Categories
мэдээ спорт

М.Даваажаргалд зориулсан хүндэтгэлийн барилдаанд Б.Гончигдамба түрүүллээ ​

Хөдөлмөрийн баатар Хакухо М.Даваажаргалд зориулсан хүндэтгэлийн барилдаанд 128 бөх барилдаж Улсын гарьд Б.Гончигдамба түрүүллээ.


Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ нийгэм

Цахим системийн явцын талаар мэдээлнэ

Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд цахим системийг автобуснуудад нэвтрүүлээд байгаа. Өчигдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн цахим системийн явцын талаарх мэдээллийг нийслэлээс өгөхөөр болжээ.

Нийтийн тээврийн автобуснууд зорчигчдоо урд хаалгаараа оруулж, цахим карттай иргэд ухаалаг машинд уншуулж орно. Харин картгүй иргэд бэлэн мөнгөний хайрцагт мөнгөө хийх байдлаар үйлчлүүлж эхэлсэн. Иргэдийн хувьд цахим картаа хараахан авч амжаагүй учраас бэлэн мөнгөний хайрцаг тэр дороо мөнгөөр дүүрч байгаа харагдсан. Харин иргэдийн хувьд шинэ зүйлд дасаагүй байгаа учраас мөнгөө тааруулж өгөхөөс эхлээд хүндрэлтэйг хэлсэн. Гэхдээ иргэдийн зүгээс нэгэнт олон улсад нэвтэрсэн, соёлтой үйлчилгээг нийслэлдээ нэвтрүүлэх нь зүйтэй хэмээн хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлсээр байна.

Ямартай ч цахим систем хэрэгжээд хоёр хоносон учраас ажлын хэсгийнхэн явцын талаар өнөөдөр мэдээлэл өгөхөөр болжээ. Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газрын А зааланд цахим системийн явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх гэж байна.

Цахим картыг оруулж ирж буй “Улаанбаатар смарт карт” компанийн мэдээлж буйгаар нийтийн тээвэрт үйлчилдэг 1000 гаруй автобусанд цахим машиныг суурилуулжээ. Мөн иргэдэд олгох цахим картыг автобусны буудал дээр байрлах ТҮЦ-үүдэд 3600 төгрөгөөр худалдаж байна. Мөн ТҮЦ-үүдэд очиж цахим картаа 500-90 мянган төгрөгийн үнээр цэнэглэнэ.

Categories
мэдээ улс-төр

Албан ёсны уулзалт хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга ноён Ян Хамачек нар өчигдөр /2015.07.29/ албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль явагдсаны 25 жилийн ойн баярыг монголын ард түмэнтэй хуваалцахаар хүрэлцэн ирсэнд нь ноён Ян Хамачект талархал илэрхийлээд Монгол Улсад тавтай зочлохыг ерөөв.

Ноён Ян Хамачек Монгол Улсад албан ёсоор айлчлахыг урьж элэгсэг дотноор хүлээн авч буйд нь Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод хариу талархал илэрхийлээд “Энэ удаагийн айлчлал маань Монгол Улсын анхны чөлөөт ардчилсан сонгуулийн 25 жилийн ойг тэмдэглэх үеэр болж буйгаараа онцлогтой байна” гээд Монголын нийт ард түмэнд анхны ардчилсан чөлөөт сонгуулийн 25 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Энэхүү айлчлал нь хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын төдийгүй уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт найдаж буйгаа тэрбээр илэрхийлээд хоёр орны парламентууд, тэр дундаа түүний Тамгын газруудын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа хэллээ. Үүний нэг тод илрэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНЧУ-д төрийн айлчлал хийх үеэрээ чехийн зарим иргэдийг одон медалиар шагнахад Чехийн Парламентын Тамгын газрын дарга багтсан нь нэр төрийн хэрэг юм гэдгийг онцлов. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын үеэр намайг бараалхахад “Манай улс гурван хөрштэй. Ойрын хоёр хөршөөс гадна алсын гурав дахь хөрш маань Чех Улс юм” гэж хэлсэн нь надад гүнзгий сэтгэлдэл төрүүлсэн сайхан үг байсан гэлээ. Монгол Улс өнгөрсөн 25 жилийн хугацаанд улс төрийн шинэтгэл хийх, ардчиллыг хөгжүүлэхэд бусад улс орнуудад үлгэр болж буйд баяр хүргээд ирэх онд АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаа нь үүний нэг тод илрэл, дэлхий дахины ач холбогдолтой чухал арга хэмжээ юм гэдгийг онцоллоо.

Тэрбээр манай хоёр улсыг ойртуулж дотносуулж байдаг олон зүйл бий, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд хийх зүйл ч бас их бий гээд БНЧУ Монгол Улстай бүх талын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байдаг, энэ үндсэн дээр Монгол Улсаар дамжуулан Азийн улс орнуудтай хамтран ажиллах таатай боломж нээгдэнэ гэж үздэгээ онцлов. Мөн хоёр орны аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, монголын компаниуд Чех Улсын технологиос суралцах, харилцан туршлага солилцох, тэр дундаа эрчимтэй хөгжиж байгаа барилгын салбарт хамтран ажиллах өргөн боломжтойг тэмдэглэв. Түүнчлэн Чех Улсын иргэдийг Монгол Улсад визгүй зорчих боломж олгосон, энэ арга хэмжээ нь иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх, аялал жуучлалыг нэмэгдүүлэхэд үр өгөөжөө өгч буйг тэмдэглээд хэзээ нэгэн цагт хоёр орны иргэд Улаанбаатар-Прага хооронд шууд нислэгээр зорчих болно гэдэгт итгэж буйгаа хэллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалт дээр хэлсэн үгэндээ, Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс нийгмийн өөрчлөлт шинэчлэлийг нэгэн зэрэг хийж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн шинэ тогтолцоонд амжилттай шилжихийн зэрэгцээ хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа хадгалан үлдэж, улам өргөжүүлэн бэхжүүлж чадсаныг онцлоод хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн үеэр Чехийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга ноён Ян Хамачек Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад нь баяртай буйгаа илэрхийлэв.

Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, дэд бүтэц, байгаль орчин зэрэг олон салбарт өргөжиж буйд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэхийн сацуу хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт улам өргөжүүлэх боломж байгааг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд хоёр талын яриа хэлэлцээний гол механизм болох Засгийн газар хоорондын хамтарсан комисс 2005 оноос амжилттай хуралдаж ирсэн, уг комиссын ээлжит 6 дугаар хурлыг энэ онд Улаанбаатар хотод зохион байгуулахаар талууд ажиллаж буйг хэллээ. Тэрбээр цааш нь хуучин социалист тогтолцоотой байсан орнуудаас Монгол Улсад хөгжлийн албан ёсны тусламж үзүүлсэн анхны улс нь Чех Улс байсныг онцлон талархал илэрхийлэхийн сацуу уг тусламжийн хүрээнд олон төсөл амжилттай хэрэгжүүлж ирснийг тэмдэглэлээ. Мөн хоёр орны батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаанд ахиц гарч байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд олон улсын энхийг дэмжих ажиллагааны хүрээнд харилцан туршлага солилцох, монголын цэргийн алба хаагчдыг Чех Улсад сургах хүсэлтэй байгаагаа дуулгав. Энэ салбарын тухайд харилцан туршлага судлах нэг хэлбэр нь хамтарсан хээрийн сургууль болохыг тэмдэглээд Монгол Улсад жил бүр зохион байгуулдаг “Хааны эрэлд-2015” олон улсын хамтарсан хээрийн сургуульд чехийн тал 32 хүнтэй мотобуудлагын салаа оролцуулсанд талархал илэрхийллээ.

Аливаа улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурь нь иргэд хоорондын харилцаа болохыг Улсын Их Хурлын дарга уулзалтын үеэр онцлоод иргэд хоорондын харилцааг дэмжих хүрээнд Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Мөн агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн ажлын хэсгийн яриа хэлэлцээг эхлүүлэхийг санал болгоод хоёр улс барилга, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах боломж бийг дурдахын сацуу Монгол Улс байгальд ээлтэй барилгын материал үйлдвэрлэх, норм стандартыг нутагшуулахад хамтарч ажиллах, Чех Улсын европын норм стандартыг нутагшуулсан туршлагаас суралцах хүсэлттэй байгаагаа хэллээ.

