Categories
мэдээ нийгэм

“Архигүй Монгол”-ын төлөө чуулж байна

Хан-Уул дүүргийн иргэд өнөөдөр “Архигүй Монгол”-ын төлөө чуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Архигүй Монгол” болох санаачилгыг дэмжиж
Хан-Уул дүүрэг, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг хамтран архигүй хороо, архигүй монгол чуулган зохион байгуулж байна. Уг чуулганыг архинаас гарсан 50 хүн зохион байгуулж байгаа аж.

Categories
булангууд мэдээ томилолт цаг-үе

Гангачуулын гудамж хийгээд зуун зууны түүх хүүрнэх Будапешт дахь хааны ордон

Энэ хавар “Өдрийн сонин”-ы томилолт, мөн хувийн ажлын далимаар Европоор аялах завшаан тохиосон юм. Эртний түүхт буурал Европын хотууд, тэнд амьдрах хүн зон бас монголчуудынхаа тухай цуврал тэмдэглэлээ хүргэж байна.

Будапешт хотын нисэх онгоцны буудал дээрээс тосож авсан найз маань “Шөнийн Будапештийг л үзэхгүй бол Унгарт ирсний хэрэг байдаггүй юм” гэсээр хотын төв рүү дагуулан явлаа. Гэвч цаг нэлээн орой болсон тул хоттой дараагийн өдөр танилцахаар болж зочид буудалдаа очиж амрав. Хол зам туулж ирсэн болохоор эргэн тойрноо ч анзаарах сэхээгүй толгой тавиад л нам унтжээ. Нэг мэдэхэд үй түмэн шувуутай цэцэрлэгт хүрээлэнд унтаж байна уу гэлтэй олон янзын шувуудын жиргээгээр сэрлээ. “Томоо гээчийн цэцэрлэгт хүрээлэнгийн хажууханд л байрласан юм байна даа” гэж багцаалан бодоод цонхоор хартал нэг ч мод харагдсангүй. Шалнаасаа таазандаа хүрч байгаа болов уу гэмээр өндөр цонхтой цагаан саарал байшингууд тулах ажээ. Тэнгэрт бүртийх ч үүл алга. Нэрийг нь үл мэдэх жижигхэн шувууд цонхны наагуур цаагуур сүлжилдэн жиргэх нь сэтгэлд таатай. Аажуухан хувцаслаад гадаа гарвал хотын хөдөлгөөн аль хэдийнэ эхэлжээ. Ялангуяа сургуулийн насныхан ийш тийш хөлхөх юм. Цагаа харвал 06 цаг өнгөрч байв. Будапешттэй танилцуулах найзыгаа ирж автал орчин тойронтойгоо танилцахаар явлаа. Хоолны газар, дэлгүүр, үзвэр үйлчилгээний төвүүдийн хаяг нь дандаа Унгар буюу мажор хэл дээр юм. Хаа нэгхэн “Japanese restaurant”, “Change” гэх хаяг таарна. Ингэж яваад хүнсний дэлгүүрт орлоо. Манай дэлгүүрүүдэд байдаг Европын ихэнх бараа лангууны ард өрөөстэй харагдана. Чихэр, шоколадны тасагт аль хэдийнэ танил болсон “Merci”,“Raffaelo”,“Kinder” тэргүүтэй амттан өрөөстэй. Үнэ нь харин тийм ч хямдхан байсангүй. Улаанбаатарын дурын дэлгүүрээс “Merci” шоколадыг 8000 төгрөгөөр авч идэх бол эндээс 6000 төгрөгөөр авах ажээ. Гоо сайхан, ахуйн хэрэглээний тасагт ч гэсэн дандаа манайд зардаг бүтээгдэхүүнүүд. Бүр манайд байдаггүй бүтээгдэхүүн юу байна вэ гэж хайж үзмээр санагдаж байв. Харин жимс, ногоо нь харьцангуй хямд. Хачин гоё үнэр, амттай бэлцийсэн том гүзээлзгэнэ нэг кг нь 10 мянган төгрөг орчим болж байв. Бас Оросоос хуучин цагт оруулж ирдэг шиг гоё үнэр, амттай алим нэг кг нь 2000 төгрөг орчим ажээ.

Эндхийн байшин барилга бүрийн орой дээр уран баримал сийлсэн нь нүд булааж байв. Хотод хөшөө, уран барималтай хаа сайгүй таарна. Эхэндээ таарсан хөшөө болгоны нэрийг бичиж аваад, уран баримал бүрийнх нь дэргэд зургаа авахуулж байсан бол сүүлдээ залхаж гүйцэв. Хот тэр чигтээ л уран баримал, хөшөөгөөр дүүрчээ. Байшингийн ханан дээр эртний түүхийг харуулсан сийлбэрүүд ярайж байв. Барилгуудын өндөр, өндөр цонхнуудыг анзаарахгүй өнгөрөөж боломгүй. Шалнаасаа таазаа шүргэв үү гэлтэй өндөр цонхоо элдэв хээ хуар багатай бараан өнгийн хөшгөөр халхалжээ. Ер нь эндээс хөшөөгүй, сийлбэргүй барилга олж харна гэдэг байж боломгүй зүйл мэт санагдах ажээ. Сүүлд баригдсан орчин үеийн загвартай ганц нэг зочид буудлын барилгууд хүртэл үүд хавьдаа заавал нэг хөшөө байрлуулсан байдаг юм байна.

Будапешт хоттой танилцах аяллаа тэндхийн залуусын очих дуртай “Гангачуулын гудамж”-аас эхэллээ. Хотын төвд байрлах энэхүү гудамжинд дэлхийн олон брэндийн дэлгүүр бий. Бас олон үндэстний хоолны газар ихтэй. Ерөнхийдөө жуулчдад зориулсан гудамж болохоор хотын бусад хэсгийг бодвол харьцангуй үнэтэй гэсэн. Гэхдээ л Европын бусад хоттой харьцуулахад тун боломжийн үнэтэй болохоор сонирхож байгаа зүйлээ авахыг зөвлөж байлаа. Замд таарсан ганц, нэг дэлгүүрээр орвол Унгарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж байхад гадны брэндүүдээс сонголт хийж болмоор санагдав. Унгар бүтээгдэхүүн гэснээс эднийх ноосон цамцаараа алдартай юм байна. Хориод жилийн өмнө Унгар ноосон цамц өмссөн европ хүүхэн тэр үеийнхээ л хамгийн ганганд тооцогддог байж.Тэр яриа одоо хүртэл хэвээрээ гэсэн. Юугаараа алдартай вэ гэхээр хэдэн ч удаа яаж ч угаасан сунадаггүй, агшдаггүй гэнэ. Ерөнхийдөө оёдлын үйлдвэр ихтэй болохоор ноосон эдлэлийн нэхээс, сүлжээсэнд мэргэшсэн байдаг ажээ. Гудмаар яваа залуус биед аль болох эвтэйхэн байдлаар хувцасласан байв. Эрчүүд нь голдуу өвдөгний дээгүүр татсан урттай богино өмд, даавуун цамц өмсчээ. Бүсгүйчүүд харин урт хормойтой даашинз, эсхүл жинсэн шоортон дээр дал мөрөө гаргасан сул майк өмссөн харагдана. Залуусын гол гангараа нь янз бүрийн бугуйвч, хүзүүний зүүлт, ээмэг, бугуйвч, алчуур, малгай шиг анзаарагдав. Хувцаслалт нь энгийн хэрнээ маш гоё зохицсон гоёл чимэглэлийн зүйлс их хэрэглэдэг юм байна. Энгийн нэг малгайн дээр өд хатгаад л дэгжин харагдах жишээтэй. Хүүхнүүд нь даашинзныхаа өнгө дагуу хэд хэдэн зүүлт давхарлан зүүжээ. Ер нь чамин тансаг гэхээсээ илүүтэй энгийн, гар аргаар хийсэн зүйлс сонирхдог нь анзаарагдаж байлаа. Мөн энэ гудмын төгсгөл хэсэгт хоолны газрууд бий. Шарсан махны үнэр хэдэн метрийн зайнаас үнэртэж цатгалан хэдий ч идэх хүсэл төрүүлэх ажээ. Тогооч нар нь мухлагийнхаа үүдэнд гараад ирчихсэн хоолоо танилцуулна. Голдуу янз бүрээр амталж шарсан мах амсаж үзэхийг санал болгох ажээ. Хамт яваа найз маань “Унгарчууд манайханд их элэгтэй” гэж хэлээд шорлог хийж буй тогоочид хэдэн зүйл хэлэв. Тэгсэн өнөөх нь мухлагийнхаа цаанаас гарч ирж тэврээд сүйд болоод явчихлаа. Яасан гэтэл “Бид монголчууд. Найз маань Улаанбаатараас ирсэн” гэж хэлжээ. Унгарчууд манайхантай гарал угсаа нэгтэй, ахан дүүсээ гэдэг юм байна. Тиймээс монгол хүнд элэгтэй хандаж, дайлах дуртай байдаг ажээ. Ингээд өнөөх маань Монголоос ирсэн дүү минь гэсээр хонины махтай шорлогоор дайлав. Бас тусгай аргаар дардаг, хүндтэй зочдоо дайлдаг ногоо гаргаж ирээд махтайгаа идэхийг хүслээ. Цагаан лууван, улаан чинжүү тэргүүтэй ногоонуудыг бага зэргийн халуун чанартайгаар даршилжээ. Анх удаа идэж байгаа надад амт нь гойд сайхан санагдсангүй. Гэсэн хэдий ч талархсан сэтгэлээ илэрхийлээд босов.

“Гангачуулын гудамж”-нд хол газраас аялж яваа жуулчид их цуглах юм. Үүргэвч цүнхээ газар тавиад орчныг ажиглангаа шар айраг шимэн суух ажээ. Тэдний ингэж суудаг хэсэгт өөрсдийгөө олонд таниулах хүсэлтэй шинэ залуу хамтлаг, дуучид тоглолтоо хийж байв. Зарим жуулчид тэднийг дуулах үеэр ширээнийхээ хажууд зогсож бүжиглэсэн шигээ цагийг зугаатай өнгөрүүлж байлаа. Тэднийг дуурайж хоол эргүүлж, гудманд зарж буй бэлэг дурсгалын зүйлийг сонирхсоны дараа Дунай мөрнөөр усан онгоцоор аялахаар болов. Усан онгоцонд суухын тулд метрогоор явсан. Эндхийн метро дэлхийд хоёрдугаарт ордог эртний метротой. Хамгийн эртний метро Англи улсад ашиглалтад орж байсан бол хоёр дахийг нь унгарчууд барьж байжээ. Метро нь газар доороо нэлээн гүн гэсэн. Уртаа гээчийн цахилгаан шатаар доош буух бөгөөд шат нь хурдан гэж жигтэйхэн. Эхэндээ цахилгаан шатны эхний гишгүүр дээр зогсоод арагшаа савангаа алдаж байна лээ. Метрогоор явсаар хот дундуур урсдаг Дуна мөрөн дээр ирэв. Мөрний баруун хэсгийг Буда, зүүн талыг Пешт гэж нэрлэдэг юм байна. 1873 онд Буда, Пешт, Обуда гэх газруудыг нэгтгэн нийслэл Будапешт үүссэн түүхтэй. Өдгөө Дуна мөрнөөр аялахад хотын ерөнхий төлөв харагдах ажээ. Усан онгоц нь 3000 форинт гэнэ. Нэг форинт долоон төгрөгтэй тэнцэж байв. Аялж явахад Парламентын ордон, Буда цайз, Хааны ордны дэргэдүүр өнгөрч байлаа. Бас Европт алдартай гинжин гүүрэн доогуур өнгөрсөн. Энэхүү гүүрний хоёр талд томоо гээчийн хоёр арслангийн баримал бий. Энэхүү арслангийн баримлыг хийсэн уран бүтээлч бүтээлээ дөнгөж дуусгаад байхдаа амиа хорложээ. Учир нь гүүрний хоёр талд бүтээсэн дөрвөн арслангийн хэлийг хийхээ мартсанаа хүлээлгэж өгөх үеэрээ анзаарсан байна. Ингээд хотын захиргааны дарга нараас айхдаа тэр оройдоо амиа хорлосон тухай түүхийг усан онгоцоор аялуулж буй хөтөч ярьж өгөв. Усан онгоцны аялал хагас цаг хэртэй хугацаанд үргэлжлээд Хааны ордны гадаа буулгалаа. Хааны ордныг унгарчууд өөрсдөө Буда цайз гэж нэрлэх юм. Хааны ордон орчмыг шөнөөр харвал үзэсгэлэнтэй гэж зөвлөсөн учраас нар жаргахыг хүлээнгээ “Арена” гэх худалдааны төвөөр орлоо. Энд бүхий л брэндийн дэлгүүрүүд бий. Гэхдээ байнгын 30-70 хувийн хямдралтай байдаг болохоор сайн хэсвэл хүссэн бараагаа боломжийн үнээр авч чадахаар ажээ. Хоёр давхар тус дэлгүүрийн үүдний хэсгээр л яваад хөл цуцчихлаа. Цаад зах нь хаана байгаа нь мэдэгдэхгүй болохоор гурван цаг хэсээд гарав. Ингээд бүрэнхий болсон учраас хааны ордон руу явсан юм.

