Цангинасан хоолойгоор гийнгоолох
багачуудын дуунаар талын анир хөгжиж, хурдан шандаст хүлгүүд ам мэдэн давхих төвөргөөнөөр
хөхүүр дэх айраг чимээ аван исгэрнэ. Ийм л дүр зураг наадам найрын цагаар нүдний
өмнө ургаад ирдэг. Миний бага нас бусад охид шиг дэгжин хувцастай барби, дээс, чаргатай
найзалж өнгөрөөгүй. Хээрийн чулуу, хонины
хоргол, хурга, ишигтэй тоглоно. Морь унаж, тугал хариулна. Тиймдээ ч бага насны
сайхан дурсамж бүхэн наадамтай ямар нэг сэжмээр холбогддог байсан. Ялангуяа төрсөн
нутаг болох Төв аймгийн Цээл сумын маань наадам надад сайхан санагддагсан. Гурван
жил дараалан хурдан морь унасан тэр жилийн наадмууд санаанд үргэлж тодхон.
ХҮҮХДИЙН НҮҮР РҮҮ ТАШУУРДАЖ БАЙЖ
АНХ УДАА ТҮРҮҮЛЭВ
Манайд “шингэн хүрэн” гэдэг сумандаа алдартай хурдан
морь байлаа. Аав маань наадмаар тоотой хоёр, гурван насны морь л сойдог байлаа.
Тэр дундаас хамгийн хурдан нь “шингэн хүрэн”. Унахад ч тэр их хөл хөнгөн, явдал
сайн даадаг морь байсан. Ингээд нэгдүгээр ангид орох жил анх удаа сумынхаа наадмаар
хүрэн морио унах болдог юм байна. Тэр жил аав ганцхан морь сойсон юм. Уг нь олныг
уях санаа байдаг ч ганц охиноос нь өөр морийг нь унах хүүхэд байхгүй болохоор тэр
л дээ. Найзуудынхаа эрэгтэй хүүхдүүдээр унуулъя гэхээр ээж “Хүний хүүхдийн толгой
тархи хагалчихна” гээд дургүйцнэ. Намайг хүртэл “Охин хүүхэд байж аавыгаа дагаад
наадам хэсэх юм” гэж хааяа зэмлэдэг байв. Ямартай ч би ээжийгээ ятгаж чадсан
юм. Наадам болох хоног хугацааг хуруу даран тоолж тэсэн ядан хүлээдэг байж билээ.
Яагаад ч юм долдугаар сар гарахаар л сэтгэл хөдлөөд, өдөр хоног өнгөрч өгөхгүй
зовлон болно. Хүсэн хүлээсэн наадмын өглөө болж ээжийнхээ оёж өгсөн ягаан торгон
тэрлэгээр гангараад, аавынхаа зэхэж өгсөн шинэ эмээлээ тохоод аав, ээж хоёртойгоо
сумын төв рүү наадам үзэхээр мордлоо. Сумын төвийн хойхно талд байрлах цэнгэлдэхийн
гадаа очиход үнэхээр жавхлан төгөлдөр харагдана. Төрийн далбаа цэнгэлдэхийн дунд
сүр бараатай намирна. Наадмын эхний өдөр ч яахав өвөө, эмээгийндээ очиж тэгж
ингэсгээд өнгөрөв. Харин дараагийн өдөр нь их насны морьдын уралдаанд “шингэн
хүрэн”-тэйгээ уралдана гэхээс нойр хүрсэнгүй. Өглөө нь 07.00 цагаас 230 орчим их
насны морьд гарааны зурхай руу хөдлөхөд тэр дунд надаас өөр эмэгтэй хүүхэд байсангүй.
