Өвөрхангай аймгийн Сант сумын өнгөрсөн болоод өнөөдрийн талаар энэ удаа өгүүлье. Олон түмний анхааралд тэр бүр өртөөд байдаггүй ч тийм унж дорой газар биш л дээ, Сант нутаг. Түүхийн зузаан хуудсаас, төв Халхын өнгөрснөөс шүүн харахад Түшээт хан аймагт ч, Сайн ноён хан аймагт ч харьяалагдаж явжээ. Анх 1580-аад онд Халхын Автай сайн хан Илдэн бэйлийн хошууг байгуулж байсан бөгөөд түүний үр удам нь цаашид үе залгамжилсаар ирсэн нутаг юм. Товчхондоо Түшээт хан аймагт Сант хуучнаар Илдэн бэйлийн хошуу харьяалагддаг байж. Харин 1725 онд Халхын гурван аймгийг 75 хошуу бүхий дөрвөн аймаг болгоход, Түшээт хан аймгаас 19 хошуу тасдаж Сайн ноён хан аймагт шилжүүлсний нэг нь Илдэн бэйлийн хошуу гэдгийг эрдэмтэд өнөөдөр гэрчилдэг. Ингээд хүн бүрийн мэдэхээр нутаг дэвсгэр, засаг захиргааны шинэ хуваарь гарахад 1931 онд Сант сум байгуулагдсан товч түүх ийм. Илдэн бэйлийн хошуу нь Сант сумын Домбон, Зээрэнгийн говиос Орхоны хөндий, Өндөрсант уул хүртэлх тал хээр, хангайн бүсийг хамардаг байсан нь тухайн үеийн газрын зурагт Монгол гутлын дүрс хэлбэр шигээр тэмдэглэгддэг байжээ. Харин Монгол орон шинэ зохион байгуулалтад орсноор тус хошууны хангайн бүс нь Хархорин, Хужирт, хээрийн бүс нь, Өлзийт, говийн бүс нь Сант сум болон байгуулагдан хөгжиж ирсэн нь энэ.
Домбон, Зээрэнгийн говь, Зодохын нурууны энгэр бэл, өвөр жалгаар нь амьдран буй сантчуудын үе үеийн түүхийг таанын айраггүйгээр төсөөлөхийн аргагүй. Гурван сар гарч, цас ханзрахтай зэрэгцээд үндэслэсэн таана зуны турш гүн ногоон өнгөтэй байх ч алсаас ажихад цэв цэнхэр өнгийг шингээн харагддаг. Намар, наймдугаар сарын дундуур нэг л өглөө сэрэхэд Сантын тал цас орсон мэт цавцайсан цагаан болж хувирдаг юм. Таана цэцэглэсэн нь тэр. Гэвч долоохон хоног үргэлжилнэ. Яг энэ мөчөөс эхлэн зуны турш хуйх салгам гашуурсан айрагнаас ёстой л бал бурам амтагдаж шимийн охь лугаа үнэр сэнгэнэж эхэлнэ дээ. Ямар сайндаа төр нийгмийн зүтгэлтэн Ц.Лоохууз гуай сүүлд нутаг заагдаж Сантад очихдоо таанын айраг хэтрүүлэн хэрэглэж мансуураад хонь хариулж явахдаа унтаж ажил цалгардуулж, нийгмийн өмч хайрлаагүй хэрэгт унаж байхав. Мань хүн өглөө өлөн дээрээ хоёр хул айраг уугаад хониндоо гарсан гэдэг. Хээр очоод говийн намрын наранд цохиулж унтаад нэгдлийн хонийг заазлах сүрэгтэй нийлүүлж хэрэг тарьсан нь тэр.
