Categories
мэдээ нийгэм

Монголын сайн дурынхан олон улсын чуулганыг эх орондоо зохион байгуулна

Зүүн хойд Азийн бүсийн хэмжээнд Монголын сайн дурынханы оролцоог тодорхойлох чуулга уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус чуулган нь НҮБ-ийн Ази номхон далайн бүсийн нийгэм эдийн засгийн хороо (ESCAP), Ази, Номхон далайн энх тайван, хөгжлийн төлөө хөдөлгөөн хамтран зохион байгуулдаг бүсийн хэмжээний онцлох арга хэмжээ юм. 2015 оны 6 сарын 25-наас 7-р сарын 02 хоорондУлаанбаатар хотноо гадаад, дотоодын 200 гаруй төлөөлөгчид “Нийгмийн хөгжилд сайн дурын оролцоо” сэдвийн дор хүрээлэн буй орчин, эрүүл мэнд, гамшгийн эрсдлийг бууруулах арга хэмжээ, энхтайван болон нийгмийн хөгжил дэх залуусын сайн дурын оролцоог дэмжих чиглэлээр чуулж Улаанбаатарын уриалга”-ыг батлан тунхаглана. Чуулганы үр дүн, гаргасан шийдэл, уриалга нь олон улсын түвшинд даган мөрдөгдөж, хэрэгжилтээ олох юм.

Анхдугаар чуулган нь Ази, Номхон далайн бүсийг хамарч Бангкок хот дахь НҮБ-ын Ази номхон далайн бүсийн төв байранд зохион байгуулагдаж байсан бол хоёр дахь чуулга уулзалт Балба улсын нийслэл Катмандуд Өмнөд Азийн бүсийг хамран зохион байгуулагдаж байлаа. Харин Улаанбаатарын чуулган нь Зүүн хойд Азийн бүсийг хамарч буйгаараа онцлог юм. Мөн Улаанбаатарын чуулганы үргэлжлэл болж энэ оны наймдугаар сард АНУ-ын нийслэл Вашингтон Ди Сии, Нью Йорк хот дахь НҮБ-ны төв удирдлага,Дэлхийн банкны Төв удирдлага хамтран Олон улсын залуу манлайлагчдын чуулганыг зохион байгуулна.

2015 оны зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 2-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах“Нийгмийн хөгжилд сайн дурын оролцоо” сэдэвт Зүүн хойд Азийн залуу манлайлагч нарын олон улсын чуулга уулзалтанд үндэсний хийгээд олон улсын нэр хүндтэй элч төлөөлөгч нар оролцоно. Чуулганд Монгол, БНСУ, БНАСУ, Япон, Австрали, Хятад, ОХУ, Балба зэрэг улсуудын сайн дурынханы шилдэг төлөөлөл илтгэл тавьж, хэлэлцүүлнэ.

Чуулга уулзалтын зорилго нь эрүүл мэндийн үйлчилгээ, залуучуудын бизнес эрхлэлт, гамшгийн эрсдэлийг бууруулах, хүрээлэн буй орчноо сайн дурынханы хүчээр хамгаалах, сэргээх зэрэг нийгмийн цар хүрээтэй олон асуудлуудыг хөндөж салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, сайн дурыханы хууль эрхзүйн таатай орчинг буй болгох,нийгмийн хөгжилд сайн дурынханы оролцоог нэмэгдүүлэх, тэдний үйл ажиллагааг сурталчилан таниулан, туршлага солилцоход чиглэсэн байх ба нийгмийн хөгжилд түлхэц өгөхүйц, цар хүрээтэй үйл явдал болох юм.

Чуулга уулзалт нь залуу манлайлагчдын соёлын солилцооны хөтөлбөрөөр үргэлжилнэ.Дөрвөн хоног үргэлжлэх соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд хотын аялал, семинар, воркшопууд, мод тарих ёслол, бэсрэг наадам, монголын соёлыг сурталчилах үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.

