Categories
мэдээ нийгэм

Дэлхийн зочид буудлуудад 50 хувийн хөнгөлөлтөөр буудаллах боломжтой

Дэлхийн аль ч өнцөгт очсон зочид буудлуудад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр буудаллах боломжтой олон улсын карт байдаг ажээ. Энэхүү картыг “Hotel express” олон улсын байгууллагаас гаргасан юм байна. Аль ч улсад очсон хүчин төгөлдөр үйлчлэх уг картыг аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг компаниуд, аялах дуртай жуулчид, бизнесмэнүүд гээд гадагшаа явж байгаа хэн ч авах боломжтой. Карт авахын тулд www.hot-ex.mn цахим хуудсаар зочлон монгол хэлээр бүрэн мэдээлэл авч болно. Бас тус цахим хуудсанд хандсанаар зочид буудлаа урьдчилгаа төлбөргүйгээр захиалах юм байна. Картын бас нэг давуу тал нь зочид буудлын үнийг 50 хувь хөнгөлөхөөс гадна ямар нэгэн нэмэлт төлбөр, хураамж авахгүй ажээ. Түүнчлэн аяллын нэмэлт үйлчилгээ болох машин түрээслэх зэрэгт хөнгөлөлтөө давхар эдлэх юм байна.

Э.ТҮМЭНЦЭЦЭГ

Categories
мэдээ спорт

Олимпийн наадамд оролцох тамирчдыг Японд бэлтгэл хангуулна

Токио-2020 олимп, паралимпийн наадам Япон Улсын нийслэл Токио хотноо болохтой холбогдуулан Япон Улсын Шизүока, Нийгата мужуудаас Эрүүл мэнд, спортын яаманд 2020 оны олимп, паралимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг бэлтгэхэд болон Рио-2016 олимп, паралимпийн наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл хангуулахад хамтран ажиллах гэнэ. Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирал П.Бат-Эрдэнэ, Үндэсний шигшээ багийн албаны дарга Ц.Одонбаяр нар саяхан энэ асуудлаар Япон улсын Фукуока, Шизүока, Нийгата мужуудад ажиллажээ. Айлчлалын хүрээнд дэд сайд Т.Болдбаатар Шизүока мужийн захирагч Кавакацү Хэйтатай уулзаж Япон улсын Шизүока муж, Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам хооронд 2020 оны Токиогийн зуны Олимпийн наадам, Паралимпийн наадамд Монголын тамирчдыг бэлтгэхэд хамтран ажиллах харилцан ойлголцлын бичигт гарын үсэг зурсан байна. Мөн мужийн зүгээс жил бүр тодорхой тооны биеийн тамир, спортын мэргэжилтнийг япон хэлний сургалтанд суралцуулах боломжтой гэжээ.

Шизүока мужийн хувьд чөлөөт бөх, жудо бөх болон паралимпийн болон бусад спортын төрлүүдээр манай тамирчдыг үнэ төлбөргүй бэлтгэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм байна. Японы хөл бөмбөгийн холбооны бэлтгэл бааз Фужи уулын хормойд байрладаг аж.

Японы Нийгата мужийн хувьд Сумо бөхийн их аварга Асашёорү Дагвадоржоор дамжуулан Эрүүл мэнд, спортын яаманд хүсэлт гаргасан юм. Нийгата муж нь Олимпийн наадам болох Токио хотоос мөн адил 1 цаг хурдан галт тэргээр явж хүрдэг, цаг агаарын хувьд сэрүүн, өвөл болдог, өвлийн спортын барилга байгууламжууд ихтэйн дээр 2002 оны Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд болж байсан Япондоо цагаан будааны тариалалтаараа тэргүүлдэг муж юм.

Дэд сайд Т.Болдбаатар Нийгата мужийн амбан захирагч Хирохико Изумидатай уулзах үеэр Эрүүл мэнд, спортын яамны зүгээс Япон хүүхдүүдийг Монголд аялуулан үндэсний бөхөөр хичээллүүлэх боломжоор хангаж үндэсний бөхийн мэх, арга барилыг сургавал Сумогийн ирээдүйн их аварга Нийгата мужаас төрж болох юм гэсэн саналыг мужийн амбан захирагч талархан хүлээн авсан байна.

Нийгата мужийн зүгээс манай эмэгтэй чөлөөт бөх, усанд сэлэлт, багийн спортын төрлүүд гэх мэт 10 гаран спортын төрөл, өвлийн спортын төрлүүдээр тамирчдыг бэлтгэх, тамирчдад спортын нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх гэх мэт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлжээ. Айлчлалын хүрээнд Эрүүл мэнд, спортын яамны төлөөлөгчид нийт 3 мужийн 7 хотоор очиж спортын барилга байгууламж, дэд бүтэцтэй танилцан холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж ярилцаж явлаа.

Монгол Улс сүүлийн хоёр олимпийн наадамд спортын 7-8 төрөлд 28-29 тамирчинтай оролцож ирсэн бөгөөд цаашид оролцох спортын төрөл, тамирчдын тоог нэмэгдүүлэх нь медалийн тоо, чанар нэмэгдэхэд чухал гэдэг үүднээс эртнээс Токио-2020 олимп, паралимпийн наадамд оролцох асуудалд анхаарал хандуулж ажиллаж байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

А.Бакей: Ажлын хэсэг Таван толгойн гэрээний дүгнэлтийг энэ долоо хоногтоо гаргах байх

УИХ-ын гишүүн А.Бакейтай ярилцлаа.

-Таван толгойн гэрээг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг УИХ-аас байгуулагдсанаас хойш бараг хоёр сар боллоо. Ажлын хэсэг асуудлыг аль түвшинд хэлэлцэж байна?

-Таван толгойн гэрээг судлах дэд ажлын хэсэг олон удаа хуралдсан бол үндсэн ажлын хэсэг байгуулагдсанаасаа хойш хоёр удаа хуралдсан байна. Өнөөдөр (өчигдөр) гурав дахь хурлаа хийх байсан ч хараахан ирц бүрдсэнгүй. Ерөнхий явцын хувьд гэвэл удирдамжаар 14 асуудалд дүгнэлт гаргах даалгавартай. Тэр бүхнийг судалсны эцэст дүгнэлтээ гаргана. Одоохондоо бэлэн болоогүй байна. Зарим мэдээлэл нь Засгийн газраас ирээгүй байгаа юм билээ. Энэ хугацаанд УИХ, Засгийн газар, нам эвслүүд асуудлыг ярилцаж байгаа байх. Тэгээд ч зөвхөн ажлын хэсгийн гаргасан дүгнэлтээр гарцыг тодорхойлно гэхгүй байх. Учир нь том төслийн хувь заяаг ажлын хэсгийн хэдэн гишүүн тодорхойлоод бусад нь дагана гэж би хувьдаа үзэхгүй байгаа. Тийм ч учраас асуудлыг тал талаасаа нухацтай ярих ёстой байна. Үндэсний аюулгүй байдлын гишүүд, УИХ дахь нам эвсэл, гишүүдийн байр суурийг тодорхойлон судлаад аль болох зөв гарцыг олох шаардлага байгаа.

-Анхаарал татсан ямар асуудал байна вэ. Ажлын хэсэг энэ хугацаанд яг юу амжуулсан юм?

-Анхаарал татсан асуудал гэвэл нэмэлт хайгуул явуулах замаар ордын хэмжээг тэлэх асуудал хэр зохимжтой вэ, “Энержи ресурс” компани нь Цанхийн зөвшөөрөл бүхий газрыг барьцаалан зээл авч болох уу гэдэг асуудал бий. Мөн борлуулалтын орлогыг гадаадын компанид байршуулах нь зөв үү, төсөл нь хэр богино хугацаанд үр ашгаа өгөх вэ гэдэг тухай ч яригдаж байна.

Эсвэл урт хугацааны дараа ашиг хүртэж эхлэх юм бол ард түмний, улс эх орны ашигт нийцэжбайна уу гэдгээс гадна хамгийн ихээр яригдаж байгаа хувьцааны асуудал байгаа. Иргэдийн 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг гэрээний хүрээнд яаж авч үзэх юм. Монголын талаас хувьцаа эзэмшиж байгаа аж ахуй нэгжүүдийн эрх ашгийг яаж тусгах вэ гэх мэтээр анхаарал татсан олон асуудал байна. Ажлын хэсгийн эцсийн дүгнэлт гараагүй учраас тэрийг нь тэгж шийднэ гэж хэлэхэд эрт байгаа. Гэхдээ эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед Таван толгойг аль болох хурдан хугацаанд шийдээд эргэлтэд оруулах нь хамгийн чухал. Нөгөө талаар эдийн засаг, цаг хугацаандаа хавчигдаад буруу шийдвэр гаргачих юм бол алсдаа амаа барих асуудал болно. Тиймдээ ч асуудалд болгоомжтой хандаж байгаа. Гэрээний төслийг уншихад өнөөдөртөө үр ашгаа өгөх заалтууд байна. Урьдчилгаа хоёр зуун сая ам.доллар авах, төмөр замын ажлын нөхөн төлбөрт 280 сая ам.доллар,Чалкогийн өрийн 140 сая ам.долларыг төлөх гэх мэтээр. Мөн эхний таван жилийн хугацаанд гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ, дээд тал нь 12 мянган монгол хүн ажлын байраар хангагдана гэдэг ч юм уу ийм чухал тоон үзүүлэлтүүд харагдаж байгаа. Энэ бүхнийг хэр бодитой байх бол, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудад хэр нийцэж байгааг судлах нь чухал болж байгаа. Энэ бүхнийг ажлын хэсэг судалж л байна. Ашигт малтмалын тухай хууль, Газрын гээд бусад хуулиудтай хэр нийцэж байгааг дэд ажлын хэсэг судлан ажиллаж байгаа. Дахин хэлэхэд ажлын хэсгийн дүгнэлтээр гарц гаргалгааг тодорхойлолгүйгээр ухаан бодлоо уралдуулж байж шийдвэрээ гаргах хэрэгтэй. Асуудлын ард улс төр, өөр бусад эрх ашиг байгаа нь нууц биш байх. Тэглээ ч бүх талын эрх ашгийн огтлолцоог зөв хараад бүх талын оролцоотойгоор асуудлыг шийдэх хэрэгтэй байгаа юм.

-УИХ гэрээг хэлэлцэх шаардлагагүй. Засгийн газар төслөө эргүүлэн татах ёстой гэж Л.Эрдэнэчимэг гишүүн мэдэгдсэн. Ямар шалтгаантай юм бол?

-Ажлын хэсгийн ахлагч биднээс илүү мэдээлэлтэй байгаа байх. Монгол Улсын холбогдох хууль тогтоомжтой уг гэрээ зөрчилдөж байгаа гэдэг нь танилцуулгын үед яригдаж байгаа. Газрын тухай, Ашигт малтмалын тухай гэх мэтээр. Тийм учраас ажлын хэсгийн ахлагч байр сууриа илэрхийлсэн нь тэр байх. Гэхдээ бидэнд өгсөн үүрэг тус бүрээр ажлын хэсэг дээр санал хураалт явагдана. Түүний дараа л бодит мэдээллийг гаргах нь зүйтэй байх. Ер нь Засгийн газраас өргөн барьсан төслийг хэлэлцэх явц удаашраад, улс төр орж сунжраад байвал Засгийн газар буцаан татах эрх нь нээлттэй байгаа. Энэ боломжийг ашиглахыг үгүйсгэхгүй. Нөгөө талаас илүү оновчтой хувилбарыг гаргаж ирэх боломж ч бий. Ер нь бүхий л хувилбарыг барьж аван давхар ажиллаад явах ёстой.

-Ажлын хэсгийнхэн Засгийн газраас төслөө буцаан татахыг л хүлээж байгаа юм биш үү?

-Тэр нь ч юу юм. Ер нь ийм боломжууд бий. Байгаа бүх боломжийг судалж ашиглах л хэрэгтэй.

-Ажлын хэсэг сая орж ирсэн төслийг ямар ч нөхцөлд явуулахгүй учраас ийм саналыг Засгийн газарт тавьж байна гэж ойлгож болох уу?

-Эцсийн байдлаар тийм дүгнэлт гарчихаагүй. Гэхдээ дэд ажлын хэсгийн бидэнд бэлдэж өгсөн материалыг харахад яах аргагүй эргэж харах шаардлагатай асуудлууд байна.

-Энэ гэрээг буцаачихвал дараа нь ямар хувилбар орж ирнэ гэсэн үг вэ?

-Яригдаж байгаа бүх оролцогчдын эрх ашгийг шингээсэн хувилбар гарч ирэхийг үгүйсгэхгүй. Ялангуяа үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн оролцоог хангах эрхийн тухай асуудал байгаа. Мөн хувьцаа эзэмшигч 553 аж ахуйн нэгжийг дагалдсан олон бүтээн байгуулалтын ажилд оролцоог нь хангах заалтыг гэрээнд тусгаж ч болох. Энэ мэтээр олон л асуудал байгаа.

-Л.Эрдэнэчимэг гишүүн консерциумыг дахин тендер зарлаж сонгох шаардлагатай, Орос, Солонгосын компаниудыг ч оролцуулах ёстой гэсэн. Үнэхээр эхнээс нь явуулах гээд байна уу?

-Дахиад л хугацаа алдана. Ямар ч нөхцөл байдалд хүрлээ гэсэн Засгийн газраас оруулж ирсэн төслийг сайжруулаад явна. Үүнийг нь консерциум зөвшөөрөх үү үгүй юу гэдэг нь бас асуудал. Хүлээн зөвшөөрөхгүй бол өөр хөрөнгө оруулагчийг хайх шаардлага гарна. Түүнээс биш гэрээг нь ярьж эхлээгүй байж “Та бүхнийг оролцуулахаа болилоо” гэж хэлж болохгүй байх. Сайжруулсны эцэст санал болгоход тэд оролцож болно шүү дээ. Тэр дундаа Монголоос гадны хөрөнгө оруулалт дайжсан энэ үед гэрээ байгуулахдаа ч болгоомжтой л хандах ёстой.

