Categories
гадаад мэдээ

Мерс вирусаар дахин нэг хүн нас барлаа


Ойрхи Дорнодын амьсгалын замын синдром буюу Мерс вирусаар дахин нэг хүн
нас барсан тухай Өмнөд Солонгосын эрүүл мэндийн албанаас мэдэгдлээ.
Одоогийн байдлаар тус улсад Мерс вирусын халдвар авсан хүний тоо 64, хөл
хорионд орсон хүмүүсийн тоо 1600-д хүрээд байна. Халдвар авсан
хүмүүсийн дунд өвчтөнүүдийг эмчилж байсан эмч багтсан нь олон нийтийг
ихээхэн түгшээж байгаа аж.

Тус улсад сая шинээр 14 тохиолдол бүртгэгдсэний 10 нь нэг эмнэлгээс
илэрчээ. Өөрөөр хэлбэл эмнэлгээр үйлчлүүлж байхдаа вирусын халдвар авсан
байх магадлал өндөр гэж албаны хүмүүс мэдээлж байна. Сөүл хотын
захирагч Пак Вон иргэдэд Мерс вирусын талаар хангалттай мэдээлэл
олгохгүй байна гэж Засгийн газрыг буруутгажээ.

Дашрамд, Өмнөд Солонгост бүртгэгдсэн МЕРС-ийн анхны тохиолдол 68 настай
эрэгтэй байжээ. Тэрээр Ойрхи Дорнодын улсуудаар аялсны дараа тавдугаар
сарын 4-нд эх орондоо ирсэн байна. Түүнийг Саудын Араб, Катар, Арабын
Нэгдсэн Эмирт, Бахрайн улсуудад албан томилолтоор очсон гэж ДЭМБ
мэдээлжээ.

Мерс вирусын гол халдвар тээгчийг тэмээ гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Харамсалтай нь уг вирус амьтнаас хүнд, хүнээс хүнд хэрхэн халдварладаг
нь тодорхойгүй байгаа юм. Харин халдвар авсан хүнд өндөр халуурах,
ханиалгах, амьсгалахд хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Categories
мэдээ нийгэм

Төв шуудангаас Цэцэг төв хүртэлх зам хаалттай байна

Төв шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал
хүртэлх замыг өчигдөр оройны 20.00 цагаас эхлэн хаажээ. Уг зам энэ сарын
25-ны өдөр хүртэл хаалттай байх юм. Энэ хугацаанд замын хөдөлгөөнийг
тухайн 2 уулзварт хааж Цэцэг төвийн уулзвараас 1-р сургуулийн уулзвар
хүртэл нэг чигийн хөдөлгөөнд оруулан Сөүлийн гудамж, Сүхбаатарын гудамж
бага тойруугаар хөдөлгөөнийг задлан Чингисийн өргөн чөлөөнд нэмэлт түр
гэрлэн дохио байрлуулан замын хөдөлгөөнийг зохицуулна. Баруунаас ирэх
нийтийн тээврийн автобусыг Сөүлийн гудамжаар оруулан Энхтайвны өргөн
чөлөө уруу зүүнээс ирэх нийтийн тээврийн автобусыг Сүхбаатарын гудамжаар
оруулан Чингисийн талбайн баруун талд 2 автобусны зогсоол түр байгуулан
иргэдэд үйлчлэх аж. Энэ жил нийслэлд Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр
47,62 км автозам, 453 урт метр гүүрийг шинээр ашиглалтад оруулж, 37,65
км автозам, 134 урт метр гүүрийг өргөтгөн шинэчлэх бөгөөд олон жилийн
насжилттай зуслангийн замууд, дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх
гэж байна. Инженерийн дэд бүтцийн нийт 1153 төсөл, арга хэмжээг
хэрэгжүүлэхээс хамгийн өргөн хүрээнд хийгдэх ажил нь Улаанбаатар хотын
дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600500 болгон өргөтгөх ажил аж.
Зам засвар, шугам хоолой солих ажлыг 2015 оны 06 дугаар сарын 06 ны
өдрөөс эхлэн 2015 оны 08 дугаар сарын 16 өдөр хүртэл Энхтайвны өргөн
чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун 4 замын уулзвар хүртэлх
замыг 3 үе шаттайгаар хааж гүйцэтгэхээр болсон байна. Эхний үе шат буюу
Төв шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал
хүртэл замын зорчих хэсэг учир ийнхүү хаагаад байна. Харин 2 дугаар үе
шат буюу Цэцэг төвийн уулзвараас УИД-ийн уулзварыг 06 дугаар сарын
25-ны өдрөөс хаахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Хиймэл зүлгийг 1.2 тэрбум төгрөгөөр хийж байна


Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ жил 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр
хиймэл зүлэг тавьж буй юм. Монгол бөхийн холбооныхон энэ зүлгэн дээр
туршилтын барилдаан хийлгэж, халтиргаа, гулгаа багатай, бэртэл гэмтэл
авах нь гайгүй гэж үзжээ.

Наадмаар л бөх барилддаг биш жилийн дөрвөн улирлын туршид Төв
цэнгэлдэхийг ашиглалттай болгохоор холбогдох албаныхан зорьж байгаа аж.
Тиймээс энэ сарын 20 гэхэд хиймэл зүлгийг дэвсч дуусах юм байна. Улмаар
энэ сарын 25-наас наадмын нээлтийн арга хэмжээний бэлтгэл эхлэх аж.

Дээрх ажлын хүрээнд цэнгэлдэхийн талбайг бүрэн бетондож дууссан бөгөөд зөөлөвч болон зүлэг дэвсэх ажил дутуу байгаа юм байна.

Categories
гадаад мэдээ

Аврагчид 406 хүний цогцосыг олжээ

Хятадын Хөх мөрөнд осолдож живсэн “Дорнын од” хөлгийг өнгөрсөн баасан
/VI.5/ гаригт унаас татаж гаргасан юм. Уруу харан живсэн хөлгийг дээш нь
эргүүлж, уснаас татан гаргаснаар 406 хүний цогцосыг олжээ. Гэхдээ 40
гаруй хүний цогцосыг одоо болтол олоогүй байна. Өнгөрсөн даваа /VI.1/
гаригт болсон ослоос 14 хүнийг л аварч чадсан юм.

