Categories
мэдээ нийгэм

Энхтайваны өргөн чөлөөг энэ сарын 15-нд нээнэ

Драмын
театраас Төв шуудан хүртэлх, Төв шуудангаас Баруун дөрвөн зам хүртэлх
дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажил хийгдэж байгаа билээ. Нийт 1.7 км
дулааны магистрал шугамыг хоёр дахин томосгох ажил хийгдэж байгаа. Энэ
сарын 1-ээс энэ ажил эхлээд одоо 430-аад метр ажил нь хийгдээд байна.
Улмаар энэ сарын 25 гэхэд Цэцэг төв хүртэл эхний ээлжийн ажил хийгдэх
ёстой. Манай нөхдүүд чадвал энэ сарын 15-нд нээнэ гэдгийг мэргэжилтнүүд
хэллээ. Тус шугамыг засварлах 12.65 тэрбум төгрөгийн Хөгжлийн банкнаас
санхүүжүүлж байгаа юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Өсвөрийн морин хуурчдын наадам эхэллээ

“Өсвөрийн морин хуурчдын–IV” наадам Завхан аймгийн Улиастай хотноо өнөөдөр эхэлж байна.

Энэ удаагийн наадамд Увс аймгийн
Улаангом хотын 1 дүгээр цогцолбор сургууль, Завхан аймгийн сумдын 170
гаруй шилдэг морин хуурчид оролцож байгаа аж.

Үндэсний өв соёлоо хойч үедээ өвлүүлэн
үлдээх, түгээн дэлгэрүүлэх сурталчлан таниулах, улмаар өсвөрийн морин
хуурчдын чадварыг хөгжүүлэх, нэгнээсээ туршлага судлах, суралцах гол
зорилготойгоор дээрх наадмыг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Нэмэлт ачаалал бага байгаа тул тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалтыг хойшлууллаа

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит
хуралдаанаар замын хөдөлгөөний нөхцөл байдалтай уялдуулан хотын төвийн
хэсэгт тэгш, сондгойгоор хязгаарлах эсэх талаар хэлэлцлээ.

Нийслэлд хийгдэж буй автозам, инженерийн
шугам сүлжээний бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан хотын төвийн
хэсэгт автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган
замын хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөсөн. Энэ нь 1987 онд анх баригдаж
ашиглалтад орсон Баруун 4 замаас Төв шуудан хүртэлх дулааны шугам
сүлжээний их засвар шинэчлэлтийн ажилтай холбогдуулан замын хөдөлгөөний
хэт их ачааллыг сааруулах түр зохицуулалт байсан юм. Өнгөрсөн даваа
гараг буюу 06 дугаар сарын 08-ны өдөр Төв шуудангийн урд хэсгээс Цэцэг
төвийн уулзвар хүртэл автозамыг хааж дулааны шугам сүлжээний
шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд замын хөдөлгөөний
ачаалал ямар байсан талаар Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний
удирдлагын төв судалгаа хийж Чингисийн өргөн чөлөө урдаасаа хойшоо,
Сүхбаатарын гудамж урдаасаа хойшоо, Жуулчны гудамж зүүнээсээ, Сөүлийн
гудамж 1-р сургуулийн урдуур 2 талдаа, Наран туулын уулзвар хойноосоо
ачаалал ихтэй, бусад авто замуудын хөдөлгөөн хэвийн, Энхтайваны өргөн
чөлөө, Баруун 4 замаас Зүүн 4 замын хоорондох замын хөдөлгөөний ачаалал
засварын ажлын өмнөх үеэс бага байсан гэж дүн гаргажээ. Энэ нь Их, дээд
сургууль, ЕБС-ийн сурагчдын хичээл амарсан болон иргэд автозам хаасан
мэдээллийг авч өөр чиглэлийг замыг сонгож байгаа зэрэг нөлөөлсөн гэж
албаныхан үзэж байна.

Тиймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан
үзэж “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах ажлыг
зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс 06 дугаар
сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тэгш, сондгойн
хязгаарлалтын түр зохицуулалтын арга хэмжээг хойшлуулах санал орууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бид уг нь төвийн замуудыг
хэсэгчлэн хааж ажил гүйцэтгэх үед замын хөдөлгөөний ачаалал хэвийн
өдрүүдээс илүү ачаалалтай болно гэж тооцон энэ зохицуулалтыг хийхээр
төлөвлөж байсан. Гэтэл ажлын хэсгийн танилцуулгаар худалдааны төв,
захуудруу чиглэсэн замыг эс тооцвол замын хөдөлгөөний нэмэлт ачаалал
үүсэхгүй байна гэлээ. Тэгэхээр тэгш, сондгойн түр зохицуулалтыг
хугацааны хувьд хойшлуулах саналыг дэмжих хэрэгтэй” гэлээ. Мөн
нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажил эхлэх, тарах цагийг
урагшуулах санал ирж байгаа. Энэ талаар судлах хэрэгтэй гэсэн юм.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд
хэлэлцээд 06 дугаар сарын 15-наас хэрэгжихээр төлөвлөж байсан автомашины
улсын дугаарын сүүлийн оронгийн тэгш, сондгойгоор хязгаарлах түр
зохицуулалтын хэрэгжилтийг хугацааны хувьд хойшлуулж, харин зах,
худалдааны төвийн худалдаа эхлэх, тарах цагийг шинээр зохицуулахаар
шийдвэрлэлээ. Ирэх өдрүүдэд замын хөдөлгөөний нөхцөл байдлын судалгааг
тогтмол явуулахыг Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвд
үүрэг болголоо. Дугаарын хязгаарлалт ердийнхөөрөө үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ням гаригт Чингисийн талбайд ирж цусаа хандивлаарай

Дэлхийн цусны донорын өдрийг жил бүрийн
зургадугаар сарын 14-нд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Монголын Улаан Загалмай нийгэмлэг болон Цус сэлбэлт судлалын үндэсний
төв уламжлал ёсоор цусны донорын өдөрлөгийг энэ сарын 14-нд 10.00 цагт
Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.

Энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирснээр цусны
донор болохын давуу тал болон холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг аван
цусаа өгөх боломжтой юм. Мөн уг өдөрлөгийн үеэр “Харанга” хамтлагийн
дуучин Х.Лхагвасүрэн болон Морин хуурын чуулгын хөөмийч Н.Ашид нар уран
бүтээлээ толилуулах юм.


Categories
мэдээ соёл-урлаг

“Оюутан мисс-2015” тэмцээний шилдгийг тодруулна

Монголын мянга, мянган гоо үзэсгэлэнт
оюутан охид бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулж алдаршуулах зорилготой
“Оюутан мисс-2015” тэмцээн тун удахгүй шилдгүүдээ тодруулах гэж байна.

10 гаруй жилийн дараа дахин зохион
байгуулагдаж байгаа “Оюутан мисс-2015” тэмцээний “Тэргүүн байрын эзэн”
нь “Дэлхийн оюутан мисс”-ийн тэмцээн болон “Мисс Монголиа-2015” тэмцээнд
урилгаар оролцох эрхийн эзэн болох бол “Дэд байрын эзэн” нь “Мисс
Монголиа-2015” тэмцээнд урилгаар оролцох эрхийн эзэн болох ажээ.

“Оюутан мисс-2015” тэмцээний ерөнхий
зохион байгуулагчаар “Тансаг мода” загварын агентлаг ажиллаж байгаа бол
хамтран зохион байгуулагчаар “Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо”
ажиллаж байгаа юм. Мөн дэмжигч байгууллагаар “Мисс Монголиа холбоо”,
“Монголын урлагийн залуучуудын холбоо”, “Монгол модель агентлаг”, “Андра
загварын агентлаг”, “Азийн модель агентлаг”, “Эра загварын агентлаг”
ажиллаж байгаа аж.

“Оюунлаг гоо сайхны төлөө” уриан дор
зохион байгуулагдаж буй энэ жилийн тэмцээнд маш олон үзэсгэлэнт охид
оролцож байгаа юм. Ингээд та бүхэндээ энэ жилийн “Оюутан мисс-2015”-д
оролцож байгаа охидын зурагнаас танилцуулъя.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга эрдэм шинжилгээ, түүхийн бүтээлийн нээлтэд оролцов

Монгол Улсын Их Хурлын дарга
Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.06.12/ “Эх орны төлөө цохилох зүрх”
эрдэм шинжилгээ, түүхийн бүтээлийн нээлтийн ёслолд оролцлоо.

