ажилч, хичээнгүй иргэдийн цаг наргүй
хөдөрмөрийн үр шимээр улс монгол маань улам улмаар урагшлан дэвжиж
байна.
Монгол зоны түүх, соёл, уламжлал заншил, ухаарал бахархалын охь
болсон наадам маань ийнхүү эхэлж байна. Монголын наадам өнөө дэлхийн
наадам болжээ. Газрын хол, усны уртаас олон хэлийн зочид гийчид иржээ.
Тэд Монгол наадмын гайхамшигийг манай цэнхэр гариг даяар түгээсээр
байна. Сайн бүхэн, сайхан бүхэн улам цогцлох болтугай.
Хүчитний тэнхээ их, хүүхдийн гийнгоо цээл, хүлгийн давхил төгөлдөр,
харваачдын сэц мэргэн, зон олны маань сэтгэл тэнүүн сайхан наадахын
бэлгэ ерөөл өргөж, дэлхийн монгол наадам дэнж дүүргэн эхэлж байгааг
өндөр төрийн сүлд заларсан өргөөнөөс даяар олноо дуурсган зарлая.
Сайхан наадаарай.
Миний Монгол мөнх оршиг ээ.
2015 оны 7 дугаар сарын 11
Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс
байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг
нээж МУГЖ Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нар Төрийн дууллыг эгшигшүүллээ.
Одоо “Хөсөгтөн” хамтлаг “Монгол” хэмээх бүтээлээ наадамчин түмэнд толилуулж байна.
Тулгар төр байгуулагдсан 2224 жил, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын
94 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт
үргэлжилж байна. Дөнгөж сая азарга насны уралдаанд оролцож байгаа газар
газраас ирсэн 193 азарга барианы зурхай руу хөдөллөө.
Наадмын өдрүүдэд хэт халж хуурайшилт ихтэй
байгаа учир зүрх судасны өвчин, даралт ихсэх, ухаан алдах дуудлага ихэсчээ.
Тиймээс наршихаас сэргийлэн нар ойлгох тод өнгийн хувцас өмсөх, шингэн зүйл
уух, нарны малгай, шилээ тогтмол зүүх хэрэгтэйг Яаралтай түргэн тусламжийн
төвөөс зөвлөж байна. Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвийн 6 эмч, 4
сувилагч Хүй долоон худагт иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна.
Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс
байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын
нээлт эхэлж байна. Төрийн есөн хөлт цагаан туг Төв цэнгэлдэх хүрээлэнд орж
ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын
дарга З.Энхболд нар цэнгэлдэхийн индэрт суудлаа эзэллээ.
Хүй долоон худагт Нийслэлийн онцгой байдлын
газрын алба хаагчид дөрвөн цэгт ажиллаж байна. Энэ жил үйлчилгээний асар,
гэрүүд газ ашиглаж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын газар болон
Нийслэлийн онцгой байдлын газраас хяналт шалгалт хийж, холбогдох зааварчилгааг
өгч байна.