Categories
мэдээ нийгэм

“Хүний эрхийн заалтыг тайлбарлах нь” сэдвээр илтгэл тавина

Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран хүний эрхийн сэдвээр олон нийтийн илтгэл хэлэлцүүлэг арга хэмжээг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Хүссэн хүн бүрт нээлттэй илтгэл хэлэлцүүлгийн илтгэгчээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн тэнхмийн багш, хууль зүйн доктор, дэд профессор Одонхүүгийн Мөнхсайхан уригдлаа. Тэрбээр 2015 оны зургаадугаар сарын 19-ний 15 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны хурлын танхимд “Хүний эрхийн заалтыг тайлбарлах нь” сэдвээр илтгэл тавина.

…Хүний эрхийг хамгаалсан Үндсэн хууль, олон улсын гэрээ урт хугацаанд үйлчилдэг. Тиймээс баталсан хүмүүсийнх нь төсөөлөө ч үгүй шинэ нөхцөлд хүний эрхийн заалтыг хэрхэн хэрэглэх вэ? Өмнөх үеийнхний хувьд хүний эрхийн зөрчил гэж ойлгодоггүй байсан асуудал хожим зөрчил болох боломжтой юу? Хүний эрхийг хэрхэн тайлбарлаж хэрэглэх ёстой вэ? зэрэг байнгын маргаантай асуултуудад эрх зүйн онол, Үндсэн хуулийн болон олон улсын эрх зүйн олон улсын жишээн дээр хариулан ярилцах юм.

Categories
мэдээ нийгэм

Хуурамч “ADIDAS”, “NIKE”, “JORDAN”–оос сэрэмжлүүллээ

БНХАУ-аас “ADIDAS”, “NIKE”, “JORDAN”
зэрэг брэндийн бүтээгдэхүүнийг зөвхөн албан ёсоор борлуулах эрхтэй
дэлгүүр болон үйлчилгээний газруудаас худалдан авах, худалдаа хийсэн
баримт, тасалбар зэргийг хадгалахыг Гадаад хэргийн яамнаас санууллаа.
Учир нь “БНХАУ-ын Гаалийн тухай хууль-”ийн 21-р зүйлд “Зохиогчийн эрхийг
зөрчсөн бараа бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрүүлэхгүй” гэж заасны дагуу
брэндийн шошготой хуурамч бараа бүтээгдэхүүнийг тус улсын хилээр
нэвтрүүлэхийг хоригложээ. Мөн гааль, хяналтын байгууллагууд брэнд барааг
дурайлган хийсэн хуурамч бүтээгдэхүүнийг хурааж авах эрхтэй байдаг юм
байна.

Сүүлийн үед манай улсын иргэд дээрх брэндийн бүтээгдэхүүнийг хятадын
албан ёсны бус борлуулагч нараас /Эрээн хотын “Вэньжоу” зах/ их
хэмжээгээр худалдан авч тус улсын гаалийн байгууллагад бараа
бүтээгдэхүүнээ хураалган хохирч байгаа аж. Тиймээс худалдан авалт
хийхдээ болгоомжтой байхыг Гадаад хэргийн яамны Консулын газраас
сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Дэд сайд Д.Атармаагийн биеийн байдал хүнд байна

Эрүүл, мэнд, спортын дэд сайд Д.Атармаа автомашины осолд орсон
харамсалтай хэрэг гарчээ. Тэрбээр нөхрийн хамт Булган аймгийн Дашинчилэн
сумаас хотруу явж байсан бөгөөд ослын улмаас нөхөр нь газар дээрээ нас
барсан байна. Харин дэд сайд Д.Атармаагийн биеийн байдал хүнд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ухаалаг автобус ирэх сарын 8-аас үйлчилнэ

Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн
хүрээнд ухаалаг нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэхээр болсон. Энэ
хүрээнд автобусны ухаалаг карт худалдаанд гарч иргэд автобусаар
үйлчлүүлэхдээ билет авах шаардлагагүй болсон юм. Ухаалаг картыг ирэх
долдугаар сарын 7-ноос эхлэн ашиглана. БНСУ-д үйлдвэрлэгдсэн автобусны
ухаалаг системүүд өнгөрсөн тавдугаар сарын эхээр манай улсад ирсэн
бөгөөд одоогоор автобусуудад суулгах, карт борлуулах цэгүүдийг байгуулах
ажлууд үргэлжилж байна. Ухаалаг систем эхний ээлжинд 500 мянган картын
хамт ирснээр иргэд автобусанд бэлэн мөнгө төлж зорчих шаардлагагүй болох
юм. Картыг 3600 төгрөгөөр автобусны буудлуудын цэгүүдээр худалдаалж,
500-90мянган төгрөгөөр цэнэглүүлэн хэрэглэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Улиастай-Гачуурт чиглэлийн замыг өнөөдөр 23:00 цагаас хаана

Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд 1 метрийн диаметртэй төмөр бетон дугуй хоолойн ажил шинээр хийхтэй холбогдуулж зургаадугаар сарын 13-ны 08 цагаас зургаадугаар сарын 27-ны 07 цаг хүртэл 160 у/м зам хаана.