Түүнчлэн Чех Улсын Засгийн газраас монгол оюутан, залууст сургалтын тэтгэлэг олгож ирсэнд талархал илэрхийлээд боловсролын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэх нь чухал болохыг тэмдэглэв. Энэ хүрээнд монголын залуу эрдэмтэн, судлаачдыг Чехийн шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнд дунд хугацааны сургалтад хамруулах, Чех Улсын Засгийн газрын тэтгэлгийг Монгол Улсын хэрэгцээ, шаардлагатай уялдуулж, аж үйлдвэрийн инженер, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, анагаах ухаан зэрэг чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа хэллээ.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын үеэр Монгол, Чехийн харилцаанд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг, тэр дундаа хоёр орны парламентын Тамгын газруудын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөн хүрээнд идэвхтэй хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Парламент хоорондын харилцааг дэмжих гол механизм болох Монгол-Чехийн бүлэг Улсын Их Хуралд 2000 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буйг тэрбээр дурдаад энэхүү бүлэг нь хууль тогтоох байгууллага хоорондын төдийгүй хоёр талын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг дэмжихэд чухал үүрэгтэйг тэмдэглэлээ.

Улсын Их Хурлын дарга энэ оны 9 дүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн намрын хуралд Чехийн парламентаас олон төлөөлөгч оролцоно гэдэгт итгэлтэй буйгаа уулзалтын үеэр илэрхийлэв. Мөн Монгол Улс Чех Улстай хөгжүүлж буй хоёр талын харилцаандаа чухал ач холбогдол өгдөг болохыг тэмдэглээд Монгол Улс Европын Холбоотой 2013 онд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг Чех Улс соёрхон баталсанд талархал илэрхийлсэн юм. Түүнчлэн Монгол Улс Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг байгуулан үйл ажиллагаагаа эхлээд буйг дурдаад Далайд гарцгүй улсуудын хувьд Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс энэ чиглэлээр хамтран ажиллах боломж, бололцоо бийг онцоллоо.

Уулзалтын үеэр талууд хоёр орны улс төр, худалдаа эдийн засаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Ноён Ян Хамачек энэ үеэр Монгол Улсын Их Хурлын даргыг тааламжтай цагтаа БНЧУ-д зочлохыг уриад Прагад уулзаж хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийг хүсч буйгаа хэллээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Чехийн парламентын бүлгийн дэд дарга М.Зоригт, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, албаны бусад хүмүүс оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр цахилгаан таслах хуваарь

30/YII

Чингэлтэй

10.30-17.30

1, 3-р хороо, 2-р 40 мянгат 1-10, 17, 19, 22, 23, 40-р байр, Итгэлт бизнес ББСБ, Махаяна уламжлалыг хадгалах төв, Мөнгөн аяга /дархан/, Дельта төв хоршоо, Исүс христийн сүм, Чингэлтэй дүүргийн лавлах, ЗДТГ, Адрианс эстэйт, TPL, Бүрд констракшн, Ананд, Хатан Угалз, Аргай бэст, Зенэесисем, Уушгийн агуй, Эхлэл хоршоо, Еврокосметик, Үндэсний кафе, Намулунмөнх эмнэлэг, Мон Стар ХХК-ууд орчмоор
9, 11-р хороо Дэнжийн 9-12, Нуурын 15-19, Булагийн 1-18-р гудамж орчмоор

Баянгол

10.00-18.00

6, 5, 4-р хороо 2-р хороолол, Гаалийн 1-7-р байр, Мон тед трейд, Замын хөдөлгөөний удирдлагын төв, 10-р хороолол 8А, 10, 10Е, 49, 45-1, 2, 3, 4, Элба-48, Сан-50, К-102, 103, 104, 105, 106, 107, Голден парк 101-107-р байр, БСБ Засварын төв, Хадгаламж банк орчмоор

Хан-Уул

11.00-18.00

14-р хороо УЗ 1-4, Барилгын 1-3, Өлзийт 1-10 гудамж, Айдсын даваа өвөр, Ш/тосгоны 1-5-р гудамж орчмоор

Төв аймаг

09.00-18.00

Лүн сум чиглэлийн бүх хэрэглэгчид

Categories
мэдээ нийгэм

Ардчилсан сонгуулийн ойд зориулсан бэсрэг наадам боллоо

Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн өдөрт зориулсан олон улсын хүндэтгэлийн хурал “Шангри Ла” зочид буудалд болсон юм. Хүндэтгэлийн хуралд Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, төлөөлөгчдөөс гадна гадаад улс орон, олон улсын байгууллага, хавсран суугаа Элчин сайд, Улаанбаатар хот дахь Дипломат корпусын тэргүүн зэрэг гадаадын 100 гаруй төлөөлөгч, хүндэт зочид иржээ.

“Чингисийн хүрээ” жуулчны баазад болсон тус ойд зориулсан бэсрэг наадмыг Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон хүндэтгэлийн хуралд оролцсон гадны зочид төлөөлөгчид үзэж сонирхлоо.

Бэсрэг наадмын үеэр Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид ардын урлагийн тоглолт сонирхууллаа.

Categories
мэдээ цаг-үе

Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Баартуугийн Зангад: Намайг “Тунгалаг Буянт”-тай золгуулсан хїн агуу их Лувсаншарав юм

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Баартуугийн Зангадтай ярилцсанаа хүргэе.

-Наадмын босгон дээр та хөдөлмөрийн баатар цол хүртсэн. Таны дуулахыг жар гаруй жил сонсож, сэтгэлийн цэнгэл эдэлж ирсэн ард түмэн өөрөөс тань дутуугүй баярлаж байна даа?

-Монголын төр хөдөл­мөрийн баатар цолоо хүртээнэ гэдэг их том хүндэтгэл юм. Миний бие баярлалгүй яахав. Их урлагт хөл тавьсан хувь заяагаа бодож, төрүүлж өсгөсөн ижий аав, төрж өссөн ус нутгаа хамгийн түрүүнд боддог юм билээ. Урлагийн алтан харгуйд хөтөлсөн ачит багш нараа, алтан үеийн бурхадтай ойр дотно явсан он цагаа эрхгүй санадаг юм байна. Гэр бүлийнхэн, үр хүүхэд, ач зээ нар маань, баруун Алтай нутгийн олон, мянга мянган шавь нар, их урлагт хамт зүтгэсэн мэргэжил нэгт нөхөд гээд бүх л хүн баярыг минь хуваалцсан. Сүхбаатарын одон, алтан соёмбот тэмдэг энгэртээ гялалзуулаад төрийн ордноос гараад ирэхэд шавь нарын минь төлөөлөл “Тунгалаг Буянт”-ыг минь дуулж угтаад намайг уйлуулчихсан. Олон түмэн надаас дутуугүй баярласныг мэдэж байна. Одоо хэр нь уулзсан бүхэн халуун сэтгэлээ дэлгэн хүндэтгэл үзүүлэх юм. Энэ их өндөр хүндэтгэлийг хүлээсэн хүн чинь дуулж амьдарсан он жилүүдээ эргэж боддог юм байна. Миний нэрийн хуудас болсон дуу бол яалт ч үгүй “Тунгалаг Буянт” юм. Уг бүтээлтэй намайг золгуулсан хүн төрийн шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Дагвын Лувсаншарав багш маань юм. Миний анх сонссон дуу хийгээд алдрын дэвжээнд гарсан түүх Лувсаншарав багштай минь холбоотой. Аймгийн клубт хүүхэд нэг төгрөгөөр орно. Би хоёрдугаар ангид байжээ. Хэн гээч юун тухай дуулаад байгааг тэр цагтаа яаж мэдэхэв. Сүүлд нь мэдэх нь ээ, Дэлхийн залуучууд оюутны анхдугаар их наадамд оролцсон жүжигчид орон нутгаар явж тоглолтоо сонирхуулж байсан юм билээ. Анх сонссон дуу маань Лувсаншарав багшийн зохиосон “Талын бэлчээр”. Дуулж байсан хүн нь “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаагийн дүрээр хот хөдөөгүй алдаршсан гавьяат жүжигчин Ванчигданзангийн Сүрэнхорлоо гуай байжээ.

