Categories
мэдээ цаг-үе

Ц.Төвөө: Дээлтэй Монгол наадамд оролцож явтал бороо орж таарсан

Цахим ертөнцөд “Усан бороог байтугай суман бороог сөрж явлаа” гэж дээл хүрэмнийхээ энгэрт дүүрэн одон медалиа ярайлгаж алхаж яваа өвөөгийн зураг гарсан даруйдаа олны анхаарлыг багагүй татсан. Тэгэхнээ, нөгөө “од” өвөөтэйгөө гэнэт таардаг байна. Түүнтэй ийн хөөрөлдлөө.

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Цээпилийн Төвөө гэдэг. Увс аймгийн Хяргас сумын харьяат, армийн ахлах офицер, Монгол Улсын гавьяат багш хүн.

-Таны бороонд алхаж яваа зураг нийгмийн сүлжээнд тавигдаж, хүмүүс ч багагүй дэмжиж байна лээ. Энэ ямар учиртай зураг байв?

-Одоогоос хэдэн жилийн өмнө 2012 оны долоодугаар сарын 13-ны өдөр монгол үндэсний хувцсаа сурталчлах “Дээлтэй Монгол” наадамд оролцохоор монгол дээлэн дээр хантааз өмсөөд, цэргийн одон медалиа зүүгээд явж байхад шиврээ бороо хаялж байсан юм. Тэр үед зарим хүмүүс борооны хаалтаа хэрэглэж, шүхрээ дэлгэн барьсан байсан. Бороонд санаандгүй алхаж явсан зургийг маань хэн нэгэн хүн тухайн үед дарсан юм билээ л дээ.

-Зурагчин нь хэн гэж хүн гэдгийг мэдэж амжаа юу?

-Миний зургийг авсан хүн өнгөрөгч онд буюу 2014 оны есдүгээр сард гэрэл зургийн үзэсгэлэн гаргахдаа “Усан бороо байтугай суман мөндрийг сөрж явлаа” гэж тайлбар өгсөн юм билээ. Тэр үзэсгэлэнд тэргүүн байр эзэлсэн бололтой юм. Мөнөөх зураг интернетэд тавигдаад, нутаг нугын амьтан ах дүүс олж харж баяр хүргээд сүйд болсон. Тэгэхнээ, “Өнөөдөр” сонины гэрэл зургийн сурвалжлагч авсан болж таарлаа. Сонины редакцийг сураглаж очтол “Эрка гэдэг зурагчин авсан байх. Одоо “Үндэсний шуудан” сонинд очсон” гэсэн. Тэгээд уулзах гэж явна.

-Гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяа байх нь. Та холбогдоо юу?

-Уулзаж зургаа олж авах санаатай явж байна. Нэг утасдсан чинь “Баянчандманьд явж байна” гэсэн. Тэгээд л ажлыг нь зорьж явна даа.

-Та Увсын Хяргасын уугуул гэхээр дархан аварга Х.Баянмөнхийг их сайн таних хүн байна даа?

-Баянаа миний сурагч. Би Багшийн техникумыг 1958 онд төгсөөд төрсөн нутагтаа очиж 1960 оны намар хүртэл ажилласан. Намайг очиход Баянмөнх бага сургуулиа дүүргээд, зэргэлдээх Малчин сумын долоон жилийн дунд сургуульд очсон байсан. Хэдийгээр би яг гардан хичээл заагаагүй ч аав, ээжийг нь сайн мэднэ. Өлсөж цангахыг ч мэдэхгүй, өлдөж даарахыг ч мэдэхгүй сүрхий өлчир тэсвэртэй хүүхэд байсан. Аав нь “Хөх” Довчин гэж хүн “Манай энэ хүүг анхаарч, спортын дур сонирхлыг залуурдаж өгөөч” гэж байсан. Би 1959 оны сумын наадмын комиссын хувьд сайн мэдэх юм. Гар бөмбөг тоглодог, сайхан барилддаг, зуун метрт гүйдэг сүрхий хүү шүү. Довчин гуай хуучин гандуу ногоон дээлтэй, туранхайдуу хүн байж. Баянмөнхийн эгчтэй суусан Цэвээн гээд хүргэн ах нь ч надад захиж байсан.

-Та цэргийн ахлах офицер хүн гэсэн үү?