ЮНЕСКО-гийн дэлхийн өвд 1987 онд бүртгэгдсэн хааны ордныг 1243 онд барьж эхэлжээ. Ордон барих явцад маш олон удаагийн халдлага дайралт гарч барилгын явцыг удаашруулж байсан гэнэ. Улмаар 1410-1430 онд тухайн үеийн эзэн хаан ордны барилгыг түргэвчлэх шийдвэр гаргажээ. Гэсэн хэдий ч барилгын ажил мөн л дорвитой урагшлахгүй байсаар 1700 онд бүрэн зогсчээ. Түүнээс хойш ордонд хэн ч гар хүрэхгүй байсаар 1867 онд Австрийн хаан Франц Иосеф Унгар улсыг захирах болоход эзэн хаандаа зориулан ордны ажлыг бүрэн дуусгаж тохижуулсан түүхийг хөтөч маань сонирхуулав. Гэвч Европтоо хамгийн эртнийхэд тооцогдох уг ордонд эзэн хаан хэзээ ч амьдарч байгаагүй ажээ. Франц Иосеф Унгарын хаан болсноосоо хойш анх удаа ордонд ирж ёслолын дараа хонох гэж байхад нь Австриас яаралтай захиа ирэн нутаг буцаж байжээ. Түүнээс хойш ордонд нэг ч эзэн хаан ирээгүй бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны үеэр асар их хохирол амсаж сүйдэж байсан байна. Улмаар 1946 оноос дахин сэргээж 1960 оноос хойш өнөөгийн дүр төрхөө хадгалж байгаа гэсэн.

Хааны ордон Дуна мөрний баруун эрэг дээр байрлах ажээ. Уулын энгэрт байрлах ордон олон давхар хэсгээс бүтсэн байв. Шөнө болж ордны гэрэлтүүлэг асахад ер бусын үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Бас гинжин гүүр, Парламентын ордон зэрэг түүхэн дурсгалт газрууд гэрэлтүүлгээ асаасан байхыг хараад яагаад заавал шөнийн Будапештыг үзээрэй гэснийг ойлгов. Учир нь байшин барилгуудаас цацарсан үй түмэн гэрэл шөнийн харанхуйтай хоршиж Будапешт хотыг чимжээ. “Европоор аялж байгаа хүмүүст заавал үзэх ёстой хоёр хот байдаг. Нэг нь Парис, нөгөөх нь Будапешт” гэж хамт яваа хүн маань хэлэв. Ингээд ордны гол хэсэгт гарахаар чулуун шатаар дээш өгслөө. Булан тохой бүрт эртний баатрууд, гоо бүсгүйчүүдийг дүрсэлсэн уран баримал байх юм. Бас давхар бүрт сүрлэг сайхан усан оргилуур өнгө өнгийн гэрэл дор оргилох ажээ. Хааны ордон баруун, зүүн, хойд, өмнөд гэсэн жигүүртэй бөгөөд хойд жигүүрийг ордны гол хэсэг гэж үздэг юм байна. Тэнд шүтээний байр, ёслолын, их сэнтийн, цайны, хааны унтлагын, зочдын, бичгийн, тамхины, хоолны зэрэг өрөөнөөс гадна урлагийн музей, хааны үнэт эдлэлийн сан байдаг гэсэн. Ордны зарим өрөөгөөр ажлын цагаар орж үзэж болдог ажээ. Цагаан гантиган ханатай, улаан гантиган шаттай Дундад зууны модернист загварын ордны төв хэсэг дөрвөн давхар өндөр. Дээд давхарт гарч ирэхэд жуулчид дүүрэн байв. Энд тэнд зогсож зургаа авахуулахын зэрэгцээ залуу хосууд Дуна мөрөн рүү харсан хашлага налан үнсэлцэн зогсоно. Дуна мөрний зүгээс ирэх зөөлөн салхинд нүүрээ илбүүлэн Будапешт хотын сайхныг бахдан зогсоод доош буулаа. Дараагийн очих газар хотын урд байх Баатруудын талбай. Энд Ялалтын бурхныг дүрсэлсэн “Зууны хөшөө” нэртэй баримал бий. Түүнийг нь тойроод Унгарын хаан ширээнд сууж байсан 14 хааны хөшөө байв. Энд бас л жуулчид олноор цуглачихаж. Тэд нутаг нутгийнхаа дууг чангаар дуулаад шар айраг шимэн суух ажээ.

ВЕНА ДАХЬ ХАТАН ХААН СИСИГИЙН ОРДОН

Унгарын нийслэл Будапешт хотоос машинтай гарч хоёр цаг гучинминут давхиад Австрийн Венад ирэв. Хоёр улсынхилээр нэвтрэх нь манай 22-ын товчоогоор гарч байгаатай л төстэй юм. Машинтай явж байгаа хүмүүсийг шалгаж байгаа ч юм алга. Гэхдээ юмыг яаж мэдэхэв гэдэг бололтой буу барьсан хоёр цагдаа орчны амгалан тайван байдалд хяналт тавьж байлаа. Венийн төвд орж ирээд хамгийн түрүүнд хатан хаан Сисигийн Шёнбрун ордонтой танилцахыг бодов. Хатан хааны ордон руу ороход дөрвөн төрлийн тасалбараас сонгож авдаг юм байна. Ордны эргэн тойронтой танилцах, хатан хааны ордон руу орох, хувцас хэрэглэлийн өрөөгөөр аялах, ордон болон амьтны хүрээлэнгээр зугаалах гэсэн сонголттой. Тасалбар нь юу үзэхээс хамаарч 10-50 еврогийн үнэтэй байв. Хатан хааны ордноор аялах 25 еврогийн тасалбар аваад дотогш орлоо. Орох хэсэгт англи, япон, хятад, орос, герман, франц хэлний сонголтоор тайлбар сонсох жижигхэн хөгжим шиг зүйл өгөв. Түүн дээр байгаа тоонууд дээр дарахад тухайн дугаартай үзмэрийг тайлбарлах учиртай юм байна. Өнөөхөөс нэгийг аваад дотогш ортол өөрийн эрхгүй дуу алдав. Шалнаас тааз хүртэлх зай нь дор хаяж дөрвөн метр хэмжээтэй. Өндөрт байх таазан дээр алтан шаргал өнгөөр эртний бурхдыг зуржээ. Цонхнууд нь улаан хүрэн өнгийн зузаан хөшигтэй. Хана дагуулан тавилгууд өрөөтэй байв. Тавилга сэлтэд гар хүрч болохгүй учраас наагуур нь хамба хилэн уяагаар хязгаарлажээ.

Үүдний хавьд үйлчлэгч, асрагч эх, даамлуудын өрөө байв. Тэдний өрөө гял цал бус мөртлөө булан тохойдоо уран барималтай юм. Бас тухайн үеийн ордны ажилтнуудын өмсөж байсан хувцас хэрэглэлийг дэлгэн үзүүлжээ. Зарц, асрагч нар газар шүргэсэн урт хормойтой цайвар өнгийн даашинзан дээр цагаан хормогч зүүдэг байсныг харав. Хиа, даамлууд өндөр хар малгай өмсөн улаан өнгийн ёслолын хувцастай алба хаадаг байжээ. Өрөөний эд хогшлыг үзмэр шиг биш хүн амьдарч байгаа мэт байрлуулсан нь ордонд зочин болоод ирчихсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Амьдарч байсан хүмүүсийг ч гэсэн яг л хажууд ажлаа хийж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр үйл хөдлөлтэй байрлуулжээ. Хүүхдийн орны дэргэд хувцас эвхэн зогсож байгаа асрагч, хааны зарлигаар бусад улс орон руу захиа илгээж байгаа бичээч гээд тухайн үед хэн, яаж ажиллаж байсныг харсаар хааны ажлын өрөөнд ирлээ. 1854 оноос Австри улсын эзэн хаанд өргөмжлөгдсөн Франц Иосефийн өрөөний хойморт ажлын ширээ байх ажээ. Цэвэр модоор хийсэн болов уу гэмээр ширээн дээр бэхэнд дүрж бичдэг өд, зузаан ном, Австрийн төрийн далбаа, газрын зураг зэрэг байв. Эзэн хааныг ширээнийхаа ард суугаад Сиси хатандаа захиа бичиж байгаа мэтээр төсөөллөө. Өрөөний эсрэг талд буйдан, хагас хэвтээ байдлаар суух урт сандал, цайны ширээ зэргийг байрлуулжээ. Цайны гүцэн дээрх чимэглэл аяганы амсрын алтан шармалтай тун сайхан зохицож байв. Ажлын өрөөг улаан хүрэн, бор өнгийн тавилгаар тохижуулжээ. Цаашлаад хаан, хатан хоёрын унтлагын өрөө, уулзалтын өрөөнүүд үргэлжилж байна. Хаан хатан хоёрын унтдаг байсан ор лав л гурван метрийн өргөнтэй байх аа. Орны дөрвөн талаар цагаан өнгөтэй нимгэн хөшиг унжуулжээ. Энэхүү өрөө хаан, хатан хоёрын албан ёсны унтлагын өрөө бөгөөд түүнээс гадна тэдний мэдлийн зургаан өрөө бий гэсэн. Харин өрөө бүрт ваар хэлбэрийн ханын зуух байлаа. Уг зуухаар өрөөг бүхэлд нь халаадаг байжээ.

Хааны хувцасны өрөөнд ороход ёслолын, энгийн, ангийн, уулзалтын хувцаснуудыг маниканд өмсүүлсэн байсан. Хувцаснаас багцаалбал Франц Иосеф хаан 180 см орчим өндөртэй байсан бололтой. Өрөө бүрийн ханан дээр хатан хаан Сисигийн болон бусад гүнж нарын зургийг жаазлан өлгөсөн байв. Шёнбрун ордон 1441 өрөөтэй болохоор бүгдийг нь байтугай талыг нь ч үзэж амжихааргүй юм. Архитектурын түүх, соёлын дурсгалт гол гол өрөө, танхимыг нь сонирхоод цэцэрлэгт хүрээлэн рүү орлоо. Ордонг 1569 онд барьж, 1642 оноос Шёнбрун гэж нэрлэх болжээ. Ордонд хамгийн сүүлд амьдарч байсан Франц Иосеф хаан 86 насандаа буюу 1916 онд нас барахад Шёнбруныг улсын өмчид бүртгэн авсан гэдэг. Улмаар 1955 оноос музей болгон олон улсын аялал жуулчлалын чухал үзмэрүүдийн нэг болгожээ.

Ордны ар талд таван га цэцэрлэгт хүрээлэн үргэлжлэх юм. Нов ногоон зүлгэн дээр өнгө өнгийн цэцгээр элдэв хээ оруулан чимжээ. Мод ургамлаа хүүхэлдэйн баатар, амьтны дүрсээр хэлбэржүүлэн тайрсан байв. Цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах өргөн гудамжны хоёр талаар ургасан модыг шугам барьж байгаад хяргаа юу гэлтэй нэгэн жигд тайрчээ. Төв ордноос 300 метр орчим зайд нуур байсан. Тэнд усны шувууд цуглаад гангар, гунгар дуугарах ажээ. Хүнтэй ижилдэн дассан бололтой ойртоод очиход үргэхээ ч мэдэхгүй юм. Нуурын цаахна аварга том гантиг чулуун саравч байлаа. Тэндээс ордны ерөнхий төлөв байдлыг харж хэсэг суув. Австричууд Шёнбрун ордныхоо цэцэрлэгт хүрээлэнд хүссэн үедээ зугаалдаг ажээ. Хаа сайгүй л бэлтгэлийн хувцастай гүйж байгаа хүмүүсийг хараад ажлын өдөр ингээд гүйж явдаг яасан сайхан завтай нөхөд вэ гэх бодол төрж байв.