-Лувсаншарав гуай таныг “Тунгалаг Буянт”-тай золгуулсан түүх маань юу билээ?

-“Тунгалаг Буянт” дууг Чимидлхагвын Балдан, Довчингийн Лхашид гэж эгэл жирийн хоёр хүн зохиосон байдаг. Жирийн олны зохиосон тэрхүү бүтээл жаран дамжигдан дуулагдана гэдэг гайхамшиг. Ховд аймгийн соёл урлагийн өдрүүд Улаанбаатар хотноо болох гээд хөл хөгжөөнтэй байлаа. Нэг өдөр аймгийн театрт дуудагддаг юм. Тэр дороо гүйгээд очно биз дээ. Дагвын Лувсаншарав, Ламзавын Ванган гээд нэр алдар нь холоос дуулддаг хүмүүс хотоос ирж аймгийнхныг шалгаад бөөн ажил болж байна. Нөгөө агуу их Лувсаншарав чинь “Танай аймгийн соёл урлагийн арав хоног болох гэж байна. Энэ бол том арга хэмжээ. Энэхүү тоглолтод нутаг усаа магтсан сайхан дуу заавал оруулах ёстой. Нэг дуу байна аа. Үгийг нь Д.Лхашид, аяыг нь Ч.Балдан бичсэн. Одоо чи амилуулна. Чиний хоолойд яг тохирно” гэдэг юм. Үүнийг сонсоод айдас ч төрөх шиг. Гэхдээ тэр том аварга хүний өмнөөс юу хэлэх билээ. “За” гэж сулхан дуугараад л гарсан. Тэгээд битүүдээ бэлтгэл хийж эхэллээ. Одоо бодоход уран бүтээлийнхээ хувь тавилантай уулзсан нь тэр байжээ. Дараа нь энэ дуугаа нийслэлд дуулсан. Варшавт дуулсан. Москвагийн хөгжмийн их сургуульд элсэлтийн шалгалт өгч байхдаа дуулсан. Амьдралын минь зүг чигийг заасан дуу. Сурагчаас гавьяат дараа нь ардын жүжигчин, тэгээд хөдөлмөрийн баатар болтлоо жар гаруй жил дуулж байна даа. Энэ дуутай холбоотой бас нэг түүх хэлье.

“Мөнгөн давалгаа хаялсан

Мөрөн голын минь урсгал

Мөнх цаст Алтайн сугаас

Мяралзан урсах нь бахдалтай” гэж дуулах цээл хоолойн яруу сайхан эгшгийг театрт дүүрэн суусан олон амьсгаа даран чагнаж, тайзан дээр арван найм орчим насны цогтой залууг бахархан ширтэж байлаа. Тунгалаг сайхан Буянт голын мяралзах урсгал, Алтайн цаст ноён оргилыг үзэх мэт залуугийн нүд баясгалантайгаар гялалзан түүний яруу тунгалаг аялгуу нь нэг үе цогтой цээлхэн, нэг үе намуухан ялдамхан эгшиглэхийг бахдаж баршгүй ээ. Үзэгч олны баяр талархлын илэрхийлэл болох алга ташилтын чимээ дахиад л нижигнэв. Оросын нэрт хөгжмийн зохиолч Гурилевийн зохиол “Гурвалсан морьд” хэмээх дууг тэр залуу орос хэлээр цэвэр сайхан дуулав. Энэ бол Ховд аймгийн дунд сургуулийн есдүгээр ангийн сурагч Зангад байлаа” гэж 1954 оны “Залуучуудын үнэн” сонинд бичсэн байдаг юм. Ингэж л би гэдэг хүн энэ сайхан дууны буянд баруун Алтайн хол нутгийн ангийнхаа хүүхдүүд дундаас Улаанбаатарт түрүүлж ирэн, улсын хэмжээний сонинд бичүүлж орон даяар мандаж байлаа.

1951 онд Ховд аймгийн Жаргалант хотын театрын нэгдсэн концертод оролцож улмаар ардын хувьсгалын гучин жилийн ойгоор урлагийн үзлэгт шалгаран эх орныхоо нийслэлд уригдан ирсэн. Тэгээд баярын концертод оролцож арван таван настайдаа Улсын хөгжимт драмын тайзан дээр дуулж эхэлсэн байна. Түүнээс хойш нэгэн жарныг их урлагийн алтан харгуйд элээжээ. Самбын Гончигсумлаа, Лувсанжамбын Мөрдорж, Билэгийн Дамдинсүрэн, Дагвын Лувсаншарав, Эрэгзэнгийн Чойдог, Цэгмидийн Намсрайжав, Жамьянгийн Чулуун гээд ХХ зууны Монголын хөгжмийн урлагийн их хүмүүстэй нэгэн үед амьдарч, зохиосон дуунуудыг нь анх амьдруулна гэдэг аз завшаан, нэр төр, басхүү өндөр хариуцлага байлаа. Үүгээрээ миний бие шинэ зуунд хуучин цагийн бурхдын нэгэн болж таарах нь. Одоо эргээд бодох нь ээ, олны зүрх сэтгэлд хоногшсон бүтээлүүдийнхээ ихэнхийг жараад оны тэртээд дуулсан байх юм. Тухайлбал, жаран хоёр онд “Хавар ирлээ шүү, хүүхнүүдээ”, жаран гурван онд “Жаргаах зүрхэн”, “Сүлд модны наадмын дуу”, “Чиний минь хайр”, “Намрын шөнө”, “Хар ус нуурын шагшуурга”, “Гоёхон ч чимэг юм уу даа”, “Өссөн нутаг” дуунуудаа, жаран дөрвөн онд “Чамдаа дуулъя”, “Ятгын эгшиг” тэргүүтнээ дуулсан байна.

-Гончигсумлаа гуай “Жаргаах зүрхэн” дуугаа таны хоолойд зориулж бичсэн гэдэг. Тэр тухай сонирхуулахгүй юу?

-Гончигсумлаа гуайтай уран бүтээлийн төдийгүй хүний ёсны ойр дотно харилцаатай явснаа санах бүр надад бахархах сэтгэл аандаа төрдөг. Жаран хоёр оны өвөл шинэ жил болох гээд хөл хөдөлгөөн орох үед “Сүлд модны наадмын дуу”-гаа надаар анх дуулуулсан. Жамцын Бадраа гуай шүлгийг нь бичсэн. Зөвхөн төгөлдөр хуураар хөгжимдөж дуурийн театрын эмэгтэй дуучидтай хамтарч дуулуулахаар тогтсон юм. Т.Григорьева багш (гавьяат жүжигчин Бандийн гэргий төгөлдөр хуурын багш) анх удаа хөгжимдөж арванхоёрдугаар сарын хорин есөнд радиогийн бичлэг хийлгэж бай.. “Жаргаах зүрхэн” дуугаа жаран гурван онд туурвисан. Мөн л Бадраа гуайн шүлэг. Авьяас билэг, эрдэм чадал нь ид жагсаж байсан хоёр эрхэм дуугаа надад өгсөн бас л хувь заяа юм. Уг дууныхаа гар бичмэлийн эхэнд худам монгол бичгээр “Авьяас билэгт дүү, нэрт дуучин Зангадын хоолойд зориулан бичсэн болно. Гончигсумлаа” гээд гарын үсгээ зурсан нь одоо ч надад хадгалагддаг. Гончигсумлаа багшаас аваад олон гайхалтай хөгжмийн зохиолчийн сод бүтээлүүдийг амьдруулах хувь надад оногдсон байна. “Миний зохиосон дууг бараг бүгдийг нь манай Зангад дуулсан юм шүү дээ” гэж Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт Гончигийн Бирваа агсан дурсдаг байсан. Бирваа гуайн хөгжим “Гоёхон ч чимэг юм уу даа” гэдэг дуу бас л миний брэнд бүтээлүүдийн нэг. Төрийн шагналт, ардын уран зохиолч Балжирын Догмид “Гоёхон ч чимэг юм уу даа” дууг Зангадын солонгорсон цээлхэн аялгуугаар сонсоод тэрхүү аялгуунд миний хөл орооцолдох шиг болсон гэж миний тухай бичсэн “Алтан одны аялгуу” хөрөг нийтлэлдээ өгүүлсэн байдаг.