456 хүнтэй “Дорнын од” хөлөг шуурганд өртсөнөөс болж хөмөрч живжээ.
Ослоос хойш долоо дахь өдөр буюу өнөөдөр /VI.7/ Хөх мөрөнгийн эрэгт
хохирогчдын ар гэрийнхний 1400 гаруй хүн гашуудлын үйл ажиллагаа зохион
байгуулж байна.

“Дорнын од” хөлгийг эзэмшигч компанийн ерөнхий менежер Jiang Zhao
өчигдөр /VI.6/ Хятадын телевизээр албан ёсоор уучлал гуйсан байна.

Categories
гадаад мэдээ спорт

Барселона “Аваргуудын лиг”-т дөрөв дэх удаагаа түрүүллээ

Өнгөрсөн шөнө европын хөлбөмбөгийн холбооны хамгийн том, нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лиг-ийн 2014-2015 оны улирлын финалын тоглолт боллоо. Финалд Италийн аваргууд болох энэ тэмцээнд хоёр удаа түрүүлж байсан Ювентус болон Испанийн аварга энэ тэмцээнд гурван удаа түрүүлээд байсан Барселона багууд шалгараад байсан юм.

Финалын тоглолт Берлин хотын “Олимпийн цэнгэлдэх” хүрээлэнд явагдлаа. Уг тоглолтод Каталон үндэстний нэр төр Барселона клубынхэн 3:1-ээр өрсөлдөгчөө буулган авч дэлдэн чихтийг дөрөв дэх удаагаа өргөлөө. Тоглолт ерөнхийдөө Барселонагийн давамгайлал дор явагдсан. Тэмээний эхний гоолуудыг Ювентүс: Morata (55′) Барселона: Rakitic (4′) Suarez (68′) Neymar (90′) орууллаа.

Categories
мэдээ нийгэм

Кофе уух хамгийн тохиромжтой цагийг тогтоожээ

Хүмүүсийн ихэнх нь өглөө эрт кофе уудаг зуршилтай байдаг.

Тэгвэл судлаачдын олж тогтоосноор энэ нь эрүүл мэндэд сайнгүй гэнэ.

Учир нь өглөө эрт хүний биед кортизол хэмээх даавар эрчимтэй ялгардаг.
Энэ үед кофейн хэрэглэхэд түүнийг дарж гүйцэтгэх үүргийг нь сулруулдаг
аж.

Зөвхөн өглөө эрт биш өдөрт гурван удаа энэ дааврын ялгаралт эрчимждэг гэнэ.

Тиймээс кофе уух хамгийн тохиромжтой цаг: өглөөний 10 цагаас 12 цаг, үдээс хойш 2 цагаас 5 цагийн хооронд.

Энэ үед кофе ууж хэвшвэл биеийн эрүүл мэндэд хамгийн сайн болохыг судлаачид зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

“School Police”-д шинэ санаа гаргасан хамт олныг шагнахaar болжээ

Нийслэлийн цагдаагийн газраас Монголын сурагчдын холбоотой байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн School Police эргүүлийн үйл ажиллагаанд хяналт тавих, үйл ажиллагааг улам өргөжүүлэх, идэвхи санаачлагатай дэмжин оролцож байгаа байгууллага, хамт олон, эцэг эхчүүдийг урамшуулах зорилгоор “School Police” төв байгуулж, албан ёсоор үйл ажиллагаа явуулахаар болж, амжилттай хэрэгжиж байгаа.

Үүний үр дүнд сургууль орчимд үйлдэгддэг гэмт хэрэг, зам тээврийн осол аваар эрс багассан гэхэд болно.

Тэгвэл уг үйл
ажиллагааг улам эрчимжүүлэх зорилгоор “School POLICE” эргүүлд амжилттай
ажилласан эцэг эх, багш, нийгмийн ажилтан, захирал, шинэлэг санаа
гаргасан сургууль хамт олныг шагнан урамшуулахаар болжээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ч.Сайханбилэг: Ипотекийн зээлийн урьдчилгаа 20 хувьд Засгийн газраас баталгаа гаргана

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан Ерөнхий сайдын цагаар үргэлжиллээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ удаа иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд авч буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Засгийн газар 2003 оноос эхлэн орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ипотекийн зээлийг олгож эхэлснээс хойш нийт 67 мянга 612 иргэнд хоёрих наяд 957,85 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. 1657 иргэнд 57,75 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхийн зэрэгцээ ахмадын байрны асуудлыг шийдээд явж байна. Мөн Хөгжлийн банкны “Чингэс” бондоос салбарыг дэмжиж хийсэн хөрөнгө оруулалт амжилттай хэрэгжиж байгаа. Тиймээс Засгийн газар энэ арга хэмжээний эхлэл болгон ипотекийн зээлийг тогтвортой, урт хугацаанд үргэлжлүүлэхийн тулд “Нийгмийн даатгалын сангийн тухай” хуульд нийгмийн даатгалын санг дотоодын институциональ хөрөнгө оруулагч болгон ашиглах, тус сангийн хуримтлал хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдан авахтай холбогдсон нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлсэн. Засгийн газрын “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д урьдчилгаа төлбөрийн хэмжээг 10-30 хувь байхаар тусгасан ч 2013-2014 онд 30 хувиар хангагдаж ирсэн.