Ийнхүү монголын сайн дурынхан бүсийн хэмжээний олон улсын чуулганыг эх орондоо зохион байгуулж, өөрсдийн дуу хоолойг эх орондоо төдийгүй олон улсад, НҮБ-ийн Ерөнхий Ассамблейд хүргэх гэж байна.

Дашрамд дурьдахад үндэсний оролцогчдыг бүртгэж байгаа юм байна. Чуулга уулзалтанд оролцохыг хүсвэл Volunteers.mn сайтаар бүртгүүлж болох аж.

Categories
мэдээ нийгэм

Ахмад настан галд өртөж амиа алджээ

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхэдтэй өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр орхисноос аюулд өртөж болзошгүйг Онцгой байдлын газраас анхаарууллаа. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Майхан толгой”-д зуслангийн байр шатаж галын улмаас 78 настай эрэгтэй өртөж амь насаа алдсан харамсалтай явдал болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Л.Дуурсах: Монгол Улс малынхаа махан ашиг шимийг нэмэгдүүлснээр хоёр их наяд төгрөг олох боломж байна. Аргачлалыг нь “Технологийн карт” болгон гаргалаа

Эрдэмтэн мэргэдийн олон жилийн судалгааны ажлын үр дүнд Монголын шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв “Технологийн карт” боловсруулжээ. Энэ талаар тус төвийн тэргүүн Л.Дуурсахтай ярилцлаа.

-Монгол орныг байгаль, экологид ээлтэй зөв хөгжүүлэхийн тулд эрдэмтэд “Технологийн карт” боловсруулсан гэж сонслоо. Танаас энэ талаар эхэлж асуумаар байна?

-Шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв ТББ салбар салбарын эрдэмтэдтэй хамтран ажилладаг. Монголын экологийн зөв хөгжилд нэмэр болох аргачлал, шинэ технологи, иновациудыг төлөвлөж гаргасан. Аливаа улс орон хөгжихийн тулд өөрсдийнхөө хөгжлийг томъёолдог. Жишээлбэл, Хятад улс хүний нөөц дээр тулгуурласан хөгжлийн бодлоготой. Харин манай улс хүн ам цөөтэй, эрс тэс уур амьсгалтай, хуурай сэргүүн, өндөрлөг газарт оршдог. Цаг агаарын нөхцөл байдлаас хамааран хөрсний элэгдэл хорогдол ихтэй. Иймээс бэлчээрийн мал аж ахуйг давамгайлан хөгжүүлж өдий хүрсэн. Монгол орны газар зүйн байршил гоефизикийн тогтоц нь хүссэн хүсээгүй бэлчээрийн мал аж ахуйд тохирчихсон газар. Сүүлийн үед эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ гэж байгаа ч энэ нь шинжлэх ухааны үндэслэлгүй. Иймд судалгаа шинжилгээ хийгдээгүй асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж байгаа нь буруу юм. Дээрээс нь монгол малын бие жижгэрээд ашиг шим нь багасаад байгаа юм. Тиймээс зарим дарга нар том биетэй малтай эрлийзжүүлье гэдэг санал гаргадаг. Малын ашиг шимийг нэмэгдүүлэхэд ямар боломж байгааг Монголын үе үеийн эрдэмтэд судалгаагаар томъёолчихсон. Тиймээс “Технологийн карт” боловсруулсан юм. Энэ нь малын амьдын болон биеийн жинг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Өөхөн таргыг багасгаж, махан массыг нэмэгдүүлнэ гэсэн үг. Бэлчээрийн даацад тохирсон малын тоо толгойтой, ашиг шим өндөртэй болгох технологи иновацийн судалгаа хийгдээд дуусчихсан. Энэ нь туршилтаар батлагдчихсан. Одоо Монгол оронд нэвтрүүлж түгээх ажил үлдээд байна. Тиймээс үүнийгээ “Технологийн карт” гээд байгаа юм.

-Монгол малын ашиг шим багасч, бие нь давжаарсан нь юутай холбоотой юм бэ?