Задгай саравчнаас Шёнбрун ордныг толидонгоо хатан хаан Сисигийн тухай яриа өрнүүлэв. Хөтөч маань “Сиси хатан чиний бодож байгаа шиг ариухан амьтан байгаагүй юм” гэсэн нь сонирхол татлаа. Гоо үзэсгэлэн төгс, шулуун шударга, ялдамхан бүсгүйн төсөөллийг “Хатан хаан Сиси” киноноос авчихжээ. Тэгсэн хөтөч маань шал өөр зүйл ярьж байна шүү. Франц Иосеф хаантай суугаад удаагүй байхдаа Унгар болон Италийн гүнтэй нууцаар амрагладаг байсан. Түүнийг нь хаан мэдээд гэр бүлээ цуцлуулсан хэдий ч гурван жилийн дараа эргээд нийлсэн гэхчлэн ярилаа. Тухайн үед европ эрчүүдийг хөөрхөн царай, 50-хан см-ийн тойрогтой нарийн бэлхүүсээрээ байлдан дагуулж байсан түүнд бусад улсын хаан, хунтайж, гүнгүүд унан тусан дурладаг байжээ. Италийн өндөр язгуур угсаатай гүнтэнг Венад ирэх үеэр танилцан улмаар сэтгэл алдарч эр нөхрөө хүртэл мэхэлсэн түүх байдаг гэнэ. Дурласан гүнтэнг санахын эрхэнд ордноосоо нууцаар гарч уулзалдаж байгаад эзэн хаандаа баригдсанаар харилцаагаа дуусгавар болгожээ. Гэсэн ч хашралгүй Унгарын язгууртантай амрагласнаар Шёнбрун ордноо орхиж байсан юм байна. Франц Иосеф Сисигээс салсныхаа дараа улс орноо удирдахад хатных нь үнэтэй зөвлөгөө дутагдаж байснаар авааль гэргийгээ уучлан буцааж авчирсан түүхтэй. Мөн Сиси хатан Унгар улсад элэгтэй байдгийг түүний дурлалт хархүү Андраши гүнтэнтэй холбон ярьдаг гэсэн. Гэхдээ Франц Иосеф улс төрийн хэрэгт анхаарлаа бүрэн хандуулдаг, эр нөхрийн хувьд гэргийгээ хайр, халамжаар үргэлж дутаадаг байсан гэдэг. Ордон дотор явж байхад ханан дээр өлгөсөн зурган дээр нээрээ л хөөрхөн хүүхэн байсан даа. Өвдөг шүргэсэн буржгар урт үстэй, өтгөн хар хөмсөгтэй өө сэвгүй сайхан бүсгүй байж, Сиси. Түүний гоо сайхан царайнаас гадна улс орныг зөв бодлогоор чиглүүлж явсан үйл хэрэг алдар нэрийг нь улам бүр цуурайтуулж байжээ. Тэрээр эмэгтэй хүний зөөлөн сэтгэлээр аливаад ханддаг байсан гэнэ. Сэтгэл хөдлөл багатай, хатуу ширүүн гэмээр хааны гаргаж буй шийдвэрүүдийг Сиси зөөллөдөг, улс төрийн чухал шийдвэрүүд дээр алсыг харсан холч ухаанаар зөвлөгөө өгдөг байсан байна. Тэрээр бодит амьдрал дээр эзэн хаантайгаа тийм ч дотно харьцаагүй байсан бөгөөд Франц Иосеф хатнаа нас барсных нь дараа “Сисид би ямар их хайртайгаа ойлгуулж чадсангүй” хэмээн харамсан уйлж байсан гэдэг. 1937 оны арванхоёрдугаар сарын 24-нд Германы Мюьнхен хотод Баварийн гүн Максимлан Жозефийн гэрт төрсөн Элизабет Амалия Евгений буюу Сиси хатан Австри болон Унгар улсын хатан хаан байсан юм. Түүнийг 1898 онд Швейцарийн Женев хотод зугаалж явахад нь Италийн анархист үзэлтэн Луйчи Лучиени гэгч зүрхэн тушаа нь хутгалан амь насыг нь хороожээ.Хожим түүний тухай “Хатан хаан Сиси” кино бүтээснээр дэлхий даяар танигдсан гэдэг. Өдгөө хатан хаан Сисигийн амьдарч байсан ордныг үзэхээр жилд дөрвөн сая жуулчин Вена хотод зочилдог ажээ.

Ордноос тун холгүй алдарт Венийн дуурийн
театр байдаг юм байна. Дотор болж буй тоглолтоо гадаах дэлгэцээрээ шууд
дамжуулдаг болохоор жар гаруй сандал эгнүүлээд өрчихдөг ажээ. Тэнд хэн дуртай
нь суугаад дуурь сонсож болох юм. Олон хүний дэргэд очоод хэсэг суув. Ихэнх нь
дэлгэцээр гарч буй хүний дуунд уярчээ. Нэг харахаар нүдээ аньчихсан суудал
дээрээ ганхана. Дахиад нэг анзаарвал ямар нэг зүйлд санаа зовж байгаа аятай хөмсгөө
зангидчихсан суух ажээ. Надад харин дуурийн театрын барилга сонин санагдав.
Гурван давхар барилгын хана тэр чигтээ уран сийлбэрээр дүүрчээ. Сахиусан тэнгэр,
эртний Грекийн дайны бурхадыг ханан дээр уран тансагаар сийлсэн нь гайхалтай.
Дуурийн театртай зэрэгцээд “Штефан” сүм байв. Сүм рүү хүссэн хүн бүр орж болох
ч гэлээ биеийнхээ аль нэг хэсгийг ил гаргасан хувцастай бол оруулдаггүй юм
байна. Сүм, дуурийн театр бүхий төв гудмаар явж байгаад казино руу орлоо.
Багахан еврогоор азаа үзэх хүсэл байсан ч эрчүүд төдийгүй эмэгтэйчүүд нь
ёслолын хувцастай орох ёстой гээд халгаасангүй. Харин үүдэнд нь байх 777
тоглоомоор тоглож болно гэнэ. Буцаж гараад төв гудамжаар алхахад шарсан зайдас,
пицца тэргүүтэй түргэн хоолны газрууд олон таарч байв. Пиццаг ганцаараа явж
байгаа хүн идэхэд тохиромжтой болгон зүсмээр зардаг ажээ. Гурил нь мэдэгдэхгүй
шахам олон хачиртай зүсэм пицца таван еврогийн үнэтэй. Хоолны газруудад нэг
таваг хоол ойролцоогоор 15 еврогийн үнэтэй байна лээ. Гудмаар явж буй залуус
жинсэн өмд, даавуун цамц өмссөн харагдана. Энэ хавиар жуулчид ирдэг нь илт.
Зургийн аппарат тэврэн үүргэвч үүрсэн хүмүүс гудмаар холхихтой зэрэгцэж алхаад
“Волксгартен” метроны буудал дээр ирлээ. Уг буудлын нэг буланд хааш, хаашаа
хоёр метр хэмжээтэй шилэн хана байв. Тэнд хоёрдугаар дайны үед еврейчүүдийг
амьдаар нь булсан гэсэн. Дотроо чулуун хана, төмөр сараалжаас өөр зүйл
харагдахгүй мөртлөө огиудас хүрэм эвгүй үнэртэй байлаа. “Яагаад ийм үнэр
гардгийг мэдэхгүй. Уг нь цогцос аль хэдийнэ газар шороондоо шингэсэн баймаар
юм” хэмээн хөтөч маань тайлбарлав. Нас барсан хүний үнэр л ийм байдаг байх даа
гэмээр эвгүй үнэр үнэртээд, амьд хүмүүсийг булсан шүү гэж бодохоор тэр хавь нэг
л зэврүүн санагдах ажээ. Яагаад ийм газрыг энэ хэвээр нь байлгадгийг мэдэхгүй ч
шилэнд тулж очсоноос хойш нэг хэсэгтээ л дотор муухайрч байлаа. Харин шилэн
хананаас метр гаруй зайнд зогсоход өнөөх үнэр алга болж байв.

Метронд суугаад явж байтал гудамжны хулигаан маягтай залуу
бидний хажууд ирлээ. Халтайсан нүүр, тааруухан хувцсыг нь хараад айдас төрлөө.
Эх хэлээрээ ярих биднийг ширтээд зогсоод байхаар нь хөтөч “Чамд ямар нэг зүйл
хэрэгтэй” юу гэтэл “Энэ эмэгтэй миний тухай яриад байна уу” гэдэг байгаа. “Үгүй
дээ, бид Вена хотын тухай ярилцаж байна. Монголоос ирсэн хүмүүс” гэтэл нүүрэнд
нь мишээл тодрон “Чингэс хаан, Чингэс хаан” гэчихээд яваад өглөө. Австри уг нь
тайван амгалан хот хэдий ч Украйны дайнаас хойш бага зэрэг үймээнтэй байгаа
гэнэ. Дайнаас дүрвэж орж ирсэн хүмүүс Австрид ирээд хийх ажилгүйн улмаас
хулгай, дээрэм хийх болжээ. Ялангуяа метронд бусдыг дээрэмдэх тохиолдол их гарч
байгаа юм байна.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

ХУД-ийн 114 дүгээр сургуулийн захирал Д.Ган-Уяа: Боловсролын бодлого тогтвортой байх нь чухал

Нийслэлийн Хан-Уул дүүр­гийн 114 дүгээр сур­гуулийн захирал Д.Ган-Уяатай ярилцсанаа хүргэе.

-Монголын боловс­ролын байгууллагад таныг хорь гаруй жил ажилласан гэж сонссон. Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?

-Тийм ээ, боловсролын байгууллагад 25 жил, сургуу­лийн захирлаар 15 жил ажил­лаж байна. Хүүхдийн байгууллагаас анх ажлын гараагаа эхэлсэн юм. 1989 онд Багшийн дээдийн төв пионерын удирдагчийн анги төгсөөд 18 дугаар сургуульд гурван жил пионерын удирдагчаар, дараа нь түүх, газар зүйн багшаар долоон жил, үнд­сэндээ 10 жил ажилласан гэсэн үг. Ингээд Удирдлагын академид суралцаж төрийн удирдлагын менежерийн ан­ги, мөн магистрын ангийг төгссөн. Үүний дараа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт боловсрол хариуцсан түшмэлээр нэг жил ажилласан юм. 2001 оноос Хан-Уул дүүргийн П.Энх­болдын нэрэмжит 32 дугаар сур­гуульд захирлын ал­быг хашиж, өнөөг хүртэл Хан-Уул дүүргийн гурав дахь сургуульд захирлаар ажиллаж байна. Нисэхийн гэх тодотголтой 114 дүгээр сургуульд 2010 оноос захирлын албыг хашиж байна. Манай сургууль гурван ээлжээр хичээллэдэг. Анги танхим хүрэлцээ муутай, гэр хороололд байрладаг. Зориулалтын хурлын заал, биеийн тамирын заал, урлаг заал болон цайны газар, номын сан байхгүй. 720 хүүхдийн хүчин чадалтай сургуульд 1420 хүүхэд хичээллэж байна. Боловсролын шинэчлэлийн үед ачаалал ихтэй сургуулийг авч явна гэдэг тийм амар юм биш ээ, ер нь хүнд ажил шүү.

-Боловсролын салбарт хийгдэж байгаа өөрчлөлт, шинэчлэлийн талаар таны бодол?

-Боловсролын бай­гуул­­лагад 15 жил ажиллах ху­­га­цаанд төр засгийн удирд­­лагууд солигдоод, бо­ловс­ролын бодлого чиглэлд өөрч­лөлт гарч буйг хэн хүн­гүй мэ­дэж байгаа. Миний за­хир­лаар ажиллах хугацаанд тө­­дийгүй ер нь боловсролын сис­темд ажилласан 25 жи­лийн хугацаанд Монголын бо­ловсрол багагүй өөрч­лөгдсөн. Ялангуяа тогтол­цооны шинэчлэл, стандарт агуулгын шинэчлэл хий­сэн, одоо чанарын шинэч­лэл хийгдэж байна. Маш тогт­­вортой, хамгийн сайн мэр­­гэшсэн боловсон хү­чин­тэй, мэргэжлийн тогт­вор суурьшилтай удир­дах ажилтантай байж боловс­ролын шинэчлэл амжилттай хэрэгждэг. Үр дүн нь тогт­вортой гардаг. Тиймээс бо­ловс­ролын шинэчлэлтэд ни­лээн нухацтай, ухаалаг хан­дах нь зүйтэй болов уу.

-Бусад салбараас илүү бо­ловсролын салбарт хүү­хэдтэй ажиллах ямар байдаг вэ?

-Багш нар маань хүүхэдтэй ажиллаж байна. Сургуулийн удир­дах ажилтан бол хүүхэд­тэй, эцэг эхтэй, багш нартай, мөн олон нийттэй, бусад хү­рээ­ний төрийн болон төрийн бус байгууллагуудтай гээд нийгмийн өргөн хүрээнд ха­рилцаж байна.Тиймийн учир оюунлаг, харилцааны чадвар эзэмшсэн, менежмент сайтай, бусадтай хамтарч ажиллаж чаддаг байх чадваруудыг чухалчилж үздэг. Энэ тал ма­най сургуульд хийгдэж байгаа ажлууд багагүй байгаа. Хан-Уул дүүрэг 16 сургуультай. Тэднээсдүүргийн Засаг дар­гын санаачилгаар, иргэдийн төлөөлөгчдийн хурлын тог­тоо­лоор “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” гэсэн хөтөлбөр хэ­­рэг­жиж байна. Энэ хөтөлбөрийн хэрэгжүүлэх түшиц сургуу­лиар манай сургууль энэ хичээлийн жилээс сон­гогд­чихсон ажиллаж бай­на. Хүүх­дийг өөрчилж, шинэч­лэл­тэд хөтлөхөд багш нар ямар үүрэг гүйцэтгэх вэ, багшийг шинэчлэл рүү хөтлөхөд багшийн тархи тол­гойг цэнэглэх, тэднийг ха­рил­цааны соёлтой болгох, хүү­хэдтэй ойлголцоход хамгийн оновчтой аргаар яаж удирдаж зохион байгуулах вэ, ямар сургалтанд хамруулах вэ гэх шат дараалсан ажлууд уг хөтөлбөрийн хамгийн гол зорилго юм.

