Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр Засгийн газрын хуралдааны танхимд болсон. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар өнөөдөр буюу долдугаар сарын 28-ны 11.00 цагаас Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийнэ. Мэдээлэл Төрийн ордонд болно.

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Бөхийн холбоогоор овоглосон Д.Данзан гавьяатынх

Монголын Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор Д.Данзангийнд өнжихөөр Жигжидийн зусланг зорилоо. Жигжидийн автобусны эцсийн буудал дээр ирээд утсаар холбогдтол тэрээр “Эндээс охиноо унаатай нь явууллаа. Түр хүлээж байгаарай” гэв. Төд удалгүй Д.Данзан гуайн охин Д.Дэлгэрмаа ирж, биднийг авч явлаа. Нэг буудал хэртэй газар яваад, өтгөн ой мод бүхий уулын өвөр дэх, зуслан дээр нь ирлээ. Амралтын өдөр байсан учраас хүүхдүүд нь гэр бүлээрээ ирсэн харагдав. Зээ нар нь бага сургууль, цэцэрлэгийн ахлах бүлэгт сурдаг болов уу гэмээр балчир хэдий ч ширээний теннисээр тун чиг гарамгай тоглоно. Бага охин Д.Гэрэлмаа байшингийнхаа хажуухан дахь гүний худгаас хувингаар ус хутгаж, хашааны гадаа байгаа машинаа нөхөртэйгөө угааж байв.

Машиныхаа дээврийг багагүй зүлгэж зогссон тэд “Байрны хөгшчүүл цайныхаа дээжийг балкон дээрээсээ өргөөд, доор нь зогсоолд байршуулсан машиныг цагаан алаг болгочих юм. Уг нь гэрээсээ гараад, тэнгэр бурхандаа залбираад өргөвөл зүйд нийцэх юм шиг санагдана. Машин дээр асгарсан цайны дээж, сүү нь арилахгүй юм. Хэд хоногоос машинаа дахин будуулахаас” гэцгээн өөр хоорондоо ярилцаж байлаа.

Биднийг гэрт нь орох үед Д.Данзан гуай “Амралтын энэ өдрүүдэд миний бие Халхын анхдугаар Богд Өндөр гэгээнийхээ ойг үзээд тун чиг сэтгэл хангалуун байна даа. Өндөр гэгээн Занабазарыг Монголын түүхэнд тодорсон дөрвөн аугаа их хүний нэг гэдэг. Үндсэндээ Чингис хаан, Хубилай хаан, Богд Зонхов, Өндөр гэгээн энэ дөрвийг дэлхийн нэртэй эрдэмтэд нэрлэсэн байдаг. Өмнө нь Өндөр гэгээний ойг ингэж ёс төртэй, гол нь Өндөр гэгээн Занабазар хэн бэ гэдгийг олон түмэнд тодотгож өгөх талаар багагүй учир дутагдалтай байсан санагдана. Энэ удаа Монголын төр нь ч, Шинжлэх ухааны академи нь ч Өндөр гэгээнээ байранд нь тавьж өглөө” гэв. Гэрийн эзэн “Зочдодоо цай аягалж өг” гэснээ “Өө нээрээ, саяхан хөдөөнөөс айраг ирсэн шүү дээ. Тэрнээсээ аягалж өг” гэв. Ийнхүү биднийг эхнэрийнх нь төрсөн нутаг болох Архангайн Хотонт сумаас ирсэн чимчгэнэ­сэн сайхан айргаар дайлав. Азарганууд барианд орох үеэр ханын цаг руугаа байн байн харж “Энэ уралдаан 22 км-ийн зайнд болсон. Энэ зайг монгол хурдан хүлгүүд хэр хугацаанд туулж байгааг мэдэх гэсэн юм. Түрүү морь энэ зайг 35 минутанд тууллаа. Энэ мэтчилэн хурдан морьдыг барианд ороход нь уралдааны замаа хэдэн минут секун­дэд туулсан гэдгийг давхар зарлавал зүйтэй санагд­даг. Ингэснээр хурдан морины амжилт үнэмлэхүй баталгаажиж байгаа хэрэг. Бидэнд тэр нь чухал биш юм аа гэхэд жуулчдад энэ төрлийн мэдээлэл нэн хэрэгтэй. Уяачид ч өөрсдийн амжилтаа ахиулахын тулд хичээнэ. Ер нь дан ганц хурдан морины уралдаан гэлтгүй эрийн гурван наадам бол жуулчдыг татах гол арга хэмжээ болсоор удаж байна. Зарим хүмүүс эрийн гурван наадмыг тэр дундаа үндэсний бөхийг олон улсын чанартай болгож, хөгжүүлэхийг санал болгодог. Би үүний эсрэг байр суурьтай байдаг. Яагаад гэвэл үндэсний спорт бол үндэснийх л байх ёстой. Өөрийн гэсэн зүйл­сээ гоочлоод, бүдүү­лэг хоцрогдмол гээд бусдыг дуурайгаад байвал нэг л мэдэ­хэд өөрийн гэсэн зүйл­гүй болчихдог. Олон улсын тэмцээн болгож, шаардлагад нийцүүлэхийн тулд үндэсний өв соёл нь хаягддаг жамтай. Наад зах нь япончууд жүдо бөхөө дэлхий нийтийнх бол­гохын тулд асар их хөрөнгө гаргаж 200 гаруй оронд хувцас хэрэглэл, татами буюу дэвжээгээ байгуулахын сацуу сурах бичиг, мэргэжилтэн багшаар хангаж ажилласан. Ингэж дэлхийд зургадугаарт ордог бөхийн спорт болж хөгжих явцдаа эсрэг дэв­жээ­ний бөх нь цэнхэр өмсгөл­тэй барилддаг болчихсон. Уламжлал ёсоор бол өрсөл­дөгч бөхчүүд хоёул цагаан өмсгөлтэй байх ёстой. Үүнд япончууд хичнээн дургүй байсан ч олон улсынх бол­гохын тулд арга буюу зөвшөөрсөн. Эртнээс жүдо­гийн тамирчид хоёул цагаан өмсгөлтэй байсаар ирсэн нь энгийн мэт боловч нарийндаа бол Японы соёл, өв уламжлалтай нягт холбоотой гэдэг нь ойлгомжтой” гэв. Мөн тэрээр “Дэлхийн бусад бөхийн спортын төрлөөс өмсгөл зүүсгэл, ёс заншил, барилдааны тэсвэр тэвчээр зэргээр үндэсний бөх манлай, төгөлдөр нь” хэмээн давтан хэлсэн юм.

Данзан доктор усан луу жил буюу 1952 онд Засагт хан аймгийн Сүрэн гүний хошуу буюу одоогийн Ховд аймгийн Дарви суманд, хоньчин Довдон­гийн ууган хүүхэд болон мэндэлжээ. 1966 онд буюу түүнийг 14 настай байхад ээж нь отгон дүүг нь төрүүлээд бурхан болсны дараахан сумын төвөө барааджээ. “Ээж минь 32 настайдаа отгон дүүг минь төрүүлээд, өвчний улмаас нас барчихсан. Ингээд л аавыгаа дагаад, зургаан дүүтэйгээ сумын төв орсон. Хамгийн бага нь дөнгөж төрсөн өлгийтэй нярай байсан гэсэн үг шүү дээ. Сумын төвийн хүүхдүүдийн нэгэн адилаар усаа зөөнө, түлээгээ бэлтгэнэ. Том нь учраас дүү нараа харж, хандана. Ингээд л 1972 онд аравдугаар ангиа төгсөөд Монгол Улсын их сургуулийн физикийн ангийн оюутан болох үед бид гэр бүлээрээ нүүж ирсэн. Сургуулиа 1977 онд төгсөнгүүтээ төрөлх сургуульдаа үргэлжлүүлэн багшлах болсон. Тухайн жил Монгол Улсын их сургуулийн захиргаа төгсөгч нараасаа сурлага сайтай 20-иод залуусыг багшаар авч үлдсэн юм. Тэдэн дотор надаас гадна Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж багтсан. Ингээд 1993 он хүртэл бид хоёр их сургуульдаа багшилж байгаад үндэсний бөхийн холбоог байгуулж, тэргүүн, дэд тэргүүнээр нь ажиллах болсон” хэмээн өгүү­лэв. Дарви суманд хэзээнээс Олхонууд овгийнхон амьдарч ирсэн бөгөөд тус нутаг усанд төрсөндөө бахархдаг талаараа бидэнд хуучлав. “Мэргэдийн Чилэдү баатар Олхонууд овгоос Өүлэн хатныг аваад явж байхад нь Есүхэй баатар булаагаад авчихсан гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр Олхонууд овгийнхон бол Өүлэн хатны хойч үр сад гэдэг нь ойлгомжтой. Манай суманд Монгол Улсын хэмжээний эрдэмтэн, улсын аварга малчин, гавьяатууд, баатрууд, ардын хувьсгалын партизан, улсын цолтой бөх, уяач зэрэг алдар цолтой 200 гаруй хүмүүс бий. Алдарт хоньчин баатар С.Цогтгэрэл, “Жалам хар”-ыг бичсэн хөгжмийн зохиолч Э.Чойдог, малын үүлдэр угсааг сайжруулах тал дээр дорвитой ажил хийсэн мал зүйч Ч.Дамдиндорж зэрэг гурван ч төрийн шагналтантай. Олимпийн анхны медальт, самбо бөхийн дэлхийн аварга Н.Бүрэнзэвсэг тэргүүтэй таван ч улсын цолтой бөхтэй. Дээрээс нь гурван академич, 20 гаруй шинжлэх ухааны доктор, 80 гаруй боловсролын доктортой. Ийм олон алдарт­нуудтай сум Дарвиас өөр байхгүй. Тэр ч утгаараа зарим хүмүүс манай сумынхныг “Мон­голын еврейчүүд” ч гэх нь бий” хэмээн сэтгэл хангалуун өгүүллээ.