Би ч нэг их гайхсангүй. Наадмын өмнөх сунгаа болгонд дандаа эрэгтэй хүүхдүүд
байдаг болохоор тоосонгүй. Харин хөвгүүд “Ээ, эмэгтэй хүүхэд хурдан морьж унана
гэж юу байдаг юм. Чи ч бид нарын тоосонд дарагдана даа, зайлуул” гэж миний морийг
ташуурдаж, ёжтойгоор инээлдэнэ. Харин би дотроо “Заавал түрүүлнэ дээ, та нар харж
л байгаарай” гэж өөртэйгөө ярина. Морьд ч эргэлээ, би ч аавынхаа захиснаар амыг
нь татаж, зөвхөн ташуураа эргүүлж “чүү” гэдэг ч юм уу хашгирч мориндоо хүч өгч
байв. Туулах ёстой замынхаа тал дунд орж явтал миний өмнө цавьдар морь унасан
хүү оготнын нүхэнд морь нь бүдэрсэн бололтой уначихав. Яг урд явж байсан болохоор
миний унасан морь огцом харайгаад дээгүүр нь гарах үед золтой л уначихсангүй
овгос гээд суув. Арай гэж амьсгаа авав. Ашгүй нэг юм бариа ойртлоо. Шахайт гээд
уулын хормойг тойроод хоёр километр хүрэхгүй газар бариа харагдаж байв. Гэтэл би
дөрөв дээр хурдалж байгаагаа харж амжив. Шууд л аавынхаа “Бариа дөхөх үед л мориныхоо
амыг суллаад ташуурдаарай” гэсэн үгийг хэрэгжүүллээ. Ямар ч байсан өмнө явсан хоёр
ч морьтой хүүхдийг гүйцчихлээ. Газар ойртоод байдаг. Өнгөний морьтой бараг л зуузай
холбоод ирлээ. Гэтэл өнөөх хээр морины унаач хүүхэд нь надаас том биетэй ах байв.
Барианы зурхай ойртож би ч морио байдаг чадлаараа ташуурдав. Гэтэл өнөөх чинь зүүн
талаар дайраад ороод ирдэг юм байна. Шар гозойгоод нэг их юм бодож амжсан ч үгүй
нэг эргэж хараад нүүр рүү нь ташуураараа дэлсчихэв. Нөгөөх чинь юун бариа анзаарах
нүүрээ дарсаар миний араас орж ирэв. Ингэж л анх удаагаа сумын наадамд уралдаж,
түрүүлж билээ. Түрүүлчихээд сэтгэл хөдөлж, ээж, аавдаа бахархалтайгаар байн байн
ярихад аав “Хүний хүүхдийн хамрыг бондойтол нь цохьчихоод, энэ шударга бус явдал
шүү” гэх мөртлөө надаар бахархаж байгаа нь илэрхий байв. Хөдөөгийн балчир надад
уучлал гуйчих юмсан гэсэн санаа байх биш, харин хамар нь ямар болсныг л харах сонин
байлаа. Тэр хүүхэдтэй ч таарсангүй, зун дууслаа. Намар ч болж би ч сургуулийн
сурагч боллоо. Нэг өдөр сургууль руугаа орох гэтэл араас “Чи ингэж таардаг байж”
гээд нэг хүүхэд татах нь тэр. Эргээд хартал өнөөх миний нүүр рүү нь ташуураар ороолгосон
ах байдаг байгаа. Дотор пал хийгээд явчихав. Гэтэл намайг яах ийхийн зуургүй өргөөд
сургуулийн хаалганы бариулаас цүнхээр минь өлгөчихөв. Хичээлийн цаг эхлэх гэж байсан
болохоор баахан хүүхдүүд. Хаалгаар орох хүүхэд бүр учиргүй шоолж инээцгээнэ. Би
ч ичсэндээ баахан уйлсан даа, хөөрхий.
