Categories
мэдээ нийгэм

Т.Цогт, Г.Маралмаа нарыг нөгөөдөр шүүнэ

Дөрөвхөн настай охиныг зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй талийгаач охины хойд эх Г.Маралмаа, хэргийг нуун дарагдуулсан хэмээн буруутгагдсан талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт нарыг шүүх хурал нөгөөдөр 10.00 цагаас ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид болно. Хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болох байсан ч Г.Маралмаагийн биеийн байдал тааруу байгаа учир ийнхүү цагдан хорих ангийн шүүх танхимд болохоор болжээ.

Өмнөх шүүх хурал энэ сарын 3-нд болох байсан ч шүүгдэгч Г.Маралмаа ухаан алдаж унан, түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн юм. Тиймээс шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулаад байсан билээ.

Шүүгдэгч
Г.Маралмааг дөрвөн настай дагавар охин О-г биеэ хамгаалж чадахгүй
байгааг мэдсээр байж онц харгис, хэрцгий аргаар зодож, санаатайгаар амь
насыг нь хөнөөсөн хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91
дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-т зааснаар буруутган шүүнэ. Харин
Т.Цогтыг өөрийн охин О-г хойд эх Г.Маралмаад зодуулж, бие махбодид хүнд
гэмтэл санаатай учруулсныг мэдсэн атлаа зохих байгууллага, албан
тушаалтанд мэдээлээгүй. Мөн бага насны, биеэ хамгаалж чадахгүй хүүхдийг
амь бие нь аюултай нөхцөлд байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас
нас барсан, асран хамгаалж байгаа охин О-гоо хараа хяналтгүй байлгаж,
шаардлагатай тусламж үзүүлээгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн
107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн
246.1-т зааснаар буруутгаж буй.

Categories
мэдээ соёл-урлаг

Богино хэмжээний киноны уралдаан зарлажээ

Нийслэлийн аялал жуулчлалын газар, Ю Монгол байгууллага хамтран
“Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд “Та өөрөө гэрэл”
богино хэмжээний кино наадам зохион байгуулж байна.

Кино наадамд оролцогчид “Уучлах”, “Хүндлэх”, “Талархах” гэсэн сэдвээс
аль нэгийг нь сонгон 1-10 минутын богино хэмжээний кино хийж оролцох
боломжтой аж.

Шилдэг бүтээл Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит шагнал, хоёр сая
төгрөг, хоёр ширхэг нөутбүүк, Сапоп брэндийн шагнал хүртэх аж. Харин
хоёр, гуравдугаар байрт шалгарсан бүтээл мөн адил шагналыг хүртэх бөгөөд
мөнгөн дүн 1 сая, 500 мянган төгрөг байх аж.

Шалгаруулалтыг энэ сарын 30-ны өдөр явуулж, ирэх сарын 1-нд шагнал
гардуулах ёслолын ажиллагаа, шилдэг 15 бүтээлийг танилцуулах өдөрлөг
“Ниппи Опета”-д болох юм байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаантай

Монгол Улсын Засгийн газрын XXXVI ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2015 оны зургаадугаар сарын 15-ны 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

“Хараагүй, харааны бэрхшээлтэй болон хэвлэмэл бүтээл унших хязгаарлагдмал чадвартай хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгохыг хөнгөвчлөх тухай” Марракешийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл

У.ХҮРЭЛСҮХ

2.

Хөрөнгө гаргах тухай

С.БАЯРЦОГТ

3.

Ерөнхийлөгчийн Япон Улсад хийсэн айлчлалын дүнгийн тухай*

Л.ПҮРЭВСҮРЭН

4.

Ерөнхий сайдын АНЭУ-д хийсэн айлчлалын дүнгийн тухай*

Л.ПҮРЭВСҮРЭН

5.

Энэтхэг Улсын Ерөнхий сайдын айлчлалын дүнгийн тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

6.

Болгар Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

7.

Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

8.

Монгол, Японы зөвлөлдөх уулзалтын тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

9.

“Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай

Ж.ЭРДЭНЭБАТ

10.

“Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Ж.ЭРДЭНЭБАТ

11.

Хөгжлийн банкны тухай хуулийн төсөл*

Ж.ЭРДЭНЭБАТ

12.

Хууль сахиулахын их сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай

Д.ДОРЛИГЖАВ

13.

Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл*

Д.ДОРЛИГЖАВ

14.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай*

Д.ДОРЛИГЖАВ

15.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн тухай

Д.ЦОГТБААТАР

16.

Ой тэмдэглэх тухай*

Л.ГАНТӨМӨР

17.

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Р.ЖИГЖИД

18.

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын талаар авах зарим арга хэмжээний тухай*

Н.ТӨМӨРХҮҮ

19.

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төсөл*

Д.ЗОРИГТ

20.

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

21.

Сангийн сайдын гадаад томилолтын тухай

С.БАЯРЦОГТ

22.

Мьянмар Улсын гадаад хэргийн сайдын айлчлалын дүнгийн тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

23.

Сангийн сайдын гадаад томилолтын дүнгийн тухай

Ж.ЭРДЭНЭБАТ

Categories
мэдээ спорт

“Залуучууд мастер кросс-2015” шилдгүүдээ тодрууллаа


Монгол Улсад авто тээврийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн
ойн нэрэмжит Автомашины бартаат замын залуучуудын улсын аварга
шалгаруулах уралдаан өнгөрөгч амралтын өдөр боллоо.

Монголын Авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, Монголын автомашин,
мотоциклийн спортын холбоо хамтран зохион байгуулсан “Залуучууд мастер
кросс-2015” уралдаанд 47 тамирчин оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа
сорив.

Тэднээс “Акума” компанийн тамирчин Ж.Саруултөгс бусдыгаа хошуучилж
тэргүүлсэн бол н.Наранбаатар, Р.Мөнхтогтох нар удаахь байр, Д.Золзаяа
тусгай байрт шалгарлаа.

Уралдааныг зохион байгуулахад “Зэлтэрийн зам”, “Нью жуулчин”, “Монгол
аялал”, “Кар турист” зэрэг эр зоригийн спортод ээлтэй компаниуд ивээн
тэтгэгчээр оролцсон юм.

Categories
мэдээ улс-төр

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНФУ-д айлчлав

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 6 дугаар сарын 11-12-нд Бүгд Найрамдах Франц Улсад айлчлав.

Айлчлалынхаа хүрээнд сайд Л.Пүрэвсүрэн Франц Улсын Гадаад хэрэг, олон
улсын хөгжлийн сайд Л.Фабиустай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын
ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.
Уулзалтын эхэнд сайд Л.Пүрэвсүрэн, Л.Фабиус нар Монгол, Францын хооронд
дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглэв.
Сайд Л.Фабиус өнгөрсөн хугацаанд Монгол, Францын харилцаа аялал
жуулчлал, соёл зэрэг олон салбарт идэвхтэй хөгжиж ирснийг дурдаж, хоёр
талын хамтын ажиллагаа эдийн засгийн агуулгаар баяжуулах өргөн бололцоо
буйг тэмдэглэн хөдөө аж ахуй, сансрын технологийн өргөжүүлэх сонирхлоо
илэрхийлэв.

Сайд Л.Пүрэвсүрэн Монгол, Францын харилцаа сүүлийн 50 жилээр
хязгаарлагдахгүй олон зууны түүхтэйг онцлон Монгол Улсын гуравдагч хөрш
Франц Улстай эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, чингэхдээ хөдөө аж
ахуй, соёл, урлагийн салбарт хамтран ажиллах нөөц, бололцоог бүрэн
ашиглах, хувийн хэвшлийн үйл ажиллагааг тал талаасаа дэмжин ажиллахын
чухлыг тэмдэглэв. Уулзалтын үеэр Францын шилдэг үүлдрийн удмын санг
Монгол Улсын үхрийн селекцид ашиглахад францын техникийн туслалцаа,
мэргэжилтэн сургах, малын удмын санг хамгаалах, үр үйлдвэрлэл, мал
эмнэлгийн лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг францын талаас
нийлүүлэх талаар тусгайлан ярилцаж, эдгээр чиглэлд хамтран ажиллахаар
тохиролцов. Сайд нар соёлын харилцаа нь Монгол, Францын харилцаанд чухал
үүрэг гүйцэтгэж тэмдэглэж, киноны тухай хууль эрх зүйн байдлын талаар
хамтран ажиллахаар болов.