-Техникум төгссөн тусгай боловсролтой улсыг цэрэгт татах тушаалын дагуу армийн алба хааж, ЗХУ-ын Цэргийн ерөнхий сургуульд явснаас хойш Улиастайн мотобуудлагын ангид салаан захирагч, Цэргийн ерөнхий дээд сургуулийн багшаар ажиллаж байгаад Москва дахь Фрунзийн нэрэмжит Ерөнхий цэргийн дээд академид суралцаж 1973 онд төгсөж ирсэн. Ирээд Цэргийн ерөнхий сургуулийн каптер (тэнхимийн эрхлэгч)-ээр ажилласан. Үүнээс хойш Багшийн дээд сургууль, Техникийн их сургуулиудын Оюутны цэргийн сургууль эрхэлсэн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан даа. Гавьяат багш цолыг 2013 онд хүртсэн. Миний шавь нар гэвэл ардын эмч Ч.Бальдар, генерал Д.Энхбаатар, Тогоо, Шагдар, Д.Чойжамц, Энхбаялаг, гавьяат малчин Лүндэн, Я.Цэдэнбал, МУБИС-ийн тэнхимийн эрхлэгч, гавьяат багш Ц.Өнөрбаян нарын олон сайхан хүн байдаг даа.

-Одоо юу хийж байна?

-Би чинь 1937 оны хүн. Одоо бараг наян насны босгонд ирлээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийнхээ ахмадын хороонд сонгуульт ажилтай. 1958-1988 он хүртэл бага сургуулийн багшаас их, дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч болтол ажиллалаа даа.

-Нам, төрийн удирдагч асан Цэдэнбалын академид алба хашдаг гэл үү?

-Ирэх онд Монгол Улсын нам, төрийн нэрт зүтгэлтэн, отгон маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний түүхт 100 жилийн ой тохионо. Би Ю.Цэдэнбалын академийн тэргүүлэгч гишүүн юм л даа. Маршалаас БХЯ-нд өгч байсан тушаал, албан даалгаврын эмхэтгэлийн номыг эрхлэн гаргасандаа баяртай байдаг. Маршал Цэдэнбал Халхын голын дайныг дуустал төрсөн гэртээ очиж золгох завгүй явсан байдаг. Тиймээс маршал Х.Чойбалсан амралтыг нь олгож ээжид нь “Таны хүү улс орны мундаг том дарга болсон шүү” гэж амин хувийн бэлгээ илгээж байсан байдаг. Цэдэнбалын академийг хүү Ц.Зориг нь санаачилж байгуулсан. Үе үе ирнэ. Академийг МУИС-ийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор түүхч Жамбалсүрэн, ардын багш “орос хэлний” С.Галсан нар удирдаж байгаа. Цэдэнбал дарга одоо ч шийтгэлтэй байгаа учраас нэн түрүүнд УИХ-аар хэлэлцүүлж цагаатгуулах, амьдарч байсан орон гэрийг нь музей болгох, тэрчлэн тэгш ойг нь түүхэн хүнийх нь хувьд боломжийн тэмдэглэх зэрэг их ажлууд байна даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин” бямба гаригийн дугаартаа эрэлттэй 20 мэргэжлийг онцоллоо

Өдрийн сонины бямба гаригийн дугаар уншигч таны гар дээр очиж байна.

Засгийн газраас ойрын ирээдүйд эрэлттэй 20 мэргэжлийг зарласан. Элсэлтийн шалгалт хаяанд ирсэн энэ үед ямар мэргэжил эрэлттэй талаарх мэдээлэл олны сонирхлыг татаж буй. Асуултандаа хариу авахыг хүсвэл “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарыг уншаарай.

Манай сонин энэ өдрийн дугаарынхаа гуравдугаар нүүрэнд элсэлтийн шалгалтын талаарх асуудал хөндсөн нийтлэлийг уншигчдадаа хүргэж байна. “Хүүхдүүдийн хувь заяаг ганцхан шалгалтаар шийддэг нь өнгөрсөн зууны баларсан явдал” гэсэн нийтлэл танд нэгийг бодуулж хоёрыг сануулна биз ээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Францад хийж буй айлчлалыг манай сэтгүүлч Я.Мөнгөнцэцэг газар дээрээс нь сурвалжлан хүргэж байгаа. Түүний бэлтгэж ирүүлсэн “Ардчиллын буянаар Монгол, Францын харилцаа шинэ түвшинд хөгжсөн гэв” гэсэн сурвалжлагыг “Улстөр” нүүрнээс уншаарай. Мөн энэ нүүрэнд герман технологийн хийт бетоны үйлдвэрийн нээлтээс хийсэн сурвалжлага нийтлэгдлээ.

“Өдрийн зочин”-д Өмнөд Суданд болсон гүйлтийн олон улсын тэмцээнд 80 гаруй орны 320 энхийг сахиулагчийг ардаа орхиж эх орныхоо нэрийг гаргасан М.Бат-Эрдэнийг онцоллоо.

