Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хувийн өмч нь чөлөөт нийгмийн үндэс

Яагаад ч юм бидний уншдаг бүхий л уран зохиол, үлгэр, ардын аман зохиол тэр битгий хэл бурхны сургаалд ч хувийн өмчийг элдвээр ад үзэн буруушаасан байдаг хэмээн итгүүлдэг. Энэ нь худал бөгөөд зориуд төөрөгдүүлсэн зорилтот сургаал юм. Социализмын үед уран зохиол, жүжиг киноны баатрууд нэг их хөрөнгөнд дургүй хүмүүс гардаг. Тэд байгаагаа хамт олон гэх хэсэг хүмүүстэй хуваагаад найрлаад дуусч байгаагаар үзүүлдэг. Энэ үзэл санаа одоо ч бат бөх байсаар байна. Тиймээс нөгөө уран зохиолын баатрууд дээр бурхан хүртэл нэмэгдчихээд хувийн өмчтэй байх муухай, өмчтэй хүн бусдадаа гэм тарьчихсан мэт гөлөлзөж байх ёстой гээд байгаа нь тэр. Үүнийг төр засагэс үйлдлээр дэмжиж байдаг. Яагаад тэр вэ. Хувийн өмч нь хүнийг төрөөс чөлөөтэй байх боломжийг бий болгодог. Мөн эрх баригчдын үйл ажиллагааг чөдөрлөж, шударга ёсыг тогтоож байдаг.

Шударга бус явдал гэж өмчийн эрхийг зөрчихөөс л үүсдэг. Хувийн өмч бол шударга бөгөөд чөлөөт нийгмийн үндэс суурь юм.Харин өмчгүй хүний хүсэл тэмүүллийг төр эрхэндээ оруулж чаддаг. Тийм учраас л төр засаг болж өгвөл хувийн өмчөөс нь хүмүүсийг салгах, үгүй ядахдаа хүмүүсийг өмчинд дургүй болгож хүмүү­жүүлэхээр санаархдаг. Иймээс л шунаг сувдаг сэтгэлтэн хэмээн өмчтэй хүмүүсийг доог тохуу болгох гэж оролдож байдаг. Гэхдээ та бүхэн анзаар­сан байх. Хүмүүсийн шунаг сувдаг, баян тарганыг гайхаж байгаа хэнээс ч гэсэн өмсч байгаа гутлыг нь ч юм уу, цамцыг нь гуйгаад үзээрэй. Дээрэмдэх тонох гэлээ гээд танаас тас харамлан цамнах вий. Тэр өмчинд дургүй биш гэдгийн наад захын баталгаа нь л энэ шүү дээ.

Ж.САНДАГДОРЖ

Categories
мэдээ нийгэм

Р.Гончигдорж гишүүн Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар “Өдрийн сонин”-д ярилцлага өглөө

“Өдрийн сонин”-ы зургадугаар сарын 10-ны дугаар уншигч таны гарт хүрч байна. Дугаарын эхний нүүрээс “Корона вирус манайд илрээгүй хэдий ч халдвар орж ирэх магадлал өндөр гэнэ” хэмээх гарчигтай сурвалжлагыг унших болно. Сэтгүүлч С.Алтанцэцэгийн бэлтгэсэн тус сурвалжлагын дэлгэрэнгүйг арваннэгдүгээр нүүрт нийтэллээ. Мөн эхний нүүрт УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийн “Ерөнхийлөгчийн УИХ, Засгийн газартайгаа хуваалцаж байсан гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийн оролцоог хумьж байгаа” хэмээх Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой ярилцлагыг онцоллоо. Түүний ярилцлагын дэлгэрэнгүйг тавдугаар нүүрт нийтлэв. Харин “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Хоцрогдол” нийтлэл хэвлэгдлээ. “Баабар ингэж өгүүлэв” буланг гуравдугаар нүүрээс уншина уу.

Улс төрийн буланд тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар Д.Батцогт гишүүний ярилцлагыг нийтэллээ. Тэрчлэн Ерөнхийлөгчийн Франц улсад хийж буй айлчлалын сурвалжлага, байнгын хороон дээр гишүүд хэлэлцэж буй асуудлаасаа үүдэн ам зөрөлдсөнийг ч сурвалжлан хүргэлээ. Тэгвэл Эрэн сурвалжлах мэдээллийн буланд “Гудамжинд тарьсан нахиалж байгаа модыг хулгайлдаг болжээ” сурвалжлагыг хүргэж байгааг хүлээн авч унших боломжтой. Сэтгүүлч Ц.Баасансүрэн энэ дугаарт Монголын бизнесийн хөгжлийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Дөлгөөнтэй ярилцав. Б.Дөлгөөн “Ирээдүйн далайн гарц бол Америк бус Ази” хэмээн өгүүлснийг арванесдүгээр нүүрт хэвлэлээ.