-Та боловсролын сал­барт өөр ямар өөрчлөлт, шинэчлэл хийгдээсэй гэж хүсч байна вэ?

-Гол нь боловсролын бод­лого тогтвортой байгаасай гэж боддог. Маш оновчтой, хүүх­дэд өөрт нь их хэрэгтэй, хү­мүүст хэрэгтэй байгаасай. Мөн 12 дугаар анги төгсч га­раад их, дээд сургуульд ор­сон ч байсан, ороогүй ч бай­сан өөрийгөө нийгэмд аваад явчихдаг, өөрийгөө илэр­хийлчихдэг, бусадтай сай­хан харилцчихдаг, цаа­шид өсөн дэвжих сууриа тавь­чихсан ямар ч чиглэлээр өөрийгөө хөгжүүлэхчадварыг эзэмш­сэн байх нь туйлаас чухал. Тийм л хүүхдийг бүх сур­гуулиуд бэлтгэж байвал Мон­голын ирээдүй амжилт олно.

-Боловсролын бай­гуул­лагад олон жил ажилласан, ерөн­хий боловсролын сур­­гууль удирдаж яваа хү­ний хувьд асуухад гадны чад­варлаг сургуулиудаас авч ашиглаж байгаа туршлага хэр үр дүнтэй байна?

-Боловсролд тэр чигтэй тур­шилт хийж байна. Кембриж гээд баахан туршсан. Япон, солонгос, австрали төслүүд гээд бид гадны улс орнуудаар их явж, үзэж харж туршаад л байгаа шүү дээ. Гэхдээ Монголынхоо хөрс суурин дээр гадны юм шууд авчирч турших, монгол хүний онцлогт тохирсон, бид ямар онцлогтой юм гэдгийг гаргаж ирэх бол хоёр өөр ойлголт. Монгол хү­­­­нийхээ суурь, нутаг орныхоо нөх­цөл онцлогт тохирсон бо­ловсролын бодлого, чиглэлийг л гаргавал илүү наалдацтай болно байх. Өнөөдөр зургаан настай хүүхэд сургуульд орж байна. Улаанбаатар хотод зургаан настай хүүхэд сургуульд ороход бол бо­ломжийн байгаа юм. Харин хөдөө орон нутгийн малчин айлын хүүхдийг сумын төв дээр байлгаад сургуульд сур­гахад эцэг эх нь сумын төв дээр гэр бариад зургаан настай хүүхдээ авчраад амьдардаг юм байна лээ. Дийлэнх нь тийм. Орон нутгийнхан “Энэ их хүндрэлтэй байна, хэцүү байна, цааш нь мэдэгдэж өгөөрэй, хөдөө зургаан настай хүүхэд сургуульд сурах их хүндрэлтэй байна, манай Монголын нөхцөлд их хүнд” гэх саналыг их хэлдэг.

Би яагаад дахин дахин манай сургууль гурван ээлж­тэй гээд хэлээд байна вэ гэхээр гуравдугаар ээлжийн хүүхдүүд үдээс хойш 16.00 цагаас хичээллэдэг. Бүхэл бүтэн найман анги дүүрэн 1-5 ангийн хүүхдүүд хичээл хийнэ гэдэг маш хүнд биз дээ. Тэнд 1-5 ангийн хүүхдийн нас бие сэтгэхүйн онцлог ямар билээ, ачааллаа дийлэхгүй. Үүнд зургаан настай хүүхэд бас байгаа. Зургаан настай хүүхэд үдээс хойш дөрвөн цагт хи­чээллэхэд ямар байх вэ. Гэ­тэл хотын төвийн сургуульд сурч байгаа хүүхэд, миний яриад байгаа хүндрэлтэй сур­гуульд сурч байгаа хүүхэд бол шал өөр. Амьдрал нь өөр, идэж ууж байгаа юм нь өөр, орчин нөхцөл нь өөр. Ийм учраас бид гадны өндөр хөгжилтэй улс орноос авах зүйлээ аваад, улс орныхоо нөхцөл онцлогт тохирсон бод­логыг хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй, үлдэцтэй. Ахлах ангийн боловсролын шинэчлэлийн хүрээнд 11,12 дугаар ангид нь жинхэнэ мэргэжил олгох, амьдрах чадварыг илүү гүнзгийрүүлж заах тийм нөхцөл бололцоог бүрдүүлж тэр чиглэлээр мэргэшүүлэх ёстой байхгүй юу. Тэгтэл манайд тэр орчин нөхцөл нь бүрдээгүй байна. ЕБС-ийн шинэчлэл хийхэд оюуны талаас буюу боловсон хүчний талаас хийгдэж болж байна. Хамгийн гол нь материаллаг орчныг оновчтой болгох, сайж­руулах талаар төр засаг нилээд юмыг хийж байж л энэ ажил илүү үр дүнтэй болно.

-Сүүлийн үед багш сур­ган хүмүүжүүлэгчдийн чад­вар их муу байна, ЕБС төг­сөгчид сууж ч сураагүй төг­сөж байна гэх асуудлуудих яригдаж байна. Энэ тал дээр таны бодол?

-Нэг хэсэг нэгдүгээр ан­гиас уйгаржин монгол бичиг заа­сан. Өнөө л боловсролын шинэчлэл гээд. Тэр хүүхдүүд чинь одоо 22, 23-тай болж байгаа. Одоо яг тэр хүүхдүүд их, дээд сургууль төгсөөд багш болъё гээд ирж байна. Өргөдөл бичихээр гурван өгүүлбэр дотор бол элбэг таван үг алдаатай бичдэг. Энэ бодлогын алдаа гээд хэлчихвэл буруу л болох байх даа. Системийн бодлогыг зөв хэрэгжүүлэхгүй болохоор ийм алдаа гараад байна. Боловсрол чинь өөрөө маш тогтвортой, шинжлэх ухааны үндэслэлтэй, чадварлаг бо­ловсон хүчнүүдтэй байх хэрэгтэй. Тэдгээр боловсон хүчний авдаг цалин хүртэл сайн байх хэрэгтэй. Тийм байж илүү үр дүнтэй болно. Би бол дөнгөж төгсөж ирээд 1989 онд 600 төгрөгийн цалин авдаг байсан. Тэр үедээ хамгийн өндөр цалин. Тэр үед хүмүүс багш болон, багш болчихсон байхад бүх юмандаа хүрдэг гэж боддог байсан.

ЕБС төгсөөд хамгийн өндөр оноо авсан, хамгийн сайн хүүхэд багшийн сургуульд ордог байсан. Яагаад гэвэл багш нарын цалин сайн бай­сан учраас, багш нарын амьдрал баталгаатай байсан учраас. Одоо багшийн цалин бага. Дунджаар 520 мянган төгрөг л байна. Инженерээр төгсөөд нэг барилгын салбарт ажиллаад хоёр, гурван саяын цалин авч байгаа. Та­ван толгойн уурхайд очоод хэдэн сая төгрөгийн цалин авч байна. Өнөөдөр үнэндээ багшийн хөдөлмөр эрхлэх үү, уурхайд ажиллах уу гэвэл уурхай руу л явна. Уурхайн нөөц барагдана, шавхагдана. Багш гэдэг хүн чинь мөнхийн оюун ухаанд хөрөнгө оруулалт хийж байна. Хүнийг мөнхөд хөгжүүлж, хүн болох суурийг тавьж өгдөг. Хамгийн шавхагдашгүй нөөц бол хүний нөөц. Монгол Ул­саа хөгжүүлье гэвэл оюун­лаг иргэдийг бэлтгэдэг баг­шийнхаа асуудлыг өндөрт тавьж байж шинэчлэл эхэлнэ. Ер нь боловсролын шинэчлэл гэдэг багшаас эхэлнэ. Багш өөрөө оюунлаг, амьдрал нь баталгаатай байхад боловс­рол аяндаа хөгжинө.

Б.МАРАЛМАА

Categories
мэдээ нийгэм

Чадварлаг хүний нөөц авч ажиллуулах нөхцлийг төрийн өмчит компанид нээж өгье

Монгол Улсад өнгөрсөн хугацаанд төрийн өмчийн томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг хувьчлах ажил хийгдсэн ч төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ач холбогдол, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмэр нэмэгдсээр байна. Нөгөө талаар төрийн өмчит компани нь төрд ногдох хувь хөрөнгө болох төрийн өөрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх бүхий этгээд тул төрийн өмчийн удирдлага, зохион байгуулалтыг үр дүнтэй, хариуцлагатай хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байдаг.

Аливаа улс орны хөгжлийг хүний хөгжлөөр хэмждэг болсон өнөө цагт төрийн өмчит компаниудын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах үндсэн хүчин зүйл нь хүний нөөцийн асуудал болжээ. Учир нь төрийн өмчит компаниуд бизнесийн өрсөлдөөнд оролцож, үйл ажиллагаа явуулсныхаа үр дүнд ашиг, орлогоо нэмэгдүүлэх шаардлагатай байдаг тул тухайн компани алдагдалтай, эсхүл ашигтай ажиллах эсэх нь компанийн удирдлага, менежментийн багийн үйл ажиллагаанаас хамаарна.

Иймд компанийн засаглал, хүний нөөцийн удирдлагыг эн тэргүүнд төгөлдөржүүлэх бодлогыг төрөөс баримтлах ёстой. Улсын Их Хурал нь бүх ард түмнийг төлөөлөн төрийн өмчийн өмчлөгч байх бүрэн эрхийг хэрэгжүүлдгийн хувьд орчин үеийн зах зээлийн тогтолцоо, өрсөлдөөний зарчимд нийцсэн бодлогыг батлан мөрдүүлэхэд тэргүүлэх үүрэгтэй оролцох учиртай.

Төр хэдийгээр өөрийн өмчийн эзэмшилт, ашиглалт, захиран зарцуулалтад хяналт тавьж ажиллах ёстой ч тухайн төрийн өмчит компанийн удирдлагад хүний нөөцийн бодлогоо бие даан тодорхойлох боломжийг олгох, улмаар компанийн хүний нөөцийн менежментийн үр дүнтэй байдлыг тухайн удирдлага бүрэн хариуцдаг байх нь зөв юм.

Тодорхой жишээ дурдвал, дэлхийд алдартай Temasek Holdings хөрөнгө оруулалтын корпораци нь Сингапурын төрийн өмчит компани бөгөөд теле коммуникаци, үл хөдлөх хөрөнгө, хэвлэл мэдээлэл, технологи, тээвэр зуучлал, эрчим хүчний салбарт өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг. Тус компани Стандарт энд Пүүрс болон Мүүдис зэрэг томоохон санхүүгийн үйлчилгээний компаниудаас AAA үнэлгээг авсан бөгөөд үүнд нь тус компанийн хүний нөөцийн удирдлагын үр ашигтай загварыг бас нэгэн үзүүлэлт болгон дүгнэсэн байдаг.

Тус корпораци 2014 онд 177 тэрбум ам долларын активтайгаар үйл ажиллагаа явуулсан ба олон улсад төрийн өмчит компанийн засаглал, хүний нөөцийн удирдлагаараа үлгэр жишээ болж байгаа ажээ. Төрөөс өөрийн өмчид тавих хяналтын тогтолцоондоо баримталж буй бодлого нь тус корпорацийг ийнхүү өндөр ашигтай ажиллах үндэс болжээ. Тодруулбал, Сингапурын Засгийн газраас аж үйлдвэрийн салбарт олон жил ажилласан туршлага бүхий улс төрч, бизнесмен Лим Бүн Хеныг компанийн захирлаар томилж, улмаар гүйцэтгэх захирлаар Хо Чингийг томилон ажиллуулж байгаа бөгөөд тэдгээрээс доошхи албан тушаалтан, ажилтан, албан хаагчдыг шилж сонгох, хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх мэдлийг корпорацийн мэдэлд бүрэн шилжүүлсэн байна.

Ийнхүү төрийн шууд оролцоог бизнесийн үйл ажиллагаанаас зааглаж өгснөөр улс төрийн нөлөөллөөс ангид, цэвэр бизнесийн зарчмаар хүний нөөцийн удирдлагаа хэрэгжүүлдэг байна. Компани бус төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй бизнесийн цэвэр өрсөлдөөнд оролцох, үйл ажиллагаа нь түргэн шуурхай явагдах боломжийг ийнхүү бүрдүүлж чаджээ.