Солонгосыг айлгаж байгаа короновирусын аюул холдоогүй байхад эбола вирусын халдвар Африкт дахин дэгдлээ. Энэ талаар болон цэнхэр гаригт өрнөсөн халуун үйл явдлуудыг “Дэлхийн мэдээ”-гээс уншаарай.

Манай сонины энэ өдрийн дугаарт “Өд бэх”, “Нэг ангийнхан”, “Хэлэх эрхийн индэр” зэрэг уламжлалт булангууд багтсан байгаа.

Цахилгаан авто машин 300 км замыг туулахдаа гуравхан долларын эрчим хүч зарцуулдаг гэнэ. Ирээдүйн машин ямар байх, юугаа түлш хийх зэрэг сонирхол татсан мэдээлэл “Амрах агшин”-д бий.

Сүүлийн үед олны үзэх дуртай болсон “Хөгжилтэй гэр бүл” киног Солонгосын зохиолоор хийжээ. Энэ киноны Мянганбуугийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Энхбаяртай хийсэн ярилцлага долдугаар нүүрэнд нийтлэгдлээ. Түүнтэй хийсэн ярилцлагаас киноны талаарх энэ мэт сонирхолтой мэдээллийг уншаарай.

“Нууц товчоо”-г дэлхийд таниулсан Оросын эрдэмтэн Палладий Кафаровын тухай ямар ном гарсныг “Ном ярьж өгье” булангаас сонирхоорой. Амралтын өдрөөрөө турк хоол хийхийг хүссэн хүмүүст“Таны гал тогоо” булан амттай жор бэлдсэн байгаа.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай
өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35
салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн
салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн
биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин
борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул
дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах
цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс
худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж
худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг
Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар
улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно
уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт
холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймгийн Нүүрстэйн орд 15-25 сая тоннын нөөцтэй

Хөвсгөл аймгийн төвийн ойролцоох Нүүрстэйн ордод Австралийн “Спайр
майнинг” компани хайгуул судалгаа хийж, сайн чанарын 15-25 сая тоннын
нөөцтэй орд болохыг тогтоожээ. Тухайн ордод 2О19 оноос эхлэн олборлолт
хийж, ОХУ, БНХАУ-д гаргахаар урьдчилсан тооцоолсон байна. “Спайр
майнинг” компани Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоотын
коксжих нүүрсний ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг юм. Тус компани
Эрдэнэт-Мөрөнгийн хооронд төмөр зам тавих ажлыг 3 жилд багтаан
гүйцэтгэж, олборлосон нүүрсээ авто болон төмөр замаар тээвэрлэхээр
төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

“МДТОФ” ХХК иргэдийг хохироосныг тогтоолоо

МДТОФ ХХК-ийн нэхэмжлэлтэй, тус газрын
улсын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 0000196 дугаартай
шийтгэврээр ногдуулсан 10,000,000 төгрөгийн торгуулийг хүчингүй
болгуулах, “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал”
MNS 6058:2009 Монгол Улсын стандартад өөрчлөлт оруулахыг Стандарчилал,
хэмжил зүйн үндэсний зөвлөлд даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий
захиргааны хэрэг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээр
шийдвэрлэгдлээ.

МДТОФ ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 29
дүгээр хороо, Москвагийн гудамжинд байрлах “Дархан цогцолбор” хороолол
болон Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Үйлдвэрчин”
хорооллоос 124 иргэнд орон сууц худалдаалахдаа талбайн хэмжээг дутуу
худалдаж, 633 сая төгрөгийн хохирол учруулсан боловч уг хохирлыг
барагдуулаагүй тул торгууль ногдуулсан байдаг.

МДТОФ ХХК нь сүүлийн 1 жил гаруй
хугацаанд иргэдэд учруулсан их хэмжээний хохирлыг нөхөн төлөхөөс
татгалзаж байсан бөгөөд энэ хугацаанд шүүх хуралдаан давхацсан,
итгэмжлэгдсэн төлөөлөгч ээлжийн амралттай, эмчлүүлж байгаа, эмнэлгийн
хяналтанд байгаа, өмгөөлөгч авах шаардлагатай, өмгөөлөгч оюутнуудад
хичээл зааж байгаа, захирамжид гомдол гаргана гэх мэт шалтгаанаар нийт
19 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан.

Тэгвэл өнөөдөр Захиргааны хэргийн анхан
шатны 20 дугаар шүүхээс ШӨХТГ-ын улсын байцаагчийн 10,000,000 төгрөгийн
торгуулийг хэвээр үлдээж, мөн “Орон сууцны барилгын доторх сууцны талбай
тооцох аргачлал” MNS 6058:2009 Монгол Улсын стандартыг хууль тогтоомж
зөрчөөгүй тул өөрчлөлт оруулахгүй байхаар шийдвэрлэв.

