Налайх дүүрэгт хот байгуулах шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргаад буй. Энэ дагуу хотын Захирагчийн сонгох сонгуулийг маргааш зохион байгуулах гэж байна. Налайх хотын Захирагчийн сонгуулийг зохион байгуулах нэгдсэн хороог 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байгаа аж. Захирагчийн сонгуулийг Налайх дүүргийн 1, 2, 3, 4, 5, 7-р хорооны хэсэгт хороо тус бүрт байгуулжээ. Хэсгийн хороог тухайн хорооны нутаг дэвсгэрийн хилийн цэс, Налайх хотын эдэлбэр газрын заагаар хязгаарлаж тогтоосон байна. Налайх дүүргийн Захирагчийн сонгуульд найман нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.Зургаан хэсгийн хорооны нэрсийн жагсаалтад орсон 20 263 иргэн сонгуульд оролцох эрхтэй юм байна. Сонгууль маргааш 07-22 цагийн хооронд болно.
Month: June 2015
Монгол Улсын төрийн өмчит “Мон-Атом” ХХК, Бүгд найрамдах Чех улсын “Ураниум индастри” ХК хооронд ураны цацраг идэвхт ашигт малтмал, геологи хайгуулын үйл ажиллагаа эрхлэх “Мон-Чех Ураниум” компани байгуулагдсан. Хамтарсан “Мон-Чех Ураниум” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн гэрээнд өнөөдөр хоёр тал гарын үсэг зурлаа. “Мон-Атом” ТӨХХК-ийг төлөөлж ТУЗ-ийн дарга Н.Батбаатар, Гүйцэтгэх захирал Э.Галбадрал, Бүгд найрамдах Чех улсын “Ураниум индастри” ХК-ийг төлөөлж компанийн ТУЗ-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Милан Клечка, ТУЗ-ийн гишүүн Мартин Кадлец нар гарын үсэг үзэглэлээ. Гэрээ ёсоор хамтарсан компанийн 51 хувийг Монголын тал эзэмших юм. Уг төслийг Засгийн газрын энэ оны тавдугаар сарын 19-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар танилцуулж дэмжсэн байна.
Тус арга хэмжээнд Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид оролцож үг хэллээ. Тэрээр “Монгол Улсын Их хурал цацраг идэвхт ашигт малтмалын талаар баримтлах бодлого 2005 онд, Цөмийн энергийн тухай хуулийг 2009 онд тус тус батласан нь салбарын бодлогыг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн билээ. Засгийн газрын 2012 -2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ураны хайгуул олборлолтын үйл ажиллагааг идэвхжүүлж шар нунтаг хүртэл үйлдвэрлэх зорилтыг тавьсан бөгөөд энэ чиглэлээр Шийдлийн Засгийн газар холбогдох арга хэмжээ авч, зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. “Мон-Атом” ТӨХХК, Бүгд найрамдах Чех улсын “Ураниум индастри” ХК-ий цацраг идэвхт ашигт малтмал ураны геологи хайгуулын салбарт хамтран ажиллахаар тохиролцож гэрээ байгуулж буй нь салбарын хөгжилд зохих ёсны хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Гарын үсэг зурах ёслолд мөн Бүгд Найрамдах Чех улсын Синатор Ярослав Дуброва, Чех улсаас Монгол Улсад суух элчин сайдын зөвлөх Вацлав Добеш, Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайд Д.Зүмбэрэллхам болон Цөмийн энергийн комисс, Ашигт малтмалын газар, “Мон-Атом” ТӨХХК-ийн төлөөлөл оролцлоо.
БНХАУ-ын зэсэн бүтээгдэхүүний импорт тавдугаар сард 360 мянган тонн болж өмнөх сараасаа 16 хувиар буурчээ. БНХАУ дөрөвдүгээр сарын байдлаар 4.1 сая тонн зэсийн баяжмал болон хүдэр импортолсон мэдээ гарсан байна. Өнгөрсөн оны мөн үеэс 8.3 хувиар өссөн дүн аж. Харин манай улсаас энэ оны эхний дөрвөн сард нийт 392 мянган тонн зэсийн баяжмал импортолж, нийлүүлэлт өнгөрсөн оны өдийгөөс гурав дахин өсгөжээ.