Сайд Л.Фабиус дурдсан салбаруудад хамтын ажиллагааг дэмжихэд анхаарч
ажиллахаа мэдэгдээд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд
дээд, өндөр түвшний айлчлал харилцан хэрэгжүүлэх нь чухал болохыг
тэмдэглэв. Түүнчлэн сайд нар олон улсын харилцан сонирхсон зарим
асуудлаар санал солилцсоноос гадна Монгол Улс нэрээ дэвшүүлээд буй
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд францын тал дэмжиж ажиллахаа
уулзалтын үеэр нотлов.

Айлчлалынхаа хүрээнд Сайд Л.Пүрэвсүрэн Францын Кино үйлдвэрийн үндэсний
төвийн Ерөнхийлөгч Фредерик Бредайнтай уулзаж, хамтын ажиллагааны зарим
асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр киноны салбарт Франц Улстай
хамтран ажиллах, чингэхдээ францын киноны хууль, эрх зүйн орчны талаар
туршлага судлах, ирэх онд Киноны бодлогын талаар хамтран Монгол Улсад
олон улсын семинар зохион байгуулахаар тохиролцов. Мөн Монголын эзэнт
гүрэнд аялж, дэлхийн дахинд таниулахад чухал үүрэг гүйцэтгэсэн Гиём дэ
Рубрукийн тухай “Элч” киноны талаар танилцуулж, хамтран ажиллах
боломжийн талаар санал солилцов.

Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг
тохиолдуулан Лэ Сел Сан-Клү харш зохион байгуулсан “Монголын соёлын
өдрүүд” арга хэмжээг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, БНФУ-ын Гадаад
хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд Л.Фабиус мөн нээж, Монголын
урлагийн тоглолт, соёлын үнэт өвийн дээжтэй танилцсан.

Categories
мэдээ улс-төр

Ш.Хаан, Ц.Минжинхүү нарын дунд дахин санал хураахаар болжээ

Налайхын захирагчийн сонгуулийн нэгдсэн дүн
гарч нэр дэвшигч Д.Батбаатарт 1744 сонгогч буюу 16.7 хувь нь, Б.Баяндэлгэрт 969
сонгогч буюу 9.32 хувь нь, Г.Болдбаатарт 304 сонгогч буюу 2.92 хувь нь, Д.Ганболдод
458 сонгогч буюу 4.4 хувь нь, Н.Мандуулд 550 сонгогч буюу 5.29 хувь нь,
Ц.Минжинхүүд 2121 сонгогч буюу 20.39 хувь нь, Ш.Хаанд 3215 сонгогч буюу 30.91
хувь нь, Д.Цогоод 1039 сонгогч буюу 9.99 хувь нь саналаа өгсөн. Гэсэн ч 1994
онд батлагдсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар нэр дэвшигч санал
өгсөн нийт сонгогчдын 50-иас дээш хувийн саналыг авснаар ялалт байгуулсанд
тооцох ёстой гэж заасан байдаг. Энэхүү болзолыг хангаж санал өгсөн сонгогчдын
50-иас дээш хувийн дэмжлэгийг авсан нэр дэвшигч байхгүй учраас сонгуулийг дахин
явуулахаар болсон тухай сонгуулийн Нэгдсэн штабаас мэдээлэв. Ингэхдээ хамгийн
их санал авсан хоёр нэр дэвшигчийг дахин сонгуульд оролцуулах юм байна.
Сонгуулийн нэгдсэн дүнгээр Ш.Хаанд нийт сонгогчдын 30.91 хувь нь, Ц.Минжинхүүд
20.39 хувь буюу сонгогчдын олонх нь саналаа өгсөн. Сонгуулийн нэгдсэн дүнг
ажлын хэсгийнхэн нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулж, саналын
тоогоороо бусдыг тэргүүлж байгаа Ш.Хаан, Ц.Минжинхүү нарын хооронд дахин санал
хураалт явуулахаар төлөвлөсөн тухай танилцуулахаар явжээ. Сонгуулийн штабын
зүгээр энэ долоо хоногтоо багтаан дахин санал хураалт явуулах хүсэлтэй байгаа
гэнэ. Сонгуулийн зардлыг шийдээд өгчихвөл дахин санал хураалтаар Налайх хотын
захирагч сонгогдох юм.

Categories
мэдээ спорт

Э.Даваанасан, Б.Цэцэгбаяр нар хошой медальт бөхчүүд болов

2015 оны Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах
тэмцээн гурван төрлөөр Энэтхэг улсын Нью-Дели хотын Индира Гандийн
нэрэмжит Спорт цогцолборын “К.Д.Жадхавын нэрэмжит бөхийн ордон”-д дөрвөн
өдөр үргэлжилж, өндөрлөлөө.

Сүүлийн өдөр хөвгүүдийн 42, 46, 50, охидын 65, 70 кг-ын жингүүдийн
барилдаан болж, Монголын таван бөх барилдсанаас 65 кг-ын жинд хүч үзсэн
Чингэлтэй дүүргийн бөх Э.Даваанасан хүрэл, 70 кг-ын жинд барилдсан
“Арслан” клубын бөх Б.Цэцэгбаяр мөнгөн медальд хүрч, Азийн өсвөрийн
аварга шалгаруулах тэмцээний хошой медальт бөхчүүд болов. Өмнө нь
Э.Даваанасан мөнгө, Б.Цэцэгбаяр хүрэл медаль авч байсан юм.

Манай бөхчүүд ийнхүү Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга
шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ.

Энэ тэмцээн нь наймдугаар сарын сүүлчээр Босни-Герцеговина улсын
Сараево хотод болох өсвөр үеийн ДАШТ-нд оролцох манай өсвөрийн
бөхчүүдийн хувьд томоохон сорилго боллоо.

Categories
мэдээ улс-төр

Монголыг Европтой улам ойртуулсан айлчлал

Францыг алдарт Эйфелийн цамхагаар нь, дэлхийд суутай удирдагч Напалеоноор нь хүн төрөлхтөн төсөөлдөг. Өрнөд Европт оршдог Франц өөрөө ч арвин түүхээрээ дэлхийд танигдсан орон. Энэ улсад өнгөрсөн долоо хоногт очоод ирлээ. Францын зүүн хойд Эльзас мужийн нийслэл Страсбург хотод эхний өдрүүдэд саатав. Учир нь тэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын пар­ламентын холбооны чуулганд үг хэлсэн юм. Төрийн тэргүүн болгонд олдоод байдаггүй энэ боломж Монгол Улсын Ерөнхийлөгчид ирсэн учраас онцгойд тооцогдох нь гарцаагүй юм. Түүний хэлсэн үгийг манай сонин бүрэн эхээр нийтэлсэн тул энд дахин нуршаад яахав. Гэхдээ Европарламентын гишүүд түүнийг тун анхааралтай сонсч, алга ташин уулга алдаж байсныг дурдах хэрэгтэй. Ялангуяа “Эмэгтэйчүүд бол гэр бүл, улс үндэстний гол тулгуур юм. Тэд ертөнцөд амьдрал авчирдаг. Тэд л өндөр настай, өвчтэй, тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжилдаг. Эмэгтэйчүүд бол биднийээжүүд, эгч, охин үрс маань юм. Нийгэм улам ахиж дэв­шихийн тулд бүх түвшин дэх нийтийн үйлчилгээнд эмэг­тэйчүүдийн эзлэх үүргийг нэмэгдүүлэх ёстой. Өнгөрсөн сонгуулиар парламент дахь эмэгтэйчүүдийн тоог гурав дахин нэмэгдүүлж чадлаа. Эмэгтэйчүүд эрх мэдэл­тэй болсноор бид улам нийцтэй, эвтэй болж, хохирол, сөргөлдөөнийг бууруулж чадна” гэж хэлэхэд нь Европарламентын зарим эмэгтэй гишүүд гараа өргөн дэмжиж омогшиж байгаа нь харагдаж байсан юм. Тэднийг нирхийтэл инээлгэж эсвэл алга ташуулсан олон ишлэлийг энд дурдаж болно.