Ийнхүү Захиргааны хэргийн шүүхийн

шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд иргэдэд учирсан хохирол болох

633 сая төгрөгийг бүрэн барагдуулах боломж бүрдэнэ.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн төсөл өргөн барив

Үндсэн хуулийн Цэцийн тухай болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан
хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх
Ч.Өнөрбаяр Үндсэн хуулийн Цэцийн тухай болон Үндсэн хуулийн Цэцэд
маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслүүдийг УИХ-ын
дарга З.Энхболдод өргөн барив.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц, түүний үйл ажиллагааны эрх зүйн үндэс
болох Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийг баталснаас хойш 20 жил, Үндсэн
хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг
баталснаас хойш 15 жил дагаж мөрдсөн байна. Энэ хугацаанд Монгол Улсын
төр, нийгэм, эдийн засгийн харилцаанд гарч буй шинэчлэл, өөрчлөлт,
хөгжлийн хурдац, нийгмийн шаардлагын үүднээс шүүх эрх мэдлийн бусад
байгууллагын нэгэн адил Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагааны эрх зүйн
үндсийг шинэчлэн боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдах болов.
Мөн дэлхий дахинаа төлөвшин хөгжиж буй Үндсэн хуульт ёс, Үндсэн хуулийн
шүүхийн өсөн нэмэгдэж буй үүрэг, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн
холбогдох хууль тогтоомжийг өөрчлөн сайжруулах үндэслэл бүрдээд байгаа
хэмээн үзэж уг хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 4
бүлэг, 21 зүйлээс бүрдэж байгаа бөгөөд Үндсэн хуулийн Цэцийн мөн чанар,
чиг үүрэгт нийцүүлэн шүүх болохыг нь хуульчлан тодорхойлох үүднээс
төслийн 1 дүгээр зүйлд “шүүх эрх мэдлийн байгууллага” болохыг
тодотгосон, Цэцийн гишүүний орон гарсан тохиолдолд түүнийг нөхөн
томилохтой холбогдсон зохицуулалтад “бүрэн эрхийн хугацаа дууссан”-ыг
нэмэх зэргийг тусган, Цэцийн гишүүний тангараг, түүнийг өргөх журмын
тухай заалт оруулсан болохыг УИХ-ын даргад танилцуулав.

Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн
төсөл нь 9 бүлэг, 57 зүйлтэй, УИХ-ын наймаас доошгүй тооны гишүүн
Үндсэн хуулийн Цэцэд хандаж, хууль болон УИХ-ын бусад шийдвэр, мөн
сонгуулийн үр дүн болон мандатад нөлөөлж болох Сонгуулийн төв
байгууллагын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн, түүнчлэн эрх бүхий албан
тушаалтан Үндсэн хууль зөрчсөн буюу түүнийг огцруулах, эгүүлэн татах
үндэслэлтэй гэж үзвэл хүсэлт гаргах зохицуулалтыг тусгажээ. Мөн Цэцийн
бие даасан, гишүүний хараат бус, эрх тэгш байдлыг хангах үүднээс шүүхийн
нийтлэг жишгийн дагуу Цэцэд ирсэн өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг
хуваарилах болон Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг томилохдоо урьдчилан
тогтоосон журмын дагуу тойргийн зарчмыг удирдлага болгох зэрэг
зохицуулалт хийхээр тусгасан байна.

Categories
мэдээ нийгэм

NBA: Цуврал 2:2-оор тэнцлээ

2014-2015 оны NBA-гийн аваргын төлөө “Кливлэнд Кавельерс” – “Голдэн
Стэйт” багууд үлдээд байгаа билээ. Хоёр багийн цувралын дөрөв дэх
тоглолт өнөөдөр “Кливлэнд Кавельерс”-ийн талбайд болсон ч зочин баг
103-82 онооны харьцаагаар хожсоноор цувралыг 2:2 болгож, тэнцүүллээ.
Хоёр багийн цувралын тав дахь тоглолт зургадугаар сарын 14-ний
Улаанбаатарын цагаар 09.00-д эхэлнэ. Энэхүү тоглолт “Голдэн Стэйт”-ын
талбай дээр болох юм.

