Баяр наадмын өдрүүдэд голын эрэг орчмоор
иргэд зугаалах нь ихэссэн бөгөөд гол усанд осолдох явдал гарах болжээ. Өчигдөр
БЗД-ын ойролцоо Туул голд согтуугаар усанд живж амай алдсан хэрэг гарчээ.
Тиймээс Цагдаагийн ерөнхий газраас архидан согтуурч, гол усанд орохгүй байж,
хүүхэд болон эд зүйлсээ анхааралтай авч явахыг анхааруулж байна.
Month: July 2015
Хүй долоон худагт хурдан Их насны морьд бариандаа орлоо.
Энэ жилийн наадамд 324 морьд тоосоо өргөснөөс Ховд аймгийн Мөст сумын
уугуул Монгол улсын алдарт уяач С.Буяннэмэхийн хээр халзан морь түрүүлж,
- Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн өсгий цагаан зээрд,
- Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын шарга
- Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол
улсын Тод манлай уяач Дагвадоржийн Цэрэнжигмэдийн хамар цагаан халтар - Айргийн тавд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул, уяач А.Батбаатарын саарал морь орлоо.
Хүй долоо худагт алга болсон хүүхдийн тоо
арав хүрчээ. Өчигдрийн байдлаар хоёр хүүхэд алга болсон байсан бол өнөөдөр
эцэг, эхээсээ төөрсөн хүүхдийн тоо арав хүрчээ. Тиймээс цагдаагийн
байгууллагаас эцэг, эхчүүдийг бага насны хүүхдэдээ анхаарал тавьж хөл хөдөлгөөн
ихссэн энэ үед аль болох хүүхдээ гараасаа салгахгүй байхыг хүслээ.
Энэ жилийн хурдан морины комиссийнхон морь мал мэддэггүй гэж наадамчид болон уяачдын дургүйцлийг багагүй хүргээд байгаа билээ. Шүдлэн насны уралдааны өмнө монгол морио хасуулчихлаа, гомдолтой байна гэсэн уяачид нэлээд байсан юм. Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул Нийслэлийн алдарт уяач Далхаагийн Дунгаржав гуайн хээр үрээг эрлийз хэмээн үзэж шүдлэн насны уралдаанаас хассан. Юу болсон талаар тодруулахаар Дунгаржав гуайтай цөөн хором ярилцлаа.
Таны морийг юунаас болж хассан юм бол?
Үүнийг морь мэддэг хүнээр дахин шинжүүлмээр байна. Үүлдрийнх нь байдлаар хасч байгаа юм байх. Энэ үрээ бол миний хурдан суман хүрэн гэж мориндоо гүү тавьж арав хоног гишгүүлээд авсан төл. Морины төл учраас жаахан цэвэрхэн байхгүй юу даа. Нуруу нь бол намхан , шүдлэн үрээн дотроо бол намхандаа л орно. Намайг монголчууд маань мэднэ дээ. Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул Нийслэлийн алдарт уяач Дунгаржав гээд. Надад эрлийз адуу нэг ч байхгүй. Төв аймгийн Сэргэлэн сумынхан цөмөөрөөө мэдэж байгаа.Би гаднаас эрлийз адуу авдаггүй өөрийнхөө унаган адуугаар л уралддаг. Монгол цусыг холихгүй гээд эрлийз адуу холиогүй, эрлийз адууны эсрэг байдаг хүн. Монгол хүн ч гэсэн жаахан шонхор хамартай, шөвгөр эрүүтэй, чих нь соотгор гээд янз янз байдаг. Тэрэнтэй л адилхан гэсэн үг. Адуу танихгүй хүн чинь жаахан цэвэрхэн адуу байхлээр үүлдэрлэг байдлаараа тэнцэхгүй ээ гээд хасч байгаа юм гэнэ.
Таны үрээний биеийн хэлбэр хэмжээгээр хасчихаж байгаа юм уу?
Тийм л юм шиг байна. Адуу танихгүй хүмүүсээр ингэж төрийн наадам будлиулж болохгүй л дээ. Энэ шүдлэнгийн наадам бол жинхэнэ наадам биш. Хүний нэг жилийн хөдөлмөр шүү дээ. Наяадхан адууг нь явуулаад зуу гаран нь үлдээчихэж байгаа юм. Ингэж болохгүй. Зуу гаран адууг уралдуулахгүй үлдээж байна гэдэг чинь дөрөв таван зуугаад хүний хөдөлмөрийг юман чинээ бодохгүй үрэн таран хийчихэж байн гэсэн үг. Хэдхэн томчуудын л наадам болж хувирлаа. Мандат авсан хүмүүс нь орж адуугаа гаргаад, мандатгүй мань мэт нь цагдаагаар хамгаалуулаад л. Төрийн наадмыг ингэж үймүүлж байна даа.