Тэрчлэн сэтгүүлч С.Алтанцэцэг “Өдрийн сонин”-ы томилолтоор Европын холбооны орнуудаар аялан, цуврал сурвалжлага бэлтгэснийг энэ дугаараас уншина уу. Тэрээр энэ дугаарт Австрийн Вена хотын тухай сийрүүлжээ. Мөн сэтгүүлч Л.Батцэнгэл “Миний аав” буланд Цэнд-Очирын Цолмонг урьж оролцуулсан байна. Ц.Цолмон “Аав минь их Нацагдоржтой уулзаж, Дандар баатартай хамт хоригдож явсан ардын эрхэм зохиолч байлаа” хэмээн дурссаныг хүлээн авч уншина уу.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн
дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар,
“Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж
авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан
авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын
үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр
хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн
“Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч
болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас
болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн
утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа
өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим
хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй
мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Мөнгөний бодлогын зөвлөл хуралджээ

Монгол банкны Мөнгөний бодлогын зөвлөлийн 2015 оны хоёрдугаар улирлын ээлжит хуралдаан өчигдөр болж, мөнгөний бодлогын саналыг хэлэлцэж эхэллээ. Зөвлөлийн гишүүд макро эдийн засгийн төсөөлөл, шинжилгээний анхны хувилбаруудыг хэлэлцсэн байна.

Тэд оны эхнээс эдийн засагт гарсан эерэг өөрчлөлтүүд болон оны хоёрдугаар хагаст гарахаар хүлээгдэж байгаа нөлөөллүүдийг илүү дэлгэрүүлж задлах, загварын тооцооллуудыг дахин сайтар нягтлах, улмаар тэдгээрийг шинжилгээ, төсөөлөл, бодлогын саналд тусгахаар болсон байна. Шинэчилсэн төсөөлөл, шинжилгээг Мөнгөний бодлогын зөвлөлийн дараагийн хурлаар хэлэлцэх аж.

Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын саналыг хоёроос гурван удаагийн хурлаар хэлэлцсэний үндсэн дээр шийдвэр гаргадаг юм. Он гарсаар тус зөвлөл хоёр удаа хуралдсан. Нэгдүгээр сард бодлогын хүүг 1.0 нэгж хувиар өсгөн 13.0 хувьд хүргэж байсан бол дөрөвдүгээр сард хүүг өөрчлөлгүй, өнөөгийн түвшинд хэвээр хадгалах шийдвэр гаргаж байсан. Инфляци буурч Төв банкны зорьж буй долоон хувьд дөхөж ирсэн, гадаад зах зээл дэх Монгол Улсын эрсдэлийн түвшин өмнөхөөс сайжирсан, гадаад валютын орох урсгал нэмэгдэх хандлага гарсан, валютын зах бүрэн тогтворжиж, төгрөгийн ханшид эерэг нөлөөллүүд бий болсон, гадаад худалдааны ашиг нэмэгдсэн, банкууд олон улсын зах зээлээс урт хугацаатай валютын эх үүсвэр татаж эхэлсэн, Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилт шийдвэрлэгдсэн, хөрөнгө оруулалтын орчны тодорхой бус байдлууд арилж эхэлсэн гэх мэтийн эерэг нөлөөллүүд бий болоод байгаа энэ үед Мөнгөний бодлогын зөвлөлийн гаргах шийдвэр анхаарал татаж байна.

Categories
мэдээ улс-төр

Цэц их суудлын хуралдаан болно

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд, “Төлбөр авагч, төлбөр төлөгч нь
шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг
зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана
явагдсныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн
дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч
гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг
эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. Гомдлыг
шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна” гэж
заасныг “… Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн
шийдвэр байна.” гэсэн хэсэг нь “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд
заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл … шүүхийн шийдвэрийг
давж заалдах … эрхтэй.”, “… Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр
нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, “давж заалдах
болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, “Улсын
дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх …” гэсэн Үндсэн
хуулийн заалтыг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц өмнө
нь гаргасан билээ.