-Нэгдүгээрт, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөөс үүдэлтэйгээр бэлчээрт ургадаг, уургийн агууламж өндөртэй олон наст ургамлын төрөл зүйлийн 80-85 хувь нь буурчихсан. Тэгэхээр уурагт ургамал багасчихаар үлдсэн жаахан ургамал нь малдаа хүрэлцэхгүй, бүтэн жилийнх нь уургийг нөхөж чадахгүй. Ингээд уургийн алдагдал, дутагдалдороод, малын бие давжаараад байгаа юм. Хоёрдугаарт, эр малыг уламжлалт аргаар засч хөнгөлдөг. Хүмүүс малын хамаг уураг агуулагддаг төмсгийг нь суга татаад чанаад идчихдэг. Уг нь эр мал үүнээсээ гармон ялгаруулж, уураг үйлдвэрлэж, тэрийгээ бие рүүгээ шахаж махан масс нь нэмэгддэг. Гэтэл малыг ингээд хөнгөлчихөөр биологийн энэ процесс нь алга болж, өөхөн тарга нь нэмэгддэг.

-Тэгэхээр малыг яаж хөнгөлөх ёстой юм бэ?

-Хөнгөлөхдөө шинжлэх ухааны ололт дээр суурилсан иновацид оруулах ёстой. Энэ нээлтийг Нилбаатар гэдэг эрдэмтэн 40 жил туршсан. Багаж тоног төхөөрмжийг электрон өндөр технологит хувиргах ажил дээр нь миний бие зохион бүтээгчийн зүгээс хоёр жил ажиллаад сайжруулсан. Хамгийн гол нь малын төмсгийг суга татахгүйгээр хөнгөлөх юм. Төмсгөнд хоёр төрлийн судас байдаг. Нэг нь үр тогтоодог, нөгөөх нь сэрэл өдөөдөг. Тэдгээр судсыг цахилгаан төөнүүрээр тасална гэсэн үг. Тэгэхээр мэдээж хээлтүүлэх чадваргүй болно. Маханд нь ямар нэгэн шивтэр зэрэг амт орохгүй. Ингэснээр төмсөг өөрөө шимэгдээд уураг болж бие рүүгээ тарна. Хурга, ишгэндээ төлөг шиг. Төлгөндөө нас бие гүйцсэн том эр хонь шиг тийм том биетэй болно. Энэхүү шинжлэх ухааны ололт дээр суурилсан иновацийг Монголд нэвтрүүлснээр нэг их наяд хэмжээний төгрөгийн махан ашиг улсын төсөвт орж ирэх юм. Мөн уургаар баялаг царгасаармалаа тэжээх юм бол бид жилдээ ийм хэмжээний ашиг хүртэнэ. Тэгэхээр айлаас эрэхээс авдраа уудал гэгчээр бидэнд нөөц бололцоо байна. Харамсалтай нь эрх баригчид эрдэмтдийнхээ дуу хоолойг сонсдоггүй учраас дотоодынхоо нөөц бололцоог тооцоолж чадахгүй байгаа юм. За тэгээд охин малаа царгасаар уурагжуулж, эр малаа төөнөж хөнгөлөх юм бол энэ хоёрын үр дүнд хоёр их наяд төгрөгийн хэмжээний махан ашиг Монголд орж ирэх юм.

-Манай улс хоёр хөршөөс гадна хэд хэдэн оронд мах экспортлох боломжтой болсон. Гол бэрхшээл нь махны стандарт яригддаг. Тэгвэл эрдэмтдийн нээсэн “Технологийн карт”-ыг хөдөө аж ахуйд нэвтрүүлбэл энэ асуудал арилах нь ээ?