1964 оны зун юмдаг. Дундговь ороод буцаж явлаа. Зам зуураа Төв аймагт буудаллав. Аймгийн зочид буудалд амарч байхдаа Г.Бирваа гуайн дан хөгжмийн нэг сайхан аялгуу радиогоор эгшиглэхийг сонслоо. Нэг л сайхан дуу баймаар. Дараа нь би бодсоор яваад нэг өдөр “Та үүнийгээ дуу болгож өгөөч” гэж хүссэн юм. Бирваа гуай ч уриалгахан хүлээн авсан. Тэгээд Жамцын Бадраа гуайгаар үгийг нь зохиолгож зохируулсан дуу болгосон нь “Гоёхон ч чимэг юм уу даа”. Тэр намартаа радиод бичүүлж олны хүртээл болгосон. Сонсогчдын хүсэлтээр радиогоор хүртэл зааж байлаа. Миний дуулсан олон сайхан дуунуудаас нийтийн дунд тэгж хурдан түгсэн бүтээл. Ардын жүжигчин Жамъянгийн Чулуун гуай цөөхөн дуутай. Тэгэхдээ дуу болгон нь содон. “Хонины найр” киноны Барсын дуу, “Талын дуу”-гаа надаар дуулуулахдаа симфони найрал хөгжмөө өөрөө удирдаж байсан нь сэтгэлд хоногшин үлджээ. Төрийн хошой шагналт Билэгийн Дамдинсүрэн гуай “Хаврын шувуу ирлээ”, “Улаанбаатарын тухай дуу” тэргүүт гурван бүтээлээ өөрөө бичиж өгсөн. Тэгэхдээ төгөлдөр хууртай дуулж радиод бичүүлж байсан юм даг. Урлагийн гавьяат зүтгэлтэн Гаадангийн Алтанхуягийн “Монгол бүсгүйн үзэсгэлэн гоо”, Мооёобуугийн Булганы “Насны баясгалан”, мөн урлагийн гавьяат зүтгэлтэн Зундуйн Батсүх, Дашдаваагийн Баттөмөр, Чойгивын Сангидорж гээд үе үеийн олон сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлийг дуулан амьдруулжээ.

-Таны шавь төрийн хошой шагналт Нацагийн Жанцанноровын “Алтан намар” дууг бас л ярихгүй өнгөрч боломгүй?

-1982 онд “Алтан намар” наадам анх удаа зохиогдсон санагдана. Уг наадмыг өөрийн сүлд дуутай болгох тухай намын төв хорооны тогтоол гарсан гэдэг. Тэгээд хөгжмийн зохиолч нарын дунд уралдаан зарлагджээ. Л.Мөрдорж гуай “Намрын баяр” гэсэн дуугаа чамаар л дуулуулна гэсээр ноотыг нь авчираад өгчихлөө. Уг уралдаанаас гарын шавь нарын нэг алдарт хөгжмийн зохиолч Жанцанноровын хөгжим, Дожоогийн Цэдэвийн шүлэг “Алтан намар” дуу шилдгээр шалгарсан. Тэр л цагаас хойш жил жилийн “Алтан намар”-ыг миний бие нээсэн түүхтэй юмаа.

-Нэрт сэтгүүлч Даваасамбуугийн Хатанбаатарын эрхлэн гаргадаг “Билгийн чуулган” цувралаар таны тухай бүтээл гарч байсан. Тэрхүү бүтээлд та өвөг эцэг болоод аавынхаа тухай ярьсан байдаг?

-Тийм л дээ. Миний өвөг эцэг Юнрин төрөлхийн ядуу тариачин гаралтай хүн байсан гэхээс өөрийг мэдэхгүй. Харин аав Баартуу 1895 онд Хятадын Сянши мужид ядуу тариачин Юнрингийн нэгдүгээр хүү болон төржээ. 16 нас хүртлээ эцэг эхийн ядуу амьдралд туслалцаж байтал эцэг, эх нь нас барж амьдрал нь улам хүнд болсон байна. Энэ үеэс Монголд ирж Даашинхүүгийн пүүсэнд тэмээ, мал хариулж хар бор ажил хийж амьдарсан байдаг. 1930-аад оны үед анх байгуулагдсан Ховдын сангийн тариаланд усан тээрмийн эрхлэгч, нярав хийж байгаад гучаад оны дунд үеэс аймгийн эмнэлэгт тогоочоор ажилласан. Аав минь 40 гарауй жил ард түмний эрүүл энхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн эгэл даруухан нэгэн байлаа. Ховдын гол Монгол Алтайн нуруунаас, Буянт гол Хөх Сэрхийн нуруунаас эх авч урсаад Хар Ус нуурт цутгадаг. Гадагшаагаа бус дотогшоогоо урсч уул нутгийнхаа сүр чимэг болж байдаг тул уугуул түмэн нь өөрсдийнхөөрөө “Эх оронч гол” гэж өргөмжилсөн байдаг. Олноо ундаалсан өндөр өргөмжлөлтэй, энэ хоёр голын бэлчир Шар харганы баруун хаяанд би гэдэг хүн дуугаа хадааж төрсөн түүхтэй.

-Монголын урлагийн ажилтны холбоо гэх байгууллагыг та олон жил удирдсан. Тэр тухай сонирхвол?

-Энэ айлыг 1975 онд анх гал голомтоо бадрааж байхад нарийн бичгийн дарга нь сонгогдсоноос хойш дөчөөд жил зүтгэсэн. Анх нарийн бичгийн дарга гэсэн нэрийн дор босгоор нь алхаж дараа нь орлогч дарга бүр цаашлаад “том” дарга нь болж хэсэг зүтгэсэн. Халуун ам бүлийн өрхийн тэргүүн нь Э.Оюун багш минь байлаа. Оюун багшаараа удирдуулж, Ц.Сэвжид, Д.Лхасүрэн, Д.Норовцэрэн, Р.Доржпалам гээд урлагийн томчуудаар зүг чигээ заалгаж явж өдий хүрчээ. 1990-ээд оны их савалгааны үед энэ айлыг авч явна гэдэг амаргүй байлаа. Урлаг соёлын олон ч газар үүд хаалгаа барьсан. “Огцор” гэдэг үг моодонд ороод байсан үе шүү дээ. Харин Монголын урлагийн ажилтны холбоонд тийм өргөх бичиг ирж үймээн шуугиан болж байгаагүй. Төрийн соёлын бодлого алдагдсан тэр үед уран бүтээлчдийн ханддаг газар нь манайх л байлаа шүү дээ. Тэр үед Э.Оюун багш минь их түшиг болсон доо. Бид Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийн уралдааныг анх зохион байгуулсан. Түүнээс хойш С.Гончигсумлаагийн нэрэмжит төгөлдөр хуурч, чавхдаст хөгжимчдийн улсын уралдаан, Ц.Пүрэвдоржийн нэрэмжит ари романс дуулаачдын, Д.Лувсаншарав багшийн нэрэмжит бүжиг дэглээч, гоцлол цөөхүүл бүжигчдийн , Л.Цогзолмаагийн нэрэмжит ардын богино дуу дуулаачдын, Л.Мөрдоржийн нэрэмжит ардын хөгжимчдийн улсын уралдаан гээд уламжлал болгон зохиогддог олон тэмцээн уралдааныг санаачилж, явуулсан байна.

Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ цаг-үе

Р.Эрдэнэцэцэг: Түрээсийн орон сууцны төлбөр нь тухайн өрхийн сарын орлогын 25 хувиас ихгүй байна

Зорилтот
бүлгийн иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах үүднээс “Түрээсийн орон сууц”
хөтөлбөрийг Засгийн газар баталсан билээ. Уг хөтөлбөрийн талаар Барилга, хот
байгуулалтын яамны Барилга нийтийн аж ахуйн бодлогын газрын дарга
Р.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.

