Уул уурхайн өрөмдлөг, тэсэлгээ, тэсрэх бодис үйлдвэрлэлийн үндэсний “МЕРА” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга Т.Гантөмөртэй ярилцлаа. Тус компани ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарсан юм.
-Та бизнес эрхлэгчийн хувьд Монголын өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Эдийн засаг, санхүүгийн хямрал болж байна. Мөн дээрээс нь улс төрийн хямрал болж байна. Улс төр хямраад, Засгийн газар солигдоод, чухал албан тушаалууд дээр хүн томилохгүй цаг алдаж, тодорхойгүй байдал удаан үргэлжлэх нь эдийн засгийг улам хямруулдаг. Шинэ Засгийн газар харьцангуй зоригтойгоор дорвитой алхмууд хийхийг үнэхээр хичээж байна. Аливаа юм бүхэн давуу болоод сул талтай шүү дээ. Хямралыг давах зөв алхам бол цагийн байдлыг бодитой үнэлсэн, боломжит гарцуудыг бүрэн ашиглах, даацтай, цагаа олсон зөв шийдвэрүүд гаргах явдал юм. Тэгэхээр улс төрчдөдөө, цагийн байдалд уялдуулж, сул талыг хэт дөвийлгөхгүй, давуу талуудад өндөр ач холбогдол өгч, эдийн засгийг зогсоохгүй байх арга хэмжээнүүдийг цаг алдахгүй авч ажиллахыг уриалж байна.
Оюутолгойн далд уурхайн ажлыг хөдөлгөсөн нь сайн хэрэг шүү. Тавантолгойн нүүрсийг олборлож, гадагшаа борлуулах ажлыг үр ашигтай, шуурхай, зөв зохион байгуулж, яаралтай явуулах хэрэгтэй. Тавантолгой ажиллаад эхэлвэл үндэсний компаниуд тэнд ажиллана. Хайгуул, тэсэлгээний өрөмдлөг, тэсэлгээ, ачилт, тээвэрлэлт, баяжуулалт, тэсрэх бодис үйлдвэрлэл, ус шүүрүүлэлт, нөхөн сэргээлт, кэйтринг, аудит гээд үндсэн бүхий л ажлууд хийгдэнэ. Үүнийг дагаад зам дагуу болон орон нутгийн энгийн хоолны газраас эхлээд бүгдээрээ орлого олж эхэлнэ.
Харин олон улсын болон Хятад улсын зах зээл дээр нэг цонхны бодлогоор нүүрсийг борлуулах шаардлагатай. Тавантолгойн нүүрсийг ганцхан худалдааны компаниар дамжуулан гадагшаа зардаг болчихвол хятадууд Монголын нүүрсний үнээр тоглож чадахаа болино. Монголд нэг цонхны бодлого хэрэгжүүлэх ийм трейдинг компани яагаад байж болохгүй юм бэ. Хятадын “Шинхуа”, Японы “Сумитомо” компаниудын түншлэл бол гадаадад нүүрс борлуулах маш сайн хослол. Энэ хослолыг олсон хүмүүст бид баяр хүргэх нь зүйтэй. Монголчууд үүгээр дэлхийн зах зээлд эвийг нь олж, чөлөөтэй гарч чадна.
-Эдийн засгийн хямрал болно гэдгийг бизнес эрхлэгчид эхэлж мэдэрсэн. Мөн тэд хямрал хэр удаан үргэлжлэхийг ч урьдчилан таамаглаж, түүнээс гарах арга замаа ч тодорхойлцгоож байсан?
