Эдийн засгийн ухааны доктор Б.Баттөмөртэй ярилцлаа
-Та Монголын эдийн засгийг хямарсан гэж үзэж байна уу?
-Монголын эдийн засагт хямрал нүүрлээд удаж байна. Хямрал нь улс оронд холбоотой гурван аюулыг үүсгэдэг. Нийгмийн аюулгүй байдал алдагдах, санхүүгийн алдагдал хүлээх, нэр төрөө алдах. Энэ удаагийн хямрал бусад оронд болоогүй, зөвхөн Монголд болж байгаагаар онцлог. Манай хямралын шалтгааныг экспортод гардаг бүтээгдэхүүний үнэ унасан, гадаадын хөрөнгө оруулалт буурсан гээдхангалттай ярьсан. Монголын хямрал эрх баригчдын алдаатай бодлогоос шалтгаалсан улс төрөөс угшилтай хямрал. Монголд засаглалын хямрал үүсээд удаж байна.
-Эрх баригчдын алдаатай бодлого, улс төрөөс угшилтай гэдгээ тодруулахгүй юу?
-Зах зээлийн баримжаатай нийгмийн замаар хөгжих сонголтыг бид 23 жилийн өмнө Үндсэн хуулиар баталгаажуулсан.Гэтэл зах зээлийн нийгмийг зах зээлийн бус аргаар удирдах оролдлого хийж, удирдах албаны томилгоог мэдлэг, чадвар, туршилгыг үл харгалзан фракц, бүлэглэл, хувийн эрх ашигтаа нийцүүлэн шийдэж ирлээ. Фракц бүлэглэлээс томилогдсон хүмүүс, эздийнхээ барьцаанд байж, тэдний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж, утсан хүүхэлдэй нь болж, зөвхөн тэдний дохио зангаагаар ажиллаж, улс орны хөгжил дэвшилд саад учруулж байна. Энэ бол хямралын үндсэн гол шалтгаан мөн.
”Төрийн хүн улсаа бодохдоо төрлийг март” гэж Модун Шанью хэлсэн. Хэн дуртай нь засаглаж чадахгүй гэдгийг бид хожуу ч гэсэн ойлгож эхэлж байна. Харамсалтай нь бид үүнийг маш их үнээр ойлгож авч байна.
Бага зүйлд хэтэрхий их автсан хүмүүс их зүйл хийх чадваргүй байдаг гэдэгтээ санал нэг байна.
-Сүүлийн жилүүдэд эдийн засагт багагүй мөнгө нийлүүлсэн шүү дээ?
-Цус эргэж байдагтай адил мөнгө эргэж байх естой. Эдийн засагт мөнгийг нэмэгдүүлэх, хорогдуулах нь тодорхой үр дагаварт хургэдэг. Эдийн засагт мөнгө эргэлтээсээ хамаарч тодорхой тооны тохирсон нийлүүлэлттэй байдаг. Хэт их мөнгө гаргах нь эргээд эдийн засагт хохирол учруулдаг. Үүний жишээ нь “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр. Мөнгөний бодлогын алдаанаас төгрөгийн ханш суларч, ханшийн сулрал нь хямралыг өдөөсөн. Хийж байх естой ажлаа хийхдээ сүржин нэр өгөх нь авилга, дээрэм, тонуулыг гааруулдаг. Энэ бол бас хямралыг өдөөгч мөн. Аль ч улсад төрийн залгамж чанар гэж байдаг. Гэтэл манайд тэр зарчим алдагдаж, урьд засгуудын хийж байсан ажлыг бүгдийг үгүйсгэж шинээр эхлэх гэсэн нь алдаа юм. Сүүлийн хоёр жилд манайд аугаа их улс төржилт явагдаж, 25 жил асар их үнээр бэлдсэн мэдлэг туршлагатай ажилтнуудыг төрийн албанаас зайлуулсан нь алдаа байлаа. Сүүлдээ аргаа бараад хамтарсан Засгийн газар байгуулж байна. Монголд мэдлэг туршлагатай ньгудамжинд, дарга даамлыг дагаж гуйдэг фракцалдаг нь төрд шургадаг болсон.
“Асуудлыг мөнгөөр шийдэж байвал тэр нь зардал” гэж Еврей үг бий. Тэгэхээр авилга, хээл хахуулийн мөнгө далд эргэлдэж, зардал болдог. Энэ нь улсын эдийн засаг, бидний нуруун дээр дарамт болно. ”Хургандаа цадаагүй бол төлөг болсон ч майлна” гэдэг. Авилгачид хэзээ ч цаддаггүй. Тэдэнтэй хатуу тэмцэх хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ чиглэлээр үндэсний хөтөлбөр танилцуулахаар төлөвлөж байгаа нь цаг үеэр олсон арга хэмжээ. Төрийн аппарат сүүлийн жилүүдэд хэтэрхий томорч байна. Энэ томролт нь Монгол улсын эдийн засгийн өсөлтөөс хэд дахин илүү гарчээ.
-Төрийн зохицуулалтын тухай хэрэгтэй, хэрэггүй гэж их ярьдаг болжээ.
-А.Смиттын “vл vзэгдэгч гар” өнөөдөр моодноос гарч дэлхий нийтээр төрийн зохицуулалт хэрэгтэйг хүлээн зөвшөөрч байна. Төрийн зохицуулалт гэдэг нь хөгжлийг урт хугацаанд төлөвлөж, учирч болох эрсдэлийг урьдчилан харж, шаардагдах арга хэмжээг цаг хугацаанд нь авч хохирол багатай давж туулахыг хэлж байгаа юм. Төрийн зохицуулалтын дэлхийн хамгийн шилдэг загвар бол БНХАУ ын загвар гэж дэлхий нийтээр үзэж байна. Бид туршлагыг нь судлах гэж нисэж очдог АНУ, Канад, Чили, Бразиль, БотсванчуудХятадын туршлагыг судалж байна.XXI зууны Кейнс төрөөгүй байна.
-Кейнс төрөөгүй байна гэдэг юу гэсэн үг бэ?