-Энержи ресурс, Шинхуа, Таван толгой компанийн төлөөлөлтэй ажлын хэсгийнхэн уулзсан уу. Тэд ямар саналтай байгаа вэ?

-Уулзаагүй. Ажлын хэсэгт би санал тавьсан. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл гэж бий. Тэр зөвлөл төрийн төлөөлөл, эрдэс баялгийн бизнес эрхлэгчийн, иргэний нийгмийн төлөөллийн тэгш оролцоотой ажиллаж байгаа. Тэд эрдэс баялагтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахад зөвлөх эрхтэйгээр оролцох ёстойг Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод тусгасан. Мэргэжлийн зөвлөлөөс санал авъя гэдгийг би хэлээд байгаа. Одоохондоо энэ саналд хариу ирээгүй байна.

-Тэгвэл асуудлыг яг хэзээ УИХ руу оруулах юм?

-Дэд ажлын хэсгийн танилцуулснаар Засгийн газраас ирэх ёстой гурваас дөрвөн албан бичигтэй танилцаагүй байгаа юм байна. Тэр бичиг нь ирчихвэл дүгнэлтүүдээ хумьж эхлэх боломж бүрдэнэ. Дутуу бичиг баримтуудыг өнөө маргаашгүй ирүүлнэ гэдгээ ч мэдэгдсэн байна лээ. Тэгээд энэ долоо хоногтоо багтаагаад дүгнэлтээ гаргачих байх гэж найдаж байна.

-Ер нь энэ чуулганаар цаашлаад энэ УИХ асуудлыг шийдэж чадах юм уу?

-Энэ хавартаа амжих байх. Өнөөдөр (өчигдөр) АН-ын бүлгийн хурлаар чуулган завсарлахаас өмнө шийдвэрлэх ёстой асуудлуудыг хэлэлцлээ. Тодруулбал, эдийн засагтай холбоотой хуулиудыг баталж гаргана гэсэн нэгдсэн ойлголтод хүрсэн. Тэр ч үүднээсээ Засгийн газарт ажиллах боломжийг нь олгоё гэж байгаа. Амжуулъя гэвэл амжуулж л таарна.

-Ажлын хэсэгт Таван толгойг явуулахгүй гэж эсэргүүцэж байсан гишүүд бүгдээрээ орчихсон гэдэг шүүмжлэл бий. Та бүхний шийдвэр хэр оновчтой гарах юм бол доо?

-Дэд ажлын хэсгийн ахлагч шийдвэр гаргахад оролцохгүй. Зөвхөн мэдээллээр хангана. Тэгээд бүрэлдэхүүнд байгаа УИХ-ын гишүүд өөр өөрсдийнхөө итгэл үнэмшлээр саналаа өгөх учиртай. Миний хувьд тийм л бодолтой байна. Гэхдээ гарцаагүй хууль зөрчсөн тохиолдол байх юм бол “Явуулах л ёстой” гээд гүрийгээд байж болохгүй. Тиймээс эрүүл ухаанаар хандах шаардлага гарч байгаа юм. Ажлын хэсгийн ахлагч ч гэлээ нэг л саналын эрхтэйгээр оролцоно шүү дээ. Тэр хүн эсэргүүцэж байсан, ажлын хэсэг ахалж байгаа гээд давуу эрхтэйгээр оролцохгүй.

Л.Мөнхтөр

Categories
арын-нүүр булангууд мэдээ цаг-үе ярилцлага

Г.Эрдэнэбат: Эрүүгийн хуулийн төслийг Монгол Улсын эрүүгийн эрх зүйн хөгжлийн нэг шат гэж харж байгаа

Эрүүгийн хуулийг УИХ-д өргөн бариад бай­гаа билээ. Иймд Улсын ерөнхий прокурорын орлогч, Эрүүгийн хуулийн төслийн ажлын хэсгийнахлагч Г.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Эрүүгийн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд хуулийн төсөл өмнөх хуулиас хэр их өөрчлөгдөв?

-Эрүүгийн хуулийн шинэ­чилсэн найруулгыг Монгол Улсын эрүүгийн эрх зүйн хөгжлийн нэг шат гэж харж байгаа. Бид огт байхгүй цоо шинэ, Эрүүгийн хууль, эрүү­гийн хариуцлагын тогтолцоог бий болгох гээгүй. 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн өнгөрсөн 12 жил гаруйн хугацаанд үүссэн практик, хууль мөрдөх явцад учирсан хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг гол шалгуур болгосон. Хуульд шинэчилсэн найруулга хийсэн. Гэхдээ яг суурь үзэл баримтлалаасаа авахуулаад 2002 оны буюу одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд бага зэргийн нэмэлт, өөрчлөлт засвартайгаар явж байгаа юу гэвэл хараахан тийм биш. Үзэл баримтлалын шинжтэй хэд хэдэн өөрчлөлт орсон.

-Тухайлбал үзэл баримт­лалын хувьд ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-Юуг гэмт хэрэг гэж үзэх вэ гэдэг зүйл үзэл баримтлалын хувьд өөрчлөгдсөн.

-Энгийнээр хэлэх юм бол?

-Монгол Улсын Эрүүгийн хууль болон гэмт хэрэг гол төлөв материаллаг бүрэл­дэхүүнтэй. Ямар нэгэн үйлдэл хийгээдтүүний улмаасхор уршиг учирсан бол тэр үйлдэл нь гэмт хэрэг болдог. Тухайн хор уршиг нь хуульд заасан хохирлын хэмжээнд хүрээгүй байвал гэмт хэрэгт тооцохгүй өөр журмаар шийдвэрлэдэг. Тухайлбал захиргааны журмаар шийдвэрлэдэг ч юм уу. Ийм тогтолцоотой манай улс явж ирсэн юм. Иймд гэмт хэргийн суурь шалгуурыг өөрчлөх хэрэгтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл ямарваа нэгэн хүний хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэж гэмт хэрэгт тооцох бол энэ хуулиар ямар үйлдлийг гэмт хэрэгт тооцох вэ гэдгийг нь илүү нарийн зааж өгсөн. Эндээс эхлээд хуульд маш олон шинэ зүйл орсон гэсэн үг юм.Урьд нь бусдын эд зүйлийг хулгайлаад тэр нь бага бол хулгайн гэмт хэрэгт тооцдог. Замтээврийн осол гаргаад бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хүндэвтэр зэргээс дээш гэмтэл учруулсан байвалзамын хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын гэмт хэрэгт тооцдог байсан. Одоо энэ хуулиар хүний эд хөрөнгийг хулгайлсан л болгэмт хэрэг. Замын хөдөлгөөний аюулгүй байдал зөрчсөн л бол гэмт хэрэг гэх мэтчилэнүзэл баримтлалын өөрчлөлтүүд орсон.

-Ийм ялимгүй зүйл хүртэл гэмт хэрэг болчихож байгаа хэрэг үү. Тэгвэл замын хөдөлгөөний аюулгүй байдал зөрчсөн хүн бүр хэрэгтэн болжолон жил хоригдох болох нь ээ?

-Ийм ялимгүй зүйлд ч тохирсонбага хэмжээний шийтгэл энэ хуулиар томьёологдож орж ирсэн.

-Гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн ч заавал хорихгүй гэж ойлгож болох уу?

-Ийм төрлийн хэрэг үйлдсэн хүнийг долоо хоногоос эхлээд хийсэн хэргээс нь хамаарч хорино. Хэрэг нь хэр ноцтой байна түүнд нь тааруулж шүүх долоо хоногоос авахуулаад сар, жилээр нь ял оноох юм. Урьд нь тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодоход тэр хүнийг торгох эсвэл нэг сар хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж байсан. Тэгвэл замын хөдөлгөөний аюулгүй байдалд харшлах жижиг зүйлээс авахуулаад Эрүүгийн хуулиар зохицуулж эхэлнэ.

-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар бол зөрчил гээд торгууль оногдуулдаг?

-Иймд гэмт хэрэг гэж юу вэ. Зөрчил гэж юу вэ гэдгийг нарийн зааглаж томьёолох хэрэгтэй. Манай хууль зүйн практикт бас нэг ноцтой сул тал бол гэмт хэрэг болон захиргааны зөрчлийн давхардал хийдэл юм. Одоо дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хууль болон Монгол Улсад мөрдөгдөж байгаа 205 хуульд байгаа захиргааны зөрчлийн хэм хэмжээнүүдийн олон заалтууд хоорондоо давхарддаг. Нэг асуудлыг зөрчлөөр эсвэл гэмт хэргээр тооцож шийдэж болохоор хуульдаа давхардуулаад заачихсан байдаг. Жишээ нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан төрүүлсэн болон үрчлэн хамгаалж авсан хүүхдээ хаясан төөрүүлсэн хүнийг 50 мянган төгрөгөөр торгоно гээд зөрчилд тооцох заалт байгаа юм. Харин Эрүүгийн хуульд төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан төөрүүлсэн бол 6 сар хүртэлх хугацаагаар баривчлах ялаар шийтгэж болно гэсэн байдаг. Энэхоёр хуулийн заалт нь ойлгомжгүй байдал үүсгэж ирсэн. Энэ хоёр хуулийн алинаар нь буруутай хүнийг шийтгэх вэ гэдэг асуудал гардаг. Ийм давхардал гэхэд 30 гаруй байх жишээтэй. Энэ асуудлыг шийдэж зөрчил юм уу гэмт хэрэг үү гэдгийг нэг мөр болгож төрөлжүүлэх шаардлагатай болсон. Тийм учраас Эрүүгийн хуулийг дагаад нөгөө олон зөрчлийн хуулийг шийдвэрлэж байсан хуулиудыг бүгдийг нь төрөлжүүлж нэгтгээд Зөрчлийн тухай хууль гэж дагаж боловсруулсан. Ингэж хуулийн замбараагүй байдлыг арилгахгүй бол нэг хууль дээр нь “Энэ бол зөрчил, торгоод явуулж болно” гэж бичээд нөгөө хуульд нь “Гэмт хэрэг, ял өгөх хэрэгтэй” гээд бичсэн.

-Энэ хуулийн давхцлууд нь буцаад хууль сахиулж байгаа хүмүүсийг хардлага сэрдлэгт багагүй өртүүлдэг гэж сонсож байсан юм байна?

-Тийм, энэ ойлгомжгүй байдалнь нэг талаасаа хуулийн байгууллагын ажилтныг дураараа авирлах боломж олгодог. Харж үзэх хүнээ торгоод явуулаад хатуухан хандах хүнээ эрүүгийн журмаар шалгаад ял өгөх боломжтой болгож буй юм. Нөгөө талаас хуулийн байгууллагын ажилтныг хардаж буруутгах үндэслэл болдог. Нэг улсын хуулиуд давхардаж ийм ойлгомжгүй байдал бий болгож болохгүй. Болохгүй. Зайлшгүй энэ хуулийн давхардал хийдлийгарилгах ёстой.Гэмт хэргийн тухай үзэл баримтлал өөрчлөгдсөн нь энэ хуулийн төслийг нэмж, найруулж, боловсруулах нэг шалтгаан нь энэ юм. Хоёр дахь нь ялын бодлогын асуудал 2002 онд батлагдсан одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар ялын бодлогыг нэлээн тодорхой байдлаар томьёолсон.

-Тодруулбал…?

-Гэмт хэрэг үйлдсэн хүн өөр төрлийн ял эдлээд нийгмээс тусгаарлагдахгүй байх боломж байна уу. Заавал шоронд очиж ял эдэлж, хоригдож тэр уур амьсгалыг мэдэрч, гэмт хэрэгтнүүдийн орчинд заавал орж үзэх нь хэр эерэг вэ гэдгийг зайлшгүй бодох хэрэгтэй. Заавал ял өгч байж шийтгэдэг энэ байдлаасаа татгалзахгүй бол зарим хүний хатуу хэлж байгаагаар Монголын нийгэм шоронжих үйл явцтай болж байна гэж хэлээд байгаа. Тийм учраас ялын уян хатан бодлогыг шинэ хуулиар оруулж ирж байгаа. Гэрийн хорионд байлгах,нийтэд тустай ажил хийлгэх гэх мэт ялыг шинээр хуулийн төсөлд тусгасан. Одоогийн Эрүүгийн хуульд баривчлах, хорих гэсэн хүний эрх чөлөөг хязгаарласан хорих ялыг доторнь сонгож хэрэглэх боломжтой болгосон.

-Тухайн гэмт хэрэгтэн сонгож хэрэглэнэ гэсэн үг үү?

-Мөрдөгдөж буй хуулиар ганцаарчлан эрх чөлөөг нь хязгаарлахыг баривчлах, нэг жилээс дээшхийг нь хорих ял хэмээж ирсэн. Бид хуулийн төслийг боловсруулахдаа бусад орны хуулийг хараад хорих ял эдлүүлнэ гэдэг нь заавал хүнийгтав арваар нь нэг дор байлгаж ял эдлүүлэх хэрэггүй юм байна. Таван жилийн хорих ялтай хүн байсан ч гэсэн тухайн хүн хүсвэл ялаа ганцаарчлан эдэлж болно. Үүнийг тусгасан.

-Тэнсэн харгалзах ял гэж хуулийн төсөлд байгаа юу?