Цуврал 4: (талбай “Кливлэнд Кавельерс”)

VI.11. “Голдэн Стэйт” – “Кливлэнд Кавельерс” – 103-82 (31–24, 23–18, 22–28, 27–12)

ЦУВРАЛ 3: (талбай “Кливлэнд Кавельерс”)

VI.09. “Голдэн Стэйт” – “Кливлэнд Кавельерс” – 91-96 (20–24, 17–20, 18–28, 36–24)

ЦУВРАЛ 2: (талбай “Голдэн Стэйт”)

VI.07. “Кливлэнд Кавельерс” – “Голдэн Стэйт” 95-93 (20–20, 27–25, 15–14, 25–28, OT: 8–6)

ЦУВРАЛ 1: (талбай “Голдэн Стэйт”)

VI.04. “Кливлэнд Кавельерс” – “Голдэн Стэйт” 100-108 (29–19, 22–29, 22–25, 25–25, OT: 2–10)

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийг шагнав

НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийг

“Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнав

Үндэсний статистикийн байгууллага Нэгдсэн Үндэстний Байгууллагын хамтын
ажиллагааг өргөжүүлэх, НҮБ-ын статистикийн комиссын гишүүний бүрэн
эрхээ хэрэгжүүлэх, томоохон төсөл хөтөлбөр, судалгаа шинжилгээний ажлыг
зохион байгуулах, Статистикийн төв, орон нутгийн байгууллагын чадавхийг
бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсныг нь үнэлж Нэгдсэн Үндэстний
Байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Сэзин Синаноглу-г
Статистикийн салбарын дээд шагнал “Бүртгэл статистикийн тэргүүний
ажилтан” цол тэмдгээр шагналаа. Шагналыг Тус Хорооны удирдлага 2015 оны
6 дугаар сарын 12-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол дахь
суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзаж, цол тэмдгийг нь гардуулав.

Categories
мэдээ нийгэм

76 жолоочийг журамлажээ

Өчигдрийн байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 жолоочийг журамлажээ. Замын цагдаагийн газрын мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр 300 гаруй дуудлага ирсэн байна. Зам тээврийн осолд сургуулийн насны хоёр, сургуулийн өмнөх насны нэг хүүхэд өртжээ.

Сонгинохайрхан дүүргийн нутаг Орбитын замд Х.Аванте маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч З-г мөргөж гэмтээсэн.

Баянгол дүүргийн нутаг ТБД Андууд дэлгүүрийн гарцан дээр Т.Приус
маркийн авто машины жолооч С нь явган зорчигч Д-г мөргөж гэмтээсэн хэрэг
тус тус гарсан байна.

Categories
мэдээ нийгэм

З.Алтанзул: Үл хөдлөх хөрөнгөгүй ч үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа бичил бизнес эрхлэгчдийг ББСБ-ууд дэмждэг

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Транскапитал” ББСБ-ын гүйцэтгэх захирал З.Алтанзултай уулзаж, ББСБ-ын нийгэмд гүйцэтгэж буй үүрэг, олон улсын бичил санхүүгийн байгууллагын хөгжлийн талаар ярилцлаа.

-Ер нь анзаараад байхад ихэнх хүмүүс мэдээлэл хомс байгаагаас ББСБ гэдгийг ХЗХ-той андуурах тохиолдол их байдаг шүү дээ. Иймээс ер нь ББСБ гэж юу вэ гэдгээс яриагаа эхэлье?

-ББСБ-ыг ХЗХ-той андуурах явдал их гардаг. Төрийн өндөр албан тушаалтан ч эндүүрсэн тохиолдлууд байдаг. Уг нь бол ойлгоход их энгийн, тэс өөр зорилготой байгууллагууд байгаа юм. “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай” хуульд зааснаар зээл, итгэлцэл, факторинг, төлбөрийн баталгаа, төлбөр тооцооны хэрэгсэл гаргах, цахим төлбөр тооцоо мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, гадаад валютын арилжаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх гээд 10 төрлийн санхүүгийн үйл ажиллагааг СЗХ-ны зөвшөөрлөөр явуулдаг. ББСБ нь хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөс бүрдсэн өөрийн хөрөнгөтэй байгууллага ба мөнгөн хадгаламжийн үйлчилгээ үзүүлдэггүй. Зарим тоон үзүүлэлт дурдахад, Монголын санхүүгийн зах зээл дээр 2014 оны эцсээр нийт 378 ББСБ төрөл бүрийн санхүүгийн үйлчилгээг эрхэлж байгаагаас зээлийн үйл ажиллагаатай 323 ББСБ байна. Валютын арилжааг дангаар нь эрхэлдэг 53 ББСБ байна. Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө өгдөг 29 байгууллага байна. Гэхдээ ББСБ-ууд зээл, валютын арилжаа болон мөнгөн гуйвуулга зэрэг үйлчилгээгээрээ банктай өрсөлдөхүйц буюу түргэн шуурхай, хүнд сурталгүй үйл ажиллагаа явуулж зах зээл дээр өөрийн байр сууриа олж чадсан байна.