Хамгийн гол нь Ерөнхийлөгчийн эх орон, ард түмнийхээ талаар хэлсэн үг Европарламентын гишүүдэд Монголын тухай тэс өөр бодол төсөөлөл өгсөн.Монгол гэдэг улсыг эерэг өнцгөөс харах хэрэгтэй юм байна. Хамтран түншлэх ирээдүйтэй улс юм. Тайван замаар бий болгосон ардчиллын болоод хүний эрх, эрх чөлөөг тунхагласан туршлага нь агуу юм гэдэг дүгнэлтийг хийж,нэг ёсондоо Монголыг тоосон байх. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн Европарламентад хийсэн айлчлал Монгол Улсыг Европын холбоотой улам ойртуулах алхам болж чадсан биз ээ.Чуулганы дараахь зоог дээр гишүүн бүрийн амнаас Монгол гэдэг үг унаж, хоолны үеэрх ярианы сэдэв болж байсан нь үүнийг гэрчлэх мэт.

Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурлын үеэр Европын парламентын ерөнхийлөгч Мартин Щульц “Эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын парламентын чуулганы хуралдаанд гайхамшигтай илтгэл тавилаа. Таны илтгэл Европын парламентын гишүүн бүрийн сэтгэлийг маш их хөдөлгөлөө. Та итгэл найдварыг, хамтын ажиллагааг уриаллаа. Үнэт зүйлсийнхээ төлөө тэмцэхийг, ардчиллыг хамгаалахыг уриаллаа. Түүхэн уламжлалд тулгуурласан нээлттэй нийгэм байгуулахыг зорьж байгаа юм байна. Та болон таны эх орон орчин үеийн, дэвшилтэт улс төрийн стратегийг сонгон хэрэгжүүлж байна. Таны илтгэл бидэнд гүн сэтгэгдэл төрүүлснээс гадна нийтлэг үнэт зүйлсийнхээ төлөө хамтран ажиллах уриалга дэвшүүлсэнд талархаж байна. Европын парламент таны урилгыг хүлээн авч, 2016 онд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах ажилд тусламж дэмжлэг үзүүлэх болно. АСЕМ бол Ази болон Европ тивийн хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх санаачилга юм. Бид ирээдүй хойч үеийнхээ өмнө чухал шийдвэрүүдийг гаргах шаардлагатай байна. Ирэх арван хоёрдугаар сард Парис хотод уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дээд хэмжээний уулзалт болно. Тийм ч учраас бид таны уриалгыг хүлээн авч байна. Монгол гэдэг ардчилсан улсын Ерөнхийлөгч өнөөдөр Европын холбооны 28улсын 507 сая гаруй иргэнийг төлөөлсөн парламентын чуулганд үг хэлсэнд баяртай байна. Европын парламент 28 улсын 507 сая иргэнд зориулсан шийдвэр гаргадаг гэдгээрээ ихээхэн онцлогтой юм. Таны илтгэл Монгол Улс болон Европын Холбооны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх итгэл найдвар өглөө” гэж хэлснээс нь харахадч тодорхой байна.

Европарламентын танхим үнэхээр том. 751 гишүүний суудалтай учраас тийм байхаас ч аргагүй биз. Ерөнхийлөгчийг үг хэлэхээс өмнө чуулганаар жендертэй холбоотой нэгэн төслийг баталж байв. Санал хураалгаж байгаа гишүүд төслөө заалт бүрээр нь даргынхаа уншиж байгаатай тулгаж,ярсхийтэл гараа өргөх ньажилдаа ямар хариуцлагатайг нь илтгэнэ. Манай парламентадхэрэгжүүлж баймаарсайн туршлагын нэг энэ байлаа.

Европарламент бол Европын холбоо хэмээх байгууллагын хууль тогтоох эрх мэдэл бүхий нэг тогтолцоо нь юм. Гэхдээ гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдгээрээ бусад улсын парламентаас ялгаатай. Европын холбоонд нэгдсэн улсууд тав таван жилийн хугацаатай явагддаг сонгуулиар төлөөллөө парламентад суулгадаг. Долоон орны 25 гишүүн нэгдэж, бүлэг байгуулах эрхтэй. Сонгуулиар хамгийн олон суудал авсан бүлэг нь эрх баригч болдог. Ингээд Европарламентаар баталсан дүрэм, журмыг Европын холбооны улсууд мөрддөг хуультай. Энэ жишгээр өнөөдөр Европын 12 улс евро хэмээх мөнгөн тэмдэгтийг хэрэглэж байна.

Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр Европын комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкертэй уулзсан юм. Европкомисс нь хуулийн төсөл боловсруулж, Европарламент, Еврозөвлөлд өргөн барих үүрэгтэй чухал байгууллага. Үүнийг даргалдаг Жан Клод Юнкер бол Люксембургийн Ерөнхий сайдаар олон жил ажилласан дэлхийд нэр хүндтэй улстөрчдийн тоонд ордог нэгэн. Тэрбээр 2014 оны арваннэгдүгээр сараас Еврокомиссын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. Түүнтэй уулзахдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын холбоотой хөгжүүлж байгаа харилцаандаа Монгол Улс өндөр ач холбогдол өгч ирснийг онцолсон.Монгол Улс, Европын холбооны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж,Европын хөрөнгө оруулалтын банк, ЕСБХБ, Европын комиссын санхүүгийн аргуудыг ашиглаж, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Европын холбооны зах зээлд гаргах санал тавилаа. Мөн Хөгжлийн төлөөх элч хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэж, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавив. Үүнийг нь Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.К.Юнкер хэрэгжүүлэхээ хариу мэдэгдэж байв. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах тал дээр ч санал солилцож, иргэд хоорондын харилцаа, түүний дотор оюутан, судлаач солилцоог нэмэгдүүлэх нь чухал байгааг тэд ярилцлаа.

Биднийг очихоос өмнөх хэдэн өдөрт 30 хэм хүртлээ халж байсан гэх Страсбург хотод цаг агаар сэрүүхэн,охид хүүхнүүд нь зузаан хувцсандаа орсон байлаа. Энэ хотын түүхийг сөхвөл их сонин. Хүннүгийн хаан Аттила Италийг эзэлж, Германы нутагт орох замдаа Страсбург хотыг эзэлж явсан гэдэг.Энэ бол МЭ451 онд хамаарах түүх юм. 1919 онд хийсэн Версалийн гэрээгээр Страсбург хотыг Францид шилжүүлсэн чхоёрдугаар дайнд энэ хотыг германчууд эзэлсэнгэж байгаа. Гэвч буцаад 1944 арваннэгдүгээр сард Страсбург хотыг германчуудаас чөлөөлсөн түүхтэй. Тийм учраас Герман соёлыг хадгалсан хэв шинж Страсбург хотод их. Зарим монгол судлаачид “Германчууд Страсбургт ирэх нь монголчууд Өвөрмонголд очсонтой адил” хэмээн дүгнэдэг юм билээ. Ер нь чГерманд элэгтэй, германаар ярьдаг страсбургчууд цөөнгүй. Герман хэлээр ярьж буй хэн нэгэнтэй таарвал нутгийнхантайгаа уулзсан мэт зарим хөгшчүүд нь баярладаг гэж байгаа. Ийнхүү Францын томоохон хотуудын нэг Страсбургт хийсэн ажлын айлчлалаа өндөрлөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нутаг буцсан юм. Харин түүнийг дагалдан явсан Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Францын нийслэл Парис хотыг зорив. Учир нь тэнд Монгол,Францын соёлын өдрүүдийн нээлт болох байлаа.

Газар тариалан эрхлэхэд тохиромжтой, ашигтай газар байрласан. Соёл урлаг, эдийн засаг, худалдааны төв гэдгээрээ алдартай Парис хот өөрөө “амьд” музей. 1889 онд инженер Густав Эйфелийн бүтээсэн Эйфелийн цамхаг өдгөө энэ хотын гол өнгө төрх,таних тэмдэг нь болж байна. Мөн Элисейн талбай, Ялалтын хаалга, Конкордын талбай, Францын үе үеийн хаадын ордон байсан Луврын музей гээд нүд хужирлах үзмэр ихтэй.Алдарч зохиолч Виктор Гюгогийн “Парисын Дарь эхийн сүм” зохиолоор танил болсон “Нотр Дам дө Парис” сүм ч энэ хотод бий гээд дурдаад байвал олон.

