Categories
мэдээ нийгэм

Эмийн хяналтын лаборатори олон улсын итгэмжлэлийн үнэлгээнд хамрагдлаа

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр
ЭМЯ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил
хөтөлбөр-4” төслийн хүрээнд Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа
лабораторийн Эмийн хяналтын лабораторийг “Сорилтын болон шалгалт
тохируулгын лабораторид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025
стандарт”-ын дагуу итгэмжлүүлэхээр АНУ-ын ANAB (ANSI-ASQ) үндэсний
итгэмжлэлийн байгууллагатай энэ оны нэгдүгээр сард гэрээ байгуулсан
билээ. ANAB итгэмжлэлийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчөөр SCG
Consulting компани ажиллаж байна.

АНУ-ын ANAB (ANSI-ASQ) үндэсний
итгэмжлэлийн байгууллагаар баримт бичгийн үнэлгээ гуравдугаар сард
хийгдсэн ба үнэлгээний хүрээнд итгэмжлүүлэх өргөдөл, итгэмжлэлийн
хүрээний тодорхойлолт, лабораторийн чанарын гарын авлага, журам,
стандарт ажлын заавруудыг англи хэл дээр орчуулан явуулсан байна. Баримт
бичгийн үнэлгээний тайлан, сайжруулах зүйлсийн жагсаалтыг хүлээн авч,
нэмэлт өөрчлөлтийг хийлээ.

АНУ-ын ANAB (ANSI-ASQ) үндэсний
итгэмжлэлийн байгууллага итгэмжлэлийн урьдчилсан үнэлгээг ХАБҮЛЛ-ийн
Эмийн хяналтын лабораторид 2015 оны 05-р сарын 27-оос 29-ны өдрүүдэд
АНУ-ын ANAB үндэсний итгэмжлэлийн байгууллагын магадлан итгэмжлэл
хариуцсан захирал доктор Билл Хөрт хийсэн ба Итгэмжлэлийн урьдчилсан
үнэлгээнд Стандарт хэмжил зүйн газрынИтгэмжлэлийн хэлтсийн ахлах
мэргэжилтэн н.Удвал ажиглагчаар оролцлоо. Цаашид итгэмжлэлийн албан ёсны
үнэлгээг энэ оны есүгээр сард хийхээр төлөвлөж, 11 дүгээр сард багтаан
итгэмжлэлийн гэрчилгээг авахаар ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуягийг ТЕГ шалгаж эхэлсэн үү?

Тагнуулын ерөнхий газраас экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг шалгаж
эхэлсэн гэх мэдээлэл хэвлэлээр гарах болов. Энэ талаар тус байгууллагаас
одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Тэрбээр Ерөнхий сайд
байхдаа АТГ, Ардын нам хоёр ажил хийлгэхгүй байна гэж хэлж байсан
удаатай.

Харин улстөрийн хүрээнийнхний дунд яригдаж байгаа мэдээллээр
Н.Алтанхуягийг хууль, хүчнийхэн хүч хавсран шалгаж эхэлсэн нь цаанаа
учиртай гэх. Тэрбээр Прокурорын дэргэдэх Мөрдөх албыг сэргээх болон
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ-ын даргад
өргөн барьсан. Үүнээсээ болж хуулийнхний “зуултад” орсон гэж ярих хүн
байна. Тэгвэл нөгөө талаасаа Н.Алтанхуягийг хууль хүчнийхэн “бөөрлөж”
байна гэж сошиал ертөнцөөр өмөөрөгсдийн эсрэг АТГ, ТЕГ ажлаа хийж байна
гэж хамгаалах хүн ч байна.

Ямар ч байсан түүний “хүргэн дүү” Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан
ашигласан хэргээр АТГ баривчилж хорих хугацааг нь хоёр сараар сунгасан
юм.

Categories
мэдээ нийгэм

Төв цэвэрлэх байгууламжийг маргааш засна

Нийслэлийн төв цэвэрлэх байгууламж эвдрэлд орж, эвдрэлийг засахын тулд
тэг зогсолт хийхээс өөр аргагүй болоод байгаа. Энэ хүрээнд өнөөдөр
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол болон
албаны бусад хүмүүс Төв цэвэрлэх байгууламж дээр очин, байдалтай нь
танилцлаа.

Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажлын бэлтгэл өнөөдөр орой 00:00
цагаас эхэлнэ. Харин маргааш өглөө 10:00 цаг гэхэд тэг зогсолт хийж,
засварын ажлыг эхлүүлэхээр болсон байна. Энэ үеэр зөвхөн архи, пиво
болон арьс ширний үйлдвэрүүдийн хэрэглээний усыг хязгаарлана. Харин
цэцэрлэг, сургууль, талх, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүд болон
иргэдийн хэрэглээний усыг ч таслахгүй гэдгийг сайд Д.Оюунхорол
мэдэгдлээ.

Засварын ажлыг 24 цагт багтаан хийхээр төлөвлөсөн ба энэ хугацаанд
бохир усыг 50 хувийн цэвэршүүлэлт хийн Туул голд цутгахаар болжээ.

Энэ удаагийн засварт нийтдээ 40 сая төгрөг зарцуулахаар болж, уг мөнгийг Ус сувгийн удирдах газраас гаргаж байгаа аж.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн шатарчдын тэмцээн Орхон аймагт болно

Орхон аймгийн өсвөрийн шатарчдын ур чадварыг сайжруулах, өсвөр насны хүүхдүүдийн цагийг зөв боловсон өнгөрөөх, сурагчдын оюуны хөгжлийг дэмжих зорилготойгоор Олон улсын хэмжээний мастер Ч.Хүрэлбаатарын нэрэмжит тэмцээн ирэх амралтын өдрүүдэд болно.