Монгол Улсын цэргийн эрдэмтэд өргөн
бүрэлдэхүүнээр ажиллан баримтад тулгуурлан зэвсэгт хүчний 1946-2014 оны
түүхийг эмхэтгэсэн эрдэм шинжилгээ, судалгааны тус номыг бүтээх
санаачилгыг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын
хорооны дарга Ж.Энхбаяр гаргажээ. Тэрээр дэлхийн II дайны дараагаас
1990-ээд оны төгсгөл хүртэл манай цэрэг армийн эх орныхоо өмнө
гүйцэтгэсэн үүргийг цэргийн түүхийн шинжлэх ухааны байр суурьнаас
нэгтгэх шаардлагын улмаас энэхүү бүтээлийг хийсэн болохоо номын
нээлтийн арга хэмжээний үеэр танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хэлэхдээ “2000
гаруй жилийн түүхтэй монгол цэргийн дайчин замналын нэгэн үе бүдгэрч
байна гэдэг бодлын үүднээс эрдэм шинжилгээний хоёр боть ном болон
баримтат кино хийх санаачилгыг хэдэн жилийн өмнө гаргасан. Тухайн цаг
үед ажиллаж амьдарч байсан цэргийн зүтгэлтэнүүд, эрдэмтэн, судлаачид
бодит баримт, эх сурвалжид тулгуурлан уг бүтээлийг гурван жилийн
хугацаанд боловсруулаад уншигч олны оюун мэлмийд өргөн барьж байна”
гэлээ. Уг бүтээлд дэлхийн II дайны дараа үеийн олон улсын болон бүс
нутгийн хүчин зүйлс манай орны аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж, Монгол
Улс түүхэндээ байгаагүйгээр зэвсэглэн цэргийн байгуулалтын бүтцийн
хамгийн том нэгж болох Ерөнхий цэргийн армитай болоход хүргэсэн учир
шалтгааныг тунгаан судлахыг гол болгосон гэв. Үүний зэрэгцээ 1990-ээд
оноос хойших Зэвсэгт хүчний байгуулалтын шинэ онол, эрх зүйн үндсийг
амжилттай бүрдүүлж, цэрэг армийнхаа үндэс суурийг хадгалан үлдсэн
уламжлал, батлан хамгаалах салбарын эрх зүйн үндэс боловсрол, шинжлэх
ухааны байгууллагуудын шинэчлэл, өнөөгийн зэвсэгт хүчний бие
бүрэлдэхүүний талаарх бодит баримтуудыг эмхэтгэсэн болохыг танилцуулсан
юм.

Ийнхүү “Эх орны төлөө цохилох зүрх” эрдэм шинжилгээ, түүхийн бүтээлийн
дээжийг УИХ-ын дарга З.Энхболдод гардуулав. Мөн номын нээлтийн ёслолд
оролцсон УИХ-ын гишүүд, уг бүтээлийг эмхэтгэхэд оролцсон цэргийн
эрдэмтэн мэргэдэд номын дээж, дурсгалын зүйлсийг гардуулсан юм.

Төрийн ордонд болсон уг арга хэмжээнд УИХ-ын гишүүд, Засгийн газрын
гишүүд, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний төлөөлөл,
эрдэмтэн, судлаачид оролцов.

Categories
мэдээ нийгэм

А.Алтансүх: Бичил, жижиг бизнес эрхлэгчдийг ББСБ-ууд санхүүгийн үйлчилгээгээр хангаж байна

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны ерөнхийлөгч А.Алтансүхтэй бичил жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүжилтийг оновчтой хүргэх арга замын талаар ярилцлаа.

-ББСБ-уудын өнөөгийн байдлын талаар ямар байна вэ. Эндээс яриагаа эхэлье?