-“Түрээсийн
орон сууц” хөтөлбөрийн талаар эхлээд мэдээлэл өгөхгүй юу. Орон сууцны талбай
хэмжээ хэр зэрэг байх уу, санг нь ямар журмаар бүрдүүлэх вэ?

-Төрөөс
орон сууцны талаар баримтлах бодлого нь өөрөө нийгмийн халамжийн бодлогын
салшгүй нэг хэсэг байна гээд заачихсан. Энэ дагуу бид тодорхой үе шаттай арга
хэмжээнүүдийг аваад явж байгаа. Мөн Засгийн газрын 2012-2016 оны үйл
ажиллагааны хөтөлбөрт түрээсийн 1000 айлын орон сууцыг барих тухай заалт
тусгагдсан. Энэ арга хэмжээний хүрээнд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг
гаргаад Засгийн газрын 248 дугаар тогтоолоор батлуулсан. Энэ хөтөлбөрт
тусгагдсанаар Төрийн өмчийн орон сууцны сан байх бөгөөд ТОСК-ын дэргэд
бүрдүүлнэ. Мөн Орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны сан гэж байна. Үүнийг
аймаг, нийслэлийн Засаг дарга бүрдүүлнэ. Түрээсийн сууц нь барилгын норм дүрэм,
шаардлагыг хангасан 30-50 метр квадрат талбайтай байна. Хэрэв хувийн
байгууллагууд өрсдөө, түрээсийн орон сууц барих юм бол өрөөний доод хязгаар нь
30 метр квадратаас багагүй байна. Яагаад гэвэл, сүүлийн үеийн орон сууцнууд хүн
ая тухтай амьдарч болохооргүй, хэтэрхий жижигхэн байна. Тиймээс доод хязгаарыг
нь ингэж тогтоосон.

-Түрээсийн
орон сууцанд ямар хүмүүс хамрагдах боломжтой вэ?

-ТОСК,
Төрийн өмчит үйлдвэрийн газар, аймаг, нийслэлийн Засаг дарга нар түрээсийн орон
сууцанд хамрагдах шаардлага хангасан нийгмийн зорилтот бүлгийн хүмүүсийн
тодорхойлолтыг гаргах юм. Тухайн байр тэр иргэний өмч биш. Тиймээс хувийн орон
сууцтай адил бусдад худалдах, барьцаалах, бэлэглэх, өв залгамжлуулах эрхгүй.
Өөр хэн нэгэнд ч дамжуулж түрээслэх асуудал байхгүй гэсэн үг. Яагаад гэвэл тухайн зорилтот бүлэг өөрөө л орон сууцандаа
амьдрах ёстой гэж зааж өгч байгаа. Салбарын яам бол бодлогынхоо хүрээнд
түрээсийн орон сууц хөтөлбөрөө гаргачихлаа. Одоо Орон сууцны тухай хуульд
түрээсийн орон сууц гэдэг ойлголтыг оруулж өгөх ёстой. Бидэнд өмнө ийм ойлголт
байгаагүй шүү дээ. Дээрээс нь ямар хүмүүст хөнгөлөлт үзүүлж, түрээсийн орон
сууцанд хамруулах талаар нарийн журам гаргана. Тэгэхгүй бол бүгдээрээ
хавтгайраад хямд үнэтэй түрээсийн орон сууцанд амьдраад байж болохгүй.

-Сарын
түрээсийн төлбөр нь хэд байх вэ. Эндээс орж ирж байгаа хөрөнгийг юунд зарцуулах
уу?

-Энэ
бүгдийг журмаар зохицуулна. Түрээсийн орон сууцанд хамруулахын тулд Үндэсний
статистикийн хорооноос гаргадаг өрхийн нийгэм эдийн засгийн судалгаанд
тулгуурлана. Түрээсийн орон сууцны сарын төлбөр тухайн өрхийн дундаж
орлогын 25 хувиас хэтрэхгүй байх ёстой.
Тэгэхээр тэр тооцоо судалгаануудыг яам хийнэ гэж үзэж байгаа. Нэг метр
квадратын үнийн бодит өртгийг нь тооцож гаргаад, жил бүр индексжүүлэх замаар
тооцно. Ингээд барилгын үнэ бүрдлийн тогтолцоог нь бүрдүүлж явна гэж үзэж
байгаа. Тухайн иргэн амьдарч буй сууцынхаа ус, цахилгаан, дулааныг төлөхөөс
гадна түрээсийнхээ бага хэмжээний мөнгө төлөх ёстой. Тэгэхээр тэр мөнгийг хэд
байхыг индексжүүлэх замаар бид статистикийн газартай тогтоогоод явна. Тэр нь
ашиглалтын зардлаасаа гадна сард 100 мянгыг төлөөд явна гэдэг ч юмуу. Ингээд
явах боломжийг нь бас харгалзах ёстой.

-Түрээсийн
орон сууцыг яаж бүрдүүлэх вэ?

-Улсын төсөвт тусгаж нэг түрээсийн орон сууц
барьж болно. Дээрээс нь хувь хүмүүс буюу компаниуд барих нь нээлттэй. Хэрэв
компаниуд түрээсийн орон сууц барих юм бол газар, дэд бүтэц дээр нь хөнгөлөлт
үзүүлье гэж байгаа юм. Өмнө нь явж байсан журмынхаа дагуу тухайн барьсан
барилгын талбайн хоёр хувийг төр аваад иргэдэд түрээсийн орон сууцын сан
бүрдүүлэх журмаар олгож болох санааг өгсөн.

-Түрээсийн
орон сууцны хороолол гэж тусдаа байхгүй, шинээр баригдсан байрнуудад хуваарилна
гэж дуулдаж байсан. Энэ асуудал яаж шийдэгдсэн бэ?

-Бидний
барьж байгаа нэг зарчим бол түрээсийн орон сууцыг хорооллоор байлгахыг бодохгүй
байгаа. Нийгмийн зорилтот бүлгийнхнийг ялгасан асуудал үүсэх вий гэхээс
болгоомжилж байгаа юм. Нэг хорооллын 2-3 орон сууц нь түрээсийнх байхаар
зохицуулж байгаа.

-Одоо
бэлэн болсон байр бий юу?

-Нийслэлээс
Зуун айлын орчимд 300 айлын түрээсийн орон сууцыг барьж ашиглалтад оруулсан.
Одоо Баянзүрх дүүрэгт 1300 айлын түрээсийн орон сууцыг барьж байна. Барилга,
хот байгуулалтын яам, хотын захиргаа, “Гангар Инвест” компанитай хамтраад гурвалсан гэрээ хийгээд
явж байна. Өнөө жил эхний ээлжинд 168 айлыг оруулахаар төлөвлөж байгаа. Аймаг
орон нутагт ч гэсэн өөрсдөө түрээсийн орон сууцыг барьж ашиглалтад оруулах
боломж нь бүрдэж байгаа гэж хэлж болно.

-“Түрээсийн
орон сууц” хөтөлбөрийн хүрээнд хичнээн айлын орон сууц барих шаардлагатай
байгаа вэ?

-Түрээсийн
орон сууцны сан бүрдүүлээд, эрх зүйн орчныг нь бий болгож өгснөөр нийслэлд 16
мянга, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдэж болох юмаа
гэж тооцож байгаа. Цааш цаашдаа энэ их ач хобогдолтой гэж үзэж байгаа. Гэр хорооллын
дахин төлөвлөлтөд орсон айлуудыг түр суурьшуулах орон сууцыг бий болгож байна.
Дээрээс нь ипотекийн зээлд хамрагдах зорилготой залуу гэр бүлүүд хямд үнэтэй
түрээсийн орон сууцанд амьдрах хугацаандаа хуримтлал үүсгэх боломжтой. Одоо бид
зөвхөн агаарын бохирдол гээд хөрсний бохирдлыг ярихгүй байна. Гэр хороолол
тэлэх тусам хөрсний бохирдол тэр хэмжээгээр үүсээд байна гэсэн үг. Яагаад гэвэл
айл болгон хашаандаа нойл барьж байгаа. Хэрэв бид орон сууц бариад эсвэл гэр
хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж, нэгдсэн цэвэр, бохир усны сүлжээтэй болвол
агаарын бохирдол буурахаас гадна хөрсний бохирдол буурч эрүүл ахуйн нөхцөл
сайжрах ач холбогдолтой. Тиймээс бид үүнийг ч гэсэн судалж үзэж тооцсон байгаа.
Мөн Засгийн газрын тогтоолоор хөтөлбөрийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг төлөвлөгөөг
баталсан. Иймд журмаа аль болох боловсруулж гаргана.