Орхон аймгийн шатрын холбоо, Ч.Хүрэлбаатарын шавь нар хамтран зохион
байгуулж буй энэхүү тэмцээн “Эрдэнэт” цогцолбор сургууль дээр
зургадугаар сарын 13-14-ний өдрүүдэд болох юм.

Тэмцээн хөвгүүд, охидын 8 хүртэлх, 9-11, 12-14, 15-18 насны ангилалд
швейцарь системээр 7-9 өрөг тоглох бөгөөд эхний гурван байрт шалгарсан
шатарчдыг урамшуулах аж.


Categories
мэдээ нийгэм

Хууль сахиулахын их сургуулийн төгсөгчид цолоо гардана

Хууль сахиулахын их сургуулийн 2014-2015 оны хичээлийн жилийн төгсөгчдөд
цол, энгэрийн тэмдэг, диплом гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр
11:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Уг арга хэмжээнд УИХ,
Засгийн газрын зарим гишүүн, яам, агентлагийн удирдлагууд урилгаар
оролцоно. Энэ хичээлийн жилд тус их сургуулийг бакалаврын шатлалаар 401,
Удирдлагын сургуулийг 24 сонсогч төгсөж байна.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д суугаа ЭСЯ-наас иргэддээ зориулж сэрэмжлүүлэг гаргажээ

БНСУ-д мерс вирусийн халдвар газар авч есөн хүн цаг бусаар амь насаа
алдаад байна. Тус улсад монголчууд олноороо байдаг учир Монголын
ЭСЯ-наас иргэддээ хандан сэрэмжлүүлэг гаргажээ.


Categories
мэдээ спорт

Мотоцикльчид Алс дорнодын АШТ-д оролцоно

Ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 13-14-д ОХУ-ын Ангарск хотод болох
Алс Дорнодын аварга шалгаруулах мотоциклийн бартаат замын уралдаан
болох юм. Уг тэмцээнд оролцохоор Ш.Эрдэнэбилэг дасгалжуулагчийн
удирдлага дор ОУХМ Э.Халиунболд, спортын мастер П.Мөрөн, Ч.Оргил зэрэг
10 тамирчин хойд хөршийг зорьжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

UNIVERSE BEST SONGS 2015 наадмын шилдгүүд тодорлоо

UBS телевизээс 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа UNIVERSE
BEST SONGS наадмын шилдэг 21 оролцогчийн гала тоглолт амжилттай
өндөрлөлөө. Өчигдөр тэд өөрсдийн авьяас чадвар, хоолойны цар хүрээгээ
үзэгч түмэнд хүргэж 2015 наадмын аваргууд тодорлоо. Гранпри шагналтнаар
Билгүүн, 2 байранд Доржпагма, 3 байрын эзнээр Хүдэрболд нар шалгарлаа!
Мөн Үзэгчдийн таашаал хүртсэн шилдэг оролцогчоор Хулангоо, Шүүгчийн
нэрэмжит шагналаар О.Балжинням, Пентотаник академийн нэрэмжит
шагналтнаар Уламбаяр нар шалгарлаа. Амжилттай оролцсон бүх оролцогчиддоо
баяр хүргэе!



Categories
мэдээ цаг-үе

Тэнд хөөрхөн охид сууж байна гэхээр Өөжгий сэргэчихдэгсэн

“Хөх тэнгэр” хамт­лаг 25 жилийн ойн хүндэт­гэлийн тоглолтоо энэ сарын 19-ний үдэш “Crocus event hall”-д ганцхан удаа тоглох гэнэ. Монгол Улсын гавьяат жүжигчин, “Натур саунд” төвийн захирал Б.Дашдондогтой ярилцлаа.

-“Хөх тэнгэр” хамтлагийн 25 жилийн ойн тоглолт ямар дуунуудаас бүрдэх вэ?

-“Хөх тэнгэр” хамтлагийн хамгийн сор болсон шил­дэг уран бүтээлээс бүрдсэн тоглолт болно. Энэ тоглол­тод “Хөх тэнгэр” хамтлаг бүрэлдэхүүнээрээ оролцоно. Б.Сарантуяа, Н.Ганхуяг бид гурав дуучнаар,хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Энхбаяр, Г.Пү­рэв­дорж, хөгжимчин, хамт­лагийн ахлагч Н.Ганбат, ги­тар­чин ая зохиогч Д.Өлзий-Орших, Г.Буян-Өлзий, хөг­жим­чин Н.Халиун, бөмбөрчин Ж.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй тоглоно доо.

-“Хөх тэнгэр” хамтлаг яаж мэндэлсэн бэ?

-“Хөх тэнгэр” хамтлагийн үүсгэн байгуулагч нь “Буян” Жаргалсайхан шүү дээ. Анх хөгжим оруулж ирсэн. Тэгээд энэ улсуудыг бүрдүүлж, уран бүтээл хийсэн юм. Монголын сор болсон хөгжимчдийг цуглуулсан. Сараа бид хоёр бол шинэ дуучид байлаа. Залуухан ч байж. Буян Жагаа тухайн цаг үеэ илэрхийлсэн уран бүтээл хийлгэх сонирхолтой. Анх бид “Хэлмэгдэл” гэдэг нэртэй концерт хийж байв. “Бүүвэйн дуу”, “Хундагаа өргөе”, “Үг” гэж дуу ч байсан. Р.Чойномын шүлгээр хийсэн “Шувтарсан цагаан бумба” гэх мэтийн дуунуудаас бүрдсэн тоглолт байлаа. Одоо эргээд сонсохдоо ч ямар мундаг хэлээ вэ гээд шүтээд л сууж байна. Тэр үед улс төр, цаг үе өөрчлөгдөж байсан. Ардчилал бий болоод, хуучин нийгэмдээ шүүмжлэлтэй хандсан, ороо бусгаа үе. Цэнгэлдэхэд, Соёлын төв өргөө, Хүүхэд залуучуудын театрт цөөхөн тоглолт хийсэн. Түүнээс хойш миний “Охин”, “Аав”, “Үзэсгэлэн төгөлдөр эх орон”, Сараагийн “Бороо”, “Хагацаж болохгүй тавилан” гэх мэтчилэн ард түмэнд таалагддаг, мөнхийн сэдвээр дуулж эхэлсэн.