-“Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай” хууль 2002 онд гарснаас хойш ББСБ-ууд санхүүгийн зах зээлд 11 төрлийн тусгай зөвшөөрөл бүхийажил үйлчилгээг эрхлэн явуулж байна. Нийт ББСБ-ын 85 хувь буюу 323 ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхэлж байна. ББСБ-ууд нь нэг зээлдэгчид дунджаар таван сая төгрөг буюу 2.5 мянган ам.долларын зээл олгож байгаагаас харахад санхүүгийн үйл ажиллагаанд бичил, жижиг зээлийн үйл ажиллагааг голлон хүргэж байгаа нь харагдаж байна. Өнөөдөр голчлон өөрийн хөрөнгөөрөө үйл ажиллагаа явуулдаг ББСБ-ын салбар нийт 500 тэрбум төгрөгийн активтай, 360 гаруй тэрбум төгрөгийн зээлийн багцтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Энэ бол бага тоо биш юм.

-ББСБ нь бичил, жижиг бизнес эрхлэгчдэд голлон үйлчилдэг гэлээ. Уг зах зээлийн хэдэн хувьд нь хүрч үйлчилдэг вэ?

-Судалгаанаас харахад бичил, жижиг бизнес эрхлэгчдийн 60 хувийг ББСБ салбар хангаж байна гэсэн тоо байдаг. ББСБ-уудын үндсэн хэрэглэгчид нь дөнгөж аж ахуй, бизнесээ эхэлж байгаа, хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон бичил, жижиг дунд бизнес, үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэд, аж ахуйтнууд байдаг. Богино хугацаатай санхүүгийн хэрэгцээгээ хангах сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжүүд ихэвчлэн үйлчлүүлдэг бөгөөд тэдгээрийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан санхүүгийн үйлчилгээгээ үзүүлж байна.

Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй 113.6 мянган аж ахуй нэгж байгаагаас 59.8 мянган аж ахуй нэгж идэвхитэй үйл ажиллагаа явуулж байдаг. Эдгээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн 85 хувь нь 1-9 ажилтантай буюу бичил, жижиг бизнес эрхлэгчид байдаг. Эндээс манай аж ахуй нэгжийн дийлэнх нь бичил, жижиг аж ахуй нэгжүүд байна. Аливаа хөгжингүй улсын түүхийг авч үзэхэд хөгжлийн гол нууц нь бичил жижиг аж ахуй, хувиараа бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжиж хөгжүүлэх асуудлыг эн тэргүүнд тавьж тэдгээрт чиглэсэн санхүүгийн үйлчилгээг голлон анхаарч ирсэн бодлого байдаг. Монгол Улсын хувьд бичил жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих тэдгээрт хөнгөлөлттэй зээл, дэмжлэг үзүүлэх бодлого тун хангалтгүй явж ирсэн. Нийт аж ахуй нэгжийн 85 хувь болох бичил жижиг аж ахуй нэгжүүдийн татвар төлөлтийн байдлыг сүүлийн гурван жилээр харахад өсөлт ажиглагдахгүй байгаа нь үүний нэг нотолгоо юм. Харин ББСБ-ууд өөрийн хөрөнгөөрөө эрсдэл хийн бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээг хүргэж байгаа нь нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа том үр нөлөө гэж үздэг.

-Өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах гээд олон төсөл хөтөлбөр үе үеийн төр, засгийн газар хэрэгжүүлж байдаг. ББСБ-ууд хэр хамтарч ажилладаг вэ?

-Хамгийн анхны ББСБ 1999 онд байгуулагдсан цагаас хойш өнгөрсөн 15 жилийн хугацаанд ББСБ-ууд Төрөөс бичил, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжсэн санхүүжилтэд ерөөсөө хамрагдаж, хэрэгжүүлж байсангүй ээ. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл төсөл хөтөлбөрийн үр дүнгүй явж ирсэнийг төрийнхөн “Банк, санхүүгийн байгууллагаар дамжуулахаар үр дүнгүй байдаг” гэж зөвхөн банкаар хэрэгжүүлсэн мөртлөө биднийг оролцдог мэт ойлголттой байдаг. Гадаад орны туршлагыг харсан ч жижиг бичил аж ахуй, иргэдэд чиглэсэн төрийн санхүүжилтийн бодлогыг ББСБ-аар дамжуулан хэрэгжүүлэх нь хамгийн зөв оновчтой арга юм.

