Баяр наадмын начны буюу тавын давааны барилдаан маш сонирхолтой үргэлжилж байна. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат аймгийн арслан Б.Батжаргал улсын арслан Х.Мөнхбаатараар тав давж энэ өдрийн хамгийн анхны начин цолтон боллоо. Аймгийн арслан Г.Баасандорж улсын арслан П.Ганхуягаар, Сэлэнгэ аймгийн Жавхлан сумын харьяат аймгийн хурц арслан Б.Одгэрэл Булган аймгийн Могод сумын харьяат улсын өсөх идэр начин Э.Мөнхбатаар тав давж улсын начин цолны болзол хангалаа. Харин улсын харцага Содномдорж улсын начин Амарзаяагаар тав давж шөвөгт шалгарав. Аймгийн арслан Даш улсын начин П.Баасанхүүгээр, аймгийн хурц арслан Шинэбаяр улсын начин Цэрэнтогтохоор тус тус тав давлаа. Увс аймгийн харьяат аймгийн арслан Д.Энхбаяр Төв аймгийн Баянцогт сумын харьяат улсын заан Батмөнхийг давснаар улсын начин цолны болзол хангав. Харин улсын залуу заан Санжаадамба аймгийн аварга Тайванг хонгодож давснаар шөвгөрлөө. Улсын арслан Бүрэнтөгс аймгийн арслан Дэлгэрсайханаар, улсын гарьд Н.Ганбаатар аймгийн арслан Анараар тав давж шөвгөрсөн бол энэ даваанд тунасан аймгийн арслан Ч.Ганзориг аймгийн арслан О.Хангайг давснаар начин цолны болзол хангалаа. Одоо аймгийн хурц арслан Алтанхуяг улсын аварга Мөнхбат нарын барилдаан тун сонирхолтой болж байна. Түүнчлэн дархан аварга Өсөхбаяр улсын начин Батзаяа нарын барилдаан үзэгчдийг суудал дээрээс нь өндөлзүүлэн байна.
Month: July 2015
Жил бүрийн наадмын өдрүүдээр эцэг эхийн хараа хяналт алдагдсанаас хүүхэд төөрөх явдал цөөнгүй гардаг. Ноднингийн наадмаар 80 хүүхэд төөрч байсан бол энэ жил наадмын эхний өдөр 23 хүүхэд төөрсөн гэсэн мэдээлэл ирээд байна. Цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллан хүүхдүүдийг олж аав ээжид нь хүлээлгэж өгсөн аж. Мөн иргэдийг усанд осолдохоос сэргийлж анхаарал болгоомжоо алдахгүй байхыг цагдаагийн газраас анхааруулсан юм. Орон гэрээ сайтар түгжих, халаасны хулгайгаас сэрэмжлэхийг ч бас зөвлөлөө. Төв цэнгэлдэх хүрээлэнд тусгай камер байрлуулсан тул хүүхэд төөрсөн,, хулгайд эд зүйлээ алдсан тохиолдолд камераар шүүлгэх боломжтой юм байна.
Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны хамгийн бага нас буюу хурдан дааганы уралдаан барианд орлоо. 232 даага гараанаас гарснаас Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр түрүүллээ. Аман хүзүүнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул Бадамгаравын Бадраагийн хүрэн халзан, айргийн гуравт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Магсарын Ариунбатын хээр, айргийн дөрөвт Төв аймгийн Баян сумын уугуул манлай уяач Миеэгомбын Энхболдын хүрэн, айргийн тавд ММСУХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан СГЗ А.Баярмагнайгийн хонгор тус тус хурдаллаа.
Ам авсан бөхчүүдийг танилцуулъя. Дархан аварга Г.Өсөхбаяр улсын начин Н.Батзаяаг, улсын аварга С.Мөнхбат аймгийн хурц арслан А.Алтанхуягийг, улсын арслан Н.Батсуурь улсын гарьд И.Доржсамбууг, улсын заан Ч.Санжаадамба аймгийн арслан Тайванг, улсын гарьд Б.Гончигдамба улсын заан Ц.Санчирыг, улсын аварга Д.Ганхуяг аймгийн арслан Г.Баасандоржийг, улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн арслан Б.Батжаргалыг, улсын гарьд Н.Ганбаатар аймгийн арслан Анарыг, улсын арслан Бүрэнтөгс аймгийн арслан Дэлгэрсайханыг, улсын харцага Содномдорж улсын начин Амарзаяаг, улсын харцага Э.Оюунболд аймгийн арслан Бадарчийг, улсын өсөх идэр начин Э.Энхбат аймгийн хурц арслан Б.Одгэрэлийг, улсын заан Батмөнх аймгийн арслан Д.Энхбаярыг, улсын начин Цэрэнтогтох аймгийн хурц арслан Шинэбаярыг, улсын начин Баасанхүү аймгийн арслан Дашийг амлан авснаар энэ даваанд аймгийн арслан Ч.Ганзориг, аймгийн арслан О.Хангай нар туналаа.
