Хан-Өндөр хайрхан
Хүний өсөж төрсөн нутаг гэдэг оюун санаа, сэтгэл зүрхнээс хэзээ ч гарахгүй юм. Бодол санаанд минь Хан-Өндөр хайрхан, Халиун морьт уултайгаа сүндэрлэж, Хануй, Хүнүй, Гурван Цүүрийн ус сэтгэл дундуур цалгилан урсаж, аглагхан хангайн дүнхгэр хөх нурууд Бөхөн шар, Норовлин бодолд минь хөглөрч, хөндий талын хөх салхи хацар хайрч, алгадаж, бас илбэж, өвгөдийн минь бидэнд үлдээж өгсөн миний нутаг, цаг цагийн, үе үеийнхний мөнхийн ганцхан диваажин цээжний цаана оршном.
“Юундаа чи ийнхүү сэтгэл зүрхтэйгээ зөрчилдөн байж, их уулсын цаана, уудам холд өөрөө өөрийгөө хүлэн байж, энд сууна вэ” гэж өдөр бүр өөрөөсөө асуух хэрнээ санаан дураараа хүрчихэж чадахгүйдээ хааяа ганц нэгхэн гэгээн нулимс унагаж, сэтгэлээ аргадчихаад их хотын хэмнэлд аажимхан уусаад цааш алхчих юм. Ийнхүү урсан өнгөрөх олон өдрүүдийн нэгэнд “Архангай аймгийн Эрдэнэмандал сум хониороо тэргүүлжээ” хэмээсэн сайхан бэлгэшээлт үгийг анх сонсоод, халуун хошуут мал, өсөн үржихийн бэлгэдэл, хун цагаан өнгө нь өөдлөн дээдлэхийн тэмдэг гэж бэлгэдлийн сэтгэлгээгээр хүлээн авч билээ. Тэр ч утгаараа манай сум хэдэн жил хониороо тэргүүлж, улс, эх орондоо алдар нэрээ цуурайтууллаа. Тун удалгүй “Хамгийн олон малтай сум болов” гэх мэдээг сонсоод, өөрийн эрхгүй “Тэгж л таарна, тийм ч байх ёстой, аливаа зүйлд бэлгэдэн ерөөхийн утга шинж ийнхүү оршиж байдаг” хэмээн сэтгэл баясаж суулаа. Гэтэл “Монгол Улсын тэргүүний сум боллоо” гэсэн дараагийн мэдээг сонсоод, амны өмтэй, хувь ерөөлтэй, ажилсаг, шаргуу, хөдөлмөрч ард түмний үйл хэрэг нүдний өмнүүр жирэлзэн өнгөрсөн юм.
Эрдэнэмандалчууд Монгол Улсын хамгийн олон малтай сумын цом, Монгол Улсын тэргүүний сумын цом, хамгийн олон хоньтой цом гээд гурван цом авав.
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг дэвсгэр дээр Монголын анхны язгуурын төрт улсууд болох Хүннү, Сяньби, Кидан, Түрэг зэрэг улс оршин тогтнож байсан их түүхийн улбаа хөрсөн дороо ч, хөрсөн дээрээ ч хадгалагдан үлдэж, хаадын булш, бунхан, хиргэсүүр, буган чулуу, хүн чулуу, балгас, хотын туурь зэрэг олон арван эд өлгийн зүйл олдож, өдөр бүр өсөн нэмэгдэж, баримтаар баталгаажсаар байна.
1737 онд Сайн ноён хан аймгийн зарим хошуудыг таслан, Халхын Зая бандида Лувсанпэрэнлэй хутагтад тусгай шавь отог болгон үүсгэж өгөхөд, манай сум гол нутаг нь болж, их эзнийхээ тэрхүү их хишигт эрхэлж, дураараа дургиж, зоргоороо жаргаж ирсэн ард түмэн билээ. Домог, түүх холдох тусмаа шашдирын шар хуудаснаа улам тодордог гэдэг дээ. Архангай аймгийн Эрдэнэмандал сум нь 450 гаруй жилийн тэртээ үхэр сүргээ түм хүргэж, Богд эзний зарлигаар “Үхэр сүргийн эх нутаг” хэмээх гүн хүндэтгэл авч байжээ. Мөн тэрхүү түүхэн уламжлалт ёс заншлын улбаа замналаар, мал сүргийн тоо нь улам өсөж, өөдлөн дэвжихийн хэрээр, Дэмчигдацангийн хонь түм хүрч, түүхэнд “Дэмчигдацангийн түмэн цагаан хонь” хэмээн тэмдэглэгдэж, энэхүү гүн хүндэтгэлтэй цолыг дагаж, Богд эзнээс гардуулдаг Гантулгын эзэн болж чадсан.