Энэ он гарсаар арван компани МҮХАҮТ-д хандаад байна. Тэд хүнд нөхцөл байдлын гэрчилгээ гаргуулах хүсэлт тавиад буй. Шалтгаан нь ам.долларын ханшийн өсөлт аж. Ханшийн өсөлтөөс болж бизнесийн хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж, гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон компаниуд арваар тогтохгүй гэнэ. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байна гэж танхимаас мэдээллээ. Гадаад худалдаа эрхэлдэг байгууллагууд ханшийн эрсдэлд олноороо өртжээ. Мөн сүүлийн хоёр жилд зогсолт хийсэн барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг зарим компани дампуурах эрсдэлд ороод байгаа юм байна. МҮХАҮТ-д хандсан компаниуд ханшийн эрсдлээс гадна төрийн байгууллагуудтай холбоотой тодорхой баримт бүхий санал хүсэлтийг ч тавьжээ. Тэдтөр бизнесийн үйл ажиллагаанд хэтэрхий их оролцож байна гэсэн шүүмжилж байгаа аж.
Улиастай – Гачуурт чиглэлийн 11 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд 1 метрийн диаметртэй төмөр бетон дугуй хоолойн ажил шинээр хийхтэй холбогдуулж өнөөдөр 8.00 цагаас энэ сарын 27-ны 7.00 цаг хүртэл зам хаана.
Мөн Улиастай – Гачуурт чиглэлийн замыг зургаадугаар сарын 15-ны 23.00 цагаас зургаадугаар сарын 29-ний 7.00 цаг хүртэл хэсэгчлэн хааж зам барилгын ажил хийх болсныг мэдэгдлээ. Авто зам хаасан үед тээврийн хэрэгслийг түр замаар хөдөлгөөнд оролцуулах юм байна.
“OPEC”-ийн гишүүн орнуудын газрын тосны нийлүүлэлт түүхэн дээд хэмжээнд хүрч өсөөд байна. Үүнтэй холбоотойгоор үнэ өсөх магадлал буурч байна гэж Олон улсын эрчим хүчний агентлагийнхэн онцоллоо. Дэлхийн газрын тосны гарцын 18 хувийг бүрдүүлдэг Саудын Араб, Ирак, Арабын нэгдсэн Эмират улсууд өнгөрсөн сард гарцаа нэмснээр “OPEC”-ийн орнуудын нийт нийлүүлэлт өдрийн 31.33 сая баррельд хүрчээ. Олон улсын зах зээл дэх нефтийн үнийн бууралтнийлүүлэлтийн илүүдлээс шалтгаалж байгаа аж. Гэсэн ч том олборлогчид зах зээлийн хувь хэмжээгээ хадгалахын тулд баасан гарагт болсон “OPEC”-ийн уулзалтаар гарцаа хэвээр үлдээх шийдвэр гаргасан билээ.