Биднийг ийн хууч хөөрөх зуур зээ нар нь хэд хэдэн удаа түүний өвөр рүү мацан гарч, үнсүүлчихээд өрөө рүүгээ гүйчихнэ. Тэгснээ зээ хүү нь өөрийн тоглоомыг барьж ирээд, “Өвөө тоглоё л доо” гэвэл зээ охин нь “Хоёулаа гадаа тоглоё” гээд гарнаас нь гулдарна. Д.Данзан огтхон ч төвөгшөөсөн янзгүй “Тэгнэ ээ. Өвөө нь удахгүй завтай болчихоороо тоглоно оо. Харин миний хүүхдүүд гараад тоглож бай” гэвэл тэд уриалгахнаар “За” гэчихээд гараад өгөв. Хашаан дотроо тоглох зээ нараа цонхоороо хэсэг харж зогссоноо “Өөрснөө зусланд амрахаасаа илүү эд нарыгаа цэвэр агаарт цэцэг ногоон дээр тоглуулах гэсэн хэрэг. Бямба, ням гаригуудад эдэнтэйгээ хамт инээж хөхөрч, тоглож наадан өнгөрүүлэхэд жинхэнэ утгаараа амралт болж байгаа юм даа” хэмээв.

Зочны өрөөний хананд Ерөн­хийлөгч асан Н.Энхбаяраас Соёлын гавьяатын цол тэмдгээ авч байх үеийнхээ зургаа өлгөжээ. Хажууханд нь гэргий­тэй­гээ татуулсан зургаас гадна хэд хэдэн сумын засаг ноёдын дурсгасан байгалийн үзэсгэлэнт газруудын зураг харагдав. Зочны өрөө­­нийхөө нэг буланд гал тогоо­гоо байрлуулжээ. Хотын төвийн айл шиг крант онгойлгоод л цэвэр усаа авч байгаа харагдсан, зуслангийн байрандаа боловсон жорлон хүртэл суурилуулсан байна. Байрандаа зочны өрөөнөөс гадна дахин хоёр ч том гэгчийн өрөө гаргажээ. Зуны амрал­таараа зээ нар нь амарч, өөрсдөө амрал­тын хоёр өдрөөр ирж амьдар­даг учраас эдгээр өрөөнүүдэд хувцасны шүүгээ, толь, сандал зэргээс өөр зүйлс харагдсангүй. Тэрээр эхнэртэйгээ 1977 онд гэрлэж, 40-өөд жил амьдрахдаа гурван охинтой болжээ. Харин өнөөдөр охид нь бүгд хүнтэй сууж, таван зээтэй болжээ.

Түүнээс үндэсний бөхтэй амьдралаа холбосон талаар нь асуутал “Бөхийн амьдралыг мэдэхийн хувьд 1990 онд ардчилсан хувьсгал ялсны дараа нам дагалгүй, наймаа худалдаа хийх гэж оролдолгүй шуудхан л үндэсний бөх хэмээх өв соёлыг хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэж эхэлсэн. Тухайн үед бөхчүүд өөрсдийн ажлаа хийж яваад наадам, цагаан сарын барилдаанд оролцдог байсан. Тэд маань ихэвчлэн хар бор ажил хийдэг байсан даа. Үндэсний бөх, жүдо, чөлөөт, самбо зэрэг бөхийн хамтарсан орон тооны бус удирдлагатай, бөхийн холбоо нэр төдий байгууллага байсан. Яагаад нэр төдий гээд байна гэхээр энэ холбоо самбо, чөлөөт, жүдо бөхийн төрлөөр тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын бэлтгэлд голчлон анхаарахаас бус үндэсний бөхийг ойшоодоггүй байсан. Шагнал урамшуулал нь ч багаас гадна бөхчүүд бэртэж гэмтэх тохиолдол элбэг. Дархан аваргыг одон­гоор ч шагнахгүй хэрнээ бөхийн бусад төрлөөр тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцсон бөхийг одон медалиар харамгүй шагнана. Үндэсний бөхийн спортоор дархан аварга үүнээс яав ч дутахгүй гавьяатай, уг нь. Дээр нь социалист нийгмийн үед үндэсний бөхийн барилдаанаас олсон орлогыг Спортын төв ордон хураан авч, багахан хэсгийг түрүү үзүүр бөхөд өгчихөөд өөрийн санхүүжилтдээ зарцуулдаг байсан. Зүй нь бол үндэсний бөхөөр олсон учраас энэ спортыг хөгжүүлэхийн төлөө зарцуулах ёстойсон. Энэ бүхнийг би дэндүү ойроос харж, мэдэрч байсан хүний хувьд “Спортын мэдээ” сонинд долоо найман ч нийтлэл бичсэн. Үндэсний бөхийн спортыг шинэчлэх өөрийн санал санаачилгыг хэрэгжүүлж, ажил хэрэг бол­гох үүднээс өөрийн бич­сэн “Бөхийн хөдөлмөр” хэмээх нийтлэлээ бариад Ардын их хурлын нарийн бичгийн дарга Ц.Готовтой уулзсан юм. Ингэж 1989 онд анх­лан бөхийн асуудлаа шийдүүлэхийн төлөө төрийн ордон руугаа орж байлаа. Бөхийн холбооны дарга Ж.Гүррагчаатай давхар уулзан, бөхчүүдийн эрүүл мэнд хөдөл­мөрийн аюулгүй байдлыг анхаарахаас өгсүүлээд бай шагналыг дээшлүүлье, улсын наадамд зодоглоход албан байгууллагаас нь цалинтай чөлөө өгье гэсэн санаагаа алд хэмжээтэй цаасан дээр бичээд өгчих­сөн. Ингээд төрийн удирдлага, бөхийн холбооны дарга хоёрт хэлчихсэн юм чинь асуудлууд нэг мөр шийдэгдэх болов уу гэсэн чинь нөхцөл байдал өөрчлөгдөөгүй. Тиймээс зайлшгүй өөрийн хувь нэмрээ оруулах шаардлагатай болсон гэх үү дээ. Ер нь ямарваа нэгэн ажлыг санаачилж, сэдсэн хүн л өөрөө түүнийгээ хэрэгжүүлэхгүй бол өрөөл бусдад ингэмээр байна гэж хэлэхээр амны гарз болдог шиг байгаа юм. Үүнтэй зэрэгцэн Улсын заан Р.Давааням төрсөн ах Р.Нямдоржтойгоо үндэсний бөхийн өв соёлыг хамгаалахын тулд дорвитой алхам хийх хэрэгтэй гэсэн зүйлсийг ярьж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан байгаа юм. Ингээд л 1990 оны дөрөв­дүгээр сард Үндэсний бөхийн холбоогоо байгуулсан. Бөхийн холбоог байгуулсны дараахан буюу дөрөвдүгээр сарын 14-ний билэгт сайн өдөр Р.Давааням заан, Р.Нямдорж, Соёлын яамны дэд сайд асан, П.Даваасамбуу, улсын заан Д.Мягмар бид тав тус бүр 100 төгрөг гаргаж, холбооныхоо санг бүрдүүлж байлаа. Ингэж л тамга тэмдгээ хийлгүүлж, төд удалгүй холбооныхоо нэрэмжит барилдааныг зохион байгуулж байлаа. Өнгөрсөн хавар манай холбооны 25 жилийн ой тохиож, хоёр барим­тат кино, мөн төчнөөн ном гаргаж, 1024 бөхийн барилдаан зохион байгуулснаас гадна эрдэм шинжилгээний хурал хүртэл зохиосныг та бүхэн мэдэж байгаа байх. Бидэн шиг ойгоо өргөн дэл­гэр хийдэг байгууллага байх­гүй. Бид л анхлан 6000 бөхийн барилдааныг зохиож, Геннисийн номонд бичүүллээ. Үүнээс үлгэр авч морины холбоо хоёр жилийн дараа морины уралдаанаа Геннисийн номонд оруулсан” хэмээв.

Тэрээр Бөхийн өргөөний барилгын зургийг 1991 оны нэгдүгээр сард холбооны ерөнхийлөгч Р.Нямдоржтой гаргажээ. Тэд бөхийн өргөөтэй болъё хэмээн шийдээд, шуудхан харандаа цаас аваад зурж эхэлсэн гэдэг. Ийн өөрсдийн зурсан 2500 хүний суудалтай, дугариг хэлбэрийн өргөөний гар зургаа мэргэжлийн архитекторуудад өгч зуруулжээ. Ийнхүү зурган дээр бэлэн болсон үндэсний бөхийн өргөөгөө барих газраа тэр даруй хайж эхэлсэн ч багагүй хугацаа алджээ. Анхлан бөхийн өргөөг баруун дөрвөн замд байгуулахаар шийдэн, дүүргийн Засаг даргын тамгын газар хандсан гэнэ. Гэсэн ч өөр барилга байгууламж баригдахаар урьдчилаад төлөвлөчихсөн байсан учраас өөр газар хайжээ. Тус газарт хожмоо Голомт хотхон сүндэрлэжээ. Ийнхүү Их дэлгүүрийн баруун урд тал дахь замын эсрэг талын төв зам дагуух сул газрыг бөхийн өргөөний зориулалтаар ашиглая гэсэн боловч дүүргийн удирдлагууд зөвшөөрөөгүй байна. Энэ газарт өдгөө Улаанбаатар их дэлгүүр баригдсан байгаа юм. Үүний эцэст Хөдөлмөрийн яамны өмнөх, Баянзүрх дүүрэг дэх газрыг олж, зөвшөөрлийг нь авчээ. Газрын хэмжээ төлөвлөснөөс бага байсан учраас 58 орчим метрээр төлөвлөсөн өргөөний тойргийн уртыг хоёр гурван метрээр багасгажээ. Ийнхүү арван эгнээ бүхий найман хэсэг суудалтай, голдоо 34 метрийн диаметртэй дэвжээ бүхий бөхийн өргөөний шавыг 1992 онд тавьжээ. Д.Данзан “Улсын начин, заан цолтой бөхчүүдийг цуглуулаад бөхийн өргөө байгуулах гэж байгаа талаараа дуулгатал тэд нэг их ойшоодоггүй. Тэгэхээр нь бөхийн өргөө гэдэг таван ханатай гэрийн төдий байгууламж биш. Өндрөөрөө найман давхар барилгын дайтай гэдгийг би хэлтэл бөхчүүд дүнгэнэлдээд явчихсан. Дүвчин заан “Өө би тэр 120-д байдаг дугариг байшин шиг жижигхэн гэр юм байх гэж бодоод хаана нь бөх барилдаж, хаана нь үзэгчид суух юм бол гэж гайхаад л сууж байлаа гэсэн. Ингэж бөхчүүд ажлыг минь үнэн сэтгэлээсээ ойлгож эхэлсэн. Түүнээс биш өндөр нь 28 метр, диаметр нь 50 гаруй, дэвжээ нь 40-өөд метр гэхээр бууж өгөхгүй байсан хэрэг л дээ. 520 гаруй бөхийн хорхойтон, хүчит бөхчүүдийнхээ хан­диваар үндэсний бөхийн өргөө барилгын ажил таван жил гаруй үргэлжилсний эцэст 1998 оны арванхоёрдугаар сарын 26-нд Монгол бөхийн өргөө нээлтээ хийсэн” гэсэн юм. Энэ их нөр ажлыг нугалсан учраас холбооны тэргүүн Р.Нямдорж болон Д.Данзан нарыг дөрвөн жил тутам болдог зөвлөлийн хурлаараа улираан сонгосоор байдагт эргэлзэх зүйл алга.