Он цаг улиран одож, хаад, харцын суудал солигдож, хоёр нийгмийн үзэл бодлын зөрчилдөөн дунд Эрдэнэмандал сум аанай л мал сүргээ өсгөн үржүүлж, нэгдэлжүүлж, нийгэмшүүлж, он цагийн аясыг дагаж ажиллаж хөдөлмөрлөсөөр, 1964 онд ажил үйлсээрээ улсдаа тэргүүн байранд шалгарч, мөн малчин Далайн Самбуу Монгол Улсын анхны аварга малчнаар тодорч, олон түүхэн амжилтуудыг бүтээж, баярын бичиг, 20 мянган төгрөгөөр шагнуулсан нь түүхэнд үлдсэн. 1969 онд найман жил дараалан сумын мал сүргээ тогтвортой өсгөн үржүүлж, 273 сумаас амжилтаараа тэргүүлж, тэргүүн байрт шалгаран, төрийн дээд шагнал Алтан гадас одон, “ГАЗ-469” машинаар шагнуулснаар гайхамшигтай нэгэн хуудсыг дахин сөхөж чадсан юм.
Тэгвэл өнөө сүүлийн гурван жил бүх малынхаа тоогоор, сүүлийн зургаан жил тасралтгүй хонин сүргийнхээ тоогоор улсад тэргүүлж, Монгол Улсын тэргүүний сум болж, гэрчилгээ, туг, 100 сая төгрөгөөр шагнуулсан. Эх орны хөгжил сумаас эхэлдэг. Эрдэнэмандал сум эх орныхоо хөгжил цэцэглэлтэд ийнхүү бахдам сайхан амжилт үзүүлж, өөрийн гэсэн хувь нэмэр оруулсаар байна. Учир нь 1964 оны Монгол Улсын аварга малчны гараанаас өнөөдөр 10 шахуу Монгол Улсын сайн малчин тодрон гарчээ. Тухайлбал: Д.Лонжоо, И.Жанцандорж, Н.Надалцэрэн, З.Чойноо нар нь түрүү нийгмийн үед алдар нэр нь түгж, харин Л.Батсайхан, Х.Тарзад, С.Мягмарсүрэн, Б.Сандагсүрэн нарын малчид өнөө цагт бусдаасаа ялгарч, хавьгүй илүү мал төлөө өсгөж, сумынхаа нэрийг Монгол Улс даяар дуурсгаж байна. Мөн Монгол Улсын гавьяат малчин цолыг И.Жанцандорж хүртсэнээс хойш, эдүгээ дараагийн гавьяат малчин тодрох цаг нэгэнтээ болжээ.
Боловсролын салбарт арван жилийн сургууль нь чухал үүрэг гүйцэтгэж, Эрдэнэмандал сумаар овоглосон үе үеийн төгсөгчдийг, Монгол Улсын хэмжээнд дуурсагдах маш олон хүмүүсийн эгнээг өргөтгөсөн байдаг. Тухайлбал, Эрдэнэмандал сумын сургуулиас Монгол Улсын гавьяат багш Ч.Батсуурь, сум дундын эмнэлгээс хүний гавьяат эмч Н.Очиржанцан, О.Дашдэндэв, Ц.Дэнсмаа нар энгэртээ алдар гавьяагаа гялалзуулсан юм. Ийнхүү орон нутгаас төрөн гарсан гавьяатуудын өлгийгөөс Монгол Улсын хөдөлмөрийн баатар, барилгачин Б.Цогоо, С.Цагааншүхэрт, нэхмэлчин Л.Цэрэнжаргал, төрийн соёрхолт геологич С.Цэрэн-Очир, гавьяат хуульч Р.Өлзийбүрэн, гавьяат ажилчин Б.Даваасүрэн, гавьяат барилгачин С.Насан, Д.Цэрэнбат нар төрөн гарсан байдаг.