Энэ төлбөрийн 20 хүртэл хувьд нь Засгийн газар баталгаа гаргаснаар банкны хувьд эрсдэлгүй бөгөөд иргэд 10 хувийг төлөөд урт хугацаанд үлдсэн 20 хувийг төлөх боломж бүрдэнэ. УИХ бодлогын түвшинд дэмжлэг үзүүлбэл Засгийн газар урьдчилгаа төлбөрийг бууруулах бололцоотой арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Одоогоор ТОСК-ийн үйл ажиллагааныхаа хүрээнд 2014 онд Архангай, Увс, Сэлэнгэ, Дархан-Уул, Ховд, Хэнтий зэрэг аймагт, мөн Улаанбаатар хотод “Буянт-Ухаа I” хороолол, “Буянт-Ухаа II“ хорооллын нэгдүгээр хэсэг нийт 5156 айлын орон сууцны 297 тэрбум төгрөгийн төслийг эхлүүлж 197 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Мөнэнэ онд “Буянт-Ухаа II” хорооллын хоёрдугаархэсэг, VII хороолол, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “Эко-Яармаг” төсөл, Багануур дүүрэг, Говь-Алтай, Хөвсгөл, Орхон аймагт нийт 10 мянга 709 айлын орон сууцны 814 тэрбум төгрөгийн төслийг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Нийслэлийн хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний угсралтын ажлыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 14 байршлын 27 хэсэгчилсэн талбайд гүйцэтгэж байгаа бөгөөд найман байршлын14 хэсэгчилсэн талбайд орон сууцны хорооллын цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус ариутгах татуурга, холбооны иж бүрэн ажлын зургийг боловсруулсан. Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ Яармаг” төслийг хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкны “Чингэс” бондоос ТОСК-аар дамжуулан 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэсэн байна. Мөн 1680 айлын орон сууцны “Эко-Яармаг” төслийн санхүүжилтийгБНТУ-ын “EYG Групп” компани өөрийн хөрөнгөөр барихаар тохиролцож Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна” гэлээ.

Түүнийг ийнхүү мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Барилгын салбарт, иргэдийг орон сууцаар хангахын тулд төр хувийн хэвшлийнхэн хамтран зүтгэж байгаа. Гэтэл үүнтэй зэрэгцээд төрийн зарим байгууллага ажилчдаа орон сууцаар хангахаар газар авч, байшин барьж байна. Тэгээд нөгөө барилгаа ажилчдадаа арилжиж нэг талын бизнес хийж байна. Жишээ нь Гадаадын иргэн харьяатын газар. Тэдний үйл ажиллагааг ажилчдаа орон сууцаар хангах нь гээд дэмжиж болох ч яам, агентлаг хүртэл барилгын салбарт өрсөлдөж байгаа юм биш үү. Мөн Засгийн газар зээлийн урьдчилгааны 20 хувийг төлнө гээд байгаа. Яг ямар учиртай асуудал байна вэ. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу” хэмээн асуулаа. Асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Яам агентлагууд барилга барьдаг асуудлыг нэг тийш болгоно. Бүгдийг ипотекийн хүрээнд хамруулахаар ажил эхэлсэн. Төрийн байгууллагууд ажилчдаа орон сууцанд ороход нь дэмжихээр болбол урьдчилгаа төлбөрийг нь шийдэхээс эхлээд гарц хайж байгаа. Харин ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 10 болгож үлдсэн 20 хувьд Засгийн газар баталгаа гаргана гэдэг нь эдийн засаг хямарсантай холбоотой асуудал. Засгийн газар 20 хувийн санхүүгийн дэмжлэгтэй оролцох уу эсвэл 20 хувьд нь баталгаа гаргаж оролцох уу гэдэг удахгүй тодорхой болно” гэж хариулав. Тэгэхэд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Хотын захаар газрын үнэ арван сая ч хүрэхгүй байхад хотын төвд 200-300 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Захын хорооллын газрыг яаж үнэд оруулах вэ” хэмээн асуухад Д.Цогтбаатар сайд “Зах зээл нь ийм байгаа. Дэд бүтцэд холбогдсон газар үнэтэй байгаа учир цаашид дэд бүтцийг шийдэхийн тулд түлхүү ажиллах хэрэгтэй” гэв.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн А.Тлейхан “Баригдаад борлогдохгүй байгаа орон сууц хэд байгаа вэ” гэдгийг тодруулж Д.Цогтбаатар “36 мянган орон сууц борлогдоогүй” хэмээн хариулсан. Мөн Ж.Батзандан гишүүн “ТОСК барилгын зах зээлд яаж нөлөөлж байгаа вэ. Дээхнэ үед баригдсан барилгуудыг шинэчлэх асуудал төрийн бодлогын аль хэсэгт яваа вэ” хэмээн асуув. Тэгэхэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “ТОСК зах зээлийн боломжит үнийг тогтоох зорилгоор ажиллаж байгаа. Харин барилгууд чанар муудаагүй байхад насжилт өндөр гээд шууд барьж аваад шинэчлээд явчих боломж байхгүй” гэсэн юм. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хүний эрх хамгийн ихээр зөрчигдөж байгааг Засгийн газар анхааралдаа аваарай. Ер нь энэ асуудалд ямар хариулт хэлэх юм” гэж асуухад нийслэлийн Засаг даргыг төлөөлж ирсэн мэргэжилтнүүд “Бид хүний эрх зөрчигдсөн үү гэдэг тайлбарыг авсан. Ямар нэгэн байдлаар хүний эрхэд халдсан тохиолдол байхгүй. Бидний эрх зөрчигдлөө гээд хэвлэлийн бага хурал хийгээд байсан хүмүүсийг шалгахад тэдний нэг нь ч дахин төлөвлөлтөд хамрагдсан бүсэд амьдардаггүй нь тогтоогдсон” гэдэг хариултыг хэлсэн. А.Бакей гишүүн “Барилгын үнэ бууж байгаа юу” хэмээн асууж ТОСК-ын захирал А.Гантулга “Метр квадрат нь дор хаяж 500 мянган төгрөгөөр буусан” гэдгийг ч хэлж байлаа. Мөн Ц.Нямдорж гишүүн “Хотын Засаг дарга Э.Бат-Үүл хаана байна. Гэр хорооллын иргэдийг халуун хүйтэн усаар хангана гэсэн юу болов. Тэгээд дахин төлөвлөлт гэж хачин юм эхлүүлчихээд байгаа. Иргэд газраа албадлагаар өгчихсөн. Гэтэл ажил нь ядаггүй. Газрыг нь хүчээр авчихаад гадас ч зоогоогүй байна. Энэ хүмүүс хэдэн жил гэр оронгүй явах вэ. Орон сууцны найман хувийг зарлаж асуудалд төр оролцож эхэлснээс хойш байрны үнэ хоёр дахин нэмэгдсэн. Одоо 10 хувь болгоно гээд хэдэн хувь болгож өсгөх бол доо. Газраа өгөхгүй гэсэн иргэний усыг нь, цахилгааныг нь тасалдаг асуудал хавтгайрлаа” гэхэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “УИХ-аас нийгэм, зах зээлд цацаж буй мэдээлэлдээ болгоомжтой хандах хэрэгтэй байна. Түрүүн Д.Цогтбаатар сайд 36 мянган орон сууц зарагдаагүй гэлээ. Яг үнэндээ арав хүрэхгүй мянган орон сууц өнгөрсөн жил үлдсэн. Өнөө жил баригдах барилга нэмэгдээд 36 мянгад хүрнэ” хэмээн хариулснаар Ерөнхий сайдын мэдээллийн цаг дууссан юм.