Түүнийг бөхийн холбооны дэд тэргүүн, шинжлэх ухааны доктороос гадна яруу найрагч гэдгийг нь тэр бүр мэддэггүй болов уу. Эл эрхэм найрагч Монголын ард түмний дунд хит болсон олон дууны шүлгийг бичсэн юм. Тухайлбал нэг ус нутаг буюу Ховдын Дарви Сутай хайрханы хүү, ардын жүжигчин Дашийн Мяасүрэнтэй “Түшээт ханы Намхай аварга”, Монгол Улсын гавьяат багш Лувсанцэрэнгийн Галмандах агсантай “Насны хайр”, “Гэртээ ирлээ”, Гомбын Эрдэнэчулуунтай “Монгол эрийн жавхаа” зэрэг дуунуудыг хамтран бүтээсэн байна. Данзан докторын гэргий Чимидын Оюунбилэг нь эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэгэн ажээ. Тэрээр Монгол Улсын заан Гочоосүрэнгийн төрсөн дүү гэнэ. Намуухан яриа хөөрөөтэй намбалаг сайхан эмэгтэй нөхөр, ач зээ нарынхаа хамт биднийг гаргаж өгсөн юм.

М.Ууган-Эрдэнэ

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж

Categories
мэдээ цаг-үе

Д.Дэлгэрцогт: Тавдугаар цахилгаан станцын нэмэлт гэрээнүүд есдүгээр сард зурагдсанаар бүтээн байгуулалтын ажил эхэлнэ

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогттой ярилцлаа.

-Наадмын дараа намар гэдэг. Эрчим хүчний салбар өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн базааж байна даа?

-Манай салбарын хувьд өвөлжилтийн бэлтгэлийг жилийн жилд зуны улиралд хийдэг давтамжтай ажил. Өнөө жилийн хувьд ч мөн адил Сайдын тушаал нэгдүгээр сард гараад, ажлын хэсэг байгуулагдсан. Эх үүсвэр болох станцууд, дамжуулах, түгээх сүлжээний компаниуд өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд хийгдэх ажлуудаа яамаар батлуулдаг. Наадмын дараагаас бид өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгаад явж байна. Одоогийн байдлаар 50 гаруй хувийн биелэлттэй байна. Гол ажлууд нь эрчимтэй явагдаж байгаа. Томоохон ажил гэвэл Амгалангийн дулааны станц юм.

-Өнгөрсөн долоо хоногт энэ станцын ажлын явцтай Ерөнхий сайд танилцаж хөрөнгө мөнгөтэй холбоотой үүссэн асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж, үүрэг даалгавар өгсөн?

-Тэгсэн. Амгалангийн дулааны станц бол зөвхөн дулааных. Гэхдээ 348 мегаваттын килкалор дулаан үйлдвэрлэнэ. Иж бүрнээрээ баригдаж байгаа уг станц гурван зуухтай. Эндээс хоёр гол магистрал шугам гарна. Хойд тал руугаа 800 метр, 700 мм-ийн голчтой дулааны шугам 14 дүгээр хороолол хүртэл гарч байгаа. Харин урд тал руугаа 4.2 км урттай шугам гарсан. Мөн станцыг цахилгаанаар тэжээх Амгалангийн дэд станц бий. Эндээс 350 метрийн цахилгаан дамжуулах агаарын шугам татсан. Түүнчлэн станцын талбай дээр дэд станц байгуулсан. Бохир,цэвэр усны шугам ч татсан байгаа. Дээрээс нь төмөр замын өргөтгөлийг хийсэн. Төмөр замын хуучин шугамыг ачаалал нь нэмэгдэж байгаатай холбогдуулаад зорчих хэсгүүдийг засварлах ажлыг төмөр замын газар, Зам тээврийн яамтай хамтраад хийсэн.

-Хотын зүүн бүсийг дулаанаар хангах Амгалангийн станц өнгөрсөн жил ашиглалтад орно гэж хүлээлт үүсгэж байсан ч амжаагүй. Энэ өвөл бүрэн хүчин чадлаараа ажиллана биз дээ?

-Энд хийгдсэн хамгийн том ажил бол газар чөлөөлөлт байсан. Улаанбаатар хот маш их хүч, хөрөнгө зарсан. Амгалангийн дулааны станцыг барих шийдвэр 2013 оны нэгдүгээр сард гарсан. Тавдугаар сараас нь ажил эхлэх ёстой байсан. Харин газар чөлөөлөлт явагдаад тухайн онд станцын бүтээн байгуулалтын ажил төдийлөн хийгдэж чадаагүй. Наймдугаар сарын эхээр ажил эхэлсэн. Манай зуны улирал бага. Ерөнхийдөө 2014 оны зун бүтээн байгуулалтын ажил явагдсан. Сараар нь тооцох юм бол 18 сард багтааж энэ станцыг барих ёстой юм. Энэ өвөл бүрэн хүчин чадлаараа ажиллана. Одоогийн байдлаар 95 хувийн биелэлттэй байна. Зарим ажлууд нь 98, 99 хувьтай байгаа. Бүтээн байгуулалтын ажил бол үндсэндээ хийгдчихсэн. Одоо тохируулга, дотоод зохицуулалт, зам, бусад засварын холболтын үйл ажиллагаанууд үлдсэн байгаа. Үүнд Засгийн газраас онцгой анхаарал хандуулж, 3.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаж байна. Ерөнхий сайд холбогдох байгууллагуудын дарга нарт үүрэг, чиглэл өгсөн. Энэ станц ашиглалтад орсноор нийгэмд маш том ач холбогдолтой. Хотын зүүн талын дулаан хангамжийг хийнэ. Ингэснээр “ТЭЦ-3”-аас гарч байгаа дулааны ачаалал нь багасна. Төвийн дулаан хангамжийн чанар ч сайжирна.

-Улаанбаатар хотод барилга байгууламж нэмэгдэж, цахилгаан, дулааны хэрэглээ өсч байгаа. Энэ хэрээр өвөлдөө зарим газруудын халаалт муу байдаг зэрэг асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Үндсэн тойруулал өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангана гэж тооцож байгаа. Хотын төвийн зарим хэсэгт дулааны асуудал хүндрэлтэй байдаг. Учир нь шигүү баригдсан тодорхой хэсгүүдэд шугамынх нь даац хүнд гэсэн үг. Түүнээс ерөнхий том утгаараа дулаан хангамж найдвартай болсон.

-Хотоос зайдуу баригдаж буй шинэ хорооллуудад шугам хоолой нь очихгүй, барилгын ажилд саад болж байгаа юм биш үү. Тухайлбал, “Буянт-Ухаа-2” хороололд шугам очоогүй гэж мэдээлээд байгаа?

-2014 онд Засгийн газрын 18 дугаар тогтоол гарч эрчим хүчний салбарт шинэ бүтээн байгуулалтууд хийж эхэлсэн. Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Улаанбаар хот, тэр үеийн Эдийн засгийн хөгжлийн яам хамтраад нэг баг болж удирдах хороогоо байгуулаад нийтдээ 400 тэрбум төгрөгийн өртөгтэй бүтээн байгуулалтын ажил эхлүүлсэн. Дотроо хариуцах хэсгээрээ салсан. Эрчим хүчний салбарт гэхэд 200-гаад тэрбум төгрөгийн өртөгтэй нийтдээ 22 ажил төлөвлөгдсөн. Энэ хүрээнд “ТЭЦ-3”, “ТЭЦ-4” гээд томоохон эх үүсвэрээс гарч байгаа магистрал шугамуудыг шинэчилсэн. Манай улсад 1200 мм-ийн голчтой магистрал шугам байхгүй байсныг анх удаа тавьсан. Буянт-Ухаа, Яармаг гээд шинэ хорооллуудад ерөнхий магистрал шугамууд нь очсон. Тэндээс салбарлаад хорооллууд руугаа явна. Цахилгааны хангамж ч ялгаагүй.

Улаанбаатарын хувьд төлөвлөж байгаа гол юм бол Их тойруу. Энэ Их тойруутай холбогдолтой дэд станцуудын нэлээд хэсэг нь баригдчихсан. Шинэ хорооллуудын төлөвлөлттэй холбоотой хийгдсэн ажил л даа. Баянголын ам руу шинэ хороолол төлөвлөгдөж байсны дагуу тийшээ дэд бүтцийн ажил нь хийгдчихээд байхад барилга нь баригдаагүй л байна. Энэ мэтчилэн зарим хэсэгт их хөрөнгө зарчихсан байхад зарим газарт ачаалал өндөртэй байгаа.

-Эх үүсвэрүүд болох томоохон станцуудын насжилт өндөр. Үүнээс болж цахилгаан, дулаан доголддог. “ТЭЦ-5” буюу Тавдугаар цахилгаан станц гээд шинээр эх үүсвэр барих асуудлууд юу болж байна?