Монголбанк, Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компани хамтран энэ оны тавдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг хийснээ өчигдөр танилцууллаа. Судалгаанд Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4358 орон сууцны мэдээллийг хамруулжээ. Судалгаагаар хуучин орон сууцны үнийн индекс суурь өмнөх сараас -0.6 хувиар, оны эхэн үеэс -5.3, өнгөрсөн оны мөн үеэс -9.8 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Жишээ нь өнгөрсөн сард хоёр өрөө хуучин орон сууц 94.300.000 төгрөгийн үнэтэй байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.2 хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Гэхдээ хуучин орон сууцны үнэ дүүргээсээ хамаарч өөр, өөр байна. Сүхбаатар дүүрэгт хоёр өрөө байр 111.2 сая, Чингэлтэй дүүрэгт хоёр өрөө байр 107.5 сая, Баянгол дүүрэгт 93.9 сая, Баянзүрх дүүрэгт 93.1 сая, Хан-Уул дүүрэгт 80.9 сая, Сонгинохайрхан дүүрэгт 78.3 сая төгрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны тухайд үнийн индекс нь 26.7 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас -0.4 хувиар бууралттай, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.5 хувийн өсөлттэй гарсан аж. Шинэ байрны үнэ ийм хэлбэлзэлтэй гарсан нь төгрөгийн гадаад валюттай харилцах ханшаас хамааралтай гэнэ.Шинэ орон сууцны үнэ байрлалаасаа хамаарч өөр өөр байгааг судалгааныхан онцлов. Сүхбаатар дүүрэгт баригдсан орон сууц нэг метр квапрат нь 3 сая 150 мянган төгрөг болХан-Уул дүүрэгтхоёр сая 930 мянга, Баянзүрх дүүрэгт хоёр сая 230 мянга, Баянгол дүүрэгт хоёр сая 140 мянга, Чингэлтэй дүүрэгт нэг сая 840 мянга, Сонгинохайрхан дүүрэгт нэг сая 640 мянган төгрөгийн үнэтэй байна.
Шаравын Батсуурь аваргын охин Б.Нарантуяатай ярилцлаа. Тэрээр Монголын радиогийн гадаад мэдээний албанд олон жил ажилласан нэгэн юм.
-Танай аав Монголын домог болсон хүчит аваргуудын нэг. Говь-Алтайн Жаргалан сумын хүн байх шүү?
-1922 онд Жаргалан хайрханы өвөр бэл Гүзээн тээл гэдэг газар төрсөн байдаг. Миний бие аавынхаа нутагт хэдэн хэдэн удаа очиж байсан. Байгалийн сайхнаараа гайхагддаг газар. Жаргалан хайрхан гэж ямар их нөмөр нөөлөгтэй уул гэж санана. Аавыгаа өнгөрснөөс хойш уул, усыг нь их санах юм даа. Сүүлд хөшөөнийх нь нээлтэд очихдоо нүдэндээ нулимстай буцсан.Торгон элсэн дунд тогтсон Эрээн нуурыг Монголд дуулаагүй хүн ховор болов уу. Дуунд мөнхөрсөн ариун дагшин газар ус. Аав ээж нь эгэл жирийн малч удмын хүмүүс байжээ. Аавынх нь өвөг эцэг Хийдэв заан гэж нутаг хошуундаа нэртэй бөх байсан гэдэг. Тэр хүний талаар түүх домог шиг яриа олныг сонсч байлаа. Бөхийн холбооны дэд тэргүүн байсан соёлын гавьяат зүтгэлтэн Даваасамбуу гуай аав хоёр нэг нутгийнх. Даваасамбуу гуайн аав Пүрэв аймгийн заан цолтой хүн байж. Тэр хүн таван хүүтэй хэрнээ ”Манай сумаас Батсуурь л бөх болж Хийдэв зааныг нэрийг гаргаж магадгүй” гээд зодог шуудгаа аавд өгсөн юм билээ. Тэгэхээр аав багаасаа л бяр чадалтай, сайн бөх болох нь мэдрэгдээд байж л дээ. 17 насандаа овооны наадамд анх зодоглож түрүүлж байснаа дурсдаг юм.1947 онд Хязгаарын цэргийн бөх гэж зарлуулаад улсын баяр наадамд түрүүлсэн байдаг. Түрүүлэхийнхээ өмнөх жил ирж барилдаад дөрөв давж, тавын даваанд унасан. Тэгэхэд Монголын баруун хязгаар Ховд нутаг, домогт Байтагийн заставт алба хааж байжээ.
-1947 оны наадмаар түрүүлчихнэ чинээ бодоогүй байх аа?