-Байгаа, гэхдээарай өөр хэлбэрээр орсон. Хорих ялыг биечлэн эдлэх шаадлагагүй гэж үзвэл тэнсэж хянан харгалзана. Тэнсэн харгалзах ялыг тухайн хүнд ялыг нь оногдуулахгүйгээр гэмт хэргийн улмаас хохирсон хохирлоо арилгаж, хохирогчтой эвлэрсэн. Өөрийн гэм буруутай зан үйлдлээ засах боломжтой гэж үзвэл тухайн хүний ялыг нь тэнсэж, хянаж харгалзах юм.Хийсэн үйлдлээснь хамаарч долоохоногоос таван жилийн хугацаагаар хянан харгалзана. Энэ хугацаанд тухайн хүнгэмт хэрэг үйлдэж болохгүй, бусдад учруулсан хохирлоо арилгаад дуусчихсан, хохирогчтойгоо эвлэрсэн байвал тэр хүнийг бүрэн ялаас нь чөлөөлнө. Энэ хүн ерөөсөө ялаар шийтгүүлэхгүй гэсэн үг. Одоо мөрдөгдөж буй хуулиар бол ял өгчихөөд “Чамайг дахиж гэмт хэрэг үйлдэхгүй, засарч хүмүүжих юм бол ялыг чинь эдлүүлэхгүй” гэдэг байсан болхуулийн төслөөр ял өгөхгүй, шүүхийн тогтоосон хугацаанд хянаж харгалзана. Тэр хугацаанд хэрэг хийсэн хүн аюулгүй гэдгээ нотолж чадахгүй бол шүүх хэлэлцэж тухайн үед хэрэгт нь тааруулж нэг эсвэл гурван жилийн ял оноох байсан тэр ялыг нь оноох юм.

-Хэрэг хийсэн хүнийг тодорхой хугацаанд аюулгүй гэдгийг нь яаж мэдэж хянах юм бэ?

-Тэр хүнийг тэнсэн харгалзах хугацаанд хууль сахиулах байгууллага хяналтдаа авах юм. Хэрэг хийсэн хүний зан байдал бүх зүйлд хуулийн байгууллагын ажилтан хяналт тавина. Гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүхээр ял өгөөд тэнсэн харгалзах ял өгөхөөр ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болчихдог. Хуулийн төслөөр тэнсэн харгалзах ялыг ингэж тусгасан нь гэмт хэрэг хийсэн хүн дахиж хэрэг үйлдвэл биеэ зохистой авч явж чадахгүй бол ял онооно гэдэг айдас болгоомжтой байх юм. Ингэснээр тухайн хүн өөртөө хяналт тавьж эхэлнэ.

-Гэмт хэргийн хохи­рогч нарын хохирол төлөгд­дөггүй. Энэ асуудалд томоо­хон өөрчлөлт авчирсан хууль болж байгаа гэсэн. Үүнийг хуулийн төсөлд хэр­хэн зохицуулсан юм бол?

-Өнгөрсөн 12 жилийн хугацаанд шүүхийн практикаас харахад гэмт хэргийн улмаас учирсан хохирол том асуудал болох нь анзаарагддаг. Эд материал, биеийн болон сэтгэл санааны хохирол гээд хохирол олон бий. Гэтэл гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүхээс ял оноодог. Хохирогчийн хохирлыг барагдуулдаггүй. Иймдгэмт хэргийн хохирогчийн хохирлыг гаргуулж авдаг байхаар төсөлд төлөвлөсөн.Тийм учраас гэм буруугаа хүлээсэн хүнд ял оногдуулах, хянан харгалзах, албадлагын арга хэмжээ авах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал гэсэн журам гаргаж зохицуулж өгсөн. Ялын хэмжээ өмнөх хуулиас хасагдахаас илүүтэйгээр биечлэн эдлүүлэх ял багасна. Гэмт хэрэг үйлдсэн хүн бусдад учруулсан хохирлоо төлсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх асар их өргөн боломж энэ хуулийн төсөлд тусгагдсан. Тэгэхээр бид гэмт хэрэгтнүүдийн ялыг хөнгө­рүүлж зөөллөж асуудлыг уян хатан шийднэ гэхээсээ илүү гэмт хэрэг хийсэн хүн хохирлоо төлсөн бол түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр яаж хариуцлагажуулж болох вэ гэдгийг олон талаас нь бод­сон. Энэ хуулийг дагаад гэмт хэрэг хийсний улмаас хохирсон хохирлыг төлүүлэхтэй холбоотой Хохирлын сангийн тухай хууль бас өргөн баригдаж байгаа.

-Хохирогчдын хохирлыг барагдуулах сан гэсэн үг үү?

-Энэ хуулийн зорилго хохир­­сон олон мянган хохи­­рогч­дын хохирлыг барагдуу­лахад зориулагдсан хууль юм. Гол төлөв өөрөө төл­бөрийн чадваргүй, ядуу дорой хүмүүс буруу сонголт хийж,тэр үйлдэлдээ хуулийн хариуцлага хүлээх болдог. Ийм хүмүүсийн учруулсан хохирлыг төлүүлэхгүй, ялыг нь өгөөд явуулдаг. Хохирогчид харин хохироод үлддэг. Тэгвэл одоо бусдад оногдуулж бай­гаа торгууль гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг хурааж авсан энэ бүх мөнгийг Хохирлын санд төвлөрүүлнэ. Гэмт хэргийн улмаас хохирол учирсан иргэдэд нөхөн төлбөр болгож өгөх зориулалттай хууль боловсруулсан гэж ойлгож болно. Энэ хууль гэмт хэрэгтнийг бусдад учруулсан хохирлыг нь төлүүлэхээс гадна гэмт хэрэгтэнхохирлоо төлж чадахгүй бол Хохирлын сангаас төлдөг тогтолцоог давхар тусгаж байгаа. Энэ хоёр хамтдаа үйлчлэх юм бол Монгол Улсын бас нэгэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж болно.

-Хохирлын сангийн мөн­гийг хуулийн байгууллагын торгуулиас бүрдүүлнэ гэж ойлгож болох юм уу. Тухайлбал замын цагдаа нарын торгууль гэх мэт зүйлсээс?

-Гэмт хэрэг үйлдсэн, зөрчил гаргасан хүнд оногдуулсан торгууль, буруу аргаар олсон эд хөрөнгийг Хохирлын санд төвлөрүүлэх юм. Манайд гаж гэж хэлж болохоор нэг тогтолцоо үйлчлээд уд­лаа. Ялангуяа захиргааны зөрчлийн торгуулийг улсын төсвийн орлого гэж үздэг. Уг нь төсвийн орлогыг төлөвлөдөг биз дээ. Торгууль оногдуулдаг хүнд “Төсөвт тэдэн төгрөг оруулах ёстой” гээд төлөв­лөөд өгчихдөг. Тэгэхээр төлөвлөгөөт ажлаа хийхийн тулд торгууль оногдуулдаг цагдаагийн байцаагч, улсын байцаагч нар хүн торгох гээд улайраад байдаг. Ийм гаж тогтолцоо бий болчихсон. Замын цагдаа хэн нэгэн хүнээс зөрчил олж хүн торгож, албан үүргээ бие­лүүлдэг болж хувирчихаад байгаа юм. Ингэж болохгүй. Улсын төсөвт төлөвлөж байгаад оруулдаг орлого бол энэ биш.

Д.МАРГАД

Categories
мэдээ цаг-үе

Н.Гантөмөр: Эдийн засгийн яам татан буугдаад цэвэрлэх байгууламжийн ажил гацаанд орсон

Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөртэй сүүлийн үед нийслэлд хийж байгаа ажлуудын талаар ярилцав.

-Сүүлийн үед цэвэрлэх байгууламж сүйрлийн ирмэгт байгаа тухай мэдээлэл иргэдийг бухимдуулж байна?

-Улаанбаатар хотын унаган иргэний хувьд нийслэлчүүдийн хүндрэлийг сайн мэднэ. Шийдэгдээгүй олон асуудал байна. Нийслэлд анх 500 мянган хүнд зориулсан инженерийн бүтэц байгуулсан. Замын ажил сүүлийн гурван жилд гайгүй урагшилсан. Дээр нь зам дагасан нүсэр инженерийн байгууламж байх ёстой. Одоо энэ байгууламжийн хүчин чадал хүрэхгүй байна. Шинээр ашиглалтад орсон байшингуудыг дулаан, цахилгаанаар хангах хэрэгтэй. Ер нь нийслэлд хуримтлагдсан асуудал 1-2 сонгуулийн хугацаанд шийдэхэд бэрх болтлоо хуримтлагдсан.

Цэвэрлэх байгууламж бараг гар хүрээгүй өдийг хүрсэн. 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Японы “Жайка” ТЭЗҮ-ийг нь хийчихсэн. Эдийн засгийн яам татан буугдаад дахиад шинээр эхэлж байна.

-Яагаад шинээр эхэлж байгаа юм бэ?

-Яам нь татан буугдчихаар мэргэжилтнүүд нь хүртэл өөрчлөгдсөн. Дахиад шинэ хүмүүс өмнө нь хийж байсан ажилтай нь танилцах гээд хугацаа их орох болоод байна. Тиймээс одоо л засахгүй бол өвөл зогсвол одоогийнхоос арав дахин их хөрөнгө гаргах болчихоод байна. Нийслэлийн мэдлээс хэтэрсэн их хөрөнгө шаардлагатай. Дээр нь төрийн өмчийн харьяалалтай. Ингээд хариуцлага нь нийслэлд, өмчлөл нь төрд байдаг хачин тогтолцоо бас саад болж байгаа. Бид өөрсдийн хэмжээнд хийх жижиг, сажиг засварыг хийгээд л явж байна. Мөн ус, цахилгаан таслах ажлыг хүмүүсийн ажлын уялдаатай холбож ойлгож байна. Өглөө гарахад байсан ус өдөр ирэхэд байхгүй болохоор бухимдах нь аргагүй шүү дээ. Тэрний оронд сайн зар түгээх ёстой. Ямар хугацаагаар, хэзээ, хаана таслахаа сайн мэдээлбэл иргэд ойлгоно.

-Тэгээд яагаад зарлахгүй байна?

-Баянголын уулзвараас Драмын театр хүртэл цэвэр болон дулааны шугамыг яам хөрөнгийг нь гаргаад төрийн өмчийн компаниар хийлгэж байна. Бидний оролцоо байхгүй. Уг нь биднээр дамжуулаад хийчихвэл бид тэр зар сурталчилгаа, иргэдтэй харилцах ажлаа зохицуулаад хийчих боломжтой байхгүй юу. Гэтэл биднийг алгасаад нийслэлийн нутаг дэвсгэр дээр ажиллагаа явуулаад байдаг. Иргэд биднээс шаардах нь зөв биз дээ. Нийслэлийн нутаг дэвсгэр дээр байгаа өмчийг бид хариуцах хэрэгтэй юм байна. Гэтэл одоо эсрэгээрээ тогтолцоо үйлчилж байгаа юм. Бас мэдээллийн олон хэрэгслүүдээр зэрэг зарлах гэхээр төсөв хүрэхгүй. Аргаа ядаад цөөн тооны хэвлэлээр тогтмол зарлах арга бодож байна.

-Зуслангийн замыг хаах тухай яриа байна.

-Удахгүй манай компаниуд Дамбадаржаагийн уулзвараас засч эхэлнэ. Замыг бүрмөсөн хаахгүй хэсэгчилж хаана. Үндсэн засвар хийхэд хажуугаар нэвтрэхээр зохион байгуулна. Таг хаачихна гэж хэн ч хэлээгүй. Сүүлийн гурван жилд зуслангийн замын даац хэтэрч маш их бухимдал үүсгэж байна. Хотын төв түгжрэлгүй байхад зуслангийн зам түгжрээд байна гэсэн гомдол ирдэг. Тиймээс зуслангийн замын нэвтрэх чадварыг сайжруулна. Дээр суурьшлын бүс бас тэлнэ. Зам муу байх нь түгжрэлээс эхлээд хувь хүний машинд ч их халгаатай. Одоо нэг зассан байхад нэг хэсэгтээ гайгүй болох байх. Засахгүй бол түүнээс их хохирол амсана. Үүнийг иргэд ойлгох хэрэгтэй. Энэ жил бид зам засварын 30 хувийг хийчих хэмжээний мөнгөтэй болсон. Үлдсэн 70 хувийг хувийн хэвшилд тендер зарласан. Гэхдээ аравдугаар сарын 1 гэхэд дуусгах болзолтой. Манай компаниуд оролцохоор болсон.Хоёр урсгалтай замтай болно. Өмнө зөвхөн зун гардаг байсан газар дөрвөн улирал гардаг болсон. Суурьшлын бүс бий болгоно. Ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж цэцэрлэг, сургуультай болгох тухай яригдаж байгаа.

-Гэр хорооллын дахин төлөвлөлт ямар шатанд байна?

-Анх бид сонгуулиар иргэдэд дэд бүтэц тавьж өгөөд ямар ч хэлбэрээр орон сууцжих боломж гаргаж өгөхөөр амласан. Гэтэл иргэдийн 70 хувь нь “Дан дэд бүтэц аваад бид ямар хөрөнгөөр барилга барих вэ, тэрний оронд нийтийн орон сууцаар хангуулах” санал тавьсан. Тухайн үед Баянхошуу, Дамбадаржаагаар хашаа байшин маш хямд байсан. Өдөөдөр 10-20 дахин үнэд орсон. Энэ нь иргэдэд маш сайн хөрөнгө оруулалт болж хувирсан. Одоо ихэнх компаниуд том барилгуудаа бариад эхэлсэн. Бас нэг хувилбар дэвшүүлж байгаа нь нэг хүний хүч хөрөнгө дутаад байвал арвуулаа нийлээд барилгаа барьчих санал тавьж байна.

-Арвуулаа нийлчихээд нийслэл дээр ирвэл зөвшөөрөл өгнө гэсэн үг үү?

-Өгнө. Гэхдээ стандарт, аюулгүй байдал, чанар гээд харгалзах зүйл бий. УИХ баталсан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөө байдаг. Түүнд нийцүүлнэ.

-Автобусны ажилчид байнга ажил хаядаг болж байна. Энэ байдал хэзээ зогсох вэ?

-Улсын үйлдвэрийн газар өөрийн гэсэн хууль, журамтай. Энэ хүрээндээ байж чадаж байна уу гэдгийг шалгах хэрэгтэй. Ажилчид үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэхдээ бас бусдын эрх ашгийг харгалзах ёстой.

-Хувийн хэвшлийнхэн ажил хаяхгүй байна.

-Цаашдаа дээрх байгууллагуудыг яаж ажиллуулах талаар нийтийн тээврийн газар, өмчийн газар хоёр оруулж ирнэ. Дараа нь яахаа шийднэ.