Тэгвэл өнөөдөр төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд үр нөлөөтэй хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх дараах зарчим байна гэж үздэг. Үүнд:

• Хүний нөөцийн төлөвлөлт, нийлүүлэлтийн бодлоготой байх;

• Хүний нөөцийн эрэлт, хэрэгцээг тодорхойлохсудалгааг тогтмол хийж байх;

• Хүний нөөцийн урамшууллын тогтолцоог ажиллуулах;

• Хүний нөөцийг тогтмол сургах;

• Ажлын байрны орчин, нөхцлийг цаг алдалгүй сайжруулах, эрүүл мэндэд анхаарах;

• Ажилтан, албан хаагчдын ёс зүйн үнэт зүйлсийг төлөвшүүлэх, хэрэгжүүлэх.

зэрэг болно. Онолын үүднээс төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг төвлөрсөн эрх мэдлийн хүчээр удирдах гэх нь микро түвшинд очихдоо үр дүнгүй, тухайн ажилтан, албан хаагчдийн ашиг сонирхолд нийцэхгүй байх сул талтай байдаг. Төрөөс гаргасан зарим бодлого, шийдвэрүүд компанийн засаглалыг хэрэгжүүлэхэд саад учруулах, эсхүл саармагжуулах эрсдэл ямагт оршиж байдаг учраас төрийн өмчит компанийн үйл ажиллагаан дахь төрийн оролцооны хязгаарыг нарийн тогтоож өгөх шаардлагатай байдаг ажээ.

Орчин үед төрийн өмчит компаниудын хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэхэд Дэвид Бийтхэмийн загварыг өргөнөөр хэрэглэж байна. Түүний загвар ёсоор тухайн төрийн өмчит компанийн чадавхийг бэхжүүлэх, шат дараалсан арга хэмжээний төлөвлөлт нь хүний нөөцийн төлөвлөлт бөгөөд одоо ажиллаж буй албан хаагчдын мэргэжил дээшлүүлэх асуудал төдий биш шинээр ямар хүн авах, түүнийг хэрхэн бэлтгэхээс эхлээд чөлөөнд гарсны дараа ямар арга хэмжээ авах тухай бодлогын төлөвлөлтийг зөвхөн компанийн удирдлага хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ. Үүнийг тэрээр эрх мэдлийн жижигрүүлсэн загвар гэж нэрлэсэн байдаг. Жишээ дурдахад, эрх мэдлийн жижигрүүлсэн загварыг Вьетнамын төрийн өмчит компаниудад туршсан нь ихээхэн амжилт олсон байна.

Вьетнам улсын хувьд эдийн засгийг төрөөс төвлөрөн удирдах тогтолцоо 1986 оныг хүртэл хэрэгжиж байсан бөгөөд Вьетнамын Засгийн газар “doi moi” буюу “шинэ санаачлага” хөтөлбөрийг төрийн өмчит компаниуд дээрээ хэрэгжүүлэхдээ чөлөөт зах зээл дээр өөрийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л шийдвэрээ бие даан гаргах эрхийг тэдгээрийн удирдлагад олгосон байна. Засгийн газрын энэхүү шийдвэрээс болж чөлөөт зах зээл дээр төрийн дэмжлэггүй шууд өрсөлдөөнд орсон олон арван төрийн өмчит компаниуд хүний нөөцийн асуудалтай тулгарсан бөгөөд зарим нь олон арван ажилчдаа халах, цомхотгохоос өөр аргагүй болсон төдийгүй дампуурлаа зарлахад ч хүрч байжээ. Гэсэн ч үүнээс хойш арван жилийн дараа төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа тогтворжиж (тухайн үед 6250 төрийн өмчит аж ахуйн нэгж ажиллаж байв.) дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин нь нэмэгдсэн байна. Вьетнам улсын хувьд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байх үед төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг улсын төсөвт тусган санхүүжүүлдэг, Засгийн газар нь төрийн өмчид компанийн гол ханган нийлүүлэгч, мөн үйлчлүүлэгч нь болдог байв. Бүтээгдэхүүний нэр төрлийг Засгийн газраас чиглүүлж, эргээд бэлэн болсон бүтээгдэхүүн Засгийн газраар дамжиж түгээгддэг байв. Энэ үед төрийн өмчит компанийн удирдлагын зүгээс худалдан авагчдын сэтгэл ханамжийн байдал, хүний нөөцийн хөгжлийн асуудлыг анхаарах шаардлага огт байхгүй байсан бөгөөд төрийн өмчит компанийн удирдлагуудад чөлөөт зах зээлийн өрсөлдөөний талаарх мэдлэг, ур чадвар ч хэрэггүй байжээ. Ингээд 1980-аад оны сүүлийн хагаст хэрэгжиж эхэлсэн “doi moi” хөтөлбөрийн үр шимээр төрийн өмчит компаниуд хүний нөөцийн бодлогоо зах зээлийн зарчимд нийцүүлэнбие даан шийдвэрлэх боломжтой болсон байна.

Аливаа компанийн хүний нөөцийн хөгжил нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ашиг орлогыг өсгөхөд чиглэсэн стратегийн маш том бодлого байдаг тул менежментийн урьдчилан төлөвлөсөн, үе шат бүхий бодлогыг төрийн өмчит компаниудад бусад хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн нэгэн адил хэрэгжүүлж чадвал ажилчдын дундах шударга өрсөлдөөн нэмэгдэх, улмаар байгууллагын үйл ажиллагаа сайжрах боломж бүрддэг гэж үздэг. Энэ бүхнийг албан хаагчдыг сургах, хөгжүүлэх хөтөлбөрийн үндсэн дээр эхний ээлжинд хэрэгжүүлэх шаардлагатай байдгийг Хүний нөөцийн хөгжлийн зарчим (1989) номдоо Жэй.Гиллей болон С.Эгланд нар тайлбарласан байна. Төрийн өмчит компанийн хүний нөөцийг сургах, хөгжүүлэх хөтөлбөрийн оролцогч талууд нь төрийн албаны мерит тогтолцооны тусламжтай хэрэгжвэл илүү амжилтад хүрдэг болохыг тэд нотлохыг оролджээ. Тухайлбал, шинээр ажилд орж байгаа, бүрэн дадлагажаагүй ажилчдыг бүтээгдэхүүний орц гэж үзвэл сургах, хөгжүүлэх хөтөлбөрийг тодорхой үе шаттай, тодорхой хугацаанд хэрэгжүүлсний дараа урам зориг бүхий эрч хүчтэй, ур чадвартай ажилчид, менежерүүдийг бэлтгэн гаргаж болно гэж үздэг байна.

Төрийн өмчийн компаниудыг хувьчлах тохиолдолд юуны өмнө тэдгээр компаниудад хүний нөөцийн бодлогоо бие даан хэрэгжүүлэх боломжийг олгож, тодорхой хугацаанд үйл ажиллагааг нь тогтворжуулах, үүний дараа бүрэн хувьчлах эсэх асуудлыг шийдвэрлэх нь төрийн өмчийг эзэнгүйдүүлэх, үрэн тарах хийхээс сэргийлэх чухал хэрэгсэл болно гэж хэлж болно.

Дээрх цөөн тооны жишээ, баримтуудаас авч үзвэл манай улсад төрийн өмчит компаниудын засаглалын бодлого, хүний нөөцийн бие даасан байдлыг хангахад чиглэсэн дараах дорвитой арга хэмжээ авах нь зөв юм. Тухайлбал,

• Төрийн өмчит компаниудын эрхэм зорилго, үнэт зүйлсийг оновчтой тодорхойлсны үндсэн дээр хүний нөөцийн хөгжлийн нэн тодорхой бодлогыг хэрэгжүүлэх боломжийг олгох

• Хүний нөөцийн хөгжлийн бодлогыг чөлөөт зах зээлийн зарчимд нийцүүлэн хэрэгжүүлэх, тухайлбал, ажилтныг шилж сонгох, сургах, урамшуулах зэрэг үйл ажиллагаа тус бүрийг өрсөлдөхүйц, эрч хүчтэй ажиллах хүчнийг бүрдүүлэхэд чиглүүлэн хэрэгжүүлэх

• Ажилчдыг сургах, сайн дурын боловсролд хамруулах, менежментийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэгт тусгай төсөв гаргаж захиран зарцуулах зэргийг хэлж болно.

Эцэст нь тэмдэглэхэд байгууллагын үндсэн нөөцүүд дотроос хамгийн чухал нь хүний нөөц бөгөөд шавхагдашгүй шинжтэй байдгаараа нэн онцлог юм. Гэтэл төр угаас муу менежер гэж нэрлэгддэг тул аливаа төрийн өмчит компанийн доторхи хүн хүчийг бүрдүүлэх, хөгжүүлэх, дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг үйл ажиллагааг гаднаас хэрэгжүүлэх боломж хомс билээ. Иймд төрийн өмчит компаниудын хувьд хүний нөөцийн талаар зохистой бодлого боловсруулж баримтлах, компанийг үр дүнтэй зөв удирдах боломжийг тухайн компанид өөрт нь олгох нь хамгийн оновчтой шийдэл болох бөгөөд эргээд энэ нь төрд үр ашгаа өгч чаддаг байна.

Г.АГАР-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Корона вирус манайд илрээгүй хэдий ч халдвар орж ирэх магадлал өндөр гэнэ

-ТЭМЭЭНИЙ МАХ, ТҮҮХИЙ СҮҮ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА-

Өнгөрсөн сарын дундаас эхлэн MERS буюу корона вирусээр халдварласан тохиолдол БНСУ-ын Бусан хотод бүртгэгдсэн. Уг вирус хамгийн анх 2012 оны есдүгээр сард Дундад Ази орчимд бүртгэгдэж байжээ. Түүнээс хойших 1200 гаруй тохиолдлыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бүртгэж авсан гэнэ. Корона вирус нь ерөнхийдөө 2002 онд дэгдэж байсан SARS-тай төстэй, шинэ төрлийн амьсгалын замын вирус юм байна. Албан ёсны эх сурвалжаас өчигдөр авсан мэдээллээр лабораторийн шинжилгээгээр 64 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас бараад байгаа ажээ. Өнгөрсөн жил Малайз, Сингапурт тус бүр гурван хүн корона вирусийн халдвараар өвчилж байсан гэнэ. Харин энэ удаад газарзүйн байрлалаар Монголтой нэлээн ойртож байгаа нь халдвар орж ирэх магадлалыг нэмэгдүүлж байгаа ажээ. Тавдугаар сарын сүүлээр БНХАУ-д нэг хүн корона вирустэй гэдэг нь лабораториор бүртгэгдээд байна. Аюулын харанга ийм ойрхон дэлдэж байхад манай улс ямархуу бэлтгэлтэй байгааг сурвалжлахаар “Чингэс хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр очлоо.

Манай улсаас БНСУ-ын Сөүл хот руу өдөрт хоёр удаа онгоц нисдэг юм байна. Дунджаар 500-540 хүн ирдэг гэсэн үг. Тиймээсэнэ сарын 4-нөөс эхлэн Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигчдыг эрүүл мэндийн тодорхойлолт бөглүүлэхийн зэрэгцээ биеийн халууныг нь хэмжиж байгаа юм байна. Өчигдрийн байдлаар Сөүлээс ирж байгаа 2189 зорчигч, 89 агаарын хөлгийн бие бүрэлдэхүүнээс дээрх тодорхойлолтыг авчээ. Эдгээр хүний дотор халдварт өвчний шинж тэмдэгтэй болон халдвартай хүнтэй ойр байсан хүн байгаагүй гэнэ. Өчигдөр 12 цагийн орчимд Буянт-Ухаа боомт дээр очиход олон улсын чиглэлийн нислэг байсангүй. Гэхдээ нисэх дээр ирж байгаа хүмүүст халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай зөвлөгөө бүхий тараах хуудас өгч байв. Хилээр орж ирж байгаа хүмүүсийг хянах камер дээр халуун хэмжигч байрлуулан шалгаж байгаа юм байна. Хэрэв халуунтай хүн байвал тусгай өрөөнд оруулан мэргэжлийн эмч нар үзлэг хийж юунаас болж халуурч байгааг тогтоож байгаа ажээ. Үүнээс өөрөөр зорчигчдыг хянах боломжгүй гэсэн. Хэрэв тухайн хүн халдвар авсан бол биеийн байдлаас хамаарч нэгээс гурав хоногийн дотор халуурч эхлэх юм байна. Манай улсын иргэдийн хувьд хамгийн их зорчдог хот нь Бээжин, Сөүл.

Солонгост илэрсэн анх­ны тохиолдол эмнэлгийн нөхцөлөөр дамжиж өвчтөнд халдварлажээ. Тухайн иргэн Арабын улсуудаас нутагтаа ирээд хатгаа авч эмнэлэгт хэвтсэн гэнэ. Удалгүй корона вирусээр өвчилсөн байна. Түүнтэй хамт эмнэлгийн нэг өрөөнд хэвтэж байсан болон эргэж тойрч байсан хүмүүс халдвар аваад байгаа ажээ. Мөн эмнэлгийн ажилтан, өвчтөний гэр бүлтэй ойр бай­сан хоёр мянга гаруй хүнийг тусгаарлаад байгаа гэсэн. Хэрэв манай улсад ийм төрлийн вирус ороод ирлээ гэхэд ямархуу бэлтгэлтэй байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн их эмч Ч.Уртнасангаас тодрууллаа.