ХЗХ бол үйл ажиллагаа нь гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг хүргэдэг ашгийн төлөө бус хуулийн этгээд байдаг. Монгол Улсад 2014 оны эцсээр 207 ХЗХ үйл ажиллагаа явуулж байдаг. Иймээс ч ББСБ-ын харилцагчийн тоо нь 663.098 байдаг бол ХЗХоршооных зөвхөн гишүүддээ үйлчилдэг гэдэг утгаараа 30.698 харилцагчтай байна. Тэгэхээр энэ хоёр байгууллага бүтэц, үйлчилгээ, зорилгоороо тэс өөр байгууллагууд юм.

-Банк бус санхүүгийн салбар нь Монгол Улсын санхүүгийн салбарын багагүй хувийг эзлэдэг. Иймээс ББСБ-ын нийгэм эдийн засагт үзүүлж буй үр нөлөөг танилцуулбал…

-Одоогоор ББСБ нь санхүүгийн зах зээл дээр банкны салбартай харьцуулахад нийт активаараа 2.25 хувийг эзэлж байна. Харин нийт хувьцаат капиталаараа банкны салбартай харьцуулахад маш их хөрөнгө төвлөрсөн байдаг (65.6 хувь).

Хэдий актив хөрөнгөөрөө бага ч ББСБ-аар үйлчлүүлэгчид нь олон байдаг. Дийлэнхдээ бичил, жижиг бизнес эрхлэгч, өрхийн үйлдвэрлэгч, иргэд ББСБ-аар үйлчлүүлж бизнесээ өргөжүүлэх, хөгжүүлэх боломжоор хангагдаж байдаг. Ер нь бичил жижиг бизнес эрхлэгчдэд банкнаас зээл авахад барьцаа хөрөнгө хангалтгүй, бичиг баримт бүрдүүлэлт муу, бизнес нь шинэ, яаж зээл авах мэдлэг муу гэх мэт бэрхшээлүүд байдаг.Барьцаа хөрөнгө гэхээр шууд л орон сууц, үл хөдлөх хөрөнгө гэж ойлгогддог. Гэтэл үл хөдлөх хөрөнгөгүй ч үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа бичил бизнес эрхлэгчдийг ББСБ-ууд дэмжин ажиллаж байна. Мөн шуурхай, найрсаг үйлчилгээ үзүүлдгээрээ зах зээл дээр хүмүүст танигдсан байдаг. ББСБ-ууд эдгээр харилцагчдыг бизнесээ өргөжүүлж, өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд нь бодитой хувь нэмэр оруулж байна гэж би хувьдаа үздэг.Нийт зээлдэгч 2014 оны эцэст 60 мянга гаруй байсан гэж үзэхээр тэдгээр зээлдэгчдийн ар гэрт дунджаар 80 мянга гаруй хүүхдийн амьдрах, сурч боловсрох орчин сайжирч, 200 мянга гаруй өрхийн гишүүдийн орлогын түвшинг өсгөсөн, 330 гаруй мянган ажлын байр бий болгосон гэж харвал маш чухал үзүүлэлт юм. ББСБ-ын зээл, валютын арилжааны үйл ажиллагаанаас бусад үйлчилгээнүүд ч мөн адил санхүүгийн салбарт хөрөнгийг зохистой удирдах, эдийн засгийн эргэлтэнд оруулахад чухал үүрэг гүйцэтгэдэгч манай зах зээлд бодит утгаараа хөгжих боломж нь дутмаг байна.

-Банк бус санхүүгийн салбарын цаашдыг хөгжлийг та хэрхэн зураглаж байна вэ?

-ББСБ бол өмнө дурдсан олон төрлийн санхүүгийн үйлчилгээг хүргэгч, хөрөнгийн зах зээлийн брокер гэж ойлгогдож болно. Өөрөөр хэлбэл банкны үйлчилгээ хүрдэггүй зах зээлд хүрч ажиллахаас гадна, бусад санхүүгийн үйлчилгээгээр зах зээлд буй хөрөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, ирээдүйтэй салбар гэж би хардаг. Монгол Улс хөгжихийн хэрээр ББСБ-н үйлчилгээний эрэлт ихсэж, эрх зүйн орчин нь ч сайжраад явах нь гарцаагүй.

