Categories
мэдээ цаг-үе

Д.Оюунхорол: “Торгоны зам”-ын хүрээнд нүүдэлчдийн өв соёлыг сурталчилсан аяллын шинэ брэндтэй болно

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролтой ярилцлаа.

-“Торгоны зам аялал жуулчлал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх төслийн нэгж байгуулахаар Зас­гийн газрын даваа гаригийн хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Энэхүү төслийн нэгжийг байгуулснаар манай улсад ямар ач холбогдолтой вэ?

-Дэлхийн аялал жуулч­лалын байгууллагаас “Торгоны зам аялал жуулчлал” хөтөлбөрийн хүрээнд бидэнд санал тавьсан юм. Тодруулбал, “Монгол Улс нүүдэлчдийн замаар аялахуй” гэдэг шинэ аялал жуулчлалын брэнд бий болгооч гэсэн л дээ. Өнгөрсөн зургадугаар сард болсон “Торгоны зам” олон улсын хуралд оролцож байх үеэр Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифай “Дэлхийн аль нэг орон Монгол Улсын өмнөөс нүүдэлчдийн тэр арвин соёлын өвийг сурталчилж чадахгүй. Тэгэхээр танай улс эдийн засгийн агуулгаар нь мөнгө болгож хөгжүүлэх гарц болгох хэрэгтэй” гэж бидэнд хандан уриалж байлаа. Тиймээс энэ ажлыг бид шуурхай зохион байгуулж, “Торгоны зам аялал жуулчлал”-ын төслийн нэгж байгууллаа. Ингэснээр нүүдэлчдийн замаар аялахуй маршрутыг бий болгож, уг чиглэлээр үйл ажиллагаа явуулахад бэлэн болоод байна. Миний өмнө Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас дөнгөж сая ирсэн захидал байна. Ноён Талиб Рифайн гарын үсэгтэй уг захидалд “Үнэхээр танай улс Торгоны зам аялал жуулчлалын төслийн нэгжийг байгуулж байгаа бол Дэлхийн аялал жуулчлалын байгууллага НҮБ-аас дэмжинэ” гэжээ. Энэ бол Монголын аялал жуулчлалын байгууллагыг хөгжүүлэхэд том дэмжлэг болно. Өнөөдөр БНХАУ-д 40 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Торгоны замын аялал жуулчлалын фонд бий болсон. Ер нь Торгоны замын аялал жуулчлал, дэд бүтцийг бий болгох чиглэлээр улс хоорондын эв нэгдэл, найрамдал, хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэхээр дэлхий нийт идэвхтэй ажиллаж байна. Энэ том арга хэмжээнд Монгол Улс хамтран оролцож, өөрийнхөө улс орныг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулъя гэж Засгийн газраас шийдвэр гаргасан байгаа.

-Манай улсын тухайд ямар маршрут гаргах боломжтой вэ?

-Одоо аялал жуулчлалын комисс байгуулаад байна. Ямар замаар аяллын маршрут гаргах вэ гэдгээ Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай ярилцаж байж шийдвэрлэнэ. Ингэхийн тулд бид төслийн нэгж байгуулж, энэ асуудлуудыг ярих боломж бүрдэж байна.

-Өнөө жил Монгол оронд зочлох жуулчдын тоо урьд жилүүдийнхээс илүү байна гэсэн хүлээлт бий. Учир нь манай улс “ITB-2015” олон улсын үзэсгэлэнд түнш орноор оролцсон. Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд салбарын яамны зүгээс ямар ажлуудыг хийж байна вэ?

-Ер нь бол аялал жуулчлал ямар нэг хэмжээгээр өссөн тоог аяллын компаниуд өгч байгаа. Яагаад гэвэл зочид буудлуудын ор хоногийнх нь тоо дүүрэн хүнтэй, тэдний үйл ажиллагаа идэвхтэй явж байна. Гэвч өнөөдөр аялал жуулчлалын салбарт шийдвэрлэгдэж чадаагүй олон асуудал бий. Үүнийг бүгд мэднэ. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам багагүй ажлуудыг хийж амжуулж байна. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд Монгол Улс анх удаа үндэсний хөтөлбөр боловсруулж, зургадугаар сарын 29-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар батлуулсан. Энэ хөтөлбөр батлагдсанаар аялал жуулчлалын салбарын өмнө тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэнэ. Тэгэхээр салбарын асуудлуудаа эрэмбэ дараатай, цэгцтэй болгоё. Зөвхөн аялал жуулчлалын салбарын хүнд ачааг хувийн хэвшлийн хэдэн аж ахуйн нэгжийн нуруун дээр үүрүүлээд яваад байж болохгүй. Дэлхийн олон улс орон өөрийнхөө эдийн засгийн салбарыг хөгжүүлэх нэг гол хөлийг аялал жуулчлалын салбар гэж үзэж байна. Бид бусад оронтой харьцуулахад илүү материал сайтай ард түмэн. Тиймээс эдийн засгаа хөл дээр нь босгоход, эдийн засгийнхаа гол брэндийг, бүтээгдэхүүнийг бий болгож, дэд бүтцийг нь сайжруулж, аялал жуулчлалынхаа салбар руу тодорхой хөрөнгө зарцуулж байж эргээд мөнгө олох боломжтой. Ингэснээр ажлын байр нэмэгдэнэ. Олон хүнийг ажилгүйдэл ядуурлаас гаргахад тус дэм болно. Бидэнд гадаадаас ирж байгаа жуулчдаа яаж татах уу, тэдэнд хэрхэн шуурхай үйлчлэх үү, сэтгэл ханамжийн баталгааг яаж үзүүлж чадах вэ гээд маш олон асуудал байгаа. Үүнийг аялал жуулчлалын компаниуд дангаараа шийдвэрлэж чадахгүй. Тиймээс бид үндэсний хөтөлбөрийг батлуулсан юм. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж чадаагүй гацсан гол шалтгаан нь төрийн ямар ч дэмжлэггүйгээр хувийн хэвшлийнхэн маань хүнд ачааг нуруун дээрээ үүрч явсантай холбоотой. Тийм учраас бүх юмыг хувийн хэвшилдээ үүрүүлээд байх биш, Монголын нэр нүүрийг авч гарах ёстой асуудал болгонд төр анхаарлаа хандуулан ажиллая гэж үндэсний хөтөлбөрийг баталсан.

-Аялал жуулчлалын компаниудын нуруун дээрх хүнд ачааг хөнгөвчлөхөд төр ямар үүрэгтэй оролцох ёстой вэ?

-Хувийн хэвшлийнхэн дангаараа шийдэх боломжгүй байгаа асуудлуудыг төр хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурлаж шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай. Ийм зохицуулалтуудыг хийж өгөх хөрөнгө оруулалтын асуудлыг бололцоогүй байгаа салбаруудад нь татах ёстой. Мөн аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжлийг хангаж өгөх асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна. Эдийн засгийн таатай орчин бүрдэхээс гадна орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулахгүй бол гадаадын болон дотоодын жуулчдын асуудал хуримтлагдсан байна. Үндэсний хөтөлбөр батлагдсанаар цаашдаа аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадвар нэмэгдэх учиртай.

-Дотоодын аялал нэмэгдэж байна. Ялангуяа Хөвсгөл аймаг наадмын өдрүүдэд хүний хөлд дарагдлаа. Тэнд нөхцөл байдал хүнд байсан тухай амрагчид гомдоллож байгаа. Энэ нь эргээд жуулчдыг үргээж болзошгүй. Иймд асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Хөвсгөл далайд жуулчны тоо багтахгүй, кэмп олдохгүй байгаа асуудлууд үүссэн. Бидэнд бодлого хэрэгтэй. Илүү их байгаа материалаа эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэдгийг болж буй үйл явдлууд хэлээд байна. Хөвсгөл орчимд байгаа бүх аялал жуулчлалын компаниудыг 00-ийн асуудлаа шийдвэрлэж, ирсэн зочдоо халуун усанд орох боломжоор нь хангадаг зэрэг аяллын стандартыг биелүүлэх шаардлагыг бид тавьж эхэлсэн байгаа.