Өрхийн аж ахуйтнууд болон бичил жижиг дунд бизнес эрхлэгчид нь анхлан ББСБ-аас зээл авч үйл ажиллагаагаа тогтворжуулан өсч хөгжиж, цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлснээр банкны үндсэн харилцагчид болж өөрчлөгддөг. Энэ нь нэг ёсондоо ББСБ-ууд эдийн засагт инкубаторын үүргийг өөрийн хөрөнгийн хэмжээнд гүйцэтгэж ажиллаж байна.

-Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хууль шинэчлэгдэж байгаа. Үүнтэй холбогдуулан санал байна уу?

-МББСБХ (Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо), Санхүүгийн зохицууулах хороотой хамтарсан төлөөлөгчид Японы бичил санхүүгийн үйл ажиллагааны талаар танилцаж, судалгаа хийгээд ирсэн. Эндээс харахад тус улсын бичил санхүүгийн салбарын онцлог монголын санхүүгийн салбарын үйл ажиллагаанаас их өөр дүр зураг байгаа харагдсан. Өнөөдөр Монгол Улсын Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх сан хуулиараа 199 ажилтантай аж ахуй нэгжид төрийн хөнгөлөлттэй дэмжлэгийг олгохоор хуульчилж, санхүүжилтийг олгож байгаа нь бодлогын эрс ялгаатай байдлыг харуулж байна. Өөрөөр хэлбэл өндөр хөгжилтэй Япон улс дөрвөөсдоош ажилтантай аж ахуйгаа харж үздэг байхад Монгол 199 ажилтантай аж ахуйдаа дэмжлэг үзүүлж байгаа нь Монгол Улс их хөрөнгөтэй баян чинээлэг улс шиг харагдаж байгаа юм. Гэтэл Японы санхүүгийн зах зээл дээр 15 их наяд ам.доллар эргэдэг бол монгол 10 тэрбум доллар буюу 1500 дахин бага байж 150-199 ажилтантай аж ахуйгаа төр дэмжиж байдаг. Харин Япон төрийн хөнгөлттэй санхүүжилтээ ББСБ-аар дамжуулан дөрвөн ажилтантай аж ахуй нэгжүүдээ дэмжин хөл дээр нь босгосоор байна. Хөгжлийн гол түлхүүр нь нийтээрээ ажил хөдөлмөртэй, орлоготой, чинээлэг байх явдалд оршихыг бид бүгд мэддэг.

Саяхан болсон жижиг дунд үйлдвэрийн чуулга уулзалтан дээр бодлого тодорхойлогчид маань жижиг дунд үйлдвэрлэлээ олон улсын зах зээлд гаргах асуудлыг гол чиглэлээ болгон авч үзэж байлаа. Нэг талаар зөв мэт боловч зааланд ихэнх аж ахуй нэгжүүд гадаад улсад гарах нь битгий хэл дотооддоо амьд үлдэх эсэх нь эргэлзээтэй, хэзээ мөдгүй хаалгаа барих тухай ярилцаж төрийн хөнгөлөлт, чөлөөлөлт, санхүүжилтийг горьдон оролцож байлаа. Дахиад л нөгөө дунд, том аж ахуй нэгжүүд төрийн хайр энэрэлээ авах очерт эхний эгнээнд зогсоод жижиг, бичил нь олж авч чадахгүй дүр зураг хэвээр явах нь ээ.

Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд заримзөв зүйтэй саналууд тусгагдсан байна лээ. Энэ нь юу гэхээр нийт аж ахуй нэгжүүдээ ажилтны тоо болон хөрөнгийн хэмжээнээс хамааруулан 1-9 ажилтантай бол бичил, 9-50 хүртэл ажилтантай бол жижиг, 50-100 ажилтантай бол дунд гэж ангилсан байна. Энэ ангилал бол өмнөх хуулийн үзэл санаанаас эрс сайжирсан, зөв бодлого болсон гэж Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны зүгээс үзэж байгаа.