Улсын Их Хурал дээрх дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.

Тиймээс Үндсэн хуулийн цэц 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр болох Их
суудлын хуралдаанаараа энэхүү маргааныг дахин хянаж, эцэслэн
шийдвэрлэнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
арын-нүүр булангууд мэдээ ярилцлага

М.Энхжаргал: Оршин суугчид маань амьдрах урлагийг мэдрүүлдэг

“Монголчууд бид өөрсдийнхөө бүтээлийг үнэлж амжаагүй байтал дэлхий үнэлчихлээ” гэх цахим орчин дахь “халаглал” Эс Девелопмент ХХК-ийн борлуулалт, маркетинг хариуцсан захирал Мөнхбаярын Энхжаргалтай уулзах шалтгаан болсон юм. Тансаг зэрэглэлийн “Жардин” хотхон нь тун саяхан олон улсын үл хөдлөх хөрөнгийн шилдгүүдийн шалгаруулалтад тэргүүлж, манай улсын барилгын салбарын нэр хүндийг өндөрт өргөөд байгаа билээ.

-Хоёулаа яриагаа өөрийн тань барилгын салбартай хэзээ, хэрхэн холбогдсон, энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн үү эсвэл өөр ямар зүйл таныг барилгын салбарт дуудан оруулав зэргээр эхлүүлэх үү?

-Би Япон улсад Бизнесийн удирдлагын магистраар суралцаж төгсөөд, тэндээ ажиллаж байгаад 2011 онд Монголд ирж, Үүрэн холбооны компанид байгууллагын борлуулалтын хэлтсийг хариуцан гурван жил ажилласан. Харин 2014 оны намраас “Эс Девелопмент” ХХК-д Борлуулалт, маркетинг хариуцсан захирлаар ажиллаж байна. Анх барилгын салбарт орж ирээд ажлаа хэрхэн эхлэхээ мэдэхгүй эмээж л байлаа. Хэдийгээр би мэргэжлийн барилгын инженер биш ч энэ салбарт ажиллаж буйн хувьд барилгын талаар өргөн ойлголттой болж байна. Ер нь залуу хүн гэдэг утгаараа их зүйлийг хийж бүтээнэ гэсэн хүсэл эрмэлзлээр дүүрэн явна. Мэдээж ямар ч бизнес анхандаа амар байдаггүй. Ялангуяа барилгын салбар гэдэг бол том хариуцлага шаардсан бизнес.

-Барилгын салбарт бизнес эрхэлж байгаагийн хувьд Улаанбаатарын барилгажилт, орон сууцны хүртээмжтэй байдлын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Монголын барилгын салбар өөрчлөгдөн хөгжиж байна. Шинэ технологиуд нэвтэрч, хаана ч гологдохгүй байгальд ээлтэй барилгууд баригдаж байна. Дизайн, интерьерийн хувьд ч Монгол гадныхнаас дутахааргүй болжээ. Харин барилгын хүртээмжийн хувьд манай улсад 794 мянган өрх байдгийн 334 мянга нь нийслэлд амьдардаг. Тэдний 133 мянга нь л орон сууцанд амьдарч байна гэсэн судалгаа бий. Ийм эрэлт хэрэгцээ дагаад барилга ихээр баригдаж байна. Гэвч байгаль цаг уурын нөхцөлөөсөө шалтгаалаад жилийн хэдхэн сард л барилгын гүйцэтгэл хийх боломжтой байдаг. Ийм өрсөлдөөнд тэсэж үлдэхийн тулд барилгын компаниуд төслөө богино хугацаанд дуусгахыг хүсдэг. Ингэснээр барилгын чанарт сөргөөр нөлөөлөх зүйлс ажиглагддаг. Хэдхэн жилийн өмнө хүмүүс орон сууцанд амьдрах хүсэл, шаардлагаасаа болоод барилгын чанарт анхаардаггүй байсан бол одоо оршин суугчид нь ч, бүтээн байгуулагчид нь ч барилгын чанар, байршил, интерьер дизайн, үнэ цэнд ихээхэн анхаардаг болсон байна. Энэ нь манай орны барилгын салбар хэд хэдэн шатаар үсрэлт хийж буйн илрэл төдийгүй дэлхийн томоохон хотуудын барилгатай дүйх хэмжээнд ойртож байгааг баталж буй хэрэг юм. Монгол улсын нүүр царай болсон Blue Sky, Central tower зэрэг барилгууд бол манай улсын барилгын салбар дэлхийн барилгын хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж буйн жишээ шүү дээ.