Дотоодын аялал жуулчлал маш идэвхтэй хөгжиж байгааг наадмын үйл ажиллагаа, Хөвсгөлд амрагчдын дүр төрх харуулсан. Тэнд буудал, гэр, ариун цэврийн өрөө олдохгүй, асуудал маш хүнд байсан. Тиймээс Засгийн газраас цаашид аялал жуулчлалын салбарыг бодлоготойгоор хөгжүүлж, тодорхой хэмжээний хөрөнгө оруулж, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж, асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Энэ бодлогын хүрээнд тодорхой ажлуудыг хийж эхлүүлсэн. Улаанбаатар хотоос 90 км-ийн зайд байгаа Аглаг бүтээлийн хийдийг манай Г.Пүрэвбат лам маш сайхан байгуулсан. “Нэг км бурхны замаар аялахуй” маршрутыг бий болгосон энэхүү хийдийн дэд бүтцийн асуудлыг шийдэхээр анхаарлаа хандуулсан. Хүн яаж уул ус, байгаль эх дэлхийгээ хамгаалдгийг харуулж, гайхамшигтай үзмэрүүдийг Г.Пүрэвбат лам бий болгож чадсан. Тэрбээр буддын шашны эрхэм төв нь бол Монгол орон байсан юм гэдгийг харуулж чадахуйц урлагийн бүтээлүүдийг хийсэн. Тийшээ жуулчид хэдэн мянгаараа очиж байгаа. Аялагчдыг тав тухтай зорчуулахад зам дэд бүтцийн асуудлыг зөвхөн Г.Пүрэвбат лам өөрөө хийх ёстой мэтээр бид хардаг байсан. Тэгвэл тийм биш. Сүсэгтэн олон хийгээд жуулчдын мөргөж, залбирахаар зорьж байгаа тэр чиглэлийн нийтийн эзэмшлийн замын асуудлыг төр шийдээд өгчих юм бол бужигнаж байгаа шороо тоос нь алга болно. Энэ нь хүмүүсийг ая тухтай амрахад, нөгөө талаас эрүүл мэндэд нь тустай. Мөн тэнд нь ариун цэврийн өрөөний хувьсгал хийж, боловсон 00-уудыг байгуулж, тохижуулсан. Богино хугацаанд алхам алхмаар урагшилж л байна.

-Сэдвээсээ жаахан хазайя. Улс төрийн үйл явдалтай холбоотой нэг асуулт байна. Наймдугаар сарын 3-нд ээлжит бус чуулган зарлаж, МАН-ын зургаан сайдыг засгаас гаргах тухай наадмын өмнөхөн хөндөгдсөн. Туршлагатай улстөрчийн хувьд асуудлыг хэрхэн харж байгаа вэ?

-Ээлжит бус чуулган зарлах нь УИХ-ын даргын бүрэн эрхийн асуудал байдаг. Үнэхээр хэлэлцэх асуудал нь өргөн баригдвал хурал зарлагдана. Ирц хүрвэл ээлжит бус чуулган хуралддаг. Зөвхөн хэлэлцэж байгаа асуудлаараа хуралддаг. Улс төрд 16 жил зүтгэж яваа улстөрчийн хувьд Монгол Улсын улс төр, эдийн засаг нь тогтвортой хөгжөөсэй гэж боддог. Улс төр эв нэгдэлтэй, тогтвортой тайван байвал ажиллаж, амьдарч байгаа бүх хүнд үр шимээ өгнө. Дээрээ эв нэгдлээ олж чадахгүй бол, доороо суудлаа олж чадахгүй байх нь ойлгомжтой. Тиймээс эцсийн дүнд улстөрчид Монголын ард түмний төлөө зүтгэнэ гэсэн хариуцлагатай үйлдлээсээ няцах ёсгүй. Ямар ч улс төрийн нүүдэл хийхэд түүний ялагч нь ард түмэн байгаасай гэж хүсдэг.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмгөөлөгч Ц.Баасандорж: Л.Гансүхийг цагаатгах байр сууринаас шүүх хуралд оролцоно

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөв­лөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг их хэмжээний хөрөнгө завшсан хэргээр АТГ-аас жилийн өмнө шал­­гаж эхэлсэн. Үндэсний аудитын газ­раас 2012-2014 оны хооронд “Нүүрс” хөтөлбөр хэрэгжсэнээрээ улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэсэн дүгнэлт гаргаж байв.Наад­мын өмнөхөн дахин мөрдөн байцаалтад буцсан тус хэргийг прокуророос шалгаад, Баянзүрх, Чингэл­тэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шилжүүлжээ. Одоо­гоор шүүх хурал тов­логдоогүй байна. Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржтой энэ талаар ярилцлаа.

-Хэргийн мөрдөн бай­цаалт хэт нэг талыг барьж, холбогдох зарим хууль тогтоомжийг зөрчсөн гэж та өмнө нь хэлж байсан. Чухам ямар хууль тогтоомжийг зөрчсөн юм бэ?

-Нэгдүгээрт, өмгөөлөгчийг үйлчлүүлэгчтэй нь уулзуулах ёстой. Гэтэл АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр өмгөөлөгчийг уулзуулж болохгүй гэсэн үүрэг өгсөн байдаг. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан энэхүү хууль бус үйлдлийг илчилсний хүчинд би саатуулагдаад байсан үйлчлүүлэгчтэйгээ уулзсан. Хоёрдугаарт, хэргийг дөнгөж шалгаж эхлэнгүүтээ АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат, АТГ-ын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын хэлтсийн дарга Ө.Энхтөр нар хэвлэлийн бага хурал хийж Л.Гансүх гэдэг хүн 3.6 тэрбум төгрөг идэж уусан гэж олон нийтэд мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл Л.Гансүхийг саатуулагдсаны маргааш энэ мэдэгдлийг хийсэн. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар хүний гэм буруутайг шүүхээс тогтоодог.

Шүүхээс тогтоогоогүй бол хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэж хэлж болохгүй. Гуравдугаарт, Үндэсний аудитын газрын байцаагч н.Ичинхорлоогийн дүгнэлтийг надад танилцуулахгүй гурван сар болсон. Үйлчлүүлэгчийг маань үндэслэлгүй цагдан хорьж, хорьсон хойноо байцаалт авдаггүй байсан. Байцаалт авахаараа хэрэгт ямар ч холбогдолгүй зүйл­сээр байцаалт авдаг гэх мэт зөрчлүүд гарсан. Огт хэрэгжээгүй тогтоолыг үндэслэн хоёр тэрбум гаруй төгрөгийн зохиомол алдагдал бий болгосон. Тэгэхээр Л.Гансүх гэдэг хүнийг хэрэгт ямар нэг аргаар холбогдуулах гэж яаж улайран дайрч байгаа нь харагдаж байна. Дээр нь Аудитын тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг ноцтой зөрчсөн.

-Аудитын тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн юм бэ?

-Төрийн хяналт шалгалтын хамгийн том эрх мэдэл бүхий байгууллага гэх утгаараа Үндэсний аудитын газар бол хоёр компанийн хооронд хийгдсэн гэрээн дээр дүгнэлт гаргах субъект биш. Гэтэл Багануур компани болон “MGLSBD” компанийн хоорондын иргэний эрх зүйн гэрээнд дүгнэлт гаргаж байгаа нь өөрөө төрийн аудитын тухай хуулиа зөрчиж байгаа хэрэг. Хоёрдугаарт, төрийн аудитын тухай хуулийн ил тод, бодитой байх зарчим алдагдсан. Төрийн аудитын байгууллага нийцлийн, гүйцэтгэлийн, санхүүгийн гэсэн гурван төрлийн аудит хийдэг атал байцаагч н.Ичинхорлоогийн хийсэн дээрх аудит энэ гурван төрлийн алинд нь ч хамааралгүй. Мөн Аудитын тухай хуулийн 3.1-д зааснаар аудит хийлгэсэн байгууллагад тайлангийн төслийг өгч, 10 хоногийн дотор саналаа өгөх ёстой. Өөрөөр хэлбэл “MGLSBD” компани болон Багануур компанид дүгнэлтээ урьдчилан өгөх ёстой байсан гэсэн үг. Үүний дүнд дээрх компаниуд тайлан дээр нэмэлт зүйл тусгах өөрийн саналыг өгдөг. Энэ саналыг үндэслэн эцсийн дүгнэлтээ гарах ёстой атал Үндэсний аудитын газрын Ш.Ичинхорлоо байцаагч дүгнэлтээ “MGLSBD” болон “Багануур” компаниу­дад өгөөгүй. Төрийн аудитын байгууллага хүсэлт ирүүлсэн хүмүүст төрийн болон байгууллагын хувийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг хэвлэмэл хэлбэрээр өгөх ёстой. Гэтэл би Үндэсний аудитын газраас энэ тайлангаа өг гэж гурав, дөрвөн сарын хугацаанд хүсэлт гаргасан ч өгөөгүй. Энэ нь ямар нэгэн зүйлийг нууцлаад байна гэсэн үг.