Мөн Улиастай-Гачуурт чиглэлийн замыг өнөөдрийн 23:00 цагаас зургаадугаар сарын 29-ний 07 цаг хүртэл хэсэгчлэн хааж зам барилгын ажил хийх юм.

Categories
мэдээ спорт

“Чингис хаан” гранпри тэмцээнд гадаадын 300 гаруй жүдоч мэдүүлгээ ирүүлжээ

Жүдо
бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Чингис хаан” гранпри тэмцээн ирэх
долоодугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Энэ жил
олимпийн эрхийн оноо олгохоороо онцлог юм. ОУОХ-ны дүрэм ёсоор түрүүлсэн жүдоч чансаандаа 300, дэд байр 180, хүрэл медальтан 120 оноо нэмж авна.

Одоогоор Япон, ОХУ, Их Британи, Франц, Гүрж, Казахстан, Израиль зэрэг тэргүүтэй 50 орны 300 гаруй жүдоч оролцохоор албан ёсоор мэдүүлгээ ирүүлээд байгаа аж. Манай улсын хувьд зохион байгуулагч орны давуу байдлаар жин тус бүрт дөрвөн жүдоч зодоглох учир олимпийн оноогоо хамгийн дээд түвшнээр ахиулах боломжтой.

Харин манай улсад Их Британийн жүдочид хоёр долоо хоног хамтарсан бэлтгэлийг хийлээ. Нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй тус багт олимпийн мөнгөн медальт Жемми Гиббонс болон залуучууд, насанд хүрэгчдийн шигшээ багийн 18 жүдоч, дөрвөн дасгалжуулагчийн хамт ирээд буцжээ. Мөн манай жүдочид Япон улсад хамтарсан бэлтгэл хийсэн байна. Ийнхүү 18 хоногийн дараа эхлэх “Чингис хаан” гранпри тэмцээнээр хамтарсан бэлтгэлийн үр дүнг харна гэдгийг зохион байгуулагчид онцлов.

Categories
мэдээ соёл-урлаг

”Камертон” төрсөн өдрөөрөө тоглолт хийнэ

“Камертон” хамтлагийнхан энэ сарын 24-нд 20 нас хүрнэ. Тэгвэл тэд 20
жилийн ойн баяраараа “Crocus Event hall”-д тоглолтоо хийхээр болжээ.
Ингэхдээ бие даасан тоглолт бус VIBE 105.5 Fm-ийн нээлтийн Black &
White party-нд оролцох аж.

Тэдний түүхийн хуудсыг эргүүлэхэд, 20 жилийн тэртээх 6 сарын 24-нд
хөгжим бүжгийн коллежийн оюутан Д.Болд, Г.Мэнд-Амар нар Б.Ган-Эрдэнэ,
Б.Эрдэнэбат хоёрт хамтран дуулах санал тавьснаар “Камертон” хамтлаг анх
байгуулагдсан түүхтэй.

Рок, попын ертөнцөд тэд өөрсдийн байр суурийг эзлэн олон хит дуунуудыг
эгшиглүүлсэн бөгөөд тэдний анхны уран бүтээлүүдийн нэг “18” нас дуу
өнөөдрийг хүртэл залуусын дунд дуулагдсаар байгаа юм.

Хамтлаг байгуулагдсан цагаасаа хойш арван цомог гаргаж, 15 тоглолт
хийж, “шилдэг поп хамтлаг”, “шилдэг бүтээл”, “Алтан микрофон” наадмын
“шилдэг хамтлаг”, “шилдэг цомог”, “Пентатоник” наадмын “шилдэг
хамтлаг”-аар тус тус шалгарсан гээд тэдний шагналын буухиа үргэлжилнэ.

Өнгөрсөн 2013 онд тэд “Боловсрол суваг” телевизтэй хамтран “Камертон
2” шоуг 720 гаруй залуусын дунд амжилттай зохион байгуулан өөрсдийнхөө
шинэ өрсөлдөгчдийг өлгийдөн авсан. “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн
соёрхолт, дуучин Д.Болд тус хамтлагийн продюсераар ажиллаж байгаа ба
тэд “Бид4” нэртэйгээр урлагт хөл тавин анхны цомгоо өлгийдөн авсан.

“Камертон” хамтлагийнхан бие даасан цомгуудаа гаргасан бөгөөд дуучин
Д.Болд “Хайрын хүч”, “440 герц”, “Амьдралын гол дүр”, “Only one”, “Би
чамд хайртай”, “Монгол поп”, “My duets”, “Монгол поп”, “Монгол поп 2”
зэрэг цомгууд гаргасан бөгөөд хамгийн сүүлд саяхан “Цамцаа тайчаад шид”
шинэ цомгоороо фенүүдтэйгээ уулзсан юм. Харин Эба “4th street” цомгоо
2007 онд, Мээдээ “Mi amore” цомгоо 2005 онд, Ганаа “Дурлалын тэнгис”
цомгоо мөн 2005 онд тус тус гаргаж байсан юм.