Улсын баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа дөнгөж сая дууслаа. Дөрвийн давааны төгсгөлд Архангай аймгийн харьяат аймгийн арслан Ч.Ганзориг улсын заан Өсөхбаяраар дөрөв давлаа. Харин улсын харцага Содномдорж аймгийн хурц арслан О.Гантулгаар дөрөв давсан юм. Хурц арслан О.Гантулгын хувьд харцага Содномдоржийн төрсөн эгчтэй нь гэр бүл болсон билээ. Энэ даваанд оноолтоор уран барилдаанд Архангай аймгийн харьяат Р.Пүрэвдагва начин Увс аймгийн харьяат улсын начин П.Баасанхүүтэй барилдаж өвдөг шороодлоо. Харин Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Дэлгэрсайхан улсын харцага Цацаб-Биширээр дөрөв давж начны даваанд ойртсон юм. Тэгвэл улсын начин Цэрэнтогтох Гантулга начнаар, улсын начин Амарзаяа Өвөрхангай аймгийн Тарагт сумын уран барилдаант начин Сангисүрэнгээр мөн дөрөв давсан. Энэ жилийн төрийн их баяр наадамд түрүүлнэ гэгдэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Баатархүүгийн Пүрэвсайхан улсын начин Тогтохбаярын дүү аймгийн хурц арслан Шинэбаярт өвдөг шороодсоноор наадмын талбайг орхилоо.
Баяр наадмын эдгээр өдрүүдэд Хүй долоон худаг руу цувах машины цуваа тасардаггүй билээ. Замын түгжрэл маш их байгаа тул жолооч нар замын хөдөлгөөндөө соёлтой оролцож, машинаа зориулалтын зогсоол дээр байрлуулаарай. Та бүхэн сайхан наадаарай.
Улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна. Энэ даваанд улсын харцага Э.Энхбат Төв аймгийн улсын начин Батчулууны баруун хөлийг дээр өргөж давсан бол улсын заан Санжаадамба аймгийн арслан Бат-Өлзийгөөр дөрөв даваад байна. Тэгвэл аймгийн арслан Тайван улсын гарьд Д.Рагчаагаар дарав давж бөхийн тааврыг эвдсэн бол улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн арслан Тангадыг өвдөг шороодуулаад байна.
Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа маш сонирхолтой болж байна. Хэнтий аймгийн харьяат улсын харцага Г.Оюунболд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатараар, улсын аварга Мөнхбат аймгийн харцага Баасандоржоор, улсын арслан Д.Ганхуяг аймгийн арслан Эндэнчулуунаар дөрөв давлаа. Мөн аймгийн арслан Д.Энхбаяр их шөвөгт шалгаран хүчээ үзэж улсын арслан Азжаргалыг өвдөг шороодууллаа. Дундговь аймгийн харьяат аймгийн хурц арслан Алтанхуяг дөнгөж сая улсын харцага Найдангийн Түвшинбаяраар дөрөв давснаар дөрөв дэх удаагаа улсын начны босгон дээр ирээд байгаа юм.
Хурдан соёолонгийн уралдаанд айргийн гуравт хурдалсан хээр үрээний эзэн Өмнөговь аймгийн Есөнзүйл сумын харьяат, ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэнтэй уулзлаа.
-Өнөөдөр өнгөтэй сайхан наадаж хээр үрээгээ айрагдууллаа. Баяр хүргэе.
-Юуны өмнө монгол түмний цэнгэлийн манлай болсон их баяр наадмын мэндийг хүргэе. Хээр соёолон минь амжилттай сайхан уралдаж айргийн гуравт хурдаллаа. Төрийн наадамд анх удаа хээр үрээгээ айрагдуулж байна. Үнэхээр нутаг усныхан минь өндөлзөн баярласан байх. Хээр үрээний минь уяа, сойлгыг Монгол Улсын манлай уяач Отгоннасан тааруулсан. Морио сайхан уяж эвлүүлэн уралдууллаа. Олон жилийнх нь хүч хөдөлмөр хээр соёолонгийн давхилаар батлагдлаа. Арван жилийн өмнө анх удаа төрийн наадамд даага айрагдуулж байсан түүхтэй.
-Энэ жил ММСУХ үүсэн байгуулагдсаны жилийн ой болж байгаа. Төрийн наадмын дараа том уралдаан болох сурагтай байгаа?
-Өнөөдөр ММСУХ-ны жилийн ойн түүхт жил. Энэ хүрээнд “Монгол уяач-3000” зөвлөгөөнийг сумдад зохион байгуулж байгаа. Монголынхоо нийт уяачдад холбооныхоо 20 жилийн ойн баяр хүргэж, морь нь хурдан, хийморь нь өөдөө байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Та бүхэн минь сайхан наадаарай.
Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын соёолон насны хурдан морины уралдаанд Монгол Улсын тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын зээрд үрээ торгон жолоо өргүүлсэн юм. Түүнтэй уулзлаа.
-Төрийн их баяр наадамд соёолон үрээ тань түрүүлж, тод магнай боллоо. Баяр хүргэе.
-Баярлалаа. Одтой сайхан наадаж зээрд үрээ минь түрүүллээ. Сайхан байна. Энэ жил хурдтай байна.
-Зээрд үрээ хаанахын угшилтай вэ?
-Миний унаган адуу Сартын үр төл байгаа юм. Олон түрүү, айраг авсан хурдан Сарт азарганы минь төл. Зээрд үрээгээ мордуулахдаа дотроо битүүхэн горьдож л байлаа. 2008 онд миний Ухаа халзан монгол түмний сэтгэлд хоногштол тарлан түрүүлж байсныг олон хүн санаж байгаа байх. Өнөөдөр бас түрүү авлаа. Сайхан хурдан буянгууд заяасан байна. Алтай нутгийн минь уул ус, түмэн олны минь түшиг их байсан болов уу гэж бодож байна. Хийморьтой сайхан наадлаа.
С.АЛТАН