-40, 50 мянгатын барилгуудыг цаашдаа яах вэ?

-Энэ барилгуудын дулаан цэвэр усны шугамууд хүүхдийн зулай шиг болсон. Эхний ээлжинд бага тойргийн хэмжээнд дахин төлөвлөлт хийнэ. Зураг, хөрөнгө нь гарчихсан. Хэв загварыг алдагдуулахгүй дахин төлөвлөлтөнд оруулах гэж байгаа. Таван шарын барилгуудын дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн. Одоо явж байгаа 300 шугамыг 500 болгож шинэчилнэ. Энэ ажил хийснээр Дэнжийн мянга, Зуун айл, Дамбадаржаагийн орчимд 8000 айл шинээр дулаанд холбогдох боломж нээгдэнэ.

-Наймдугаар сарын 15-наас дугаарын хязгаарлалт бүр байхгүй болно гэсэн үнэн үү?

-Тийм боломж бүрдсэн гэж үзээд хэлэлцэж байгаа.

Х.Баттөгс

Categories
мэдээ цаг-үе

Б.Сэр-Од: Би олон улсын бүх тэмцээнд эх орныхоо нэр дээр гүйж байгаа

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Одтой ярилцлаа.

-“Улаанбаатар марафон-2015” олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Бүтэн марафонд түрүүлсэнд тань баяр хүргэе.

-Тав дахь жилдээ болж буй “Улаанбаатар марафон”-оос Монголын ард түмэн гүйлтийн төрлийг сонирхдог болсон, өөрсдөө гүйдэг болсныг харлаа. Нийслэлийн удирдлагууд ард түмнийхээ хүсэл сонирхлыг мэдрэн хотынхоо төвөөр марафон тэмцээн зохион байгуулж байгаад талархах хэрэгтэй. Хотоо гадаадад сурталчлах том боломж гэж харж байгаа. Өнөө жилийн тухайд 10 км-ийн тойргийг дөрөв тойрч гүйсэн. Гүйлтийн замыг цагдаагийн бие бүрэлдэхүүн бүрэн хамгаалалтад авсан нь тэмцээний давуу тал юм. Дутагдалтай зүйл бас байсан. Бүх төрөлд оролцож байгаа тамирчид нэг зам дээр гүйсэн. Энэ үед гараанаас гарч байгаа, барианд орж байгаа тамирчид давхцах асуудал гарч байлаа. Би эхнийхээ тойргийг дуусгаад хоёр дахь руугаа орох гэж байхад таван км-ийн зайд гүйсэн тамирчин барианд орохтой давхцах жишээтэй. Барианд орж байгаа тамирчид замаа хаагаад юу ч бодолгүй зогсчихдог. Цааш үргэлжлүүлэн гүйх би тэдний дундуур гарах, тойрч гарах гээд хугацаа алдах асуудал гарсан. Ер нь тэгээд олон улсын марафон тэмцээн зохиож байсан туршлага аргагүй дутаж байна лээ.

-Уралдааны зам дутуу байсан гэх яриа гарсан. Та мэдрэв үү?

-Зам дутуу байсан шүү дээ. Хагас, бүтэн марафоны замд 600 гаруй метр дутуу байсан. Дутуу зам дээр гүйж байгааг олон улсын тэмцээн гэж хэлэх хэцүү л дээ. Бүтэн марафон олон улсын жишигт 42 км 195 метр гэсэн ганцхан хэмжигдэхүүнтэй. Гэтэл бид сая 41 км 600 гаруй метр гүйсэн байгаа юм. Тэгэхээр олон улсын түвшний тэмцээн биш. Бид замаа бүрэн хийж чадахгүй болохоор олон улсын зэрэглэлтэй мундаг тамирчид ирж оролцохгүй. Яагаад гэхээр дутуу зам дээр гүйсэн амжилтыг хаана ч тооцохгүй.

-Зам дутууг яаж мэдэв?

-Уг нь тэмцээн эхлэхээс өмнө зохион байгуулагчид дээр дасгалжуулагчийн хамт очоод 10 км-ийн замыг хэмжиж өгсөн юм. Марафон гүйлтийн зам хэмждэг албан ёсны хэмжүүр байдаг. Түүгээрээ хэмжсэн. Дараа нь 42 км-ийг хамтдаа хэмжье гэсэн боловч өөрсдөө хэмжсэн байна лээ. Зам дутууг яаж мэдэв гэхээр миний цаг хэмжигчтэй. Олон улсын тэмцээнд гүйсээр байгаад тодорхой хэмжээний баримжаатай болчихдог юм. Дээрээс нь тамирчид яг хаагуур тойрохыг хэлээгүй. Намайг гүйж байхад “Наанаас эргэхээр болсон шүү” гэх мэдээ ирсэн. Гүйж байгаа болохоор наанаас гэхээр аль хавийг хэлж байгаа юм бол доо гэж бодоод өнгөрсөн. Энэ мэтчилэн дутагдалтай зүйл зөндөө байлаа.

-Гүйж байгааг тань харж байлаа. Олон хүн таныг дэмжиж байна лээ?

-Өмнөх жилүүдийг бодвол энэ жил хөгжөөн дэмжигч маш олон байсан. Эхний гурван жил Улаанбаатараас Налайх хүртэл гүйдэг байсан болохоор үзэгч байхгүй байсан гэж хэлж болно. Харин сүүлийн хоёр жил нийслэлийн төвөөр гүйлгэж байна. Энэ нь марафон гүйлтийн төрлийг олон нийтэд сурталчлах сайхан арга. Саяын тэмцээнийг зурагтаар шууд дамжуулж байсан болохоор гэртээ байсан хүн “За одоо манай гэрийн хажуугаар өнгөрөх нь” гээд гарч ирээд зам дээрээ зогсчихсон. Гүйж байхад замын хажууд байгаа хүмүүс алга ташин урам зориг өгч байсан. “Гүйгээд байгаарай. Дэмжиж байгаа шүү. Тасархай шүү” гэхчлэн орилно. Бусад төрөлд гүйж байгаа тамирчдын хажуугаар өнгөрөх үед нэг хэсэгтээ дагаж гүйх жишээтэй. “Найман шарга” захын урдуур гүйж байхад нэг ах миний биед хүрэх гээд нэлээн дагаж гүйсэн.

-Яаж байгаа юм бол оо?

-Монголчуудын сайхан уламжлал байна шүү дээ, түрүүлээд ирсэн хурдан морины хөлснөөс адис авч хийморио сэргээдэг. Тэрэнтэй л адил байхгүй юу. Яг тэмцээнд оролцоод гүйж байх үед хүн тэгж дагахаар эвгүй юм байна лээ. Гэхдээ гоё шүү дээ. Намайг дэмжиж байгаа тэр хүмүүсээс би урам зориг авч улам хурдалдаг юм. Шууд бэлэн мөнгө май гээд өгөхгүй ч гэлээ сэтгэл гэж юугаар ч үнэлшгүй сайхан юм байна.

-Германд болсон тэм­цээнээс “Рио-2016” олим­пийн наадмын эрхээ авсан. Тэр тэмцээний тухай ярихгүй юу?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд Германы Хамбург хотноо болсон олон улсын тэмцээнд оролцож олимпийн наадмын эрхээ авлаа. Энэ тэмцээний бүтэн марафон буюу 42 км 195 метрийн зайд 20 мянган тамирчин оролцсон. Их тоо байгаа биз. Би 2 цаг 10 мин 15 секундын амжилтаар зургадугаар байрт шалгарч хөнгөн атлетикийн төрөлд хамгийн эхний олимпийн эрхээ авлаа.

-Олимпийн наадам ч ойр­тож байна шүү. Таны бэлтгэл хэр байгаа вэ. Бэлт­гэлээ хаана хийж байна вэ?

-Том уралдаан тэмцээний сэргээлтийн болон суурь бэлтгэлээ Монголд хийж байгаа. Яг чухал бэлтгэлээ Японд очиж хийж байна.

-“NTN” клубт харьяалаг­даж байгаа хэвээрээ юу?

-Хэвээрээ. Гэхдээ намайг тэнд бэлтгэл хийж байгааг зарим хүмүүс ташаа ойлгоод байдаг юм шиг байна лээ. Японы клубээс бүх зардал мөнгөө даалган бэлтгэлээ хийдэг. Тэмцээн уралдаанд оролцох зардлаа клубээсээ гаргуулж байна гэж ойлгодог. Үнэндээ тэмцээнд оролцох зардлаа би өөрөө гаргадаг. Заримдаа улсаас гаргаж өгч байгаа. Жижиг тэмцээнд буюу “NTN” клубийн тамирчидтай баг болон оролцох зардлыг япончууд гаргадаг. Тэр бүү хэл Японы бусад хотод очиж бэлтгэл хийхэд гарах бүх зардлаа би өөрөө төлж явна.

-Тэндээс цалин авна биз дээ?

-Цалин авахгүй ээ. Зүгээр л бэлтгэл хийх боломжоор хангаж байгаа юм. Яагаад тэд нар намайг өөрсдийн байранд аваачин бэлтгэл хийлгээд байна вэ гэхээр бүтэн марафонд 2 цаг 08 минут 50 секунд гүйсэн тамирчин Ази, Европт цөөхөн шүү дээ. Гэтэл гүйлт мэдэхгүй орны тамирчин ийм амжилт гаргаж том тэмцээнд түрүүлээд байхаар анхаарлыг нь татаж байна. Энэ хүний бэлтгэл хийх боломжийг хангаад өгвөл өшөө ямар амжилт үзүүлэх бол гэсэн сэтгэлээр дэмждэг юм.

-Яваад жил болчихсон уу?

-Яг л нэг жил болж байна. Гэтэл намайг аль хэдийнэ Японы иргэн болчихсон мэтээр ойлгоод байх шиг байдаг.

-Олон улсын тэмцээнд орохдоо хаанахаар овоглож байна вэ. “NTN” клубийн тамирчин гэж дуудуулдаг уу?

-Олон улсын ямар ч тэмцээнд очсон Монголын тамирчин гэж явдаг. Майкан дээр л “NTN” клубийн таних тэмдэг байдгаас биш Монгол Улсын тамирчин Б.Сэр-Од гэж дуудуулж байгаа.

-Шигшээ багт таны дасгалжуулагчийг авахгүй байгаад байсан. Одоо асуудал шийдэгдсэн үү?

-Одоо хүртэл шийдээгүй ээ. Он гарснаас хойш “Б.Сэр-Одын багшийг шигшээ багт авлаа” гэх мэдээлэл гарч байсан ч өнөөдрийг хүртэл албан ёсоор шигшээ багт ороогүй байгаа. Бусад спортын салбарт эхнэр, нөхөр хоёр бие биенийгээ дасгалжуулаад явах тохиолдол гардаг. Гэтэл бид хоёр дээр л ашиг, сонирхлын зөрчил гэсэн зүйл гараад байдаг юм. Тэртээ тэргүй би олимпийн эрхээ аваад ирдэг. Тэгэхээр олимпийн наадмаас жил хүрэхгүй хугацаанд миний дасгалжуулагчийг шигшээ багт авдаг. Олимп дуусахаар хасчихна. Гурав дахь олимптоо ингэж байна даа.

-Удахгүй дэлхийн аварга болно. Ямар зорилго тавьж байгаа вэ?

-Энэ жилийн ДАШТ их хариуцлагатай тэмцээн болж байгаа. Тэгэхээр Японд очиж бэлтгэл сургуулилтаа хийх гэж байна. Өнөөдөр юмуу маргааш явах бодол байна. Олимпийн өмнөх ДАШТ гэдэг бол асар өндөр хариуцлага шүү дээ.

-Японд өдөрт хэдэн цагийн, ямар бэлтгэл хийдэг юм бэ?

-Яг тогтсон зүйл байхгүй. Өдөр бүр өөр бэлтгэлд гарна. Тамирчин хүн ямар бэлтгэл хийх ёстой байдаг тэр бүхнийг хийнэ. Хурд, хүч, уян хатан, авхаалж самбаа, тэсвэр гээд цогц бэлтгэл хийдэг юм.

-Дасгалжуулагчтайгаа хамт явах уу?

-Ганцаараа явна. Багштай­гаа явъя гэхээр зардал мөнгөний асуудал хэцүү шүү дээ. Бүх зардлаа хувиасаа гаргаж байгаа болохоор хамт явах боломжгүй.

-Та одоо аль байгууллага, клубт харьяалагддаг юм бэ?

-Яг тэр гээд харьяалагдаж байгаа байгууллага алга. Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн ахмад цолтой. Манай нэгдүгээр хэлтсийн дарга Батбаатар болон хамт олон маань дэмждэг юм.

-Олон улсын тэмцээн уралдаанд оролцох зардал мөнгөө яаж зохицуулж байна вэ?

-Сая өнгөрсөн нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл бэлтгэл хийх зардлыг шигшээ багаас гаргаж өгсөн. ДАШТ-д оролцох зардал надад хэрэггүй. Тэртэй тэргүй Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос гаргаад өгчихнө. Би жирийн нэг тамирчин биш шүү дээ. Дэлхийд данстай тамирчин. Тэгэхээр ДАШТ-д оролцох бүх зардлыг олон улсын холбооноос гаргана. Надад одоо юу хэрэгтэй вэ гэхээр ДАШТ-д оролцох бэлтгэлийн зардал хэрэгтэй. ДАШТ эхлэхэд 71 хоног үлдээд байна.

-Таныг олон улсын тэм­цээнд оролцохоор очиход хэр хүлээж авдаг вэ?

-Жаахан дэгсдүүлээд хэлэхэд төрийн айлчлалын хэмжээнд хүлээж авна даа. Монголын Б.Сэр-Од ирчихсэн байна гээд шуугичихна. Тэмцээний өмнө “Та өнөөдөр ямар бэлтгэл хийх вэ. Ямар зам бэлдэх үү” гэж асуухаас л эхэлнэ дээ. Тусгай машинаар үйлчлээд эхэлдэг.