Яг өнөөдөр бол ББСБ гэхээр бичил санхүүгийн байгууллага гэдэг ойлголт их газар авч байна. Энэ нь одоогийн дийлэнх ББСБ-уудын явуулж буй үйл ажиллагаанаас үүдэн гарч байгаа ойлголт байх. Бичил санхүүгийн хувьд бол банк болон ББСБ хүрээгүй зах зээл хангалттай байна гэж харагддаг. Жишээ нь, зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээ сайжрахад л банк санхүүгийн байгууллагуудын итгэлтэйгээгээр зээл олгох харилцагч нар нэмэгдэж байгаа юм. Мэдээллийн болон мобайль технологио сайжруулахад л, урьд өмнө хүрч чаддаггүй байсан харилцагч нартаа үйлчилгээг хүргэх гэх мэт. Ийм байдлаар ББСБ-ууд зах зээлд өөрийн гэсэн байр сууриа улам бэхжүүлэн томрох хандлага байна. Өнгөрсөн 2014 ондзээлийн үйл ажиллагааны зөвшөөрөлтэй ББСБ 323-т хүрч өмнөх оноос 104-өөр нэмэгдсэн байна. Ирээдүйд ББСБ тоогоор хөгжих бус харилцагчдад хүргэж байгаа үйлчилгээний чанар, төрлөөрөө хөгжих нь илүү тогтвортой хөгжил байх болно.

-Олон улсад бичил санхүүгийн салбар хэрхэн хөгжиж байгаа вэ?

-Олон улсад Бичил санхүүгийн салбар жилд дунджаар 20 хувийн өсөлттэй хөгжиж байна. Хөгжиж байгаа орнуудын эдийн засагт бодит нөлөө бүхий салбар болон өргөжин тэлж, тухай орны хөгжлийн бодлогын нэгэн хэсэг болж байна. Зарим тоо дурдвал, дэлхийн хэмжээнд 2.5 тэрбум хүний эрэлт хэрэгцээ энэхүү салбарт бий гэсэн судалгаа байдаг бол нийт 10.000 бичил санхүүгийн байгууллага 175 сая хүнд хүрч ажилласан байдаг. Тэдний 500-гаад байгууллага л олон улсын шаардлагад нийцсэн байгууллагууд байдаг ба тэдгээр байгууллагуудад санхүүжилт олгодог олон улсын байгууллагуудын нийт хөрөнгө оруулалт дүн нь 7.5 тэрбум ам.доллар байна.Үүнээс харахад улам их хөгжих боломж ирээдүйд харагдаж байна, гагцхүү хөгжиж буй орнуудын хууль эрх зүйн орчин, дэд бүтцийн таатай нөхцөлөөс хамаарч байдаг. Жишээлбэл, зээлийн мэдээллийн сан, мобайл технологи, хадгаламж, мөнгөн гуйвуулгын үйлчилгээг хөгжүүлэх, дэмжих гэх мэт.

Сүүлийн үед олон улсын санхүүгийн байгууллагууд зөвхөн бичил бизнесийн салбарт зээл олгохоос гадна жижиг бизнес эрхлэгч нарт анхаарлаа хандуулж эхэлсэн. Энэ нь нийгмийн хариуцлагын хувьд олон ажлын байр бий болгох, тухайн жижиг бизнес өсөн торниход дэмжлэг болох зорилгыг агуулж байдаг.

-Өнөөдөр Монголын бичил санхүүгийн салбар олон улсын бичил санхүүгийн салбартай харьцуулахад ямар шатанд хөгжиж байна?

-Монголын бичил санхүүгийн салбар нь 1998 онд байгуулагдсан“Хөгжлийн Алтан сан” ББСБ-аас гараатай гэж хэлж болно. Өнөөдөр бичил санхүүгийн салбарт цөөн тооны банкны багцын тодорхой хувь, ББСБ-ууд болон ХЗХоршоод голлох үүрэг гүйцэтгэдэг ба хэдий хүн амын хувьд бага ч дэлхийн бичил санхүүгийн салбарын хөгжилтэй нягт уялдаатай хөгжиж ирсэн.

Энэхүү салбар нь нийгмийн хариуцлагыг тэргүүн зорилгоо болгож, зорилтот зах зээл болох ядуу болон бага орлоготой иргэдэд хэрэгцээтэй санхүүгийн үйлчилгээг хүргэж ирсэн. Жишээ нь, манайд бүлгийн зээл, барьцаагүй, эргэлтийн хөрөнгө болон тоног төхөөрөмж барьцаалсан зээлийг санхүүгийн байгууллагууд гадны болон дотоодын зарим эх үүсвэрээр олгож байна. Ийм зээл олгох нь эрсдэлтэй мэт боловч, зөв засаглалтай, эрсдэлийн удирдлага сайтай байгууллагуудад амжилттай хэрэгжиж байна. Мөн бичил даатгал, хадгаламж, иргэдийн гадаадад хөдөлмөрлөж ар гэртээ мөнгө гуйвуулах боломжтой мөнгөн гуйвуулга хийх үйлчилгээгч зах зээлд сайн нэвтрүүлж чадсан гэж боддог.