-Та “Хөх тэнгэр”-т орж ирэхээсээ өмнө юу хийж байв?

-Би Холбооны сургалтын төв төгссөн. Техникийн талын мэргэжилтэй. Телевизэд камер нь тусдаа, магнитфон нь том дөрвөлжин юм тусдаа. Дуу хураах, кассет солих ажил хийдэг хүн тусдаа байсан. Тийм л ажил хийж байлаа.

-Таныдуулах авьяас хэзээ тодров?

-Наяад оноос дуулж эхэлсэн. Би арван жилийн нэгдүгээр сургуульд байсан юм. Сургуулийн урлагийн үзлэгт ордог. Тэндээс эхлээд дуулах сонирхол төрж эхэлсэн гэх үү дээ. Гэхдээ би дунд сургуульдаа тамирчин байлаа. Волейболын идэрчүүдийн шигшээд байлаа. Сургуулийнхаа сагсны шигшээд багтдаг. Улсын дөрөвдүгээр спартакиадын мянган метрийн гүйлтийн улсын аварга байлаа.

-Одоо бол спортоор хичээллэдэг үү?

-Одоо бол спорт байхгүй. Дан урлаг руу орсон.

-Яагаад дуучин болчихов?

-Холбооны сургалтын төвд ороход “Электроник” гэж хамтлагтай. Тэр хамтлагт анх дуучнаар орж байсан. АББА, Смоүки, Бони м, Модерн токин гээд бүгдийг нь хуу хамаад дуулдаг байсан. Тийм л дуучин байсан. Дөрвөн жил тэндээ дуулж, дараа нь цэрэгт яваад, тэндээ бас хөгжим тоглосон юм байна. Нэг концертод дуулж байгаад хөгжмийн зохиолч Энхбаяр ахын нүдэнд өртсөн дөө. Тэр хүн цэрэгт улирч “Хилчин” хамтлагт орох уу гэсэн санал тавьсан. Анх “Хилчин” хамтлагт мэргэжлийн уран бүтээл рүү хөл тавьж байв. “Сүүн цагаан хурим” гэдэг дууг Бүрнээбаяр эгчтэй хамт дуулж байлаа. Одоо болтол энэ дуу эгшиглэж байна даа.

-Олон бүсгүйтэй хамтарч дуулсан. Хамгийн сэтгэлд үлдсэн хамтрагч хэн бэ?

-Бүрнээ эгч, Сараа хоёр байдаг юм шүү дээ.

-Тоглолтын бэлтгэл хэр хийж байна?

-Тоглолтын бэлтгэлээ манай студид сайн хийж байна. Хүмүүс маань цуглаад, цагааүр ашигтай сайхан өнгөрөөгөөд, тамхи татах үедээ хуучнаа дурсч бие биенээ шоолж инээчихээд байж байна.

-Хамтлагийн гишүүдийн тухай хөгжилтэй түүх бий юу?

-Манай Өөжгий залуу ч байж, зарим тоглолт дээр урвагардуу тоглохоор нь бид нар хөөргөөд “Өөжгий тэнд хоёр аягүй хөөрхөн охин сууж байна” гэхээр сэргэчихдэг. Урд гараад, хайгаад, тоглоод байдаг сан. Тэр их хөгжилтэй.

-Аавын тухай дуулахаар уйлчихдаг гэж та хэлсэн байсан. Аавынхаа тухай яриач. Таныг урлагт хайртай болоход нөлөөлсөн болов уу?

-Миний аав Орбит станцын ерөнхий инженер Баярмагнай гэж хүн байлаа, Ховд аймгийн Чандмань сумын хүн. Манай өвөө маш хурдан адуутай алдартай уяач байсан. Надад түлхэц өгсөн юм байдаг. Намайг дунд сургуульд байхад аав Японоос таньдаг хүндээ захиж байгаад кассетны магнитафон авчруулж байлаа. Надад арваадхан кассет байсан. Баахан гадаад дуу энд тэндээс хүн амьтан гуйж байгаад хуулаад авчихсан. Түүнийгээ ар өвөргүй тавиад дуулдаг байсан. Бүгдийг нь цээжилчихсэн. Өдөр бүр нормтой юм шиг кассетаа дуустал нь дуулдаг. Байрныхаа хүүхдүүдийг оруулж ирээд тэдэнд концерт тоглодог. Яг тэр нь намайг дуучин болоход нөлөөлсөн. Аав намайг дуулаад явахад хорьдоггүй. Гэсэн ч эцэг хүн хүүгээ ажил мэргэжилтэй болгохыг хүсдэг. Хүүгээ холбооны мэргэжилтэй инженер болчихоосой гэж бодно. Намайг тэгээд Холбооны сургалтын төвд оруулсан байхгүй юу. Нийнуугүй хэлэхэд холбооны мэргэжил бараг сураагүй. Хамтлагт ороод хөгжим тоглож л сурсан. Тэр үед урлагийнхныг завхай зайдан, хөнгөн хийсвэр улсууд гэж хүмүүс ярьдаг байсан. Тийм биш шүү дээ.

-Хаана ч очсон яаж ийж байгаад урлагтай холбогдчихдог байжээ?