-Л.Гансүхэд эрүүгийн хуулийн тусгай ангийн хэд хэдэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаад одоо ганцхан зүйл анги буюу албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр шалгаж байгаа. Одоо шалгагдаж буй зүйл ангийг та ямар шалтгааны улмаас үндэслэлгүй гэж үзэж байгаа вэ?

-Анхлан эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд зааснаар байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд хувьдаа завшсан болон 263 дугаар зүйл анги буюу албан тушаалаа урвуулан ашигласан гэх зүйл ангиудаар буруутгасан. Дээрээс нь мөнгө угаасан гэсэн хэрэгт холбогдуулан шалгасан. Харин өнөөдөр ганцхан албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр шалгагдаж байгаа. Тухайн үед Л.Гансүх Ерөнхий сайдын ахлах зөвлөх гэсэн л албан тушаалтай байсан. Засгийн газрын тухай хуульд Ерөнхий сайд зөвлөхтэй байж болно гэж зааснаас бус зөвлөх ийм эрх мэдэлтэй байна гэж огт заагаагүй. Энгийнээр бол Л.Гансүхэд урвуулаад ашиглаад байх эрх мэдэл гэж байхгүй. Хуулиар ямар нэг эрх мэдэл олгоогүй атал эрх мэдлээ урвуулан ашигласан гээд байгааг ойлгохгүй байна.

-Гэтэл “Багануур” компанийн зарим удирд­лагууд “Ерөнхий сайдын зөвлөх асан Л.Гансүхийн шахалтаар нүүрсээ нэг тонныг нь 27500 төгрөгөөр худалдаалах гэрээ хийсэн” гэх утга бүхий мэдэгдэл өгсөн байдаг шүү дээ?

-Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө завшсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа ганц үндэслэл нь энэ. Түүнд ТӨХ, “Багануур” компанийн ТУЗ, Эрчим хүчний яаманд нөлөөлөх эрх мэдэл хуулиараа байхгүй гэдгийг би өмнө нь хэлсэн. Тэгэхээр энгийн нэг иргэн “Багануур” компани дээр очоод “Наад нүүрсээ тонныг нь 27500 төгрөгөөр өгөхгүй бол хохь чинь шүү” гэнгүүт удирдлагууд нь айсандаа хэлсэн үнээр нь худалдсантай яг ижил болж байгаа юм. Тэдний хэлснээр үнэхээр 27500 төгрөгөөр нүүрсээ зар гэж дарамталсан бол хуулиар олгосон эрх мэдэлгүй юм чинь энгийн иргэний хувиар “дарамталсан” болж таарч байгаа биз. Тэглээ ч энгийн иргэнд ч бай, албан тушаалтанд ч бай дарамтлуулсан гээд байгаа бол хууль ёсны дагуу зохих байгууллагад гомдлоо гаргах ёстой. Гэтэл “Багануур” ХК-ийн удирдлагуудаас өнгөрсөн хугацаанд хэн нь ч ийм гомдол гаргаагүй. Тэгсэн хэрнээ Багануурын өндөр үнээр зарагдаж байсан нүүрсийг 27500 төгрөгөөр буюу маш хямдаар худалдаж авсан мэт ойлголтыг нийгэмд төрүүлээд байгаа. Бодит байдал дээр Багануурын уурхай тухайн үед иргэдэд нүүрсээ нэг тонныг нь 25 мянган төгрөгөөр, цахилгаан станцуудад бүр өөрсдөдөө алдагдалтай үнээр буюу 20500 төгрөгөөр худалдаалж байсан.

Хамгийн инээдтэй нь Л.Гансүхээс айсандаа хэлсэн үнээр нь зарсан юм чинь та нар буруугүй гэж АТГ, прокуророос үзсэн байгаа юм. Энэ хэрэгт “Багануур” компанийн удирдлагууд татагдаагүй. Зүй нь нүүрсээ зарсан хүн энэ хэрэгт хамгийн түрүүнд татагдах ёстой. Тэгэхээр АТГ тэднээс Л.Гансүхийг буруутгасан мэдүүлэг аваад, оронд нь хариуцлагаас чөлөөлсөн ч байхыг үгүйсгэхгүй.

-“MGLSB” компанийн захирлаар Л.Гансүхийн туслах н.Эрдэнэбулган хэсэг хугацаанд ажилла­сан. Тендерийн шалгаруу­лалтгүйгээр энэ компанид хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх олгосон гэж АТГ-аас мэдээлээд байсан?

-Үндэсний аудитын газраас “MGLSB” компани “Багануур” ХК-д 3.6 тэрбум төгрөг төлөх ёстой гэж дүгнэсэн. Л.Гансүх гэдэг хүн энэ компанитай ямар нэг сэжмээр холбоотой учраас дээрх хохирлыг учруулсан гэж үзээд байгаа юм. Тендэрийн хуулиар төрөөс мөнгө гарч байвал сонгон шалгаруулалт зарлах ёстой. Гэтэл энэ хөтөлбөрт төрөөс мөнгө гараагүй учраас тендер зарлах шаардлагагүй байсан. Энэ хөтөлбөрийн хэрэгжүүлэх саналыг олон компанид тавьсан ч “200 мянгаар зарагдаж байгаа нүүрсийг 80 мянгаар зарах боломжгүй” гэсэн хариу өгсөн. Ингээд “MGLSB” компани сайн дураараа тус хөтөлбөрийг нэг жил хэрэгжүүлээд, алдагдалд орсон учраас “MGLSBD” компани үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн юм.

-Үндэсний аудитын газрын байцаагч “Багануур” ХК-д 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэ­сэн. Үүнийг та ямар шалтгааны улмаас үндэслэлгүй гэж үзсэн бэ?

-2013 оны зун Багануурын ТУЗ-өөс шигшиж ангилсан нүүрсээ 39 мянган төгрөгөөр худалдаалах тогтоол гаргасан. Харин “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч компанийн хувьд Улаанбаатарт буюу өөрийнхөө талбайд, өөрийн тоног төөхөрөмжөөрөө шигш­дэг байсан. Тэр утгаа­раа энэ тогтоол “Нүүрс” хөтөлбөртэй огт хамааралгүй. Тэгээд ч Эрчим хүчний яамнаас энэхүү 39 мянган төгрөгийн үнийг үндэслэлгүй гэж үзсэн учраас хүчингүй болгосон. Гэтэл Үндэсний аудитын газрын байцаагч Ш.Ичинхорлоо хэрэгжээгүй тус тогтоол дээрх үнийг барьж дүгнэлт гаргачихсан. Өөрөөр хэлбэл тогтоол дээрээ 39 мянган төгрөгөөр худалдаална гэж заасан ч 27500 төгрөгөөр худалдан авч, тонн тутмаас 11500 төгрөгийг хувьдаа завшсан гэж үзсэн. Ингээд тооны машин барьж зогсож байгаад хөтөлбөрийн хэрэг­жих хугацаанд зарагдсан бүх нүүрсний хэмжээг 11500 төгрөгөөр үржүүлээд хоёр тэрбум гаруй төгрөг гэсэн тоог гаргаад ирсэн. Дахин хэлье. Энэ бол хэрэгжээгүй тогтоолыг үндэслээд гаргаад ирчихсэн бодит амьдрал дээр огт байгаагүй мөнгө. Хэрэв гэрээн дээр 39 мянган төгрөгөөр худалдаална гээд заачихсан байхад “Багануур” ХК-д 27500 төгрөгөөр тооцож мөнгийг нь олгосон бол жинхэнэ хоёр тэрбум гаруй төгрөгийг завшсан гээд заргалдах үндэслэлтэй болно.

Харин үлдсэн нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол гэж гаргаж ирсэн байцаагч Ш.Ичинхорлоогийн дүгнэлт дээр юу гэж байдаг вэ гэхээр, “Багануур” компани нийслэл рүү нүүрсээ ачуулаад нэг грамм ч дутаалгүй шуудайлж зарсан гэж үзсэн. Гэтэл бодит байдал дээр ачигдсан нүүрс замдаа хаягдана, хулгайлагдана, багагүй хэсэг нь доороо хөлдөж чингэлэгтээ үлдэхээс гадна чулуу ч гарч ирдэг. Дээрээс нь гурваас дөрвөн тонн нунтаг нүүрс ялгарна. Ингээд чингэлэгт ачигдсан 64 тонн нүүрс 60 тонн болж багассан. “Багануур” ХК болон “MGLBSD” компанийн хоорондын байгуулсан гэрээ ёсоор нунтаг нүүрсийг “Багануур-Илч” компани цахилгаан станцуудад худалдаалж, мөнгийг нь авдаг байсан. Энэ мөнгө “MGLSBD” болон “MGLSB” компанид огт хамаагүй. Тус компани дээрх нунтаг нүүрсийг худалдаалдаг байсан тухайгаа өгсөн тайлбар хүртэл надад бий. Гэтэл дээрх нүүрсийг тонн тутмыг нь 27500 төгрөгөөр үнэлээд төсөл хэрэгжүүлэгч компаниуд зарж, ашиг олж, “Багануур” ХК-д тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан мэтээр гаргаад ирчихсэн. Тэглээ ч гэрээ ёсоор худалдан авагч вагоноос буусан нүүрсийг шуудайлсны дараах жигнэсэн жингээр тооцож төлбөрөө хийнэ гээд заачихсан.