Өнөөдөр аж ахуй нэгжүүдийн ялгаа болон иргэдийн баян хоосны ялгаа маш их болж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд та том болон дунд аж ахуй эрхэлдэг бол төрийн дэмжлэг нөөлөгт хамрагдах боломжтой болж, харин бичил жижиг бизнес эрхэлдэг бол хамрагдах боломжгүй байдалтай явж ирлээ.

-Та бүхэн саяхан Нийслэлийн удирдлагатай уулзсан гэж байсан. Уулзалтын үеэр бичил жижиг дунд бизнесийн санхүүжилтийг ББСБ-аар олгохоор яригдаж байна гэсэн энэ талаар тодруулахгүй юу?

-Тийм ээ. МББСБХолбооны удирдлагууд хотын даргатай уулзсан байгаа. Энэ уулзалтаар маш зөв зүйтэй санаачлагууд их гарсан. Ерөөсөө Монгол Улсын аж ахуй нэгжийн хөгжлийг бичил аж ахуй нэгжийг бага анги, жижиг аж ахуй нэгжийг дунд анги, дунд аж ахуй нэгжийг ахлах анги, том аж ахуй нэгжийг их сургуулийн гэж үзэж томьёолж хөгжүүлэхээр болсон. Цаашдаа ч нийслэлтэй хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байгаа. Ер нь тэгээд улс орны хөгжлийн үндэс бол Солонгос, Сингапур улсын жишээнээс харахад бичил болон жижиг бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг хэр дэмжиж байна, тэдгээрийн санхүүгийн үйлчилгээг хэр хүртээмжтэйгээр зөв сувгаар хүргэж байгаа зэргээс улс орны цаашдын хөгжлийн суурь болох татварын бааз суурийг өсгөх, нийт иргэдийг ажилтай, орлоготой байлгах зэрэг зөв бодлогын эхлэл гэж харж байна.

Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль гарч, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан байгуулагдаж, журам гарснаас хойш нийтдээ 570 гаруй тэрбум төгрөгийг 6600-хан удаагийн зээлийг аж ахуй нэгжүүдэд олгосон статистик байдаг. Энэ бол маш хангалтгүй үзүүлэлт гэж харж байна. Одоожижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилтийн бодлого, төрийн бодлогоо өөрчлөх цаг нь болсон. Нэг бол жижиг, дунд аж ахуй нэгжүүдээ дэмж эсвэл томоохон аж ахуй нэгжүүдээ дэмжих гэсэн энэ 2 чиглэлд л явна. Өнөөдөр ЖДҮХСан бодлогын түвшинд илүү тодорхой болгож явуулах шаардлагатай байна. Өнгөрсөн хугацаанд ЖДҮХСангаас олгосон санхүүжилтийг ББСБ-аар дамжуулан зээлдүүлэх тохиолдолд 5 сая төгрөгөөр 100 мянган жижиг дунд аж ахуй нэгжид хүргэж, тэдгээрийг хөгжүүлэх боломжтой байсан. Монгол Улс үнэхээр хөгжие л гэвэл дийлэнх байгаа эдгээр бичил, жижиг бизнесүүдээ хөл дээр нь босгох, санхүүжилтээр дэмжих шаардлагатай.

Өмнө төрөөс бичил, жижиг дундад зориулсан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүжилтүүд банкаар дамжиж явагддаг байсан. Гэвч өнөөдөр Банкууд бичил жижиг бизнест хүрч үйлчлэх байгууллага мөн үү? Гэтэл ББСБ-ууд бол үйл ажиллагаа дөнгөж эхэлж байгаа, бизнесийн түүхгүй эдгээр бичил, жижиг бизнес эрхлэгч нарт хамгийн ойроос хүрч үйлчлэх боломжтой байгууллага байдаг. Банк бол институтийн хувьд том, хяналт, шийдвэр гаргалтын хувьд нүсэр, олоншатлалтай болчихсон. 5-хан сая төгрөгийн зээл авахын тулд олон хоног хөөцөлдөх шаардлага гардаг. Гэтэл банкуудаар дамжуулан бичил, жижиг аж ахуй нэгжийн санхүүжилтийн дэмжлэгийг олгож байгаа нь өөрөө их оновчгүйнь харагдаж байна. Бичил, жижиг бизнес эрхлэгч нарын санхүүжилтийн60 гаруй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлдэг, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй ББСБ-ын салбарыг ашиглах нэн шаардлагатай байна.