-Манай
улсад хичнээн өрх орон сууц хөлслөн амьдардаг юм бол?

-Судалгаагаар
2013 онд 18.4 мянган өрх байсан. 2014 онд 22.6 мянга болж нэмэгдсэн байгаа юм.
Энэ бол зайлшгүй энэ хөтөлбөр гарах үндэслэл болсон. Бид эрэлт нийлүүлэлтийн
судалгааны үндсэн дээр “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг гаргаж байна.

-Түрээсийн
орон сууцанд орсон өрх тэндээ хэдэн жил амьдарч болох вэ?

-Яг
хэдэн жил гэдгийг хөтөлбөр дээр заагаагүй. Гэхдээ тэр хүн насаараа байх нь
хэцүү болохоор аль болох хуримтлалаа үүсгээд өөрийн гэсэн орон сууцтай болохыг
хичээх хэрэгтэй. Яагаад бид талбайн хэмжээ зааж өгч байгаа вэ гэвэл тансаг
зэрэглэлийн байр биш шүү дээ. 80 мкв-аас дээш түрээсийн байр байна гэвэл энэ
чинь утгагүй асуудал. Энд аль болохоор
залуу гэр бүл, ахмад настан, нийгмийн боломжгүй хэсгийг хамруулах зорилготой
учраас ингэж талбайн хязгаар заасан.

-Манайхан
гадаадын иргэдэд гэхээр байраа өндөр үнээс түрээсэлдэг. Тэгвэл төрөөс явуулж
байгаа түрээсийн орон сууцанд гадаадын иргэд хамрагдаж болох уу?

-Монголд
ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдэд энэ нь нээлттэй. Эрх зүйн орчин нь
байж байгаа. Тэгээд ч түрээсийн орон сууцыг төр дангаараа бариад ашиглуулах
тухай хөтөлбөрт тусгаагүй. Хувийн хэвшлийнхэн ч оролцож болно. Тиймээс тэдэнд
түрээслүүлэх эрх нь байгаа.

-Ер
нь энэ хөтөлбөрийг барилгын компаниуд хэр зэрэг сонирхож байна вэ. Тэдний
барьсан түрээсийн орон сууцны үнийг яаж тогтоох юм бол?

-Одоо
бид метр квадратыг нь зааж өгч байгаа. Түрээсийн үнийг гэрээгээр зохицуулах
асуудлыг журмаар зохицуулна. Зах зээлийг хэт хумиад байж болохгүй. Сарын
түрээсийн төлбөрийг 200 мянган төгрөгөөр тохирчихоод байхад нь төр хөндлөнгөөс
оролцож, 100 мянгад барина гээд тулгаад байж болохгүй. Тиймээс ТОСК-ын
түрээсийн орон сууц дээр бид журмын дагуу хязгаар тавина.

Ер нь
бол барилгын компаниуд энэ хөтөлбөрт хамрагдах сонирхолтой байгаа.

-Өмнө
ипотекийн зээлд хамрагдаж байсан болон байртай иргэдэд түрээсийн орон сууцанд
орох эрх бий юу?

-Ерөнхийдөө
бид орлогын түвшинг хараад зорилтот бүлгийг тодорхойлно. Өөрийнхөө байрыг
үнэтэй түрээслээд оронд нь хямд түрээсийн байранд орох ийм асуудал байж
болохгүй. Судалгаагаар Монголд 50, 60 байртай ч хүмүүс байгаа шүү дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Төрийн байгууллагууд хагас ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны зургаадугаар сарын 03-ны өдрийн захирамжаар Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойн баярыг энэ сарын 29, 30-ны өдрүүдэд орон даяар тэмдэглэхээр болсон.

нэ хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу уг өдрийг тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх, түгжрэл саатлыг бууруулах, баярын арга хэмжээнд уригдан оролцож буй гадаад, дотоодын зочин төлөөлөгчдийн зочлох таатай орчинг бүрдүүлэх зорилгоор нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, бүх шатны төсөвт байгууллагууд долдугаар сарын 30-нд 08:30-12:30, долдугаар сарын 31-ний өдөр 10:00-17:30 цаг хүртэл ажиллана.

Categories
мэдээ цаг-үе

Ээж охин хоёрын ижил хувь заяа

Нэрт дуучин Уитни Хьюстоны гэр бүлд бас нэгэн эмгэнэлт явдал тохиолоо. Талийгаачийн цорын ганц охин Бобби Кристина Браун эмнэлэгт зургаан сар ухаангүй байсаар өнгөрсөн ням гаригт хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Энэ оны нэгдүгээр сард түүнийг гэртээ ухаангүй хэвтэж байсныг найз залуу Ник Гордон олсон. Тэр даруйд эмнэлэгт хандахад хүнд бэртлийн улмаас тархи нь урссаныг эмч нар тогтоосон юм. Эмчлэгдэхгүй гэдгийг эмч нар хэлж байжээ. Бобби Кристинад ээж нь бүх хөрөнгөө өвлүүлсэн. Харин найз залуу нь түүнээс хувь хүртэх сонирхолтой байсан хэмээн тэднийг таньдаг хүмүүс ярьсан байдаг. Энэ нь муудалцах шалтгаан болсон гэдэг. Ам мурийсан үедээ Ник Гордон найз бүсгүйдээ нэг бус удаа гар хүрч байсныг үеэл эгч нь харсан байна. Бүсгүйг ухаан алдсан тэр өдөр ч хосууд муудалцсан. Тиймээс ч Бобби Кристинагийн эмээ нь Фултон дүүргийн Дээд шүүхэд гомдол гаргаж Ник Гордоноос бие болон сэтгэл санааны асар их хохирол учруулсан хэмээн нөхөн төлбөрт 10 сая ам.доллар нэхэмжилсэн юм. Зээ охинд нь гар хүрснийг гэрчлэх баримтыг гомдолдоо хавсаргасан аж. Түүгээр зогсохгүй Бобби Кристинаг эмнэлэгт байхад найз залуу нь данснаас нь 11 мянган ам.доллар хулгайлсан байна.

Дашрамд дурдахад Ник Гордон нь Уитни Хьюстоны өргөмөл хүү. Гэвч охинтой нь учир ургуулж нэрт дуучныг нас барсны дараахан тэд гэр бүл болсноо зарласан. Үнэндээ бол албан ёсоор батлуулаагүй байсан. Шүүхэд гаргасан гомдлын дагуу хууль сахиулах байгууллага талийгаачийн найз залууг шалгажээ. Хэрэг дээр ажил­ласан цагдаа нар ээж охин хоёрын хувь заяа дэндүү адил­хан хэмээн ярьсан байдаг. Бобби Кристинаг зайлуулах нь хэнд ашигтай байсан юм бол. Нэрт дуучин охиндоо 20-100 сая ам.доллартай тэн­цэх хөрөнгө өвлүүлсэн юм. Бобби Кристина 21 нас хү­рээд түүнээс арван хувийг нь эзэмших эрхийг авчээ. 25 нас хүрэхээрээ 20 хувь, 30 настайдаа бүх хөрөнгө түүний мэдэлд очих ёстой байсан. Хосууд гэрлэлтээ албан ёсоор бат­луу­лаагүй тул Ник Гордонд юу ч оногдохгүй. Тиймээс талийгаачийн найз залуу энэ хэрэгт буруутай гэдэг нь эргэлзээтэй. Тэгээд ч батлах баримт олдоогүй. Ямар ч байсан Бобби Кристинагийн эмээ, хамаатнууд нь Ник Гор­доныг огтхон ч таашаадаггүй байсан тул эмнэлэгт эргэж очихыг нь хүртэл зөвшөөрөөгүй. Тэд залууг хэргийн буруутан гэ­дэгт одоо болтол эргэлзэхгүй бай­­гаа. Дашрамд дурдахад Уитни Хьюстоны үхэлд түүний нөхөр, рэп дуучин Бобби Брауныг одоо ч буруутгадаг.