-Үндэслэлгүй аудитын дүгнэлт гаргасан байцаагчид хариуцлага тооцуулах хүсэлтээ гаргасан уу?

-Ш.Ичинхорлоог төрийн аудитын тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Цагдаагаас Ш.Ичинхорлоог байцаах гэсэн боловч аудитын газраас “Энэ хүнээр байцаалт өгүүлэхгүй” гэсэн хариу илгээсэн. АТГ-аас өөрийн дүгнэлтээ илгээхийг шаардахад “Дүгнэлтээ танайд өгөхгүй” гэдэг. Ингээд Ш.Ичинхорлоод цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч прокуророос нотлох баримт хангалтгүй гэсэн шалтгаанаар хэргийг хаачихсан. Нотлох баримт цуглуулъя гэхээр АТГ дүгнэлтээ өгдөггүй.

-Уурхайгаас 27500 төгрөгөөр худалдаж авсан нүүрсээ 80 мянга болтол өсгөж зараад, дундаас нь бас ашиг олсон гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр багагүй шуугисан. Энэ тал дээр ямар тайлбар хийх вэ?

-“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн “MGLSB” болон “MGLSBD” компаниуд Багануурын нүүрсний уурхайгаас нүүрсээ худалдан авсан. “MGLSB” компани 2012-2013 онд, “MGLSBD” компани 2013-2014 оны хооронд “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Худалдах, худалдан авах гэрээн дээрээ нэг тонн нүүрсийг 27500 төгрөгөөр худалдахаар тусгасан. Мөн “Багануур” ХК-ийн ТУЗ-өөс энэ үнээр тус хөтөлбөрт нүүрсээ худалдахыг үүрэг болгосон. Нүүрсийг худалдаж авсан компани нүүрсээ Улаанбаатар руу тээвэрлэж, маш том хэмжээний талбай түрээсэлж аваад тэндээ буулгадаг байсан. Тэндээсээ шигшиж шуудайлна. Шуудайл­чихаад амыг нь оёно. Үүний дараа ачааны машин дээр ачаад нүүрс түгээх 160 гаруй цэгт хүргээд, тэндээс нь иргэд 80 мянган төгрөгөөр худалдаж авдаг байсан. Багануураас нэг тонныг нь 27500 төгрөгөөр худалдан авсан нүүрс яахаа­раа иргэдийн гар дээр 80 мянган төгрөг болоод ирчих­дэг билээ гэж гайхах хүн цөөнгүй бий. Зарим нь бүр 80 мянгаас 27500 төгрөгийг хасаад зөрүү болох 52500 төгрөгийг Л.Гансүх гэдэг хүн бусадтай нийлээд завшсан мэтээр ташаа тайлбарлах гэж оролддог. Нүүрс өөрөө тээвэрлэгдэж, шуудайлагдаад иргэдийн гар дээр очоогүй. Энэ бүх ажлыг мэдээж хүн хийнэ. Тэгэхээр тэднийг цалинжуулна гэсэн үг биз. Уг хөтөлбөрийн хүрээнд нийт 800-аад ажлын байр бий болсон. Ажилчид дунджаар 800 мянгаас нэг сая төгрөгийн цалин авч байсан. Цэргүүдэд 600 мянган төгрөгийн цалин өгсөн. Ажилчдын цалин хөлс, тээврийн зардал зэргийг хамгийн доод түвшинд барьж байсан учраас нэг тонн нүүрсыг 80 мянгаар худалдаалсан. Гэтэл тухайн үед Цайз зах дээр Налайх болон Алаг толгойн нүүрс 200-250 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан.

-“Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан хэрэгт Л.Гансүхээс гадна хэд хэдэн хүнийг саатуулан шалгасан байдаг. Тэдний хэрэг ямар шатанд явж байгаа вэ?

-Л.Гансүхтэй хамт “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн “MGLSB” компанийн захирал, нягтлан нарыг татвар нуун дарагдуулсан гэх үндэслэлээр шалгаж хэргийг нь шүүх рүү шилжүүлсэн. Харин М.Тулга, Төмөрбаатар нарыг мөнгө угаасан гэх үндэслэлээр тусад нь шалгаж байгаа.

-Шүүх хуралд Л.Гансүхийг цагаатгах байр суурь­тай оролцоно гэсэн байх аа?

-Холбогдуулан шалгаж байгаа хэрэг өөрт нь огт хамааралгүй гэдэг нь хөдөлш­гүй баримтаар тогтоогдчихож байгаа учраас шүүх хуралд Л.Гансүхийг цагаатгах байр сууринаас оролцоно. Гагцхүү шүүх хурлыг нээлттэй хийлгэх ёстой. Л.Гансүхийн ямар үйлдлийг гэмт хэрэг гээд байгааг олон нийт мэдэх ёстой. Ямар нэг асуудал хаалттай, бөөн хүн оролцох тусмаа булхайтай болдгийг хэн бүхэн мэднэ.

М.Ууган-Эрдэнэ

Categories
мэдээ цаг-үе

Сонгодог хөгжмийн Суу билэгт хөвгүүн БАХ

Дэлхийн сонгодог урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдсэн суут эрхэм бол хөгжмийн агуу их зохиолч Иоханн Себастьян Бах билээ. 1685 оны гуравдугаар сарын адгаар хөгжимчин Амбросиус Бахын гэрт нэгэн хөвүүн отголж мэндэлсэн нь ирээдүйн агуу суутан байлаа. Бага ахуйд нь буюу есөн нас дөнгөж хүрч байхад нь ээж нь, удалгүй жилийн дараа эцэг нь нас баржээ. Харин өнчирч үлдсэн бяцхан Бахыг ах нь өөр дээрээ авсан гэдэг. Ах нь бадралт бишгүүрчин байсан тул түүнд бишгүүр зааж, Бах ч гимназид элсэн суралцав. Тэрбээр хөгжимд үнэн сэтгэлээсээ шунан дурлаж ихэд хичээнгүйлэн суралцан бусад хөгжмийн зохиолчдын бүтээлүүдтэй танилцаж байв. Бах бүх л амьдралынхаа туршид Германаас хэзээ ч гарч үзээгүй боловч зохиол бүтээлүүдэд нь гүн ухааны утга санаа ихэд агуулагдсан байдаг гэж судлаачид үздэг аж. Түүний зохиолын агуулга нь хүний тухай, нинжин сэтгэл, хүн чанарын үзлээр оргилж байдаг ажээ. Хүний сэтгэл хөдлөл, шаналан, сэтгэл санааны хямрал, уруудалт зэргийг бүтээлүүддээ гайхамшигтайгаар дүрсэлж чаддаг суу билгийн оргил байв. Хэдий Бахын амьдарч байсан үе нь туйлын ядуу зүдүү, сүм хийдийн ноёрхол хүчтэй байсан, хөгжил дэвшлийг уландаа гишгэсэн үе ч гэлээ бүтээлүүддээ аль болох дэвшилтэт байдлыг тусгаж байсан нь өнөө үед өвлөгдөж ирсэн зохиолуудаас нь харагддаг. Бахын суут зохиолуудыг тухайн үедээ ойлгож мэдэрч чадалгүй өнгөрсөн ч гэлээ зуу орчим жилийн дараа л үнэхээр гайхамшиг юм аа гэдгийг хүн төрөлхтөн ойлгосон билээ. Бахын зохиол, бүтээлүүд түүнийг амьд ахуйд хэвлэгдээгүй шахуу. Амьдарч байсан цаг үед нь түүнийг зүгээр л гайхамшигтай хөгжимчин гэж үнэлж байснаас биш дахин үл давтагдах агуу их хөгжмийн зохиолч гэж үзэж байгаагүй юм. Иймэрхүү шалтгаанаас болж тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдийг их л гундуухан, сэтгэл санааны уналтын байдалтай, бүүдгэр өнгөрөөсөн гэдэг.