-Цаашид бичил, жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилтийг хүртээмжтэйгээр хэрэгжүүлэхэд бодлогын ямар арга хэмжээ авах вэ?

-Өнөөдөр ажилгүйдэл, ядуурал гаарлаа, ядуурлын түвшин 40 хувиас давлаа. Сүүлийн 20 жилийн хугацаанд бид ядуурлаа бууруулж чадсангүй. Ажилтай орлоготой болгоно гээд янз бүрийн төсөл хөтөлбөрүүд явлаа. Эдгээр нь үр дүнгээ өгч чадсангүй ээ. Бид хямралтай, эдийн засгийн хүндрэлтэй өнөө үед томоохон аж ахуй нэгжүүдийг харж суухаасаа урьдаар төрөөс ямар ч дэмжлэггүй бор зүрхээрээ яваа бичил, жижиг бизнес эрхлэгч нарыг дэмжих, ажлын байрыг хадгалан үлдэх, татварын бааз суурийг тэлж урт хугацааны найдвартай эх үүсвэрээ бүрдүүлэх хэрэгтэй байна. Ингэхийн тул санхүүжилтийн бодлогоо эрс өөрчлөх ёстой юм байна. Ер нь бол ЖДҮХСан, сангийн зээл зорилтот сегментдээ хангалттай хүрэхгүй байна.

Б.БАТ-ЭРДЭНЭ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч эх орондоо иржээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Парламентын Ерөнхийлөгч
Мартин Щульцийн урилгаар зургадугаар сарын 8-10-нд Европын Парламентад
албан ёсны айлчлал хийгээд өчигдөр эх орондоо иржээ.

Европын Парламент нь Францын Страсбург хотноо байрладаг, Европын
Холбооны гишүүн 28 орноос сонгогдсон 751 гишүүнтэй хууль тогтоох дээд
байгууллага юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа хүрээнд Европын Парламентын
хүндэтгэлийн нэгдсэн хуралдаанд Монголын ардчиллын сэдвээр үг хэлсэн нь
Монгол Улсын төрийн тэргүүний хувиар Европын Парламентад анх удаа үг
хэлсэн онцгой тохиолдол болсон юм.

Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголд хуучин дэглэм өөрчлөлтийг
эсэргүүцэж байсан. Сэтгэлгээний өөрчлөлт хэцүү хэврэг байсан юм. Бид
олон удаа уулзалт, жагсаал зохион байгуулж, өлсгөлөн зарлаж хүртэл
үзсэн. Асуудлыг хэлэлцээрийн замаар шийдэхийг эрмэлзэж, хүчирхийллээс
үргэлж татгалзаж байсан. Иймдээ ч Монголын ардчилсан хөдөлгөөн энхийн
замаар өрнөсөн.Тухайн үед ганц ч удаа буун дуу сонсогдоогүй. Ганц ч
цонх хагараагүй. Ганц ч дусал цус асгараагүй. Сарын дараа Монгол Улсад
анх удаа ардчилсан, олон намын оролцоот сонгууль болсны 25 жилийн ойг
тэмдэглэх гэж байна. Тэртээ 1990 оны долдугаар сарын 29-ний түүхэн
өдрөөс хойш Монголд парламентын ардчилсан сонгууль долоон удаа,
Ерөнхийлөгчийн сонгууль зургаан удаа болжээ. Энэ 25 жилийн өмнөх тэр
өдрөөс хойш бид дарангуйллаас ардчилал руу, хамгийн хаалттай нийгмээс
хамгийн нээлттэй нийгэмд шилжээд байна.

Өнөөдөр Монгол Улс эрчимтэй зах зээлийн эдийн засагтай, олон ургальч,
бүтээлч нийгэмтэй боллоо. Манай үндэсний нийт бүтээгдэхүүн бараг 20
дахин хувиар өслөө. Манай хувийн хэвшил дотоодын нийт бүтээгдэхүүний 80
гаруй хувийг бүрдүүлж байна гэж онцлон тэмдэглэсэн юм.

