Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэнд, спортын яамнаас эмгэнэл илэрхийлэв

Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа нь “Баруун бүсийн эх, хүүхдийн
өвчлөл эндэгдлийн нөхцөл байдлын үнэлгээ, цогц сургалт”-ыг Завхан
аймгийн Улиастай хотод зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж,
буцах замдаа зам тээврийн осолд орж, биеийн байдал нь хүнд Гэмтэл
согог, судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн
эмчлүүлж байна.

Ослын улмаас Дэд сайд Д.Атармаагийн гэр бүлийн хүн нь амь насаа
зуурдаар алдсанд Эрүүл мэнд, спортын яамны хамт олон эмгэнэл илэрхийлж
байна.

Эрүүл мэнд, спортын яам

Categories
мэдээ нийгэм

Банкуудын нэхэмжлэлтэй хэргийг анхан шатны шүүхэд буцаав

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар нэр бүхий 9 банкны нэхэмжлэлтэй ШӨХТГ-ын улсын байцаагчдад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдлоор өнөөдөр хянан хэлэлцлээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны
захиргааны хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд
“…анхан шатны шүүх нэхэмжлэгч банк тус бүрийн хувьд улсын байцаагчийн акт, дүгнэлтээр тогтоосон зөрчил тус бүрт холбогдох дүгнэлт хийгээгүй,
захиргааны хэргийн шүүхийн нотлох баримт цуглуулах үүргийг бүрэн
хэрэгжүүлээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
журам зөрчсөн” гэх зэрэг үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалаа.

ШӨХТГ-ын улсын байцаагч нар “…банкуудын
зээл олгохдоо авч буй шимтгэл, хураамж гэх төлбөрийг давхардуулж авдаг,
шимтгэлийг бодит зардалтай уялдуулаагүй буюу өндрөөр тооцдог, эдгээр
шимтгэл, хураамжийн талаар төөрөгдүүлсэн мэдээллийг харилцагч нартаа
өгдөг” гэх зөрчлийг тогтоон нэр бүхий 9 банкинд улсын байцаагчийн
дүгнэлт, “…өөрийн банкны зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамжийн
талаар мэдээллийг зээлдэгчдэд бүрэн, үнэн зөв өгч байх, зээлийн
шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх, зээл олгосны шимтгэлийг
гарч буй зардалтай уялдуулан үндэслэлтэй тогтоох” албан шаардлага
хүргүүлснийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэр бүхий
9 банк шүүхэд гаргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нэр бүхий 9 банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд байсан юм.

Categories
мэдээ улс-төр

Налайхын сонгуульд олонхийн санал авсан хоёр нэр дэвшигч пүрэв гаригт дахин өрсөлдөнө

Налайх хотын Захирагчийн сонгууль өчигдөр болж, 22.00 цагт албан ёсоор
санал хураалт дууссан. Сонгуулийн нэрсийн жагсаалтад нийт 23 215 сонгогч
бүртгэгдсэнээс 10 540 нь буюу нийт сонгогчдын 51 хувь нь саналаа өгчээ.
Нийт 8 хүн өрсөлдснөөс Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш. Хаан
30.9 хувь, бие даан нэр дэвшигч Ц.Минжинхүү 20.3 хувь, Д.Батбаатар
16,7 хувь, Д.Цогоо 9,9 хувь, Н.Мандуул 5,2 хувь, Б:Ганболд 4,4 хувь,
Г.Болдбаатар 2,9 хувь, 7-р хорооны Иргэдийн нийтийн хурлаас нэр дэвшигч
Б.Баяндэлгэр 9,3 хувийн санал тус тус авчээ. Нэр дэвшигчдийн авсан санал
50 хувьд хүрээгүй тул хамгийн өндөр саналтай Налайх дүүргийн ИТХ-аас
нэр дэвшигч Шаравхааны Хаан, бие даан нэр дэвшиж буй Цэдэнбалжирын
Минжинхүү нарын хооронд 06 дугаар сарын 18-ны өдөр 07.00-22.00 цагийн
хооронд дахин санал хураалт явуулахаар боллоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Н.Батцэрэг: Сонгуулийн өөр хувилбар гаргасан

МАХН, МҮАН “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцсэн асуудлын хүрээнд мэдэээлэл өглөө. Мэдээллийг бүлгийн дарга Н.Батцэрэг, дэд дарга З.Баянсэлэнгэ нар хийсэн юм.

“Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн
тухай хуулийн төсөл, Үндсэн хуулийн маргаан хянан шийдвэрлэх
ажиллагааны болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр
төлөвлөсөн байсан ч түр хойшлуулжээ. Учир нь Ерөнхийлөгчийн зөвлөх
Ч.Өнөрбаярыг урьсан ч ирж амжаагүй учраас энэ удаад хойшлуулсан байна.
Тус намын бүлгээс дээрх хуулийн төслийг дэмжих байр суурьтай байгаа ч
хууль санаачлагчаас тодруулах зүйл байгаа учир ийнхүү хойшлуулсан гэнэ.

Хуралдаанаар, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өргөн барьсан Эрүүгийн
байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон холбогдох
бусад хуулийн төслүүдийг хэлэлцсэн байна. Уг хууль нь хуучин Улсын
ерөнхий прокурорын дэргэд байсан Мөрдөн байцаах албыг Авлигатай тэмцэх
газар руу шилжүүлсэн нь бодлогын алдаа байсан гэж үзсэн байна. АТГ дээр
байгаа албан тушаалын гэмт хэргийг шалгах үйл ажиллагааг явуулж байгаа
энэ бүтцийг буцаагаад Улсын Ерөынхий прокурорын дэргэд сэргээн байгуулах
нь зүйтэй гэж хууль санаачлагч үзсэн юм. Бүлгийн дарга Н.Батцэрэг
“Амьдралаас урган гарсан учир хуулийн төсөл учраас манай намын бүлэг
дэмжинэ. АТГ бол хээл хахуультай холбоотой асуудлаараа, соён гэгээрүүлэх
асуудлаараа, албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг үнэн зөв
бүрдүүлж байх чиг үүргээ хэрэгжүүлээд байх бүрэн бололцоотой” гэлээ.
Мөн Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулж байгаа
ажлын явцын талаар мэдээлэл сонсч УИХ-аар баримт бичгийг батлах нь
зүйтэй гэж үзжээ. Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Сонгуулийн
нэгдсэн хууль, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт байсан байна. Үндсэн
хуульд нэмэлт өөрчлөлт оруулах одоогийн төслийг “Шударга ёс” эвсэл
дэмжих гэнэ. Гэхдээ нэмэлт өөрчлөлтийг батлах эсэхээ ард нийтийн санал
асуулга явуулж байж шийдэх нь зүйтэй гэж үзжээ. Харин Сонгуулийн нэгдсэн
хуулийн тухайд, УИХ-ын сонгуульд нэр дэвших 76 нэр дэвшигчийг нэг
саналын хуудсан дээр бичээд улсаа нэг тойрог болгоод сонгогч нэр
дэвшигчийн өмнөх дугаарыг дугуйлах замаар явуулах хэрэгтэй гэж үзсэн
байна. Тус бүлгээс гаргасан дээрх санал Ажлын хэсэг дээр унасан учир
УИХ-ын 76 гишүүнийг 38-ыг нь мажоратор тойргоор 38-ыг нь намын
жагсаалтаар гаргаж ирэх хоёр дахь саналыг гаргасан байна. Гэхдээ намын
жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчдийг бас ард түмэн өөрсдөө дугуйлдаг
байхаар зохион байгуулах нь зүйтэй гэсэн байна. Зөвхөн намын хаалттай
жагсаалтаар намын удирдлагын хүрээнд эвслийн удирдлагын хүрээнд хүмүүсээ
нэр дэвшүүлэд СЕХ-нд хүргүүлснээр өндөрлөдөг одоогийн энэ
зохицуулалтаар биш заавал олон түмэн рүү нэр дэвшигч өөрөө очиж дэмжлэг
авах хувилбарыг санал болгож байгаа аж. Бүх нийтийн санал асуулгыг
авахдаа эхлээд Ажлын хэсэг, УИХ дээр ийм хэмжээнд Үндсэн хуулийн нэмэлт
өөрчлөлт явж болох юм байна гэж хайрцагласны дараа Үндсэн хуульд нэмэлт
өөрчлөлт оруулах нь зөв үү, буруу юу гэдгийг асуух хэрэгтэй гэж үзжээ.

Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Нэр дэвшүүлсэн нам эвслийн
хооронд сонгуулийн компанит ажлыг зохион байгуулах тал дээр хуулийн
төсөлд сайн зохицуулалт оруулсан байна гэж үзэж байгаа. Жишээ нь хэвлэл
мэдээллийн хэрэгслээр хэн нэгнийг хэтэрхий дөвийлгөн магтах юмуу, гүтгэн
доромжилдог байсан нь үнэн. Ялангуяа эздийн телевиз, сонин олонтой үед
энэ чухал асуудал мөн. Энэ тал дээр төлбөртэй нэвтрүүлэг явуулах цагийг
жигд байхаар оруулсныг дэмжиж байгаа. Ажлын хэсэг дээр дэмжлэг авсан.
Мөн сурталчилгааны материал тараах, гудамжны самбар ашиглах зэрэгт адил
тэгш нөхцлийг хангахаар оруулж ирсэн нь зөв. Өөрөөр хэлбэл мөнгөөр
хэмжсэн хэмжээсүүд байж таарахгүй. Олон түмэнд хүрэх ажлыг төрөөс зохион
байгуулахыг манай бүлэг дэмжиж байгаа” гэсэн юм.

Categories
гадаад мэдээ спорт

Уорриорс цувралыг тэргүүлж эхэллээ

НБЭ-ийн аваргын төлөөх цувралын тав дахь тоглолт болж дууслаа. Тус
тоглолтод Голдэн Стэйт Уорриорс, Клевлэнд Кавалерс багууд үлдсэн билээ.

Тоглолтын эхний хагаст хоёр баг энэ тэнцүүхэн өрсөлдөж 50-51 харьцаагаар
ердөө ганц онооны илүүгээр Уорриорс тэргүүлсэн бол гуравдугаар үед
таван оноог илүү авч хошуулчилж эхэлжээ. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед
харин Стивэн Карри хэрэгтэй үед холын зайн шидэлтүүдээ ээлж дараалан
амжилтай болгосноор 91-104 харьцаагаар хожиж цувралыг 3-2 харьцаагаар
тэргүүлж эхэллээ.

Энэ улиралын MVP Стивэн Карри өмнөх тоглолтуудад гаргаж чадахгүй байсан
тоглолтоо үзүүлж 37 оноог авсан бөгөөд холын зайн долоон шидэлтээ
амжилтай болгосон байна. Харин эхний хагаст чимээгүй байсан Андре
Игуодала чухал үед хэрэгтэй оноонуудыг авч байсан бөгөөд 14 оноо, 8
самбараас бөмбөг авч, 7 оновчтой дамжуулалт өгч энэ цувралыг чимээгүй од
гэдгээ дахин харууллаа.

Categories
гадаад мэдээ спорт

Хөлбөмбөгийн вант улсад шинэчлэл хийхийг хүлээж байна

Дэлхийн хөлбөмбөгийн холбоо нь хамгийн том олон нийтийн байгууллагуудын нэг. 209 гишүүн оронтой тус байгууллагын жилийн орлого дунджаар 30 сая ам.доллар. Одоогоос нэг жилийн өмнө болсон дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, дөрвөн тэрбум ам.долларын ашиг олсон гэдэг. Үүнээс 1.4 тэрбум ам.доллар нь ивээн тэтгэгчдийн өгсөн хандив. 1.7 тэрбум ам.долларыг нь телевизээр шууд цацах эрхийг худалдсанаар олсон байна. Өөрөөр хэлбэл, спортын байгууллагуудаас хамгийн их ашигтай ажилладаг нь гэхэд хилсдэхгүй. Тус байгууллагын удирдлага хахууль авсанхэрэг өмнө нь нэг бус удаа яригдаж байсан боловч тэгсхийгээд намждаг байв. Хөндлөнгийн ямар нэгэн хяналтгүйгээр үйл ажиллагаагаа явуулдаг тус холбооны нөлөө бүхий гишүүдтэй холбоотой энэ удаагийн хэрэгшинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай болсныг харууллаа.