-Корона вирусийн то­хиолдол манайд илэрсэн үү?

-Илрээгүй байгаа. Хэр­вээ яг одоо халдварын сэ­жиг илэрсэн тохиолдолд Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарлана. Манай эмнэлэг одоогоор улаан бурхны өвчлөлтэй холбоотойгоор ачаалал ихтэй байна. Өнөөдрийн байдлаар манай эмнэлгийн хэмжээнд 800 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 620 нь улаан бурхан өвчний оноштой байгаа. Харин корона вирусийн халдвар гарсантай холбогдуулан ХӨСҮТ-ийн шинэ сэргэж буй халдварын блок тусгаарлах тасгуудаас нийт дөрвөн өрөөг бэлэн болгож чөлөөлсөн. Халуураад ирж байгаа хүнийг оношлох, үр дүнтэй эмчлэх арга хайж байгаа. Эмч нар маань ч мэдээлэл сайтай байна.

-Хэрэв вирусийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Хамгийн түрүүнд өвч­төнийг тусгаарлах арга хэмжээ авна. Өнгөрсөн сарын 3-ны өдөр Эрүүл мэндийн яаман дээр холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллан уг вирусийн халдвар Монголд орж ирэх нөхцөл, шалтгаан байгаа эсэхэд үнэлгээ өгөхөд дунд зэрэг болон түүнээс дээш эрсдэл байна гэсэн хариу гарсан. Иймд Эрүүл мэндийн сайдын зөвлөлд танилцуулж, бэлэн байдлыг хангах тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байна. Гурван зүйл, 29 арга хэмжээ авах төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байгаа.

-Өвчилсөн тохиолдолд ямар эмчилгээ хийх вэ?

-Одоогоор тэрийг хийнэ гэх эмчилгээ алга. Харин илэрч буй шинж тэмдэгтэй холбоотой эмчилгээ хийж байна. Тухайлбал толгойн өвдөлтийг багасгаж, халууныг буулгана. Гол нь уушгины хүндрэл, амьсгалын замын доод хэсгийн хатгаа, бөөр, зүрхний дутагдал гэсэн шинж илэрвэл хүндрэх магадлалтай гэж үзэж байгаа. Тиймээс аппарат, багаж ашиглан ихэнх эмчилгээг хийнэ. Одоогоор зарим багаж бэлэн болсон бол нэмж авах асуудал дээр олон улсын байгууллагуудад хандчихаад байгаа.

-Вирусийн халдвар авах­гүйн тулд яах ёстой вэ?

-Онц шаардлагагүй бол гадуур гаралгүй гэртээ байхыг зөвлөе. Учир нь тус вирусийн халдвар авсан хүн нууц үедээ буюу ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байхад Монголд ирсэн байх магадлал өндөр. Тиймээс гадаад, тэр дундаа Солонгосоос ирсэн хүмүүс 14 хоногийн турш гэр бүл болон нийгмээс тусгаарлагдмал байвал олонд тустай гэдгийг сануулъя.

-Ямар насныхан өртөх магадлал ихтэй вэ?

-Арабын нэгдсэн Эмират улсад бүртгэгдсэнээс хойш янз бүрийн насныхан өвчилж байгаа. Тэгэхээр хэн ч өвчлөх магадлалтай. Халдварлахдаа амьсгалын зам, агаар дуслаар дамж­даг. Мөн орчны бохирдол буюу бохир гар, бохир хүнс, бохир эд зүйл гэх мэтээр дамжин халдварлаж болно.

-Урьдчилан сэр­гий­лэхийн тулд яах вэ?

-БНСУ руу аль болох явах­гүй байхыг зөвлөж байна. Ганц Сөүл биш өөр хэд хэдэн хотод халдвар илэрсэн. Зайлшгүй явах шаардлагатай бол хувийн ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Гараа тогтмол угааж, амны хаалт зүүж, ханиаж найтаахдаа нус цэрээ ил хаяхгүй байх, биедээ ариутгалын бодис буюу “Санитол” байнга авч яваарай. Түүнээс гадна өөрийн орчин тойрон, амьдарч буй өрөө тасалгаагаа цэвэрлэн, тогтмол ариутгах, усаа сайн буцалгаж хоол хүнсний зүй­лийг бүрэн боловсруулж идэх шаардлагатай. Онцын шаардлагагүй бол нийтийн үйлчилгээний байгууллага, ялангуяа мал амьтны захаар орохгүй байх хэрэгтэй. Онцгой анхааруулахад тэмээний мах, түүхий сүү хэрэглэж болохгүй. Хэрэв ханиасан, халуурсан, толгой нь өвдөж байгаа хүн байвал тусгай зориулалтын хамгаалах хувцасгүйгээр нэг метр доторх зайд ойртож харьцахгүй байгаарай.

-Вакцин гаргаж байгаа болов уу?

-Одоогоор корона виру­сийн эсрэг тарих вакцин байхгүй байна.

КОРОНА ВИРУСЭЭР АХМАД НАСНЫХАН ӨВЧЛӨХ МАГАДЛАЛ ХАМГИЙН ӨНДӨР

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас корона ви­русийн халдвар авсан то­хиолдлын бараг тал хувь нь амиа алддаг болохыг тог­­­тоожээ. Тэмээний вирус гэх МЕRS-СоV-ийн халдвар одоогоос гурван жил өмнө анх удаа тэмээнээс хүнд халд­варлажээ. Саудын Арабын нэгэн тэмээчин МЕRS-СоV-ийн халдвар авснаар энэ өвчнийг хүнд тархсан гэж үздэг.

МЕRS-СоV-ийн халд­вар­тай өвчтөн бүрийг эрт илрүүлэх боломжгүй юм бай­на.

Өндөр эрсдэлтэй хү­мүүст чихрийн шижин, бөөрний ду­тагдал, уушгины архаг өвчин, дархлал дарангуйлагдсан болон өндөр настай хүмүүс багтдаг юм байна. Тэмээний ферм болон захаар зорчихдоо тэ­мээнд хүрэхээс зайлсхийх, тэмээний түүхий сүү болон бүрэн болгоогүй махыг идэх­гүй байхыг ч мэргэжлийн бай­гууллага сэрэмжлүүлж байгаа юм

MERSбуюу Midle east respiratory хэмээх SARS-тай төстэй уг вирусийн нэрш­лийг орчуулбал “Гэрэлт цагираг”, “Титэм” гэсэн утга илэрхийлдэг латин үг аж. Корона вирусийг 1960-аад оны дунд үеэс нарийн судлах болсон юм байна.

Альфа, бета, гамма, бэл­чир гэсэн үндсэн дөрвөн ан­гилалтай бөгөөд хүнд халд­варлаж болох 229E NL63, OC43, HKU1 зэрэг зургаан төрөл байдаг гэнэ. SARS сар­магчин, илбэнх, муур, нохой, мэрэгчдээс хүнд халдвар бол MERS нь тэмээ, сарьсан багваахайнаас хүнд халддаг.

Энэ өвчний вирусээр хэн ч халдварлаж болох бөгөөд тэрэн дундаа өсвөр насны хүүхдүүд халдвар авах хамгийн их магадлалтай гэнэ. Эл вирус намар, өвлийн үед идэвхждэг ч сүүлийн үед жилийн аль ч улиралд идэвхтэй болоод байгаа аж.

Амьсгалын замын өвчин үүсгэдэг МERS вирусийг тэмээнээс илэрсэн гэдгээр нь малын гаралтай гэж тодотгоод байгаа юм байна. Иордан, Кувейт, Оман, Катар, Сау­дын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Йемен, Франц, Герман, Грек, Итали, Их Британи, Тунис, Египет, Ма­лайз, Филиппин, Америкийн Нэгдсэн Улс, Өмнөд Солонгос зэрэг улсуудад MERS-ийн халдвар бүртгэгдээд байна. Бүртгэгдсэн сэжигтэй то­хиолдлуудын арван хүн тутмын гурав нь нас барж байгаа гэнэ.

Зарим эрдэмтэд MERS вирусийг ганц бөхтэй тэ­мээнээс гаралтай гэдгийг үгүйсгэж ямаа, үхэр, хонь, одос үхэр, гахай, шувуу, за­рим зэрлэг амьтдын биеийг шинжлэхэд корона төрлийн вирус ил­рээгүй аж.

Одоогоор уг вирусийг устгах ямар нэг эмчилгээ, эм тариа байхгүй ч эрсдэлийг бууруулах арга зам бий гэж зөвлөж байна. Гараа багаар бодоход 20 секундийн турш савандан угааж, ханиалгаж найтаахдаа хамар, амаа таг­лах,гэр орон, эргэн тойрноо ариутгаж, халдваргүйжүүлэх, гараараа нүүр, ам, хамар, нүдэндээ аль болох хүрэхгүй байх, мөн сэжигтэй хүмүүсийн хэрэглэсэн аяга, сав суулга болон бусад зүйлсийг ху­ваалцахгүй байхыг дэлхий нийтэд зөвлөж байгаа юм.

Д.САРУУЛ

С.АЛТАНЦЭЦЭГ

Э.ТҮМЭНЦЭЦЭГ

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Р.Гончигдорж: Ерөнхийлөгчийн УИХ, Засгийн газартайгаа хуваалцаж байсан гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийн оролцоог хумьж байгаа

-ЖИШЭЭ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗҮГЭЭС ХУУЛЬ САНААЧЛАХЫГ БОЛИУЛСАН-

УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржтой Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярилцлаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг ажлын хэсэг боловсруулаад бараг дууссан гэсэн. Эцэг хуулиа ямар хэмжээнд өөрчлөхөөр болов?

-Гурван багц асуудал дээр өөрчлөлт хийхээр яригдаж байна. Тодруулбал, манайх парламентын бүгд найрамдах улс. Өнөөдрийг хүртэл явж ирсэн зарим сорилтуудыг парламентын бүгд найрамдах улсын хувьд авч үзэхэд холимог шинжтэй байгаа. Үндсэн хуулийн онолчид ч тэгж хэлдэг. “УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хуваарилалт, Ерөнхийлөгч Засгийн газар, Ерөнхийлөгч УИХ-ын эрх мэдлийн хуваарилалт нь өнөөдөр дэлхийн сонгодог жишгээс өөр зарчимтай байна. Энэ нь явцын дунд тодорхой бэрхшээлүүдийг үүсгэж болдог” гэдэг. Тийм тохиолдлууд ч өнгөрсөн хугацаанд ажиглагдлаа. Нөгөө талдаа нутаг дэвсгэр, засаг захиргааны хувьд асуудлууд байдаг. Жишээ нь Эрдэнэт, Дархан, Улаанбаатар нь хот уу, нутаг дэвсгэрийн тусгай бүтэц үү. Хар хорин, Зүүн хараа, аймгийн төвийн хот Засаг захиргааны нэгж байх уу, үүнд харьяалагдахгүй юм бол Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар явмаар байна гэдэг яриа олон жил гарсан. Эсвэл орон нутгийн сонгуульд улс төрийн намууд оролцож анхан шатандаа хүртэл намаар талцдаг гэсэн асуудлууд байдаг. Тиймээс УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллаад тодорхой саналуудыг гарган ажилласан. Ерөнхийдөө Үндсэн хуульд нутаг дэвсгэр, засаг захиргааны удирдлага нь төрийн удирдлагыг өөрийн удирдлагатай хослуулна гэж тунхагласан нь хатуу зарчим хэвээрээ байна. Үүнийг хэрэгжүүлэх хэлбэр нь ямар байх вэ гэх зэргээр өөрчлөлтүүд нь орж байгаа.

-Үндсэн хуулийг үндсээр нь өөрчилж байгаа юм уу. Яг хэдэн зүйл заалт, дагалдаж хэдэн хуульд өөрчлөлт орох вэ?

-Тоо ярихаар хүмүүс их том өөрчлөлт орох нь гээд шүүмжлээд эхэлдэг юм. УИХ-тай холбоотой асуудлуудыг яривал парламент хэдэн гишүүнтэй байх вэ гэдэг тухай яриа байгаа. Монгол Улс өнөөдөр гурван сая гаруй хүн амтай болчихлоо. Үндсэн хууль батлагдаж байх үед хоёр сая орчим хүн амтай байж. Нөгөө хүчин зүйл нь ижил төстэй хүн амтай, нутаг дэвсгэртэй бусад орнуудын парламентад 100 гаруй гишүүн суудаг юм байна. Тийм учраас уг асуудлыг хөндөж байгаа. Гэхдээ тодорхой санал орж ирээгүй байна. Ер нь бол үүнийг хажуугийн асуудал гэж ойлгож болно.

-Тэгвэл гол өөрчлөлт нь юу юм бэ?

