Month: July 2015
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны есийн даваа дөнгөж сая өндөрлөөд байна. Хүчит 512 бөх энэ жилийн баяр наадмын бөхийн барилдаанд зодоглосноос Хэнтий аймгийн харьяат “Хан хэнтийн аваргууд” дэвжээний бөх улсын харцага Энхтөгсийн Оюунболд Монгол Улсын арслан П.Бүрэнтөгсийг өвдөг шороодуулснаар төрийн наадамдаа анх удаагаа түрүүллээ. Э.Оюунболдын хувьд 22 насандаа төрийн наадамд түрүүлж арслан цол хүртээд байна. Өмнө нь Монгол Улсын дархан аварга Монгол Улсын хөдөлмөрийн баатар Жигжидийн Баянмөнх аварга 22 насандаа төрийнхөө баяр наадамд түрүүлж байсан билээ. Улсын арслан цолны болзол хангаж буй Э.Оюунболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цол, үнэмлэх, тэмдэг гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг хааж үг хэлнэ.
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны наймын давааны төгсгөлд улсын арслан П.Бүрэнтөгс Архангай аймгийн Хашаат сумын харьяат Ч.Санжаадамбаар найм давж үзүүр түрүүнд үлдлээ.
Наймын давааны шөвгийн дөрвийн барилдаанд тунаж үлдсэн улсын гарьд Э.Гончигдамба “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх улсын харцага Э.Оюунболдтой барилдлаа. Энэ барилдаанд Хэнтий аймгийн залуу харцага Энхтөгсийн Оюунболд гарьд Гончигдамбыг давснаар улсын гарьд цолны болзол хангалаа. Ийнхүү 22 настайдаа улсын гарьд цол хүртэж буй тэрбээр арслан П.Бүрэнтөгс, заан Ч.Санжаадамба нарын хэн давсантай нь барилдах юм.
Төрийн их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны наймын даваа эхэлж байна. Энэ даваанд улсын арслан Бүрэнтөгс Архангай аймгийн Хашаат сумын харьяат Монгол Улсын саруул сайжрах заан Чимэдрэгзэнгийн Санжаадамбыг амаллаа. Ингэснээр Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Э.Гончигдамба шинээр улсын заан цолны болзол хангасан Э.Оюунболдтой тунаж үлдсэн юм.
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын долоогийн даваа дууслаа.
Улсын арслан П.Бүрэнтөгс Улсын начин Н.Батзаяагаар, Улсын гарьд Б.Гончигдамба Улсын гарьд Н.Ганбаатараар, Улсын харцага Э.Оюунболд Улсын харцага Ц.Содномдоржоор, Улсын заан Ч.Санжаадамба аймгийн арслан Б.Одгэрэлээр тус тус долоо давж, шөвгийн дөрөвт үлдлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат аймгийн арслан Б.Батжаргал, Увс аймгийн харьяат аймгийн арслан Д.Энхбаяр, Архангай аймгийн Булган сумын харьяат аймгийн арслан Ч.Ганзориг, Дундговь аймгийн харьяат аймгийн арслан Э.Даш, Дундговь аймгийн харьяат аймгийн хурц арслан А.Алтанхуяг, Сэлэнгэ аймгийн харьяат аймгийн арслан Г.Баасандорж , аймгийн хурц арслан Шинэбаяр нарт Монгол Улсын начин цолны болзол хангасан тул цол тэмдгийг нь гардуулан өглөө. Үүний араас Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат аймгийн хурц арслан Б.Одгэрэл, Ховд аймгийн харьяат Нямаагийн Батзаяа нар улсын харцага цолныхоо тэмдгийг авлаа.
Долоогийн давааны төгсгөлд улсын заан Ч.Санжаадамба аймгийн хурц арслан Б.Одгэрэл нар барилдсан юм. Зүүн золгоон дээрээс аймгийн хурц арслан Б.Одгэрэл заан Санжаадамбыг баруун талд нь халж хутгахад нь хариу мушгиж долоо давлаа. Ингэснээр Ч.Санжаадамба заан цолоо гурав дахь удаагаа батлаад байгаа юм.
Долоогийн давааны үргэлжлэл. Тунаж барилдсан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж Хэнтий аймгийн харьяат Э.Оюунболдтой барилдаж өвдөг шороодлоо. Содномдорж харцага шуудагны барьцаа тавиулахаар халах үед Э.Оюунболд харцага халж мордож давснаар улсын заан цолтны бүлд багтлаа. Одоо улсын заан Ч.Санжаадамба аймгийн хурц арслан Б.Одгэрэл нарын барилдаанаар долоогийн даваа өндөрлөнө.