Харин энэ өдрийн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Бодлогын баримт бичгийн зорилгыг товчхон сонирхуулъя. Аж үйлдвэрийн салбарыг дэвшилтэт техник, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож, Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд чиглэж байгаа юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд долоон зорилт дэвшүүлжээ. Тухайлбал, Аж үйлдвэрийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгож, үйлдвэрлэл эрхлэх таатай орчин бүрдүүлнэ. Аж үйлдвэрийн хөгжлийн бүсийг тодорхойлон “Монгол Улсын аж үйлдвэрийн нэгдсэн төлөвлөлт, зураглал”-ыг экосистем, хүн амын нутагшил, суурьшил, түүхий эдийн нөөц, дэд бүтцийн бодлоготой уялдуулан боловсруулна. Үлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, үйлдвэрлэлийн кластер, чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн парк, тээвэр логистикийн сүлжээг цогцоор нь төлөвлөн хэрэгжүүлнэ. Дэвшилтэт техник, өндөр технологи, инновацид суурилсан, нийгэм, эдийн засгийн үр ашиг бүхий боловсруулах үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалт, санхүүгийн бодлогоор дэмжинэ. Аж үйлдвэрийн салбарт төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагааг дэмжих, хүний нөөцийг чадавхижуулах, бэлтгэх, худалдааны таатай орчин бүрдүүлэх, экспортыг төрөлжүүлэх асуудлууд багтаж байна. Дээрх зорилтуудыг гурван үе шаттайгаар тус бүр таван жилийн хугацаатай 2015-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Бодлогын бичиг баримтыг хэрэгжүүлснээр боловсруулах аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин нэмэгдэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дотоодын хэрэгцээгээ хангах юм байна. Дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болно гэж салбарынхан үзэж байгаа. Байнгын хороон дээр 40 зарчмын зөрүүтэй санал гарсан тул санал бүр дээр гишүүд асуулт асууж байлаа. Энэ үеэр гишүүдээс асуудал ихтэй бодлогын баримт бичгийг эргүүлэн татаж, зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгээд оруулж ирэх санал ч гарч байсан юм. Гишүүд Эдийн засгийн байнгын хорооны даргаас асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: -Дорноговь аймагт Аж үйлдвэрийн парк байгуулна гэж хэдэн жил ярьсан юу болсон бэ. Хөнгөн, хүнсний үйлдвэрийн бодлого, аж үйлдвэрийн кабинет байсан газрыг сэргээж байгуулах асуудал хэлэлцүүлгийн явцад хэр зэрэг тодорч гарав.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: -Яам байгуулагдаад зургаан сар болж байгаа. Харьцангуй богино хугацаанд бодлогын баримт бичгээ боловсруулж оруулж ирсэн. Байнгын хороон дээр зарчмын зөрүүтэй санал орж ирсэн. Зам тээврийн яам, Х.Баттулга сайдыг ажиллаж байх явцад яригдаж байсан асуудал. Дараа дараагийн үйлдвэрүүд түүхий эдээ дагаж байгуулагдана. Бодлого батлагдвал хөнгөн, хүнсний үйлдвэр байгуулагдана гэж ойлгож байгаа.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: -Ажлын хэсгийн саналуудыг харж байхад зарим асуудал үлдчихсэн юм шиг байна. Салбарын бодлогыг гаргахдаа аль салбараа түлхүү хөгжүүлэх вэ гэдгийг чухалчлах хэрэгтэй. Баримт бичгийг харж байхад бүх л салбараа хөгжүүлчих юм шиг ойлгогдоод байна. Ийм олон санал хураалттай бодлого орж ирэхээр унах магадлал өндөр байдаг. Тэгэхээр эргэж татаад, дахиж оруулж ирж болдоггүй юмуу.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: -Олон нөхөөстэй гэдэг асуудал яригдсан. Татаж аваад дахиж боловсруулах асуудал байнгын хороон дээр дэмжигдээгүй хэмээн хариулж байлаа. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж дууссан.

Л.Мөнхөө

М.МӨНХ

Categories
мэдээ цаг-үе

Р.Мөнхсайхан: Гурван зуун мотоцикльчин анх удаа наадам хийх гэж байна

“Улаанбаатар” чуулгын дарга Р.Мөнхсайхантай ярилцлаа. Зарим хүн түүнийг рок мангас хэмээх тодотголоор нь мэднэ.

-Та “Венийн үдэш” цэн­гүүний ерөнхий найруу­лаг­чаар ажиллалаа. Энэ удаагийн Венийн үдэш ямар онцлогтой болсон бэ?