-Яаж бодох билээ. Эгэл жирийн байлдагчийн сэтгэлд төрийн наадмын түрүү багтахгүй шүү дээ. Тэр жилБ.Түвдэндорж, Ц.Чимэд-Очир аваргууд Дэлхийн залуучууд оюутны их наадамд оролцохоор гадагшаа явсан тул наадамчин олон Ж.Цэвээнравдан аваргыг түрүүлнэ хэмээн таамаглаж байсан гэдэг. Аав ч гэсэн Цэвээнравдан аваргыг түрүүлэх байх гэж бодож байжээ. Тэгтэл долоогийн даваанд “бухан хүү” хэмээн алдаршсан А.Моломжамц зааныг, наймд өнөө түрүүлнэ хэмээн олны найдлага тавиад байсан Цэвээнравданг, түрүү үзүүрт Өвөрхангайн Гялдангийн Цоодол арслан давснаар улсын баяр наадамд улсын цолгүй бөх шууд түрүүлж арслан болсон түүхтэй. Түвдэндорж, Чимэд-Очир аваргууд эзгүй байсан учир Цоодол арслан аав хоёрыг“Боорцогны хулгайчид” гэсэн яриа бөхийн хүрээнд гарсан байдаг. Хоёр аварга яг тэгж хэлсэн эсэх нь эргэлзээтэй. Бөхчүүдийн хооронд мод, чулуу хаяж янз бүрийн яриа гарган хов зөөдөг хүмүүс бас байдаг юм билээ. “Манайхан “Хоёр Мөнх”-ийн хооронд мөн ч их хов зөөж, бантанг нь хутгасан даа” гэж аав хэлдэг байсан. 1947 оны наадамд түрүүлж үзүүрлэсэн хоёр залуу бөхийг Түвдэн, Чимэд-Очир аваргууд долоогийн даваанд нэг нэгээр нь амлаж барилдаад унасан түүхтэй. Үндсэндээ Түвдэн аварга аавыг, Чимэд-Очираварга Цоодол гуайг амлаж барилдаад унажээ. Түвдэн аваргыг аав дунгуйлдах мэхээр өвдөг шороодуулсан нь хуучны бичлэгт тодорхой бий. Аваргын хумс сөхөгдөөд уначихаж л дээ. Барьц булаацалдаж их л хүчтэй халцгаасан юм шиг байгаа. Аварга босч ирээд “Чи далбаандаа юу хийчихсэн юм, шалгуул” гэхэд нь далбаагаа үг дуугуй үзүүлсэн гэдэг.
-Баруун Алтай нутаг, Байтагийн заставт алба хааж байсан хүү нь “Хязгаарын цэргийн бөх” гэж зарлуулаадтөрийн наадамд түрүүлэхэд ижий аав нь ихэд баярласан нь мэдээж.Батсуурь аварга энэ тухайгаа ярьж байв уу?
-Эхний жилээ түрүүлчихээд нутагтаа очиж чадаагүй юм билээ. Харин хоёр дахиа түрүүлж, улсын аварга цол хүртчихээд нутагтаа, аав ээждээ очжээ. Тэгэхдээ ханиа дагуулаад очсон байгаа юм. Хязгаарын цэрэгт мордсон хүү нь улсын аварга цолтой бөх болж, төрийн наадамд хоёр дараалан түрүүлчихээд, ханиа дагуулаад очихоор ижий аав нь баярлахын дээдээр баярлана биз дээ.Аав ээж хоёр дөчин найман оны наадмын өмнө Цэвээнравдан аваргынд анх танилцсан гэдэг. “Аав нь төрийн наадамд түрүүлчихээд, аварга болчихоод…” хэмээн сайрхан ярихгүй. Хувь хүнийхээ талаас машид энгийн, нөхөрсөг даруухан хүн байлаа.Би төрийн наадмын түрүү хүртсэн бөх гэдэг ч юм уу, эсвэл алдар цолоороо далайлгаж бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлж байсангүй ээ. Баярлаж гомдох нь бүхний нүдэн дээр. Аливааг нууж хаана гэж байхгүй. Тийм л эгэл боргил хүн.