БАРИА ХҮРЭЛГҮЙ АЗАРГА ЭНДЭЖ, ГЭРИЙН
ЗҮГ ГУНДУУХАН БУЦАВ
Хоёрдугаар ангиа төгсдөг зун бас л
аавтайгаа сум дамжин наадам үзэхээр боллоо. Аав хоёр жил уяагүй хар азаргаа
сойсон юм. Сумын наадамд гуравт давхисан болохоор Угтаалцайдам сумын наадамд уралдуулахаар
шийдсэн байв. Аав бид хоёр азарга хөтлөөд, майхан саваа ганзагалаад явлаа. Ээж үлдэж
мал ахуйгаа харахаар болов. Очсон оройноо аав цэрэгт хамт алба хааж байсан гэх
найзуудтайгаа таарч, жаахан хүртчихлээ. Үүр цайх үеэр аавыг сэрээтэл нэг л баргар
царай гаргаж морио усаллаа. Цаг ч болж газар газраас ирсэн хүүхдийн адил гийнгоолж
гарааны зүг явлаа. Өмнө нь их хөнгөн хөлтэй байж хар азарга маань нэг удаан хөдлөөд
байх шиг санагдав. Ингээд барианы зүг эргэлээ. Тус суманд “Уушги” уул гэж сумын
төвийн баруун урдаас ороход тойрдог уул байдаг. Яг түүгээр эргэтэл азарга маань
бахардаад уначихав. Хоёр нүд нь эргэлдээд, хөл нь сарвалзахаас өөр хөдөлгөөн
хийсэнгүй. Би дэмий л сандарч босгохыг оролдож салхи сөргүүлэн татаж, цээж рүү
нь өшиглөв. Өмнө нь морь бахардаад зогсвол ингэдэг гэж хүүхдүүдийн ярианаас сонссон
нь тэр. Гэвч юун босох, амаар нь цагаан хөөс сахарч, нүд нь бүлтэгнэн сарвалзсаар
байхыг хараад уйлахаас өөр юу ч хийж чадсангүй, амьсгал хураахыг нь харж зогсов. Бүх морьд барианд орсны дараа аав ирэв. Аав “Миний
охин зүгээр үү, бэртээгүй биз” гээд өөрийгөө буруутган амандаа үглэж байв. Учир
нь аав шөнө унтаад хар азаргаа уялгүй хоолыг нь ихдүүлсэн юм байна. Тэгээд өглөө
их ус уулгасан нь ийм байдалд хүргэжээ. Уг нь гайгүй байх гэж бодсон хэрэг. Би
аавыгаа анх удаа уйлж байхыг тэгэхэд л харсан. Бас анх удаа аавдаа айхтар гомдож,
дотроо зэмлэж билээ. Тэр жил аав бид хоёр их гарзтай гэрийн зүг унасан морьдтойгоо
л буцсан юм даа.
БАЯН ХОДООДОНД ОРЖ, БАРБИТАЙ БОЛСОН НЬ
Ингээд дараагийн жил нь хамаатны
ахын морийг унаж уралдсан нь миний хамгийн сүүлийн хурдны морь унасан наадам байсан.
Аавын найзууд “Ах нь хичээлийн хэрэгслийг чинь бэлдэж өгье”, “Жороо морь өгье”
гэж ирээд морио унуулах гэдэг байсан. Гэвч аав, ээж хоёр зөвшөөрч өгдөггүй. Наадам
дөхөх үеэр хамаатны ах ирээд соёолон насны морь унуулах болов. Наадам ч ирлээ.
Миний унасан морь бариа битгий хэл газрынхаа талд ч хүрэлгүй зогсчихов. Бүр хонины
морь аятай алхаж гарав. Дургүй хүрээд буугаад хөтөллөө. Хамгийн сүүлд явж байгаа
болохоор замаар дүүрэн олзтой байв. Хүүхдүүд уралдаж явахдаа ташуураа их хаядаг
юм байна. Эхнийхийг нь аваад тав алхаагүй байтал арай гоё ташуур хэвтэж байна.
Үзэмж муутайг нь арагш нь шидэж явтал ашгүй ах мотоцикльтойгоо ирж авав. Нүүр
ам авах юмгүй шороо болж бусдын тоосонд дарагдсан даа. Гэхдээ түрүүлсэн морьдыг
цоллох үеэр наадмын комиссоос надад шагнал өгсөн юм. Сүүлийн жилүүдэд эмэгтэй
хүүхэд хурдан морь унах нь ховордсон хэмээн агаарын теннисний хэрэгсэл, барби
хоёр өгсөн нь тэр. Их л баярлаж, хүмүүс алга ташиж байсан санагддаг. Түүнээс хойш
бие жижиг морь уная гэсэн боловч үеийн охид “Эрэгтэй хүүхэд шиг морь унадаг, хөдөөний
охин” гэж шоолоод байхаар нь больчихсон.
Харин дөрөвдүгээр ангиа төгсдөг жил анх удаа охид шиг даашинз өмсч үзэж билээ.
Одоо бодоход дасахгүй их л хэцүү байсан
санагддаг.
Д.ДАВААСҮРЭН