-“Венийн үдэш” цэнгүүн Чингэсийн талбайд хоёр дахь удаагаа боллоо. Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрын симфони оркестр, Улсын филармоний симфони оркестр, Нийслэлийн Улаан­баа­тар чуулгын “Хангарьд” үндэсний найрал хөгжим, Хүүхэд Залуучуудын сур­галт хүмүүжлийн тусгай цогцолборын үлээвэр хөгж­мийн хамтлаг, Зэвсэгт хүчний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим болон Улаанбаатар бүжгийн Спортын холбоо, Монголын Нийтийн бүжгийн холбооны бүжигчид оролцсоноороо онцлог юм.

“Венийн үдэш” цэнгүүнд И.Штраусын бүтээлүүдээс гадна “Уран хас”, “Дурлалын вальс”, “Миний Улаанбаатар” зэрэг Монголын сонгодог вальс хөгжим эгшиглэлээ. Монголын урлагийн шилдгүүд нэг дор цугларсан “Венийн үдэш” цэнгүүний ерөнхий удирдаачаар Австри улсаас Маттhias Fletzberger, Монгол улсаас УГЗ Н.Бүтэнбаяр, УГЗ Н.Туулайхүү нар оролцлоо. Нийт 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй симфони оркестр, вальс бүжгийн 100 хос, нийтийн бүжиг, вальс бүжиг сонирхогч олон зуун хүмүүсийг нэгтгэсэн гайхамшигт үдэш боллоо. Австри улсын Вена хотын албаны төлөөлөл болон удирдаач, бүжгийн багш, хөгжимчид оролцсон. Манайх ч бас вальс бүжгийн түүхтэй. 1920-иод оноос МХЗЭ-ийн залууст бүжиг заасан. Үүнд вальс орж байсан юм билээ. Нийтийн бүжгийн холбооныхон орой нь “Задгай цагаан”, “Хүмүүн төрөлхтөн”-өө бүжиглэсэн.

-Нэг хэсэг заавал сурах арван бүжиг гээд нийтийн бүжиг маш их бүжиглэдэг үе байлаа. Одоо бол зарим орон нутгийн Ахмадын холбоон дээр нийтийн бүжиг болж, ахмадууд зад эргэдэг юм байна лээ?

-Арван бүжиг сурч байсан залуус одоо ахмад болоод бүжиглээд явж байгаа шүү дээ. Би саяхан хөдөө явахдаа сумын клубт болдог бүжигт ороод ирсэн.

-Та нийтийн бүжиг бүжиглэв үү?

-Бүжиглэсэн. Буруу зөвгүй эргэцгээж байна лээ. Би Театрын сургууль төгссөн. Театрын сургуульд бүжиг заавал заадаг. Москвад би жүжигчин, найруулагчийн анги төгссөн шүү дээ. “Ну погоди”-гийн чонод дуу оруулдаг А.Папановын шавь байлаа.

-Та ч бас үнэхээр өвөрмөц дуу хоолойтой. Та Папановоос дутахгүй өвөрмөц дуутай чоно байх байсан даа?

-Би бас дуу оруулж байсан. Реклам сурталчилгаанд бас С.Бодровын “Монгол” киноны Чингэсийн хоолой чинь минийх.

-Та “Талын салхи” гээд мотоцикльчдын наадам зохион байгуулсан юм байна. Тэр талаараа тодруулаач?

-“Талын салхи” гээд Мон­голын мотоцикль сонир­хогчдын наадам өнөөдөр “Хүй долоон худаг”-т болно. “Харанга”, “Хурд”, “Нисваанис”, “Жонон”, “The Fire” хамтлагийн тоглолт болно. Архи дарсгүй наадам юм. Залуус бие биедээ үлгэрлээд, хувцсаа зөв өмсөөд, замын хөдөлгөөнд зөв оролцож үлгэрлэнэ. Энэ бол хотын соёл. Энэ бас аялал жуулчлалтай хол­боотой. “Найрсаг Улаан­баатар”-ын хүрээнд зохиогдож байгаагаараа онцлог. Ерөнхий спонсор нь нийслэлийн Засаг даргын тамгын газар. Харин Венийн үдшийг Австри, Монголын найрамдлын нийгэмлэг, Вена хот, Улаанбаатар хот хамтарч хийж байгаа юм. Вена хотын дэд дарга, Австрийн Элчин сайд энэ цэнгүүний хүндэт зочид юм. Европод ийм бүжгийн цэнгүүн болж байгаа газрыг соёлтойд тооцдог. Азид ийм наадам байдаггүй. Бид Венийн үдшийг хийснээр европжуу наадамтай содон хот харагдана.

-Венийн вальсыг дээд­сийн хүрээлэнгийнхэнд зориулсан бүжиг гэдэг. Харин одоо задгай талбайд ийм цэнгүүн хийж байгаа нь энэ бүжгийг “ардчилж” байгаа хэрэг үү?

-Ер нь тийм. Австридч жил бүр задгай талбайд болдог цэнгүүнийг үзэхээр жуулчидВенийг зорьж очдог. Гайгүй амьдралтай хүн бол заавал Венд очиж, Европын соёлтой танилцах учиртай гэж үздэг. Хөгжмийг нь сонсоход их гоё. 300 мотоцикльчин бас анх удаа наадам хийх гэж байна. “Монголиан чоперс”, “Ред палконс”, “Харли сонирхогчдын холбоо” хамтарч “Талын салхи“-ыг зохион байгуулж байгаа юм. Клубынхан хагас цэргийн зохион байгуулалттай явдаг.