-Таны яриаг сонсож байхад монголчууд таныг дэмжихгүй байгаад гомдолтой байдаг мэт сэтгэгдэл төрөх юм?

-Тэгж хэлж болохгүй ээ. Монголын ард түмэн надад хайртай. Намайг хаана ч явсан чин сэтгэлээсээ дэмждэг. Мөнгө төгрөгний асуудал бол хэдэн дарга нартай л холбоотой шүү дээ. Миний сул тал хүнд тал засаж чаддаггүй. Хэний ч өмнө шууд хэлдэг. Тэр нь зарим нэг даргын эгдүүг хүргэдэг шиг байгаа юм.Энэнээсээ болоод жаахан хавчуулагдаад, дарагдаад байдаг тал бий.

-ДАШТ-д таны гол өрсөлдөгчид хэн байх бол?

-Бүтэн марафоны дээд амжилт 2 цаг 02 минут 57 секунд байдаг юм. Гэхдээ энэ амжилтыг зөвхөн Берлиний марафонд л эвдэх боломжтой. Өөр улсад эвдэх болон давтах боломж байхгүй. Учир нь Берлиний л цаг агаар, зам дээр энэ амжилтыг эвдэж болно. Бусад газар боломжгүй. Өрсөлдөгчийн тухайд Африкийн тамирчид байлаа. Харин сүүлийн үед Кенийн тамирчдыг өндөр хөгжилтэй улсууд худалдаж аваад өөрсдийн нэр дээр гүйлгээд байна. Тэгэхээр өрсөлдөгч чангарч байна гэсэн үг.

-Таныг манай тамирчин болооч гэсэн санал ирж байсан байх. Хаанаас санал тавьж байв?

-Ази болон Европын хоёр улсаас санал тавьж байлаа. Азийнхийг хэлээд яахав. Гэхдээ Япон бол биш. Тэр нь 2009 он. Дараа нь Англи улс манай тамирчин болооч гэсэн санал тавьж байлаа. Тухайн үед татгалзаж байсан ч гэлээ одоо харамсаж байна. Хэрэв Английн тамирчин болчихсон байсан бол өдийд зардал мөнгөн дээр санаа зовохгүй явах байлаа.

-Тамирчин болооч гэх санал тавихад юу амалдаг юм бэ?

-Тамирчин хүний насан туршийн амьдралын баталгаа өгч байсан. Ер нь их том зүйл амласан л даа. Цалин мөнгө хангалттай өгнө. Хамгийн гол нь гүйхээ болилоо гэхэд насан туршдаа хангалттай амьдрах баталгаатай. Англи улс марафон гүйлтийн сайн тамирчингүй шүү дээ. Одоо хүртэл байхгүй байгаа.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүд тань гүйлтийн тамирчин болох нь уу?

-Би хүү, охин хоёртой. Хүү маань 13-тай. Охин 6 настай. Хүү маань сая өөрийнхөө сонирхлоор “Улаанбаатар марафон”-д гүйсэн. Даанч зохион байгуулагч нарын хариуцлагагүйгээс болоод хэддүгээр байр эзэлснийг нь хэлээгүй байна лээ. Бүртгэж аваагүй гэсэн үг.

С.АЛТАН

Categories
мэдээ цаг-үе

Бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарч эхэллээ

Одоогийн байдлаар Завхан, Увс, Хөвсгөл аймгийн бөхчүүд наадмын бэлтгэлдээ гараад байна. Зургадугаар сарын аравдын өдийд бөхийн бэлтгэл ерөнхийдөө жигдрэх тал руугаа хандсан байдаг. Гэвч өнөө жил бөхчүүдийн гол амь тариа болох бэлтгэлийн бааз суурь сайн хангагдаж өгөхгүй зовоож байгаа аж. Дам сураг дуулбал, эдийн засгийн хямрал нөлөөлж байгаа гэнэ. Наадмынхаа бэлтгэл дээр наранд биеэ шараад налайтал хэвтэж байх нөхөд мөнгөний эрэлд мордоцгоож нутаг нутгийн компанийн захирлын үүдийг сахиж суугаа юм байх. Зарим нэг нь юун бэлтгэлтэй манатай байгаа бололтой. Сүүлийн дөрвөн жилийн наадмын түрүүг хүртээд байгаа Увс нутгийнхан сэргэлтийн бэлтгэлдээ зургадугаар сарын эхээр гарчээ. Уламжлал ёсоор Туулын хөвөө, Харзтайн амралтаа бараадсан байна. “Увс нуур” дэвжээний галыг Монгол Улсын гавьяат тамирчин, улсын гарьд Б.Гантогтох ахалж байгаа ажээ. Өнгөрөгч жил Б.Гантогтох гарьдаар ахлуулсан Увс нутгийн галаас төрийн наадмын түрүү хүчтэн тодорсон. Увс аймгийн Ховд сумын харьяат Намсрайжавын Батсуурь ес давж арслан цолны болзол хангасан билээ. Өмнө нь “Увс нуур” галыг О.Балжинням аварга ахалж байв. Монголын үндэсний шигшээ багийн ахлах дас­гал­жуулагчаар олон жил ажил­лаж олимп, тив, дэлхийн наад­маас бахдам амжилттай ирдэг аварга ус нутгийнхаа бөхчүүдийг шигшээгийн та­мир­чид шиг бэлдсэн. Маш нарийн тактик боловсруулж бэлддэг байв. Ямар сайндаа “Балжаа аваргын хар дэвтэр” гэх яриа бөхийн хүрээнд гарч, бусад аймгуудын галыг ахалж буй бөхчүүд Балжаа аваргын тактикаас суралцах хэрэгтэйг манай сонин сануулж байсан.Балжаа аваргын “хар дэвтэр”-т би­чигд­сэн нарийн тактик, олон жилийн хөдөлмөрийн үр дүнгээр заан цолноос дээш ахиж өгөхгүй байсан Б.Ганбат төрийн наадамд түрүүлж, улмаар дараа жил нь буюу 2011 оны ерэн жилийн түүхт ойгоор харцага цолтой С.Мөнхбат шууд арав давж түрүүлэн аварга болж, дараа жил нь улсын цолгүй байсан П.Бүрэнтөгс гэдэг горзгор залуу шууд ес даван түрүүлж арслан болж байсан. Балжаа аварга хар дэвтрийнхээ нууц төлөвлөгөөг Гантогтох гарьдад шилжүүлсэн нь үр дүнгээ өгч Батсуурь гэдэг залуу арслан болох жишээний. Ха­рин Гантогтох тэр хоёрыг өнөө “хар дэвтэр”-ээ өгөлцөж авалцаж байх сиймхийгээр Сэлэнгийн Г.Эрхэмбаяр тө­рийн наадамд түрүүлээд ав­сан байх шүү.

“Увс нуур” галд залуу авар­га Сүхбаатарын Мөнхбат, ул­сын арслан Б.Ганбат, П.Бү­­рэнтөгс, Н.Батсуурь, ул­сын харцага Ө.Бат-Орших, А.Бямбажав, уран барилдаант на­­чин Т.Баасанхүү нарын хүч­тэнүүд бэлтгэлээ базааж буй. Д.Бумбаяр заан зарим жи­лүүдэд “Алдартан” спорт клубийнхээ тамирчдыг аваад тус­даа бэлтгэлд гардаг бай­сан. Сүүлийн жилүүдээс “Увс нуур” галтайгаа нийл­жээ. Энэ галаас улсын цо­лонд баараггүй хүрнэ гэх найдварыг хүлээгээд байгаа хоёр хүчтэн бий. Тодруулбал, аймгийн хурц арслан Оюуны Гантулга, цэргийн арслан Бадрахын Ганзориг нар юм. Тэр хоёрыг цолонд хүрчих болов уу гэх итгэл галынханд нь байгаа. Мөн Тулгаа заа­ны хүү аймгийн арслан Сү­рэнжав, Увс аймгийн Тэс су­мын харьяат улсын начин Д.Нэгдэлийн хүү аймгийн хурц арслан Жаргалбаяр нар цолонд зүтгэнэ. Удам дагасан хүчтэнүүд гээд юм бодож л суугаа нь мэдээж.

Сүүлийн хоёр жилийн наад­­мын үзүүрийг бу­лааж, Цэрэнпунцаг, Баяр­жавх­лан­тай­гаа нийлээд дөрвөн ч гарьд­тай болоод авсан Зав­ханы бөхчүүд Сүүж уулын эн­гэрийг барааджээ. Тэд Отгон­тэнгэрийнхээ бэлд зарим жил сэргэлтийн бэлтгэлээ хийдэг. Түрүү жил Баяржавхлан, Гон­­­чигдамба нар ахалж нут­­­гийнхаа дэнж дэвсэг дээр бэлтгэлээ базаагаад наадам тулгаж Сүүжид ирж байсан. Харин өнөө жил Б.Гончигдамба гарьд нутгийнхаа хэдэн бөхийг, мөн “Алдар” спорт хорооны тамирчдын хамт Хандгайтад аваад гарчээ. Гончигдамба гарьдын ахалсан галд сүү­лийн үед бөх сонирхогчдын дунд дуулиан шуугианы эзэд болоод байгаа аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, Б.Чи­мэд­вандан нар байгаа гэнэ. Пүрэвгарьдын хувьд биеэр жижиг, жин багатай ч хэнд ч бярдуулдаггүй уран дайчин барилддаг нэгэн. Өнгөрсөн жилийн наадмын дөрвийн даваанд Мөнхбат аваргатай оноолт таарч залуу аваргыг ихэд сандаргасан. Пүрэвгарьд арс­ланг өнөө жил улсын цо­лонд хүрэх болов уу гэж бөх сонирхогч олон тааварлаж байгаа.

Сүүж ууланд улсын гарьд Ширбазарын Жаргалсайхан, аймгийн хурц арслан Дан­зангийн Батжаргал тэргүүтэй Завханы хүчтэнүүд гараад байна.

Жаргалсайхан гарьдын хувьд энэ жил дээшээ ба­рилдана гэж зүтгэнэ. Түрүү жилийнх шигээ цойлоод өгөхийг таашгүй. Мөнхбат, Эрхэмбаяр, Мөнхбаатар, Ган­баатар гээд улсын наадмын түрүү, үзүүр бөхчүүдийг таваас най­­мын даваанд дараалуулан та­­химдах мэхээрээ хаяж үзэгч­дийн цөсийг хөөргөсөн Жаргалсайханыг яаж ба­рил­­дах бол хэмээн олон хүн харж байгаа. Эдний га­­лын бөхчүүдээс улсын уран барилдаант начин Л.Нямсүрэнг цолоо батлах, Д.Батжаргал, Б.Ганбаатар нарыг улсын цолонд хүрэх болов уу гэж Завханыхан харж бай­гаа. Б.Бат-Эрдэнэ аварга 11 түрүүгээ хүртсэн Сүүж уулын амралтад нутаг нутгийн бөхчүүдийн гал багтаж ядан байдаг газар. Энд хуучин цагт “Хүч” спорт хорооны бөхчүүд улсын заан Д.Мягмар, Ч.Бямбадорж нараар ахлуулж гардаг байлаа. Сүүлд Ч.Батзориг, Ц.Мягмарсүрэн нарын заанууд “Хүч”-ийнхээ бөхчүүдийг авч гардаг байсан. Өсөхөө аваргын хэд хэдэн түрүү, Сумъяабазарын 2006 оны түрүү Сүүж уулаас тодор­сон гэдэг.

Сүүлийн жилүүдэд “Авар­га” дээд сургуулийн багш Б.Адъяахүү шавь нараа авч энд галд гарах болсон. Удахгүй тэд Сүүжээ бараадна. Адъяахүүгийн шавь гэвэл ул­сын харцага Б.Пүрэвсайхан, Э.Оюунболд гээд тун эвгүй нөхөд байгаа. Бараг л өнөө жилийн наадмын түрүү үзүүрт яригдах залуу хүчтэнүүд. Хэн­­тийн Өмнөдэлгэрийн Э.Оюунболдын хувьд энэ жил бэлт­гэл тун сайтай байгаа. Бөхийн холбооны 25 жилийн ойн 1024 бөхөд тэрээр арав давж түрүүлсэн. Тэрхүү 1024 бөхийн тал нь буюу 512 нь энэ жилийн наадамд зодоглоно. Тэгэхээр Оюунболдыг түрүү үзүүрт шалгараад зогсож бай­хыг нь үгүй гэх аргагүй. Цаана нь Ховдын Пүрэвсайхан гэж гайхал байна. Бас л дээ­гүүр барилдана гэж яриг­даж байгаа бөх. Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт ойн чан­саа өндөр128 бөхийн ба­рил­даанд тэр торолгүй тү­рүүлсэн. Энэ цаг үеийн бүх л шилдгүүдтэй хүч үзээд тү­рүүлсэн. Адъяахүүгийн галд “Аварга” дээд сургуулийн төгсөгчдийн нэг Сүхбаатар нутгийн Ш.Мөнгөнбаатар арс­лан гарна. Тэр жилийн цагаан сараар түрүүлсэн Мөн­гөн­баатарыг улсын цолонд хүрчихээсэй гэж ард түмэн олон жил хүлээж байгаа. Өнөө жил нэг юм дуулгаж, халхын алдарт Буянтоо аваргын ну­таг Сүхбаатарынхныгаа баяр­луулах биз ээ.