-Зөвхөн уул уурхайг хөгжүүлснээр Монгол Улсыг хөгжүүлж чадахгүй гэдэгтэй би санал нэг байдаг. Гэхдээ одоогоор уул уурхайгүйгээр Монгол Улсын эдийн засгийг төсөөлөх аргагүй. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр маань сайн, муу хэлүүлсээр биднийг 1978 оноос хойш голлож тэжээлээ. Манай улсын эдийн засагт өнгөрсөн үед ч уул уурхай голлох үүрэг гүйцэтгэж байсан, ирээдүйд ч уул уурхай чухал үүрэг гүйцэтгэх болов уу. Бэлтгэн нийлүүлэгч улс орнууд Хятадын зах зээл рүү зүтгэж байна. Гэтэл бид Хятад улстай хил залгаад сууж байна. Хятад өөрөө байгалийн баялгаар баян орон ч эдийн засгийн өсөлтөө хангаж дийлэхгүй байсан үе бий. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол хэдэн жилийн өмнө “Хайран сайхан нүүрсээ бид нийлүүлчихлээ. Үүнийг нийлүүлмээргүй байна. Хойч үедээ авч үлдмээр байна” гэж ярьж байсан. Гэтэл одоо Хятад улс импортлох нүүрсний бүтцэд байгаа химийн элементүүдэд хязгаарлалт тавьснаас манай олон орд газрын нүүрс Хятад улс руу гарч чадахаа больчихлоо. Дээрээс нь тэд өөрсдийнхөө нүүрсний уурхайг мянга мянгаар нь хааж байна. Мөн цэвэр нүүрс хэрэглэх, байгаль орчиндоо ээлтэй байх бодлогыг хүчтэй баримталж байна. Тэд нүүрсний хэрэглээг хязгаарлачихлаа. Нүүрсийг өнөөдөр гол худалдан авагч маань худалдан авахаа больчихоод байна.
“Энэ сайн, энэ муу”, “ингэх гээд байгаа юм биш биз дээ, тэгэх ёстой”, “цаана нь Хятад, Орос байгаа” гээд ил тод шударга хэлэлцдэгт ардчиллын давуу тал байна. Гэхдээ үүнийг далимдуулаад хэсэг бүлэг нөхөд ашиг хонжоо хайж, популизм хийж, боломжийг алдаж байгаа нь харамсалтай. Олуулаа хэлэлцээд, олонхийн саналаар шийдвэрийг шуурхай гаргадаг байх ёстой. Бүх зүйлд сайн, муу тал бий. Цаана нь ард түмэн хэвийн амьдрах ёстой, орон байр, хэрэгцээт зүйлсийнхээ зээлийг төлөх ёстой. Манай ажилтнууд “Захирал аа, шагнал, нэмэгдэл, илүү дутуу юм хэрэггүй, цалингаа л авмаар байна. Зээлээ төлөөд хэвийн амьдармаар байна. Бид ажилгүй л баймааргүй байна” гэцгээж байна. Энэ эмзэглэмээр асуудал байгаа биз. Цалингүй бол ард түмэн хэцүүднэ гэдгийг ойлгохгүй хүн байхгүй.
-Үндэсний гэх тодотголтой компаниудын нөхцөл байдал ямар байна вэ. Ажлаа хэрхэн үргэлжлүүлж байна?
-Манай Стратегийн бодлого төлөвлөлтийн ажилтнууд хямрал гүнзгийрэх тул зээлгүй байх, хөрөнгө оруулалтуудаа хязгаарлах, үр ашиг багатай бизнес, ажил үйлчилгээнээс татгалзах талаар анхааруулга өгч байсан учраас бид харьцангуй бэлтгэлтэй байсан. Тэсч гарч үлдэхийн тулд зээлийн дарамт багатайгаар хямралыг давчих юмсан гэж хичээж байна.
-“МЕРА” компани уул уурхайн өрөмдлөг, тэсэлгээний Монголын хамгийн том компани?
-Манай компани уул уурхайн өрөмдлөг, тэсэлгээ хийдэг мөн химийн үйлдвэрүүдтэй. Химийн үйлдвэртээ тэсрэх бодис хийдэг. Гаднаас зарим нэг түүхий эдээ аваад, бусад ажлыг иж бүрэн өөрсдөө хийж гүйцэтгэдэг.
Уул уурхайн үйлдвэрүүдэд ажил, үйлчилгээг олон улсын хөгжлийн түвшинд хүргэж, хэрэглэгчийнхээ талархлыг хүлээхийн төлөө ажилладаг мэргэжлийн инженерингийн компани.
-Уул уурхайн үйл ажиллагааг өрөмдлөг тэсэлгээгээр эхлүүлж цааш үргэлжлүүлдэг болохоор энэ салбартаа өрөмдлөг, тэсэлгээ гэх ажил нэлээд чухал байр суурь эзэлдэг болов уу?