Хашир уяачийн хувьд цаашдаа энэ асуудлыг яаж зохицуулвал зөв юм шиг харагдаж байна?
Мал таньдаг хүнээр шинжүүлэх, бүр болдоггүй юм бол мориноос цусны шинжилгээ авч болж байна. Монгол адууны ген мөн байна уу гэж шинжлэх хэрэгтэй. Ард түмнийг ингэж хохироож болохгүй. Ер нь бол өнөөдрийн энэ шүдлэнгийн наадмыг дахиж явуулах ёстой. Би төлөөлөл болж ярьж байна. Монгол адуугаа төрийнхөө наадмаас хасуулах ёс байхгүй ээ.
Та түрүүн яриандаа монгол мориор гишгүүлсэн гэж хэлсэн. Үүнийгээ тодруулбал?
Морины төл гарна гэдэг их ховор л доо. Өдрийн од шиг үзэгдэл. Би хурдан мориндоо гүү гишгүүлээд нэг үрээ гаргаж авсан юм. Эх нь баянцагаан гүү, эцэг нь Баадуудорж гэдэг хүний угшлын төл. Монголчууд мэднэ дээ, Дунгаржав гуайн суман хүрэн гэхээр андахгүй.
Мориноос төл гарсан гэсэн үг юм уу?
Мориноос төл гардаг юм байна. Мэдэх хүн нь мэднэ дээ.
Үүлдэрлэг байдлыг шалгаж байгаа хүмүүс нь ямар хүмүүс байна. Та олон жил морь уясан, таньж байгаа байх?
Миний огт хараагүй шинэ хүмүүс байна. Мал мэдэхгүй баахан залуучууд томилсон шиг байна. Би ч уг нь иймэрхүү маргаанд орооцолддог хүн биш л дээ. Сая л харин монгол үрээгээ хасуулчихаад гомдолтой байна даа.
Та наадамд хаанаас ирж оролцож байна вэ?
Би уг нь Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул. Одоо бол Төв аймгийн Сэргэлэн суманд нутагладаг. Төв аймгийнхан бүгд мэднэ. Тод манлай Дуламсүрэнгээс авахуулаад бүх уяачид нь намайг мэднэ.Миний тэр хээр үрээг ч мэднэ.
Та энд нийт хэдэн морьтой ирэв?
Би зургаан насанд морь уясан.
Хүй долоон худгийн цэвэр, цэмцгэр байдлыг
хангахаар Сүхбаатар дүүрэг болон Баянгол дүүргийн Тохижилт үйлчилгээний
хэлтэсийн 100 ажилчин ажиллаж байна. Эдгээр 100 ажилчин цаг тутамд тухай орчноо
эргэн цэвэрлэж байгаа юм. Тиймээс өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй хог,
хаягдал багатай, сайхан наадаж байна
Жил бүрийн наадмаар хурдан морины уралдааны эргэн тойронд бага гэлтгүй маргаан дэгддэг. Энэ жилийн наадмын хурдан морины уралдаан шүдлэн насаар эхэллээ. Уралдааны өмнө хүүхдэдээ хамгаалалтын хувцас бүрэн өмсгөөгүй, эрлийз морьтой гэсэн шалтгаанаар 137 үрээг хасж 91-хэн үрээ төрийн наадамдаа тоосоо өргөлөө. Монголын морин спорт уяачдын холбооноос тавьж буй шаардлага энэ жилийн хувьд арай хатуу байв уу эсвэл учачдын маань наадмын бэлтгэл дутуу байв уу ямартай ч нэлээд маргаан дагууллаа. Монгол үрээг нь эрлийз гээд хасчихсанд гомдолтой байгаагаа олон уяач илэрхийлж байсан юм. Энэ үеэр Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Нармандахын Энхзултай цөөн хором ярилцлаа.
–Сайхан наадаж байна уу? Таны үрээ ямар шалтгаанаар хасагдчихваа?