Авлигал, цаазын ял, шүүхийн шинэчлэл, эмэгтэйчүүдийн эрх,
Монгол-Европын холбооны хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг олон сэдвийн
хүрээнд тавьсан энэхүү илтгэл ардчиллыг хамгаалахын төлөө тууштай тэмцэх
зориг, итгэлийг өгсөн юм. Энэ тухай Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульц хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээЭрхэм
Ерөнхийлөгч та Европын парламентын чуулганы хуралдаанд гайхамшигтай
илтгэл тавилаа. Таны илтгэл Европын парламентын гишүүн бүрийн сэтгэлийг
маш их хөдөлгөлөө. Та итгэл найдварыг, хамтын ажиллагааг уриаллаа, үнэт
зүйлсийнхээ төлөө тэмцэхийг, ардчиллыг хамгаалахыг уриаллаа… Таны
илтгэл Монгол Улс болон Европын Холбооны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх
итгэл найдвар өглөө” хэмээн дүгнэсэн юм.

Categories
мэдээ спорт

Т.Мөнгөншагай хүрэл медаль хүртжээ

2015 оны Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн гурван төрлөөр энэ зургаадугаар сарын 11-ний өдөр Энэтхэг улсын Нью-Дели хотын Индира Гандийн нэрэмжит Спорт цогцолборын “К.Д.Жадхавын нэрэмжит бөхийн ордон”-д эхэллээ.

Хөвгүүдийн ХҮ дахь удаагийн, охидын ХII дахь удаагийн тэмцээнд Арабын
Эмират Улс, БНАСАУ, БНСУ, БНХАУ, Иран, Казахстан, Киргиз, Монгол, Тажик,
Тайланд, Узбек, Шри-Ланк, Энэтхэг, Япон зэрэг 19 орны 112 хөвгүүн, 66
охид уран мэхээ уралдуулан өрсөлдөж байна.

Тэмцээнд Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Чанг Ким Кью оролцож байна.
ДБНХ-ноос техникийн төлөөлөгчөөр олон улсын шүүгч Ким Ик Жонг
томилогдон ажиллаж байна.

Тэмцээний эхний өдөр хөвгүүдийн 85, 100, охидын 38, 40 кг-ын
жингүүдийн барилдаан болж манай 3 бөх зодоглосноос хөвгүүдийн 85 кг-ын
жинд барилдсан Т.Мөнгөншагай хүрэл медаль авчээ.

Өнөөдөр хөвгүүдийн 69, 76, охидын 43, 46, 49 кг-ын жингүүдийн барилдаан болно.

Хөвгүүд:

85 кг:

1. Арун Кумар (Энэтхэг)

2. Севедаболфазл Хасемижобар (Иран)

3. Төмөрбаатарын Мөнгөншагай (БГД, өсвөрийн улсын аварга)

3. Куаньш Карабек (Казахстан)

100 кг:

1. И.Хассанзадех (Иран)

2. Насир Хуссейн (Энэтхэг)

Охид:

38 кг:

1. Мью Шимзу (Япон)

2. Лаура Алмагалбетова (Казахстан, Азийн өсвөрийн АШТ-ий мөнгөн медальт)

3. Анкуш (Энэтхэг)

40 кг:

1. Мун Су Жонг (БНСУ)

2. Анну Деви (Энэтхэг)

Categories
мэдээ улс-төр

Оюутолгойн асуулга хойшиллоо

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нараас Оюу толгой төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон бусад асуудлаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох байсан ч хойшлууллаа.

Учир нь ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт УИХ-ын даргад “Монгол Улсын Ерөнхий
сайд Ч.Сайханбилэг өнөөдрийн үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанд
оролцож, Ц.Даваасүрэн нарын гишүүдийн асуулгад хариулах байсан. Гэвч
тодорхой шалтгааны улмаас оролцож амжихгүй болсон тул хойшлуулж өгнө үү”
гэх хүсэлт гаргажээ.

Ерөнхий сайдын мэдээллийн цаг ийнхүү хойшилсон тул үдээс хэлэлцэх асуудлын дараалалд багтсан асуудлаа хэлэлцэхээр боллоо.