Парис хотын дундуур урсах Сэна мөрөн дээр 37 гүүртэй. Тэдний нэг нь залуу хосуудын хайр сэтгэлийн баталгаа болгож цоож зүүдэг гүүр юм.Цоожнуудын даац хэтэрч нурах аюулд өртсөн учраас биднийг очих үед гүүрийг ачаанаас нь салгасан байв. Шинээр гүүр барих ажилудахгүй эхлэх гэнэ. Парисчууд Сена мөрнийхөө эргээр үдэш болтол зугаална. Өглөө эрт босох гэж яардаггүй чөлөөт сэтгэлгээтэй хүмүүс юм.Хотынх нь хөл хөдөлгөөн өглөөний ес, арван цагаас нааш оволзохгүй. Нэг ёсондоо зугаа цэнгэлийн хот ажээ. Гудамжинд яваа герман юм уу орос эмэгтэйчүүдийн зургийг дарвал ундууцна. Харин франц бүсгүйчүүд хэн нэгэн өөрийнх нь зургийг авч буйг мэдвэл улам айлгүйтдэг гэх яриа францчуудыг сэтгэл хөдлөл ихтэй, амьдралын сайханд дуртай хүмүүс гэдгийг нь илтгэх биз.

Хувцасны донж маягийг тааруулж, гангалахын урлагийг жинхэнэ утгаар нь харуулдаг ард түмэн юм. Эрүү өвдөг нь нийлсэн эмгэн ч час улаан өнгөөр уруулаа будаж, богино банзлаар гангарч өндөр өсгийт жийчихсэн явах нь энгийн үзэгдэл. Хөлдөө скидуглачихаад ажилдаа явах хижээл насны эмэгтэйчүүдтэй гудамжинд таарах нь ч ердийн үзэгдэл. Дээрээс нь францчууд гадны хэлээр ярих нь нүдний гэм. Яагаад гэвэл тэд дэлхийн бүх улс зөвхөн франц хэлээр ярих ёстой гэж үздэг ихэмсэг хүмүүс. Тийм учраас иргэд ньангли, герман, итали, испани хэл мэддэг ч ярих дургүй гэнэ.

Ийм л соёл ахуйтай Франц улсын нийслэл Парис хотод монголчууд дөрөв хоногийн турш соёлын өдрүүдийн арга хэмжээ зохион байгуулахаар нээлтээ хийсэн юм. Нээлтийн арга хэмжээнд Парис хотод амьдарч байгаа монголчууд ирсэн байлаа. Тэр дунд дуучин Б.Мягмарсүрэн ирсэн харагдана лээ. Франц эрчүүдтэй гэрлэсэн монгол бүсгүйчүүд ч цөөнгүй байдаг бололтой.Үндэсний хувцсаараа гангаран оройн арга хэмжээнд олноороо цугласан байв.Энэ үдэш тоглолтоо үзүүлсэн “Хөсөгтөн” хамтлагийнхан францчуудын сэтгэлийг нэлээд хөдөлгөөд авах шиг болсон. Мөн хөлөөрөө нум сум харвах монгол нугараачийг францчууд дуу алдан үзэж, эрхий хуруугаа гозойлгож байгаа харагдсан. Арга хэмжээний нээлтэд оролцсон Францын Гадаад хэргийн сайд Л.Фабиуст манай Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн морин хуур, монгол ноолуураа бэлэг болгон барьсан юм. Ноён Л.Фабиус ч үдэшлэгийн үеэр сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж “Зөвхөн Монгол, Францын дипломат харилцааны ой биш бидний хамтын нөхөрлөлийн баярыг тэмдэглэхээр бид цуглаад байна. Манай хоёр улсын харилцаа 50 жилээс ч илүү түүхтэй. 1990 онд Монгол Улс ардчилал, зах зээлийн замд шилжсэнээс хойш манай хоёр орны харилцаа улам гүнзгийрэн хөгжиж байна. Энэ оны дөрөвдүгээр улиралд Франц, Монголын талаас харилцан өндөр түвшний айлчлалууд хийхээр тохиролцлоо. Мөн Франц улсад анх удаа Монголын соёлын өдрүүдийг дөрвөн хоног хийхээр болж байна” хэмээн хэлж байсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Мөнхжин зураачийнд өнжив

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Цүлтэмийн Мөнхжин гуайнд өнжлөө. Бямба гаригийн үдийн алдад бид Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороололд байх гэрт нь очив. Мөнхжин гуай урьд өдөр нь Санзай яваад бидний яг өмнөхөн гэртээ иржээ. Ямар ч юм бэ нэгэн намын хурал уулзалт яриа хөөрөө болсон юм байх аа. Тэр тухайгаа сонин болгож дуулгасаар биднийг угтсан ч намын явдлыг сайн ойлгосонгүй тул ингээд орхиё. Гэргий Ганчимэг нь унд хоол бэлдээд гал тогоондоо байж таарав. Намсрайн Ганчимэг гэж Хөгжим бүжгийн коллежид багшаас эхлээд уран сайхны удирдагч, дэд захирал хүртэл нь олон жил ажиллаж тус сургуулийг өнөөдөр чанар чансаагаар консерваторийн зэрэгт хүртэл нь урагшлуулахад амьдралаа зориулж яваа, төгөлдөр хуурч мэргэжилтэй хүн байдаг. Хуучны Намын төв хорооны Намсрай, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Цогзолмаа хоёрын охин, ардын жүжигчин Сувдын дүү гэхээр хүмүүс андахгүй. Алба ажлынх нь хүрээнд Ганчимэг гуайг эчнээ сайн мэдэх ч өмнө нь нүүр тулж уулзаж ярилцаж байгаагүй бид дотроо нэлээн сүрдэнгүй. Тийн суух зуур гялалзуур хурдан хөдөлгөөнтэй, инээмсэглэсэн дугуй цагаан царайтай тэр эмэгтэй орж ирэн гар барьж мэндлээд тавтай үдлэхийг урилаа.