-Хүртээмжтэй, чанартай, дээр нь орчин үеийн тансаг өнгө төрх бүхий, урлаг гоозүйн илэрхийллүүд шингэсэн орон байртай болохыг хүмүүс хүсэх болжээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Орчин үед барилгын компаниуд зөвхөн барилгын чанарт бус орчин, гадна талбай, аюулгүй байдлыг ч өндөр түвшинд хангаж өгдөг болсон. Ер нь аюулгүй, амгалан тайван орчин бүрдүүлэхэд онцгой анхаарах болсон. Хүмүүс “чанартай” гэхээр гарт баригдаж, нүдэнд үзэгдэх зүйлийг л хайдаг. Харин бидний бүтээн байгуулалт бол шалан доор, хананы цаана гэхчлэн нүдэнд үл харагдах хэсэгт ч дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн, технологийг ашигласнаараа давуу талтай.Мөн хотхоны нийтийн эзэмшлийн талбайг бүхэлд нь хянах зориулалттай камер болон хамгаалалтын нэгдсэн систем бүрдүүлснээрээ онцлог. Түүнчлэн аюулгүй байдал, тав тухаас гадна хүрээлэн буй орчныг хөгжүүлэн, хамгаалахад анхаарснаар оршин суугчдад зүгээр нэг хотхонд амьдраад зогсохгүй байгальд байгаа мэт тааваараа байх мэдрэмжийг төрүүлдэг.

-Уудам дэлгэр нутагтаа дураараа нүүдэллэдэг, гэрийнхээ босгоор даваад л байгальдаа гарчихдаг монголчууд бидний сэтгэл зүй орон байрыг таашаах хандлагад хэрхэн нөлөөлдөг бол, Ер нь монголчууд болон гадныхны орон сууцыг таашаах мэдрэмжид ямар ялгаа ажиглагддаг вэ?

-Монголчуудын хувьд эзгүй байгальд очихоороо эргэж гэртээ харихыг хүсдэггүй байх хандлагатай гэж ярьдаг шүү дээ. Тиймээс л байгальд байгаа мэт мэдрэмжийг гэрээсээ авдаг байх, барилгын салбарынхан ч үүнийг мэдрүүлдэг байх хэрэгтэй гэж боддог. Олон улсын үл хөдлөх хөрөнгийн тэргүүлэгч компаниудын судалгаагаар, томоохон бизнесмэнүүд орон сууц худалдан авахдаа юу юунаас илүүтэйгээр үйлчилгээг чухалчлан үздэг байна. Ялангуяа 24 цагийн харуул хамгаалалт, ухаалаг технологи, гэрийн үйлчлэгчийн үйлчилгээ, угаалга цэвэрлэгээ, хүүхдийн цэцэрлэг болон бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээ нь тансаг зэрэглэлийн орон сууцны чухал, салшгүй шаардлага байдаг. Тиймээс ч гадаадын өндөр хөгжилтэй орнуудад хувийн хаусаас илүүтэй тансаг зэрэглэлийн тауэр, хотхонуудад нийгмийн элитүүд хэдэн арван жилээр амьдарсаар ирсэн байдаг. Тансаг зэрэглэлийн хотхоны бусдаас ялгарах үйлчилгээнүүд нь оршин суугчдын цагийг хэмнэж, шаардлагатай үйлчилгээг нэгэн дор цогцлоодог, тухайлбал, дээд зэрэглэлийн ресторан, консерж үйлчилгээ, ажлын алжаал тайлж зөвлөгөө өгөх 24 цагийн фитнесийн сургагч багш, сэтгэлзүйч зэрэг төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг. Тэгэхээр орон сууц гэдэг зөвхөн амьдрах зориулалттай төдий биш, хүний бүхий л хэрэгцээг хангасан үйлчилгээний цогц шийдэл бүхий хотхон болон хөгжиж, ингэснээр тухайн хотхоны үнэ цэнийг нэмэгдүүлж байдаг байна. Олон улсын үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүд үнэ цэнтэй үл хөдлөх хөрөнгийг маш олон үзүүлэлтээр тодорхойлсон байдгаас хамгийн чухлыг нь дурдвал байршил, барилгын загвар дизайн, үйлчилгээний чанар юм. Түүнчлэн газрын үнэ цэн гэдэг нь цаг хугацаа өнгөрөх тусам өсөн нэмэгдэх амьдралын сэтгэл ханамжаар тодорхойлогддог бөгөөд амар тайван амьдрах нөхцөлийг тань бүрдүүлэх дээд зэрэглэлийн үйлчилгээнүүдийг санал болгодогт оршино. Өглөө бүрийг баяр хөөртэйгөөр угтахад тань халуун кофе, цэвэр цэмцгэр орон гэр, сэтгэл зовох зүйлгүйгээр үр хүүхдүүдээ гэртээ үлдээн ажилдаа явах тэр мэдрэмж болон баталгааг зөвхөн консерж үйлчилгээнээс авдгаараа тансаг зэрэглэлийн орон сууц ялгардаг.