-Яаж ийж байгаад л урлаг руу гүйгээд орчихдог. Цэрэгт очсон ч тэнд цоо шинэ хөгжим авчихсан, хамтлаг нь бүрдээгүй байхад намайг карантинаас сонгож татаж авсан шүү дээ. Энд нэг дуучин цэрэг байх ёстой. Тэрийг манай анги авна гэж булаацалдаж авч байсан. Тавилан нь тийм бол тэр зүгтээ чиглүүлээд л байна. Миний жинхэнэ нэрийг Одхүү гэдэг юм. Минийдүүг Батхүү гэдэг. Намайг жаахан байхад лам үзээд “Энэ хүүхдийн нэрийг өөрчил” гээд өөрчилсөн түүхтэй. Ийм замаар явна гэдгийг тэр хүн хараад, цагаан хэл амыг нь хаах үүднээс нэрийг нь сольсон юм билээ. Аав сүүлд надад ярьж байсан л даа. Тэгээд би хаана ч очсон урлаг руугаа гулгаж ороод байсан байхгүй юу.

-Сүүлд та тоглолт дээрээ аавын тухай дуу дуулахад аав чинь ирж сонссон гэдэг. Их баярласан байх даа?

-Миний аав концерт үзэж суугаад уйлж байсан. Би бас уйлаад, хоёулаа хоёр биенээ харчихаад баярлаад гоё байсан. Дараа нь тоглолтын дараах цайллагад аавыгаа аваачсан. Манай рок попынхон бүгд тэнд байсан. Аавд бүгд баяр хүргээд л…Эцэг эхийгээ амьдад нь баярлуулна гэдэг сайхан. Хүнэцэг эхийнхээ ачийг хариулж дийлэх биш дээ. Уран бүтээлч болоод аавыгаа баярлуулна гэдэг сайхан. Одоо ч би үүндээ сэтгэл хангалуун байдаг.

-Гэргий тань таны фэн байсан уу, яаж танилцсан бэ?

-Намайг хэн ч биш байхад л суусан. Би цэрэгт байсан үе л дээ. Хөгжмөө тоглоод гадаад дуугаа дуулдаг байсан. Оюутнууд цэргийн ангитай шефлэдэг байсан. Амралтын өдрөөр шеф сургуулийн оюутнууд ирж үдэшлэг хийдэг байлаа. Тэнд танилцаад, халагдаад шууд тэдний гэрт оччихсон хүн шүү дээ. Ээж, аавыг нь ч танихгүй байж гэрт нь очоод суучихсан. Бид хоёр хурим хийгээгүй ч сайхан амьдарч байна.

-Сүүлд та олнытанил болоход шүтэн бишрэгч хүүхнүүд гарч ирсэн л байх?

-Зөндөө гарч ирнэ. Танилцах хүсэлтэй хүүхнүүд байдаг. Гэхдээ би чинь олон хүний нүдэнд ил байдаг хүн. Нэр хүндээ бодно. Идэж уух наргих цэнгэх, хүнхартай янз бүрийн байдлаар уулзаж харагдах энэ тэр бол байхгүй болж байгаа юм.Зарим үед энгийнхүн байсан бол сайхан чөлөөтэй ч байх байж дээ гэж бодогддог.

-Та даруухан төрхтэй. Таныг тэглээ ингэлээ гэж сонсож байгаагүй?

-Би студи байгуулсанаас хойш тарвага маягтай амьдардаг болсон. Ичээнд байгаа юм шиг л амьдардаг. Монголын хамгийн анхны “Сонор” студийг оруулж ирж байлаа. Төслийг нь анх Халиун бид хоёр хийж, хөрөнгийг нь Э.Бат-Үүл ах гаргасан. Банкнаас зээл авсан л даа.

-Дуучны хувьд амбиц багатай юм уу?

-Би дундуур нь уран бүтээл хийгээд л байгаа шүү дээ. Тоо хөөдөггүй чанар хөөцөлддөг.

-Таныг таван цомог хийж байна гэж дуулсан?

-Таван цомог мааньдуусч байна. Тэр бол миний урд хийж байсан уран бүтээл, “Хөх тэнгэр”-ийн бүтээл, хүүхнүүдтэй дуэть дуулсан цомог, цоо шинэ хоёр цомог нийлээд таван цомог гарч байгаа юм. Уран бүтээлээ тоолоод үзэхээр би чинь бас 40-50-иад дуутай юм байна. Сүүлд гарсан уран бүтээлээ нэмэхээр далаад бүтээлтэй болох гэж байна уу даа.

-Студид суухаар танд дуучныхаа хувьд зарцуулах цаг хэр гардаг вэ?

-Би дуулахгүй байж байгаад дуулахад хоолой байж л байдаг. Жил орилохгүй байж байгаад орилоход миний хоолой дажгүй байдаг. Их сонин. Би гамм байнга уншаад байдаггүй. Студийн ажил цаг нар багатай. Бусдын уран бүтээлүүд дээр маш их ажилладаг. Энд нэг хүний бүтэн СД орж байхад дунд нь би дуугаа дуулж л байдаг. Ний нуугүй хэлэхэд хүний амьдралдаа хийсэн уран бүтээ­лээс нэг, хоёр час хийсэн дуу л үлддэг.

-Та хэдэн цагт ажилдаа ирээд хэзээ дуусдаг вэ?

-Би чиньдандаа шөнө л ажилладаг. Өдөр хүн орж гараад бужигнаад байхаар юу ч хийж чаддаггүй. Хөгжим тохируулах ажил гэдэг анхаарал төвлөрөхийг шаарддаг. Ямар ч хүн хажууд саад болохгүй, юмярихгүй, чив чимээгүй газар сууж байж хийдэг ажил. Өдөр 12-13 цагийн үед босдог. Ер нь 2000 оноос хойш яг ийм хэв маягаар амьдраад хэвшчихсэн.

-Энэ өрөөнөөс гараад ертөнцөөр аялъя гэж бодогдох уу?