Categories
мэдээ спорт

Ахмадын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлалаа

Монгол-Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зургадугаар сарын 19-ний өдөр Монголын ахмадын шигшээ баг алдарт “Арсенал” клубийн тоглогч асан домогт Robert Pires тэргүүтэй Францын ахмадын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийх гэж байгаа билээ.

Тус тоглолтод оролцох Монгол Улсын Ахмадын шигшээ багийн бүрэлдэхүүнийг Монголын хөлбөмбөгийн холбоо албан ёсоор зарлалаа. Бүрэлдэхүүнийг танилцуулъя.

БАГИЙН АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ:

  • Б.Батсайхан

ДАСГАЛЖУУЛАГЧИД:

  • Л.Донтор
  • Э.Шинэбаяр
  • С.Эрдэнэ-Очир
  • Ц.Ганболд

БАГИЙН ХААЛГАЧ:

  • Ш.Баяржаргал /Хөдөлмөр/
  • П.Жаргалсайхан /Эрчим/
  • Ж.Энхбаяр /Өдрийн-Од/

БАГИЙН ХАМГААЛАГЧИД:

  • Б.Болдбаатар /Эрчим/
  • Ж.Мөнхбат /Оюутан/
  • С.Мөнхгал /Оюутан/
  • С.Гэрэлт-Од /Өдрийн-Од/
  • Ч.Мөнхбат /Дэлгэр/
  • Д.Лхүмбэнгарав /Мон-Уран/
  • Ч.Ваанчигжав /Эрчим/

БАГИЙН ХАГАС ХАМГААЛАГЧИД:

  • Д.Тэрбаатар /Оюутан/
  • Д.Буян-Өлзий /Замчин/
  • С.Эрдэнэбат /Алдар/
  • Ц.Энхтөр /Оюутан/
  • Д.Эрдэнэ-Очир /Замчин/
  • Г.Даваа-Очир /ХОТШ/
  • С.Энхбат /Эрчим/

БАГИЙН ДОВТЛОГЧИД:

  • Б.Буман-Учрал /Оюутан/
  • Д.Батболд /Сүхбаатар/
  • Д.Баярзориг /Хангарьд/
  • С.Пүрэвсүх /Эрчим/
  • С.Мөнхбаатар/ Мон-Уран/
Categories
мэдээ соёл-урлаг

С.Баттулга цуврал тоглолтоо үргэлжлүүлнэ

Улсын Филармонийн гоцлол дуучин МУСТА С.Баттулга “Миний эх орон” цуврал тоглолтоо үргэлжлүүлж байна.

Тэрбээр энэ удаагийн тоглолтоо Улсын Филармонийн концертын танхимд энэ
сарын 25-ны 19:00 цаг дор хийхээр зар түгээлээ. Олон сайхан дуу түмэнд
хүргэж дуугаар жигүүрлэж, дуугаар амьдарч явдаг уран бүтээлч залуу энэ
удаагийн “Миний эх орон” тоглолтоо Юмжаагийн Цэдэнбал агсны дурсгалд
зориулж байгаа нь сонин шийдэл аж.

“Эх орон, ард түмнийхээ төлөө эгнэшгүй гавьяа байгуулсан Их хүмүүнийг
бид мартах учиргүй” хэмээн төрийн тэргүүн агсныг эрхэмлэн хүндэтгэж
байна.

Тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд Монголын хөгжмийн зохиолчдын
дуулаачдад зориулсан бүтээлүүдээс эгшиглүүлнэ. Эхний хэсэгт монгол
романсуудыг төгөлдөр хуурчтай дуулах бол дараагийн хэсэгт Монголын
шилдэг хөгжмийн зохиолчдын сэтгэл булаам дуунуудыг симфони найрал
хөгжимтэй дуулна.

Улсын Филармонийн Симфони найрал хөгжим тоглож, удирдаачаар МУУГЗ
Н.Бүтэнбаяр, МУСТА Д.Нямдаш нар ажиллах ажээ. Төгөлдөр хуурч
Э.Отгончимэг, Н.Гарьд. Мөн тоглолтод ДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА
Н.Наранчимэг хамтрах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Гүйлтийн тартам барих хөрөнгийг шийдвэрлэлээ

Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/503 дугаар захирамж
гаргалаа. Захирамжаар Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос дэлхийн
улс орнуудад хэрэгжүүлж байгаа төслийн сонгон шалгаруулалтад тэнцэж
нийслэлийн дагуул Налайх хотод байгуулагдаж буй хөнгөн атлетикийн
тартанан замын 400 метрийн тойрог замын тартанан /резин/ хучилт хийх
ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулж, ажиллахыг Налайх
дүүргийн Засаг даргад үүрэг болголоо.

Налайх хотод баригдаж буй хөнгөн атлетикийн гүйлтийн тартам замын
гүйлтийн тартанан /резин/ хучилт хийхэд шаардагдах 204 сая 975 мянган
төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг
нийслэлийн ЗДТГ – т даалгалаа.

Шинээр бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, ашиглалт,
үйлчилгээнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт,
энэхүү захирамжийн биелэлтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага зохион
байгуулалтаар ханган ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн
асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.