Мөнхжин гуайнх их л амгалан тайван агаар амьсгал ноёрхсон, энгийн мөртлөө тийм нэг сонгодог хэв маягийн ч юм шиг, элдэв яриа дэлгэн өнжин суухад таатайхан айл юм. Эднийх ганц охинтой, охин нь далайн чанадын Япон оронд олон жил суралцаж байгаа учир гэртээ хоёулхнаа амьдардаг аж. Элдэв дээдийн хогшил овоолоогүй энгийн тэнүүнорчин сэтгэлд өег дулаахан санагдах бөгөөд зочны өрөөний нэг буланд шаргал өнгө нь гялалзсан, сүүлийн үеийн гэхээргүй ч бас хуучных ч гэмээргүй төгөлдөр хуур байна. Ноотны дэвтрүүд, хөгжмийн зохиолын партитурууд ч юм уу өрөөстэй эл төгөлдөр хуурын дээр Людвиг ван Бетховены цээж баримал их л содон харагдана. Цав цагаан, цээж баримал гэхэд арай жижигхэн, суутны толгойн баримал юм. Мөнхжин гуайн ярианаас энэ баримлыг ардын зураач Н.Цүлтэм гуай бэрдээ дурсгасан гэдгийг мэдэв. Н.Ганчимэг гуай Армянд хөгжмийн энд дунд сургуулийг нь төгсөөд улмаар Консерваторт нь сурч төгсөөд эргэж ирэн Хөгжим бүжгийн дунд сургууль одоогийн ХБК-д багшаар ирэхэд энэ хоёр танилцаж гэр бүл болсон байна. Мөнхжин гуайн ихэр ах Энхжингийн гэргий Алтанцэцэг, хийлч Чулууны Чинбат, Дуламсүрэн, Сарантуяа гэхчлэн Армянд хамт суралцсан найзууд Хөгжим бүжгийн дунд сургуульд ажиллаж байж. Тэр үед Энхжин нь гэргий Алтанцэцэгтэйгээ танилцаад удаагүй үерхэж байх зуур Ганчимэг төгөлдөр хуурч төгсч ирснээр ахынхаа ойрын хөгжимчдийн тэр хүрээлэлд Мөнхжин зураач гэргий болох бүсгүйтэйгээ учирсан аж. Аль алиных нь аав, ээжүүд ч бие биенээ сайн мэдэх, Монголын орчин цагийн урлагийн үндэс суурийг тавилцаж явсан нэгэн үеийн лидерүүд. “Манай хадам ээж бүр багадаа арван хэдтэйдээ Ленин клубт дуулдаг, манай аав баян хуур тоглодог байсан юм байна лээ. Тэр үеэс бие биенээ мэддэг улс” гэж Мөнхжин гуай ярив. Н.Цүлтэм гуай удирдан Монголын урлагийнхан анх удаа Азийн орнуудаар аялан тоглож, уран зургийн үзэсгэлэн гаргаж, аав ээжүүд нь залуудаа Монголоо гадаадад сурталчилж явсан тэр үйл явдлын гэрэл зургууд хүртэл түүх болон эдний гэр бүлийн зургийн цомогт үлджээ.Манай урлаг Азид гарсан анхны тэр багт Л.Цогзолмаа гуай, хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэн, нугараач Мажигсүрэн, ёочинч Дашдаваа гэхлэн хожмын алтан үеийхэн цуг явцгааж, тэр үйл явдлыг мөн хожмын нэрт кино найруулагч Жигжид гуай гэрэл зургийн хальснаа буулган үлдээжээ. Ер нь Н.Цүлтэм гуай ихэр хөвгүүддээ бүр бага балчраас нь урлагийн түүх их ярьж өгдөг, гэр орноор нь ч манай урлагийн алтан үеийхэн байнга орж гардаг байж. Хавар болохоор ихрүүдээ дагуулаад талбайгаар зугаалдаг, нэг удаа хоёр хүүдээ улаан, саарал хоёр гутал өнгө солбин өмсгөчихөөд явж байж. Ихрүүд улааныг нь өмсөх гээд булаацалдаад байхаар нь хоёуланд нь улаан саарал, улаан саарлаар тэнцүүлж өмсгөчихөөд явж тааралдсанаас хойш одоо хүртэл Энхжин Мөнхжин зураачдын бага насны хөгжилтэй амьдралыг дамжуулан ярьж хөгжилддөг гэнэ.

Мөнхжин Ганчимэг хоёр Гэрлэх ёслолын ордныг ашиглалтад ороод удаагүй байхад тэнд хуримаа хийжээ. Тэндээсээ ДСНК буюу одоогийн Оросын соёл, шинжлэх ухааны төвийн нэгдүгээр давхарт байрлах ресторанд хуримын цайллага хийж байснаа дурсан ярив. ХБК-ийн урдах 64 дүгээр дэлгүүртэй байранд, айлын байранд залуу хосын амьдрал эхэлж. “Охин Анар маань төрлөө. Гурвуулаа тэнд нэг жил болсон. Тэгж байтал Шүр эгчийн нөхөр Балдорж Коммунист намын сургуульд явав. Шүрээ эгч хүүхэдтэйгээ хоёулхнаа байрандаа үлдэхэд нь бид гурав тэднийд нэг жил амьдарсан. Бас ээжийнд ч нэг жил байл уу даа. Тэгж байтал аав хоёр өрөө байр авч өгсөн юм. Би сургуульд багшлаад, байрны хувиараа бичүүлчихсэн байсан чөгөхгүй л байж л дээ. Тэгээд аав маань Лениний музейн хажууд хоёр өрөө байр авч өгөв. Түүнээ гурван өрөө болгон сольж томсгоод энэ байраа авсан юм. Зургаа зурахад зай талбай хэрэгтэй гэж л арай жаахан томсгож байгаа юм. Тэр бол 1986 он. Дөрөвдүгээр хороолол ашиглалтад ороод нэг жил болж байсан үе” хэмээн Мөнхжин гуай гал голомтоо анх хэрхэн бадраасан нандин дурсамжаа сөхөж байна. Энэ зуур Ганчимэг гуай хэдийнэ дэргэд ирж “Тэр үед энэ их зэлүүд газар байсан юм. Одоо л шавааралдчихаад байгаа болохоос. Би ч заримдаа байршлаа сольё гэдэг байсан ч сүүлдээ эндээсээ бүр хөдлөх дургүй болсон доо” гэв. Ер нь Монгол хүний ухамсар бол амьдралыг үргэлж ажиглаж амьдардаг, тэр нь бараг шинжлэх ухаан маягтай болчихсон. Тэнгэрийнхээ байдлыг ажиглаж амьдардаг, түүхийнхээ уламжлалыг дагаж амьдардаг, хүний зан байдлыг ажиглаж зохицож амьдардаг. Монгол хүний амьдрал бүхэлдээ тийм.Энэ жишгээр ажиглаад байхад голомтоо байр байшингаа зараад байсан хүн ер нь л алдаад байдаг. Энэ чинь аавын маань авч өгсөн байшин. Би тэр элдэв хаус, таун маунаар яах юм гэж Мөнхжин зураач тайлбар нэмлээ.Үүнээс үүдэн, хувь хүний мөн чанар хувийн амьдралаа байтугай улс үндэстэн, хүн төрөлхтний түүхийг үеийн үед нуруун дээрээ тээж байдаг гэсэн сонирхолтой “онол”-ыг Ганчимэг гуай дэвшүүллээ. Тэрбээр “Нас ахиад амьдралын мөн чанарыг мэдээд ирэхийн үед хүний ноён нуруу, тууштай чанарыг их тод мэдэрч хардаг юм байна. Хүмүүс ер нь их хувирч өөрчлөгддөг шүү дээ. Харин суурь сайтай, тэр нь өөрчлөгддөггүй хүмүүс их ховор юм. Амьдралын мөн чанарыг барьсан хүн өөрчлөгддөггүй бөгөөд тийм хүмүүс маш ховор юм байна. Хүн төрөлхтний, улс үндэстний хөгжил дэвшил гээд үлдээд үнэт зүйлс нь үргэлжлээд байдгийн учир нь нөгөө л өөрчлөгддөггүй хүмүүсийн нуруун дээр түүх явж ирдэгийнх юм байна л даа. Яг л амьдралын мөн чанарыг таньж мэдсэн, алсыг харсан, гол мөн чанараа барьж чаддаг тийм хүмүүс өнөөдрийн хөгжил дэвшлийг тээж ирсэнбайна. Ийм хөдөлшгүй содон хүмүүсийг “цагаан хэрээ” гэж оросууд ярьдаг. Хэтэрхий нэг талаа барьдаг, фанат гэж буруутгаж ярьдаг л даа. Гэтэл тийм биш. Ийм хүмүүс байхгүй байсан бол амьдрал балрах байсан. Түүхийн явцад хөгжлийг тэр хөдөлшгүй тууштай хүмүүс л нуруун дээрээ үүрч үлддэг. Хүн бүхэн цаг үеэ дагаад хэд дахин хувираад байсан бол өнөөдрийн энэ хөгжил дэвшил байхгүй байсан шүү дээ. Бетховен гэхэд ямар хүнд хэцүү амьдрал туулж агуу бүтээлүүдээ хийлээ дээ. Эд нар байгаагүй бол хүн төрөлхтний өнөөдрийн түүх бүтээгдэх үү” гэж ярьсан юм. Тиймэрхүү хөдөлшгүй занчанарыг эр нөхрөөсөө их тод мэдэрдэг нь түүний ярианаас илт. Тэгээд лийм “онолын” яриа руу хазайчихсан хэрэг л дээ. Хажууд нь хэлбэл онгирчихгүй байгаа хэмээн тэрбээр тас тас хөхөрч сууна. Манай аав, ээжийн үед “суурь хүмүүжил” гэж их ярьдаг байсан юм. Одоо энэ үг сонсогдохгүй болчихож. Суурь хүмүүжилгүй, суурь боловсролгүй хүн гараад яаж олигтой хүн болж, яаж боловсролтой хүн болох вэ. Суурь нь байхгүй юм чинь. Өнөөдөр Монголд маань энэ “суурь” л дутагдаж байна. Тийм учраас амьдарч чадахгүй дээгүүр нь хий хоосон хөвсөлзөөд байна шүү дээ” гэсэн Мөнхжин гуайн яриагаар энэ сэдвийг бид өндөрлөв. Эднийх ганц охинтой гэж дээр хэлсэн. Ганц охин нь философич болж байгаа юм байна. Аав нь зураач, ээж нь төгөлдөр хуурч, эмээ, өвөө нь нэртэй зураач, жүжигчин гээд урлагийн “сонгодог” түвшний гэр бүлд төрж өссөн охин яахаараа философи сонирхдог байна вэ. Бүр гайхмаар. Тэгээд ч философи чинь сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд “хүнд”, “хэрэгцээгүй мэргэжил” гэх мэтийн олон тодотгол зүүгээд байгаа шүү дээ.Нарийн учир шалтгаан гэгч юм бүхэнд байдаг бололтой юм аа. Ганчимэг гуайн ярьж байгаагаар, охиных нь өсч өндийсөн энэ “шилжилтийн” гэх он жилүүд нийгмийн үзэгдлийг сонирхох асар их сонирхлыг охинд төрүүлсэн юм болов уу. Хэн хэнийх нь найз нөхөд бүгдээрээ уран бүтээлчид, эднийхээр байнга ирж очицгоодог тэдний яриа хөөрөөн дунд өссөн хүүхэд гэнэ. Тэгээд охиныг нь жаахан байхад нь нийгэм солигдож байсан үе болохоор аав ээж нь найзуудтайгаа нийгмийн амьдралын болох болохгүйг ихэд шүүмжлэн ярилцдаг, урлаг уран бүтээл ярихаасаа илүү нийгмийн амьдрал, зөрчилтэй үеийн тухай их ярьдаг байсан нь охинд нь нөлөөлсөн байх гэж байв. Тэгээд л миний охинд нийгмийн үзэгдэл, нийгмийн амьдрал их сонирхолтой болж, философийн мэргэжил сонгож дээ гэж би бүр сүүлд ойлгосон гэж байв. Анар охин нь аравдугаар ангиа алтан медальтай төгсчээ.Тэр хүртлээ философийн талаар юу ч ярьдаггүй байснаа яг мэргэжлээ сонгох болсон чинь тун товчхоноор “Би философич болно” гэсэн гэнэ.