-Орон сууц зөвхөн амьдрах байраар хязгаарлагдахгүй цогц үйлчилгээг дагуулан хөгжиж байгаа нь, ялангуяа консерж үйлчилгээ тун сонин, сайхан санагдлаа. “Жардин” хотхоны бүтээн байгуулалт ба дээрх үйлчилгээнүүдийг хэрхэн бүрдүүлсэн нь сонирхол татаж байна?

-Барилга бат бөх байх, хүний хэрэгцээнд тохирсон байх, гоо сайхны таашаалд нийцсэн байх гэсэн архитектурын үндсэн гурван зарчмыг дээд зэргээр хангасан тансаг зэрэглэлийн хотхоныг бүтээсэн нь “Жардин”. Хотхоны анхны концепц, архитекурыг Италийн Genarro De Angelis, Ерөнхий архитектор Luciano Cosmo нар монголын цаг уурт тохируулан, хүн амьдрахад ая тухтай, амар тайван, төгс төгөлдөр байх орчныг чухалчлан бүтээснээрээ онцлог. Хотхоныг монголын эрс тэрс уур амьсгалд тохирсон чанартай, эдэлгээ сайтай байлгахын тулд барилгын деталиуд дээр нөр их судалгаа явуулж гүйцэтгэсэн. Францаар “Жардин” нь цэцэрлэгт хүрээлэн гэсэн утгыг илэрхийлдэг тул хотхоныг бүтээхдээ байгальд анхаарлаа хандуулсан юм. Хамгийн тааламжтай орон зай, ногоон бүсийг хаанаас олж авах вэ гэдэг санаанаас ч үүдсэн. Өрөөний зохион байгуулалтын хувьд л гэхэд гүн хөх, номин ногоон өнгийг ашигласан нь Газар дундын тэнгисийг санагдуулам, мөн цэвэр модон доторлогоотой хана бүхий Азийн сонгодог хэв маягийг илтгэсэн гэхчлэн зургаан төрлийн дотоод засал, зохион байгуулалттай өрөө бүхий хотхоныг цогцлоосон юм. Өөрөөр хэлбэл, бид зөвхөн байр бус интерьерийн цогц шийдлийг санал болгож байгаа юм. Хотхонд амьдрах хүмүүс ямар ч стрессгүй, амар тайван амьдрах ёстой гэдэг үүднээс бүхий л зүйлийг бодолцсон. Манай хотхоныг сонгосон гадаад, дотоодын оршин суугчдын сэтгэл ханамж өндөр байдаг. Тийм ч учраас бид хөгжилтэй орнуудын орон сууцны салбартай хөл нийлүүлэн алхаж байна гэж би хувьдаа дүгнэдэг.

-Танай хотхонд гадныхан, нэр дурдвал Стивен Сигал байр худалдан авсан гэж хэвлэлээс уншиж байлаа. Холливудын одын сон-голтын шалтгаан юу байсныг та сонирхож байв уу?

-Манай хотхонд олон сайхан айл өрх бий. Би хотхоныхоо оршин суугчдаар бахархаж, амьдрах урлаг гэдгийг үнэхээр тэднээс л мэдэрдэг. Тиймээс оршин суугчдынхаа аюулгүй байдал, амар тайван амьдралыг алдагдуулахгүйн тулд би энэ асуултад хариулахаас татгалзмаар байна.