-Уул уурхайн ажлын процесс үндсэн дөрвөн үе шаттай. Өрөмдлөг, тэсэлгээ, ачилт, тээвэрлэлт. Манай компани өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээг уурхайнуудад үзүүлж ажиллаж байна. Бид Монголдоо олон үзүүлэлтээрээ сүүлийн жилүүдэд нэгдүгээрт явж байгаа.
Стратегийн шинжилгээндээ үндэслээд нөөц төлөвлөгөөтэй ажилладаг. Одоо нөөц төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байна. Гурав дахь нөөц төлөвлөгөөгөө гаргасан. 2013 оноос эдийн засгийн хямрал эхэлсэн. Хамтдаа хямралыг туулахын тулд харилцагчид, үйлчлүүлэгчдэдээ зориулж зарим бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг буулгаж байгаа. Хэмнэх бодлого барьж байна. Ажилтнуудаа сургаж байна. Компанийнхаа үндсэн, суурь бодлогыг шинэчилж байна. Шинэ бизнес рүү орохоор бэлдэж байна. Гол төлөв бараа солилцоогоор төлбөрөө барагдуулж байна. Хүн чанар, зөв хандлагатай хүнээр хүний нөөцөө бэхжүүлж байна. Компанийнхаа хөгжлийн төлөөх дээрх ажлуудыг ажлын ачаалал бага, хямралын энэ үед сайжруулан хийж авч байна. Эдийн засаг сэргэхэд бид огт өөр өрсөлдөх чадвартай, илүү үнэ цэнтэй болчихсон байх ёстой гэж зорьж байгаа.
-Уул уурхай ерөнхийдөө зогсолтод орчихсон гэдэгт зарим хүн итгэхгүй байх шиг?
-Одоогоор “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Баруун Цанхийн уурхай, Тавантолгой ХК-ийн үйл ажиллагаа бага хэмжээгээр явж байна. Амьд үлдэхийн тулд, тэсч гарахын тулд яаж ийгээд л ажлаа бага сагаар явуулж байх шиг байна. Өнгөрсөн сард Хөшөөтийн уурхай зогсчихлоо. Оюу толгойн ил уурхай болон төрийн өмчит цахилгаан станцууд, орон нутгаа нүүрсээр хангадаг Багануур, Шивээ овоо гэх мэт нүүрсний уурхайнууд санхүүгийн маш хүнд байдалд үйл ажиллагаагаа арай ядан үргэлжлүүлж байна. Гэсэн ч уурхайчид зогсохыг хүсэхгүй байна шүү дээ.
-Бизнес эрхлэгчид Засгийн газраас зарлаж, уриалсан ажилд идэвхтэй оролцож дэмжихийг хүсдэг ч төрийн байгууллагуудын дарамт их байгаа тухай гомдоллоцгоож байна?
-Уурхайчид бид ажилтай байхыг л хүсдэг. Яаж ийгээд ажил олж хийе, цалин хөлсөө өгөөд ажилтнуудаа дагуулаад хямралыг давъя. Одоо олчихсон байгаа амжилтаа бататгаж, урагш ахиж дэвшье гэж хичээн зүтгэж, боломжит бүгдийг санаачлан ажиллаж байна. Засгийн газар эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд, хамтдаа тэсч гарч үлдэхийн тулд санаачилга сайтай тогтоол гаргасан. Гэтэл яам, төрийн албан тушаалтнууд шалдар булдар, гох дэгээ хийж, ажил бүтээхийн төлөө хичээж зүтгэхийн оронд, санаачлагагүй, хойрго хандаж байна. Төрийн засаглалыг цаашид энэ хэвээр нь байлгавал бид олон боломжийг алдсаар байх болно. Тусгай зөвшөөрлийг далимдуулж төрийнхөн маш их хязгаарлалт хийж байна. Тэд зөвхөн цаас цуглуулснаараа эрсдэлээс хамгаалах төрийн хяналтын ажлаа хийчихлээ гэж үздэг. Нэг барааг хилээр оруулахын тулд хоёр яамнаас тусгай зөвшөөрөл авч байна. Төрийнхөн хоорондоо учраа олохгүй, бодлого зохицуулалтаа сайн хийж чадахгүй байгаа учраас бизнес орчин сайжрахгүй байна.
Д.САРУУЛ