-Монгол малын махны гадар өөх их болохоор гологдол гараад байна. Тэгэхээр өөхөн таргаа багасгаж, махан таргаа нэмэгдүүл гэдэг шаардлага тавьж байгаа. Хүссэн хүсээгүй энэ шинэ технологи руу орохоос өөр аргагүй. Царгасыг малчид хоршоо маягаар нийлж байгаад тарьж болно. Овъёос, буудай зэргийг жил болгон тарьдаг. Харин царгас олон наст ургамал болохоор ганц үрийг нь ганц удаа суулгахад 13-15 жил дахиж тарих шаардлагагүй. Байгалийн ургамал шиг ургаж л байна. Намар болгон хадлан авдагтай адил хурааж хатсаных нь дараа малдаа хуваагаад өгчихөж болно. Арваннэгдүгээр сараас эхлээд тавдугаар сар хүртэл орой болгон бог малд 300-400 гр-ыг, бод малд 800-1000 гр уурагт царгасыг өгөөд байхад тэр мал уургаа алдахгүй. Дээрээс нь жин алдахгүй, өөхөн тарга суухгүй. Тэгэхээр малчдын нэг том зовлон арилна. Царгас гэдэг ургамлыг тарьснаар малчид жилийн дөрвөн улиралд хадлан тариаландаа санаа зовохгүйгээр малынхаа тоо толгойг өсгөж, үржүүлэх боломжтой. Энэ ургамлыг иддэг мал бүтэн жилийн турш тарга тэвээрэг өндөртэй байх юм.

-Монгол оронд устаж үгүй болсон царгасын үрийг эрдэмтэд яаж гаргаж авсан юм бэ?

-Монголд мөлхөө царгас ургадаг байсан. Уураг өндөртэй, ашиг шимтэй болохоор мал эхлээд тэр ургамал руугаа дайрдаг. Тэгээд туурайн талхилтаас болоод мөлхөө царгас эрс багассан. Ю.Цэдэнбал даргын үед Намын төв хорооныхон тодорхой хэмжээний санаачилга гаргаад хэд хэдэн аймагт мөлхөө царгасыг босоо царгастай эрлийзжүүлээд бургалдай гээд Монгол сортын царгас гаргаж авсан байдаг. Өнөөдөр тэр үрийг олон болгож үржүүлэх ажлыг Батсүх доктор бэлтгээд явж байгаа. Монгол орон бол асар уудам нутагтай. Цөлжилтийг бууруулж, экологийг сайжруулж, бэлчээрийн ургамлын чанарыг сайжруулах үйл явцыг хийхийн тулд төр энэ ажлыг бодлогоор дэмжих ёстой. Тухайлбал, царгас болон малд ашигтай, байгаль экологид ээлтэй олон наст ургамлуудын үрийг үржүүлдэг аж ахуй станцуудыг олноор байгуулах шаардлагатай байна.

-Царгасыг малчид өөрсдөө аваад тарих боломжтой гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Нэг га талбайд 10 кг үр орно. Хэрэв долоо хоног тутамд услаад байвал зундаа гурван удаа хадлан авах боломжтой. Арван кг үрийг нэг удаа суулгахад 13-15 жилдээ ургаад л байна. 100 толгой малд 210хоног тэжээл өгчихнө. Тэгэхэд тэрайл малынхаа зөвхөн махан ашиг шимээс найм орчим сая төгрөгийн цэвэр ашиг нэмж олно. Мөн царгасыг нийслэлийн гэр хорооллын айлууд хашаандаа тарьж болно. Царгас бол азотоор хооллодог. Тэр азотоо хөрс рүү шахдаг. Хөрсний азот сайжирвал үржил шим нь тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Тэгэхээр хот суурин газрын гэр хорооллын айлууд хашаандаа царгас тариад, бичил ногоон байгууламж, агаар цэвэршүүлсэн эко орчин бүрдүүлж болно. Хөрсний болоод агаарын бохирдол нэлээд их хэмжээгээр бууруулах тустай. Ер нь царгас гэдэг ургамлыг сүүлийн үед монголчууд рапстай андуураад байгаа юм. Рапс бол зохиомол аргаар гаргаж авсан болохоор муу ургамал. Гаднаас нь харахад бургалдайн сорттой адилхан.