-Хааяа бүр тийм бодол төрдөг шүү. Би зун хөдөө аялах дуртай. Бүх юмаа ачиж аваад аялдаг. Тэр амралт жилээ даана. Агаарын дутагдалд ордог байх аа. Зун айраг тарагуугаад зугаалахаар сайхан болчихдог юм. Загас барьдаг. “Цаг уур”-ын ятга тоглодог Наранбаатар ах, “Харанга”-ын Чука ах, хөгжмийн зохиолч, миний найз Халиун бид хэд хамтдаа загасанд гараад давхичихна.

-Та гангалахаараа юу өмсдөг вэ?

-Гангаръя гэж боддоггүй. “Гангалах гэдэг бол хүн дутуугаа нөхөх гэж хийдэг зүйл” гэж надад нэг хүн хэлсэн юм. Юм хоёр талтай. Ажил мэргэжилдээ өндөр чадвартай хүнд гангарах сонин биш. Тийм бус хүмүүс үзэгдэх байдалдаа анхаардаг. Их мэдлэг боловсролтой хүмүүс толгойгоороо л гайхуулдаг. Нөгөөдүүл нь хувцас, өмсч эдэлж байгаа зүйл, машинаараа гангараад байна ш дээ

-Та ямар машин унадаг вэ?

-Би зүгээр нэг лексус 470-тай. Хөдөө гадаа явахад надад машин хэрэгтэй.

-Залуу байхад эмэгтэй хүнийг хардаг нүд өнөөгийн үнэлэмж өөрчлөгдсөн үү?

-Өөрчлөгдөлгүй яахав. Эмэгтэй хүний биеэ авчяваа байдал чухал. Сэтгэлгээ, оюун санаа, ухаан нь чухал. Хүнийг шууд гаднаас нь дүгнэх хэцүү. Ярилцаад, санаа сэтгэлийг нь сонсоод ирэхээр анзаарагдаж эхэлдэг. Гэхдээ эмэгтэй хүний гоо үзэмж чухал байлгүй яах вэ. Будах шунхдах хэрэгтэй ч хэтрэхээрээ дэмий, донж нь таарвал хичнээн сайхан харагддаг билээ.

-Амьдралаасхамгийн их таашаал авдаг зүйл юу вэ?

-Өндөр уулан дээрээс нутгаа харах ямар гоё гээч. Би Баатар хайрхан дээр хоёр удаа гарсан. Ховдын Зэрэг суманд байдаг цаст оргил. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн тахьдаг овооноос цаахна гардаг. Яг цасных нь хажууд очдог. Ерөнхийлөгчийн тахьдаг овооны дор ногоон нууртай, вансэмбэрүү цэцэг хосоороо ургадаг. Тасдаж болохгүй гэдэг. Оргил дээр гараад харахад ёл доогуур нисч байдаг.Тэр үед л жинхэнэ кайф авдаг. Хийморь сэргэдэг. Нөгөө нэг кайф нь тоглолтоо хийгээд тайзан дээр галзуурч байгаад гараад ирэх үед кайф авдаг. Яагаад ч юм онгироо болчихдог. Би даруухан хүн, тэр үедээ онгироо болчихдог. Архи уудаггүй, тийм үедээ ууж идээд онгироо болчихдог. Кайф гэдэг тийм гоё.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

О.Цэнгэл: “Боолын гэрээ” киног үзээд аав минь “Охиноороо бахархаж байна” гэсэн

“Сайн уу амьдрал минь”, “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз” киногоор олны танил болсон жүжигчин О.Цэнгэлтэй ярилцлаа.

-“Эр хүн болгож өгөөч” кино энэ сарын эхээр нээлтээ хийснээс хойш үзэгчдийн дунд нэлээд өндөр үнэлгээтэй байгаа. Яагаад Наран гэх биеэ үнэлэгч бүсгүйн дүрд тоглохоор болов?

-“Эр хүн болгож өгөөч” зохиол Драмын театрын алтан фондонд орсон өндөр үнэлгээтэй, шилдэг жүжиг байсныг найруулагч Э.Батхүү ах маань кино болгож өнөө цагийн үзэгчдэд хүргэсэн. Би үзэгчийнхээ хувьд ийм сайн кино гарч байгаад баяртай байгаа. Анх киноны зохиолыг уншихад надад ирдэг жирийн нэг дүрүүдээс эрс өөр санагдсан. Нийгмийн эмзэг хэсэг рүү хандсан, тэр болгон хөндөгдөөд байдаггүй сэдвийг ил гаргаж ирэхийг хичээсэн байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүн эсвэл надад хэн ч байхгүй гэж гутарч явдаг хүмүүст урам зориг өгч, ирээдүйг нь илүү гэрэлтэй, итгэлтэй болгоход зорьсон сайн зохиол санагдсан. Би Францын алдартай “INTOUCHABLE” гэдэг киноганх үзээд яг л нэг сайхан залууд дурлаж байгаа юм шиг шунаж дурлаж билээ. Киногоо үзсэний дараа дахин дахин давтаж үзсэн. Тухайн үедээ ийм төрлийн кинонд тоглож үзэх юмсан гэсэн нууцхан хүсэл төрсөн юм. Ерөнхий өгүүлэмж, хэлэх гэсэн санааны хувьд “Эр хүн болгож өгөөч” кино маань нэлээд төстэй ч үйл явдал, ахуй, дүрүүдийн хувьд тэс өөр л дөө. Миний дуртай кинотой төстэй учраас ерөөсөө тоглоё, оролдоод үзье гэж шийдсэн. Би Нарангийнхаа дүрд их хайртай. Миний өмнө Нарангийн дүрд Өөдөө эгч болон олон сайхан уран бүтээлч бүсгүйчүүд Драмын театрын тайзнаа амилуулж тоглож байсан учраас надад алдах эрх байхгүй шүү дээ. Киноны багийнхан маань их туршлагатай хүмүүс байсан учраас их зүйл суралцсан.