Мотофестивалийг басжуулчид маш их сонирхдог. Манайх шиг тал нутгаар аялах хүсэлтэй хүн олон. Зам их тавигдсан. Ийм нөхцөлд мотоцикльтой аялагчид, экстрим аялалд дуртай залуус мотоцикльтойгоо ирээд, Монголд аялаад бууз, хуушуур идчихээд хорхог амтлаад буцна. Мото клубүүд ийм үүрэгтэй байдаг. Бие биедээ аялж байдаг. Бие биенийхээ гэрт хоноод явдаг аялал ч байдаг. Мото клубийнхэн аялагчдаа хүлээж аваад, амралтанд байрлуулаад, нэг цэгээс нөгөө цэг хүртэлаюулгүй байдлыг нь хангаж байдаг. Дэлхийн мотоцикль сонирхогчид том том наадам хийдэг. Европт бас тийм наадам их болдог. Зөвхөн мотоцикльчид гэлтгүй машинтай экстрим аялагчид ч их. Хотууд нь ойрхон болохоор мотоциклиор аялаад нэг наадмаас нөгөө наадамдаа оролцдог уламжлалтай. “Талын салхи”-д ОХУ-аас 60 мотоцикльчин ирнэ. Визгүй болчихсон учраас Эрхүү, Улаан-Үдээс мото­цикльтойгооирнэ.

-Харли Дэвидсон сонир­хогчдын холбоо­ныхон Улаанбаатараас Дархан хүртэл мотоцикль­той аялж байсан?

-Бид Дархан, Эрдэнэт, Улаан-Үд, Эрхүү явсан.

-Таны мотоцикль Харли билүү?

-Харли.

-Мотоцикльчид хэд хүртэл насныхан байдаг вэ?

-Ер нь наяад оноос клубүүд гарч ирсэн. Өмнө нь ч Элвис Преслигийн үед мотоцикль моодонд орж байсан л даа. 1970-1980 онд мотоцикль унаад явж байсан залуус одоо тавь, жартай ч төмөр хүлгээ унасаар яваа. Харли Дэвидсон сонирхогчдындундаж нас 45 байдаг.

-Мотоцикльчны хувцас­тай гурав дөрвөн настай бяцхан охин аав, ээжтэйгээ хол зам туулаад явж байсныг харж байсан?

-Бас хүүхнүүд байгаа биз дээ.

-Тиймээ мотоцикль сонирхогч эмэгтэйчүүд бас олон юм билээ?

-Гоё хүүхнүүд мотоцикль унаад бусдаасаа онцгойрох чадвар бас байна шүү дээ.

-Та анх ямар мотоцикль­той байв?

-Жижигхэн солонгос мотоцикль байсан.

-Таныг рок мангас гэх юм. Яагаад ийм хочтой болсныг чинь олон хүн мэдэхгүй байх?

-Тухайн үедээ намайг доромжилж байна гэж хүмүүс бодохгүй юу. Тэгээд яахав сүүлдээ дассан. Эхлээд намайг гомдоож байна гэсэн маягтай л эхэлсэн байх. 1980-аад оны үед рок сонирхоод яриад явдаг хүн олон биш. Бүгд адилхан хувцастай, тарваган малгайтай явж байсан чинь нэг нөхөр рок гээд явахаар “Энэ жаахан юмтай” гэж боддог байсан. Одоо бол тийм биш, бүгдээрээ юмтай болсон болохоор би ганцаараа гайгүй байгаа шүү.

-Та рок стильдээ хэд хүртлээ үнэнч байх вэ?

-Үгүй яах вэ. Рок чинь цаг үетэйгээ хамт явдаг. Одоогийн рок хүүхдүүд шал өөр. Рок хөгжмийн хэлбэр дүрс агуулга нь огт өөр болсон.

-Одоогийн рокеруудтай хэр ойлголцдог вэ?

-Ойлголцоно.

-Залуу уран бүтээлчид­тэй хамтарч ажиллаж байгаа юу?

-Одоо манай театрт хийж байгаа уран бүтээлүүд дандаа залуустай хамтарсан.

-“Үйлсийн сайхан Улаан­баатар” гээд мюзикл тавьсан. Таныг чуулгад ирээд арай өөр стилийн уран бүтээлүүд оруулж ирсэн юм байнагэж бодлоо?

-Хотын нүүр царай гэдэг бүтэн юм. Гадаадын зочин ирэхээрээ морин хуур сонсоод, хорхог идээд явах гэдэг юм байх гэж бид боддог. Гэтэл гадаадын зочин өдөр нь хорхог амтлаад, рестораны хоол зооглож, хөдөөгүүр зугаалаад, орой нь рок концертонд оролцож, толгойгоо сэгсэрч орилж байгаад харимаар байдаг. Манайхан хариннэг төрлийн юм санал болгох гэдэг. Одоо нэг рок опера хийх төлөвлөгөөтэй байгаа. Энэ бүгд Улаанбаатарын дүр төрх.

-Та хэр аялсан бэ?

-Явсан. Ажлын шугамаар Европын орнууд, Америк, Японоор явсан.

-Мотоцикль сонир­хогч­дыг хүмүүс хүнд стилийн хүмүүс гэж төсөөл­дөг?

-Анзаараад байхад тиймэр­хүү байдаг л даа. Гэхдээ охид бүсгүйчүүд нэг их айгаад байдаггүй. Муу залууст дуртай байдаг ш дээ.Агуйд байхад аварчих чадвартай эршүүд нөхөд байгаа юм.

-Харли Дэвидсон үнэтэй мотоцикльд тооцогдох байх. Таных бол ямар үнэтэй эд вэ?

-Яахав, одоо үнэ нь гайгүй ч болчихсон юм уу. Тухайн үедээ 20 мянган доллар гэдэг үнэтэй байсан.

-Хотын төвөөр мото­цикль­той залуус пижигнэсэн дуу чимээтэй явдаг. Эсвэл зориуд их дуу гаргаж явах нь таашаалтай байдаг юм болов уу?

-Тэр чинь гоё байгаа биз дээ. Тэр дуу болгон янз бүр байдаг. Харли Дэвидсоны дуу бол бүр патенттай. Морь төвөргөж байгаа юм шиг түг түг гэж дуугардаг. Трактор шиг дуугардаг ч байна. Том трактор явж байхад хажуу нь жижигхэн мотоцикль тэрнээс чимээтэй дуугарна гээд бод доо.