Алтайнхан өнөө мар­гааш­гүй бэлтгэлдээ гарахаар ба­зааж байна. Тэд улсын начин Доёдын Бадрахаар ахлуулж Цонжин Болдогийн хойхно талд “Мандал” амралтын газар бэлт­гэлдээ гардаг. Бадрах на­чинтай холбогдоход “Ирэх амралтын өдөр Бүх цэргийн наадам болно. Уг наадмыг өнгөрөөгөөд бид бэлтгэлдээ гар­на. Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ нарын гарьдууд, Б.Соронзонболд заан, Ду.Батбаяр, Л.Гантулга, Л.Цэрэнтогтох нарын на­чин­­­­гууд гээд манай Алтайн хүчтэнүүд бүгдгарна. Д.Тан­гад, Ж.Алтаншагай, Б.Хи­шигбаатар, Ш.Шинэбаяр на­­рын улсын цол горилж байгаа за­луу­чууд байна даа” гэв. Говь-Алтай болоод Архангай аймгийн галд хоёр хэцүүхүн байгаа. Тэд өнгөрсөн жил улсын начин цолны болзол хангасан ч наадмын дараа допингийн шинжилгээнд бү­дэрч цолоо хураалгаад бай­гаа Говь-Алтайн аймгийн Тон­хил сумын харьяат Б.Су­ман­чулуун, Архангай аймгийн Тариат сумын харьяат Н.Адъяабат нар. “Хантайшир” дэв­жээний дасгалжуулагчаас Су­манчулуун бэлтгэлдээ га­рах эсэхийг тодруулахад “Одоо­гоор холбогдоогүй байна. Суманчулуунтай бөхийн асууд­лаар, наадмын бэлтгэл гээд ярихад их хэцүү байна. Сэтгэл зүй ямар байгааг нь багшийн хувьд мэдэж байна. Ямар ч байсан бэлтгэлд гарах өдрөө дөхүүлээд холбогдоно доо” гэх хариултыг өгөв.

Архангайн бөхчүүд өн­гөрсөн жил бэлтгэлээ ба­заасан “Монгол номадс”-ын амралтыг зорих гэнэ. Дархан аварга, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр ахалж байгаа. Ерөнхий дасгалжуулагчаар нь Архангай аймгийн Хотонт сумын харьяат улсын заан Чимидийн Гочоосүрэн ажил­лаж байгаа юм. Архангайн галд өнөө жилийн наадмаар тун дээгүүр барилдана хэмээн олны таавар дэвшүүлж суу­гаа өсөх идэр начин Рэн­цэнбямбын Пүрэвдагва, ул­сын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба нар бэлтгэлд гар­на. Пүрэвдагва начны хувьд энэ жил жигд бэлт­гэл­тэй, бөхийн өргөөний ба­рил­дааныг бараг өнжөөгүй нэгэн. Заал танхимын ба­рил­даанд ихэвчлэн түрүү үзүүр, их шөвөгт шалгарч бай­сан. Өсөхөө аварга, Гочоо заан нар Пүрэвдагва, Сан­жаадамба нартай түлхүү ажил­лах нь дамжиггүй. Тэр хоёрыгоо морь шиг л сойж бай­гаа. Пүрэвдагвыг Ховдын Пү­рэвсайхан, Хөвсгөлийн Содномдорж, Хэнтийн Оюун­болд гурвын аль нэгтэй тавын даваанд тунана гэх таамаг дэв­шүүлж байгаа байх. Тэ­гээд л хүн хүн дээр нь ажиллаж “уяа сойлго”-ыг нь тааруулна. Санжаадамбыг бол Гончигдамбатай тунана гэж үзнэ. Өнгөрсөн жил хоёр Дамба долоогийн даваанд тунасан. Энэ жил дахиад тунах магадлал өндөр. Ар­хангайн галд Ч.Ганзориг, Ш.Шинэбаяр, Э.Ванданцэрэн нарын аймгийн идэрхэн арс­лан­гууд бий. Тэдулсын цол­ны босгонд ойрхон яваа бөх­чүүд. Мөн Хишигдорж зааны авчирсан Бадарч гэж хүү бий. Тэрхийн цагаан нуурын хө­вөөнд сарлаг хариулаад явж байсан хүүг Хишгээ заан “Бөхбилэгт” дэвжээндээ ав­чирч бэлтгэл хийлгэсэн байдаг. Аймгийн арслан Мягмарын Бадарч улсын наа­дамд Балжаа аваргаар дөрөв давж начны даваанд хүч үзсэн нэгэн.

Гочоосүрэн заан “Адъяабат маань амьд мэнд л байгаа дуулдана” гэж яриан дундаа хэлээд авсан. До­пин­гийн дуулианаар улсын начин цолоо хураалгасан Най­дангийн Адъяабатыг хэлж бай­гаа нь тэр. Адъяабат түрүү жи­лийн наадмаар Булганы М.Өсөхбаяр заанаар дөрөв давж, тавын даваанд нутгийн ах Өсөхөө аваргыг өвдөг шо­роо­дуулснаар улсын начин цол хүртсэн. Харин допингийн дуулианаас хойш чимээ сураг тасарчээ. Тиймийн учир багш нь “Амьд мэнд л яваа су­рагтай” гэж хэлээд байгаа хэ­рэг л дээ.

Одоогоор Булганы бөх­чүүд хэрхэн бэлтгэлдээ гарах нь тодорхойгүй байна. Нэг хэсэг нь Бугын сангийн аж ахуйд Өвөрхангайн “Хилчин” спорт хорооны бөхчүүдтэй бэлтгэлд гарахаар болжээ. Д.Баасандорж, М.Өсөхбаяр нарын заанууд “Хилчин” спорт хорооны тамирчид юм. Зарим нэг нь Доржсамбуу гарьдаа дагаад уламжлал ёсоор “Ду­гана хад”-ны амралтаа бараадах бодолтой байгаа аж. Булганаас өнөө жил хэд хэ­дэн бөх улсын цолонд зүт­гэж байгаа. Тухайлбал, Б.Амарсайхан, Б.Бат-Эрдэнэ нарын аймгийн арслангууд бий. Мөн “Женко” дэвжээний бөх жүдогийн олон улсын хэмжээний мастер, аймгийн харцага Д.Пүрэвдорж байна. Тэрээр саяхан аваргуудын хүндэтгэлийн барилдаанд Увсын Н.Батсуурь арсланг тонгорч хаяад одтой ба­рилд­сан. Өсөхөө аваргын ижий аав хоёр түүнд Буур аваргын нэрэмжит шагналыг хүр­тээсэн юм. Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээнийхэн Богд уулынхаа өвөр бэлийг, Сэлэнгийн “Таван хаан” дэв­жээ­нийхэн Г.Эрхэмбаяр аваргаар ахлуулаад Төр ху­рахын амыг, Баянхонгорын “Хонгор нутаг” дэвжээнийхэн Д.Батболд харцагаар ах­луу­лаад Бугын сангийн аж ахуйг бараадахад бэлэн бол­жээ.

Бугын сангийн аж ахуйд уламж­лал ёсоор Өвөрхангай айм­гийн “Их Монголын хүчтэн” дэв­­жээний бөхчүүд Бандийн Ганбаатар арслангаар ах­луулаад гарна. Түрүүчээсээ сэргэлтийн бэлтгэлдээ гарч, ирэн очин байгаа сурагтай. Энэ галд аймгийн арслан Цэндзэсэмийн Чимэддорж, Батсүхийн Батдорж, аймгийн начин Хүрэл-Очирын Гантулга нарын улсын цолонд ойр яваа залуучууд бий. “Хилчин” спорт хорооны дарга нь Ховдын Ц.Мягмарсүрэн заан болсон. Улсын цолны тааварт тун дээгүүр яваа аймгийн арслан Оргихын Хангай энд бэлтгэлд гарах болов уу гэсэн таамаг байна. Мөн Мягаа зааны шавь Баян-Өлгийн Баатарцол тэргүүтэй залуучууд Бугын сангийн аж ахуйд гарна байх. Улсын цолонд зүй ёсоор нэр­лэг­дэж байгаа Б.Одгэрэл “Та­ван­хаан”-д, Эрдэнэбатын Даш “Хур харцага” дэвжээнд, Болдын Эрдэнэхүү “Хонгор нутаг” дэвжээнд наадмын бэлтгэлдээ гарах юм.

Ө.МАНЛАЙ

Categories
мэдээ нийгэм

Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьт, Хандгайт чиглэлийн замыг хаалаа

Энэ жилийн автозамын бүтээн байгуулалтаар олон жилийн насжилттай, эвдрэл гэмтэл ихтэй зуслангийн замуудыг өргөтгөн шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөсөн. Үүний дагуу нийслэлчүүдийн зуслан руугаа зорчдог Дамбадаржаагийн уулзвар-Шарга морьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил өчигдөр эхэллээ. Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьт, Хандгайт чиглэлийн авто замыг 1982-1985 онд барьж, ашиглалтад оруулсан бөгөөд ашиглалтад орсноос хойш өнөөдрийн хүртэл урсгал засвар болон шинэчлэлтийн ажил огт хийгээгүй байна. Дамбадаржаагийн уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх хэсгийн авто замын хөдөлгөөнийг 06 дугаар сарын 09-нөөсс 07 дугаар сарын 08-ний өдрийг хүртэл хааж хиймэл байгууламжийн ажил хийнэ. Тиймээс хотын төвөөс хойд чиглэлийн зуслан, зуслангаас хотын төв чиглэлд зорчих иргэд Сэлбэ голын зүүн эрэг дагуух Шадивлангийн авто замыг сонгож зорчино уу. Зам хаасан бүсийн иргэдэд түр зам ашиглаж бага оврын нийтийн тээврийн автобусаар үйлчилнэ. Энэ үеэр иргэд аль болох хувийн тээврийн хэрэгслээс татгалзахыг зөвлөж байна гэж нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Европын парламентын чуулганд хэлсэн үг

Ноён Ерөнхийлөгч!

Европын парламентын эрхэм гишүүд ээ,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Би өөрийн илтгэлийг баярлалаа гэдэг энгийн үгээр эхлэхийг хүсч байна.

Намайг урьсан Ноён Ерөнхийлөгч танд талархал илэрхийлье. Европ хэмээх агуу тивийн 28 улсын төлөөлөл Европын парламентын хүндэт гишүүд та бүхэнтэй өөрийн үзэл бодлоо хуваалцах боломж олгосонд талархаж байна.

Би найман эрэгтэй хүүхэдтэй айлын отгон нь. Миний гэр бүл өвөг дээдэс Алтайн нурууны өвөрт буюу Монголын баруун хязгаарт нүүдэллэн амьдардаг малчид байсан.

Отгон хүү нь хэзээ нэгэн цагт ардчиллын зүрх болсон Европын парламентын чуулганы хүндэт индэр дээрээс үг хэлнэ гэж аав, ээж маань зүүдлээгүй биз ээ.

Гэвч би өөрийнхөө тухай биш ард түмэн, эх орныхоо талаар ярихаар ирсэн билээ.

Монголын ардчилалын замнал

Ноён Ерөнхийлөгч өө, хүндэт гишүүд ээ! Би эх орон Монголоороо бахархаж явдаг. Би эх түүх, соёл урлаг, уламжлал, ёс заншил онгон байгалиараа бахархдаг. Тэр дундаа оюун санаа үнэт зүйлээрээ бахархдаг.

Та бүхэн манай улсын орчин цагийн түүхийг,ардчилалд шилжсэн замналыг мэдэх байх. Монголд 1920-иод оны эхээр коммунист дэглэм ноёлж, 70-аад жилийн турш үргэлжилсэн.

Сталины дэглэмийн үед насанд хүрсэн зургаан эрэгтэй хүн тутмын нэг нь хэлмэгдэж, нийт 700 гаруй Буддын сүм хийд шатсан билээ. Дотоод болон гадаадын коммунист төлөөллүүд манай үндэстний зүрх сэтгэлийг мохоохыг оролдож байлаа. Гэвч тэд биднийг дийлээгүй, тэдний дэглэм удаан үргэлжлээгүй. Эрх чөлөөтэй амьдрах бидний хүсэл зориг ялсан юм.

Хэдэн арван жилийн дараа бидний хувьд шийдвэрлэх мөч тулж ирсэн юм. 1989 оны арван хоёрдугаар сарын 10-ны өдөр нийслэл Улаанбаатар хотод анх олон нийтийн цуглаан зохион байгуулсан.

Миний найз нөхөд намайг энэ түүхэн үйл явдлын хөтчөөр сонгосон билээ. “Бид удаан хугацаанд дуугүй байлаа. Бидний цаг ирж байна. Шинэчлэх өөрчлөх цаг боллоо” гэж би тэр цуглааныг нээж хэлсэн юм.

Тэр өглөө бид эвлэлдэн нэгдэх, үг хэлэх, шашин шүтэн, хэвлэн нийтлэх эрхийнхээ төлөө цугларсан юм. Бид олон намын тогтолцоо, ардчилсан сонгууль, зах зээлийн шинэтгэлийг шаардсан. Тэр бол миний эх орны эрх чөлөө, шударга ёс, нээлттэй байдлын төлөөх эрэл хайгуулын эхлэл байлаа.

Мэдээж энэ замаар явах тун амаргүй байсан.

Тэр үед манай умард хөрш Зөвлөлт Холбоот Улс бидний амьдралыг хянадаг, удирддаг хүчирхэг хэвээрээ байлаа.

Манай өмнөд хөршийн нийслэл хотод Тяньаньмэний үйл явдал болсон. Түүний нөлөө давалгаа мэдэгдэм хэвээр байсан юм.

Монголд хуучин дэглэм өөрчлөлтийг эсэргүүцэж байсан. Сэтгэлгээний өөрчлөлт хэцүү хэврэг байсан юм.

Бид олон удаа уулзалт, жагсаал зохион байгуулж, өлсгөлөн зарлаж хүртэл үзсэн. Асуудлыг хэлэлцээрийн замаар шийдэхийг эрмэлзэж, хүчирхийллээс үргэлж татгалзаж байсан.

Иймдээ ч Монголын ардчилсан хөдөлгөөн энхийн замаар өрнөсөн.Тухайн үед

Ганц ч удаа буун дуу сонсогдоогүй.

Ганц ч цонх хагараагүй.

Ганц ч дусал цус асгараагүй.

Сарын дараа Монгол Улсад анх удаа ардчилсан, олон намын оролцоот сонгууль болсны 25 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Тэртээ 1990 оны долдугаар сарын 29-ний түүхэн өдрөөс хойш Монголд парламентын ардчилсан сонгууль долоон удаа, Ерөнхийлөгчийн сонгууль зургаан удаа болжээ.