-Эрчим хүчний салбар эх үүсвэрүүдээс гадна дамжуулах, түгээх системдээ ч насжилт өндөртэй. Гэхдээ сүүлийн үед шинэчилж байгаа. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк Германы томоохон төслийн санхүүжилтээр хэсэгчилсэн шинэчлэлтүүд хийсэн. Бидний зовлон бол жилийн жилд засвар үйлчилгээний ажил хийдэг. Ер нь эрчим хүчний салбарын ерөнхий тоноглолуудыг орчин үеийн болгох зайлшгүй шаардлагатай. Шинэ найдвартай ажиллагаатай, барууны орчин үеийн технологид суурилсан шинэ эх үүсвэр барьж, дамжуулах, түгээх сүлжээ үүсгэх ёстой. Энэ хүрээнд хийгдэх хамгийн том ажил бол “ТЭЦ-5”-ын асуудал байгаа. Орчин үеийн шинэ эх үүсвэрүүд бий болчихвол тасралтгүй ажиллана. Манайдаа сайнд тооцогдох дөрөвхөн станцад хангалттай засвар шинэчлэл хийгээд явж байгаа ч хурд технологийн хувьд хуучин оросынх. Тиймээс байнгын засвар үйлчилгээ ихээр шаарддаг. Үүнийг эрчим хүчний энергийн талаас аваад үзэхэд бүтэц нь тун хэврэг болдог. Өөрөөр хэлбэл, зуны улиралд гэхэд манай импорт өсдөг. Өвлийн оргил ачаалалд гайгүй. Яагаад гэвэл бүх эх үүсвэр нь ажилладаг учраас ямар нэгэн аваар ослын онцгой үед холболтуудаа хийдэг. Зуны улиралд эсрэгээрээ засвар үйлчилгээ хийж байгаа учраас импортын цахилгаан хэрэглэдэг. Цаашид томоохон бодлогын үйл ажиллагаанд анхаарах шаардлагатай байгаа. Энэ үүднээс Эрчим хүчний төрөөс баримтлах бодлогод нэлээд зүйлийг суулгаж өгсөн. Мэдээж шинэ эх үүсвэрүүдийг сонирхдог. “ТЭЦ-5”-ын үйл ажиллагаа 2014 оны зургадугаар сард хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрээ байгуулсан. Энэ долдугаар сарын сүүлчийн өдрүүдэд бусад гэрээнүүдийг зурахаар төлөвлөж байгаа. Ерөнхий сайдаас үүрэг даалгавар өгсний дагуу шахуу ажиллаж байна. Одоо хэдхэн хоног үлдлээ. Есдүгээр сард нэмэлт гэрээнүүд нь явна. Цаашдаа санхүү босгох бусад ажлууд нь эрчимтэй явагдаад “ТЭЦ-5”-ын асуудал бүтээн байгуулалтынхаа ажил руу орох бололцоо бүрдэнэ.

-Эгийн голын усан цахилгаан станц барих асуудалд Засгийн газрын зүгээс хөнгөлөлттэй зээлийг ашиглах шийдвэр гаргасан. Ажил нь ямар шатандаа явна. Нэмээд Багануур, Таван толгойн цахилгаан станцуудын ажлын талаар ч асуумаар байна?

-Оюу толгойн асуудал харьцангуй шийдэгдэж байна. Энэ үед Таван толгойн станц баригдах, санхүү босгох ажил гадны хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа. Тийм учраас боломжууд нь өсч, гэрээ хэлэлцээрүүд нь сайжраад, хөрөнгө оруулалт, шалгаруулалтаа хийгээд явах бололцоо бүрдсэн. Төслийн нэгж ажиллаж байна. Эгийн голын усан цахилгаан станц дээр мөн ялгаагүй төслийн нэгж ажиллаж байгаа. Сангийн яам, бусад холбогдох байгууллагуудтайгаа нийлээд Хятадын талтай эрчимтэй ажиллаж байна. Багануурын цахилгаан станц байна. Энэ ажил сүүлийн үед эрчимтэй явагдаж байна. Эхнийх нь гэрээ хэлцлүүд байгуулагдсан. Бусад дагалдах гэрээ хэлцлүүдэд ажлын хэсэг ажиллаж байгаа.

-Манай орон байгалийн шавхагдашгүй нөөц болох нар, салхиа ашиглаж, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж чадвал хөрш орнууд руу экспортлох боломжтой гэж байсан. Ерөнхийлөгчийн зүгээс дэвшүүлсэн “Гобитек” санаачилга хэрхэн ажил хэрэг болж байна?

-Сэргээгдэх эрчим хүч дэлхий нийтэд тун чухал асуудал болоод байгаа. Шавхагдашгүй нөөц гэдэг утгаараа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах томоохон бодлого дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад идэвхтэй явж байна. Монгол Улс ч үүнээс хоцрохгүй бас өөрийн гэсэн санаачилгууд гаргаж байна. Жишээлбэл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Гобитек” санаачилга гаргасан. Манай говьд нарны болоод салхины асар их нөөц бий. Энэ их нөөцөөр эрчим хүч үйлдвэрлэлээ гэхэд дотоод хэрэглээ бага. Тиймээс бид “Гобитек” хэмээх том санаачилга дээр тулгуурлаж, хэрэглээ өндөртэй Япон Солонгос зэрэг орнууд руу эрчим хүч нийлүүлэх боломжтой. Улмаар Азийн супер сүлжээ гэдэг гольцоо үүсгэх бололцоотой юм. Энэ тал дээр эрдэмтэд ажиллаж байгаа. Мөн БНХАУ-тай экспортын зориулалттай том чадлын станц барих асуудлын хүрээнд хоёр тал ажиллаж байна. Нүүрсэн дээр суурилсан том станц байлаа ч гэсэн тодорхой хувьд нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр байх нь зөв. Бодлогын энэхүү чиг хандлагыг бодит ажил болгох тал дээр гэрээ хэлэлцээр хийхэд нь зайлшгүй анхаарч явах нь чухал. Тиймээс хамтарсан ажлын хэсэг байгуулах асуудал ч яригдаж байгаа. Ирэх наймдугаар сарын 4-нд БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооны эрчим хүчний удирдах газрын удирдах албан тушаалтнууд манай оронд ирнэ. Ажлын хэсгийн хамтын ажиллагааны хүрээнд бид асуудлуудаа ярина.

-Та дээр зуны цагт өвлийнхөөс илүү эрчим хүч импортолж авдаг гэлээ. Гэтэл ОХУ-аас импортолж авч байгаа эрчим хүчний үнэ нэмэгдсэн байна. Импортын үнийг тогтвортой байлгах тал дээр ямар бодлого баримтлах вэ?

-Эрчим хүчний үнийн асуудалд ОХУ-ын Засгийн газар гэхээсээ илүү тэнд тодорхой аж ахуйн нэгж, хувь хүмүүс байгаа. Тэд бизнесийн зорилгоор эрчим хүчээ худалддаг. Бид дотоод боломжоо нэмэгдүүлж байгаа учраас тус улсаас авах эрчим хүчээ багасгасан. Гэтэл Оросын талын компани эрчим хүчнийхээ үнийг өсгөөд байна. Тэгэхээр энд хичнээн багасгаад ч төлөх төлбөр нь адилхан байгаа л даа. Энэ асуудалд нэлээд яриа хэлэлцээр хийх шаардлагатай. Тэгэхээр бид Оросын талтай эрчим хүчний үнийг урт хугацаанд тогтвортой байлгах асуудлыг нэлээд ярьж байна. Үүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УФА-гийн уулзалтад орох үеэрээ ч хөндсөн байна лээ. Тэгэхээр бид бас дэвшил гаргахыг хичээж ажиллах болно. Хоёр талын хичээл чармайлтаар харилцан зөв ойлголцох асуудал юм л даа.

-Эрчим хүчний үнийг чөлөөлөх УИХ-ын 72 дугаар тогтоолыг хаврын чуулганаар Эдийн засгийн байнгын хороо авч хэлэлцэж байсан. Тус байнгын хороо тогтоолыг хэрэгжүүлэхийг дэмжсэн шийдвэр гаргасан байх аа. Эрчим хүчний үнэ чөлөөлөгдвөл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч дагаад өсөх эрсдэлтэй. Энэ асуудалд салбарын яамны зүгээс ямар бодлого баримталдаг юм бол?

-УИХ-ын 72 дугаар тогтоолд Засгийн газрын зүгээс одоогийн эдийн засгийн нөхцөл байдал иргэд аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн хэрэглээний өртөг, амьдрал ахуйд нь сөрөг нөлөө үзүүлэх асуудал учраас болгоомжтой хандаж байгаа. Гэхдээ энэ нь эрчим хүчний үнийг чөлөөлөхгүй гэдэг үг биш. Чөлөөлөх гэдэг ойлголтыг хэрэглэхгүй байгаа. Аль болох зохицуулалт, үр ашиг муутай байдлыг арилгах, эрчим хүчийг хэмнэлттэй ашиглаж, хэрэглэх тал руу, тэрийг урамшуулсан үнэ тарифийн зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлж байгаа. Тийм учраас судалгаа байнга хийгддэг. Хэрэглэгчид хүргэж байгаа дамжуулах, түгээх сүлжээний зардлыг одоогийн мөрдөгдөж буй үнэ тариф нөхөхгүй байна. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчин дээр гэхэд Салхитын 50 мегаваттын цахилгаан станцыг авах нь сайн хэрэг боловч нөгөө талдаа төвийн эрчим хүчний системд нийлүүлж буй үнэ нь хамаагүй өндөр. Тиймээс жилдээ 12 орчим тэрбум төгрөгийн зөрүү гардаг. Үүнийг төр даахаас өөр аргагүй. Эрчим хүчний нэгдсэн зохицуулалтаасаа л хийнэ шүү дээ.

-Саяхан цахилгааны үнэ нэмэгдсэн. Энэ нь эрчим хүчний үнийг чөлөөлөх зохицуулалтын бодлогын хүрээнд хийгдсэн ажил гэж ойлгож болох уу?

-Эрчим хүчний үнэ тарифийг Эрчим хүчний зохицуулах хороо шийдвэрлэдэг. Тус хорооноос ойрын өдрүүдэд зохицуулалтын шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулаад зарим үнэ тариф өөрчлөгдөж байгаа. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг баталлаа. Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбогдуулаад бодлогын хоёр том шийдэл бий. Нэг нь чадлын тариф гэдэг ойлголтыг нэвтрүүлнэ. Томоор нь харвал манай эрчим хүчний хэрэглээнд найдвартай, баталгаатай ажилладаг үйлдвэр цөөхөн байна. Ихэвчлэн ахуйн хэрэглээнд суурилдаг. Энэ нь бүтцийг өөрийг нь хэврэг болгодог. Найдвартай төчнөөн чадлын эрчим хүч авна гэчихээд тэр бүтээн байгуулалт нь хийгдэхгүй байх явдал бий. Тиймээс энергийн баланс нь алдагддаг учраас барууны орнууд ихэвчлэн чадлын тариф хэрэглэдэг. Бид энэ ойлголтыг хуулиараа оруулж ирсэн. Удаах гол асуудал нь Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд дэмжих тариф гэдгийг оруулсан.

Тодруулбал, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих юм. Шаардлагатай бол төр засгаас татаас өгнө. Тэгж байж сэргээгдэх эрчим хүчийг дэмжихгүй бол хөрөнгө оруулагчдад ашиггүй байхаар тэд энэ салбарт орж ирэхгүй. Тиймээс ашигтай байдал үүсгэхийн тулд дэмжих тариф гаргаж ирэх нь зүйтэй. Үүнтэй холбогдсон өөрчлөлтүүд байгаа. Зарим нь бодит өртөг рүү нь дөхүүлэхийг хичээсэн өөрчлөлтүүд ч бий.