Гэвч зарим тал дээр бид хоцорч явна. Манайд бичил болон жижиг бизнесийг дэмжих төрийн бодлого дутмаг, эсхүл эзнээ олохгүй байна. Бидний олон жил ярьж буй мега төслүүд хэдий ажлын байр болон дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөх хэдий ч, одоо яг байдал дээрээ ядуурлаараа 29 хувьтай, хүйсийн тэнцвэргүй байдлаараа дэлхийд 103-т жагсаж байдаг. Ийм орны хувьд бичил жижиг бизнес эрлхэгч нараа огт дэмжихгүй байгаа нь хачирхалтай. Жишээ нь “Бичил Санхүүгийн Хөгжлийн Сан”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-г эс тооцвол, өнөөдрийг хүртэл ББСБ-уудаар дамжуулж бичил болон жижиг бизнесийг дэмжих зээл олгогдоогүй байна. ББСБ-уудын өөрийн хөрөнгийн чадамж өндөр, олгож байгаа дундаж зээлийн хэмжээ нь 4.8 сая төгрөг байгаа нь нөгөө 1-9 ажилтантай Монголын 51.000 аж ахуйн нэгжүүдэд хүрч ажиллах бүрэн боломжтой байгаа юм. Гэтэл энэ боломжийг дэмжихгүй, ашиглахгүй, хэрэгцээгүй мэт байсаар байна. Аливаа амжилттай хөгжсөн орнуудын жишгээр бол бичил болон жижиг бизнес эрхлэгчдээ бодлогын түвшинд байнга дэмжиж явдаг. Тухайн улсын ирээдүйн том бизнесүүдийг бичил болон жижиг бизнес эрхлэгчдээсээ эрж, хайж, тордож байдаг. Иймд ч төрийн бодлого нь тэр зах зээлийг дэмжих, хууль журмаа цаг үедээ уялдуулж шинэчлэх, санхүүжилтээр дутаахгүй байх бодлогыг барьдаг. Манайд зөвхөн томоохон аж ахуйн нэгжүүдэд тэр боломжуудыг олгож байна.

Мөн бичил санхүүгийн байгууллагуудыг эрхзүйн орчноор дэмжих нь дутагдалтай байна. Жишээлбэл, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийг 2006 онооос хойш шинэчлээгүй өдийг хүрлээ.Энэхүү хуулийг хөгжлийн цаг үетэйгээ уялдуулж шинэчлэх шаардлагатай гэж яригдаад гурван жил, хуулийн төслийг боловсруулаад батлуулах гэж хоёр жилийн нүүр үзлээ. Өөр нэг жишээ бол, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль эрхзүйн орчинг сайжруулах асуудал удааширсаар байна. Өнөөдөр санхүүгийн байгууллагууд барьцаа хөрөнгийг гурван шатны шүүхээр шийдвэрлүүлж, хугацаа алддаг, улмаар эдийн засгийг эргэлтэнд байхуйц зээлийн хөрөнгө, иргэдийн хөрөнгийг гацаанд оруулж байгаа нь зээл олгох зардлыг өсгөж, иргэдэд очих зээлийн хүү тодорхой хэмжээгээр өндөр байхад нөлөөлж байна.

Цаг хугацаатай байнга уралдаж, байнга шинэчлэгдэн хөгжиж байх ёстой салбаруудын нэг бол гарцаагүй санхүүгийн салбар. Үүнийг шийдвэр гаргагч төрийн албан хаагчид маань ойлгох цаг ирнэ гэдэгт найдаж байна.

Б.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин Сарантуяа, Ганхуяг нар дахин хамт дуулна

Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяа, дуучин Н.Ганхуяг нар 1990-ээд оны үед хамтран “Чиний үгүйд”, “Хавар” нэртэй дуунуудаа дуулж олны таашаалд хүрч байсан. Тэд Хөх тэнгэр хамтлагт байхдаа хамтран амьдарч байсан ч тус тусынхаа амьдралыг хөөн салж байсан түүхтэй. Салснаасаа хойш нэг тайзан дээр гарч хамтран дуу дуулалгүй 20 гаран жил болсон тэднийг үзэгчид дахин хамтран дуулахыг хүлээсээр ирсэн.

Харин
зургаадугаар сарын 19-нд болох “Хөх тэнгэр” хамтлагийн 25 жилийн ойн
тоглолтон дээр тэд хамтран сонсогчдынхоо сэтгэлд хоногшсон дуунуудыг
дуулахаар болжээ.