Энэ 25 жилийн өмнөх тэр өдрөөс хойш бид дарангуйллаас ардчилал руу, хамгийн хаалттай нийгмээс хамгийн нээлттэй нийгэмд шилжээд байна.

Өнөөдөр Монгол Улс эрчимтэй зах зээлийн эдийн засагтай , олон ургальч, бүтээлч нийгэмтэй боллоо. Манай үндэсний нийт бүтээгдэхүүн бараг 20 дахин хувиар өслөө.

Манай хувийн хэвшил дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүрдүүлж байна.

Монгол Улс дахь ардчиллын утга

Ноён Ерөнхийлөгч өө, эрхэм гишүүд ээ. Манай ардчиллын үндэс болох ёстой зарим сайн чанаруудын талаар ярихыг хүсч байна. Эдгээр нь Европын болоод бусад тивийн улс орнуудтай хамтран ажилласнаар улам сайжирна гэдэгт бид найдаж байгаа.

Эрх чөлөө

Хувь хүний эрх чөлөө бол манай ардчиллын тулгын чулуу юм. Монголчууд эрх чөлөөнд хайртай. Учир нь бид үүнийг нөр их хөдөлмөрийн үр дүнд олж авсан юм.

Аливаа чөлөөт улс орны төр засаг бол цөөн хэдэн хүний өмч биш юм. Эрүүл нийгэм цогцлоохын тулд бид төо засгаа өдөр бүхэн сайжруулж байх ёстой.

Эрх чөлөөний хамгийн гайхалтай чанар бол суралцах үйл явц. Энэ бол хүний нийгмийг эмчлэх тогтолцоо юм.

Бид алдаа хийж болно. Гэвч бидний гаргасан алдаа дарангуй дэглэмийн үе шиг бидний амьдралыг сүйтгэхгүй. Тийм ч учраас бид эрх чөлөөнд хайртай.

Монгол Улс бол нэг хүнд ногдох хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоогоор дэлхийд тэргүүлдэг улс орнуудын нэг юм. Манай улс гурван сая иргэнтэй. Гэвч гурван сая сэтгүүлч ажиллаж байгаа мэт надад санагддаг.

Энэ бол сайн зүйл. Хүмүүс эрх баригчдыг шалгаах эрхтэй. Ил тод байдал, олон нийтийн харилцаа биднийг улам хүчтэй болгоно.

Тийм ч учраас Монгол Улс Цахим эрх чөлөө эвслийг тэргүүлж буйгаараа бахархаж байна. Энэхүү боломжийг бид хүн бүрт интернет хэрэглэх боломжийг олгоход ашиглах болно. Интернетийн эрх чөлөөг дэмжих Нэгдсэн Үндэстний Байгууллагын санаачилгыг бид дэмждэг.

Манай нийгэм улам нээлттэй болох тусам аюулгүй байдлын талаар иргэд санаа зовниж эхэллээ. Мэдээж хэрэг аюулгүй байдал гэдэг ойлголтын талаарх дэлхий нийтийн үнэлэмжээс бид зөрөх ёсгүй. Хэт даврагсдын аюул заналхийллийг таслан зогсоох ёстой. Нөгөө талаар бид эрх чөлөө, хүлээцтэй байдал, энхтайвны төлөө тууштай зогсох ёстой.

Тиймээс би 21р зууны дижитал эрхийн үндсэн тунхаглал батлах санаачилга дэвшүүлсэн Европын парламентад талархал илэрхийлэхийг хүсч байна.

Дижитал хувьсгалыг амжилтанд хүргэхийн төлөө хамтран ажиллацгаая.

Сонгууль, төр засаг, хариуцлага

Эрүүл ардчилалын хөгжил цэцэглэлтэд шинэ технологи чухал үүрэгтэй.

Монголд болсон сүүлийн гурван сонгуульд иргэдийг бүртгэх, санал тоолох цахим машин ашигласан. Сонгуулийн булхайнаас сэргийлж, санал тоолох үйл явцыг цахим тогтолцоонд шилжүүлснээр иргэдэд итгэл төрүүлж, саналаа өгснөөр бодит өөрчлөлт гаргаж чадна гэсэн найдвар төрүүлж байгаа юм.

Мэдээж хэрэг засгийн газарт итгэх итгэлийг бэхжүүлэх нь зөвхөн сонгуулиар хязгаарлагдагүй. Татвар төлөгчдийн мөнгийг төр хэрхэн зарцуулж байгаа нь ард түмний анхаарлыг татдаг. Төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор бид “Шилэн данс”-ны тухай хуулийг санаачилсан.

Засгийн газар улам данхар болж байгаа нь бидний өмнө тулгарч буй том бэрхшээл аж. Шинэ асуудал бэрхшээл тулгарахын хэрээр төр засгийн байгууллага улам бүр томорч, үйл ажиллагаа нь улам бүр өргөжин тэлж, хүнд суртал нэмэгдэж, иргэдээсээ улам холдсоор байна.

Гэтэл технологи эсрэгээр улам жижиг, олон үйлдэлтэй, хэрэглэгчдэд тустай болж байна.

Үүний дагуу би “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг дэвшүүлж, тулгамдаж буй асуудлаа шийдэхийн тулд шинэ технологийг ашиглах уриалгыг гаргасан.

Авлигал

Авлигал бол түнэр харанхуйд тархдаг халдварт өвчин юм. Авлигал нь нийгмийн шударга ёс, аюулгүй байдал, үнэт зүйлсийг устгадаг. Авлига итгэлт түнш, хөрөнгө оруулагчдыг үргээдэг. Авлига хүмүүсийн боломжийг хулгайлж, шударга хөдөлмөрийнх нь үр шимийг дээрэмддэг.

Энэ аюулаас ангижирхын тулд бид хууль ёсыг эрх тэгш дагах ёстой гэдгийг нийтэд харуулах ёстой.

Монгол Улс дөрөвхөн жилийн дотор Транспаренси Интернэйшнэл байгууллагын авлигын үзүүлэлтээр 120иос 80 дугаар байр руу ахиж чадсанд би бахархаж байна. Бидэнд одоо ч гэсэн хийх ажил их байна.

Цаазын ял ба хүний эрх

Хүний эрхийн салбарт ч бид ахицтай байна. Хүний нэр төрийг хүндэтгэх нь шударга ёсны гол үндэс байх ёстой. Хүний нэр төр бол хүний амьдралын үнэт зүйл юм. Ямар ч нөхцөлд цаазын ялыг хүлээн зөвшөөрч болохгүй.

2009 оны зургадугаар сарын 18-наас өмнө Монгол Улс нь Эмнести Интернэйшнэл байгууллагын хувьд цаазын ялыг идэвхтэй хэрэглэдэг улс орнуудын нэг байсан. Энэ бол миний анх Монгол Улсын ерөнхийлөгчийн тангараг өргөсөн өдөр билээ. Тэр өдөр миний ширээн дээр хоёр зарлигийн төсөл байсан. Хоёр хүнд оноосон цаазын ялыг гүйцэтгэх эсэх тухай зарлигийн төсөл байсан юм.

Би амьдралыг сонгосон. Би шийдвэртээ үнэнч үлдсэн. Би олон нийт болон шийдвэр гаргагчдад ч энэ байр сууриа хүргэсэн. Ийм асуудлын талаар байр суурь илэрхийлэх нь амаргүй байлаа. Улмаар 2012 онд манай улс цаазын ялыг устгах зорилготой НҮБ-ын Олон улсын хэлэлцээрийг баталсан.

2009 оны зургадугаар сараас хойш Монгол Улсад хүн цаазлаагүй. Цаазын ял бол үр дүнгүй, харгис шийтгэл гэдгийг би дахин хэлэхийг хүсч байна. Энэ чухал асуудлаар намайг дэмжиж байсан Европын Холбоо ба Европын найз нөхөддөө талархал илэрхийлэхийг хүсч байна.

Эрхэм гишүүд ээ

Шүүхийн шинэчлэлийг бид хийх ёстой.

Хууль тогтоох болон шүүх засаглалын тогтолцоог шинэтгэх нь эрх чөлөөтэй, шударга нийгэм байгуулах ажлын хамгийн чухал хэсэг юм.

Энэ ажил нь миний нэн тэргүүний зорилтуудын нэг байсаар ирсэн бөгөөд бид цагдаагаас прокурор, шүүх хүртэл шүүхийн салбарыг шинэчлэхэд тодорхой алхмуудыг хийлээ. Цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын шинэтгэл үргэлжилж байна. Шударга шүүхэд итгэх хүмүүсийн итгэл сэргэж эхэллээ.

Эмэгтэйчүүдэд эрх олгох

Эрх чөлөөт нийгэм хүний оролцоог дэмждэг байх ёстой. Эмэгтэйчүүд бол гэр бүл, улс үндэстний гол тулгуур юм. Тэд ертөнцөд амьдрал авчирдаг. Тэд л өндөр настай , өвчтэй, тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжилдаг.

Эмэгтэйчүүд бол бидний ээжүүд, эгч нар, охин үрс маань юм. Нийгэм улам ахиж дэвшихийн тулд бүх түвшин дэх нийтийн үйлчилгээнд эмэгтэйчүүдийн эзлэх үүргийг нэмэгдүүлэх ёстой. Өнгөрсөн сонгуулиар парламент дахь эмэгтэйчүүдийн тоог гурав дахин нэмэгдүүлж чадлаа.

Эмэгтэйчүүд эрх мэдэлтэй болсноор бид улам нийцтэй, эвтэй болж, хохирол, сөргөлдөөнийг бууруулж чадна.

Боловсрол

Би боловсролын талаар нэг үг хэлэхийг хүсч байна. Боловсрол бол бидний ирээдүйн амжилтын хөрс юм. Би малчны гэр бүлээс Харвардын оюутан болсон. Монгол залууст маань ч ийм боломж байна.

Бид дунд сургууль, их сургууль, академик байгууллагуудын чадавхийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Европын Зөвлөлийн арвин туршлага боловсролын хөтөлбөрүүдийг сайжруулах үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна.

Эрхэм гишүүд ээ,

Ардчилсан улс бүр адилхан харагддаггүй гэдгийг би ойлгож байна. Бид ялгааг хүндэтгэх ёстой. Ардчилал бол засаглалын төлөөллийн хэлбэр юм. Аливаа улс орны хувьд ардчилал нь соёл, уламжлалыг илэрхийлэх учиртай. Гэвч ямар ч нийгэмд нийтлэг байх ёстой үнэт зүйлсийг бид мэднэ.

:

– Төрийн эрх мэдлийг хязгаарлах ёстой.

– Ард иргэдийн гомдлыг сонсдог, хүлээн авдаг байх ёстой.

– Хүний эрхийг хамгаалдаг, хараат бус тогтвортой хуулийн засаглалыг бий болгох ёстой.

– Иргэний байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ба шүүхийн байгууллагууд хараат бус байх ёстой.

– Авлигатай тэмцдэг, хүний нөөцөд хөрөнгө оруулдаг, хүйсийн тэгш байдлыг хүлээн зөвшөөрдөг байх ёстой.

– Удирдагчдаа чөлөөтэй, шударга сонгуулиар тодруулах боломж олгодог байх ёстой.

Монгол-Европын Холбооны хамтын ажиллагааг бэхжүүлэх нь

Ноён Ерөнхийлөгч, Эрхэм гишүүд ээ, Монгол Улс ба Европ нийтлэг үнэт зүйлтэй гэдгийг онцлон дурьдахыг хүсч байна. Бид хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгдөг. Монгол Улс ба Европ бол эртний андууд. Монголын Өлзийт хаан 710 жилийн өмнө Францын Филипп хаанд захидал бичиж байсан нь үүнийг нотолно.

Уг захидалд “Эцэг өвгөд, ахан дүүсийн нөхөрлөл харилцааг бид сэргээх ёстой. Бид хэдийгээр бие биеээсээ алс хол амьдарч байгаа ч нөхөрлөл, энхтайвны төлөө байх ёстой” гэж бичсэн байдаг.

Би өнөөдөр ч гэсэн энэ үгийг хэлье. Монгол Улс болон Европын харилцаанд шинэ хуудас нээхийг хүсч байна.

Коммунизм нуран унаснаар Монгол Улс болон Европын харилцаа дахин цэцэглэсэн. Та бүхний санхүү, техник, хүмүүнлэгийн тусламж, хамтын ажиллагаа эрх чөлөөтэй, ардчилсан нийгмийг цогцлооход чухал үүрэг гүйцэтгэсэн.

Бид та бүхэнд талархал илэрхийлж байна.

Эрхэм ноёд оо!

2014 онд Монгол Улс болон Европын Холбоо дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тэмдэглэсэн.

Европын парламент болон Монгол Улсын Их хурал бидний хамтын ажиллагааг улам бэхжүүлэх чиглэлээр ажиллах нь дамжиггүй юм.

Монгол Улс болон Европын Холбооны хооронд Нөхөрлөл Хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан. Энэ хэлэлцээрийг соёрхон баталсан гишүүн улс орнуудад талархал илэрхийлье.

Монгол Улс дахь Европын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжууд нээлттэй байна. Европын тэргүүн зэрэглэлийн компаниуд Монгол Улсад хөрөнгө оруулж, хамтран ажиллаж байна. Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

2016 онд Монгол Улс Ази-Европын 11 дэх удаагийн уулзалтыг зохион байгуулах эрхэм үүрэг хүлээсэн. Та бүхэн манай эх орны гоо үзэсгэлэн, боломж бололцоог таньж мэднэ гэдэгт итгэж байна. Европын Холбоо болон гишүүн улс орнуудын удирдагчдыг эх орондоо хүлээн авч, дурсамжтай сайхан уулзалт зохион байгуулна гэдэгт найдаж болно.