Урлаг, соёлын салбарт ардын жүжигчин, дуучин Ө.Баярмагнай, төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболд, гавьяат жүжигчин С.Боорой, зохиолч, яруу найрагчдын эгнээг өргөтгөж, соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч Ц.Базаррагчаа, нэрт яруу найрагч Л.Лувсандорж, нэрт сэтгүүлч, яруу найрагч, зохиолч, улс төрч, соён гэгээрүүлэгч С.Батмөнх, улс төрд Г.Адьяа, Г.Алтангэрэл, Д.Тэрбишдагва, Н.Удвал, Ц.Цогтбаяр нар Намын төв хорооны нарийн бичгийн даргаас авхуулаад, намын дарга, Улаанбаатар хотын дарга бөгөөд Нийслэлийн захирагч, дэд сайд, Элчин сайд, Тэргүүн шадар сайд, УИХ-ын гишүүн зэрэг нэр хүндтэй өндөр албан тушаалуудад дэвшин ажилласаар байна.
Мөн их оюун ухааны суут хүмүүс энэхүү сайхан нутгаас төрж, өнөө Монгол Улсдаа эрдэмтэн, докторынхоо тоогоор гуравдугаарт бичигдэж, тэдгээр 50 гаруй эрдэмтнийг түүчээлж, академич Д.Дашжамц, шинжлэх ухааны доктор П.Даваадорж, Б.Баттөмөр, Б.Бамцагаан, Монгол Улсын шилдэг эрдэмтэн В.Адьяасүрэн нарыг залгамжилж, Ө.Сүхбаатар, Д.Мөнхжаргал, М.Баянмөнх зэрэг докторууд төрсөн. Тэдний араас Н.Ганзориг, Н.Эрдэнэ-Очир, Т.Батболд нарын цэл залуухан эрдэмтэд төрөн гарч, шинжлэх ухааны салбарт хүч түрэн орж ирлээ. Монгол Улсын арслан Д.Самбуу, улсын начин О.Лувсандондов, Л.Дэмбэрэл, Л.Рэнцэндорж, Б.Ганбаатар зэрэг том цолтой бөхчүүд, улсын мэргэн Д.Оюунханд, улсын манлай уяач Ц.Самдан, улсын алдарт уяач П.Дэмбэрэл, А.Алтангадас, хүндийн өргөлтийн мастер, дэлхийн Аварга А.Жүгдэрнамжил, Дэлхийн залуучуудын аварга Э.Гантогтох, хэт холын зайн гүйлтийн Ази тивийн аварга Г.Хишигсайхан нарын спортын мастерууд ар араасаа төрсөөр байна.
Эрдэнэмандал сум нь 74 мянгат малчинтай бөгөөд түүнээс 68 малчин мянгаас дээш малтай, найм нь хоёр гурван мянган малтай байна. Хамгийн сүүлийн үеийн тооллогоор 375 мянган толгой мал тоолуулсан сум, нэг жилийн дотор 420 мянган малтай болж, дараалан зургаан жил тэргүүн байр эзэлжээ. Эрдэнэмандал сумын төв нь баруун, зүүн аймгуудыг холбосон их аян замын зангилаа болдог учир сумын төвийн хөгжил асар өндөр бөгөөд түүнийгээ дагаад суурьшилт, нягтаршил сайжирч, хүмүүсийн амь амьжиргаа дээшилж, амьдрал хангалттай сайхан байдаг. Эрдэнэмандал сум нь 5535 хүн амтай, 1601 өрхтэй, 336 мянган га газар нутагтай, зургаан багтай, газар тариалангийн талбай 1523 га байдгаас усалгаатай нь 300 га зэрэг бүх үзүүлэлтээрээ аймагтаа болоод улсад тэргүүлж байна.
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг дарга Л.Гансүх, Архангай аймгийн засаг дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга, МУБИС-ийн ректор Д.Мөнхжаргал нар бүгд Эрдэнэмандалынх, бүгд нэг ангийн, нэг үеийнхэн юм.
Яруу найрагч, СУИС-ийн багш Батсүрэнгийн УРАНГОО