-Батсуурь аварга гэхээр 1949 оны наадам санаанд буух нь бий.Учир нь есийн даваанд Нисэхийн П.Аюушт бууж өгсөн гэх дам яриа байдаг. Мөн энэ хоёр бөх нэг айлын баз хүргэчүүд байсан гэдэг. Энэ үнэн юм уу?
-Энэ бүхэн худлаа. Намайг тэр “Нисэхийн” Аюуш гэж айлынхаас өргөж авсан гэж хүртэл яриа гарч байсныг санах юм. 1949 оны наадмын тухай аавынхаа болон бусад бөхчүүдийн амнаас сонсч байснаа хэлье. Наадмын сүүлийн өдөр бөхийн барилдаан дуусахгүй байсаар байгаад шөнө болж. Одоо шиг даваа бүр цаг минутаар хязгаарлагдаж байсангүй. Шөнө болсон тул гэрэл тусгаад барилдах болжээ. Хоёр бөх төв асрын өмнө өрөөд зогстол Аюуш аавд “Чи улсын наадамд хоёр түрүүлсэн хүн. Энэ удаа надад буугаад өгчих. Би нэг түрүүлж үзмээр байна. Чи дахиад олон түрүүлнэ шүү дээ” гэх утгатай зүйл хэлсэн байна. Аав яалаа гэж бууж өгөх билээ. Дахиад түрүүлэхийг л бодно шүү дээ. Яриаг нь чагнаад зогсч байтал гэнэт дайраад хаячихсан байгаа юм. Унахын хувьд баараггүй унасан гэдэг. Аав тэгэхэд тушаалаар л хөдөлдөг цэргийн хүн байсан учир яриаг нь сонсоод анхаарал алдчихгүй юу. Ингээд аавыг уначихаар наадам хааж үг хэлэх байсан Маршал уурлаад босоод явчихаж. Наадмаа ч хаасангүй, үзүүр түрүүний хоёр бөхөд бай шагналыг нь гардуулсангүй. Энд тэндээс тусгаж байсан гэрэл ч унтарч хав харанхуй болон, Яармагийн дэнжид наадамчин олон үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаад хоцорсон байдаг. Маршал цэргийн бөх гурав дахиа түрүүлэх нь хэмээн ихэд бэлгэшээж, аавыг түрүүлэхээр “Алтан гадас” одон өгөхөөр бэлдчихсэн байсан гэх юм билээ. Түрүүлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байж л дээ. Энэ тухай Ж.Цэвээнравдан аварга дурсамжийнхаа номонд тодорхой бичсэн.
-Бууж өгсөн гэх нэрээр шийтгэл хүлээсэн үү?
-Наадмын маргааш комисс хуралдаад аавыг 14 хоногт сахилгад суулгах шийдвэр гаргажээ. Аюуш нь “Би юм ярьж байгаад хуураад хаячихсан юм” гэж хэлж байж гайгүй салжээ. Хэрвээ Аюуш арслан тэгж зориг гарган үнэнээ хэлээгүй бол “Төрийн наадмаар тоглоом хийж, үнэн хүчийг үзэлгүй худлаа барилдан ард түмнээ хуурлаа” гэх нэрийдлээр бүр шоронд суулгах байсан. Харин аав энэ тухайгаа хэлмэгдсэн гэж огт боддоггүй байсан даа.
-Батсуурь аваргыг Аюушид унаснаасаа хойш аз нь харьсан гэх яриа бий?