-Өнгөрсөн тавдугаар сард цахилгаан станц тэг зогсолт хийж, нийслэл даяар гэрэл тоггүй болсон. Санаатай үйлдэл гэж тайлбарлах нэг хэсэг байхад эрчим хүчний салбар ийм найдваргүй байна гэх шүүмжлэлд ч өртөж байсан. Энэ асуудалд таны тайлбарыг сонсмоор байна?

-Тухайн үед янз бүрийн мэдээлэл гарсан. Гэхдээ эрчим хүчний салбар бол хагас цэрэгжсэн зохион байгуулалттай. Бид цаг тухайд нь ажлын хэсэг гаргаад аваарын нөхцөлд хэрхэн ажилладаг тэр схемээр л ажилласан. Улиастайд байдаг дэд станц дээр гал гарснаас үүсэлтэй л дээ. Бид маш том дүгнэлтүүд хийж байгаа. Одоо болтол зарим зүйлийг задалж үзэж байна. Станцын хувьд тэг зогсолт хийнэ гэдэг бол хүнд. Тийм учраас буцаад бүх хамгаалалтууд ажиллаж байх ёстой. Юуны алдаа байгааг нарийвчилж үзэж байна. Томоохон өөрчлөлт, шинэчлэлт хийх зайлшгүй шаардлага гарна. Мэргэжилтнүүдийн хийсэн дүгнэлтээс харахад тийм санаатай халдлага болсон гэж харагдахгүй байгаа.

М.Мөнхцэцэг

Categories
булангууд мэдээ цаг-үе эх-орон-сумаас-эхэлнэ

Дөрвөлжлөн харагдах Алаг уултай Дөлгөөн цэнхэр нууруудтай Дөргөн нутаг минь

1750-аад оны үед Зүүн гар улс задарсны дараа Гулз хайнагийн
сүм, Тэнгэр уул, Ил тарвагатай, Чингэл цагаан гол орчмоор нутаглаж байсан дөрвөдүүд
Алтай даван бараг 2000-аад км нааш нүүдэллэж, одоогийн байгаа нутагтаа суурьшсан
юм билээ. Энэ тухай нэгэн домог яриа байдаг. Нэгэн төмрийн дархан хийдэг дотор хүн
галтай нүүрсээ илжгэнд ачаалан явж байгаад ачаатай илжиг нь алдагдаж, утаа татуулан
гал манарган давхисныг галтай алаг даага ирж явна гэж шуугилдаад, тэр шуугиан нь
галтай аюултай дайсан ирж явна гэдэг цуу дэгдээд дүрвэн нүүсэн гэдэг. Манай сум
цэнгэг устай хоёр том нуур, дэлхийд сонин тогтоцтой Алаг хайрхан, уул толгод ус
хөдөөтэй Агваш аралтай, хэдэн сайхан элсэн манхантай учир ирсэн очсон хүмүүс тухлан
саатах ийм нутагт төрсөн бидэнд омогшил төрөх нь зүйн хэрэг ээ. Гижиг сайхан, Агвашийн
баруун цахир, Цагаан үнээт, Чаргат, Уургат, Баян овоо, Баян хайрхан, Тээрмийн чулуун,
Аргалант, Чихний хар, Бурхад, Ёл эдгээр өндөр уулсын хооронд тал хөндий хоолойнуудад
хармаг, хатуу хар, шарилж, таана, ерхөг, хулс, зэгс зэрэг ургамал цэцэг алагласан
412.0 мянган км/кв нутагт таван хошуу мал нь тааваараа бэлчээрлэж байдаг. Зэгс шагшуурга
ус уулсын нөмөр нөөлөг нь цаг агаар хүндэрсэн үед өгөөжтэй билээ. Байгалийн хүнд
үед хавь ойрын сумдын малчид ирж өвөлжин баяр хөөртэй буцдаг юм. Хар нуур, Хар ус
нуур, домогт Чоно харайхын гол, Завхан голын нэг хэсэг нь манай сумын нутагт байдаг
ийм л уул ус тэгширсэн нутаг даа. Монголын хамгийн том Агваш аралд намар өвөл хавартаа
малчид тааваараа нутагладаг. Зундаа нуурын ус ихдэж, гарам гарцгүй болно. Ялаа шумуул
дэгдэж дуртай ч дургүй ч малчид нь сэрүүн уулсаа бараадан нүүдэг юм.

Миний багад
1960-аад оны үед Хар ус нуурын доор нефть байгаа, Харайх гол дээр УЦС баригдана
гэсэн яриа байсан. Энэ асуудал биелэлээ олохгүй болохоор мөрөөдөл мэт санагдаж байсан.
2000 он гарсан хойно 40-өөд жилийн дараа УЦС баригдлаа гэхдээ байгалийн нөөц боломжийг
бүрэн ашиглаагүй гэсэн. Бүх боломжийг нь ашигласан бол баруун гурван аймгийн цахилгааны
хэрэгцээг ОХУ-ын хараат байдлаас гаргах байсан гэж тухайн үед ажиллаж байсан хүмүүс
нь ярьдаг юм билээ. Манай сум цахилгааны гачаалгүй, ард түмэн нь сайхан амьдарч
байна. Орчныхоо хэдэн сумдыг цахилгаанаар хангаж байна. Одоо л их нууруудын хотгорт
нефьт байна гэсэн асуудал яригдаж байна. Манай сум байгалийн шохой, нефть, алт эрдэнэс
хүнсний давс, цахилгааны эх үүсвэртэй цэнгэг устай нууруудтай болохоор загас шувуу
ургамал амьтнаар дутуугүй юм. Бидний өвөг дээдэс зөвийг сонгож ихийг үлдээсэн байна.

1960-аад оны үед сумын төвд гүний худаг гаргаж байшинг нь
барьж мотор насос тавьж бэлэн болгосон. Гэвч ус нь тостой гараад худаг хаагдсан.
Бид цонхоор нь орж тоглодог байлаа. Тэгэхээр тэнд нефть байх магадлалтай гэж бодогдох
юм. Одоогийн манай сумын ард түмэн болбоос Дөрвөд Далайхан аймгийн харьяалалд байсан
замба, зуутраг, хондого, тайчууд, таргад, тугтан, яргай хүмүүс дээр шилжин ирж суурьшсан
бусад овгийн хүмүүс амьдарч байна. Манай сумаас Улаангомын хүрээнд эрдэм чадалтай
лам нар олон байжээ, тэднээс ихэнх нь хэлмэгдэлд өртөн баригдаад эргэж ирээгүй гэдэг.
Баярын Равсал УГЗ гэдэг цолыг манай сумаас анх авч байжээ. Энэ хүн 1990-ээд оны
үед сумынхаа 20-иод залууд төвд үсэг зааж,
цаашид эрдэм сурах замыг нээж өгчээ. Мөн тэр үед энэ хүний эхнэр УГЗ Б.Цэрмаа
нь хэсэг охид, бүсгүйчүүдэд уран хатгамал хийх арга ухааныг заасан байна. Энэ хоёр
хүний заасан эрдмийнх нь үр дүн одоо байгаа байх аа. Ө.Цагаанбилэг гэдэг хүн Орос
улсад цэргийн сургууль төгсөж холбооны цэргийн удирдах бүрэлдэхүүнд ортлоо дэвшин
бригад командлан захирагч цолтой ажиллаж байгаад хэлмэгдэлд өртөн шийтгэгдээд хожим
цагаадсан байна. Улс орондоо оюуны хөрөнгө оруулалт хийж бүх хүүхдүүддээ дээд боловсрол
эзэмшүүлсэн Га.Даш, Г.Бямба эгч нартаа талархаж байна. Манай сум бол харьцангуй
залуу сум. Увс аймгийн Өмнөговь, Завхан сумаас салж газар нутгийн хуваариар Ховд
аймагт харьяалагдсан байдаг. Бас Мянгад сумтай нийлж хэсэг хугацаанд бүдгэрч явсан
үе бий. 1979 оны нэгдүгээр сар шиг санагдаж байна. Сум дахин байгуулагдаж Сандаг
дарга ажлаа авч ард түмэн хурлаа хийсэн. Тэр өдөр аймгаас хоёр машин гарсан юм.
Аймгийн дарга Б.Насанжаргал хажуудаа хоёр хүнтэй, нөгөө машинд нь соёлын хэлтсийн
дарга Цахиуртай Равсал ах Хүүхлээ ах миний бие явлаа. Би сонирхогчийн журмаар ажлаасаа
чөлөө авч явсан юм. Загийн тойруу өнгөрч угталтын самбар харагдаж сэтгэл нэлээн
хөдөлж байсан. Сумандаа очилгүй 10-аад жил болсон байсан. Тэгтэл машинууд замаас
гарч Загийн цагаан толгой руу явцгаасан юм. Равсал ах энд манай сумын их эрдэмтэй
хүнийг оршуулсан газар, би зүгээр өнгөрч болохгүй гээд сан тавьж ном тарниа уншин
сүү цагаан идээ өргөсөн юм. Бид бүгдээрээ мөргөцгөөсөн юм. Энэ нь анги Содов гэдэг
лам хүнийх юм гэсэн. Цагаан толгойн орой дээр шарилын хамгаалалтын үлдэгдэл бололтой
моднууд байсан. Сум дахин байгуулагдсантай холбогдуулан хоёр хүний нэрийг мартаж
болохгүй юм.

1. Аймгийн дарга Б.Насанжаргал энэ хэдэн дөрвөдүүдийг тусгай
сум болгох нь миний үүрэг юм шүү гэж замдаа ярьж явсан. Тэр үед сум болоогүй бол
хөгжил хэдэн жилээр хойшлох нь ойлгомжтой, бүр сум болох эсэх нь эргэлзээтэй.

2. Сум байгуулагдсан даруйд хүн эмнэлгийн шинэ УАЗ 469 машиныг
хувиасаа авч өгч байсан малчин Г.Бямба гэдэг хүн байна. Энэ машин сумын хүн амын
эрүүл мэндийн төлөө олон мянган км явсан байх.