Хүн төрлөхтөний эдийн засгийн сэтгэлгээний сүүлийн 100 жилийн түүхийг сөхвөл Маркс, Фридман, Кэйнс нарын нэр хамгийн их дурдагдсан байдаг. К.Маркс бол хувийн өмчийг хязгаарлаж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн загварыг санал болгодог. Фридман үүний эсрэг хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөө, өмчийн халдашгүй байдлыг дээдэлсэн чөлөөт зах зээлийн онолыг дэвшүүлсэн. Харин Кэйнсийн онол бол Маркс, Фридманы загвараас аль альныг өөртөө агуулсан. Тэр зах зээлийн эдийн засаг нь төрийн оролцоо, зохицуулалттай явбал илүү үр дүнтэй гэж үздэг. Өнөөдөр улс орон бүрийн эдийн засаг төрийн оролцоо, зохицуулалттай байна. Улс орнуудын эдийн засагт төрийн оролцоо, зохицуулалт ямар байх тухай онолын бичиг баримт, загвар алга байна. Үүнийг хэлж байгаа юм.
-Монголын эдийн засгийг хэрхэн харж байна?
-Монголын эдийн засаг ангалын ирмэг дээр дэнжигнэж байгааг эдийн засгийн үзүүлэлтүүд хэлж байна. Ангал руу унах эсэх нь биднээс хамаарна. Монгол төгрөг өнгөрсөн жил 12 хувиар унасан. Энэ оны эхний дөрвөн сард төсөв 244,8 тэрбум төгрөгийн алдагдалтай, гадаады хөрөнгө оруулалт 2014 оныг 2011 онтой харьцуулахад 8,5 дахин буурч, гадаад өр, төрийн гаргасан баталгаа, хувийн хэвшлийг оролцуулаад тооцвол 20,7 тэрбум ам.доллор болж, ойрын жилүүдэд төл гэж хаалга тогшиж эхэллээ. Засгийн газрын бондын дотоод өр 3.1 их наяд хүрч, эргэлдэж байгаа мөнгөний гуравны нэг болж өслөө. Гадаад өрийн хүү болон үндсэн өрийг төлөхөд хоёр жилийн дараагаас 3-4 тэрбум доллар төлөх шаардлагатай. ОУВС-ын шинжээчид Монгол улсын төлбөрийн тэнцэлийн алдагдалыг 1.4 тэрбум доллар, АХБ-ны тайланд Монголын эдийн засаг 2015 онд сэргэхгүй, төгрөгийн ханш суларч, эдийн засгийн өсөлт гурав орчим хувь байх судалгааг танилцуулсан. Зээлжих зэрэглэл “B” болж буурч, эрсдэлтэй ангилалд орсон. 2015 оны хувьд төсвийн алдагдал ДНБ-ний таван хувь байгаа нь хэтэрхий их байгаа. Авсан зээлийнхээ хүүд энэ жил 700 тэрбум төгрөг төлнө. Төлөх өрийг монгол төгрөгт шилжүүлсэн ханш 1750 төгрөг. Гэтэл өнөөдрийн төгрөг долларын ханш 1900 төгрөгөөр тооцвол 800 тэрбум аас даваад төсвийн орлогын 12 хувь болно. Манай улсын валютын нөөц 1.3 тэр бум доллар. Энэ бол маш бага хэмжээ. Своп хэлцэлээр авсан мөнгөний дүн валютын нөөцөөс хэд дахин их. Эдийн засгийн идэвхижил буурч байгаатай холбогдуулан арилжааны банкуудын чанаргүй зээлийн хэмжээ 747,0 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 21,2 хувиар өсч зээл олголтоо хумиж эхэллээ. Манай уламжлалт экспортод гаргадаг түүхий эд нүүрс, төмрийн хүдэр, зэсийн үнэ ойрын жилд сайнгүй байх нь. Монгол төгрөг маань үнэгүйдэж, Америк доллортай бараг 2000 төгрөгөөр харьцаж байсан. Сүүлийн өдрүүдэд төгрөг чангарч байгаа нь түр зуурын үзэгдэл. Имфляци 9.3 хувьтай байна. Монгол улс “Стэнд бай” хөтөлбөрт дөрөв дэхь удаагаа хамрагдахаар судалгаа тооцоо хийж байна. Энэ бол бид хүндэрлээ, туслаач гэсэн үг ба манай нэр хүнд олон улсын тавцанд унана гэсэн үг. Сүүлийн үеийн мэдээллээр маш олон компани дампуурч, үйл ажиллагаа нь доголдож, зогсолт хийж байна. Засгийн газар бүтээн байгуулалт хийж чадахгүй, урьд хийлгэсэн ажлын санхүүжилтыг хийж чадахгүй байгаа нь асуудлыг улам хүндрүүлж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хувийн хэвшлийг “Бэилаут” буюу улсаас санхүүжүүлэх замаар дампуурлаас гаргах бодлогыг хэрэгжүүлэхээр зарласан. Энэ бол хувийн хэвшил хүнд байгааг харуулж байгаа боловч хүндрэлээс гарах арга замыг тодорхойлж байгаагаараа ач холбогдолтой. Манай улсын эдийн засагт рецесси (дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт зогсох)-ийн аюул нүүрлэж болзошгүй. Ийм тохиолдолд бидний амьдрал улам дордоно. Монгол улс 2017 оны 4 р сар гэхэд дампуурч болзошгүй тухай гадна дотны хэвлэлүүдэд бичээд эхэлчихсэн байгаа.
-Та төгрөгний ханшийн чангаралтыг түр зуурынх гэлээ.
-Түр зуурынх гэж бодож байна. Яагаад гэвэл бодлогын хүү нэмэгдэж, мөнгөний нийлүүлэлт бага зэрэг буурч байгааг эс тооцвол төгрөгний ханш чангарах бодит алхамуудыг бид хийж чадаагүй. Үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, худалдаа зогсолтын байдалд орсон тул валютын эрэлт бага байна. Энэ бол маш том эрсдэл дагуулж мэднэ. Манай зах зээлээс ноолуур худалдаж авах мөнгө сүүлийн үед нилээд их хэмжээгээр орж ирж байна. Энэ нь түр зуур чангарах боломж олголоо. Цаашид долларын ханшийг буруулах бодит алхамуудыг хийх хэрэгтэй. Валютын орох урсгалын сувгуудыг нэмэгдүүлэх хэрэгтэй
-Тэр суваг нь?
-Хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, зээл авах, алт олборлолтыг нэмэгдүүлж банкинд тушаах сонирхол бий болгох гх мэт аргууд бий.
-Хямралаас эдийн засгийг тэлж, хумьж гарах талаар маргаж байна.
-Хямралын үед эдийн засгийг тэлэх, хумих нь сайн, муу үр дагавартай. Тухайлбал хэтэрхий их тэлбэл ханш суларч, инфляци өсөж, хямрал даамжрах аюултай. Сайн тал нь мэдээж өсөлт гарна. Эдийн засгийг хумих нь зарим тоон үзүүлэлт сайжрах сайн талтай боловч асуудлыг томоор авч үзвэл өсөлт саарч, ажилгүйдэл ядуурал газар авч хямралаас учрах хор хөнөөл их болох муу тал бий. Миний хувьд өнөөдөр эдийн засгийг тодорхой хэмжээгээр бодлоготой тэлж, хямралаас гарах загварыг илүүд үзэж байна. Өөрөөр хэлбэл тэлэх, хумих хувилбаруудын зөв хослолуудыг авч хэрэгжүүлбэл амжилт олно. Тэлэх, хумихын зөв хослол гэдэг дээр олон зүйл ярьж болно. Тухайлбал ханшийн өсөлтөөр өдөөгдсөн хямралын үед импортоос их хамааралтай яг энэ үед үр ашиг муутай үйлдвэрлэл, үйлчилгээг хумиж, бага хамааралтай экспортын чиглэлтэйг нь төрөлжүүлж дэмжих бодлого яагаад байж болохгүй гэж. Энэ бол төрийн зохицуулалт нэг хэлбэр.
-Эдийн засаг өсөлт иргэдэд хүрсэн үү?
-Манай эдийн засаг эхний дөрвөн сард зэрэгцүүлэх үнээр 4,4 хувиар өссөн. Статистик мэдээнээс харахад гадаад худалдаанаас бусад макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд буурсан зураг харагдаж байгаа. Гадаад худалдааны хувьд үр ашигтай үзүүлэлт гарч байгаа нь бидний сайных биш, эдийн засаг идэвхижилгүй болсоноос үүдэлтэй. Эдийн засаг идэвхижилгүй болно гэдэг нь аж ахуйн нэгжүүдийн ажил доголдох, үйл ажиллагаа нь зогсох, дампуурах, өрийн сүлжээ үүсэж, баялаг бүтээж, татвар төлөхгүй болж байна гэж ойлгох хэрэгтэй. Эдийн засгийн өсөлт хүн төрлөхтөний сайн сайхны төлөө байдаг. Гэтэл манайд энэ өсөлт хүн амын багахан хэсэгт ашиг тусаа өгч байна. Тэр өсөлт хэнд хэдэн хувь нь оногдож буйг тооцдоггүй. “Оюу толгой” /ххк/ кампани саяхан нэг сая дахь тн зэсийн баяжмалаа экспортод гаргаж, 2014 онд хоёр их наяд төгрөгийн борлуулалт хийж Монголд 150,0 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Харамсалтай нь өгөөж нь тун бага. Тэгэхээр бид хий хоосон тоо тоолж өсөлт яриад байх нь утгагүй болж байна. Монголчуудын төлөх өр өдөр тутам өсөж байна. Монголын эдийн засгийн одоогийн өсөлт нь хүн амын олонхид амьдралын доройтлыг бий болгож байна. Бидэнд үнийн өсөлтөөр бус нэмэгдсэн өртгийн өсөлтөөр бий болсон эдийн засгийн өсөлт хэрэгтэй. Орчин уеийн эдийн засгийн шинжлэх ухааны эдийн засгийн өсөлтийн гол хэмжүүр нь ард түмний амьдралын түвшин яаж дээшилж, дундаж орлоготой хүмүүс, айл өрхийн өсөлтөөр хэмжигдэг. Тэгэхээр манай өсөлт бол ард түмний амьдралд хүртээлгүй хоосон, хусран, тархи угаасан өсөлт болж таарч байна. “Солонго сайхан ч сохор хүнд хүртээлгүй” гэж үг бий.
-Бид эрсдэлээ хир тооцдог юм бол?
-Эрсдэлгүй хөгжил дэвшил гэж байдаггүй. Хэн эрсдэлийг зөв тооцож, хариу арга хэмжээг авч чадна тэр хөгждөг. “Эрсдэл хийхгүй бол шампанск буудуулахгүй” гэдэг. Эрсдэл гэж юу болохыг ном сурах бичигт “Ирээдүйг тааварлах асуудал” гэж бичсэн байдаг. Харин эрсдэлийг удирдах гэдэг нь “магадлалыг зөв тогтоож, зөв үнэлж, даван туулах ажиллагаа” юм. Монголын төр, засаг одоо болон ирээдүйд бий болох эрсдэлийг тооцдог бол хямралыг зөөллөх, хохирол багатай давах боломж байсан л баймаар юм. 2011 онд эдийн засгийн өсөлт 17,5 хувьд хүрч, гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.7 тэрбум боллоо гээд байсан. Огцом өсөлт, сайн муу хоёр талтай. Ололт амжилтыг ямагт эрсдэл дагаж явдаг. Эрсдлийг тооцож, авах арга хэмжээг төрийн бодлого болгож чадаагүй нь харамсалтай, Эрсдэл хэлж ирдэггүй, хэнийг ч ялгадаггүй. Иймээс эрсдэлийг удирдах хүчтэй баг ажиллаж мэдээллийг шийдвэр гаргах тувшинд мэдээлж, хамтарч ажиллах шаардалгатай. Орчин үед мэдээллийн ач холбогдол их чухал болжээ.
-Мэдээлэл эдийн засагт ямар ач холбогдолтой вэ?
-2008 оны дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын үндсэн шалтгааныг эдийн засгийн үйл явц интернетийн хурдаас хол хоцорсоноос болсон гэж дүгнэсэн. Эдийн засгийн аль ч түвшиний үйл явц мэдээлэлтэй шууд холбоотой. Хүндэрч байгаа асуудлыг булзааруулах, мэдэн будлих, хойш тавих, нууж хэрэггүй. Харин бодит мэдээлэлд шуурхай боловсруулалт, дүн шинжилгээ хийснээр зөв гарцыг олно.