Бах 15 орчим настайдаа гэгээн Михайлын найрал дууны сургуульд сурч, энэ хугацаандаа Германы томоохон хотуудаар аялахын зэрэгцээ тухайн үеийнхээ хөгжмийн зохиолчдын туурвил бүтээлүүдийг шимтэн сонирхон судалж байлаа. Чухам энэ үеэс л Бах бишгүүр болон төгөлдөр хуурт зориулсан анхны бүтээлүүдээ туурвиж эхэлсэн юм. Суралцах хугацаандаа латин, франц хэл, түүх, газарзүй зэргийг сонирхон судалж бас ч гэж боломжийн боловсрол олж авсан байна. Тухайн үеийнхээ дээдэс язгууртны хүүхдүүдтэй дотно нөхөрлөж, тэднийхээ дэмжлэгээр бүтээлээ бичих тун аятайхан боломж бүрдэв. 1700-гаад оны эхээр сургуулиа дүүргэж герцог Эрнестийн ордны хөгжимчнөөр долоон сар орчим ажиллахдаа суу билэг нь шагшигдаж улмаар гэгээн Бонифацийн сүмд бадралт бишгүүрчнээр ажиллах урилга хүртэл хүлээн авч, долоо хоногт гурван удаа тоглодог болов. Яг энэ үедээ Бах сүмийн бадралт бишгүүрт зориулсан бүтээлүүдээ бичсэн юм.

Хорин хоёр насандаа Мэри Барбара хэмээх бүсгүйтэй дотносон гэр бүл болж зургаан хүүхэд төрүүлсэн ч гурав нь хүн болох хувь байсангүй. Гэсэн хэдий ч гурван хүүхэд нь эсэн мэнд бойжиж ирээдүйд мөн л тухайн үедээ суу алдраа дуурсгасан шилдэг хөгжимчид болсон гэдэг. Бах аргон, симфони дуулаачийн хосолсон олон зохиолоо чуулбар, магтуу гэх мэт хөгжмийн олон төрлөөр туурвиж өнөө үед үнэт өв болгон үлдээсэн юм. Ер нь түүний бүтээлүүд дэлхийн сонгодог хөгжмийн хөгжил дэвшилд томоохон нөлөө үзүүлсэн. Магтуу, симфони дуулаачийн бүтээлүүдэд нь хожмоо дуурийн урлагт загвар болсон бодрол дуун, чуулга, үглэл зэрэг хэлбэрүүдийг бий болгон хөгжүүлсэн юм. Мөн олон хоолойн зохиол, аялгууг баяжуулан арга барилыг нь улам төгөлдөржүүлэн боловсруулсан ажээ. Эдгээр нь ирээдүй хойчийн суу билэгт хөгжмийн зохиолчдын бүтээл туурвилд уламжлан үлдсэн нь Бахын юугаар ч эс үнэлэм гавьяа билээ.

Бахыг олон хоолойн хөгжмийн онцгой авьяастан, агуу билэгтэн хэмээн хөгжмийн түүхнээ ихэд тодоор тэмдэглэн бичдэг. Сонгодог хөгжмийн олон хоолойн хэлбэр нь Бахын туурвилуудаар хөгжлийнхөө оргилд хүрсэн хэмээн хөгжим судлаачид үздэг. Зохирлын ухааны анхдагч, эгшиглэлт хөгийн харьцаа, хам эгшгийн зүй тогтол, хоорондын эрэмбэ дарааллын хөгжилд зүйргүй их хувь нэмрээ оруулж, тэр хэрээр өөрийн бүтээлүүддээ үүнийгээ баталсан юм. 1723 онд Лейпцигт байх гэгээн Фомын сүмд ”Иоаннын энэлэн” хэмээх бүтээлээ тавьсан бөгөөд тэндээ сүмийн найрал дууны багш болжээ. Бас хотын гол сүмүүд болох гэгээн Фом, гэгээн Николайн сүмд долоо хоног тутамд найрал дууны тоглолт хийх болсон юм.

Ер нь Лейпциг хотод байх хугацаагаа их л үр бүтээлтэй өнгөрөөсөн бөгөөд энэ үед бичсэн бүх л бүтээл нь сүмийн найрал дуунд зориулагдсан байлаа.

Бах Арншдатд хотод очихоосоо өмнө хийлч, органч гэгдэж байсан бол энэ хотод ирээд хөгжмийн зохиолч хэмээн нэрлэгдэж том хэлбэрийн анхны зохиолуудаа бичжээ. Жишээ нь, 1704 оны эхээр тоглогдсон “Магтуу”, “Ахыгаа явахад зориулсан Капричио” зэрэг бүтээлүүд юм. Энэ мэт зохиолдоо хүний дотоод сэтгэл, догдлол зэргийг яруу төгсөөр илэрхийлж чаддаг зохиолч гэдгээ давхар харуулсан гэдэг. Мэдээж түүний амьдралд олон бэрхшээл саад гарч байсан. Ядаж л сүмийн эрх мэдэлтнүүд, цол мяндагтнууд, язгууртнууд түүний билэг авьяасыг ихэд гадуурхан шахаж байсан гэдэг. Ихэс дээдсийн энэ мэт увайгүй үйлдэлд тэрбээр ихэд дургүйцдэг, чадлынхаа хэрээр эсэргүүцдэг байж. 1707 онд Мюльхаузн гэдэг хотод органчаар ажиллах болсон ч тэндээ нэг их удсангүй. Жил гаруй л болж. Тэндхийн эвдэрхий хөгжим, зөвхөн дуулж л чадахаас өөр ямар ч хөгжмийн боловсролгүй найрал дуучидтай ажиллаж чадсангүй. Харин 1708 оны хавьд Ваймарт хотод ирж тэндээ арав гаруй жилийг өнгөрүүлжээ. Энэ хотод байх нь түүнд зохиол бүтээлээ нийтэд харуулах бололцоог олгож байсан юм. Симфони найрал хөгжим, найрал дуучдын чуулга зэрэг нь ихээхэн дэм болжээ. Ваймар хотод бичсэн бүтээлүүд нь голдуухан орган хөгжимд зориулсан зохиолууд байжээ. Бах тухайн үеийн Германы нэртэй цуутай органч, хөгжмийн зохиолчдын сор болсон бүтээл туурвилуудыг судалж, Итали, Францын хөгжмийн дэвшилтэт санааг ашиглан өөрийн бүтээлийнхээ арга хэлбэрээр баяжуулан органыхаа бүтээлүүдээ хийсэн билээ. Бах хөгжмийн зохиол бичихийн хажуугаар концертын шилдэг гарамгай хөгжимчин гэгдэн муугүй алдаршиж байлаа.

1717 оны сүүлчээр тэр Киетин хотод иржээ. Энэ хотод орган хөгжим байсангүй. Ваймер хотод байхдаа эхэлсэн, бичихээр санаж бодож явсан бүтээлүүдээ бичиж гүйцээх бололцоо Киетэн хотод бүрдэв.

Ер нь түүний энэ хотод байсан зурвас үеийг хөгжмийн түүхэнд бичихдээ “Клавесиний уран бүтээлийн үе” гэж нэрлэдэг. Бах энэ хотод амьдрах хугацаандаа клавесинд зориулж “Сайтар жигдэрсэн даруул”, Фугийн тэргүүн дэвтэр, хийлд зориулсан зургаан сонат, Брандэнбургийн зургаан концерт зэрэг гайхамшигт бүтээлүүдээ туурвисан юм. Бах нийтдээ 300 орчим магтуу бичиж үлдээжээ. Тэрээр амьдарч байсан бүх л хотдоо хөгжмийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хөгжмийн боловсрол, соён гэгээрлийн ажилд идэвхийлэн зүтгэж байсан юм. Түүний бичиж үлдээсэн магтуу бараг бүгд сүмийн, шашны сэдэвтэй байсан. Гэвч тухайн цаг үеийнхээ хүний дотоод сэтгэл, хүсэл тэмүүлэл, хэн бүхэнд байх сэтгэлийн ертөнцийг гайхамшигтайгаар дүрсэлж чадсан реалист бүтээл болсон нь сүм хийдийнхний багагүй шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч байсан юм.