Олон улсын харилцаа гэхчлэн орчин цагийн “мөрөөдлийн” хуваарь бэлэн байхад хэн ч тоохоо байчихаад байсан Их сургуулийн фитлософийн ангийг багш нар, ах дүүсийнхээ зөвлөгөөг үл хайхран зөрсөөр байгаад авсан байна. Ганчимэг гуайн аавынх нь талын хамаатнуудаас философийн анги төгссөн гурав дөрвөн ч хүн байдаг гэнэ. Ерээд онд бүх юм задрахад тэд энд тэндэхийн лаборантын ажил хийх болж л дээ. тэгээд “нөгөө мундаг философичид чинь бүгд лаборант болчихсон, дахиж нэмж лаборант гаргаж яах гэсэн юм, болиул” гэж ах дүүс нь ятгасан ч Анар охиныг аав ээж хоёр нь дэмжжээ. Охин нь их сургуулиа төгсөөд Япон руу магистрантурт явжээ. Дараа нь үргэлжлүүлэн докторантуртнийт найман жил тэнд сурч байгаа юм байна. Ирэх долдугаар сард докторын зэргээ хамгаалаад ирэх гэж байгаа гэж байв. “Философи сонирхсон хүн юмыг их олон талаас нь харж дүгнэдэг болчихдог юм байна лээ.Миний охин одоо надаас илүү юмыг дүгнэнэ шүү” гэж Ганчимэг гуай охиноо магтаж байсан. Нөхрийнхөө уран бүтээлд хэрхэн ханддаг тухай нь сонирхвол “Манай Мөнхжин их модерн хүн шүү дээ. Агуулгаараа уламжлалаа хадгалсан хэрнээ маш модерн хэллэгтэй. Би Мөнхжингийн өнгүүдэд их дуртай” гэж товчхон хариулсан юм. Үнэхээр ч Мөнхжин зураачийн бүтээл өнгөнөөсөө гадна дотоод өгүүлэмж нь маш хүчтэй билээ. Нөхөр нь ихэр гэдгийг мэдээд гэргий нь эхэндээ ихэд гайхсан гэнэ. Монгол ёсонд, ихэр хүүхдийн аль түрүүлж төрснийг нь ахынхаа ертөнцөд ирэх үүдийг нээж өгсөн гэж үзээд дүү нь гэдэг юм байна. Энэ ёсоор Мөнхжин дүү нь Энхжин ах нь гэж тайлбарлаж өгөв. Мөнхжин гуайн хадам ээж Цогзолмаа гуайг дөрөв таван настайд аав ээжнь насан өөд болцгоож, Манзуширийн хийдийн ойролцоо хүргэн ахындаа өссөн гэдэг. Тэр ах нь бас Намсрай гэдэг хүн байж. Тэр хүн Москвад элчингээр суух болж, Цогзолмаа гуай Москвад бага сургуульд орсон гэдэг.Гэтэл 1939 оны их баривчлагааны үедНамсрай ахыг нь Москвагаас баривчлан Монголд авчирчээ. “Тэгэхэд ээж минь жаахан ч байж. Ахыг нь баривчлаад гарыг нь гавлаад явахад тэр хүмүүсийн араас жаахан охин шороо цацаад үлдэж байсан гэж ээж минь ярьдаг юм” гэж Ганчимэг гуай ярилаа. Тэгж баривчилж аваачаад шоронд хорьж, цаазын ял оноосон хэрнээ арван жил шоронд суулгаад тавин хэдэн онд цагаатган сулласан гэнэ. Гарч ирснээсээ хойш төхөөрөх гэж байгаа уяатай хонь харж чаддаггүй байсан гэж ээж ярьдаг юм.Шоронд арван жил хоригдож байхдаа хаалга торхийх тоолонд одоо л алах гэж байна боддог байснаа хэлдэг юм. Үнэхээр аймшигтай цаг үе хэмээн ээжийнхээ амьдралтай холбогдуулан өр өвдмөөр түүх сөхсөн юм. Гэтэл аав Намсрайнх нь амьдралыг ч бас хэлмэгдлийн хар сүүдэр дайран өнгөрсөн байх юм. Намсрай гуай эхээс наймуулаа байж. Хамгийн том ах нь гэгээрлийн сайд Баттөмөр гэж хүн байсан нь бас хэлмэгдэж цаазлуулжээ. Намсрай гуайг тавтай жаахан хүүхэд байхад монгол бичигт сургаад хот руу ах руу нь явуулж. Ахынхаа дэргэд амьдарч байгаад Орос руу сургуульд явжээ. Тэр хооронд нь ахыг нь баривчлан цаазалсан юм билээ. 1937 оны анхны 14 хэлмэгдэгсдийн нэг, гэгээрлийн сайд Баттөмөр гэдэг хүн. Монголын томоохон сэхээтэн 14 хүнийг цаазалсан түүхийн хуудас энэ зуур ийнхүү сөхөгдөв. Тэднийг дөчөөд жилийн дараа цагаатгаж нэр төрийг нь сэргээсэн байна. Тэр бүү хэл улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн бүх ах дүү хамаатан саднуудыг гэр бүлээс нь хүчээр салгадаг байсан гэнэ. Намсрай гуайн эгчийг хүүхдүүд нь эмээ гэдэг аж. Тэр эмээ нь залуудаа дээрх хэлмэгдүүллээр нөхрөөсөө хүчээр салжээ. “Эмээ маань(аавынх нь эгч) хэлэхдээ, гэрийн хамаг унь ханыг буулгаад бид хоёрыг салгаж байсан юм гээд уйлаад ярьдаг байсан. Эмээгийн маань хүү олон жил дууны найруулагч хийсэн ная гарсан настай хүн байгаа. Тэгж залуугаараа улстөрийн хэлмэгдүүллээр гэр бүлээ салгуулаад аав дээр ирсэн эгчийгээ бид эмээ гэдэг юм. Эмээ маань аав ээжид дэм болж бид нарыг бүгдийг нь өсгөсөн дөө” гэж Ганчимэг гуай ярив. Монголын анхны улстөрийн хэлмэгдэгсэд болох 14 хүний шүүх хурлыг хийхдээ Сүхбаатарын талбай руу цагаан хоолойгоор шууд дамжуулж, “цаазын ял оноосугай” гээд л шууд уншиж байсан, тэр үед эзэнгүй хоосон хашаануудын хаалга савчаад нийслэлд амьдрал нэг их зовиуртай байдаг байсан тухай, жаран оны эхээр зарим айлд цагаатгалын хуудсууд ирж, ар гэрийнхэн нь хэрхэн хүлээж авч байсан тухай сэтгэл шимшрэм түүхийг эргэн дурсав. Аав нь сургуулиа төгсч ирэн, гэгээрлийн сайд болоод хэлмэгдсэн ахынхаа өрөөнд ирэхэд их хэцүү байсан гэж ярьдаг байсныг мөн ярьсан юм. “Ахынхаа сууж байсан ажлынх нь өрөөнд, ширээнийх нь ард суухад их эвгүй байсан” гэж Намсрай гуай хүүхдүүддээ ярьдаг байжээ. Ажилчны сургууль Рабфакт хамт явж суралцсан аавынхаа унаган найз Ю. Цэдэнбал дарга, Б.Ширэндэв академич нарыг ч дурсан ярьсан юм.