Мэдээлэл олж аваад шийдвэр хугацаа урт байх тусам хохирол амсах магадлал өндөр болдог.. Иймээс хямралаас гарах гарцуудын нэг бол бодит мэдээлэлийг зөв үнэлж ажиллах гэж үзэж байна. Төр засгийн өндөр алба хашиж, ард түмний төлөө шийдвэр гаргаж буй хүмүүс эрдэмтэн, мэргэжилтэнгүүдээс асууж байх хэрэгтэй.
-Манай шийдвэр гаргагчид эрдэмтэд, мэргэжилтнүүдээсээ хэр асуудаг юм бол?
-Хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын гэрээнүүд, хөгжлийн асуудлууд дээр. Саяхан нийтлэлч Б.Баабар Оюу толгойн гэрээ байгуулах үед олон улсын туршлагатай багтай хамтарч ажиллах болох байсан тухай бичсэн байсан. Энэ бол дэлхийд байдаг түгээмэл туршлага. Манайхан одоо л хуулийн компанитай хамтарч ажиллах тухай ярьж, төсөвдөө мөнгөсуулгах, суулгахгүй тухай ярьж маргаж байгаа нь “Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн”-тэй адил асуудал юм. Мэдэхгүй мөртлөө мэдэмхийрч, шийдвэр гаргаж, гарын үсэг зурж улс, ард түмэнд гай болохоо болих хэрэгтэй. “Эр тахиа сайхан донгоддог ч өндөгийг нь эм тахиа гаргадаг” гэж үг байдаг байх аа. Ард түмэн бид муу төрийн золиос хангалттай болж байна. Асуух хэрэгтэй.
-Манай эдийн засгийн бүтэц зөв үү?
-Монголын төрд зах зээлийн эдийн засгийн тодорхой концепци алга байна. Эрх баригч намууд эдийн засгийн бодлогоо зөв тодорхойлж чадахгүйбол ямарч засгийн газар юу ч хийж чадахгүй нь ойлгомжтой. Хөгжингүй орнуудын санхүүгийн зах зээлийг аваад үзэхэд банк, хөрөнгийн зах зээл, даатгал гол бүрэлдэхүүн хэсэг нь байна. Гэтэл манай улсын санхүүгийн зах зээлийн 96 хувь нь цөөхөн хаалттай хувьцаа эзэмшигчидтэй банкууд дээр тогтож байна. Манай эдийн засаг нэмүү өртөг шингэсэн баялагын үйлдвэрлэл багатай, түүхий эдэд түшиглэсэн үр ашиггүй, маш их хэврэг, хямралд байнга өртөх эрсдэлтэй ийм л бүтэцтэй. Эдийн засгийн ийм бүтцийг өнгөрсөн 25 жилд бодлогоор бий болгоогүй, харин урсгалаар өөрөө бий болсон. Иймээс энэ загвар, алдаатай бодлогын жижиг сорилтыг даван туулж чадахгүй, нурж байна. “Акулуудын тулаанд жараахай оролцдоггүй”гэдэг уг байдаг. Бид жараахай шиг амьдарч байна.Зарим хүмүүс “Бид хүн ам цөөнтэй, жижиг улс акул болж чадахгүй” гэж хэлж магадгүй. Тэгвэл манайхаас жижиг улсууд акул болчихсон тулаанд ялалт байгуулж байна. Хөрөнгийн зах зээл хөгжсөн орнууд дэлхийд манлайлж байна. Хөрөнгийн зах зээл бол бодит эдийн засгийн тусгал байдаг. Замын хөдөлгөөний дүрэм алдаан дээр тулгуурлаж бичигдсэн байдагтай адил хөрөнгийн зах зээлийн зарчим олон улсын туршлага дээр тулгуулагдсан байдгаараа манай эдийн засгийг бүс нутаг, дэлхийн эдийн засагтайхолбох суваг болж байх естой.
-Хямралаас хэн гаргаж чадах бол?
-Монголд үүссэн хямралын эзэд монголчууд. Бид бүх түвшинд хамтарч ажиллаж байж хямралыг давна. Тодруулж хэлбэл “хүчтэй, мэдлэг чадвартай гар нийлсэн баг” хямралаас гаргаж чадна.
-Тэр баг хаана байна?
-Тэр багийн гишүүд намуудад байгаа.
-Одоогийн засгийн газар тэр баг биш үү?
-Шийдлийн Засгийн газрыг тэр баг мөн байгаасай гэж ард түмэн хүсч, хүлээж байна. Засгийн газар байгуулагдаад хагас жил өнгөрч байна. Шүүмжлэх эрт байна. Хурдтай, зөв, шийдвэртэй арга хэмжээ авч ажиллах шаардлагатай. Асуудлыг хойш тавьж болохгүй. Маргааш гэж хойшлуулсан бүхэн мөхдөг. Ард түмэн удаан хүлээхгүй. Улс төрчид намуудын дарга нар шийдвэр гаргагчид бүлэг, фракцын эрхшээлээс гарч шилдэгүүдээ засагт оруулах хэрэгтэй.
-MAH Засгийн газарт хамтарч ажилласнаар ямар үр дүн гарсан бэ?