-Гол өөрчлөлт нь УИХ болоод Засгийн газар хоорондын харилцаа юм. Тиймээс одоо засаг нь Засгийн газар шиг, Ерөнхий сайд нь Ерөнхий сайд шигээ байг. Өнөөдрийнх шиг Засгийн газар нь УИХ-аасаа хэт их хамааралтай, Ерөнхий сайд кабинетаараа шийдчих зүйлд УИХ оролцоод яваад байж болохгүй. Томоохон төслүүдийг хэлэлцэж байгаа өнөөдрийн жишээ ч ийм байна. Хэдэн сайдыг нь огцруулна гэж хэлэхэд л улс төрийн тогтворгүй байдал үүсдэг. Энэ нь гадна талд итгэлцлийн итгэлцүүрийг бууруулах сөрөг нөлөөтэй. Ингэж Засгийн газрын оршин тогтнох байдал нь хэврэг байгаа учраас энэ заагийг илүү тодорхой гаргаж өгөх ёстой гэж үзэж байгаа юм. Тиймдээ ч олонхиос Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн санал болгосон хүнийг Ерөнхийлөгч шууд УИХ руу оруулж ирж танилцуулдаг болох хэрэгтэй гэж үзэж байна. Энэ нь Ерөнхий сайдыг томилсон шийдвэр болж гардаг байх ёстой. Нэг ёсондоо олонхи шийдчихээд оруулж ирж байхад УИХ дээр дахиад л санал хурааж улс төрийн асуудал үүсгэдгийг больё гэж байгаа хэрэг. Товчхондоо олонхи бүрдлээ, Ерөнхий сайдаа тодрууллаа түүнийг нь Ерөнхийлөгч харна, өөрчилнө гэлгүйгээр батламжилдаг болох санал орсон.

-Засгийн газар тогтвортой байх асуудалд хамгийн их анхаарч Үндсэн хуулийн өөрчлөлтийг боловсруулсан гээд байгаа. Үүнийг ямар заалтаар яаж хангах юм бэ?

-Олонхи гэж юу байдаг юм бэ гэдгийг тодорхой болгож Үндсэн хуулийн заалтуудаа тодотгож байгаа. Жишээ нь УИХ-д нэг нам дангаараа 50 ба түүнээс дээш хувийн санал авсан бол олонхи байна. Тийм биш бол хамгийн олон суудал авсан нам нь бусад нам, эвслүүдтэйгээ олонхийг бүрдүүлнэ. Ингэж чадахгүй бол УИХ-д суудал авсан нам эвслүүд бүгдээрээ хамтраад олонхийг бүрдүүлнэ гэж тодорхой зааж өгье гэж байгаа. Энэ заалтыг Үндсэн хуульд оруулж өгөхгүй бол тухайн үеийн улс төрийн намуудын хоорондын зөвшилцлийн гол бай болчихоод байна. Арай гэж нэг олонхийг бүрдүүлээд ажиллаж эхлэхэд дараагийн олонхи бүрдэж гарч ирээд байдаг. Ерөөсөө олонхи гэдэг ойлголт тогтвортой байж тэндээс байгуулагдсан Засгийн газар тогтвортой ажиллана гэж үзэж байгаа юм.

-Засгийн газар бүрдэх гэж уддаг. Нам эвслүүд, фракц бүлэглэлийн хоорондын яриа хэлэлцээрээр шийдэгддэг гэж болно. Үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ямар түвшинд авч үзсэн бэ?

-Ерөнхий сайд кабинетын гишүүдээ Ерөнхийлөгч болоод УИХ-д танилцуулснаар томилсон шийдвэр шууд гарна. “Ерөнхий сайд та элдэв шантааж, яриа хэлэлцээрт татагдалгүйгээр кабинетаа бүрдүүл. Түүнийг чинь УИХ батламжлаад томилгоог шууд хийнэ” гэж байгаа юм. Өнөөдөр бол Ерөнхий сайд нь сайхан кабинет бүрдүүлчихээд ирэхэд зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гээд цөмлөөд байдаг. Бас УИХ, Ерөнхийлөгчөөс хамааралтай, аргадаж гуйдаг, тэднээс тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэг хүлээдэг. Энэ байдал л бидний өнөөдрийн алдаа. Тэгээд ч Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн Үндсэн хуульдаа байвал зүгээр юм биш үү гээд есөн яам, сайдтай байхаар зааж өгч байгаа. Харин тухайн нөхцөл байдлаасаа хамаараад Ерөнхий сайд нь гурав хүртэл сайдыг нэмж томилуулж болно. Яамгүй сайд томилогдвол Засгийн газар хамгийн ихдээ 13 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг. Харин хамгийн цөөндөө 10 сайдаас кабинет бүрдэнэ.

-Засаг ямар бүтэцтэй байхыг тодорхой болгочихсон гэсэн үг үү?

-Сангийн яам, Дотоод хэрэг, Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Байгаль орчин, хөгжлийн яам, Батлан хамгаалахын яам, Гэгээрлийн яам, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яам, хөдөө аж ахуйн яам, Дэд бүтцийн яам гэсэн бүтэц, бүрэлдэхүүнтэй байна. Тодорхой асуудал эрхэлсэн гурваас илүүгүй сайдтай байж болно гэж үзсэн нь энэ.

-Ерөнхий сайд, Засгийн газар, зарим сайдад хариуцлага тооцох асуудлыг яаж зохицуулах юм бол?

-Ерөнхий сайдыг огцруулах асуудал тийм ч хэврэг байхгүй. Өнөөдөр хэдэн гишүүн өргөн бариад асуудал улс төр болдог, шантаажны хэлбэрт шилждэг гэж шүүмжлүүлээд байгаа. Нэг Ерөнхий сайдаа огцруулчихаад дараагийн Ерөнхий сайд нь тодрохгүй баахан хугацаа алддаг гашуун түүхийг ч бид хангалттай л амслаа. Тийм ч учраас УИХ-ын нийт гишүүдийн 50-иас дээш хувь нь Ерөнхий сайдыг огцруулъя, дараагийн Ерөнхий сайдаар энэ хүнийг тодруулж байна гээд хамтатгаад оруулж ирдэг болох ёстой гэж үзсэн. Түүний эцэст УИХ Ерөнхий сайдыг огцруулах, томилох асуудлыг нэгэн зэрэг шийдээд явна. Товчхондоо Ерөнхий сайдыг огцруулах орны хүнийг нь сонгох асуудал хөндөгдвөл дундаа ямар ч завсар зай гарахгүй болно. Харин Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд бүрэн хариуцна. Хариуцлага тооцох асуудлаа ч өөрөө УИХ-д оруулна.

-Дан давхар дээлний асуудлыг яаж зохицуулах вэ?

-Ерөнхий сайд ба Засгийн газрын гишүүдийн гуравны нэг хувь хүртэлх сайд нь УИХ-аас томилогдож болно гэсэн байдлаар яригдаж байна. Бүр тодруулбал Ерөнхий сайд дээр нэмэх нь гурав нийлээд Засгийн газрын дөрвөн гишүүнийг УИХ-аас томилон ажиллуулах боломж бүрдэх байх.

-Үндсэн хууль өөрчлөгдвөл Ерөнхийлөгчийн эрх мэдэл ихээхэн хумигдана гэсэн үү?

-Ийм тохиолдолд Ерөнхийлөгчийн УИХ, Засгийн газартайгаа хуваалцаж байсангүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийн зарим оролцоог хумих хэрэгтэй гэж үзсэн. Жишээ нь хууль санаачлах эрх УИХ, Засгийн газарт байна гэж үзээд Ерөнхийлөгчийн зүгээс хууль санаачлахыг болиулахаар ярилцаж байна. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийг өөрчилье гэж ярилцсан. Сонгохдоо 21 аймаг, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотын ИТХ-ын дарга нарыг оролцуулан Ерөнхийлөгчийг сонгох зөвлөл байгуулагдана. Мэдээж УИХ-ын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож УИХ-аас тогтоолоо гаргадаг болох уу гэсэн санал байгаа.

-Олонхиос Ерөнхийлөгчийг сонгодог болно гэсэн үг үү?

-УИХ-ын 76 гишүүн дээр нэмдэг нь 21 аймаг, гурван хотын ИТХ-ын дарга буюу 100 хүнээс Ерөнхийлөгч сонгогдоно. Хэрвээ УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэх юм бол тэр хэрээрээ Ерөнхийлөгчийг сонгох кноп нэмэгдэнэ гэсэн үг. Ингэж л Ерөнхийлөгчөөс Засгийн газрын хийх ажил руу үүрэг чиглэл өгдөг зэрэг оролцоог халъя гэж байгаа.

-Ерөнхийлөгчийн нас хүйс, хариуцлага тооцох гэх мэт бусад асуудалд ямар заалт боловсруулсан бол?

-Тэр бол жижиг асуудлууд нь учраас бусад хуулиараа зохицуулаад явчихна. Хариуцлагын тухайд одооны Үндсэн хуульд ч тусгайлан заагдсан байдаг. Үндсэн хууль зөрчсөн болон бусад шалтгаанаар Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг УИХ шийдэх эрх мэдэлтэй байгаа шүү дээ.

-Ерөнхийлөгчийн эрх хумигдаж, Ерөнхий сайдын эрх, үүрэг нэмэгдэнэ гэнэ. Үүнтэй холбоотой зохицуулалтыг УИХ хийх нь. Харин УИХ-ын түвшинд ямар өөрчлөлт орох бол?

-УИХ-д бүлэг бүрээс дэд даргатай байсныг зөвхөн нэг дэд даргатай байхаар тусгахаар болсон. Тэгээд нууц саналд хураалтаар нэг л хүнийг УИХ-ын дэд даргаар сонгоно. Бас УИХ-ын хэлэлцэх асуудлыг нь зааж өгөх үү гэх мэтээр саналууд бий. Компанитай холбоотой асуудлыг УИХ биш, Засгийн газар, бүр компани нь өөрөө шийдээд явчих боломжтой учраас үүнд УИХ хутгалддаг байж болох уу. Асуудлыг шийдэх эрх нь Засгийн газарт байдаг. Тиймээс энэ заагийг л Үндсэн хуулийн өөрчлөлтөөр илүү тодорхой болгож өгөх санал байгаа юм. Үндсэн хуульд ерөнхийдөө гурван үндсэн чиглэлээр өөрчлөлт оруулъя гэж байгаагаас үлдсэн нь нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжтэй холбоотой. Нутаг дэвсгэрийн тухайд Монгол Улс нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт болон аймгуудад, аймаг нь сумдад, хот нь хороодод, сум нь багт хуваагдана. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт нь засаг захиргааны тусгай нэгж байна. Тэгээд удирдлагын эрх хэмжээ, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалтыг хуулиар журамлая гэж байгаа. Энэ гурван хот дүүрэгтэй байх уу, зөвхөн хороодтой байх юм уу. Дүүрэг нь ямар байх юм гэдгийг тусгайлсан хууль гаргаж зохицуулахаар яригдаж байгаа гэсэн үг. Ингэснээр одоогийн аймгууд хот, сумдад хуваагдана. Архангай аймгийн төв л гэхэд Цэцэрлэг хот болж сумтайгаа адилтгасан засаг захиргааны нэгж болно.

-Орон нутгийн сонгуулийг яаж явуулдаг болох вэ?

-Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэх нутаг дэвсгэрийн тусгай нэгж болон аймгуудын ИТХ-ын дөрвөн жилийн хугацаатайгаар хот, сумын ИТХ-ыг гурван жилийн хугацаатайгаар сонгоно. Сонгохдоо сумын ИТХ-ын гишүүнийг багийн нийтийн хурлаас нэр дэвшүүлээд сонгочихно. Аймгийнхаа ИТХ-ын гишүүдийг сумын ИТХ нь нэр дэвшүүлээд сонгоно. Энд улс төрийн намууд нэр дэвшүүлж оролцохгүй. Харин Засаг даргыг нь шууд томилгоогоор шийдэх боломжтой гэж үзсэн. Ерөнхий сайд Дархан, Эрдэнэт, Улаанбаатар болон аймгийн Засаг даргыг дөрвөн жилийн хугацаатайгаар томилоод баг, хорооны Засаг даргыг сум, хотын Засаг дарга нь томилно. Сум, хотын Засаг даргыг нийт ард иргэдээс сонгоё гэсэн саналд ажлын хэсэг санал нэгдсэн.

-Тэгвэл хариуцлагаа яаж тооцох юм?