-Царгас уургаар баялаг гэлээ. Хүнсэнд хэрэглэж болох уу?

-Канад, Америкийн эрдэмтэд царгасыг маш олон жил судлаад хүнсэнд хэрэглэж болохыг нь тогтоочихсон. Царгас бол уургийг өндөр хэмжээнд өгнө. Өөхийг хайлуулж, махан массыг нэмэгдүүлдэг. Хүн, мал, амьтанд нэн хэрэгтэй. Хөрс агаарыг цэвэршүүлдэг нэг номерийн ургамал. Дэлхийн шинжлэх ухаан хөгжсөн их найман гүрний эрдэмтэд царгасын гайхамшгийг батлагдаад бурханы ургамал гэж нэрлэсэн. Дэлхийн бүх улс шинжлэх ухааны, лабораторийн түвшинд баталчихсан болохоор эргэлзэх хэрэггүй.

-“Технологийн карт”-ыг ямар байдлаар ашиглах юм бэ?

-Үүнийг А4-ийн хэмжээтэй цаасан дээр багтаасан заавар зөвлөмж гэж ойлгож болно. Нэгдүгээр ангийн хүүхдэд 35 үсэг заадагтай адил тун энгийн аргаар тайлбарласан байгаа. Технологийн карт бол заавар зөвлөмж. “Технологийн кагрт”-ыг 21 аймаг 330 гаруй суманд тарааж түгээх, нутагшуулах, мэдээлэл өгөх зорилгоор боловсруулсан байгаа.

-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн төрийн албан хаагчид хөрөнгө орлогоо худал мэдүүлжээ

Орон нутгийн дунд сургуулийн захирлууд хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн нь илчлэгджээ. Тодруулбал, Булган аймгийн Сайхан, Гурван булаг, Рашаант, Хангал, Бүрэгхангай сумын сургуулийн захирлууд, мөн Бүрэгхангай, Рашаант сумын цэцэрлэгийн эрхлэгч нар 2013, 2014 оны хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн байна. Эдгээр зөрчлүүд нь АТГ-аас албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийг хянан шалгах ажиллагааг Булган аймагт хэрэгжүүлэх явцад илэрсэн байна.

Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогч И.Энхжаргал, “МЭЭЖ” орон нутгийн өмчит компанийн ерөнхий нягтлан бодогч Р.Нармандах нар 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн ажилд томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргаагүй гэнэ.

Булган аймгийн Засаг даргын захирамжаар 2014 онд зургаа, 2015 онд нэг, мөн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар 2014 онд хоёр, 2015 онд тав, бүгд 14 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулахгүйгээр томилжээ.

Categories
мэдээ нийгэм

Эрээн хот руу зорчигч тээврийн 30 автобус үйлчилнэ

Авто тээврийн үндэсний төвөөс хот хоорондын шинэ маршрут нээгээд байна. Дорноговь аймгийн Сайншанд-Замын-Үүд-Эрээн чиглэлд иргэдэд үйлчилж байгаа аж. Ингэснээр иргэд Эрээн рүү заавал галт тэргээр үйлчлүүлж 2-3 хоногийг зарцуулах шаардлагагүй болжээ.

Автотээврийн үндэсний төвөөс энэ чиглэлд гурван компанийн 30 автобусыг явуулахаар төлөвлөсөн байна.

Categories
гадаад мэдээ

87 хүн MERS-ийн халдвар авчихаад байна

Өмнөд Солонгост MERS коронавирусын халдвар авсан хүний тоо 87-д хүрсэн тухай мэдээллээ. Нас барагсдын тоо ч зургаа болон нэмэгдсэн байна. Амьсгалын замаар халдварладаг аюултай өвчин гарсан тул БНСУ-руу Хятад болон Азийн бусад орноос тус улс руу зорчихоор төлөвлөж байсан хэдэн мянган жуулчид аялалаа цуцалсан байна.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Сэтгэцэд нөлөөлөх эм хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” авто замын боомтоор өнгөрөгч тавдугаар
сарын 31-ний өдөр Монгол Улсын иргэн “А”-г СЭҮ 28-19 улсын дугаартай
автомашинтай Монгол Улсын хилээр нэвтрэх үед нь үзлэг шалгалт хийхэд 65
таблетик бүхий 455 ширхэг “Анданте” гэх сэтгэцэд нөлөөт эмийг нууж,
хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг хилчид илрүүлэн саатуулжээ. Иргэн А-г
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шилжүүлсэн байна.