-Засагт хамтарч ажиллахыг манай гишүүдийн олонхи дэмжсэн. Монгол улсын эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлсэн хэрэг. Харин Шийдлийн засгийн газрын гишүүдийн ажил үүргийн хувиарлалтад сэтгэл дундуур байгаа. Манай намаас Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан баг засагт байгаа. Энэ баг Монгол улсын тогтвортой хөгжил, эдийн засгийн шинэтгэл, шинэ эдийн засгийн бодлого, хямралыг онилсон бодлогуудыг хариуцаж ажиллах шаардлагатай байсан юм. Ийм тохиолдолд хамтарсаны үр дүн гарах байсан. Шадар сайд Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Шудрага өрсөлдөөн, Оюуны өмч, Худалдан авах агентлаг хариуцуулах хир оновчтой юм бол. Эдгээр албадууд чухал алба мөн. Бүр чухал гэж тодотгож хэлэхийг хүсэж байна. Тэд сайн ажиллаж байгааг бас хэлэх хэрэгтэй. Эдгээр албадын үйл ажиллагаанаас шалтгаалж Монгол улс хямраагүй. Иймээс хямралын голомт тэнд байхгүй. Бид хямралын голомтод орж ажиллаж, бодит сектор дахь хямралын нөлөөг багасгах замаар хямралаас гарч чадна. Энэ засагт манай нам ийм ажил үүргийн хувиартай ажиллаад үр дүн гарахгүй. Ардчилсан намын зарим лидерүүдийн хэлсэнээр “Тэвэрч аваад хамт унах” гэсэн бодлого л байх. Тийм бол маш харамсалтай хэрэг. Монгол улсын ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2013-2014 онд 35 мянган айлын орон сууц ашиглалтад оруулж, 2500 км зам барьсанаа тайлагнасан. 2015-2016 онуудад ийм үр дүн гаргаж чадах уу. Энэ оны макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд, 2013, 2014 оны үзүүлэлтүүдэд хүрэх үү. Эдгээр асуултуудын хариулт бол мэдээж үгүй гэж гарна. Манай нам 230,0 гаруй мянган гишүүнтэй. Шийдлийн засгийн газарт орсон хүмүүсийг манай намын удирдлагууд хамгийн шилдэгүүдийг сонгож оруулсан гэж ойлгож байгаа. Хямрал бол удирдагчдыг сорьж, шалгалт авч мөн тодруулж өгдөг. Тэгж чадахгүй бол эдгээр хүмүүст нам хариуцлага тооцох хэрэгтэй болно. “Та өгсөхдөө хэн дээр гишгэснээ байнга санаж яв, уруудахдаа тэдэнтээ тааралдах болно” гэж Д.Трампын хэлсэн.
-Та хариуцлагын тухай хөндлөө?
-Монголын төрд алба хашиж байгаа хүмүүс албан тушаалаа ашиглаж мөнгө идвэл шоронд орно. Харин төрийнажлыгунагааж, ард түмний амьдралыг дордуулж, улс орны хөгжлийг хойш нь татаж, улсад маш том хохирол учруулсан хэн ч хариуцлага хүлээдэггүй. Хариуцлагын тогтолцоо байдаггүй учраас эрх мэдэл олж авсан хүмүүс улс эрх орны хөгжил, ард түмний амьдралыг дээшлүүлэх тухай бодохгүй зөвхөн хувиа бодож довоо шарлуулж эхэлдэг.
Манайд хариуцлагын тогтолцоо байдаггүй учраас Монголын ард түмний эрх ашигт харшилсан гэрээ байгуулж, хариуцлага хүлээхгүй, олон дахин төрийн эрх барих байгууллагуудад сонгогдож, засаглаж болж байна. Хариуцлагын тогтолцоо байдаггүй учир засаг байгуулж, огцорч, огцоруулж улс төрөөр тоглож байгаа нь ард түмний амьдралд сөргөөр нөлөөлж байна.
“Хүнд хуулийн хариуцлагаас гадна, ёс суртахууны хариуцлага гэж байдаг. Түүнд хөөн хэлэлцэх хугацаа байдаггүй” гэж ярьдаг. Улс орны хөгжил дэвшил, ард түмний амьдралд хор хүргэж хөгжлийг хойш татсан хүмүүс хариуцлага хүлээхийн оронд харин баатар болчихсон явж байгаа нь харамсалтай. Тэд хуулийн хариуцлага хүлээдэггүй юм гэхэд ёс суртахууны хариуцлага хүлээж л таарна. “Хүнийг удирдахын тулд өөрийгөө удирдаж сур” гэсэн үг байдаг. Хараад байхад хүн удирдах байтугай өөрийгөө удирдаж чадахгүй удирдагч нар олон болж. Хариуцлагагүй үйл ажиллагаа хямралыг өдөөх үндсэн суурь болж байна. ”Ичих гэдэг хүн төрлөхтөний бий болгосон хамгийн том соел” гэдэг. Бидэнд ичих тухай ойлголт байхгүй болсон. Албан тушаалтны хариуцлагын тухай хуулийг маш яаралтай гаргаж мөрдөж ажиллах шаардлага байна.
-Нэрийг нь зарлаж болохгүй юу?
-Хариуцлагагүй ажиллаж байгаа хүмүүсийг тоолж барахгүй. Харин хариуцлагатай ажилладаг хэдийг нь тоолбол амар. Нэртэй устай ярихаас өмнө хариуцлагын тогтолцоотой болох хэрэгтэй байна. Хариуцлага тооцож, хүлээлгэдэг болох нь чухал.
Манай зарим дарга нар ямар ч шалгуургүй шог томилгоо хийж, улсын эрх ашиг хохирч ирсэн нь нууц биш. Сүүлийн үйл явдлыг харахад зарим дарга нарыг дагаж гүйдэг, тойрон хүрээлэгчид, тэдний бүрдүүлсэн багийн гишүүд хууль зөрчих, хувиа бодож, довоо шарлуулах, улс, ард түмний эрх ашгийг уландаа гишгэх, авилгад өртөх нь их боллоо. Тэд баг бүрдүүлэгч даргын хууль бус шаардлагыг биелүүлэх, түүний дохиогоор ажиллаж, тэдэнд өр төлбөрөө барагдуулах, эсвэл зарсанаа олох гэж яваад хэл аманд өртдөг байж магад. Хууль зөрчсөн нь шийтгэлээ хүлээгээд явдаг байж. Харин буруу томилгоо хийж, хохирол учруулсан дарга нар ямарч хариуцлага хүлээдэггүй, шудрага царайлаад сууж байгааг л ард түмэн шог гээд байгаа юм. Төрийн алба хашихгүй бол амьдарч чадахгүй болчихсон хүмүүс маш олон болж. Зарим хүмүүс улс төрд тодорхой зорилготой орж ирээд зорилгоо биелүүлээд гараад явчихаж байна. Хариуцлагагүй хүмүүс хариуцлагатай, ёс зүйтэй хүмүүсийг нийлж хавчиж, гадуурхаж, нэр төрийг нь гутааж, доромжилж, огцруулж, сонгуулийг будлиантуулж унагаж, улс төрөөс зайлуулж чадаж байна.. Энэ бол нөгөө л хариуцлагагүй хүмүүсийн балаг.