-Баг, хорооны Засаг даргыг сум хотынх нь, сум хотын Засаг даргыг аймгийн Засаг дарга нь 21 аймаг болон Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн Засаг даргыг Ерөнхий сайд нь огцруулах болон чөлөөлөх асуудлыг хариуцна. Хэтэрхий эрх дархтай Засаг даргатай болох нь гэсэн шүүмжлэл байгаа ч дээд шатныхаа Засаг даргын шууд удирдлага дор байна. Тийм учраас огцруулах, чөлөөлөх асуудлыг дээд шатны Засаг дарга шийдэх боломжийг олгох нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Үндсэн өөрчлөлтүүд гэвэл ердөө энэ. Ийм хэмжээний өөрчлөлт хийгдэж байгаа учраас бусад заалт, бусад хуулиудад жижиг өөрчлөлт орох нь ойлгомжтой. Товчхондоо парламентын бүгд найрамдах улсын хувьд Засгийн газар, УИХ-ын эрх мэдлийн хуваарилалтуудыг ойлгомжтой болгож, кабинетыг УИХ-ын өмнө Ерөнхий сайд нь хариуцдаг учраас байх ёстой бүх эрх мэдлийг нь өгнө. Засгийн газар нь тогтвортой ажиллах, тогтвортой олонхи байх боломжийг олгохоор улс төрийн үүднээс үүсдэг хүндрэл арилна гэж үзэж байгаа. Яг үүнтэйгээ холбогдуулаад Ерөнхийлөгчийн сонгууль, бүрэн эрх зэргийг холбогдох хуулиараа зохицуулаад өгчихнө. Тэгээд Засаг захиргааны нэгж дээрээ хот, засаг захиргааны нэгж байх тухай асуудлыг нь шийдэж өгөөд сонгуулийг нь доороосоо дээшээ улс төрийн намуудын оролцоогүйгээр сонгогддог болгох ийм л санаа байгаа.

-Тэгвэл дордуулсан гэх долоон өөрчлөлтийн тухайд ямар нэгэн санал бий юу. Лав хоёрыг нь цэгцлэхээр болсон юм байна?

-Би дордуулсан долоон өөрчлөлт гэж үздэггүй. Юмыг эхнээс нь тэгээд нэрлэчихээр цаашаа тийм ойлголтыг өгөөд явчихдаг юм. Тэр долоон өөрчлөлт яагаад орсон юм, ямар учир холбогдолтой, ямар сорилтууд тулгараад хийсэн юм. Эсвэл өөрсдөдөө амар хялбар болгох гэж ийм өөрчлөлт оруулсан юм уу гэдэг асуултууд гарна. Үндсэн хууль өөрөө хөгжөөд явж байх ёстой. Тэр долоон өөрчлөлтийн нэгийг нь сая өөрчиллөө. Бүлэг бүрээс дэд даргатай байна, саналыг нь ил хураадаг болно гэж. Ийм өөрчлөлт орохын өмнө 1996 онд Ардчилсан холбоо эвсэл анх удаа олонхи болоод УИХ-ын даргаар намайг сонгосны дараа дэд даргын асуудал босоход манайх дэд даргаа авна гээд тэр үеийн МАХН УИХ-ын чуулганыг бүтэн сар зогсоосон. Яах ч аргагүй олонхиороо асуудлыг шийддэг учраас тэр өөрчлөлтийг оруулсан. Мөн олонхиос Ерөнхий сайдаар томилуулахаар нэр оруулж ирсэн бол Ерөнхийлөгч тав хоногийн дотор хариугаа өгнө. Өгөхгүй бол шууд УИХ руу оруулна гэсэн өөрчлөлт тэгэхэд орсон байдаг. Энэ асуудал яагаад босов гэхээр тэр үед манайх Ерөнхий сайдаа томилуулахын тулд хугацаа их алдсан байдаг. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд л гэхэд удаан хугацаанд үүрэг гүйцэтгэгч гэж явсан. Дараагийн Ерөнхий сайдыг нь тодруулахаар санал өгөхөд болохгүй, тэр хүмүүсийн нэг байвал болж байна гээд. Өөрөөр хэлбэл олонхи эрх мэдэлгүй болчихоод байсан хэрэг.

Олонхи хариуцлагаа хүлээгээд энэ хүнээр Ерөнхий сайдаар сонгоно гээд ажиллах боломжгүй байсан. Үндсэн хуулийн заалтыг тэгж хэрэглэсэн түүхтэй. Ойлгомжтой болгохын тулд тэр өөрчлөлтийг оруулсан. Ирцийн тухай асуудал байна. Гуравны хоёр нь бүрдэж байж чуулган хуралддаг байсныг ердийн олонхи болгосон ш дээ.

Ардчилсан холбоо эвсэл 50 гишүүнтэй байсан үе шүү дээ. МАХН 25 нэмэх нь О.Дашбалбар гишүүн. Тэр 26 гишүүн ирээгүй тохиолдолд чуулган хуралдах боломжгүй болдог. УИХ ийм шалтгаанаар хичнээн удаан хуралдаж чадалгүй бойкотонд орж байв. Тухайн өөрчлөлтүүдийг хийгээгүй бол өнөөдөр ч олонхи эрх мэдэлгүй хэвээрээ л байна гэсэн үг. Ер нь хүмүүс яваагүй замаа гоё гэж хараад байдаг тал бий.

Л.Мөнхтөр

Categories
мэдээ нийгэм

Шүүхээс уулзалт-ярилцлага зохион байгууллаа

Улсын Дээд шүүхээс “Шүүн таслах ажиллагаа, хууль хэрэглэх, тайлбарлах, шүүхээс гаргах шийдвэрийн талаарх практик” сэдэвт уулзалт-ярилцлагыг 2015 оны 6 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Уулзалт-ярилцлагад нийслэл болон Төв аймагт байрлах шүүхүүдийн нийт 190 гаруй шүүгч хамрагдав.
Иргэний эрх зүйн сэдвээрх уулзалт-ярилцлагыг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчид 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр удирдан явуулж, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1, 2, 3, 4 дүгээр шүүхүүд, Сум дундын 23 дугаар шүүхийн нийт 70 шахам шүүгч оролцжээ. Энэ үеэр Шүүхийн багц хууль, үзэл баримтлал, хэрэгжилт, зохиосон ажил, хүрсэн үр дүн, ач холбогдол, 2014, 2015 оны нэгдүгээр улирлын шүүн таслах ажиллагаа, алдаа зөрчлийн тойм, Иргэний хэргийн танхимын шүүн таслах ажиллагааны талаар баримталж буй бодлого, Хөдөлмөрийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал, ИХШХШТХ-д орсон өөрчлөлт болон бусад асуудлаар шүүгчид мэдээлэл сонсож, харилцан ярилцсан байна.
Эрүүгийн эрх зүйн сэдвээрх уулзалт-ярилцлагыг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдөр удирдан явуулсан бөгөөд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1, 2, 3, 4 дүгээр шүүхүүд, Сум дундын 23 дугаар шүүхийн нийт 80 шахам шүүгч оролцсон байна. Энэ үеэр 2014, 2015 оны 1 дүгээр улирлын шүүн таслах ажиллагаа, Эрүүгийн хэргийн танхимын шүүн таслах ажиллагааны талаар баримталж буй бодлого, Тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх ба хуулийн шаардлага, шүүхийн тогтоол гаргах үед шийдвэрлэвэл зохих асуудлууд, Процессын хуулийн үзэл баримтлал, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорихтой холбоотой зарим асуудлын талаар, Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн бүрэлдэхүүн, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан хэргийн зүйлчлэл зэрэг асуудлаар шүүгчид мэдээлэл сонсож, харилцан ярилцжээ.
Захиргааны эрх зүйн сэдвээрх уулзалт-ярилцлагыг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчид удирдан явуулсан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 15, 20 дугаар шүүхүүдийн нийт 40 гаруй шүүгч оролцсон аж. Энэ үеэр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь алдаа зөрчлийн тойм, анхаарах асуудал, Захиргааны хэргийн шүүхээс хууль хэрэглэх, тайлбарлах асуудал, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч байгаа процессын алдаа зөрчил, анхаарах асуудал, шүүх хуралдаан хойшилж байгаа шалтгаан зэрэг сэдвүүдээр мэдээлэл сонсож, харилцан ярилцсан байна.

Categories
мэдээ нийгэм

Японд Косен сургууль сурах сурагчдыг бүртгэж эхэлжээ

Монгол Улсын эдийн засгийн хурдацтай өсөлттэй уялдан аж үйлдвэрийн салбар, байгалийн баялаг дагасан боловсруулах үйлдвэр, дэд бүтцийн салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ түүнд ажиллах чадварлаг үндэсний боловсон хүчин инженерүүдийг бэлтгэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа билээ.
Энэ хүрээнд Япон Улсад 1000 инженер сургах “Инженерийн дээд боловсрол” төслийг амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд ирээдүйн хэрэгцээ шаардлагын үндсэн дээр Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн бүрэлдэхүүнд Технологийн Дээд Сургууль нэртэйгээр Японы Коосэнгийн практикт тулгуурласан сургалтыг боловсролын тогтолцоонд нэвтрүүлэн олон улсын жишиг сургалтыг явуулах загвар сургалтыг байгуулан ажиллаж байгаа аж.
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харьяа Японы Коосэн загварын Технологийн Дээд Сургууль нь Зам барилга, цахилгаан электроник, механикийн инженерийн ангиуддаа есдүгээр анги төгсөгчдийг элсүлж байна. Математик, физик, эссэ, ярилцлагаар шалгалт авах бөгөөд 2015 онд Ерөнхий боловсролын есдүгээр ангийг 80 хувиас дээш оноотой төгсөж инженер болох хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүдийг бүртгэх аж. Тус сургуулийн онцлог давуу тал нь 5 жил суралцуулж, 20 настай инженерүүдийг бэлтгэн гаргах юм байна.

Categories
мэдээ нийгэм

9.1 тонн нөөцийн мах борлуулжээ

Нийслэлчүүдийн хавар, зуны хэрэгцээнд зориулсан нөөцийн махыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс худалдаалж эхэлсэн. Нөөцийн махны борлуулалт энэ сарын 1-ны байдлаар 65 хувьтай байна. Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад махны менежер 6 компани нийт 14.5 мянган тонн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд 9,1 мянган тонныг борлуулжээ. Нөөцийн махны чанар сайжирсан болоод ч тэрүү худалдан авалт сайн байгаа аж. Энэ жилийн хувьд зах, дэлгүүрүүдэд зарагдаж байгаа махны үнэ харьцангуй тогтвортой байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Халхын анхдугаар Богдын наадмыг халхын их аварга эхлүүлсэн нь

Халхын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ой өнөө жил тохиож байна. Одоогоос 20 жилийн өмнө буюу 1995 онд 360 жилийнх нь ой тохиож Өвөрхангайн Есөнзүйлд даншиг наадам болсон юм. Уг наадмын ерөн­хий найруулагчаар төрийн хошой шагналт Нацагийн Жанцанноров ажиллажээ. Тэрээр Өндөр гэгээний нут­гийн хүн. Нутаг нугаа бодсон чиг уу, билэг авьяасыг нь биширсэн чиг үү, халхын анх­дугаар Богдынхоо ойг ёс төртэй эхлүүлэх өндөр хариуцлагыг өөртөө тохсон нь мэдээж. Тэгээд мань хүн бодож л дээ. Бодсоны эцэст толгойд нь Мөөеө аварга буусан байна.

Мөнхбат аваргад дэл сүүл нь намирсан наран хонгор азарга унуулаад, сүлд хийморийн бэлгэдэл цагаан туг бариулж наадмын талбайг нар зөв тойруулан орж ирэхээр боджээ. Тэр тухайгаа Мөөеө аваргад хэлсэн байна. Өнөөх нь ч зөвшөөрч. Ингээд дэл сүүл сайтай хул хонгор азарга бэлдэж, наадмын урьд орой сургуулилтаа хийгээд авчээ. Анхдугаар Богдынхоо ойг эхлүүлнэ гээд Мөөеө аварга хэнхгэр байсан нь дамжиггүй. Уяа морьдын сувдан хөлс суларчихсан, хүчит бөхчүүдийн торгон ир ханачихсан, Өндөр гэгээнийхээ ойг зорьж ирсэн газар газрын наадамчид нээл­тийн ёслол эхлэхийг хүлээж ядан байх цаг дор Мөөеө аваргыг мордуулчихаж.

Халхын их аварга цагаан туг намируулаад наран хонгор азаргатай наадамчин олноо нар зөв тойрохоор гуядтал хөгжмийн ая дан, хуран чуулсан түмний шуугианд болсон уу, өнөө азарга чинь гэнэт булгиад шидчихсэн байна. Олон түмэн орилолдоод, ерөнхий найруулагч Жанцанноров палхийгээд явчихна биз дээ. Тэгтэл 55 насны босго шүргэж байсан аварга хоёр хөл дээрээ босоо бууж, цулбуураасаа хүчтэй дугтарч татан дахиж мордоод уухайн түрлэгтэй ороод ирсэн гэдэг. “Аварга аваргаараа төрдөг юм билээ” гэж Жанцанноров гуай хуучилж байсан. Харин Мөөеө нь “Хөгшин намайг хөөргөн залуу азарган дээр мордуулаад алах шахсан” гэж Жанцанноровыг наадмын орой нэг сайн загнаад авсан дуулддаг юм.

Н.ГАНТУЛГА