Тус холбооны төв нь Цюрих хотноо байрладаг тул Швецарийн хуулийг дагах ёстой аж. Тиймээс мөнгө угаасан зэрэг хэргийг Швейцарийн болон АНУ-ын хуулийн байгууллагууд шалгаж байгаа юм байна. Энэ тухай анх яригдахадАфрикийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Фарах Аддо хамгийн түрүүнд мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр З.Блаттер ерөнхийлөгчөөр улиран сонгогдохын тулд 100 мянган ам.долларын хахууль өгсөнийг илчилжээ.Үүний дараа ОУХХ-ны дэд ерөнхийлөгч асан Хойд, Төв Америк болон Карибийн тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Жек Уорнер мэдүүлэг өгч, АНУ-ын хууль сахиулагчидтай хамтран ажиллаж байна.

ОРОС, КАТАРЫН ЭРХИЙГ ХАСАХЫГ ШААРДАВ

Энэ хэрэгт холбогдуулан дэлхийн нөлөө бүхий улстөрч болон байгууллагууд бараг бүгд мэдэгдэл хийсэн. Тэдний нэг нь Европын парламент. Тус парламентыналбан ёсны төлөөлөгч 2018, 2022 онд болох дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийн асуудлыг дахин шалгахыг шаардсан юм. Ингэхдээ Орос, Катар хоёрхахууль авсан эсэхийг тогтоож, үнэн байвал эрхийг нь хасах ёстой хэмээн онцолсон билээ. Түүгээр ч зогсохгүй Европын орнуудад хандан Дэлхийн хөлбөмбөгийн холбоог байгуулахыг уриалсан юм. Ийнхүү хахуультай холбоотой шинэ баримтуудыг дэлгэсээр байна.

Спортын хувцас үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай “Nike” компани дээрх хэрэгтэй холбогдож, тус байгууллагаас ОУХХ-д хичнээн хэмжээний хандив өгсөн эсэхийг шалгахаар болжээ. Харин “Nike”-ийн удирдлага ямар нэгэн хууль бус алхам хийгээгүй, шалгуулахад бэлэн гэдгээ уржигдар мэдэгдсэн юм.

МОНГОЛООС ХАХУУЛЬ АВСАН ЭСЭХ НЬ ТОГТООГДООГҮЙ

З.Блаттер албан ажлаа ашиглан хэд, хэдэн оронд олон улсын хэмжээний тэмцээнийг зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлнэ гэжээ. Үүнийхээ оронд мөнгө авсан байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж байгаа. Их Британийн “DailyMail”сонинд З.Баттлер 2011 оны нэгдүгээр сард Цюрих хотноо Монголын талтай хамтран ажиллах гэрээ байгуулсаныг онцлон дурджээ. Уг гэрээнд зааснаар 2050 онд болох дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг манайд зохион байгуулахаарболжээ. Гэвч үүнийхээ оронд хахууль авсан эсэх нь одоогоор тогтоогдоогүй байна.

ОУХХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИД

З.Блаттер өөрийн хүсэлтээр ОУХХ-ны ерөнхийлөгчийн ажлаа өгөхөөр болсон. Харин түүний халааг авах хүнийгирэх арванхоёрдугаар сард болох тус холбооны ээлжит чуулганаар сонгох юм байна.ОУХХ нь ерөнхийлөгчийн сонгуулийн журамдаа өөрчлөлт оруулсан.Тус холбооны гүйцэтгэх хорооны 26 гишүүн саналаа өгч тэргүүнээ сонгохоор болжээ. Ингээд З.Блаттерийгогцорч байгаагаа мэдэгдсэн тэр өдрөөс халааг хэн авах бол гэдэг асуудал яригдах болсон. Саяхан З.Блаттертай өрсөлдсөн Йорданийн хунтайж Али бин аль-Хусейн дахин өрсөлдөхөө мэдэгдлээ.ОУХХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Францын иргэн Жером Вальке ч өрсөлдөж магадгүй байгаа аж. Саяхныг болтол түүнийгЗ.Блаттерийн халааг авах магадлал хамгийн өндөртэй хүн гэж байсан юм. Гэвч дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа энэхэрэгт холбогдсон тул гүйцэтгэх хорооны гишүүд түүнийг дэмжих нь маш эргэлзээтэй болсон.Мишель Платинибас нэгэн нэр дэвшигч. Цагтаа Францын шилдэг хөлбөмбөгчөөр шалгарч байсан тэрээр 2007 оноос хойш Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа.Уг албыг хаших хугацаандаа холбоондоо нэлээд шинэчлэл хийж чадсан хэмээн өндрөөр үнэлэгддэг. Францаас УОХХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөх гэж буй бас нэг хүн бол тус улсын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин асан Давид Жинол. Тэрээр хамгийн сүүлд болсон холбооны ерөнхийлөгчид өрсөлдөнө хэмээн мэдэгдэж байсан боловч санал хураалт болохын өмнөхөн нэрээ татсан юм. Ер нь бол ОУХХ-ны ерөнхийлөгч өрсөлдөх хүсэлтэй хүн цөөнгүй. Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадуро хүртэл мэдэгдэл хийж, алдарт хөлбөмбөгчин Марадонаг уг албанд санал болгосон. ОУХХ-ны ерөнхийлөгчөөр хэн ч сонгогдсон байсан хөлбөмбөгийн вант улс гэгдэх тус байгууллагад хэрхэн шинэчлэл хийх нь илүү чухал аж.

Ю.ДЭЛГЭРМАА

Categories
мэдээ нийгэм

Долларын ханш 1862 төгрөгтэй тэнцэж байна

Америк долларын ханш эргэж өсөлгүй тогтвортой байх боломжтой гэж эдийн засагчид үзэж байна.Өнөөдрийн байдлаар Монголбанкны зарласан нэг америк долларын албан ханш 1862 төгрөгтэй тэнцэж байгаа бол арилжааны банк болон валют арилжааны төвүүдэд 1874-1880 төгрөг байна.

Сүүлийн үед америк долларын ханш тогтвортой байгаа нь зах зээлийнхээ жамаар явж байгаа. Монголбанкнаас ямар нэгэн интервенц хийгээгүй. Цаашид ч гэсэн долларын ханш тогтвортой байна гэж эдийн засагч н.Дөлгөөн ярилаа.

Америк долларын албан ханш өнгөрөгч тавдугаар сарын энэ өдөр 1943 төгрөгтэй тэнцэж байсан бол ийнхүү сарын хугацаанд 100 орчим төгрөгөөр сулраад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Мөрдөн байцаалтын шатанд 577 сая 300 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв

Авлигатай тэмцэх газар 2015 оны эхний 5 сард хуульд заасан харьяаллын 217 үйлдэл, 204 холбогдогчтой эрүүгийн 147 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.

Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 23 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлэв. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргээс 2015 оны эхний 5 сард Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан байсан Н.Түмэндэмбэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газарт тасгийн даргаар ажиллаж байсан Д.Тогооням, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Пунцаг, Баянхонгор аймгийн Заг сумын Засаг дарга Э.Мөнхбаяр, Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын орлогч Ш.Энхбат, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Соёлын төвийн эрхлэгч Ц.Должинсүрэн нарын 36 хүнд холбогдох эрүүгийн 11 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна.

Гэмт хэргийн улмаас 30 тэрбум 145 сая 400 мянган төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 577 сая 300 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ. Түүнчлэн 7 тэрбум 907 сая 900 мянган төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалсан бол 240 сая 500 мянган төгрөгийн нуугдмал мөнгө, эд хөрөнгийг илрүүлжээ гэж Авлигатай Тэмцэх газрын цахим хуудаснаа мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Баянхонгорын бөх улсын наадамд түрүүлбэл 60 сая төгрөг өгнө

Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид тавдугаар сарын 13-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор “Олимп, тив, дэлхий, улсын аваргын тэмцээнд оролцож, онцгой амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч нарт мөнгөн шагнал олгох журам” баталсан байна.

Аймаг, орон нутгийн тамирчдын ур чадварын үнэлэмжийг дээшлүүлж, онцгой амжилт гаргах идэвх, сонирхол өрнүүлэх, улмаар дэлхийн хэмжээнд өрсөлдөх тамирчдыг төрүүлэхэд энэ журмын зорилго оршиж байгаа аж. Тус журмаар олимп, тив, дэлхий, улсын аварга, спортын их наадам, Монголын бүх ард түмний спортын их наадамд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэж онцгой амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч нарт мөнгөн шагнал олгох юм байна.