1750 оны наймдугаар сард Германы агуу хөгжмийн зохиолч, суу билэгт хөвгүүдийн нэг болон мөнхөрсөн Иохан Себастиан Бах таалал төгсчээ. Түүнийг гэгээн Иоаннын сүмийн ойролцоо оршуулсан гэдэг ч шарил нь олдохгүй байсаар 1894 онд барилгачид санамсаргүйгээр олж, 1900 онд дахин оршуулсан түүхтэй. Дэлхийн II дайны хөлд тухайн сүм сүйдэхэд шарилыг нь дахин зөөж гэгээн Фомын сүмд аваачжээ. Герман үндэстний дуу хөгжмийн асар баялаг өв уламжлалд түшиглэн өрнө дахины сонгодог хөгжмийн шилээвэр гэх бүгдийг өөрийн уран бүтээлдээ шингээн авч, реалист шинэчлэлийн үндсийг тавьсан их хүн бол Бах юм. Туулан өнгөрүүлсэн амьдрал нь саад бэрхшээлтэй байсан ч гэлээ хөгжмийн болон хүн төрөлхтний түүхийн хуудаснаа алтан үсгээр бичигдэн мөнхрөх гайхамшигт өвийг хойч үедээ үлдээж чадсан, сонгодог хөгжмийн шинэ хуудсыг нээн өгсөн тэрээр эгнэгт алтан гадас лугаа гялалзан байх билээ. 1723 онд “Иоанн”, “Магнификат” 1727 онд “Эмгэнэлийн магтаал”, 1729 онд “Матфэй”, морин хийл, лимбэ, хийл болон бусад хөгжимд зориулсан суут бүтээлүүд өдгөөг хүртэл хүн төрөлхтний сонор юуг мялаасаар байна.

Я.Баярбаатар

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуванцар бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах чадалтай “Эко пластик” үйлдвэр нээгджээ

Монголчуудын
өдөр тутмын амьдралдаа хэрэглэж буй хоол хүнс, хувцас, унаа машин гээд бүгд л
гадны бүтээгдэхүүн. Нэг ёсондоо бид гадны импортыг алхам тутамдаа дэмжиж ирсэн
хэрнээ дотоодын үйлдвэрлэлийг голдог. Өндөр үнэтэй, чанар муутай гээд аливаа
дотоодын бүтээгдэхүүнийг голох шалтгаан олон байсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд
үндэсний үйлдвэрлэгчид дэлхийн зах зээлд гарах эрмэлзэлтэй байхын зэрэгцээ
дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж импортыг тэглэх төр засгийн бодлого,
шийдвэрийг дэмжиж ажилладаг болжээ. Үүний нэг тод жишээ бол “Эко пластик”
үйлдвэр юм. Тус үйлдвэр нь бүхий л төрлийн пластик бүтээгдэхүүнийг эх орондоо
үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. “Эко пластик” үйлдвэр нь “Номин холдинг”
компанийн харьяа бөгөөд Таван шарын автобусны буудлаас холгүй байрладаг юм
байна. Биднийг очих үед ажил нь ид өрнөж байв. Саяхан зах, худалдааны төвүүдэд
урд хөршөөс орж ирдэг усны савыг хүний бие хортой гэж холбогдох албаныхан
мэдээлж байсан.Тэгвэл энд байгальд ээлтэй, хүний биед ямар нэгэн хор нөлөөгүй
эко сав үйлдвэрлэж байна. Мөн хогийн сав зэрэг ахуйн зориулалттай ашиглах том,
дунд, жижиг хэмжээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна. Ер нь хуванцраар буюу
пластикаар юу хийж болж байна тэр бүгдийг үйлдвэрлэж эхэлсэн гэсэн. Эдгээр
бүтээгдэхүүнийг хийхэд нэг их чирэгдэл, ажиллагаа шаарддаггүйг үйлдвэрийн дарга
П.Өлзийбат онцолж байв. Үйлдвэр бүхэлдээ автомат ажиллагаатай. Ердөө түүхий
эдээ будагтай холиод машинд хийх л гар ажиллагаа. Үүнийг эс тооцвол хүний гар
хүрээд байх ажил харагдсангүй.

Үйлдвэрийн
хүчин чадлын тухайд үйлдвэрийн дарга П.Өлзийбатаас тодрууллаа.

-Танайх
өдөрт хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ажиллаж байна?

-Манай
үйлдвэр 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэхдээ өдөрт нэг хэвээр 150-160 бүтээгдэхүүн
үйлдвэрлэдэг.

-Тэгэхээр
өдөрт нэг л төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэж үү?

-Тэгэлгүй
яахав. Тухайн бүтээгдэхүүнээс хамаарна. Хэдэн хэвтэйгээс шалтгаална гэсэн үг.
Жишээлбэл, хувин хийлээ гэж бодоход эхний өдөр их биеийг нь хэвлэж гаргасан бол
дараагийн өдөр мөн тооны сэнж, бариул, дараагийн өдөр тагийг нь үйлдвэрлэнэ.
Ингээд дөрвөн өдрийн дараа тухайн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд бэлэн
болох юм. Хэрвээ зөвхөн нэг хэвээр бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулах юм бол сард
1800-2000 ширхэг бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай.

-Үйлдвэрлэл
явагдаад хэр удаж байна. Эрэлт өндөр
байна уу?

-Манай
үйлдвэр одоо л жигдэрч байна. Ер нь цаашдаа эрэлт ихтэй байх төлөвтэй байгаа.
Бид нарийн судалгааны дагуу ажилладаг.

Тэрээр
Германд техникийн мэргэжлээр сурсан учраас машин техникийн тал дээр асуудалгүй
ажилладаг болол­той. Тухайн автомат машиныхаа үйл ажиллагааг байнга хянаж,
хаана нь юу болохгүй байгааг дор нь оношилчихдог аж. Автомат ажиллагаатай
энэхүү пластик бүтээгдэхүүний машиныг гурван жил туршсан гэсэн. Үйлдвэрийн бүх
ажил автомат учраас нэг ээлжээр ажиллаж байгаа юм билээ.

Ахуйн
хэрэглээнээс гадна автомашины акумляторын корпус, бариул, гэрлэн дохио,
суудлаас эхлээд 50 гаруй төрлийн эд анги үйлдвэрлэдэг юм байна. Ямар ч
пластик бүтээгдэхүүн хийхэд хоёрхон төрлийн түүхий эд буюу орц шаардагддаг
байна. Иран, Кувейт, Солонгосоос будаатай адилхан хэмжээ бүхий зориулалтын
түүхий эд оруулж ирдэг юм байна. Хатуу, зөөлөн гэсэн хоёр өөр шинж чанартай.
Түүнийгээ будаг оруулагчтай холиод хүссэн материалаар гаргаж болдог гэнэ. Бас
ямар ч бүтээгдэхүүн хийхэд хэв чухал аж.

Дундаж
хэмжээтэй 250 ширхэг хогийн сав хийхэд 25кг түүхий эд, нэг кг өнгө оруулагч
будаг хэрэгтэй болдог бол дээрх тооны бүтээгдэхүүн хийхэд дөрвөн кг хаягдал
гардаг байна. Түүнийгээ дахин хэвэнд цутгаад өөр өнгийн хогийн сав хийдэг гэнэ.
Өнгөний хувьд бараан талдаа. Учир нь дахин шатаахаар өнгө нь бараан талдаа
гардаг байна. Түүнчлэн тус үйлдвэрт нийлэг уут буюу бидний нэрлэж заншсанаар
гялгар уут үйлдвэрлэдэг юм байна. Хэрэглэх түүхий эд нь мөн л пластик
бүтээгдэхүүнтэй адил. Гэхдээ бидний хэрэглээд хаясан уут, ундааны савыг дахин
боловсруулж гаргаж авсан будаа шиг зүйлээр түлхүү хийдэг байна. Тус үйлдвэр
одоогийн байдлаар манай улсын гялгар уутны жилийн хэрэгцээний 15 хувийг хангаж
буйг О.Хаш-Эрдэнэ онцлов. Тодруулбал, өдөрт зургаан машин дээр 15 мянган ширхэг
уут үйлдвэрлэж байна. Энэхүү уут нь харахад энгийн ч гурван жилийн дотор өөрөө
задарч байгальд шингэх бодисоор хийгдсэн байдаг аж.

Ингээд
“Эко пластик” үйлд­вэрийн ерөнхий захирал Д.Жаргалсайханаас зарим зүйлийг
тодруул­лаа.

-Үйлдвэрийн чадамжийн тухайд тодруулахгүй юу. Энэ төрлийн
үйлдвэрлэл хөгжих боломж, зах зээл хэр байна?