-Өөрийг тань Монголын үндэсний олон нийтийн телевизэд “Цоглог” хөтөлбөрийн хөтлөгч байсныг хүмүүс андахгүй. Хэдэн настайдаа ажиллаж байв?

-Би анх зургаан настай байхдаа аав, ээжтэйгээ “Аав ээж би” гэдэг телевизийн нэвтрүүлэгт оролцож анх зурагтаар гарч үзсэн юм байна. Тэр хүүхдийн нэвтрүүлгийг хөтөлдөг байсан хүн нь миний багш, МҮОНТ-ийн найруулагч Л.Ариунжаргал байсныг хожим мэдсэн. Багш маань МҮОНТ-ийн “Хэцүү анги” олон ангит киноны ерөнхий найруулагчаар ажилласан хүн шүү дээ. Гуравдугаар ангид байхад манай хамаатны эгч Монгол телевизэд хөтлөгч хүүхдүүд шалгаруулж дугуйлан хичээллүүлэх гэж байгаа гэдгийг гэрийнхэнд маань хэлснээр очиж шалгуулаад тэнцсэн юм. Тухайн үед 1000 гаруй хүүхэд бүтэн гурав хоног шалгаруулалтад орж байлаа. Тэднээс 20 гаруй хүүхдийг хөтлөгч болгож бэлдэхээр тэнцүүлсэн байдаг. Би “Том халаас”, “Томруулдаг шил”, “Алим агентлаг” гээд хүүхдийн нэвтрүүлгүүдийг долоон жил буюу оюутан болтлоо хөтөлсөн. Миний хүүхэд нас телевизийн саарал байшинтай салшгүй холбоотой. Заримдаа телевизийн ярилцлага өгөхөөр МҮОНТ орох үед нэг л дотно, сайхан байдаг шүү. Тухайн үедээ бас нэвтрүүлэг хөтөлсний шагнал гээд нэг эфирээс 3250 төгрөг авдаг байсан. Сардаа 10 гаруй мянган төгрөгийн цалинтай, телевизийн догь ажилтан байлаа.

-Өөр мэргэжилтэй гэж сонссон. Яаж яваад жүжигчин болчихов. Хамгийн анхны дүрийнхээ талаар яриач. Найруулагч тань ямар дүрд сонгосон бэ?

-Хүүхэд насаа телевизийн эфиртэй холбочихсон хүн чинь анх сэтгүүлч болно гэж боддог байсан. Тэгээд МУИС-ийн Утга зохиол судлаачийн ангид орж билээ. Миний мэргэжил монгол хэл, соёл, зан заншил, аман зохиол гээд урлагтай салшгүй холбоотой л доо. Багаасаа л номоос салдаггүй, хаа тааралдсан газраа ном уншаад сууж байдаг байсан болохоор утга зохиол судлаачийн мэргэжил сонгосон юм. Нэг үгээр хэлбэл зохиолч, судлаач, багш, сэтгүүлч гээд олон тал руу хөрвөж ажиллах боломжтой мэргэжил. Нэгдүгээр курсэд суралцаж байхад найруулагч З.Батболд ах маань кинонд тоглох охидуудыг шалгаруулж байна, чи ирээд үзээч гэсэн. Шалгаруулалтад орж тэнцээд “Сайн уу амьдрал минь” киноны Сарнайгийн дүрд тоглохоор болсон. Тухайн үед жүжигчний мэргэжлийг гадна талаас нь шүтсэн л хүүхэд байсан болохоос дотор руу нь нухацтай өнгийж харж байсангүй л дээ. “GUYS” хамтлагийн Төгсөө ах “Сайн уу амьдрал минь” киноны нэгдүгээр хэсэг “Хаврын нэгэн учрал” бүлгийн жүжигчидтэй ажиллаж зааж зөвлөж байсан. Би эхэндээ загнуулна, уйлна, эрхэлнэ, аргадуулна гээд л Төгсөө ах, Болдоо ах хоёрынхоо тусламжтайгаар анх удаа “Сайн уу амьдрал минь” кинонд тоглосон юм. Энэ киноны нэг хэсэгт тоглох боломжийг олгосон ах нартаа их баярлаж явдаг. Киноны дүрийн тухайд Сарнай бол Эрдэнэтийн охин, оюутан болохоор ирсэн ч сургуульд орж чадалгүй явж байгаад санаандгүй тохиолдлоор Эрхэм гэдэг залуутай учирна. Тэрээр анхны хайрын сайн сайхныг мэдэрч, гэнэн цайлган зангаараа тэр хөвгүүний хайрыг татаж чадсан тийм нэг сэргэлэн охин байгаа юм.

-Та “Сайн уу амьдрал минь”, “Боолын гэрээ”,“Гоёлын даашинз” киногоор олны танил болсон байх. Эрс тэс өөр дүрүүд шүү дээ. Аль дүр чинь таны зан төрхтэй төстэй вэ?

-“Сайн уу амьдрал минь” кинонд тоглосны дараа найруулагч З.Батболд “Боолын гэрээ”-ний Соко, “Гоёлын даашинз”-ын Мойлоогийн дүрийг надад санал болгосон. Сокогийн хувьд өнчин, ахын хайраар л хань хийж яваа зүдрүүхэн амьдралтай ч гэгээн мөрөөдөлтэй хүүхэд. Нийгмийн дундах муу хүмүүсийн атгаг санаанаас болоод эмгэнэлтэйгээр золиос болж дуусч байгаа дүр байсан. Анх зохиол уншихад юу хийж, юунд тоглох гэж байгаагаа ч мэдэхгүй хөөрчихсөн би кинонд тоглоно гоё гэж бодож орсноос яг би ингэж жүжиглэх юм байна яанаа гэж бодоогүй. Яг кинонд тоглох хугацаандаа амиа хорлодог хэсэгт тоглоод, сонин жингүйдлийн идэвхигүй байдалд хэсэгтээ л орсон шүү. Эвгүй юм билээ. Кино театрт киногоо үзэхээрээ яг эгзэгтэй хэсгүүд дээр нүд, чихээ таглаж байгаад л үздэг байсан. Одоо ч бас жоохон эвгүйцдэг л юм.