Тухайлбал, төрөл хариуцсан дасгалжуулагч нарт тамирчдын шагналын 30 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал олгох бол багийн спортод тамирчдын 50 хувь нь тухайн дасгалжуулагчийн шавь байгаа тохиолдолд хариуцсан дасгалжуулагчид аймгийн Биеийн тамир, спортын газрын тодорхойлолтыг үндэслэн шагнал олгох асуудлыг шийдвэрлэх аж.

Харин Улсын их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн тус аймгийн харьяат бөхөд 60.0 сая төгрөг, улсын гарьд, заан цол авсан бөхчүүдэд 30.0 сая төгрөг, улсын харцага, начин цол авсан бөхчүүдийг 20.0 сая төгрөгөөр нэг удаа урамшуулах юм байна.

Баянхонгор аймгаас улсын наадмын түрүү хүртсэн тохиолдол ховор аж. Тус аймгийн Богд сумын харъяат олон түмнээ Нисэхийн хэмээн алдаршсан Пагамийн Аюуш арслан 1949 оны улсын наадамд түрүүлсэн ч хожим 1956 онд арслан цолыг нь нөхөн олгосон байдаг. Харин 1991 онд П.Сүхбат гарьд улсын наадамд үзүүрлэж байжээ. Харин одоо Баянхонгор аймгаас улсын харцага Д.Батболд, улсын начин Б.Баянжаргал, Ж.Чулуунбат нар ид барилдаж байна. Мөн Гурванбулаг сумын харъяат улсын начин Б.Сэр-Од байгаа ч сүүлийн үед барилдахаа больсон аж. Харин улсын цолонд ойрхон аймгийн арслан олон бий. Тухайлбал, улсын харцага Батболдын төрсөн дүү аймгийн арслан Д.Энхбат, аймгийн хурц арслан Д.Болдын хүү аймгийн арслан Б.Эрдэнэхүү, аймгийн арслан Н.Золбоо, Б.Бат-Орших, Давж. Батбаяр зэрэг бөхчүүдийг цолоо ахиулна хэмээн нутгийнхан нь итгэл хүлээлгэжээ.

Categories
мэдээ нийгэм

Японы Санхүүгийн үйлчилгээний байгууллагын дарга манай улсад айлчиллаа

Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяагийн урилгаар Японы Санхүүгийн үйлчилгээний байгууллагын дарга ноён Киёши Хосомизо тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ажлын айлчлал хийлээ. Тэрээр айлчлалынхаа эхэнд Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзаж хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын тогтолцоог сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх хэтийн зорилтын хүрээнд мэдлэг, туршлага солилцоход хамтран ажиллах чиглэлийн талаар харилцан мэдээлэл солилцлоо.

Хорооны дарга З.Нарантуяа төрийн өмчит компаниудыг болон стратегийн ач холбогдол бүхий ордуудын тодорхой хувийг биржээр дамжуулан хувьчлах талаар Хорооноос хэрэгжүүлж буй бодлогыг танилцууллаа. Мөн тэрээр Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /JICA/-аас санхүүжүүлж буй “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг чадавхжуулах төсөл”-ийн туслалцаатайгаар ирэх онд 3-4 IPO хийхээр төлөвлөж буй талаараа мэдээлэл хүргэв.

Ноён Хосомизо төрийн өмчит компаниудыг хувьчилахад ирээдүйд ард иргэдэд ямар үр өгөөж өгөх талаар сайн ойлгуулж мэдээлэх нь зүйтэйг онцолсон бөгөөд төрийн өмчит компанийн хувьчлалын талаар өөрийн орны туршлагаас хуваалцлаа.

Түүнчлэн уг айлчлалын хүрээнд Японы Санхүүгийн үйлчилгээний байгууллагын дарга ноён Киёши Хосомизо болон албаны төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монголбанкны ерөнхийлөгч ноён М.Золжаргал нартай албан ёсны уулзалт хийнэ гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдэээллийн албанаас мэдээллээ.