-Тантай уулзаж ярилцах болсон гол шалтгаан маань олон улсын үл хөдлөх хөрөнгийн шалгаруулалтаас “Жардин” хотхон “Таван одтой шилдэг орон сууц” шагнал хүртсэн явдал байлаа. Ёслолын арга хэмжээний талаар сонирхуулна уу?

-Их Британид төвтэй International Property Awards арга хэмжээ нь олон улсын үл хөдлөхийн шилдгүүдийг 21 жилийн турш жил бүр шалгаруулсаар ирсэн. Энэ жилийн Ази, Номхон далайн бүсийн шалгаруулалтад нь “Жардин” хотхон маань оролцож “Таван одтой шилдэг орон сууц”-ны төрөлд стандартуудыг хангаж, хамгийн өндөр оноо авч ялагчаар тодорсон байгаа. Энэ бүсэд Япон, Солонгос, Малайз, Сингапур, Хятад зэрэг 25 улсын барилгын компаниуд тухайн жилийнхээ бүтээн байгуулалтаар оролцож, интерьер дизайн, архитектур, зочид буудал, тансаг зэрэглэлийн орон сууц, хотхон зэрэг нийт 32 төрөлд өрсөлдөж, ялагчийг тодруулсан. Улмаар Америк, Европ, Африк, Канад, Карибын тэнгис, Араб зэрэг бүс бүрээс тодорсон ялагчдаас энэ оны эцэст Их Британид болох International Grand Finale ёслолын арга хэмжээн дээр World’s Best тодрох юм. Бидний хүртсэн Ази, Номхон далайн бүсийн энэхүү нэр хүндтэй шагнал нь олон улсын үл хөдлөх хөрөнгийн салбарт Монголын барилгын салбарын хөгжил өрсөлдөхүйц гэдгийг нотлон харуулсан үйл хэрэг боллоо.

-Үнэхээр ч монголын барилгын салбарт ирж буй үнэлэмж гэж хүлээн авч байгаа нь хүмүүсийн сэтгэгдлээс анзаарагдаж байсан. Шалгаруулалтын бүрэлдэхүүнийг Их Британийн Лордын танхимын гурван гишүүн тэргүүлдэг тухай уншаад нэр хүндийнх нь хувьд сүрдэж байлаа. Ёслолын арга хэмжээнд цаашид манай улсаас оролцох хүсэлтэй байгууллагуудын хувьд ямар боломж байна вэ?

-Манай улсын барилгын салбар өдрөөс өдөрт хөгжихийн хэрээр чанаржиж байна гэж би боддог. Дээр хэлсэнчлэн, барилгын компаниуд орчин үеийн, шинэ, дэвшилтэт технологийгстандартын дагуу барилгадаа нэвтрүүлж байгаа нь олон улсад өрсөлдөх, үнэлэгдэх боломжийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

-Бизнесийн удирдлагаар мэргэшсэн, бүтээн бай- гуулалтын салбарт, борлуулалт, маркетинг хариуцан ажиллаж байгаа залуу хүний хувьд цаашдын зорилго, алсын хараа тань сонирхолтой санагдаж байна. Магадгүй “Жардин” хотхоны адил тансаг зэрэглэлийн өөр төслүүд хэрэгжүүлэх төлөвлөгөө байгаа болов уу?

-Мэдээж цаашид илүү ихийг хийж бүтээхийн төлөө ажиллах болно. Бид хотын төвд үйлчилгээний төв, оффисын барилга, улмаар таван одтой зочид буудал барихаар төлөвлөж, зураг төслийг нь гаргаад байгаа.

Categories
мэдээ спорт

Цэргийн наадам болно

Ирэх амралтын өдрүүдэд сумын цолтон болон аймаг, цэргийн цолтнуудын барилдаан болох гэж байна. Сар бүр зохион байгуулагддаг сумын цолтой болон цолгүй залуу бөхчүүдийн хаалтын барилдаан 13-ны 12:00 цагаас, Цэргийн цол чимэг олгодог “Бүх цэргийн наадам”-ын үндэсний бөхийн барилдаан энэ сарын 14-ний өдөр Монгол бөхийн өргөөнд тус тус болох нь. Цол олгодгоороо онцлогтой бүх цэргийн наадмыг МҮБХ, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Алдар спорт хорооноос хамтран зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчид энгэрээ мялаалаа

БНӨСУ дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй хурандаа М.Батчулуун захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн IV ээлжийнхэнд НҮБ-ын “IN THE SERVICE OF PAECE” медаль гардуулав. Мөн энэ үеэр цэргийн алба, ажил үйлс, үүрэг гүйцэтгэлээрээ бусдыгаа манлайлан ажиллаж байгаа 30 дайчдыг МЗХ-ны тэргүүний залуу, цэргийн алдар, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч медалиудаар шагнажээ.