Categories
гадаад мэдээ

Оросын эсрэг хоригийг Их Долоогийн удирдагчид дэмжлээ

Германы Хармиш-Партенкирхен хотноо Их Долоогийн уулзалт болж байгаа билээ. Өчигдөр эхэлсэн дээд хэмжээний уулзалтын өмнөхөн АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, ХБНГУ-ын канцлер А.Меркель нар Кюрн хотноо гарцаачирласан уулзалт хийжээ. Тэд Украины асуудлыг хэлэлцэж Минскийн гэрээний заалтыг бүрэн биелүүлэх хүрэл ОХУ-ын эсрэг хоригийг цуцлахгүй гэдэг дээр санал нэгдсэн байна. Үүнийн Их Долоогийнбусад удирдагчид дэмжиж байгаагаа илэрхийлэв. Энэ удаагийн Их Долоогийн уулзалтаар Украины хямралаас гадна Грекийн өр, цаг агаарын өөрчлөл, Эбола вирусай хэрхэн тэмцэх асуудлыг хэлэлцсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-т газар эзэмших эрх олголоо

Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрх олгох тухай” А/466 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, авто худалдааны цогцолбор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-т Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт цэвэрлэх байгууламжийн зориулалтаар 6.0 га, дулааны станцын зориулалтаар 3.0 га, цахилгаан станцын зориулалтаар 0.5 га, үерийн далангийн зориулалтаар 12.8 га газрыг тус тус 15 жилийн хугацаатай эзэмших эрх олголоо.

Газар эзэмших эрх олгогдсон байгууллагын газар эзэмших гэрээг зохих журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгон, газрын улсын бүртгэлд бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

“Tiger Street Football 2015” гудамжны хөлбөмбөгийн тэмцээн зуны туршид үргэлжлэх лигийн зарчмаар явагдана

“Tiger Street Football” гудамжны хөлбөмбөгийн тэмцээн Улаанбаатар хотод 2013 оноос хойш гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Дэлхийд таашаагдсанTiger брэндээс зохион байгуулдаг уг тэмцээн нь “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг Даргын ивээл дор, Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газрын дэмжлэгтэйгээр Их Талын Дуулиан ТББ болон Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн “Паркхаус Бар энд Боулинг”-тай хамтран зохион байгуулагдана.

Энэхүү хөлбөмбөгийн тэмцээн нь зориулалтын тороор хүрээлсэн талбай дотор 5-ын эсрэг 5 тоглодог шинэлэг, эрч хүч дүүрэн, сонирхолтой үндэсний лиг болон явагдах ба зуны турш үргэлжилнэ.

2013-2014 онд Tiger брэнд олон улсын спорт суваг болох “Фокс Спортс Интернэйшнл”-тэй хамтран Монгол Улсад энэхүү олон улсын гудамжны хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулан дэлхийд хөлбөмбөгийн домог болсон Фабио Каннаваро, Деко нарын одуудыг урьж Монголын хөлбөмбөгийн фанатуудтай уулзуулсан билээ. Энэ хоёр жилийн туршид “Tiger Street Football” тэмцээн гудамжны хөлбөмбөгийн өвөрмөц, хурдан, сонирхолтой хэлбэрийг Монголын хөлбөмбөгийн фанатууд болон баг тамирчдад хүргэн таниулахад чухал үүрэг гүйцэтгэлээ. Монголын баг тамирчид хөлбөмбөгийн энэхүү шинэ дүрэмд түргэн хугацаанд суралцан тодорхой амжилтыг гаргаснаас Монголын “Хөх Чоно” баг 2014 онд олон улсын найман багийн бүрэлдэхүүнтэй лигээс шалгарч Сингапур улсад болсон аваргын төлөө тэмцээнд дэд байр эзэлсэн.