1940-50-иад оны үед улсын сайн малчны зөвлөгөөнд О.Ням Х.Зэгэв
нар оролцож одон тэмдгээр шагнагдаж байжээ. 1960-70-аад оны үед улсын хошой аварга
тэмээчнээр Б.Юнгэрэн шагнагдаж АИХ-ын депутатаар сонгогдож байжээ. Мал хувьд шилжсэнээс
хойш улсын сайн малчнаар Н.Пүрэвжав шалгарч сумынхаа нэрийг гаргаж байжээ. Манай
сумынхан зах зээлийн өөрчлөлтөд харьцангуй хурдан шилжиж, ард иргэддээ үйлчилгээг
зохих журмын дагуу үзүүлж байгаа сум болсон. Цаашид сумын нэр хүнд үйл ажиллагаа
ямар байх нь сумын ард түмэн, хүүхэд залуучууд, төр захиргааны ажлаас шууд хамааралтай.

2016 онд сумын ой болно. Улаанбаатарт байгаа ард иргэд гавьяат
багш Ц.Түвшинтөгс Р.Дүгэрсүрэн нарын зөвлөмжөөр хийх ажлаа ярьцгааж байна. Манай
сумын залуучуудын үүсгэн байгуулсан “Хөгжил” трейд ХХК Ургамал, Урангоо “Гарьд зам” ХХК Н.Батбаяр “Тайгын булаг” ХХК Я.Мягмарсүрэн “Өгөөмөр ерөө” ХХК Б.Жаргалсайхан “Тунгалаг буянт зам” ХХК Д.Намжав, “Хариах” трейд ХХК Н.Насанжаргал нарын захиралтай байгууллагуудын
ажил нь тогтмол сайн байна. Төрийн албанд Д.Идэрзаяа, Д.Давааням, М.Дашзэвэг, Д.Санжаа,
З.Эхбаяр, Ч.Сүрэнжав, Г.Хандмаа, Д.Мөнхболор, Л.Цэдэн-Иш, Ц.Мөнхдорж,
Д.Нямжав, Б.Батцоож, нарын залуучууд ажил
үүргээ сайн гүйцэтгэж байна. 1979 онд Сумын конторын хоёр давхар барилга баригдсан,
уг байрны зураг схемийг инженер Т.Ням гаргаж техникч Т.Халтархүү удирдан бариулсан.
Сум өөрийн хөрөнгөөр аж ахуйн аргаар барьсан барилга 35 жил болсон. Цаашид ч олон
жилийн насжилт байгаа байх. Т.Ням энэ барилгаар сайн инженер гэдгээ харууллаа. Энэ
барилгыг сумын үйлдвэр бригадын хүчээр барьж Т.Ёндонжамц, М.Даваажав Б.Нямдаваа,
С.Цэнджав нар сайн оролцсон гэдэг.Өмч хувьчлалын хувьд нэгдлийн даргаар ажиллаж
байсан Ц.Пүрэвийн малыг малчдад гэсэн зарчмаар хурдан шуурхай ажилласны үр дүнд
аливаа ажил амжилттай зөв явагдсан гэж малчид Ц.Пүрэв даргадаа ам сайтай байдаг
юм билээ. Энэ ч утгаараа сум зах зээлд хурдан шилжсэн байх.

2012 оны олимпод эх орноо төлөөлж эмэгтэй байт харвааны төрлөөр Б.Урантунгалаг
шагналт байранд орсон байна. 1960-аад оны үед Л.Бандихүү улсын начин цолтой сайн
барилдаж байсан учир манай суманд бөхийн удам байгаа.

Нутаг орныхоо үндэс угсаа, түүх соёлын талаар ном гаргасан
Ц.Цэдэн ах О.Бөхчулуун Г.Басангаа нарт номын цагаан буян ерөөл нь ирнээ. Мэдээ харж
суутал ачаатай цагаан тэмээд гарч ирэв энэ юу билээ гэтэл Агни эгч маань талдаа
100 гаруй км газар судар номоо ачаалан гороо хийж явсан байна. Энэ бол түүхэн үйл
явдал, ер нь Агни эгч маань нутаг орноо гэсэн сэтгэлтэй ардын зан үйлийн талаар
үргэлж шинийг эрэлхийлж явдаг сүүн сэтгэлтэй эмэгтэй юм. Энэ хүн сумынхаа ойг тэмдэглэх
талаар дотроо нэгийг бодож л яваа. Төрийн ордны орчмоор явахаар П.Нямаа ах маань
санаанд ороод байх юм. Энэ хүн ордны хамгаалалтын даргаар олон жил идэвх зүтгэлтэй
ажиллаж байсан. Энэ хүний оролцоотой манай
сумын залуус ордны хамгаалалтад орж ажиллаж байлаа. Энэ хүн удмын гарын дүйтэй
дархан хийдэг. Нэг сонин тохиолдол байна. Улаанбаатар хотын захуудад хөөрөгний
наймаа эрхэлдэг хүмүүсийн дунд Нямаа нуух, Даваа толгой гэж ярьцгаах юм. Манай
сумын хоёр хүний ур ухаан шингэсэн эд юмс ийм нэршил авчээ. Л.Даваа ах гүйлгээ
ухаантай, морин хуур сайхан тоглоно, ерөөлч магтаалч дөрвөд ардын уртын дуу
дуулчихдаг, шатар сайн нүүнэ, ийм л авьяастай хүн дээ. 1990-ээд оны үед
Улаанбаатар хотын иргэд ажилдаа явах ирэх гэж унаагаар гачигддаг хүнд үе
байсан. Тэр үед Х.Галмандах нь өөрийн мэргэжлээрээ хийж байсан ажилдаа
тулгуурлан Монголын хувийн автобусны эздийн холбоог байгуулж тэргүүнээр нь
ажилласан юм. Энэ шинэлэг санаачилгад жолооч нар нэгдэн шаардлагатай чиглэлд
шугам нээн ажилласан нь хотын нийтийн тээвэрт үр дүнгээ өгсөн. Х.Галмандах одоо
ч санал санаачилга гарган ажиллаж байна. Өөрийн сумандаа 16 жил удирдах ажил хийхдээ
Т.Сорогжав ард иргэдийн ёс заншил, соёл уламжлал, сурч боловсрох орчинг дээшлүүлэх
талаар нэлээд ажил хийснийг хэлэх хэрэгтэй. Сумандаа анх хоршоо байгуулж ард иргэдийн
хүнсний болон бусад хэрэгцээг хангаж зах зээлд шилжих эхлэлийг тавьсан Г.Ганболдын
нэрийг дурьдах нь зүйтэй.

Сүүлийн жилүүдэд Н.Цогзолмаа, С.Өлзийсайхан нар өөр өөрсдийн
мэргэжлээр докторын зэрэг хамгаалж эрдэмтдийн тоо нэмэгдэж байна. Мянган цагаан
ямаат хэмээн алдаршиж байсан Бу.Пүрэв ах монгол гайхамшигт оролцож байсан. Улсын
наадамд морь уралдуулна гэдэг амаргүй ажил юм билээ. Бүр цаашилвал морь айрагдуулна
гэдэг нь бахархалтай үйл явдал. Уяач Н.Батбаярын хүчин чармайлтаар сумын нэр олны
сонорт хүрсэн.

Зүүдэнд ирэх нутаг

Дэлхийд соньхон уул нь үзэгдээд

Дээвэр шүргэн үүл нь нүүгээд

Дөрөө давсан зэгэс нь найгаад

Далан хөшөөтөд давалгаа цохиод

Дэрс хужиртаа тэмээнүүд цувсан

Дөрвөн зүгтээ түмнээ ивээсэн

Дөргөн нутаг монгол нутаг
аа

Аялан явахад тухлан саатмаар

Агваш арал нь намартаа налайна

Аялгуут хууранд шувууд нь
чимээлэн

Ардын биелгээнд нуур нь долгиотон

Бадам цэцэг нь бөлбөөндөө
дэлбээлсэн

Дөрвөн зүгтээ түмнээ ивээсэн

Дөргөн нутаг монгол нутаг
аа

Сүүдэр талд нь адуу багшран

Сэрүүн энгэрт нь багачууд
тоглосон

Салхиар хээлсэн манхны оройд

Санчиг буурал өвгөд нь хуучлан

Саравчлан суухад санаа тэлмээр

Дөрвөн зүгтээ түмнээ ивээсэн

Дөргөн нутаг монгол нутаг аа

Зуны бороо шивэрч солонго
татсан дариуд

Завхан голын дэнжээр зэрэглээ
тогтоод байна

Таанын үнэр шингэсэн тааваараа
бэлчээрлэх сүрэгтэй

Талын салхи үлээж цээж дүүрэн
амьсгалуулсан

Аав ээжээс заяасан алтан нутгаа
хайрлая

Дөрвөн зүгтээ түмнээ ивээсэн

Дөргөн нутаг монгол нутаг
аа

Зуутраг овогт Ё.ЦЭВЭЭНЖАВ

Categories
мэдээ спорт

Монголын дугуйчид тэргүүллээ

Азийн оюутны аварга шалгаруулах дугуйн анхдугаар тэмцээн БНСУ-ын Чан Неон хотноо долдугаар сарын 22-26-нд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд БНСУ, БНХАУ, Японы тус бүр хоёр, Монгол, Филлипиний нийт 5 улсын 8 багийн 77 дугуйчид үндсэн 3 зайд уралдлаа.

Манай улсаас Монгол улсын Гавьяат тамирчин Ж.Өлзий-орших дасгалжуулагчтай, 6 тамирчины бүрэлдэхүүнтэй оюутны дугуйн шигшээ багийн тамирчид Монголын оюутны спортын холбооны нэр дээр уг тэмцээний замд уралдсан юм. Тэмцээний анхны өдрөөс эхлэн Монголын дугуйчид тэмцээнийг хошуучлаж эхэлсэн байна.

Тэмцээний эхний өдөр болсон “Критериум” 30 км уралдаанд 1 дүгээр байрыг БНСУ-ын оюутны шигшээ багийн тамирчин Мин Кеонг Миао 33’43″86 цагийн үзүүлэлтээр тэргүүн байр эзлэн алтан медаль хүртлээ. Хоёрдугаар байрыг Япон улсын Канояа багийн тамирчин Куроеда Саяа (33’44″98), Монголын тамирчин Б.Марал-Эрдэнэ нар удаалав. Энэ зайд уралдсан Б.Марал-Эрдэнийн хувьд хоёрдугаар байрт орсон Японы тамирчинтай адил 33’44″98 цагийн үзүүлэлтээр зэрэг барианд орсон боловч шүүгчдийн саналаар манай тамирчин хүрэл медалийн эзэн болсон юм.