-Олон мотоцикльтой хүн давхихад цөс хөөрөх үү?

-Хөөрнө. Ганцаараа явж байхад ч хөөрнө. Салхи татуулаад 60 км цагтай явж байхад хаазламаар, ахиад нэмчихмээр 100 хүргэчихмээр, илүү гарчихмаар санагддаг. Эсвэл зорьсон газраа ирээд тал нутгаа харж байхад эрийн хийморь морин дэл дээрсэргэдэгтэй л адил. Эр хүний баснэг тийм мэдрэмж байна.

-Та морьтой давхиж үзсэн үү?

-Монгол хүн юм чинь морь уналгүй яах вэ.

-“Ганган төгс” гээд кино зохиол бичсэн гэсэн. Морьтой холбоотой юу?

-Шилийн сайн эрийн тухай зохиол бичсэн юм. “Херо энтертаймент”-ынхан кино хийнэ гээд бэлтгэж байгаа.

-Та олон салбараар явах юм. Тийм хүртээмжтэй хүн үү?

-Намайг ихэнхи нь мэддэггүй ш дээ. Дэлгэцэнд гардагаар нь л мэддэг болохоос биш.Миний хийсэн зарим юмыг мэддэггүй. Хийх гэж байгаа юмаа л ярих дуртай. Манай хотын дарга их мэдрэмжтэй. Урлагийн мэдлэгтэй. Энэ хүний санаж мэдэрч дэмжиж байгаа юманд гар бие оролцоод нийслэлээ гоё рок хот болгочих юмсан гэж бодож байна.

-Таныг “Улаанбаатар” чуулгын дарга болгоно гэжнэг их олон хүний сэтгэлд буухгүй. Харин хотын даргын толгойд буусан шиг байгаа юм аа?

-Тэгэлгүй яахав. “Улаан­баатар” чуулгыг Улаан­баатар гэдэг нэрээр нийслэлээрээ бодож байгаа хүн намайг энд харж чадна. Хотын чуулга тийм байх ёстой гэдэг утгаар. Зүгээр “Улаанбаатар” чуулга гэвэл тэгж харахгүй байх л даа. Би энэ ажлыг сайхан ажил гэж бодож байгаа.

-Та аль нэг намд харьяа­лагддаг уу?

-Урлагийн хүн намд харьяалагдахын эсрэг байдаг. Урлаг уран бүтээл ард түмний өмч. Бүх хүнд үйлчилдэг байдаг. Том зэвсэг. Дэлхийн том улс төрчид бүгд урлагаа барьдаг. Урлагийг барьсан хүн хамгийн чадалтай байдаг. Урлаг хүний сэтгэлд хүрдэг нэг л зам бий.

-Зурагтаар та хоолны нэвтрүүлэг их хөтөлдөг. Таныг бас ресторантай гэж дуулсан юм байна. Тэгэхээр та хоолны талаар мундаг мэдлэгтэй хүн байх нь ээ?

-Ресторан одоо байхгүй. Би олон ресторантай хамтарч ажилласан. Реклам сурталчилгаан дээр олон жил ажилласан. Хоолны бизнест ер нь би дандаа байж байдаг. Хүнс чухал. Эрэгтэй хүнд идэх, унтах гэж хоёр чухал зүйл. Эр хүн хатуу хөтүүг нугалж байдаг. Аавууд бол их хөөрхөн. Өөрөө хүүхэд тээж төрүүлдэггүй мөртлөө тэр уяхан сэтгэлийг хаанаасч олж авдаг юм.

-Та хүү, охинтой гэсэн. Охин чинь урлагт хөл тавьсан гэдэг. Хүү тань бас урлаг сонирхдог уу?

-Хүү маань дунд сургуулийн сурагч.

-Та ямар дуу дуулах дуртай вэ?

-Багадаа хүүхдийн хамтлагт дуулдаг байсан. Одоо ч дуулна. Даанч зав олдохгүй юм. “Сэтгэлийн жигүүр”-ийг дуулах дуртай.

-“Венийн вальс”-аа Монголд дэлгэрүүлэхэд австриуд дуртай л байгаа байх. Монголчууд тийм юмаа гадныханд түгээх юм сан гэсэн амбиц байдаг уу?

-Хамгийн эхлээд бид та нартай адилхан гэдгээ үзүүлэх нь чухал. Тэгэхгүй бол надаас “Танайд замын гэрэл байдаг уу” гэж асууж байгаа юм. Байдаг яасан гэсэн чинь “Морь яахав” гэж байгаа юм. Морио унаад хотдоо явж байдаг гэж гадныхан биднийг төсөөлдөг байхгүй юу. Тийм учраас та нартай адил соёлтой, та нарын сонирхсон юм чинь ч бидэнд байна гэдгийг харуулах хэрэгтэй.

Б.ЯНЖМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Харцага, начин цолтнуудын халз барилдааныг магнайлсан Баатархүүгийн Пүрэвсайхан

“Өдрийн зочин” буланд энэ удаа Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Баатархүүгийн Пүрэвсайханыг онцолж байна. Тэрээр өнгөрөгч долоо хоногийн сүүлээр Монгол бөхийн өргөөнд болсон харцага, начин цолтой бөхчүүдийн халз барилдаанд нэг ч уналгүй найм давж түрүүлсэн. Уг барилдаанд өнөө цагийн бөхийн өнгө болсон Ц.Содномдорж, Э.Оюунболд, Ө.Бат-Орших нарын харцага, Э.Энхбат, Р.Пүрэвдагва нарын шилдэг начингууд зодоглосон. Үндсэндээ харцага цолтой зургаан бөх, начин цолтой зургаан бөх халз барилдсан гэсэн үг л дээ. Пүрэвсайханы хувьд зургаан начныг дараалж хаяад өөрийн багийн гишүүн, харцага Оюунболдын оронд дахин хоёр барилдаан гаргасан. Мөнхийн өрсөлдөгч Пүрэвдагва начинтай хоёр барилдаж хоёуланд нь өвдөг шороодуулсан юм. Харцага, начингуудын барилдаан өнөө жилийн наадмын өмнө болж буй томоохон барилдааны нэг гэдгээрээ онцлог байсан.