-Монгол
Улсад өндөр технологийн аж үйлдвэрийн салбар хөгжих хууль эрх зүйн орчныг УИХ
наадмын өмнө баталж гаргалаа. Тэгэхээр үүгээр дамжуулаад машинт үйлдвэрлэлийн
салбар хөгжих бүрэн боломж нээгдэж байна. Зөвхөн машин гэлтгүй халбага, сэрээ,
хутга, шанага гээд металл болон химийн аргын үйлдвэрлэл өргөжиж байна. Манайх
үйлдвэрийн хувьд автомашины суу­дал, авто­бусны сандал, акумляторын гадна
корпус, өргөн хэрэглээний олон мян­ган энгийн пластик бүтээг­дэхүүн үйлдвэрлэх
зорилт тавин ажиллаж байна. Үүнээс олноор бүтээгдэхүүн үйлдвэрлэх энэхүү
туршилт амжилттай боллоо. Анхны бүтээгдэхүүн үйлдвэрээс гарч хэрэглэгчдийн гарт
хүрч эхэллээ. Цаашдаа авто­машины толины суурь, гэрлийн бүрхүүл гээд хуванцраар
хийж болох юу л байна үйлдвэрлэх бүрэн боломжтой.

-Бүтээгдэхүүн
зах зээлд хэр үнэтэй гарч байгаа бол?

-Дотоодын
бүтээгдэхүүн импортын бүтээгдэхүүнтэй үнээрээ өрсөлдөх ёстой. Гэхдээ үндэсний
үйлдвэрлэлээ хөл дээр нь босгохын тулд төрөөс гааль, НӨАТ-sг хөн­гөлөхөөс
эхлээд олон ажил хэрэгжүүлж байгаа. Япон улс 60 хувийн татвараар дотоодын зах
зээлээ хамгаал­сан байдаг шүү дээ. Нэг автобус оруулахад л Хятад үнийн дүнгийн
40 хувь, Орос 50 мянган ам.дол­ларын татвартай байх жишээтэй. Гэтэл манайд
нөхцөл байдал ямар билээ. Тэгэхээр дотоодын үйлдвэр гэдэг утгаараа зах зээл
дээрх импортын бараанаас хамаагүй хямд үнэтэй байна.

-Нэг
хогийн сав хэдэн төгрөгийн үнэтэй
үйлдвэрээс гарч байна. Иргэд бодит үнийг сонирхож байгаа шүү дээ?

-Үнийн
хувьд бүтээг­дэхүүний түүхий эдээс
хамаарч харилцан адилгүй. Дахин боловсруулсан, Мон­голд үйлдвэрлэсэн, байгальд
ээлтэй зориулалтын эко бүтээг­дэхүүнээр хийсэн гэдгээ­рээ ялгаатай. Дунд
зэргийн хогийн сав байлаа гэхэд дээрх орцоосоо хамаарч бөөний үнэ нь 7500-9500
төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Бид шохойн чулууны туузан дамжуулах шугамыг хийж
байгаа. Мөн цанын баазын агаарын дүүжин хийхээр төлөвлөж байна. Технологийн
хямд чанартай шийдлээр шатахуун түгээх станцын саравч хийх төлөвлөгөөтэй байна.
Тэгэхээр бид хуванцар бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг 100 хувь хангаад
зогсохгүй гадагшаа экспортод гаргах бүрэн боломжтой. Товчхон хэлэхэд манай улс
нийгмийн баялгийг үйлдвэрлэл технологиор дамжуулж шударгаар хуваарилдаг Япон
хөгжлийн загварт шилжиж байна гэсэн үг.

Д.Даваасүрэн

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Богд уулыг нүхэлчих үү?

Баабар ингэж өгүүлэв

Улаанбаатар маань хэдийнэ саятан хот болжээ. Хотын хїн амын тоог захиргааны аргаар тогтоодог байсан їе єнгєрсєн. Иргэд оршин суух газраа єєрсдєє сонгох эрхтэй болсноос хойш хот руу нїїх нїїдэл эрс нэмэгдсэн. Хїн нэмэгдвэл хїнс нэмэгдэнэ, хотын зах зээл тэлж, тэр хэрээрээ хєрєнгийн урсгал, ДНБ єсч л байгаа. Нэг хїнд ноогдох ДНБ улсын дундажтай харьцуулахад Улаанбаатарт хавьгїй єндєр гарах нь ойлгомжтой. Ерєнхийдєє Монголын хоёр гуравхан том хот нь нийт улс орноо тэжээж байгаа билээ. Хєдєє ядуурч, зохиомлоор буй болгосон засаг захиргааны їй олон нэгж амьдарч чадахгїй болон сєхрєх хэмжээгээр Улаанбаатар улам тэлэн томрох нь нийгмийн гарцаагїй їзэгдэл.

Гэвч нєгєє талаас хотын агаар, ус, тїлш тїлээ гээд дийлдэхээ больсон зїйлс ч их боллоо. Дээр їед намын хуралд ирсэн нэг вьетнам сурвалжлагчийн асуултад хариу олж ядаад Улаанбаатарыг “Азийн цагаан дагина” гээд туучихсан юм гэнэлээ. Энэ нэр єдгєє ёжилсон, егєєдсєн шоглоом болон їлджээ. Хоолой гашуун оргиод, нїднээс нулимс гоожоод “цагаан дагиныхаа” хажууд ч суултгїй болжээ. Туулаа дагаж гонжийсон хот маань Налайхаас Шувуун фабрик хїртэл 80 шахам км їргэлжлэнэ. Харин Богд, Чингэлтэй ууланд шахуулсан хотын маань єргєн ердєє 20 км.

Хотын талбайг єргєсгєх нэг арга бол Богд уулыг нїхэлж Тєв аймагтай холбох. Сїхбаатарын талбайгаас Ясны сїрьеэгийн эмнэлэг хїртэл ердєє зургаан км. Цааш нь гурван км нїхлэхэд Мандшир орно. Тэгээд цаашаа долоон км яваад Зуунмод. Нийтдээ 16 км. Гэтэл Хандгайт хїрэхэд 26 км. Ойрхон байгаа биз?

Уул нїхэлсэн зам ердийн замаас 2-2,5 дахин илїї їнэтэй байдаг аж. Км замыг 300 саяд барьдаг гэж їзэхэд гурван тэрбум тєгрєгєєр л Богд уулыг нїхэлчих нь байна шїї дээ. Єнгєрсєн зун сїр дуулиантай зохиодог ардчиллын хурлын єртєг. Аймгийн дарга нарын унаж байгаа їнэтэй жипїїдийн нийлбэр дээр дахиад тиймийг нэмэхэд л болчиж байна. Хойд солонгосчууд гэхэд л уул нїхлэхдээ мастер, хулгана л гэсэн їг. Тэд ямар бага єртєг хєлсєєр їїнийг хийгээд єгнє гэж бодно?

Тєв аймаг урагшаа задгай. Ирээдїйд тэнд шинэ онгоцны буудал барих тєлєвлєгєє ч бий. Агаар нь цэвэр, утаа тогтох хонхорхой биш. Хот руу ордог ойр сїлжээ нь байвал нїїдэллэн ирэгсэд Ногоон нуурын намган дээр овооролдоод байхгїйсэн. Нэгдїгээр хорооллын ємнїїр асар их зай эзэлсэн тємєр замын дэд бїтэц, ачаа эргэлтийн мангар мангар агуулахуудыг ч алсдаа тийш нь зєєж болохсонж. Тєв аймгийн газар, дэд бїтэц, орон сууц барилгуудын їнэ ч гялс єснє.

Мэдээж ганц Богд уулыг нїхэлчихээр л Улаанбаатарын бїх проблем шийдэгдчихгїй л дээ. Гэхдээ л энэ бол єнєєгийн бэрхшээлээс гарах аргын нэг мєн байх аа. Їїний зэрэгцээ ус, агаарын хувьд илїї багтаамж сайтай Дархан, Эрдэнэт рїї нїїдлийг бас чиглїїлж єгєх хэрэгтэй мэт. Улаанбаатар – Эрдэнэтийг шууд холбосон хар зам татах юм бол Дархан-Улаанбаатар-Эрдэнэт гэсэн гурвалжин маань цогцолбороороо том сїлжээ болно. Энэ гурвалжин доторх газар жинхэнэ утгаараа зах зээлийн эргэлтэд орно. Хар аяндаа зах зээлийн зохицуулалтаар энэ гурвалжин дотор зєвхєн эрчимжсэн хєдєє аж ахуй хєгжинє. Хэрэгцээт сїїнийхээ 80 хувийг Улаан-Їдээс зєєдєг, хамаг хїнсний ногоогоо Эрээнээс авчирдаг байдал арилна. Амьдралын єртєг єндєртэй Улаанбаатарт гэхээсээ Эрдэнэтэд суурьших сонирхол хїмїїст буй болно. Эрдэнэт єєрєє Дарханаас дутуугїй зах зээлийн тєвлєрєл болж єгнє.