-Бөх хүний аз харина гэж байдаг юм билээ гэж аав хэлдэг сэн. Тэр олон хүний хэл ам хүрсэн болохоор арга ч үгүй биз дээ. Тухайн наадмаас хойш аав хэдэн жил улсын наадамд өөдтэй барилдаагүй. Давж байсан бөхчүүдээ дийлэхээ болиод бүр амны бөхдөө хүртэл унаж байв. Тавин гурван онд үзүүрлэснээс хойш арай дээр болсон юм даг. Бадамсэрээжид арсланг наймын даваанд өвдөглүүлж Түвдэн аваргатай түрүү үзүүрт шалгарсан. Манай аав чинь төрийн наадамд хоёр түрүүлж, гурав үзүүрлэсэн хүн шүү дээ. 1957 онд Дамдин аваргатай үлдэж үзүүрлэсэн. Тэр наадмыг би сайн санаж байна, зургаан настай байлаа. Дамдин аварга аав хоёрыг сандал дээр зогсоогоод зургийг нь авсан. Тэгээд арвын цагаан тогоогоор дүүрэн баавгайтай чихэр өгсөн. Би “Аав аа надад чихэр” гээд гүйгээд очтол аав сандал дээрээсбөхийгөөд тавагтай чихрээ доошлуулталасгачихсан. Эргэн тойронд байсан наадамчин олон “Аваргын хишиг” гэж бүгд дайраад нэг ч чихэргүй уйлаад хоцорч билээ.
-1963 оны наадмаар зургаа давж дунд шөвөгт үлдэхэд нь дархан аварга цол өгсөн түүхтэй дээ?
-Олон жил тогтмол сайн барилдсан амжилтыг үнэлж дархан аварга цол олгосон. 16 шөвгөрсөн амжилтыг үнэллээ гэж үнэмлэх дээр нь бичсэн байдаг. 1961-1963 онд дараалан дунд шөвөгт шалгарч байсан. Дархан аварга цол хүртдэг тэр жил нь аав бид хоёр гэртээ хоёулахнаа байлаа. Ээж дүү хоёр Бөөрөлжүүтэд амрах гээд явчихсан байсан. Тэр жилийн наадмаар ээжийн урлаж өгсөн шинэ зодог шуудгийг өмссөн нь санаанаас гардаггүй. Хуучин далбаа нь урагдаад салбайчихсан хэрэг л дээ. Наадмын өмнөхөн манайхаар Цэвээнравдан аварга ирэхдээ ээжид “Бидний үеийн өвгөчүүлд зодог шуудаг оёж өгөөд байхдаа яахав дээ” гэж хошигнон хэлж байсан сан. Аав наадмын өглөө шинэ зодгоо бүслээд гарахдаа “Шинэ зодогны ид хавыг нэг үзчихсэн” гэж бэлгэшээж байсан. Тэгээд л дархан аварга болсон доо.
-Бөхчүүдээс хэнтэй нь илүү дотно нөхөрлөдөг байв?
-Ц.Чимэд-Очир аваргатай дотно нөхөрлөдөг байсан. Анх Хязгаарын цэргээс улсын наадамд ирж барилдахад нь Чимэг аварга томоохон гүүр болсон гэдэг. “Танай Байтагийн заставт Батсуурь сайхан бөх хүү бий дээ” гэж Батын Дорж генералд дуулгаснаар тэр холоос ирж барилдсан юм билээ. Б.Түвдэндорж, Ж.Цэвээнравдан аваргууд манайхаар үргэлж ирнэ. Дараа үеийнхнээс Д.Дамдин, Ч.Бээжин, Ж.Мөнхбат аваргууд мөн ирдэг байсан даа.
-Улсын цолонд хэд хэдэн бөхийг хүргэсэн байх аа?