Одоо бол бөхчүүд аймаг аймгийнхаа галд харьяалагдаад бэлтгэлдээ гарч байгаа. Наадмын өмнө их сорилго барилдааныг эс тооцвол томоохон барилдаан болохгүй. Пүрэвсайхан харцага өнгөтэй байгаагаа ийнхүү харууллаа.

Тэрээр 2012 оны наа­дамд Ж.Бат-Эрдэнэ гарьд, Д.Баасандорж заан нарыг өвдөглүүлж улсын начин цо­лонд хүрсэн. Дараа жилийнх нь наадамд түүнийг цолоо ахиулна гэж бөх сонирхогч олон таамаглаж байсан. Гэвч залуу начин тавын даваанд Завханы Б.Гончигдамбатай тунаж барилдаад өвдөг шороодсон. Гончигдамба тэр жил аварга С.Мөнхбатыг их шөвгийн дөрөвт хутгаж даваад үзүүр булааж байлаа. Өнгөрөгч жилийн наадамд Пүрэвсайхан Говь-Алтайн Ж.Амартүвшин, Төв аймгийн Ө.Даваабаатар, Хөвсгөлийн Ц.Содномдорж нарынхарцагуудаар 3-5 давж, зургаагийн даваанд Д.Азжаргал арсланг давснаар харцага цолны болзол ханга­сан. Залуу харцагын хувьд заал танхимын барилдаанд тун сайн барилдаж байгаа. Тухайлбал, эрх чөлөө, тус­гаар тогтнолоо сэргээн ман­дуулсны түүхт ойн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэм­­жит цомын барилдаанд Г.Эрхэмбаяр аваргатай үл­­дэж түрүүлж байлаа. Уг барил­даанд энэ цагийн бө­хийн өнгө сор нь болсон чансаагаараа тэргүүлж буй шилдэг 128 хүчтэн зодоглодог юм.

Түүний хувьд бөхийн удам­тай. Бөх сонирхогч олны хайртай бөхчүүдийн нэгэн улсын заан Чогсомын Батзориг Пүрэвсайхан харцагын аавынх нь төрсөн дүү. Бөхийн ертөнцөд хөтөлсөн багш нь. “Би хотод орж ирээд Батзориг ахындаа таван жил амьдарсан. Ах сүүлийн ганц хоёр жилд бэлтгэл хийхгүй байгаа. Түүнээс өмнө байнга хамт бэлтгэл хийдэг байлаа. Ах бэлтгэл дээр их ширүүн. Тэр ширүүн бэлтгэлийн ачааллыг даасны хүчинд өнөөдөр ийм хэмжээнд барилдаж байна. Тэгэхээр миний үзүүлж буй амжилт ахтай салшгүй холбоотой. Барилдаан тараад л би ахынд очдог. Тэгээд бид хоёр баахан барилдана, ярилцана. Анх “Нарантуул” захаас нэг хар монгол гутал авч байсан. Тэр гуталтайгаа барилдаад аймгийн заан болсон. Аймгийн арслан болоход Батзориг ах заан болохдоо өмсч байсан монгол гутлаа “Ах нь энэ гутлаар олон бөх хавирч давж байлаа” гээд өгсөн. Би улыг нь солиулаад өмссөн. Одоо болтол өмсдөг” хэмээн тэрээр Батзориг зааны тухай өгүүлсэн юм.

Нэгэн үед “Залуу зургаан заан” хэмээн Өсөхөө аварга, Цэрэнпунцаг, Гантогтох гарьд нарын хүчтэнүүдийг хэлдэг байлаа. Тэдний барилдааныг үзэх гэж бөхдөө хайртай түмэн тэсэн ядан хүлээдэг байсан. Тэдгээр хүчтэнүүдийг монгол бөхийн барилдааныг урлагийн түвшинд аваачсан гэж үзэх хүмүүс ч бий. Үнэхээр тэдний хооронд “гал гарсан” барилдаан болдог байлаа. Ялангуяа 2000 оны наадмыг ард түмэн санаж байгаа болов уу.Долоогийн даваанд Бат-Эрдэнэ аварга Мөнх-Эрдэнийгээ амлаад өнөө зургаа чинь хоорондоо тунаж байсан. Яагаав, Сүхбатын Сумъяабазарыг нисэлттэй гар ачдаг наадам шүү дээ. Үүн шиг Ц.Содномдорж, Ч.Санжаадамба, Б.Гончиг­дамба, Б.Пүрэвсайхан, Р.Пүрэвдагва, Э.Оюунболд нарын залуу хүчтэнүүд байна. Тэд ихэвчлэн хоорондоо тунаж байна.

Ялангуяа Пүрэвсайхан Пүрэвдагва хоёр байнга тунаж барилддаг мөнхийн өрсөлдөгчид. Пүрэвдагва нь тэсрэлттэй барилддаг болоод тэр үү, хоёр Пүрэвийн барилдаан жинхэнэ гал гарна. Тэр жил яалаа, ардчиллын ой билүү нэгэн барилдаанд манай хоёр ана мана үзээд, арай л зодоон цохиондоо хүрээгүй. Олны өмнө соёлгүй байдал гаргасан гэж Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид ард түмнээс уучлал гуйлган, тэргүүнийг нь гудайлгуулж байсан удаа бий. Ингэж л хоорондоо шаралхаж, эрмэг зоримог яс барилддаг сайхан залуу. Өнөө жилийн наадамд тавын даваанд туначихаад зогсож байхыг үгүй гэхгүй л байх. Б.Пүрэвсайханы бүтэн жилийн барилдааныг эргэн харахад өнөө жилийн наадмаар өндөр амжилт үзүүлэх магадлал тун өндөр байгаа юм.

Н.ГАНТУЛГА