Цуваа гараатай 8,3 км уралдаанд Монголын тамирчин ОУХМ А.Алтансүх 09’16″41 цагийн үзүүлэлтээр алтан медаль хүртэн дугуйн төрлөөр Монгол улсаас анхны Азийн оюутны аварга тамирчин боллоо. Удаах байруудад БНСУ-ын оюутны шигшээ багийн тамирчин Мин Кеонг Миао (09’17″50 цаг), Б.Марал-Эрдэнэ (09’36″72) нар орсон юм.

Цуваа гараатай уралдааны багийн дүнг гаргахад Монголын багийн 6 тамирчны дүн хамгийн өндөр оноотой гарч алтан медаль хүртлээ.

Тэмцээний сүүлийн өдөр болсон бөөн гараатай 116 км зайн уралдаанд БНСУ-ын шилдэг тамирчин Мин Кеонг Миао нь 2 цаг 40’21″10 амжилтаар тэргүүн байрыг эзлэв. Энэ зайд Монголын тамирчид мөнгө, хүрэл медалийн эзэд болж манай талын давамгайлаар тэмцээн өндөрлөв. Монголын багийн Э.Мөнхтулга 2 цаг 40’30″75 амжилтаар дэд байрт, А.Алтансүх нь 2:40’32″35 цагаар гуравдугаар байрт шалгарчээ. Бөөн гараатай уралдааны багийн дүнг гаргахад Монголын багийн 6-н тамирчид бүгд алтан медалийн шагналын тавцанд гарсан.

Ийнхүү БНСУ-д анх удаагаа зохиогдсон Азийн оюутны аварга шалгаруулах дугуйн тэмцээнд Монголын баг 3 алт, 1 мөнгө, 3 хүрэл нийтдээ 7 медаль хүртэн нэгдсэн дүнгээр тэргүүлэн цом гардан авч, сайхан амжилт гаргаж оролцлоо гэж Монголын оюутны спортын холбооноос мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлч С.Баттулгыг шүүх хурал үргэлжилж байна

“Ноёд” группээс гаргасан мэдүүлгийг сайтдаа байрлуулсныхаа төлөө шүүхэд дуудагдан өдгөө эх сурвалжийн хамтаар цагдан хоригдоод байгаа сэтгүүлч С.Баттулга нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр эхэлсэн. Шүүх хурал өнөөдөр ч мөн үргэлжилж байна.

Яг одоо Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд сэтгүүлч С.Баттулга нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хөдөлмөр бол хүмүүний авралын бурхан юм

Социализмын үеийн сурагч бид “Хүнийг хөдөлмөр бий болгосон” хэмээх үгийг ой тойндоо шингэтэл тогтоож авсан сан. Тэр ч байтугай сармагчин байхдаа жимс, самар авах гэж мод өөд өндийж боссоор хөгжлийн зүй тогтлын аясаар хоёр хөлтэй болсон гэж ч заадаг байсан.

Ямартай ч хүн гээч “амьтан”-ыг ажил хөдөлмөр л өнөөдрийн өндөр хөгжил дэвшилд хүргэжээ гэдгийг бид ингэж ойлгосон. Нэрт жүжигчин Чарли Чаплин хэдийгээр гудамжинд хоног төөрүүлсэн ядуу зүдүү нэгэн байсан ч алт шиг авьяасаа хөдөлмөрлөж зүлгэсээр тайз дэлгэцийн их мастер болсон гэдэг.

Тэгвэл дэлхийн хүүхэлдэйн киноны загалмайлсан эцэг Уолт Дисней 1923 оны наймдугаар сард халаасандаа гучхан доллартай Холливудын босгоор алхаж, мөн ондоо багтан 12 киноны зураг зуран ажлынхаа гарааг эхэлснээр амжилтын тавцанд нэрээ мөнхлөх боломжтой болсон аж. Түүний цүнх гэж нэрлэсэн цаасан хайрцагт нь тухайн үедээ сольж өмсөх хоёр өмд, ганц муу хүрэм, нэг цамц л байсан ч тэрээр хэдхэн жилийн дараа дэлхийд нэртэй хүн болсон байлаа. Тэрээр дэлхийн нэгдүгээр дайнд оролцон шархдаж, хөдөлмөрийн чадваргүй болсон ахынхаа тэтгэлгийн 85 доллараар өөрийн студиэ байгуулж, уйгагүй хөдөлмөрлөсний эцэст томоохон амжилтын эзэн болж байжээ.

Ажил хөдөлмөр хүнийг бий болгох төдийгүй авралын бурхан нь болдгийн жирийн нэг жишээ ийм буюу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгүүлч С.Баттулгыг баривчилж буй нь Ардчилсан намын нэр хүндийг гутаах гэсэн хууль шүүхийнхний ажил бололтой

Сэтгүүлч С.Баттулгыг эх сурвалжтай нь хамт баривчлаад хорьчихсон. “Ноёд” группээс гаргасан сэрэмжлүүлгийг сайтдаа байршуулсных нь төлөө түүнийг одоогоос нэг жилийн өмнө хууль бусаар 32 цаг хорьж байв. Буух эзэн, буцах хаягтай тов тодорхой мэдэгдлийг нийтэлсэн атал гэмт хэрэг үйлдсэн хэмээн сэтгүүлч бүсгүйг буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэжээ. Улмаар түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөнд халдсан ноцтой явдал байлаа. Харамсалтай нь Монголын хууль хяналтынхан үүнд дүгнэлт хийхийг хүссэнгүй. Түүнийг дээрх асуудлаар хоёр дахь удаагаа, олон хоногоор цагдан хорих хууль бус шийдвэрийг өнөө жилийн Үндэсний их баяр наадмын өмнөхөн гаргасан юм. Мөн С.Баттулгын нийтэлсэн мэдээллийн эх сурвалж болох Г.Буяндоржийг ч саатуулаад авсан. Ардчилсан засаглалтай Монгол Улсад анх удаа сэтгүүлчийг эх сурвалжтай нь хорьж, цагдаж буй уг явдал нийгмийг гайхшруулж байна. Шуудхан хэлэхэд энэ бол Ардчилсан намын нэр хүндийг нийгэмд гутаан доромжлох гэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа. “Ард түмний итгэл хүлээлгэж, төрд гаргасан нам нь ийм өөдгүй зан гаргаж, та нарын эсрэг турхирч байна шүү” гэж АН-ыг муухай харагдуулахыг оролдсон ядмагхан заль юм даа.

Хорвоогийн буруу, зөвийг дэнсэлж, зөвхөн чин үнэнч, шударгаар ажиллахаа амлан тангараг өргөж, Монгол Улсынхаа туганд мэхийн сөгддөг хууль, шүүхийнхний гишгэлт бүрийг энгийн иргэд анхааралтай ажиглаж суудаг. Гаргасан шийдвэр болгон нь хаашаа хазайж, үнэний дэнс хэрхэн дийлж байгаа нь ч ард түмний нүдэнд ил байдаг болохоор түвэггүйхэн “шүүчихнэ”. Тиймдээ ч тэдний явуулж буй үйл ажиллагаа, гаргасан шийдвэрүүд нь санаандгүй эсвэл бодлогогүй алхам байжээ гэдэгт итгэх хүн байдаггүй. Малын хулгайчид л үнэмшдэг байх. Уг нь хууль шүүхийнхэн хэн нэгэн албан тушаалтан, эрх мэдэлтний нөлөөнд орохгүй, бие даасан хараат бус ажиллах ёстой салбар. Гэтэл энэ бол зүгээр л үлгэр юм байна гэдгийг болж буй үйл явдлууд тод харуулсаар. Дээрээс нь хууль шүүхийнхэн авлигыг хамгийн их өөгшүүлсэн гэдгээ өөрсдөө зарлачихсан шүү дээ. Авлигаас ангид байхын тулд цалингаа нэмүүлэх гаргалгааг эрэлхийгчид юм, тэд. Үнэндээ хууль шүүхийнхэн бүх зүйлийг санаатайгаар, бодлоготойгоор, урьдчилан төлөвлөж, зохион байгуулалт­тайгаар хийдэг. Энэ салбарын дунд шатныхан цэнхэр тугтай бүдүүлгүүдэд үнэн голоосоо дургүй. Хууль шүүхийнхний хэд хэдэн үе дамжсан, удам залгасан нөхдүүд зөвхөн Ардын намдаа л хайртай. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суухав гэгчээр тэднийг ингэж хардах болсон үндэслэл өөрсдөөс нь улбаатай. Дан ганц сэтгүүлч С.Баттулгад тохиолдоод буй явдалтай ч холбоотой биш. Түүн дээр явуулсан зохион байгуулалттай ажиллагаа шиг үйл явдал урьд нь олонтаа давтагдаж байсан гашуун түүх бий. Ардчилсан нам Монголын парламентын түүхэнд хоёр удаа олонхи болж төр барьсан. Энэ хугацаанд ардчилсан хүчний нэрийг сэвтүүлж, хийсэн гавьяаг нь баллуурдах гэсэн оролдлого бүрийг хамгийн ихээр уухайлагчдыг ард түмэн ч андахгүй. Ардчилсан намыг засаг барьж байх тэр үед юу болсныг эргэн саная.

1996-2000 онд Ардчилсан нам дангаараа УИХ-д 50 суудал авч, олонхи болсон. 1998 оны аравдугаар сарын 2-нд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан. Өнөө маргаашгүй Ерөнхий сайдын албан тушаалд томилогдох тухай шум гараад байхад ийн харамсалтайгаар бусдын золиос болсон юм. Бүхэл бүтэн 17 жилийн нүүр үзсэн энэ хэргийн гогцоо одоо болтол тайлагдаагүй. Харин хэрэг дээр ажилласан, талийгаачтай урьд нь ямар нэгэн сэжмээр холбоотой байсан гэгдэх хүмүүс амиа алдсан тухай жагсаалт гарсан нь ч бий. Тэр жагсаалтад хэргийн мөрдөн байцаагч, прокурор, гэмт этгээдийг анх харсан гэгдэх жирийн иргэн, таксины жолооч гээд 20 орчим хүн учир битүүлгээр хорвоог орхицгоосон гэж тэмдэглэсэн байдаг юм билээ. Ерөөсөө С.Зоригийн хэргийг илрүүлэхийг манай хуулийнхан хүссэнгүй. Тэд огт хөдөлж өгөөгүй. Тэр бүү хэл “Ардчилсан нам төр барьж байгаа цагт С.Зоригийн хэрэг илрэхгүй” гэсэн мессэжийг ард түмэнд өгч байсан юм. Ардчиллынхан төрийн эсрэг байсан мэтээр хуулийнхан харагдуулж чадсан. Тэд ийм л хүмүүс. Нөгөө талд талийгаач С.Зоригийн амиа алдсан явдал зарим нэг олз хайгчдад аманд нь орсон шар тос мэт болж байв. Тухайлбал, 2000 оны сонгуульд зарим нэг нэр дэвшигч нийгэмд хүлээлт дагуулсан энэ хэргийг далимдуулж, “Намайг сонговол С.Зоригийг хөнөөсөн этгээдийг илрүүлнэ” гэхчилэн лоозогнож, уриагаа болгон шоудаж байсан удаатай.

