Categories
мэдээ цаг-үе

МУГЖ Н.Ариунболд буюу Бооёо: Зуслангийн наадмын аварга шүү, би

-Та Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаа хэрхэн тэмдэглэж байна?

-Төв цэнгэлдэх орж наадмын нээлт үзлээ. Ер нь жил болгон гэр бүлийнхэнтэйгээ хамт цэнгэлдэх орж наадмын нээлт үзчихээд Хүй долоон худаг орж морь үздэг.

-Таныг багадаа барилддаг байсан гэдэг?

-Барилдалгүй яахав. Багадаа их ноцолддог хүүхэд байсан. Зун айлууд зусландаа гарах үеэр жинхэнэ барилдана шүү дээ /инээв/. Би чинь зуслангийн аварга байхгүй юу. Зуслангийн хүүхдүүд цугларч ирээд л аваргаа тодруулна шүүдээ. Тэгэхээр би шаггүй бөх байсан байгаа биз.

Д.Сүрэн

Categories
мэдээ нийгэм

ВИДЕО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд…

Categories
мэдээ нийгэм

ВИДЕО: Төв цэнгэлдэхийн гадаа А.Цэрэнтогтох хүүд туслах “Ахыг аваръя” аян болж байна

Төв цэнгэлдэхийн гадаа А.Цэрэнтогтох хүүд туслах “Ахад тусалъя” хандивын ажлыг зохион байгуулж, наадамчин олон хүүд туслахаар мөнгө хандивлаж байна


Categories
мэдээ нийгэм

ВИДЕО: Баяр наадмын сур, шагайн харваа, бөхийн барилдааны хэсгээс

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баярт зориулсан үндэсний их баяр наадмын эхний өдрийн сур, шагайн харваа болон бөхийн барилдааны хоёрын давааны зарим давааг хүргэж байна


Categories
мэдээ нийгэм

ФОТО: Хүй долоон худаг, хурдан хүлгийн уралдаан

Categories
мэдээ нийгэм

Наадмын талбайг услах усны нөөц багасчээ

Хүй долоо худагт 33 хэм халуун байна. Бороо, хур ороогүй учраас Хүй
долоон худгийг усалж байгаа юм. “Монгол наадам цогцолбор” олон нийтийн
өмчит ТҮГ, УСУГ, цэвэр, бохир ус хариуцсан компаниас 20 машин гаргаж,
усалгаа хийж байна. Эдгээр машинууд нь нэг удаад 10-20 тонн ус тээвэрлэх
хүчин чадалтай аж. Гэвч Хүй долоон худгийн талбай, хурдан морины замыг
услаад 30 минут болоогүй байхад хатаж буй аж. Өглөөнөөс хойш 20 машинаас
гурван удаа улсан юм. эдгээр усалгааны машинууд Хүй долоо худгаас 3
км-ийн зайтай худгаас ус зөөж буй ч тог тасарч. Усны нөөц багассан
учраас оочер дараалал үүсчээ. Нэг удаа усалгаа хийхэд нэг машинд 50
мянган төгрөгийн шатахуун зарцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Түргэн тусламж авч буй наадамчид олон байна

Төв цэнгэлдэх хүрээлэнд түргэн тусламжийн хоёр машинд 2 сувилагч, 2 эмч ажиллаж байна.

Энэ жил их халуун байгаагаас даралт ихэслээ, хамраас цус гоожлоо
гэсэн иргэд их байна. Эдгээр иргэдэд сувилагч нар хүйтэн жин тавьж,
шаардлагатай бол тариа хийж байна.

“Зарим эцэг эхчүүд өөрсдөө малгай өмссөн хэрнээ хүүхдүүддээ юу ч
өмсүүлээгүй явж байна, хурц нар шарж байгаа болохоор настайчуул гэлтгүй
залуу хүмүүс ч олон ирлээ. 12 цагийн байдлаар 6 хүнд үйлчилгээ үзүүлсэн”
гэж түргэний эмч ярилаа.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн яг дэргэд нэг машин, сур харваа, шагайн харваан асрын голд хоёр дахь түргэний машиныг байрлуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Төв цэнгэлдэхийн гадна талбайд “Монголын гайхамшигт урлаг” тоглолт боллоо