2015 онд “Tiger Street Football” тэмцээн нь үндэсний гудамжны хөлбөмбөгийн 64 багийн лиг болон үaргэлжилж байгааг дуулгахад таатай байна. “Tiger Street Football 2015” нь 2015 оны 6-р сарын 27-ны Бямба гаргийн өглөө 9 цагт Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн гадаа байрлах Tiger Street Football тэмцээний талбайд нээлтээ хийн, хэсгийн тоглолтуудаа эхлүүлнэ. Тэмцээний хэсгийн тоглолтууд 6-р сарын 27-ноос эхлэн Бямба, Ням гараг бүрт явагдах бөгөөд Улсын баяр наадмын үеэр буюу 7-р сарын 11-12, 18-19-нийг өнжиж 7-р сарын 25-наас хэвийн үргэлжилнэ. Хэсгийн тоглолтуудын үеэр өдөр болгон Монголын гудамжны хөлбөмбөгийн шилдэг багуудын хооронд 20 тоглолт болох бөгөөд 8-р сарын 23-нд аваргын төлөөх тоглолт болж, хаалтын үйл ажиллагаагаар өндөрлөнө.

“Сүүлийн хоёр жил “Tiger Street Football” тэмцээнийг Монголын хөлбөмбөг сонирхогчид болон баг тамирчид таатай хүлээн авч, идэвхтэй оролцож, дэмжиж ирсэн. Энэ өвөрмөц тэмцээнийг Улаанбаатарт хоёр сарын туршид илүү олон багийг хамарсан лигийн шинэ хэлбэрээр зохион байгуулж, гудамжны хөлбөмбөгийг Монголын хөлбөмбөг сонирхогчиддоо дахин хүргэж байгаадаа баяртай байна” гэж Монголиан беверижс компанийн маркетинг хариуцсан захирал Хи Мүүн Юү хэллээ.

“Өмнө нь зөвхөн 2 өдрийн туршид болоод өнгөрдөг байсан тэмцээнээ хоёр сарын хугацаатай лигийн систем рүү шилжүүлснээр илүү олон багийг хамруулж, илүү олон үзэгчдэд хүргэх зорилготой юм” гэж Монголиан Беверижс компанийн олон улсын шар айргийн брэнд хариуцсан дарга Д.Ариунбилэг нэмж дурдлаа.

Тэмцээний хэсгийн тоглолтууд 6-р сарын 27-нд эхлэн 8-р сарын 15-ныг дуустал үргэлжилнэ. Хасагдах шатны тоглолтууд 8-р сарын 16, 22-ны өдрүүдэд болно. Эцсийн шатанд шалгарсан багууд 2015 оны “Tiger Street Football”-ын аварга хэмээх алдар болон найман сая төгрөгийн мөнгөн шагналын төлөө 8-р сарын 23-нд өрсөлдөх болно.

“Tiger Street Football 2015” тэмцээний тухай товч:

• “Tiger Street Football 2015” тэмцээний шагналын сан арван таван сая төгрөг байх ба эхний гурван байр эзэлсэн багууд болон шилдэг тоглогч нарыг шалгаруулан мөнгөн шагналаар урамшуулна.

• Тэмцээн 2015 оны 6-р сарын 27-ноос 8-р сарын 23-ныг дуустал 64 багийн лиг хэлбэрээр явагдана.

• Тоглолт нь зориулалтын тороор хүрээлсэн талбай дотор нэг талдаа 10 минут, нийт 20 минутын туршид 5-ын эсрэг 5 бүрэлдэхүүнээр явагдана.

Тэмцээнтэй холбоотой асуулт, нэмэлт мэдээллийг7011 1357 утсаар лавлана уу.