Мөнхжин зураачийнд ороход төгөлдөр хууран дээр байх Бетховены шаазан баримал ихэд содон харагдсаныг хэлсэн.Ардын зураач Н.Цүлтэм төрийн шагнал авчихаад шагналынхаа мөнгөөр ч юм уу хөвгүүддээ хөгжмийн боловсролтой болгохоор нэг төгөлдөр хуур авч өгчээ. Тэгээд төгөлдөр хуур дээрээ нөгөө Бетховены хөргөө ихэд бэлгэшээн тавьчихсан байдаг байж. Гэвч ихрүүд хөгжим тоглож сураагүй гэнэ. Цүлтэм зураачийн шүтэж сонсдог хөгжмийн зохиолч нь Бетховен байж.Сүүлд Мөнхжин нь гэрлэхэдөнөө Бетховены баримлаа бэр Ганчимэгтээ өгсөн нь энэ ажээ. Харин Ганчимэг гуайн төгөлдөр хуур Германы Циммерман брэндийн хуур юм.Циммерманы хуурыг анх 1963 онд Монголд орж ирэхэд аав нь авч өгчээ. Одоо бол маш ховор төгөлдөр хуур. 2011 онд анх манайд болсон Шопены нэрэмжит төгөлдөр хуурын олон улсын уралдааныг Ганчимэг гуай санаачилж хийжээ. Гэргийнхээ тухай Мөнхжин зураач ингэж сонирхуулан ярьсан юм. “Ганаагийн Хөгжим бүжгийн коллежид хийсэн нэг чухал ажил бол хүүхдүүдээ олон улсын уралдаануудад оролцуулах зам мөрийг засч нөхцөл бололцоог нь бүрдүүлж өгсөн явдал. Өмнө ХБК-ийн хүүхдүүд гадаадын олон улсын тэмцээн уралдаанд орж байгаагүй. АнхГанчимэг олон улсын уралдаануудыг сураглаж, холбоо тогтоож, том том тоглогчдын тэмцээнүүдэд бэлтгэхийн тулд хүүхдийг багаас нь хүүхдийн уралдаануудад бэлдье гэсэн бодлогыг дэд захирал байхдаа барьж эхэлсэн л дээ. Түүнээс хойш эдний хүүхдүүд өнөөдөр олон улсын уралдаанд оролцсон, медаль авчирсан нь тоогоо алдсан. Өнөөдөр Карнеги холлд хүртэл тоглож байна. Одоо Монголын хүүхдүүд олон улсын уралдаануудаас дандаа медаль авч байна. Энэ бол Ганаагийн хийсэн том ажил” гэж гэргийгээ магтав.Анх олон улсын тэмцээнд хүүхдүүдээ оруулахаар болоод замын зардал олох гээд хүн бүхнээс гуйгаад явж байснаа гэргий нь ярьсан. Гүйж гүйж нэг зуун доллар олчихоод хөл газар хүрэхгүй баярлаж байсан гэнэ. Тэр зуун долларыг Циркийн дарга Батмөнх 1995 онд өгч байж. Энэ нь ХБК-ийн хүүхдүүд олон улсын уралдаанд оролцсон анхны алхам байжээ. Харин Ганчимэг гуай “Би 1979 онд төгсч ирээд л арван жил хүрэхгүй ажиллаад хичээлийн эрхлэгч болчихсон болохоор гарын шавь олныг бэлдээгүй. Миний шавь нараас дуучин Оюунтүлхүүр маань гавьяат болсон байна. Ганчимэг ХБК-д тэнхмийн эрхлэгч хийж байна. Хэдэн хүүхэд төгсгөсөөн. Эхнийх нь Оюунбадрах гэдэг хүү доктор болчихлоо. Гүнсмаа гээд сайн багш байна. Энэчлэн миний гарын шавь цөөхөн боловч бий” гэв. Анх сурвалжлагаа бэлтгэхээр эднийх рүү ирж явахдаа аавыбнх нь өөрийнх нь ахынх нь бүтээлүүд гээд ханаар нь дүүрэн уран зураг өлгөөтэй байх юм шиг төсөөлсөн минь эсрэгээр байв. Хананд нь нэг ч уран зураг байхгүйд гайхаж л байлаа. Гэвч гэр бүлийн хоёр хоёулаа ихэд энгийн бөгөөд “классик” хүмүүс юм.Ардын зураач, хөдөлмөрийн баатар Цүлтэмийн “Талын айл” гэж алдартай бүтээл байдгийг хүмүүс мэднэ. Ядаж тэр зургийн хуулбар бол лав байгаа даа гэж бодсон минь ч оносонгүй. Дашрамд хэлэхэд, Цүлтэм гуайн тэр бүтээл болертөнцийн тухай монголчуудын төсөөлөл, түүнийг үзэх үзэл, түүн дотор хэрхэн амьдрах тухай монголчуудын зохиронгуйн ухааныг өөртөө агуулсан урлагийн нэгэн сод бүтээлюм. “Талын айл” уран зургийн үнэ цэн нь, байгалиас тасран холдох бус байгальтай найрсан зохирох, нэгдэн зохилдох зарчмаар амьдардаг монгол хүний философийг өгүүлсэнд байдаг бөгөөд энэ философийн уран сайхны илэрхийлэл болсныхоо хувьд “Талын айл” нь Монголын уран зургийн сонгодог бүтээл билээ. Ийнхүү бид Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, орчин цагийн Монголын дүрслэх урлагийн нэгэн тод фигур болох Цүлтэмийн Мөнхжингийнд өнжин сууж ярилцлаа.Бидний яриа гэр бүлийнх нь хүрээнд өрнөхөд л Монгол Улс орчин цагийн соёл иргэншилт улс болон төвхнөсөн өнгөрсөн нэгэн жарны түүхэн амьдрал, түүнийг бүтээсэн эрхэм хүмүүсийн тухай, нэн шинэ цагийн Монголын урлагийн ертөнц гээд дахиад дараагийн энэ жарны амьдралыг хамарч байв, Хэтэрхий гэмээр өргөн хүрээтэй, үе удмаараа улс үндэстнийхээ соёл иргэншлийн түүхийг нэр төртэй бүтээлцэж яваа энэ гэр бүлийн амьдралын өнгө төрхийг тоочин өгүүлэхэд ганц энэхэн сурвалжлага хаана нь ч хүрэлцэхгүй байлаа.