Баяр наадмын энэ өдөр Төв цэнгэлдэх
хүрээлэнгийн гадна талбайд “Монголын гайхамшигт урлаг” тоглолт анх удаа
боллоо. Энэ тоглолтод нийслэлийн найман дүүрэг, Налайх хотын уран
бүтээлчид, мөн Монголынхоо нэрийг олон улсад өндөрт өргөсөн “Хөсөгтөн”
хамтлагийнхан оролцсон юм. “Авьяаслаг азичууд” шоунд эх орныхоо нэрийг
дуурсгасан “Хөсөгтөн” хамтлаг Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцсон.
Баяр наадмын нээлтийг үзэж чадаагүй наадамчин олондоо зориулж, хэдий
гадаа 38 хэм халж байсан ч тэд Төв цэнгэлдэхийн урд талын задгай талбайд
дахин тоглосон юм.

“Монголын урлагийн гайхамшиг” тоглолт
маргааш Төв цэнгэлдэхийн урд талбайд, бас зуслан явах замд байрлах
Зунжин худалдааны төвийн гадна талбайд үргэлжлэх юм байна. Нийслэлийн
найман дүүрэг, Налайх хотын 300 гаруй уран бүтээлч нэгдсэн энэ тоглолтыг
Үндэсний их баяр наадмын урлаг, соёлын салбар хороо, Нийслэлийн соёл
урлагийн газар, Монголын урлагийн залуучуудын холбоо зэрэг хэд хэдэн
байгуулага хамтран зохион байгуулж байгаа юм.
Categories
мэдээ нийгэм

Ө.Пүрэвбаатарын загал үрээ түрүүллээ

Өнөө жилийн хурдан морины хязаалан насны уралдаанд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул алдарт уяач Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатарын загал үрээ түрүүллээ. Загал үрээ ноднин аман хүзүүдэж байсан хурдан хүлэг гэдгээр нь наадамчин олон андахгүй. Аман хүзүүнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат П.Одонбаатарын халиун, айргийн гуравт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Б.Алтан-Очирын сартай хүрэн, дөрөвт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат Б.Бадраагийн хонгор халзан хурдөлсөн бол айргийн тавд Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат аймгийн алдарт уяач Д.Сүхбаатарын хонгор халзан тус тус тоосоо өргөж наадамчин олныг баясгалаа.

Хязаалан насанд түрүүлсэн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатарын сэтгэгдлийг хуваалцлаа.


Ө.ПҮРЭВБААТАР: БУЯНТ ХҮЛГИЙНХЭЭ БУЯНААР ТӨРИЙН НААДМЫН ТҮРҮҮГ ХҮРТЛЭЭ

Сайхан наадаж байна уу? Төрийн наадмын түрүү хүртсэн танд баяр хүргэе.

-Баярлалаа. Улсын наадмын түрүү хүртсэндээ маш их баяртай байна. Наадамчин олондоо баярын мэнд дэвшүүлье.

Мориныхоо уяа сойлгыг хаана тааруулав?

-Уяа сойлгыг тод манлай уяач Д.Онон тааруулсан. Наадмын өмнөх сунгаа, бага наадмуудад өнгөтэй байсан болохоор нэлээн дээгүүр давхичих байх гэдэгт итгэлтэй байсан л даа.

Өнгөрсөн жил шүдлэн насандаа аман хүзүүдсэн. Энэ жил түрүүлчих болов уу гэсэн барагцаа байв уу?

-Төрийн наадамд морь айрагдуулна гэдэг хэн бүхний санаснаар болчих зүйл биш. Гэхдээ ямар ч байсан айрагдчих болов уу гэсэн итгэл байсан. Галын маань уяачид “Энэ жил өнгөтэй байна. Уяа сойлго нь ч сайхан таарч. Түрүүлчих горьдлого нэлээн байна шүү” гэж байсан. Хүмүүс тэгэж хэлээд байхаар мориндоо итгэх итгэл улам нэмэгддэг юм байна.

За баярлалаа. Сайхан наадаарай


УНААЧ ХҮҮХЭД Ч.БЯМБАЖАВ: БАРИАНД ОРОХ МӨЧИД БАЯРЛАСАНДАА УЙЛАХ ДӨХСӨН

Унасан хүлгээ түрүүлгэсэн дүүдээ баяр хүргэе.

-Баярлалаа.

Морь нь түрүүлж, барианы зурхайд орж ирэх мөчид хамгийн түрүүнд юу бодогдож байв?