-Цаашдаа сайн барилдах залуу бөхчүүдийг цолонд хүргэх гэсэн бодолтой байсан. Харин нэг жилийн наадмаар гэртээ ирчихээд “Тэр хүүг жаахан гомдоочихов уу. Гэхдээ ирэх жил улсын цолонд хүрчихэнэ дээ” гэж байсан. Тэр нь Д.Мягмар заан байсан юм билээ. Түүнийг цолонд хүргэнэ гэж ам өгчихөөд өөр бөх амлачихсан юм билээ. Харин Чимэг аварга тэр хоёр нэгэнтээ хуйвалдаан хийснийг санаж байна. Далан нэгэн оны билүү дээ, наадмын өмнөхөн Чимэд-Очир аварга манайд ирж хонохдоо “Энэ жил Батхуяг гэж залууг начин болгоё” гэв. Тэгэхэд нь аав “Бид хоёр сайндаа гурав л давна шүү дээ” гэхэд Чимэг аварга “Дөрвийн даваанд чи намайг амлачих” гэдэг юм. “Тэгж олон түмэнд нэрээ бараад яах вэ” гэж уурлахад, олны ам хоёр өдөр цуураад л болино биз. Тэр хүүхдийг начин болгохгүй бол яагаад ч болохгүй нь. Асрамжийн газар хүн болсон, бүтэн өнчин юм байна, зайлуул.Хамгийн гол нь бөхөд үнэн сэтгэлээсээ хайртай юм. Цаашдаа цол аваад мундаг бөх болох нь яахав, гол нь начин болоод хоолтойгоо залгаатах гэсэн яриа тэр хоёрын хооронд өрнөсөн. Ингээд тэр жилийн наадмын дөрвийн даваандЧимэг аваргыг амлан барилдаж тахимаа өгснөөр тэрээр тавын даваанд Батхуягийг амлаж начин болгож байсан. Сүүлд Батхуягт тэр тухай дуулгахад мэдээгүй байж билээ.
Ө.МАНЛАЙ
БНХАУ-ын аж үйлдвэрийн гарц тавдугаар сард 6.1 хувиар өсч, таамгаас давжээ. Мөн жижиглэн худалдааны борлуулалт 10.1 хувиар өсөөд байгаа аж. Энэ үзүүлэлтүүдХятадын эдийн засгийн өсөлт тогтворжиж байгааг илтгэж байна хэмээн шинжээчид онцолж байна. Хятадын удирдлагууд эдийн засгийн загвараа хэрэглэгч
төвтэй болгон шинэчлэх зорилго тавиад буй. Уг зорилгын хүрээнд хэрэглээний зарцуулалт есөн жилийн доод түвшнээс дээшилсэн байна. Энэ нь цаашдын төлөвт эерэг дохио болно гэсэн таамаг гарчээ.
Нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийн засвар өнөөдөр эхэлнэ. Энэ хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол болон албаны бусад хүмүүс өчигдөр Төв цэвэрлэх байгууламж дээр очин, байдалтай нь танилцлаа. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, бохирдол ихтэй усыг Туул голд цутгаж болохгүй тухай Усны тухай хуулийн заалтыг сануулж, уг асуудалд хяналт тавьж ажиллахыг Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэнд үүрэг болголоо. Цаашид Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудалд Засгийн газар онцгой анхаарал хандуулж, төсөв төлөвлөгөөнийхөө хамгийн эхэнд оруулах ёстой гэж хэллээ. Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажлын бэлтгэл өчигдөр 00:00 цагаас эхэлсэн бол өнөөдөр 10.00 цагт тэг зогсолт хийж, засварын ажлыг эхлүүллээ. Энэ үеэр архи, пиво болон арьс ширний үйлдвэрүүдийн хэрэглээний усыг хязгаарлахаар болжээ. БОНХАЖ-ын сайдцэцэрлэг, сургууль, талх, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүд болон иргэдийн хэрэглээний усыг таслахгүй гэж онцоллоо. Засварын ажлыг 24 цагт багтаан хийхээр төлөвлөжээ. Засвар хийх хугацаанд бохир усанд 50 хувийн цэвэршүүлэлт хийж Туул голд цутгах аж. Төв цэвэрлэх байгууламжийн засварт 40 сая төгрөг зарцуулах юм байна.