Энэ үеэр UNMISS ажиллагааны Хүчний командлагч дэслэгч генерал Иоханес Гебремескел Тэсфамариам хүнд цэгүүдийн нэг болох Бентьюд үүргээ хамгийн сайн гүйцэтгэж байгааг онцлон, Монголын цэргийн мэргэжлийн ур чадварт үргэлж итгэж, үүрэг гүйцэтгэлд нь сэтгэл хангалуун байдгаа илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм

Робот лабораторийг хүлээлгэн өгчээ

БСШУ-ны сайд Л. Гантөмөр зарим ЕБС-д роботын иж бүрэн лаборатори хүлээлгэж өглөө. “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд роботын дугуйлан байгуулж, хүүхдүүдийн техник сэтгэлгээг хөгжүүлэн, автоматжуулалтын анхан шатны мэдлэгийг олгох зорилготой байгаа. Тиймээс сургуулиудад роботын иж бүрэн лаборатори өгч буй юм. Нэг бүр нь 1-1.5 сая төгрөгийн үнэтэй энэхүү роботыг цаашид ерөнхий боловсролын бүх сургуульд өгөх юм байна.

Сайд Л.Гантөмөр “Авьяас” хөтөлбөрийн гол зорилго нь хүүхдийн техник сэтгэлгээг хөгжүүлэх, технологийн чиглэлд өөрийнхөө сонирхлоороо суралцахад туслах байсан. Яг ийм роботын, орчин үеийн технологи ашигласан лабораториудыг байгуулахад хүндрэл байхгүй. Бид 100 гаруй сургуульд технологийн, 200 гаруй сургуульд физикийн лаборатори нээсэн байгаа. Түүнтэй нь зэрэгцүүлээд энэ роботын дугуйланг сургууль болгон дээр байгуулна” хэмээв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч өнөө орой Евро Парламентын чуулганд үг хэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн амралтын өдөр Европын орнуудыг зорьсон билээ. Тэрбээр Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин
Щульцийн урилгаар Европын Парламентад албан ёсны айлчлал хийж буй юм.

Ерөнхийлөгч өнөөдөр оройн 20.00 цагт
Евро Парламентын хүндэтгэлийн чуулганд үг хэлэх юм байна. Энэ нь Монгол
Улсын төрийн тэргүүний хувиар үг хэлж буй анхны тохиолдол аж. Евро
Парламент нь 28 орны 751 гишүүнтэй юм байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Бат-Эрдэнэ гишүүн “Чингис хаан” баримлыг Лондонгоос худалдан авч, улсын санд өгнө

Засгийн газрын хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монголын соёлын өв уламжлалаас суралцах, судлах, хадгалан хамгаалах, сэргээн дэлгэрүүлэх замаар хойч үедээ өвлүүлэхийн зэрэгцээ дэлхий дахинд сурталчлах зорилгын хүрээнд ОХУ-ын нэрт уран барималч Даш Намдаковын “Чингис хаан” бүтээлийг Англи улсаас авчирч байна.

Дэлхийд ганц хосгүй энэ бүтээлийг 2012 оны зуны олимпийн наадмаар Лондон хотод байршуулсан бөгөөд БНХАУ, ОХУ, АНУ зэрэг улс орнуудаас худалдан авах санал гаргаж байжээ. Энэхүү бүтээлийг авч ирснээр үндэсний түүх, өв соёлыг тодотгон баяжуулахаас гадна аялал жуулчлалын салбарт Монголоо таниулан сурталчлахад чухал хувь нэмэр болох юм. Татварын ерөнхий хуульд “Татварыг зөвхөн УИХ хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасны дагуу хойч үедээ өвлүүлэн үлдээх дэлхийн урлагийн хосгүй энэ бүтээлийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ. 3 сая еврогоор үнэлэгдэж байгаа уг бүтээлийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ өөрийн хөрөнгөөр худалдан авч, улсын сан хөмрөгт шилжүүлж байгаа юм.