-Танд хямралаас гарах төлөвлөгөө байна уу?
-Монгол улс нийгэм, улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соел, хүмүүжил гээд бүх салбарт шинэ бодлого, хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Яагаад гэвэл бид энэ дэлхийд амьдарч, тэдэнтэй хөл нийлүүлж амьдрах алхам хийхгүй бол бидний хоцрогдол өдөр ирэх тутам даамжирч, цаашид улам гүнзгийрнэ. Цаашид эрчимтэй хөгжихийн тулд хэд хэдэн багц асуудлыг шийдэх хэрэгтэй гэж бодож байна. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах замаар Монгол төрийн тогтолцооны хамгийн зөв хэлбэрийг одоо сонгох шаардлагатай. Сүүлийн үед болж байгаа үйл явдалуудаас харахад төрийн тогтолцооны одоогийн энэ хэлбэр алдаад байгаа нь их болж байх шиг. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монголд парламент ёс төлөвшиж чадсангүй. “Улс орны хөгжилд, эдийн засаг бус улс төрийн тогтолцоо хамгийн чухал” гэж судлаач Фукуяма хэлсэн байдаг.
Эдийн засгийн хүрээнд “Шинэ эдийн засгийн бодлого” гаргаж ажиллах шаардлага тулгарлаа. Бидний өнгөрсөн хугацаанд бий болгосон эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай эмзэг, бүтээмж муу, түүхий эдэд түшиглэсэн, үр ашиг багатай байгаагаас баялагийн тэгш бус хувиарлалт үүсэж, үүнээс үүдэлтэй нийгэм,эдийн засгийн тогтворгүй байдал үүсэх эрсдэл бодитой бий боллоо. Өөрийн толгойд бус бусдын толгой, уул уурхайн том төслүүд биднийг гэнэт баяжуулах мэт гэнэн сэтгэж, бэлэнчлэх сэтгэлгээнд улс даяараа автсан. Уул уурхайгаас бусад салбарыг гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар тэтгэх, өндөр технологи, инновацийг хөгжүүлэх ажлыгзөнд нь орхигдуулсан. Баялаг ашигласны нөхөн сэргээлт хангалтгүйгээс, экологийн доройтолд орж, ус, хөрс, агаарын бохирдол дээд хэмжээнд хүрсэн. Хот хөдөө, баян ядуугийн ялгаа улам их болж байгаагаас хөдөөгөөс хот руу чиглэсэн шилжилт, хөдөлгөөн нүүдлээс улбаалан улс орны хязгаар нутаг эзэнгүйдэж, хөгжлийн болон хүн амын суурьшлын харьцаа алдагдсан. Улс орон даяараа өрийн сүлжээнд орж, ядуурал өдөр тутам нэмэгдэж байгаагаас Монголчуудын ирээдүйдээ, өөртөө итгэх буурч, бусдаас буруугаа хайх, бусдад нялзаах, төр засгаа үл хүндлэх үзэл бодол хавтгайрч байгаагаар илэрч байна. Иймээс шинэ эдийн засгийн бодлого хэрэгтэй гэж үзээд байгаа юм.
-Шинэ эдийн засгийн бодлого гэж юу вэ?
-Шинэ эдийн засгийн бодлогыг товчоор тодорхойлбол, “Дотоод нөөц боломжоо дээд зэргээр дайчилж, мэдлэгийг баялаг болгож, өндөр технологи ашиглан түүхий эдээ боловсруулж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргаж, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэн, дэлхийн эдийн засгийн интеграцид ороход чиглэсэн хөгжлийн бодлого”гэж томьёолж байна.
-Шинэ эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх боломжтой юу?
-Боломжтой. Эхний ээлжинд хөгжлийн урт хугацааны хөтөлбөрүүдийн хэрэгжүүлж эхлэх шаардлагатай. Мэдлэгээс мэдлэг бий болгох, мэдлэгээс баялаг бий болгодог хүний нөөцтэй болох, тэднийг урамшуулах, хөгжүүлэх, мэдлэгийн эдийн засгийн дэд бүтцийг бий болгох нь маш том чухал хэсэг нь байх болно. Шинэ мэдлэг, шинэ санаа, шинэ бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх нь хөгжлийн гарц болно. Байгалийн баялагаас илүү хүний оюун ухаанд түшиж хөгжих нь шинэ эдийн засгийн бодлогын мөн чанар байна. Цаашлаад хөрөнгө оруулалтын бодлогоор өндөр технологи, ноу хау, шинэ технологи, инновацийг нэвтрүүлэх ажилд татварын урамшуулал олгох нь зүйтэй. Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэн Улаанбаатар хотыг санхүүгийн төв |financial hub| болгож, дэлхийн томоохон банкуудын салбарыг Монголд оруулж санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө оруулалтын зохих хэсгийг хөрөнгийн зах зээлээс босгох ажил шинэ эдийн засгийн бодлогын гол цөм хэсэг нь байна. Хөдөө аж ахуй бол экспортыг нэмэгдүүлэх асар их боломж бөгөөд нөхөн үрждэг баялаг учраас тогтвортой хөгжлийн гол тулгуур болно. Ногоон эдийн засгийг хөгжүүлэх замаар үйлдвэрлэгч орон болох, шууд экспорт гэж үздэг аялал жуулчлалыг хөгжүүлэх гээд олон асуудал шинэ эдийн засгийн гол асуудал байх юм. Эдийн засгийн эрх чөлөөг хангах, үр ашигтай өсөлтийг байнга нэмэгдүүлэх асуудал бас хамгийн чухал хэсэг нь байна. Энэ асуудлын хүрээнд төрийн зардлыг хамгийн бага түвшинд хүргэх, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хуулиар хамгаалах, төр засагтаа итгэх итгэлийг нэмэгдүүлэх, шудрага шүүхийн тогтолцоог төлөвшүүлэх, авилгатай тууштай тэмцэх, төрийн албаны ил тод байдлыг хангах, шалгуурыг өндөрсгөж, элдэв дарамт, гох дэгээг устгах г.м маш олон асуудлууд багтана. Гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн нэг ч улс дэлхийд алга. Дэлхийн бүх улс ”Welcome to…” гэдэг.