– Миний үрээг яагаад хассаныг ойлгосонгүй.Гайхаад барахааргүй л юм болоод байна. Морь шүдэлж байх үед би хашааны хойноос дурандаж байсан юм. Тэгэхэд миний хонгор үрээний сэрвээг хэмжиж үзэлгүй, унаач хүүхдийг маань мориноос нь буулгачихсан. Яваад очтол морь шүдэлдэг хашаан дотор 137 үрээг уралдуулахгүй гээд аваад үлдчихсэн, тусгай хамгаалалтаар хамгаалчихсан байсан. Дотор нь миний хонгор үрээ бас хасагдчихсан байх юм. Яав ийв, юу болов гэхэд бидний хэнийх нь ч үгийг юман чинээ тоогоогүй, хашаа руу ойртуулаа ч үгүй. Эрлийз, монгол морь хоорондоо ямар ялгаатайг ялгаж мэдэхгүй хот газрын юмнуудаар уяачдын холбоо дүүрсний гор гарч байна. Тэд уяач хүн ямар их хөдөлмөр зарцуулж байж морио давхиулдгийг ойлгохгүй л дээ. Хязаалан насны айргийн таван үрээн дотор ганцхан монгол үрээ ирлээ. Тэр нь айргийн тавд хурдалсан, манай галын үрээ. Эхний дөрвөн үрээ бүгд эрлийз. Үүнийг ганцхан би мэдээд хэлж байгаа юм биш. Наадамчид, ялангуяа уяачид бүгд мэдэж байгаа. Гэтэл ийм (хүрээ үрээ рүүгээ заав) үрээг хасчих юм даа. Морь огт мэддэггүй хүн ч монгол үрээ мөн байна гээд хэлнэ дээ. Гэтэл энэ морины комиссынхон тийм хүмүүсээс долоон дор юм байна. Баян, эрх мэдэлтэй хүмүүсийн морь эрлийз байсан ч хамаагүй монгол морьдтой уралдаад, айраг түрүү авч болдог. Ядуу ардын хүүгийн морь хэн ч харсан монгол байхад уралдаж болдоггүй яачихсан наадам юм бол доо.
–Унаач хүүхдийн чинь хамгаалалтын хувцас, хэрэглэл дутуу байсан юм болов уу?
-Иж бүрэн хувцастай байсан.
–Түрүүн уяачдын комисс дээр морио хөтлөөд очиж байсан. Морио яагаад хасагдсаныг тодруулж чадав уу? Юу гэж байх юм?
-Би энэ жил анх удаагаа наадамд оролцож байна. Ганцхан хонгорүрээтэйгээ л ирсэн. Гэтэл өнгө үзэмж харсан хэдхэн хүний балгаар үрээгээ уралдуулж чадсангүй. Надад айраг түрүү авах гэхээсээ илүү төрийн наадамд хүлгийнхээ тоосыг нь харчихъя л гэсэн бодол байсан. Гэтэл үнэхээр эвгүй сэтгэгдэлтэй үлдчихлээ. Би түрүүн морины комиссын зарим хүмүүстэй уулзаад “Та нар яагаад миний үрээг хасчихсан юм бэ. Би та нарт харуулах гээд хөтлөөд ирлээ. Яг юунаас нь болоод хасчихсан юм бэ, эрлийз гэх ямар үндэслэл байгааг нь хэлчих” гэсэн. Тэд ямар ч хариулт хэлэлгүй гэр рүүгээ орчихсон. Нэг нь “би хариуцлагыг нь хүлээнэ” ч гэх шиг балай юм хэлнэ лээ. Уяач хүний бүтэн жилийн хөдөлмөрийг үгүй хийснээ ойлгож байгаа юм уу. Олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагынхны өмнө үрээнийхээ сэрвээг хэмжүүлмээр байна. Энд манай Дундговь аймгийн гурван үрээ хасагдчихсан байна. Морины комиссынхон гарч ирээд “Чиний үрээг ийм үндэслэлээр хассан” гээд худлаа ч хамаагүй тайлбар хэлчихвэл миний сэтгэл жаахан ч атугай тайвширна. Яагаад хасагдсаныг нь мэдэхгүй ингээд байж байх надад үнэхээр гомдолтой байна. Сэрвээний өндрөөр хасагдсан бол эсвэл үнэхээр эрлийз байсан бол би юу ч ярихгүй. Ингэж явах утгагүй шүү дээ. Баяр наадмын хууль дүрмийг хүндэлнэ. Гэтэл өнөө цагт миний хонгор үрээ шиг ийм цэвэр монгол үрээ ховорхон доо.
–Таны үрээ ямар угшилтай вэ?
-Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат аймгийн алдарт уяач Даваацэрэн ахын цэгээн азарганы төл. Өнгөрсөн жил Дундговь аймгийн тэгш ой, Дунд говь аймгийн баруун бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. Саяхан нэг бэсрэг наадамд түрүүлчихээд ирсэн. Энэ жилийн наадамд тун дээгүүр давхина даа гэж горьдож байтал ийм юм болчихлоо.
–Дундговь аймгаас төрийн наадамдаа зорьж ирээд морио уралдуулж ёадаагүй гэхээр…?
350 км-ын цаанаас зорьж ирлээ. Энэ улаан гантай жил үрээнийхээ уяа сойлгыг тааруулах гэж ямар их хөдөлмөрлөснийг энэ дээд албан тушаалтай хүмүүс ойлгохгүй байна. Мал мэдэхгүй ганцхан ийм нөхрийн балгаар өөрийнхөө бүтэн жилийн хөдөлмөрийг сүйтгүүлсэндээ гомдолтой байна. Монгол наадам мань мэтийн эгэл ардын биш, мөнгөтэй хүмүүсийн наадам болчихжээ. Түрүүн шүдлэн насны морьд мордохын өмнө мандаттай нөхөр очоод л, шүдэлдэг хашаан дотроос санасан морио хөтөлж гаргаад, хасчихаж байна лээ. Морины комиссын хүн биш шүү дээ. Би тэгэхийг нь дурангаар харсан. Үүнийг юу гэж ойлгох вэ.
–Таны үрээ огт эрлийз хольцгүй биз дээ?
-Жинхэнэ монгол адуу. Би хүрэн үрээнийхээ удам судрыг гурван үеэр нь мэднэ. Надтай хамт яваа манай нутгийн уяачид, нутгийн ард олон бүгдээрээ мэднэ дээ. Энэ хавар “Хангарьдын хурд”-д миний хонгор үрээ мордсон. Эрлийз энэ тэр гэж ямар ч хэл ам гараагүй шүү дээ. Угаасаа монгол морь юм чинь.
–Цаашдаа эрлийзийг нь эрлийзтэй, монголыг монголтой нь уралдуулдаг болохын тулд маны бодлоор яах ёстой вэ?
-Морь мэддэг, ялгаж таньдаг хүмүүсийг морины комисст ажиллуулах хэрэгтэй. Шинжлэх ухаан хөгжсөн өнөө үед сэрвээг нь хэмжээд, хийц галбирыг нь нүдэн баримжаагаар харж байгаад хасах эсэхээ шийддэг ийм бүдүүлэг байдлаасаа ангижрах цаг нь болсон. Мориноос цусны шинжилгээ авчихаж болно шүү дээ.
–Шүдлэн насанд монгол үрээнүүд айрагдсан уу?
-Үнэхээр үйлдэрлэг байдал талаас нь харвал андашгүй эрлийз үрээнүүд байна лээ.
–Морины комиссынхон дорвитой хариу хэлэхгүй бол та яая гэж бодож байна?
-Наадам нэгээр дуусах биш дээ. Дараа дараагийн наадамд уяачдын хөдөлмөрийг битгий ингэж салхинд хийсгээрэй гэж захья. Үнэндээ өөр хэлэх үг алга. Хэлээд ч нохой хуцаж байгаа чинээ тоох хүн алга, Морины комист.
–Та аймгийн наадмаас хэдэн түрүү, айраг аваад байгаа вэ?
-Би энэ жилийн цагаан сарын босгон дээр Аймгийн алдарт уяач цол авсан. Одоогоор аймгийн наадмаас дөрвөн түрүү, арван айраг хүртээд байна даа.
–Дараа жил улсын наадамдаа ирж оролцох уу?
-Яг тодорхой хэлж чадахгүй нь ээ.Хаа холоос төрийн наадмаа зорьж ирэх сайхан л юм. Даан ч энэ жил маш их урам хугарлаа. Хэдхэн хүний үзэмжээр өөрийнхөө хөдөлмөрийг ингэж тоглуулж байхаар төрж өссөн орон нутагтаа наадах шиг жаргал байхгүй юм биш үү. Ядаж л миний морьдыг цэвэр монгол цустай гэдгийг нутаг усныхан маань бүгд андахгүй сайн мэднэ дээ.
Тулгар Төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаар олны танил алдартай эрхмүүд хэрхэн нааддаг тухай манай www.admin.dnn.mn сайт онцолж байгаа юм. Энэ удаа Мэргэжлийн боксын Дэлхийн аварга Ч.Цэвээнпүрэвийг баяр наадмаа хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэгийг сонирхлоо.