Нэрт дуучин зочид буудлын өрөөнд усан онгоцонд живсний улмаас амиа алдсан хэ­мээн хууль сахиулах бай­гууллагынхан мэдэгдсэн. Гэх­дээ мансууруулах бо­дис хэрэглэсэн гэдэг нь ч батлагдсан. Бобби Крис­тина ч ээж, аав хоёр шигээ мансууруулах бодис хэрэглэдэг байсан хэмээн Америкийн хэвлэлүүдэд бич­жээ. Нэрт дуучин амьд сэрүүн байхдаа өгсөн ярилцлагадаа охинтойгоо маш ойр дотно харилцаатай гэдгээ нэг бус удаа хэлсэн байдаг. Бобби Кристинаг 18 настай байхад ээж нь гэнэт нас барсан нь маш том цохилт болжээ. Тиймээс хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэдэг болсон гэдэг. Түүнийг ухаан алдсан тухай сонссон танилууд нь хүртэл хар тамхинаас боллоо хэмээн ярьцгааж байжээ. Энэ хэрэгт цагдаа нар Максвелл Ломас гэгч бас нэгэн залууг сэжиглэж бай­гаа. Талийгаачийг ухаангүй хэвтэж байхад найз гэх 24 настай залуу гэрт нь очсон байдаг. Тэрээр хар тамхи хэрэглэсэн хэргээр цагдаад баригдаж байсан удаатай.

Бобби Кристина ээж шигээ дуучин болохыг мөрөөддөг байсан. Тэрээр урлагийн ер­төн­цөд хөл тавих гэж үзсэн боловч бүтээгүй. Түүндээ жаахан гутардаг байсан гэ­нэ. Талийгаачид задлан шин­­­­­­­жилгээ хийсэн боловч тархиндаа бэртэл авснаас өөр ноцтой гэмтэл байгаагүй хэмээн өчигдөр Америкийн хэвлэлүүдэд бичсэн. Ийн­­хүү түүний үх­­лийн шалтгааныг тогтоож чадсангүй. Зарим нь Хьюстоныхонд аймшигтай хараал хүрсэн хэмээн ярьсаар байна.

Ю.ДЭЛГЭР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Батбаяр: Сэтгүүлч С.Баттулгын бичсэн зүйл үнэн нь шүүхийн хэлэлцүүлгээс харагдлаа

-Шүүх хуралдаан дээр хоёр өдрийн турш Г.Буяндорж,
С.Билэгт нарын яриад байгааг л сэтгүүлч бичсэн байна-

“Сэлэнгэ
ноёд” компанийн захирал Г.Буяндорж, “Инфо.мн” сайтын эрхлэгч, сэтгүүлч
С.Баттулга болон Д.Батжаргал, Ч.Ууганбаяр Г.Буяндоржийн ах Г.Дамдин­дорж нарт
холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан Баянзүрх, Чингэл­тэй,
Сүхбаатар дүүргийн шүүхэд хоёр өдөр
үргэлжилж шийдвэрээ гаргалаа.

Анхан
шатны шүүхээс Г.Буяндоржийг бусадтай үгсэн хуйвалдаж нотлох баримт хуурамчаар
үйлдсэн, бусдыг үндэслэлгүйгээр гүтгэж онц хүнд хохирол учруулсан гэдэг
үндэслэлээр 3.3 жил хорих ял оноолоо. Мөн сэтгүүлч С.Баттулгыг бусдыг гүтгэсэн
гэх үндэслэлээр есөн сая төгрөгөөр торгох ял оноосон юм. Шүүгдэгч Д.Батжаргал,
Г.Дамдиндорж нарт баривчлах ял оноолоо.

Шүүх
хуралдааны дараа сэтгүүлч С.Баттулгын өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцлаа.

-Таны
хувьд шүүх хуралдаанд ямар байр суурьтай оролцсон бэ?

-Миний
үйлчлүүлэгч энэ хэрэгт огт хамаагүй. Ямар ч гэм буруугүй. Сэтгүүлчийн хэвлэн
нийтлэх эрхээ эдэлж, үүргээ гүйцэтгэсэн хүн. Тиймээс цагаатгах байр сууринаас
шүүх хуралдаанд оролцлоо.

-Анхан
шатны шүүхээс таны үйлчлүүлэгчид торгуулийн ял оноолоо.

-Шүүхийн
шийдвэрийг мэдээж хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс дараагийн шатны шүүхэд гомдол
гаргана. Шүүх хараат бус гэдгээ харуулах гэж сэтгүүлчид ял оноож байна гэж
ойлголоо. Сэтгүүлч С.Баттулгыг хууль бусаар цагдан хорьсны дараа сэтгүүлчид
эрхээ хамгаалан акц зохион байгуулсан. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ
хамгаалахын тулд Шүүхийн ерөнхий зөвлөлд шаардлага хүргүүлсэн. Жагсаал цуглаан
зохион байгуулсан. Үүнээс болоод “Та нар ямар их эсэргүүцдэг юм бэ” гэдэг байд­лаар
шийдвэрээ гаргалаа. Шүүх бусдын нөлөөнд автдаг­гүй гэдгээ харуулахыг зорих шиг
боллоо. Түүнээс С.Баттулгад анхнаасаа ямар ч үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг
үүсгэж, ялласан шүү дээ.

-С.Билэгтийг
гүтгэсэн гэх хэрэгт сэтгүүлч ямар ч холбогдолгүй гэж үү?

-Огт
холбоогүй. Эрх нь зөрчигдсөн байж мэдэх, олон нийтэд баримт хүргэх, үзэл бодлоо
илэрхийлэхийг хүссэн хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд ханддаг.
Үүнийг нь сэтгүүлч олон нийтэд дамжуулдаг. Онцлог нь баримтад тулгуурлаж
бичдэг, нийтэлдэг. Г.Буяндорж гэдэг хүн С.Билэгт намайг хохироочихлоо, шүүхийн
ийм тогтоол шийдвэр байна гээд баримтаа бариад сэтгүүлчид хандсан. Сэтгүүлч
итгэл үнэмшилтэй байх Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу
баримтуудыг нь боловсруулаад нийтлэл бичсэн. Олон нийтэд дам­жуулсан л гэсэн
үг. Сэтгүүлч С.Билэгт гэдэг хүнийг огт танихгүй. Тэр хүнийг гутаан доромжлох,
гүтгэх субьектив санаа зорилго агуулаагүй. Ийм зүйл болоод байгаа юм байна,
сэрэмжтэй байгаарай гэж л нийтлэлээ бичсэн. Эх сурвалж нь тодорхой.

-Гэтэл
сэтгүүлчийг Г.Буяндоржтой бүлэглэн хохирогчийг гүтгэсэн гэж яллаж, шүүсэн.
Сэтгүүлчид Г.Буяндоржтой бүлэглэх санаа зорилго байх уу?

-С.Билэгт
гэдэг хүнийг танихгүй учраас доромжлох, гүтгэх субьектив зорилго сэтгүүлчид
байхгүй гэж онцолж хэлсэн. Үүнээс гадна сэтгүүлч Г.Буяндоржоос мөнгө төгрөг
аваагүй. Бариад ирсэн баримтынх нь
хүрээнд нийтлэл л бичсэн. Гэтэл Г.Буяндоржтой үгсэн хуйвалдаж, гардан бичсэн
гээд яллачихсан. Сэтгүүлч биш хүн нийтлэл бичсэн бол гардан гүйцэтгэсэн байж
магадгүй. Энэ хүн өөрөө бичих, нийтлүүлэх эрхтэй сэтгүүлч мэргэжилтэй хүн.
Бусдын өгсөн баримтыг үндэслээд нийтлэл бичихээр яахаараа бүлэглээд, гардан
гүйцэтгэсэн болдог юм бэ.