Тэрээр нутаг заагдаж нэгдлээс тавьж өгсөн нормын гэрт тун зутруухан Сантад өнгөрүүлсэн амьдралаа эхэлсэн гэдэг. Аварга малчин Ёндон гуайн туршлага сэхээтэн Ц.Лоохуузын ажлын шинэлэг арга хоёрыг нэгтгэсэн Мандах нэгдэл ч тэр жилүүдэд мал мах, ноос, ноолуурын бүтээгдэхүүний өндөр ашигтай үдсэн байдаг юм. Лоохууз гуай зах зээлийн нийгмээс ч өмнө сантчуудыг зах зээлд хөтөлсөн хүн. Нэгдлийн өмчийн хаягдал төмрийг зуух яндан болгохоос эхлээд тэмээний ноосон хантааз, Сантын цагаан эсгий гутал (одоогийнхоор памбагар цагаан) гэдгийг 1980-аад оны дундуур аймагтаа брэнд болж байсны ард цөллөгөөр очсон эл эрхэм байсныг нутгийнхан одоо ч ам уралдан ярьдаг юм. Энэ брэнд бүтээгдэхүүнүүдээр ойролцоох сумдаа хангаж аймагтаа аваргалж байсан түүхтэй. Ер нь ширхэг хадаасыг ч бүтээгдэхүүн болгож болдгийг нутгийн ардууд тэр үед ухаарч үйлдвэрлэлээрээ аймагтаа хошуучилж байсан нь тэр. Түүнийг явснаас хойш ч, зах зээлийн хүнд үед ч нутгийн иргэд нэг их туйлдаагүй. Тэмээний ноосон оймс, майк, эсгий малгай хийхээс эхлээд нутгийн уран оёдолч, нэхмэлчид нутгийнхаа иргэдийн мөрөнд хятад хувцас хүргэлгүй хүнд үеийг давсан байдаг даа.
Сант сум нь түүхийн үнэт олдвор болоод уул уурхайн баялаг жаахан багатай. Занарын жижиг ордууд, зосон будгаас өөр гавьтай баялаг одоохондоо илрээгүй байна. Түүхийн дурсгалт газар гэвэл Зээрэнгийн хийд, Олон хөшөө, Цагаан дэлийн дөрвөлжин булш, Хөшөөний энгэрийн Түрэгийн бичээс гэх мэтээр түүх соёлын цөөн хэдэн дурсгалт газар бий. Зээрэнгийн хийд нь Улаан-Овоо багийн нутагт орших ард түмний шүтээн болж байсан томоохон хийд байжээ. Зарим эх сурвалжид “Цахирын хийд” хэмээн тэмдэглэгдсэн нь бий. 1767-1780 оны орчим байгуулагдсан. Голдоо хурал номын том сүмтэй, хоёр талдаа жижиг дугантай 300 гаруй лам нар ном хурдаг, ардууд эд хогшлоо хадгалдаг жижиг байшингуудтай хэдэн зууны тэртээд нэг ёсны суурин болж байсан гэдгийг малтлагаар тодорхойлсон. Тус хийдийн гол шүтээн нь Лхам бурхан, Арван хангал байсан гэдэг бүдэг бадагхан яриа нутгийн зоны дунд үлджээ. Хийд нь 1937-1938 оны үед нураагдсан байна. Мөн уг хийдийг Бээжингээс Ховдын хязгаар хүртэл өртөө улаа нэхэж байсан харчин овгийн хүмүүсийн шүтэж дээдэлж ирсэн газар гэж үзэх нь ч бий. Мөн Эрдэнэ-Овооны чулуун суварга гэж бий. Тус чулуун суварга нь хуучны намхан хиргисүүр булшин дээр хавтгай чулуугаар өрж босгосон байдаг бөгөөд 1600-аад оны үед хамааралтай болохыг түүхчид арваад жилийн өмнөөс тогтоогоод байгаа. Ерөнхийдөө өндөр Гэгээн Занабазар сүм хийд босгож эхлэхтэй зэрэгцэн уг хийдийг нутгийн лам хуврагууд босгосон гэж үздэг.