С.Зориг амиа алдсанаас нэг жилийн дараа буюу 1999 онд Казиногийн хэрэг мандсан. УИХ-ын гишүүдийн 80 орчим хувийн дэмжлэгтэйгээр батлагдаж байсан энэ хууль олонхийн саналаар унах нь тэр. Дараагийн ээлжит сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдээд байхад тухайн үеийн МАХН болох одоогийн Ардын намын тэргүүтэй УИХ-ын нэр бүхий гишүүд Казиногийн хуулийг хүчингүй болгуулах ажиллагаа явуулсан юм. Судлаачдын тэмдэглэснээр С.Зоригийн хэрэг илрэх магадлал өндөр байсан учраас Казиногийн хэргийг зохиомлоор үүсгэж, өндрийг нь авахуулсан гэх юм билээ. Ийнхүү Монголын түүхэнд анх удаа Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг энэ хэрэгтэй холбогдуулан түтгэлзүүлж байв. Одоогийн НИТХ-ын дарга Д.Баттулга, баригадын генерал Д.Энхбаатар, тухайн үеийн Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд С.Батчулуун агсан нарыг казиногийн хэргээр хоморголон шоронд хорьж байсан юм.

Харамсалтай нь С.Батчулуун сайд хоригдож байх хугацаандаа нас барсан. Харин Казиногийн хэрэгт нэр нь холбогдон ганц нэг удаа асуугдаж байцаагдаж байсан МАХН-ын хэд хэдэн гишvvн ямар ч ял зэмгvй өнгөрч байсан нь хэн бүхэнд сэжиг төрүүлдэг. Тэр үеийн МАХН-ын нарийн бичгийн дарга асан Б.Энхмандахын нэр ч дуулдаж байсан санагдана. Тэрбээр 25 саяыг авлигаар биш зээлээр авсан гэж гvрийхэд хуульчид “итгэж” мань хvнийг сулласнаар барахгүй Их Британид дипломат ажил эрхлүүлэхээр томилж байсан. Түүнээс гадна МАХН-ын хэд хэдэн гишүүний нэр дуулдаж байгаад намжсан байдаг.

Ингээд 2000 оны сонгуульд МАХН буюу өнөөгийн Ардын нам УИХ-д 72 суудал авсан юм. Өмнөх парламентад нь сөрөг хүчин болоод сууж байсан Ардын намынхны явуулсан хор уршиг нь ийм л байна. Нэг ёсондоо хууль, хяналтынхныг ашиглаж санасандаа хүрч чаджээ. Тэд төрийн эрхийг аваад тендер, газар, лицензийн наймааг жинхэнэ цэцэглүүлсэн. Өөрсдийнхөө бохир бизнесийг гүйцэлдүүлэхийн тулд увайгүй башир арга хэрэглэдэг нь одоо ч хэвээр. Ардчилсан хүчнийг дараагийн сонгуульд ялахаас болгоомжилж “Хамгийн муу ёрын нам” болгон харагдуулж, нийгэмд ийм сэтгэхүйг суулгахыг оролдож байна. Ардчилсан намыг улс төрөөс арчиж, нийгэмд байхгүй болгох Ардын намын ажиллагааг хууль шүүхийнхэн зохион байгуулалттайгаар гүйцэлдүүлдэг. Тэд өөрсдийнхөө бусармаг үйлдэлдээ бат итгэлтэй байдаг бололтой. “Тэртэй тэргүй дараагийн сонгуульд Ардчилсан нам ялагдана” гэсэн хандлагаар засаг төр барьж байгаа эрх баригч намынхаа удирдлагуудын үгэнд орохоо больдог нь гэм биш зан болжээ. Хууль, шүүхийнхэн яг одоо энэ өнгөндөө орж ирж байна. Үндсэндээ хууль шүүх, цагдаагийнхан гол зорилгоо Ардчилсан намын нэрийг уландаа гишгэхэд чиглүүлж, төрийн эсрэг ажиллаж эхэлдэг.

Өмнө нь тэд Хууль зүйн сайдаа шоронд хорьж, хөнөөсөн. Тэгвэл Ардын намын нөхөд иймэрхүү зүйлд орооцолдлоо гэхэд яах бол. Хууль зүйн сайд байсан Ц.Нямдоржийг ингэж чангалж чадах болов уу. Арай ч шоронд илгээчихгүй, ихэд хайрлана даа. Ардын намын хуучцуул болон багачуудын хийсэн балмад танхай явдал, дээрэм луйвар гээд хууль зөрчсөн явдал нь өнгөрсөн 25 жилд хэрээс хэтэрсэн. Жишээлбэл, Монголын түүхэнд хар толбо болон үлдсэн ойрын жишээ болох долдугаар сарын 1-ний үйл явдлыг бүгд тод санаж байгаа. 2008 оны сонгуулийн дүнг эсэргүүцэн Ардчилсан намд саналаа өгсөн иргэд ардын нам буюу хуучин ху-гийн нөхдөөс ам асуух гэж намын байрных нь өмнө эсэргүүцлээ илэрхийлж жагссан. Монгол хүн монгол хүн рүүгээ гал нээх тушаалыг тухайн үеийн ху намын удирдлагууд гаргаж таван хүний алтан амийг авч одсон. Ингээд Ардын нам УИХ-д 45 суудал авч, олонхи болсноор гэмт этгээдүүд уснаас хуурай гарцгаасан юм. Гэвч хэрэг хуучирдаггүй гэдэг.

Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг Монгол Улс баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчдаа хорьж, дүрвүүлэн, ардчиллын нүд, чих, дуу хоолой, амин сүнс болсон сэтгүүлчийгээ ч эх сурвалжтай нь шоронд хийсэн явдлыг дэлхий нийт нүдээ бүлтийлгэн харж байна. Хорьж цагдана гэдэг бол бусад оронд шившиг болж байна гэсэн үг. Нийгэм даяар Ардчилсан хүчнийг харааж, зүхэж эхэллээ. Энэ хэрээр Ардчилсан намын нэр хүнд хүссэн хүсээгүй шороотой хутгалдаад ирж байгаа юм. Ингэж төр барьж байгаа намаа зохион байгуулалттай гутаан доромжилдог ажиллагаандаа хууль, шүүхийнхэн бүр өөгшөөд байна.

Цаана нь зохиомол хэрэг гэж яригдаад байгаа Л.Гансүх, Г.Дэнзэн нарын асуудал юу болох юм бэ. Хууль шүүхийнхний зохион байгуулалттай ажиллагааны цаад зорилго бол Ардчилсан нам төр барьж буй үед нөлөө бүхий гишүүд нь шоронгийн хаалга татаж, ээлж дараалан бусармаг үйлдэл гарган, төр барьж чаддаггүй гэсэн сэтгэхүйг нийгэмд суулгах юм. Өнөөдөр Засгийн газрыг Ч.Сайханбилэг толгойлж, Хууль зүйн яамыг Д.Дорлигжав даргалж байгаа юм бол одоо доод албан тушаалын хүмүүсээ захирсан шиг захирч, дэгэнд нь оруулах цаг ирснийг болж буй үйл явдлууд сануулаад байна. Тэднийг зангидсан гар шиг нэгдмэл бодлогоор “хүмүүжүүлэх” хэрэгтэй болжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаарт “Энэ худлаа тээ, Р.Бурмаа аниа” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаарт “Энэ худлаа тээ, Р.Бурмаа аниа” нийтлэл хэвлэгдлээ. Мөн УИХ-ын гишүүн С.Оюунтай хийсэн сонирхолтой ярилцлагыг хоёрдугаар нүүрээс уншаарай. Тэрээр АСЕМ-ийн чуулганы үеэр хувийн хэвшлийн олон үйлчилгээ шинээр нээх болоод Монголд ногоон байгууламжид хөрөнгө босгох боломжтой гэж үзэж байгаа аж. Түүнчлэн хичээлийн шинэ жил эхлэхэд сарын хугацаа үлдээд байна. Тиймээс манай сонин сургуулиудын шинэчлэл, өргөтгөлийн ажил ямар байгааг сурвалжилсан юм.

Сумогийн дэвжээнд монголчуудаа түүчээлсэн Кёкүтэнхо Н.Цэвэгням зодог тайлсан. Түүнийг хэрхэн сумогийн ертөнцөд орсон. Ямар дээд амжилтууд үзүүлж байсан болон өөрөө зодог тайлж буй талаараа юу гэж хэлсэн зэрэг мэдээллийг 11 дүгээр нүүрт нийтлэлээ. Мөн Г.Буяндорж, сэтгүүлч С.Баттулга нарыг шүүх хурал өчигдөр болсон. Энэ талаар мэдээллийг 7 дугаар нүүрээс сонирхох боломжтой.

Ардчилсан сонгуулийн 25 жил өнөө онд тохиож байгаа. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Л.Болд “Буруу систем рүү орчихвол хувьсгал хийдэг байхгүй юу” хэмээн дурссан байна. Түүнчлэн хүүхэд хурхирах, амаараа амьсгалах нь олон шалтгаантай аж. Энэ талаар эрүүл мэндийн нүүрэнд уншаарай. Түүнчлэн гадаад мэдээ, дурсахуй, баримт үзэл бодол зэрэг брэнд нүүрнүүддээ сонирхолтой материалуудыг нийтлэлээ.

Дашрамд дуулгахад, манай сонинтой холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 1900-1987 дугаараас лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Шинэ хуулиар согтуу жолоочид дараах арга хэмжээг авна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулиар согтуу жолоочид дараах арга хэмжээ авна.

27 дугаар зүйл.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодох

27.1.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.

27.2.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

27.3.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

27.4.Энэ хуулийн 27.1-д заасан зөрчлийг давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаагаар баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.