Сумын гуанзны їїд хїртэл зам татах биш, єєрсдийг нь энэ гурвалжин дотроо аваад ирвэл єртєг хямд, амьдралын чанар хавьгїй дээр, хєгжилд тустай, даяаршилд нэмэртэй. Хїн нэмэгдвэл хїнс нэмэгдэнэ. Зах зээл томорно, тэгж байж араас нь хєгжил дагана. “Бїгдээрээ хотод нїїгээд ирвэл эх орон маань эзгїйрчихнэ, хэн тэгээд хєдєє суух болж байна?” гэсэн ёзооргїй асуултаар чичлэх хотын сэхээтэн мундахгїй. Тэгж л санаа зовоод байгаа юм бол єєрсдєє очиж эзэгнээч дээ. Хїмїїс сайхан амьдралыг хїсэх, тїїн рїїгээ тэмїїлэх, тэрний тєлєє хєдєлмєрлєх, їр дїнг нь єєрснєє амсах эрхтэй.

2003-11-11

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сайхан сэтгэлийн модонд шувуу бүхэн жиргэнэ

Хүн бүхэнд эхээс мэндлэхэд нь сэтгэл хэмээх их сайхан саглагар навчит мод заяадаг. Тэрнээс биш, хүн энэ хорвоод ирэхдээ бурхан, эсвэл буг чөтгөрийн бүрэлбаа болох томилолт өвөрлөж ирдэггүй. Сэтгэл хэмээх саглагар сайхан модоо цаг мөч бүхэнд тордон нахиалуулах тусам орчлонгийн сайхан бүхэн шувуу мэт тэр л хүн рүү тэмүүлж, ажил үйлс нь өөдрөг, амьдрал ахуй нь ч өнгөлөг гэгээн болдог. Харин хар хорын өчүүхэн салхи авахуулахад л навч нахиа нь толботон гундаж, өт хорхойн идэш болон түмэн зовлонгийн үүр уурхайд хувилдаг. Сайхан сэтгэлийн модонд шувуу бүхэн жиргэж, жиргээ бүхний чимээнд энэрлийн навчис дэлгэрдэг. Энэрлийн навчис дэлгэрэхэд буяны гэгээ цацарч, хүн олныхоо сайн сайхны төлөө, байгаль дэлхийнхээ ариун дагшныг нүдний цөцгий мэт хайрлах гэгээн мөр бүрддэг. Хүн бол сэтгэлийн амьтан гэгддэгийн утга учир ч ийм. Мод хараад уурлаж уцаарладаг хүн тун ховор байх. Түүнтэй нэгэн адил сайхан сэтгэлтэй, сайхан инээмсэглэж чаддаг хүнийг ч бас гай зовлон аяндаа тойрч, үйлс заяа нь бүтэж явах учиртай ийм л сайхан хорвоо билээ.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-нд Д.Цэнддоогийн “Муухай гоё” нийтлэл гарлаа

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн
дугаар таньд хүрч байна. Ирэх аравдугаар сард ашиглалтад орох ”Амгалан” дулааны
цахилгаан станцын бүтээн байгуулалтын үйл явцын сурвалжлагыг тэргүүн нүүрт
онцоллоо.

Мөн Эрүүл мэнд, спортын сайд
Г.Шийлэгдамбатай хийсэн ярилцлагыг улс төрийн нүүрнээс уншина уу. Тэрбээр
салбарынхаа цаг үеийн үйл явдлын талаар ярьсан юм. Энэ жил хур муутайгаас улсын
хэмжээнд ургацынхаа 80 хувийг алдах нь тодорхой болсон талаар Монголын үр тариа
эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Эрдэнэбат ярилаа. Тариалан
эрхлэгчид бодит байдлын хэрхэн үнэлж, ямар гарц хайж байгааг тэргүүн болон 11
дүгээр нүүрнээс уншина уу.

Нийтлэлч Б.Цэнддоогийн “Муухай
гоё” фельтон гуравдугаар нүүрт хэвлэгдлээ.

Дөрөвдүгээр нүүрт Хэнтий
аймгийн Дадал сумын 90 жилийн ойд зориулж МУСГЗ, сэтгүүлч Д.Дамбадаржаа нутгаа
дуурссан тэмдэглэл нийтлүүллээ.

Наадмын дараа 19 настай
эмэгтэйг ар гэрийнхэн нь хайж байгаа зар цахим ертөнцөөр тарсан. Гэтэл охин
галт тэргэнд мөргүүлж амиа алдсан болох нь тогтоогджээ. Хохирогчийн ах манай
сонинд хандаж ярилцлага өглөө. Тэрбээр цагдаагийнханд гомдолтой байгаагаа
илэрхийлсэн юм.

Дэлхийн мэдээ нүүрээс Францын
улстөрчид ОХУ-д очих тухай болон цаг үеийн үйл явдлын мэдээллийг унших
боломжтой. Авто салон буланд Toyota Prius
машины тухай болон дэлхийд хамгийн өндөр борлуулалттай байгаа машиныг онцоллоо.

Эдгээр болон цаг үеийн бусад
мэдээ мэдээллүүд манай өнөөдрийн дугаарт гарлаа.

“Өдрийн сонин”-ыэрхэм уншигч
та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь
35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас
очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан
авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын
үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын
үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх
сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн
сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той
холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба
энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт
холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт
холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд цэцэрлэг барих ажлыг эхлүүлжээ

Монголын
Залуучуудын Холбооны санаачилгаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар,
ИТХ-тай хамтран, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 50 хүүхдийн цэцэрлэг барих ажлаа
эхлүүлээд байна. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо бол алслагдсан төдийгүй цэцэрлэгийн
хүрэлцээ тааруухан учир сургуулийн өмнөх боловсрол эзэмших 277 хүүхдийн ердөө
100 хүүхэд л цэцэрлэгт явдаг байна. Иймд 50 хүүхдийн цэцэрлэгийг барихаар
шийдвэрлэж, нийт 290 м2 , хоёр ангитай, хоёр танхим, гал тогоотой урлаг заалтай
байхаар төлөвлөсөн бөгөөд ойролцоогоор 500 орчим сая төгрөгийн өртөгтэйгээр
босох юм. Ийнхүү бяцхан дүү нараа цэцэрлэгтэй болгох уг ажилд сайхан сэтгэлт
залуучуудаа уриалан хандив цуглуулж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

МСНЭ-ийн шаардлагад хариу өглөө

Улсын баяр наадмын өмнө буюу долдугаар сарын 09-нд Эрүүгийн нэгдүгээр шүүхийн шүүгч Л.Батжаргал нь сэтгүүлч С.Баттулгыг зарим хүмүүсийн хамт хорих шийдвэр гаргаж, Ганц худаг руу ачсан юм.

Энэ шийдвэрийг хууль зөрчсөн гэж сэтгүүлчдийн төлөөлөл үзэж, удаа дараа эсэргүүцлээ илэрхийлсэн. Тухайлбал, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, БЗД дэх эрүүгийн нэгдүгээр шүүх, прокурорт дээрх шийдвэрийг эргэн харж, сэтгүүлч С.Баттулгын шүүх хурлын бичлэгийг олон нийтэд ил тод цацахыг хүсч, албан шаардлага хүргүүлээд байсан юм. Харин өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөл МСНЭ-ийн шаардлагыг хүлээн авч танилцан, албан хариуг өглөө.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн албан хариуд “Шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцох хэвийн нөхцлийг хангуулах, шүүх хуралдааны мэдээлэл, видео бичлэгийг гаргуулан авах танай хүсэлт, шаардлагыг зохих ёсоор хэрэгжүүлэх талаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар мэдэгдсэн” тухай дурджээ.

Categories
мэдээ спорт

Улсын заан Ч.Санжаадамба Баяндэлгэрийн наадамд түрүүлжээ

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Наран сумдын 90 жилийн ой дэлгэр сайхан болж өндөрлөжээ. Наадамд улсын цолтой бөхчүүд очиж зодоглосноос Онгон сумын 90 жилийн ойн баяр наадамд Говь-Алтай аймгийн харъяат Монгол улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, Онгон сумын харъяат аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэжээ. Харин Баяндэлгэр сумын надамд улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, улсын начин Ц.Анхбаяр үзүүрлэсэн байна.