“Гоёлын даашинз”-ын хувьд хөгжимт инээдмийн кино учраас гэгээлэг, хөнгөн кино байсан. Мойлоо бол өөрийн гэсэн үзэл бодолгүй, амьдралыг илүү хөнгөнөөр хардаг,өвөрмөц стилтэй, өөртөө итгэлтэй охин байсан. Сарнай, Соко, Мойлоо бүгдээрээ л өөр өөр хүмүүс ч гэсэн сэргэлэн, адтай гэдгээрээ л нийтлэг юм уу даа. Найруулагчид ер нь миний зан чанарын ерөнхий шугамыг “адтай” гэж хараад ихэвчлэн тийм сэргэлэн дүр л санал болгодог.

-Айлын хэд дэх хүүхэд вэ. Гэр бүлээ танилцуулаач. Багадаа хэр дүрсгүй хүүхэд байв?

-Би айлын дунд хүүхэд, ах, дүү хоёртой. Аав, ээж маань ажил хийгээд бусдын л адил амьдралаа залгуулж яваа энгийн л гэр бүл. Ээж маань намайг дүрсгүй гэхээсээ илүү хэрсүү хүний арга эвийг олдог адтай охин байсан гэж ярьдаг.

-Аав, ээж тань юу гэж захидаг вэ?

-“Аливаа юманд зөв шударга, чин сэтгэлээсээ бүхнийг хийж байгаарай, хүний нүдийг хуурна гэдэг нь бусдыг биш үнэндээ өөрийгөө л хуураад байна гэсэн үг шүү” гэж их хэлдэг юм.

-Фэйсбүүк, твиттерт хэр идэвхтэй вэ?

-Фэйсбүүкт бол нэлээд идэвхтэй байдаг. Твиттер ашигладаггүй.

-Найз залуу бий юу. Найз залуудаа ямар шалгуур тавьдаг вэ. Хайрыг юу гэж бодож байна?

-Одоогоор найз залуу байхгүй байна. Шалгуур гэхээс илүү бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, хөдөлмөрч, амьдралыг илүү эерэг талаас нь хардаг, ажил мэргэжил, гэр бүлийг маань хамгийн их ойлгож хүндэлдэг байгаасай гэж хүсдэг. Хүндлэл гэдэгт би итгэл, сэтгэл, хайр, халамж гээд бүх ойлголтыг л хамааруулж үздэг юм. Хайрын тухайд хүн энэ орчлонд хайрлаж, хайрлуулах гэж ирээд хайрлуулсаар байгаад буцдаг гэж боддог. Хайр хүнийг гэгээлэг, өөдрөг, тайван, аз жаргалтай болгодог цорын ганц зүйл байх.

-“Улаанбаатар-III” кино наадамд “Боолын гэрээ” кино дөрвөн номинациар шагнал авч байх үед О.Цэнгэл шилдэг эмэгтэй дүрд нэр дэвшсэн байдаг. Залуу хүний хувьд шилдэг эмэгтэй дүрийн номинацид нэр дэвших ямар байв. Нэлээд зоригтой алхам хийсэн юм шиг харагддаг?

-Би тухайн цаг үеийнхээ сор болсон бүтээлд оролцож, нийгэмд цочрол өгөхөөр дүрийг надад олгосон уран бүтээлчдэд илүү талархдаг. Хэрвээ тэр дүрийг зохиолч бичээгүй бол хүмүүс намайг жүжигчний түвшинд үнэлж, тоох байсан уу гэдэг эргэлзээтэй. Гэхдээ мэдээж би хичээхгүй “дүр эсгээд” өнгөрсөн бол Соког хүмүүс өнөөдрийг хүртэл дурсахгүй байсан. Энэ уран бүтээлд оролцоход хурцалж, шар хорыг минь сайн хөдөлгөж өгсөн Болдоо ахдаа баярлаж явдаг шүү. Залуу хүний хувьд 18 настайдаа “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагналд гавьяат жүжигчин И.Одончимэг эгчтэйгээ цуг нэр дэвшинэ гэдэг маш том бахархал. Мөн маш том хариуцлага байсан. Миний мөрөөдөл тэрхэн агшинд биелэх шиг л болсон шүү.

-“Боолын гэрээ” киноны Сокогийн дүрийн эвгүй хэсгийг аав чинь дургүйцэж, хасуулна гэж байсан гэсэн. Тэр тухайд?

-Тухайн үед өөрийнхөө нялхаараа гэж бодож хайр­ладаг охин нь эмгэнэлтэйгээр амиа хорлож байхыг харах, мөн олон харчуулд доромжлуулж байхыг харах ямар ч эцэг эхэд таатай санагдахгүй шүү дээ. Хэдийгээр энэ нь кино байсан ч ээж, аав маань жинхэнэ юм шиг цочирдож хүлээж авсан. Гэхдээ би тодорхой хугацаанд хэлж тайлбарласны дараа гэрийнхэн маань ойлгосон. Киног үзсэний дараа аав минь “Охиноороо бахархаж байна” гэж хэлж билээ.

-О.Дөлгөөн, А.Ганчимэг гээд өөрийн чинь үеийн жүжигчид хэр чадварлаг байна. Өөртэйгөө жишиж байв уу?