-Та хүүхэд ахуй цагийнхаа баяр наадмаас хуваалцахгүй юу?
-Би багадаа наадмаар морь унадаг байсан.
-Хурдны морь уу?
-Тийм ээ. Манай аав морь уяна. Би хурдан морины унаач хүүхэд байлаа. Морь унах сайхан шүү.Манайх Түргэний гол Бугын сангийн аж ахуйд малчин байсан юм.
-Унасан морь тань хэр хурдан байв. Морь хэр хурдлах нь унаач хүүхдийн сийрэг ухаанаас их хамааралтай шүү дээ. Айраг түрүү хүртэж байв уу?
-12-13 настай л байсан байх. Улсын наадмын даага насанд уралдаж үзсэн. Зургаад давхисан. Үнэхээр их баярлаж, бас нэгэн бодлын чамлаж байсан.
-Айрагдах тун ойрхон байжээ?
-/Инээв/. Харин тийм ээ. Хурдны морь унана гэдэг тийм ч амар биш. Улсын наадамд хурдан морь унаж уралдана гэдэг унаач хүүхдүүдийн хувьд том баяр. Хүүхэд байхад наадам, цагаан сар хоёрыг л тэсч ядан хүлээдэг байлаа.
-Тулаанч маань бөх хэр сонирхдог вэ. Барилдахгүй монгол эр хүн бараг ховор байх шүү…
-Бөх үзэх дуртай. Мэдээж монгол наадам сайхан шүү дээ.
-Аль бөхийг илүү дэмжиж байна?
-Дархан аварга Г.Өсөхбаярын барилдааныг үзэх дуртай. Жудагтай сайхан эр хүн. Өнөө жил дархан аварга маань Зүүнийг манлайлаад сайхан өнгөтэй харагдсан. Сайхан барилдаан харуулах байх аа. Манай аавын талд сайхан бөхчүүд олон бий.
Д.Сүрэн
Их
Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний
их баяр наадмаар олон арга хэмжээг зохион байгуулах аж. Тухайлбал,
“Монгол хуушуур 2015” фестивалийг дүүргүүдийн Засаг даргын тамгын газар,
Монголын тогооч нарын холбоотой хамтран энэ сарын 11,12-нд Төв
цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн худалдаа үйлчилгээний
талбайд зохион байгуулах аж. Энэхүү арга хэмжээ нь Монгол үндэсний
уламжлалт хоолыг гадаадын жуулчид, наадамчин олонд сурталчлах, хоол хийх
урлагийг хөгжүүлэх, наадамчдад амт чанартай хоол хүнсээр үйлчлэх
зорилготой юм байна. Фестивалийн үеэр шүүгчдийн баг ажиллахаас гадна
иргэдээс санал авч хамгийн том, хамгийн амттай хуушуур хийсэн, хамгийн
цэмцгэр асартай зэрэг зургаан төрлөөр 12 иргэн, аж ахуй нэгжийг
шалгаруулуж тус бүр нэг сая төгрөгөөр шагнаж урамшуулахаар болжээ.
Үндэсний Их Баяр Наадмын өдрөөр монголын рок, попын үе үеийн одод нэгдэн “Эх орноо магтан дуулах” үдэшт та бүхнийг урьж байна. Тоглолт 7 дугаар сарын 11-ны 19:00 цагт Чингисийн талбайд ганцхан удаа болно.
Тоглолтонд: Алтанцэцэг дуучин /МУГЖ/, “Хөсөгтөн” хамтлаг, “A Sound” хамтлаг, “Камертон” хамтлаг, Дэлгэрмөрөн, “Андууд” хамтлаг, “Дэлхий” хамтлаг, Хишигдалай Зоригт, Сонор, дуучин Чойжоо, дуучин Өнөржаргал, дуучин Лхагвасүрэн /МУГЖ/, “Tatar” хамтлаг, Дуучин A Cool, Улаан театрын жүжигчид, “The Lemons” хамтлаг, “Rec On” хамтлаг, Тэнүүндуучин, “Шар айраг хамтлаг”, “3 охин” хамтлаг Хангай жүжигчин дуучин, “Lumino”, “MC Collection” хамтлаг, “Fire” зэрэг шилдгийн шилдэг уран бүтээлчид цуглах нь ээ. Зүрх халуунаар булгилж, сэтгэл догдлуулсан энэ л үдэш ХАМТДАА дуулж, сэтгэлээ баясгаж, эх орноо магтацгаая.