-Жишээлбэл..
-Тухайлбал Малайз улс хөрөнгө оруулагч нартаа зориулж тусгай паспорт гаргажээ. Тэр паспорт нь арван жилийн хугацаатай, бас давуу эрхтэй, сунгаж болдог. Биднийярьдаг том төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, БНХАУ ын нутгаар транзит тээвэр хийх гэрээ, Тяньжин боомтод авсан талбайг үр дүнтэй ашиглах нь чухал байна. Манай эдийн засаг БНХАУ-ын хэдхэн үйлдвэрүүдээс хараат болж, уул уурхайн экспортын 90 хувь нь эдгээр үйлдвэрт ноогдож байгаа одоогийн тогтолцоог өөрчилж, тодорхой хугацаанд буруулах бодлого гаргаж ажиллах шаардлага байна. БНХАУ-ын эдийн засаг өсөж, 25 их наяд ам.долларт хүрч, дэлхийд эдийн засгийн хөгжил, худалдан авах чадвараар манлайлж, нэг хүнд ноогдох ДНБ ны хэмжээ нь 7300 ам.доллараас давлаа. Хятадад дундаж орлоготой хүмүүсийн хувь хэмжээ эрчимтэй өсөж байгаатай холбогдуулан хямд өртөгтэй хятад ажилчид байхгүй болж байгаа юм. Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар ойрын арван жилд Азийн хөгжлөөрөө тэргүүлэгч Япон, Солонгос, Тайвань, БНХАУ аас зуун сая ажлын байр гадагшаа гарах тооцоо гаргажээ. Үүнээс 80 сая нь Хятадаас гарах юм байна. Гадагшаа гарч байгаа энэ ажлын байрны 0,5 хувийг Монголд оруулж ирж чадвал хагас сая ажлын байр бий болж, ажилгүйдлийн асуудлыг бүрэн шийднэ. Ийм маягаар дэлхий, бүс нутагт болж байгаа үйл явдалтай өөрийн орны хөгжлийн бодлогын асуудлыг хослуулж чадвал бид амжилтад хүрнэ. Үүнийг интеграцид орох гэж хэлээд байгаа юм.
-Одоо бид юу хийх ёстой вэ?
-Хамгийн түрүүнд хямралын оношоо зөв тавих хэрэгтэй. Манай тавиад байгаа онош өөрсдөө алдаа гаргаагүй, гадаадынханаас болчихсон юм шиг яриад байгаа нь хямралыг улам гүнзгийрүүлнэ. Юуны түрүүн урьд гаргасан алдаануудаа засах хэрэгтэй. Төсөвт тодотгол хийх замаар төрийнзардлыг доод түвшинд хүргэх, хойшлуулж болох хөрөнгө оруулалтыг танах, царцаах, хувийн хэвшилд шилжүүлэх, концесс хийх замаар төсвийн ачааллыг буруулах шаардлагатай. Компаниудад төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Ажилгүйдэл ядуурал, хоосрол нь араасаа гэмт хэргийг дагуулдагийг санах хэрэгтэй. Эрүүгийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй мэдээлэлүүд байна. Тухайлбал энэ оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үетэй харьцуулбал гэмт хэрэг 21 хувиар өссөн байна. Ажлын байрыг нэмэгдүүлэх нь чухал. Магадгүй энэ асуудал хямралыг онилох хөтөлбөрийн хамгийн чухал хэсэг ч байж болох юм. Ажлын байрыг бий болгохдоо иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэх, эрчим хүчний дутагдал, хараат байдлаас гарах, нефтийг олборлож, боловсруулах, нүүрс хийжүүлэх төслийг дэмжих, аж үйлдвэрийн цогцолбор барих, чөлөөт болон тусгай бүсүүдийн үйл ажиллагааг дэмжих Тавантолгой, Оюутолгойн ордууд гэх мэт олон жил ярьсан төсөл хөтөлбөрүүдээ ажил болгох нь зүйтэй. Мөн ажилгүй иргэдийг зохион байгуулж тэдэнд ажлын байр гаргах замаар бүтээн байгуулалтын ажил хийлгэх.
-Ажлын байр нэмэгдүүлэх ямар арга байна?
-Ядаж хог, шорооноосоо салж, тохижилт хийж яагаад болохгүй гэж. Ажилтай хүн байр сууцтай, ирээдүйд итгэх итгэлтэй, үндэсний ухамсар дээшилж ирдэгийг Өмнөд Солонгосын жишээн дээрээс харж болно. Дотоод нөөц боломж, хөрөнгө оруулалтыг дээд зэргээр ашиглах. Үүнд. Монгол улсын хөгжилд одоо болон ирээдүйд онц ач холбогдолтой ажлуудыг концессын гэрээгээр хийж гүйцэтгүүлэх, хувийн хэвшилд байгаа нөөц боломжуудыг нийгмийн сайн сайхны тусын тулд чиглүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй. ”Худалдааны зохицуулалтын тухай” хууль гаргах талаар маш олон жил ярьж байна. Яагаад гаргаж болохгүй байгааг мэдэхгүй юм. Манайх шиг худалдаагаа зохицуулдаггүй улс дэлхийд алга. Худалдаа зохицуулалтгүй байгаа нь татварын орлого буурч, валютын ханш хөөрөгдөх суурь шалтгаануудын нэг болж байна.
-Бас нэг хавчлага, боолт болчихгүй юу?
-Худалдааг зохицуулна гэдэг нь хааж, боох тухай ойлголт биш. Худалдаа бол манайд олон зуун мянган хүний амьдрал ахуйг дээшлүүлж, сайн сайхан амьдралын эх булаг болж ирсэн. Гарч болох эрсдэлээс ард иргэд,аж ахуйн нэгжээ хамгаалах, экспортыг дэмжих, импортыг зохицуулах гэх мэт цогц асуудал юм. Экспортын бусад эх үүсвэр хайх шаардлагатай. Тухайлбал, Хөрш зэргэлдээ бидний элэг нэгт ард түмэнд Монгол мал хэрэгтэй байдаг. Сүргийн бүтэц, тоо толгой нь жил бүр төлөөрөө нөхөгдөж байдаг хонь, ямааг хөлөөр нь гаргавал тэнд эрэлт байна. Төр, засгийн ажлын бүх түвшинд эрсдэл тооцож, эрсдэлийг удирдах мэргэжлийн баг ажиллуулах зайлшгүй шаардлага гарч байна.