-Г.Буяндорж
ч шүүх хурал­дааны үеэр сэтгүүлчид баримт өгсөн, тэр баримтын дагуу нийтлэл бичсэн.
Сэт­гүүлч энэ хэрэгт огт холбоогүй гэдгийг удаа дараа мэдэгдсэн.

-Ерөөсөө
хоёр өдөр үргэлжил­сэн шүүх хуралдаан С.Баттулгын бичсэн зүйл үнэн байсныг
харууллаа. Г.Буяндорж, С.Билэгт нарын хоорондох эд хөрөнгийн маргаан, шүүх
цагдаагийн асуудлыг л яриад байна, хуралдааны үеэр. Шүүхийн шийдвэр, цагдаад
хандсан гээд бүх яриагдаад байгааг л сэтгүүлч бичсэн. Эрүүгийн хуулийн гүтгэх
гэмт хэрэгт огт худлаа зүйлийг бичсэн байхыг шаарддаг. Огт болоогүй зүйлийг
болсон мэтээр бичсэн бол гүтгэх гэмт хэрэг. Гэтэл сэтгүүлч баримттай зүйлийг
бичсэн. Сэтгүүлчийн бичсэн 5.4 тэрбум төгрөгийн тухай асуудлаар хоёр тал хоёр
өдөр мэтгэлцлээ. Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйл буюу гүтгэх гэмт хэргийн
талаар Улсын дээд шүүх тайлбар гаргасан байдаг. Үүнд “Тараасан мэдээлэл хохирогчийн
зан төлөв, үйл ажиллагаанд илэрсэн зүйл байвал түүнийг гүтгэх гэмт хэрэг гэж
үзэхгүй” гэж тодорхой бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчийн бичсэн нийтлэлд
С.Билэгт гэдэг хүний үйл ажиллагаанд илэрсэн зүйлүүд байгаа нь шүүх
хуралдаанаар харагдлаа. Хоёр хүний эд хөрөнгийн маргааныг л хоёр өдөр ярилаа
шүү дээ.

-Шүүх
хууль буруу хэрэглэсэн гэж үү?

-Эрүүгийн
хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэлээ. Хэн нэгэн хохирсон этгээд сэтгүүлчид
ханддаг, сэтгүүлч баримтад тулгуурлаад сэрэмж­лүүлэг бичвэл санаатайгаар
гүтгэсэн гэмт хэрэгт унадаг жишиг тогтвол чөлөөт хэвлэлийн тухай яриад ч яах
билээ. Сэтгүүлч С.Баттулгыг ялласнаараа Монголын сэтгүүлзүйд том дарамт, айдас
авчирлаа.

-Тэгвэл
мөрдөн бай­цаал­тын шатанд тухайн нийтлэлийн тэр үг, өгүүлбэр хохирогчийг гүтгэсэн
гэдэг шинжээчийн дүгнэлт гарсан уу. Яг ямар үндэслэлээр сэтгүүлчийг буруутгасан
юм бэ?

-Үйл
явдлыг сэтгүүлч санаанаасаа зохиож бичээгүй. Гэтэл бичсэн зүйлээ нотлоогүй гэж
буруутгасан. Сэтгүүлч шүүгч биш. Болж байгаа үйл явдал, хэн нэгэн этгээд хохирсон
эсэхийг хуулийн байгууллага эцэслэн тогтоодог. Сэтгүүлч мэдээлэх, дамжуулах
үүрэгтэй. Шүүхийн шийдвэр гараагүй байхад нийтэлсэн гэдэг юм. Хүний эрх
зөрчигдсөн, гэмт хэргийн шинжтэй байж болох бүх зүйлийг шүүх шийдсэний дараа
сэтгүүлч бичвэл хоточ нохойн үүрэг яах билээ. Нийгмийн нүд, чих болох үүрэг
хаачих билээ. Шүүхийн хэвлэлийн төлөөлөгч төдий ажил хийх нь байна шүү дээ.

Сэтгүүлч
Г.Буяндорж, С.Билэгт хоёрын дунд эд хөрөнгийн маргаан огт байхгүй байхад байна
гээд биччихсэн бол тэр гүтгэх гэмт хэрэг. Гэтэл дээрх хоёр хүний дунд маргаан
байсан, шүүх цагдаагаар явсан. Энэ тухай л сэтгүүлч бичсэн.

-Сэтгүүлчийг
мэдээллийг тэнцвэртэй хүргэсэнгүй гэж байгаа?

-Хохирогчийн
утас руу залгахад өөрөө аваагүй баримт байдаг. Нийтлэл гарсан орой С.Билэгт
сэтгүүлчийн ажил дээр олон хүн дагуулж ирээд дарамталсан, сүрдүүлсэн. Энэ тухай
хавтаст хэрэгт ч бий. Нэгийгээ үзнэ гэж орилж, хашгичиж байгаад гарсан байдаг.

-Хохирогчийн
хохирлын хэмжээ шүүх хуралдааны үеэр багагүй яригдсан. Энэ тал дээр та ямар
байр суурьтай байна вэ?

-Хохирогч
хохирлын хэмжээг тогтоож, нотолж чадаагүй. 502 сая төгрөгөөр хохирсон гэдэг ч
нотлогдоогүй. Хохирлын хэмжээг иргэний хэргээр шийдвэрлэх боломж­той гэж шүүх
үзсэн. Нийтлэл гарсны дараа байр захиалагчид гэрээгээ цуцалсан гэдэг юм. Гэтэл
байр нь үлдэнэ шүү дээ. Мөн Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйл хувь хүний нэр
төр, алдар хүндийн тухай ярьдаг. Гэтэл “Ноёд констракшн” гэдэг компанид учирсан
гэх хохирлыг яриад байгаа нь утгагүй л дээ. Ерөөсөө хуулиа тайлбарлаж мэдэхгүй
юм.

-Шүүх
хуралдааны үеэр Г.Буяндорж, С.Билэгт нар нэгнийгээ мэдүүлэг өгөх үеэр
эсэргүүцэл үзүүлэхээс гадна өмгөөлөгчид нь багагүй хэрэлдэж байсан нь их эвгүй
харагдсан. Хуулиа бариад мэтгэлцэж болдоггүй юм уу. Өмгөөлөгчид тийм ёсзүйгүй
болчихсон юм уу?

-Өмгөөлөгч
тэгж ажиллаж болохгүй л дээ. Шүүх хурал­дааны дэг зөрчсөн үйлдэл хэд, хэд
гаргасан. Шүүгчид хүртэл заачихаж байгаа юм. Дэг зөрчөөд байхад шүүгч
сануулахаас өөр арга хэмжээ аваагүй. Хохирогчийн өмгөөлөгчтэй би маргалдсан.
Дараа нь хуралдаанаас хөөх байх гэж таамаглаж байсан ч шүүгч аль алинд нь арга
хэмжээ аваагүй.

-Бусад
шүүгдэгчдэд оноосон ялыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Улсын
дээд шүүхийн тайлбар ёсоор Г.Буян­дорж гүтгэх гэмт хэрэгт холбог­дохгүй.
Эрүүгийн хуулийг мөн л буруу хэрэглэсэн. Харин хохирогчийг доромжилсон байх гэх
үндэслэл­тэй. Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон гэж
үзвэл хөөн хэлэлцэх хугацаа нь аль хэдийнэ дуусчихсан байгаа. Хуулийг буруу
хэрэглэж, ял оноолоо гэж үзэж байна.

-Таны
үйлчлүүлэгч цөөн­гүй хоног хоригдсон. Сэтгэл санаа нь гайгүй юу?

-Үнэн
түүний талд байгаа учраас дажгүй. Өнгөрсөн хугацаанд хэвлэн нийтлэх эрх
чөлөөнийхөө төлөө тэмцэж, хамт байсан бүх сэтгүүлчдэд талархаж байгаагаа миний
үйлчлүүлэгч илэрхийлсэн.

Ц.Өрнөх