-О.Дөлгөөнтэй би “Хамтран амьдрагч” кинонд эгч дүүс болж тоглосон. Манай Дөлгөөн мэргэжлийн уран бүтээлчийн нэр хүндийг өндөрт өргөж яваа залуу уран бүтээлч шүү дээ. Сайхан бүсгүй, сайн ээж гэж хүндэлдэг. Ганчимэгтэй би олон жилийн өмнө нэг арга хэмжээн дээр тааралдаж байсан. Тухайн үед бид хоёр хоёулаа кинонд ид тоглож байсан юм. Ганаа драмын театрын жүжигчин байсан үе. Тэр үед хамтдаа нэг ширээнд сууж, хооллож, ярилцаж сайхан танилцаж байсан. Харин одоо бие дааж уран бүтээл хийгээд зогсохгүй, зохиолоо өөрөө бичиж тоглож байхыг нь харахад бахархах, хурцлагдах сэтгэл төрдөг. Учир нь залуу бүсгүйчүүдийн төлөөлөл маань амжилттай явбал тэднийг дагах үзэгчид охид бүсгүйчүүд, уран бүтээлчид ч мөн дагаад дэвшиж байдаг гэж би боддог. Найз нөхдийг ч бас өөрөөсөө ямар нэг зүйлээрээ илүү хүнийг сонгож нөхөрлөх хэрэгтэй гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Би түүнтэй санал нийлдэг. Хэрвээ надаас ялгаагүй эсвэл доор байвал суралцах, өрсөлдөх, илүү байхыг хүсэх эрмэлзэл үгүй болж өөрөө өөртөө бардсаар яваад нэг л мэдэхэд хэн ч биш болсон байна гэсэн үг гэж боддог.

-Нэлээд хэдэн жил кинонд тоглохгүй завсарласан. Тэр хугацаанд юу хийв?

-Ар гэрийн амьдрал, хувь хүнийхээ төлөвшилд илүү анхаарал хандуулсан даа. Сайн эзэгтэй байх гэж, ирээдүйд сайн ээж болоход бас эмэгтэй хүн тодорхой хугацаанд анхаарал хандуулж, бэлдэж, өөрийгөө сонсож, дүгнэлт хийх хэрэгтэй байдаг юм билээ.

-Одоогоор хэдэн кинонд тоглоод байгаа вэ. Голдуу ямар дүрийн санал ирж байна?

-Одоогоор таван кинонд тоглоод байна. Би мэргэжлийн хүн биш учраас ирсэн зохиол санал, дүр бүрийг хүлээж авахыг хүсдэггүй. Илүү болгоомжтой, няхуур байж, зөв кинонд сайн багтай ажиллахыг илүүд үздэг. Учир нь кино бол багийн бүтээл. Тиймээс баг чин сэтгэлээсээ нэг хүсэл эрмэлзлээр нэгдэж байж тэр киног хэр олон үзэгч үзэх вэ гэдэг нь харагддаг. Олон үзэгч үзнэ гэдэг нь олон хүний сэтгэлгээнд оч, гэрэл асаах эсвэл олон хүнд нэгийг бодогдуулах тэр зорилго биелэгдэнэ гэсэн үг. Тиймээс тооны араас хөөцөлдөхгүйгээр илүү нухацтайгаар хандаж одоогоор ямар нэг уран бүтээл дээр ажиллахгүйгээр өөр зүйлд цагаа зарцуулж байна.

-Тоглохыг хүсдэг дүр бий юу?

-Түүхэн дүрд ажиллах юмсан гэсэн хүсэл уран бүтээлч хүн бүрийн дотор байдаг байх.

-Хүсэл мөрөөдлийнхөө талаар яриач. Таныхаар мөрөөдөл биелдэг үү?

-Хэрвээ хүсэл мөрөөдөл байхгүй бол харанхуйд тэмтчээд зүгээ олохгүй будилж яахаа мэдэхгүй яваатай ижил. Харин хүсэл мөрөөдөлтэй амьдарна гэдэг харанхуйд лаа бариад хонгилын үзүүрийг хараад хаа хүрэхээ тодорхой мэдэхгүй ч ойрын зайнд бүдрээд уначихгүйгээр алхаж байгаатай ялгаагүй. Тэр сайхан хүслийг зөвхөн мөрөөдөхдөө биш түүн рүүгээ зорьж, шийдэж, ямх ямхаар ч хамаагүй биелүүлж яваа тэр хүний л хүсэл мөрөөдөл биелдэг шүү дээ. Мөрөөдөл биелдэг гэхдээ зорьсон шиг зорьж, алхам хийсэн цагт л биелдэг гэж би боддог. Надад ч бас хүсэл мөрөөдөл бий, гэхдээ би болоогүй, бүтээгүй, бэлэн биш зүйлийн тухай ярихыг огт хүсдэггүй, магадгүй тэр маань бүтэхгүй болчихвол бусдад худлаа амлаж мэдэмхийрсэн болно шүү дээ.

-Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар яриач?

-Хамгийн сүүлд ажилласан уран бүтээл маань “Эр хүн болгож өгөөч” нэртэйгээр бүх кино театруудаар гарч байгаа. Уншигчийн үүднээс зохиол маань маш сонирхолтой, амьдралд ойр, эерэг санаа олныг өгүүлсэн, инээдмийн, хөгжилтэй гэхдээ бас уянгын сайхан хайрын тухай өгүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүгийнхээ төлөө бүхнээ зориулж байгаа эцэг эхийн тухай. Сайн зохиолыг сайн кино болгож чадсан уу гэдгийг үзэгчид маань үнэлнэ. Учир нь олон хүн үзэх тусам төдий чинээ эерэг үйлдэл, хандлагууд нийгэмд харагдана. Урлагийн хамгийн чухал зүйл нь та тэр уран бүтээлээс өөрийгөө, найзыгаа харж болно. Магадгүй хэзээ ч мэдэхгүй тийм нэг ертөнцтэй таныг уулзуулдгаараа агуу байдаг байх.

С.АРИУНЖАРГАЛ