Татварын өршөөлийн хуулийг гаргах, эс гаргах асуудлыг маш яаралтай шийдэх,гаргахаар шийдвэл татварын хуулиудын шинэчлэлтэй хамт хийх хэрэгтэй. Хуримтлалтай иргэд, аж ахуйн нэгжийн мөнгө, үл хөдлөх хөрөнгийг хамтарч ашиглах боломж байна. Үүний нэг нь валютын орох урсгалыг идэвхжүүлж, гарах урсгалыг сааруулах гэж үзэж байна. Үүний тулд Монголд ажиллаж байгаа томоохон төслүүдийн удирдлагатай төгрөгийн ханшийг тогтворжуулах асуудлаар яриа хэлцэл хийх. Монголоос гарал үүсэлтэй валютыг Монголд тодорхой хугацаанд эргэлдүүлэх ажлыг зохион байгуулах. Төгрөгний үнэгүйдэл тэдэнд зарим талаар ашиггүй байгаа. Гадны томоохон хөрөнгө оруулалтын сан, санхүүгийн байгууллагууд,банкны салбаруудыг Монголд орж ирэх сонирхолыг төрүүлэх, эрх зүйн орчинг улам боловсронгуй болгож,хамтарч ажиллах хэрэгтэй. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг идэвхжүүлж, ашигт малтмал ашиглах эрх буюу лицензийг биржээр дамжуулж ашиглуулах, дамжуулж худалддагийг зогсоох, ард түмний мэдэлд байдаг газрын баялаг эзэмшиж ашиглаж, ашиг олдог компаниудыг хувьцаа гаргаж бирж дээр худалдах замаар нээлттэй хувьцаат компаниуд болох ажиллагааг бодлогоор дэмжих хэрэгтэй. Хязгаарлагдмал гишүүдтэй, хаалттай үндэсний томоохон компаниудыг хувьцаат компани болохыг дэмжиж, бодлогын арга хэмжээнүүдийг авах шаардлага байна. Зээл авахаас айх хэрэггүй гэж үзэж байна. Ялангуа манайх шиг орны хувьд урт хугацаатай,бага хүүтэй зээлээс зугатах нь хөгжлөөс зугатсантай адил ойлголт юм. 21-р зууны эдийн засгийн гайхамшигуудын нэг нь ирээдүйд олох хөрөнгөө барьцаалж зээл авч болдог болсон харилцаа юм. Зарим зээлийг үнэт цаас болгож худалдаж, санхүүгийн иннноваци хийж болно. Зээлийг үнэт цаас болгосон нь 20-р зууны хамгийн том инновацаар тодорч байсан. Дэлхийн томоохон банкууд, бизнесийн нэгдлүүдийн зээлийн янз бүрийн шугамуудыг улс ашиглах, хувийн хэвшил ашиглахыг дэмжвэл хөрөнгө оруулалт орох суваг нээгдэж эдийн засаг сэргэнэ. Худалдан авагчийг урамшуулах тогтолцоог зөв зохион байгуулж чадвал мөнгө, барааны эргэлт сайжирч, сүүдрийн эдийн засаг наранд гардаг сайн талтай. Энэ арга бол дэлхийн санхүү эдийн засгийн хямралын үед хамгийн сайн аргаар тодорч байсныг санах хэрэгтэй.
-Хямрал бол боломж гэдэгтэй санал нийлэх үү?
-Тиймээ хямрал бол боломж. Санал нэг байна. Боломж бас цаг хугацаатай, хөдөлгөөнтэй байдаг. Хямралын үед импортоос бага хамааралтай дотоодын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний үнэ, ялангуяа ажил үйлчилгээний үнэ харьцангуй бага нэмэгддэг. Энэ байдал манайд ч харагдаж байна. Энэ үед үйлдвэрлэлээ өргөтгөх, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бусадтай хоршиж эрсдэлээ бууруулах, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, хувьцаа худалдан авах, зардлаа буруулах гээд алтан боломжууд бизнес эрхлэгчидэд нээлттэй байна. Хамгийн энгийн жишээ авахад хямд үнээр байр, машин, үл хөдлөх хөрөнгөтэй болох боломж байж л байна.Мөн хямралын үед олсон мөнгөө хэмнэлттэй зарцуулж сурах, мөнгөний үнэ цэнийг мэдрэх, бэлэнчлэх сэтгэлгээнээс салах, шинэ сэргэг санаа сэдэх, бага зүйлээр ихийг бүтээх, зорилоготой байх гээд урьд нь бодож байгаагүй бүхнийг ухааруулж байна. Монгол улсын хувьд томоор авч үзвэл хямралыг боломж болгох нь манай улс төрчдийн ур ухаан, мэдлэг чадвараас шалтгаална. Хямрал муу даргатай, муу менежменттэй, үе нь дуусаж байгаа байгууллага, үйлдвэрлэлийг зах зээлээс шахаад цэвэрлэгээ хийгээд өгчихдөг учраас ашигтай гэдэг.
-Таван толгой, Оюу толгойн хувьд ямар бодолтой байна?
-Оюу толгойн гэрээ бол 2009 онд байгуулагдсан Монголд өгөх үр өгөөж нь муу гэрээ. Энэ гэрээний хоёр дахь шат буюу далд уурхайн ажил эхлэхгүй сүүлийн 3 жил зогссон. Сая Дубайд үргэлжлүүлж ажиллах тохиролцоог хийж төлөвлөгөө гаргасан гэж ойлгож байгаа. Урьд байгуулсан гэрээнд өөрчлөлт ороогүй. Оюутолгойн гэрээг монголчуудад ашигтай болгох асуудал бол Монголын төр, бүх хүний мөнхийн зорилго, сэдэв байх ёстой. Далд уурхайн ажил эхэлсэнээр манай эдийн засагт нааштай бодит өөрчлөлтүүд гарна.Таван толгойг ашиглах хэрэгтэй. Гэхдээ урьд гаргасан алдааг давтаж болохгүй гэдгийг л хэлэх хэрэгтэй байна.
Х.Баттөгс