Сант нутгийнхан 1900-гаад оноос хойш Монгол Улсын түүхэнд нэр, мөрөө үлдээсэн сэхээтэн, хүчтэнүүдээ сайн мэднэ. Одоогоос 90-ээд жилийн тэртээд 1920 оны сүүлчээр Монгол орон даяар их үймээнтэй байсан үе гэдэг. Улсдаа нэртэй баяд ноёд Өвөр халх руу дүрвэхээр сэм үгсч, сахил санваар хүртсэн хэсэг нь шамбалын дайн руу хошуурч байсан үе. Илдэн бэйлийн хошууны урд зах өнөөгийн Сант сумыг ч энэ аюул тойроогүй. Хэдий тийм ч нутгийн буурьтай өвгөд хонхортоо сайн барилддаг гэсэн 20-30 орчим насны арав гаруй залууг улсын баярт барилдуулахаар Зодохын нуруунаас туувар дагуулан хөдөлгөжээ. Хүмүүсийн ярианаас сонсоход 1928 оны хавьцаа бололтой. Наадамд явсан бөхчүүд ч бараг хоёр сар сураггүй болж хүмүүс намрын ажил, хадлан тариа, өвөлжилтийн бэлтгэлээ базааж эхлээд байсан үед 20 гаруйхан настай О.Аюур улсын наадамд үзүүрлэжээ гэсэн яриа, бараг наймдугаар сард таржээ. Нутгийн иргэд ёстой л цаг төрийн хүндийг умартан баярлалдсан гэдэг. Хүрээ хүрэхэд 400 орчим километр хол учраас ийнхүү аян замдаа уддаг байж. Дээхнэ үеийн хүмүүс ч хэт хэнэггүй байсан юм уу замдаа айраг цагаа эргүүлсэн шигээ, хошуу наадам хэссээр намартаа л гэрийн бараа хардаг байсан бололтой. О.Аюур арслан дараа жил нь улсад 10 даван түрүүлэхэд ч нутагт нэг их урт зун, намар болсон шиг санагддаг хэмээн хөгшид санаа алдан хуучилдаг байж билээ. Энэ үеэр улсын начин О.Сосор гэх бөхийн нэр халх даяар мөн л дуулдаж эхэлсэн нь О.Аюур арслангийн дүү одоогийн аймгийн арслан Ж.Наранбаатарын өвөг юм. Сантын толгодоос төрсөн улсын хэмжээнд нэр нь түгсэн эдгээр бөхчүүд хожим 1949 оны өвөл хэдхэн хоногийн зайтай бурхны оронд одсон нь харамсмаар ч мөн л нутгийн ардуудын дунд гайхам яриа болон үлдсэн байдаг. Цаг төр тайван ч цас зуд ихтэй хүнд өвөл байж. Одоогийнх шиг машин тэрэг элбэг, харилцаа холбоо сайн байсангүй. Зудтай өвлийн араншин юм хойно нутгийн иргэд олноороо цуглаж чадалгүй айл саахалтын хэдэн өрх салах ёс гүйцэтгэжээ. Ах дүү бөхийн шарилыг бие гүйцсэн атан тэмээнд тэнчээлэн ачаад Зодохын нурууг давахад тэн ачаа ихэдсэн жингийн тэмээ лугаа шээс алдаад урагш хөдөлж явж өгөхгүй байсан гэдэг. Тэнхээт бөхчүүдийг үе залгамжлан Сант нутгаас Дашзэвэгийн Эрдэнэбат, Нэргүйн Түмэннаст нар ардын хувьсгалын ойн барилдаануудад улсын заан, начин цолонд хүрч барилдаж явсан.
Энэ нутгийн сэхээтнүүдийг эрт цагийн лам хуврагууд, ноёд тайж тэргүүлэх нь мэдээж. Монголын тухайн үеийн нийгмийн жишгээр Өнөцаг хайрханаас олон ч эрдэмтэй лам нар төрж нутгийнхандаа гэгээнтэн хэмээн хүндлэгдэж явсан байдаг. Тэд хүрээ орон ном хаялцаж Богдын таалалд ивгээгдэж байсан баримтыг сумын архив хадгалж үлджээ. Сайн ноён хан Намнансүрэнтэй хамтран 1911 оны эрх чөлөөний хувьсгалд ч Дугар тайж тэргүүтэй нутгийн ноёд албат цэргүүдээ дагуулан оролцож явсныг нутгийн өвгөд ярилцдаг байлаа. Одоогийн Баянгол, Төгрөг, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаас 1930 оны эхээр олон ч баячууд, ноёд, тайж нар албат ардаа дагуулан дүрвэж Өвөрхалхын нутагт хүрсэн байдаг. Тэгэхэд Сант сумын тухайн үеийн сэхээтнүүд болох Дугар тайж тэргүүтэн “Галдангийн үе шиг гараасаа хөтлөх үргүй л болчихгүй бол хонхортоо ясаа тавина, Хар хятадууд холдож шар хятадууд (Орос хүмүүсийг тухайн үед тэгж нэрлэдэг байсан) тусалж эхэлсэн байна. Энэ үйл хэргийн эцсийг үзнэ” хэмээн үлдээд 1930 оны сүүлчээр яг энэ хэргээр ял асуулгаж хилсээр хороогдсон түүхийг ч олонтаа хөндөж ярилцсаар байдаг юм.Харин шинэ эрин эхэлснээр доктор Н.Хавх, Гэгээрлийн сайд, ЮНЕСКО-ийн нарийн бичгийн дарга асан, доктор Н.Уртнасан, Болор цомын эзэн яруу найрагч Л.Моломжамц, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Дашзэвэг, Багануурын уурхайг анх байгуулалцаж явсан, дэд сайд асан Д.Дондов, Уртын дууч Сумъяа, генерал Ц.Тогоо нарын олон ч хүн хойч үеэ хошуучлан явна.