Categories
мэдээ цаг-үе

“Баавгай” Батцэцэгт зориулсан “Сэтгэлийн илч” тоглолт болно

Залуучуудын анхдугаар олимпийн аварга, олон түмэндээ “Баавгай” нэрээр танигдсан, чөлөөт бөхийн тамирчин Б.Батцэцэгийн “Тэнгэрт мандаж яваад бэртэл авч газарт буухад хэн ч тоохоо больдог гэдэг үнэн юм байна” ярилцлага “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн билээ. Уг ярилцлага нийтлэгдсэний дараа олон хүн манай сонины редакцид хандан Б.Батцэцэгт туслахаа илэрхийлсэн юм. Үүний дагуу Налайх дүүргийнхэн “Баавгай” Батцэцэгт туслах “Сэтгэлийн илч” аяныг эхлүүлж, хандивын данс нээсэн бол фэйсбүүкт дөрвөн мянга орчим гишүүнтэй чөлөөт бөх сонирхогчдын нэгдсэн “ЧӨЛӨӨТ БӨХ” группийнхэн түүний эмчилгээний зардалд нэмэр болохуйц хандив өргөсөөр байгаа юм. Мөн “Сонгдо”, “Гранд мед” эмнэлгийн хамт олон Б.Батцэцэгийг спортдоо буцан ирэхэд нь бүхий л талаар туслахаа мэдэгдсэн. Энэ мэтээр эх орондоо болон гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд 17-хон насандаа залуучуудын олимпийн аварга болж, Монголын спортын түүхэнд нэрээ үлдээсэн Б.Батцэцэгт тусалсаар байна. Уг аяны хүрээнд “G.B.O” энтертайментийнхан “Баавгай”-д туслах “Сэтгэлийн илч” хандивын тоглолтыг энэ сарын 21-нд “UB palace”-ийн концертын их танхимд зохион байгуулахаар болоод байна.

Уг тоглолтын та­лаар “G.B.O” энтертай­ментийн захирал Э.Ган­баяртай ярилцлаа.

-Гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Ням-Очир нар Б.Батцэцэгт туслах хандивын тоглолтыг зохион байгуулж өгнө үү гэж танай энтертайментийнханд са­нал тавьсан гэж дууллаа?

-Манай энтертаймен­тийнхан саяхан нэг хандивын тоглолтыг амжилттай зохион байгуулсан юм. Чөлөөт бөхийн тамирчид болох гавьяат тамирчин Э.Ням-Очир, Г.Мандахнаран нар “Баавгай Батцэцэг гэдэг манай нэг дүү бий. 21-хэн настай ирээдүйтэй бөх. Харамсалтай нь бэртэл аваад дэвжээнээсээ холдчихоод байгаа. Эмчилгээнд явж, буцаад спортдоо ирэх гээд байгаа юм. Та нар түүнд тусалж, тоглолтыг нь зохион байгуулж өгнө үү” гэж хүсэлт тавьж, тоглолтын санааг анх гаргасан л даа. Ингээд манай “G.B.O” энтертайментийн залуучууд “Баавгай” Батцэцэгт туслах ажилд бүгд нэгдээд, одоо тоглолтын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай явж байна.

-Өмнө нь хандивын тоглолт зохион байгуулж байсан гэлээ. Ямар хүнд тусалсан юм бэ?

-Хүрэлбаатар гэдэг нүүрний хорт хавдартай хүнд зориулж хандивын тоглолт зохион байгуулж өгсөн. Монголдоо зохих ёсны шарлага эмчилгээгээ хийлгээд дууссан. Одоо тэр ах гадагшаа эмчилгээндээ явах гэж байгаа.

-Б.Батцэцэгт туслах хандивын тоглолт зохион байгуулах гээд олон уран бүтээлч, олны танил хүмүүс­тэй уулзсан байх. Тэд хэр хүлээж авч байна вэ?

-Б.Батцэцэгийн талаарх мэдээг мэдээллийн хэрэгслүүдээс хүлээгээд авчихсан байсан. Ер нь “Баавгай”-г мэддэг, таньдаг юм билээ, бүгд. Бид ерөнхийдөө Б.Батцэцэгийг Налайхынх, тэнд төрж өссөн болохоор нь тийшээ их найдлага тавьж байгаа. Хандивын тоглолт зохиохоор дуучдад хандахад бүгд найрсгаар хүлээж авдаг. Ер нь бүгд их таатай ханддаг юм. Тоглолт болох өдөр үнэхээр завгүй, гадагшаа тоглолттой, ажилтай байж таарвал цаг заваа харж байгаад хариу өгдөг л дөө.

Мөн “Эх орон”, “ETV”, “Star”, “Royal”, “25 дугаар суваг” телевизүүд хамтарч ажиллахаар болоод байгаа. Үүнээс гадна хэд хэдэн телевиз ч нааштай хариу өгөх байх гэж найдаж байна. Түүнчлэн “Нүүдэл систем”-ийн хамт олонд энэ дашрамд талархаж байгаагаа илэрхийлье. Б.Батцэцэгийн тухай нэвтрүүлэг, тоглолтын шторкийг сайхан хийж өгсөн. Энэ долоо хоногоос телевизүүдээр тоглолтын мэдээллүүд явна.

-Сүүлийн үед хандивын тоглолт зай завсаргүй болсноос уран бүтээлчид оролцох дургүй болсон гэцгээх юм?

-Тийм байж магадгүй. Гэхдээ бидэнд одоогоор татгалзсан хариу өгсөн уран бүтээлч, дуучид алга байна. Бид Б.Батцэцэгийн эмнэлгийн бичиг, онош болон улс эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж байсан баримт нотолгоо, хүртэж байсан гавьяа шагналуудыг үзүүлээд хүмүүст хандаж байгаа болохоор гайгүй хүлээж авч байгаа.

Хандивын тоглолт зохион байгуулна гэдэг чинь нүсэр ажил. Хүн тус бүр дээр очиж, уулзана. Хамтлаг, дуучид гээд бүгдтэй нь уулзаж санал тавьдаг. Нэлээд ажилтай шүү.

-“Сэтгэлийн илч” тоглолтод хичнээн уран бүтээлч оролцохоор болоод байна вэ?

-Ардын жүжигчин Б.Зангад гуайгаас эхлүүлээд сүүлийн үед залуусын дунд уран бүтээлээрээ нэрд гараад байгаа залуу дуучид ч оролцоно. Гавьяатуудаас гэвэл Н.Төмөрхуяг, Г.Батбаяр, Э.Бүрнээбаяр нар байна. Миний сонссоноор Б.Зангад гуай,Э. Бүрнээбаяр гавьяат иймэрхүү хандивын тоглолтод уриалгахан оролцож, ая дуугаа өргөн сэтгэлийн дэм өгдөг гэсэн шүү. Дуучин С.Наран тэргүүтэй рок попынхон маань хүрэлцэн ирнэ. Тоглолтод оролцох уран бүтээлчдийнхээ тоог хэлбэл гуч гаруй болох байх аа. Ерөнхийд нь харвал залуу уран бүтээлчид гэхээсээ илүүтэй алтан үеийнхэн болон манай мундгууд л дуу хуураа өргөнө гэсэн үг.

-Тоглолт ганцхан удаа тоглогдоно?

-Тийм ээ. Энэ сарын 21-нд “UB palace”-ын концертын их танхимд 15 цагаас тоглогдоно. Тасалбарын үнэ нь 15 мянган төгрөг.

Тамирчинхүний хувьд бэртэл гэдэг зүйл хамгийн хэцүү дайсан, хүнд бэрхшээл нь гэдгийг бид сая Б.Батцэцэгийн тухай нэвтрүүлэг хийж байхдаа ухаарлаа. Нэвтрүүлгийн зураг авалт болон “Баавгай”-тай ярилцлага хийх үедээ тэр талаар сайн ойлгож, мэдэрсэн л дээ. Манай монголчууд чинь нэгэндээ туслахыг хүсдэг сайхан сэтгэлтэй хүмүүс. Монголчууд минь энэ сайхан залуу хүнээ дэмжээд, эргээд дэвжээндээ гарахад нь тус болооч ээ. Энэ хүүхэд Монгол Улсынхаа нэрийг дэлхийд нэг удаа гаргасан. Цаашид хэдэн ч удаа гаргаж чадах бололцоотой, өөрт нь тийм хүч байгаа. Тиймээс Б.Батцэцэгийг дэмжээрэй, түүнд туслаарай гэж уриалж байна.

Д.ГАНСАРУУЛ