Олон улс дахь Монгол Улсын бүтээлч үүрэг

Ноён Ерөнхийлөгч, Эрхэм гишүүд ээ,

Монгол Улс олон улсын хамтын ажиллагаанд маш идэвхтэй оролцож байна. Бид саяхан Азийн Форум нэртэй санаачилга дэвшүүлсэн. Энэ нь Ази тивийн улс орнуудын бүс нутгийн хамтын ажиллагааг урамшуулах, тэдний ашиг сонирхлыг тэнцвэртэй төлөөлөх механизм болох юм. Манай засгийн газар энэ үзэл санааг эцэслэн боловсруулж байгаа бөгөөд сонирхсон талууд үзэл санаагаа илэрхийлж, хэрэгжүүлэхэд нь хувь нэмрээ оруулах боломжтой.

Эрхэм анд нөхөд өө,

Монгол Улс ардчиллын талаар би бусдад лекц унших зорилго агуулаагүй. Гэвч бидэнд хуваалцах сургамж байна.

Парламентын ардчиллыг бэхжүүлэх, хуулийн шинэтгэл хийх чиглэлээр Киргизстан улстай туршлага солилцож байна.

Афганистаны дипломат ажилтнууд болон төрийн албан хаагчдыг сургах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Мьянмар улсын хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч байна.

Умард Солонгостой эдийн засаг, аюулгүй байдлын чиглэлээр хамтарч байна.

Монгол Улс Зүүн Хойд Ази болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үлэмж хувь нэмэр оруулж чадна гэдэгт би итгэдэг.

Хүйтэн дайны үр дагаврыг бид мэднэ. Бид коммунизм болон ардчилсан дэглэмийн аль алийг нь туулсан учраас бүс нутагт энхтайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд үнэнч зуучлагч болж чадна.

Миний бие бүс нутгийн түвшинд харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор 2013 онд Зүүн Хойд Азийн Аюулгүй байдлын талаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ сэдэвт санаачилга дэвшүүлсэн. Энэ нь Хелсинкийн яриа хэлэлцээтэй төстэй санаачилга юм.

Аюулгүй байдлаас гадна эрчим хүч, эмэгтэйчүүд, цөмийн асуудлаар олон уулзалт, бага хурал зохион байгууллаа.

Манай улс 23 жилийн турш цөмийн зэвсгээс ангид статустай байна.

2012 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн улс Монгол улсыг цөмийн зэвсгээс ангид статустай болохыг дахин баталсан.

Хэдийгээр цөмийн эрчим хүч нь эрчим хүчний боломжит эх үүсвэр мөн боловч цөмийн эрчим хүчтэй болохыг зорьж буй улс орнууд хөрш улсуудынхаа энхтайван, аюулгүй байдалд хөнөөл учруулах ёсгүй.

Энхтайвныг бэхжүүлэх нийтлэг үүрэг хариуцлагаа бид ухамсарлах ёстой. Монгол цэргүүд НҮБын энхийг сахиулагчидтай хамт цэнхэр дуулгаа өмсөн олон улсын дэг журам, аюулгүй байдлыг сахих үйлсэд хүчин зүтгэж байна.

Монгол Улс энхийг сахиулах үйлсэд хамгийн их хувь нэмэр оруулдаг 20 улсын нэг болсон. Одоогийн байдлаар Монголын 12000 гаруй энхийг сахиулагч дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгээд байна. Хүн амын тоотой харьцуулбал маш том тоо гэдгийг та бүхэн мэднэ. Монголчууд бид дэлхийн энхтайвныг хангах үйлсэд хүчин зүтгэж, хувь нэмрээ оруулж буйгаараа бахархдаг.

Төгсгөлийн үг

Ноён Ерөнхийлөгч, Эрхэм гишүүд ээ, Европын Зөвлөл, Европын Холбоо, Европын Комисст дахин талархал илэрхийлэхийг хүсч байна. Европын парламент болон гишүүн улс орнууд Монгол Улсыг үргэлж дэмжиж байдагт талархая.

Монголчууд бид хүний сайныг ханилан байж, хүлгийн сайныг унаж байж мэднэ гэж ярьдаг.

Тусламж хэрэгтэй үед та бүхэн хэзээд бидэнтэй хамт байсан. Та бүхэн үргэлж бидэнд урмын үг хайрладаг байсан. Та бүхэн үргэлж Монгол Улстай хамт байж, бидний амжилт ололтыг магтаж, сорилт бэрхшээлийг даван туулах зориг өгч байлаа.

Европын Холбоо бол дэлхийн хөгжил дэвшил, энхтайван, эв зохицлыг хангаж буй хамгийн сайн жишээ юм. Монгол Улс Дорно дахинд Европын Холбооны стратегийн түнш байхыг хүсч байна. Бид нийтлэг үнэт зүйлс, ашиг сонирхлоо хангаж, Ази тивь дэх энхтайван, ардчиллыг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллах итгэл төгс байна.

Эрхэм анд нөхөд өө, цаашид мөн хамтран ажиллацгаая. Баярлалаа.

Страсбург, Франц

Categories
мэдээ цаг-үе

Хүнд хэцүү энэ цагт л Монголын сэхээтнүүдийн үг хэрэгтэй байна

Халзанхүү гэдэг аккаунтаар жиргэдэг эрхэм саяхан “Хэрэгтэй цагт үгээ хэлээгүй сэхээтэн, хэцүү цагт илдээ сугалаагүй дайчин хоёр адилхан” гэж бичсэн нь цахим ертөнцийнхний анхаарлыг татаад авна лээ. Үнэн л дээ. Монголын нийгэм ороо бусгаа, хөгжих, эс хөгжихийн зааг дээр ирчихээд байгаа энэ үед хэлэхээс аргагүй үг. Хөгжих, эс хөгжихийн цаана дарангуйлал тогтох, эс тогтох, тусгаар орших, эс оршихын зааг гэж айхтар юм бий. Яг энэ заагт бид амьдарцгааж байна. Итгэхгүй байгаа ч толгой дохихоос аргагүй гашуун үнэн. Энэ асуудал бидэнд огт хамаагүй, алс холын сэдэв мэт санагддаг байсан нь ердөө саяхных. Тиймдээ ч тусгаар оршсон бүрэн эрхт улсын иргэд гэсэн бахархал омогшил дүүрэн алхацгаасаар ирсэн, одоо ч нийгмийн ихэнх нь ийм бодолтой алхаж яваа. Гэхдээ орших, эс оршихын зааг дээр ирсэн гэсэн үнэн өнөөдөр хоолой дээр тавьсан хутга мэт болчихоод байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга.

Гадаад харилцааны сай­даар ажиллаж байсан Н.Туяа Монголын тухай, хөрш хоёр гүрний тухай үгээ саявтар манай сониноор дамжуулан нийгэмд хэлсэн юм. Орос, Хятад гэсэн мөнхийн хөрш­тэйгөө “зууралдахгүй” бол тойргийн гадна хаягдана гэсэн утгатай. Энэ бол сэхээтний, мэргэжилтний үг. Нэгэн цагт Га­даад харилцааны яамыг толгойлж явсан хүний гээж боломгүй үг. Гадаад харилцааны экс сайдынх шиг ултай үг яг одоо хэрэгтэй байна. Монголын сор болсон эрхмүүдийн үг ус, агаар мэт эрэлттэй байна. Эдийн засгийн таагүй байдал хоёржил дараалан үргэлжилж, гадаадын хөрөнгө оруулалт таг зогссон хэцүү цагтхоёр толгойн асуудал ид яригдаж байна. Яг ийм үед Оюу толгой, Таван толгойг ашиглах нь эдийн засагт хэр өгөөжтэй, Монгол гэдэг улсын ирээдүйд ямар тустай болохыг ул суурь, учир, гаргалгаатай нь хэлээд өгөх сэхээтний үг үгүйлэгдэж байна.

Саяхан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очир­бат Таван толгойг явуулах нь эдийн засагт ямар ашигтай талаар бодлоо хэлж, санаагаа ху­ваалцсан. Коксжих нүүрс­ний нөөцөөрөө дэлхийд гэж яригддаг том ордоо цаг алдалгүй ашиглахын тус, өгөөжийг үндэс, гаргалгаатай нь ярьсан байна лээ. Одоо нэг хүнийг сонсмоор байна. Нэгэн цагт Монголын төрийг тэргүүлж явсан Н.Баганбандийн үгийг. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж, хоёр дахь шатны санхүүжилт орж ирэх нь улсын хөгжилд ямар нөлөө үзүүлэх талаар ярьж хэлэх л учиртай хүний нэг. Төрийн тэргүүнээс гад­на “Оюу толгой”-н ТУЗ-ийн гишүүнээр ажилласан он жи­лүүд намтарт нь бий учраас онцлоод байна л даа. Энэ утгаараа Оюу толгойн талаарх түүний байр суурь нийгэмд хэрэгтэй байна. Түүний “Ти­тэм үг” түмэнд ухаарал нэмдгийг үгүйсгэхгүй. Олонд өгч буй өгөөжийг нь хэмжих аргагүй. Гэхдээ яг одоо цэцэн үгийн цуглуулгаас илүүОюу толгойн талаар юу бодож санаж буй нь олны сонирхлыг татаж байгаа.

Салбар бүрийн мэргэжилт­нүү­дээс хүсэх нэг зүйл байна. Уул уурхайгаа хэрхэн ашиглах, цаашид яавал хөгжих талаар байр суурь, бодол саналаа манай сониноор дамжуулан хэлнэ үү. Бид та бүхний индэр болъё.

Эхлээд уул уурхайн том төслүүдээ хөдөлгөж мөнгө олъё, дараа нь тэр мөнгөөрөө хөгжих сууриа тавья гэж дуу­гарч байгаа хүн яг одоо бол тун цөөнөөр тоологдоно. Нийт­лэлч Баабар, Б.Цэнддоо, “Өдрийн сонин”, энэ сонины сэтгүүлчид л ийм өнцгөөс байр сууриа илэрхийлж, ний­­гэмд үгээ хүргэж байна. Ингэснийхээ төлөө шүүмжлүүлж, эх орноосоо урвагчид гэж цоллуулж, ер сайн үг дуулахгүй яваа. Өдөр, шөнө, өглөө оройгүй зүхүүлж байгаа ч бид улсынхаа тусгаар тогтнол, хөгжлийн төлөө үгээ хэлэх үүрэгтэй. Бид өөрсдөө ингэж бичихээс гадна Монголын сэхээтнүүдийн санал, бодлыг нийгэмд хүргэх үүрэгтэй.

Хоёр толгойг эсэргүүцэж үгээ хэлэх шиг амар юм алга. Оюу толгой, Таван толгойн эсрэг үг хэлсэн хүн бүр баа­тар болдог. Ард түмний хүү болж манддаг. Ингэж цээ­жээ дэлдэгсдийн зарим нь бүр олныг хамарсан санал асуулгаар туршлагатай улс­төрч­дийг ардаа орхичихсон тодорч яваа. Харамсалтай нь тэдний хэлж буй үг “тэнэг”-үүдэд зориулсан жүжиг төдий зүйл гэдгийг нийгмийн олонх ухаардаггүй.

Учир мэдэх сэхээтнүүд бол хоёр толгой Монголд ямар өгөөжтэйг мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Ойлгож ухсан зүйлээ олонд хэлж өгөөч гэсэн хүслээр л энэ бүхнийг хөндөөдбайгаа юм. Бидэнд Ерөнхий сайдын албыг хашиж явсан Р.Амаржаргал, Сү.Батболд, С.Баяр, Н.Алтанхуягийн үг хэрэгтэй байна. Улстөрийн гол намуудын дарга нарын үгийг нийгэм хүлээж байна. Б.Даш-Ёндонгоос эхлээд хоёр толгойн өгөөжийн талаар ултай үг хэлэх хүн намын дарга байсан эрхмүүдийн дунд цөөнгүй бий. Үе үеийн УИХ-ын дарга нараас Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, С.Төмөр-Очир гэж ирээд яривал хоёр толгойн талаар жинтэй үг хэлэх төрийн түшээ өчнөөн. Тэд том төслүүдээ улстөржүүлэхгүйгээр хөдөлгөх ёстой гэдгийг ойлгохын цаагуур ойлгож байгаа.

За тэгээд нийгэмд өөрийн гэсэн үнэ цэнээ бүтээчихсэн, олон нийт үгийг нь толгой дохин хүлээн зөвшөөрч сонсдог хүчирхэг сэхээтнүүд байна. Н.Жанцанноров, Б.Лхагвасүрэн гэж ирээд жагсаавал олон эрхэм бий. Оюу толгойн ТУЗ-ийн дарга, Монголын толгой эдийн засагчдын нэг Да.Ганболд, хуучин нийгмийн үед геологи, уул уурхай хариуцсан яамыг толгойлж явсан Ч.Хурц гээд үгээ хэлэх учиртай, нийгэм үгийг нь хүлээж буй хүмүүсийг жагсааж болж байна. Сая нэр дурдсан эрхмүүд хоёр толгойгоос эдийн засагт ирэх өгөөжийг мэдэх хүмүүс. Тийм учраас л үгээ хэлээч гэж хүсээд байгаа юм. Харамсмаар нэг өнцөг бий. Сэхээтнүүдийн зарим нь хоёр толгойн цаад ашгийг мэдэж байгаа хэр нь өнөө, маргаашийн ашиг хонжоогоор Оюу толгой, Таван толгойг энэ цагт ашиг­лах нь буруу хэмээн ярьж байгаа. Зүй нь сургаж, боловсруулж өдий хүргэсэн улсынхаа хөгжлийн төлөө зөв үг унагах үүрэгтэй улсын нэг л дээ, олонд нэрээ гаргасан энэ сэхээтнүүд. Дайны гал дүрэлзэж байх цагт илдээ сугалдаггүйцэрэг шиг хэрэггүй хүн үгүй. Тэгвэл эдийн засаг таагүй хэвээр үргэлжилж буй энэ цагт, тусгаар орших, эс оршихын зааг дээр ирсэн ийм үедулсынхаа хөгжлийн төлөө үг хэлэхгүй сэхээтэн хэр үнэ цэнтэй байх бол? Дайны гал дундуур илдээ сугалдаггүй цэрэг шиг л хэрэггүй хэсэгт орж таарна.

Ц.БААСАНСҮРЭН