-Маш их баярласан. Барианд орох мөчид баярласандаа уйлах дөхсөн. Өнөө өглөө Д.Онон ах “Миний хүүгийн морь айрагдах байх. Хичээгээрэй” гэж хэлсэн юм. Түрүүлэх мөчид үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрдөг юм байна. Би өнгөрсөн жил дөрвөн морь айрагдуулж, шилдэг унаач болсон.

Хэддүгээр ангид сурдаг билээ?

-Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нэгдүгээр 10 жилийн долдугаар ангид сурдаг.

Хэдэн настай байхаасаа хойш хурдан морь унаж байна?

-Би 13 настай байхдаа морь унаж сурсан. Тэр үеэс хойш хурдан морь унаж байна.

Нэлээн том болсон хойноо морь унаж сурсан юм байна…?

-Хотод ирснийхээ дараа Онон ахтай таарч морь анх унаж сурч байлаа. Түүнээс өмнө сумын төв дээр байсан болохоор морь унаж сурах боломж байгаагүй.

Мориныхоо давхилыг яаж тохируулж уралдав?

-Гараанаас гарангуутаа эхний морьдоос салгахгүй уралдах төлөвлөгөөтэй байсан. Замын эхэн тал хүртэл аль болох хүчлэхгүй, зөөлөн ороолгож уралдсан. Харин барианд дөхөж ирээд сайн ороолгож, гийнгоолсон.

Уяач нь юу гэж захисан бэ?

-Эхний таван морин дээр дэрлээд ирэхээр нь жолоогоо дарчихаарай, битгий хамаагүй ороолгоорой гэж захисан.

Одоо дахиад хэдэн насны морь унах вэ?

-Хоёр нас байгаа.

С.ГАЛБАДРАХ: ТҮРҮҮЛСЭН, ДӨРӨВТ ДАВХИСАН МОРЬДЫГ ЭРЛИЙЗ ГЭСЭН ГОМДОЛ ИРСЭН

-Хязаалан насны морины уралдааны талаар Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга Галбадрахтай ярилцлаа.

Энэ жилийн хязаалан насны морины уралдааны зохион байгуулалтыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Хамгаалалтын хувцас хэрэглэлээ бүрэн өмсөөгүй хүүхэдтэй хэдэн морьд зурхай руу явж байхад анхааруулга өгч, авч үлдсэн. Гэвч уяачид үүнийг үл тоож, гарааны төхөөрөмжөөс нэг км-ын наанаас бусад морьдтой нийлүүлчихсэн. Энэ үед бичлэг хийн, дээрх морьдын номер дугаарыг тэмдэглэж авсан. Одоогоор тэр морьдоос 50-ын дотор давхисан ганцхан үрээ байна. Бусад нь 50-аас хойш давхилаа. Энэ бол уяачийн сахилга бат, ёс зүйтэй холбоотой асуудал л даа.

Ямар нэгэн хүндрэл гарав уу?

-Энэ жил гандуу байсан болохоор морь бахардах вий гэж эмээж байлаа. Ямартай ч морь эндсэнгүй. Энэ бол маш сайхан явдал. Харин хоёр хүүхэд гарааны зурхай руу явах замдаа унасан.

Бэртэж гэмтээгүй биз дээ?

-Ерөөсөө бэртэл аваагүй.

Морьд барианд орсны дараа уяачдын дунд багагүй маргаан гарлаа. Чухам юунаас болсон юм бэ. Энэ тал дээр тодорхой хариулт өгөхгүй юу?

-Түрүүлсэн, айргийн дөрөвт давхисан хоёр морийг эрлийз байна гэсэн гомдол гарсан. Бид дахин шалгаж үзээд журамд заасан хэмжээнд сэрвээний өндөр нь хүрч байна, үүлдэрлэг байдал нь хэвийн байна гэж үзсэн л дээ.

Categories
мэдээ нийгэм

Хоёрын даваа үргэлжилж байна

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809,
Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн
барилдааны хоёрын даваа эхэллээ.

Нэгийн даваанд Дархан аварга
Г.Өсөхбаяр, аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Балжинням болон бусад улсын
том цолтой бөхчүүд бүгд учраа бөхөө давлаа. Дашрамд дурдахад, энэ
жилийн үндэсний их баяр наадамд улсын цолтон 86, аймаг, цэргийн цолтон
205, сумын цолтой болон залуу бөх 221, нийт 512 бөх барилдаж байгаа
билээ.

Өнөөдөр Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан хоёрын даваагаар дуусч маргааш гурвын даваагаар үргэлжилнэ.