Categories
гадаад мэдээ

Жеб Буш АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшлээ

Флорида мужийн захирагч асан Жон Эллис Буш буюу Жеб Буш АНУ-ын
Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа албан ёсоор эхлүүллээ. Өмнөх
хоёр Ерөнхийлөгчийн хүү болон дүү болох ноён Буш төрөлх Миами хотоос
кампанит ажлаа эхлүүлжээ. Гэхдээ Жеб Буш БНН-ын хүчтэй өрсөлдөгчдөө
давамгайлах болоогүй байгааг саяхны судалгаа харуулжээ. Англи болон
испани хэлээр тавьсан илтгэлийн ихэнх хэсэг нь түүний Флорида мужийн
захирагчаар ажиллахдаа гаргасан амжилтын тухай байв.

Тэрээр нийгмийн эмзэг болон цөөнх бүлэгт гол анхаарлаа хандуулна гэдгээ
давтан хэлсэн юм. Мөн эдийн засгийн өсөлтийг 4 хувиар нэмэгдүүлж, зах
зээлд 19 сая ажлын байр бий болгоно гэжээ. Гадаад бодлогын хувьд, Жеб
Буш найдвартай түнш, итгэл даасан харилцааг үүсгэнэ гээд ардчилсан
Израиль улсаар энэхүү ажлаа эхлүүлнэ гэжээ.

Мөн хэн ч намтар, намын албан тушаал болон гэр бүлийн түүхээрээ
Ерөнхийлөгчийн ажлыг авах эрхгүй хэмээн Жеб Буш хэлжээ. Техасын их
сургуулийг төгссөн тэрээр эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг юм.
Бушийн эхнэр Колумба мексик эмэгтэй бөгөөд Буш испани хэлээр чөлөөтэй
ярьдаг юм байна.

Жеб Буш Висконсины захирагч Скотт Уокер, Флоридагийн сенатч Марко Рубио
зэрэг хүчтэй улстөрчидтэй хамт сонгуульд нэр дэвшжээ. Ардчилсан намын
талаас хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Хиллари Клинтон гэгдэж байна.
Одоогоос 23 жилийн өмнө буюу 1992 онд Клинтон-Буш нар буюу хатагтай
Бушийн нөхөр Билл, Жеб Бушийн эцэг Жорж нар Ерөнхийлөгчийн сонгуульд
өрсөлдөж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар – Чойрын замаас Налайх хүртэл 2,6 км зам барина


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эрх
шилжүүлэх тухай” А/461 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн
төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх Налайхын барилгын материалын
үйлдвэрлэл, технологийн паркийн хөрөнгө оруулалтын зардлаас хэрэгжүүлэх
төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа.

Батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн
нийслэлийн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын төлөөллийг
оролцуулан зохион байгуулахыг Налайхын барилгын материалын үйлдвэрлэл,
технологийн паркт даалгав.


Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн
ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, д батлагдсан төсөл арга хэмжээнд
захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын
газарт, нийслэлийн Авто замын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон
хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд
хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг
болголоо.

Categories
мэдээ улс-төр

Ц.Минжинхүү: Намуудын гар хөл дэндүү шургалсан сонгууль болж өнгөрлөө

Налайхын хотын захирагчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Минжинхүүтэй ярилцлаа.

-Налайх дүүрэгт Налайх хот байгуулахыг дүүргийн иргэд дэмжсэн. Тэр утгаараа захирагчийн сонгууль ням гаригт боллоо. Сонгуулийг та хэр шударга болсон гэж үзэж байгаа вэ?

-Налайх хотын захирагчийн сонгуульд найман хүн нэр дэвшиж сонгууль явагдлаа. Олон хүн нэр дэвшиж байгаа тул хоёр шатны сонгууль явагдах нь тодорхой байсан. Итгэл хүлээлгэж хоёр дахь шатны сонгуульд өрсөлдөх боломж олгосон налайхчууддаа талархал илэрхийлье. Сонгуулийн сурталчилгааны сүүлийн хоногууд болон санал хураах өдөр бараг ихэнх нэр дэвшигчид Налайх дүүргийн сонгуулийн нэгдсэн хороо болон сонгуулийн хэсгийн хороодын шударга бус үйл ажиллагааг эсэргүүцэж өнгөрөөлөө. Түүнчлэн Налайх хотын захирагчийн сонгууль улс төрийн сонгууль биш юм. Харамсалтай нь намуудын гар хөл дэндүү шургалсан сонгууль болж өнгөрсөнийг налайхчууд харлаа.

-Хот байгуулалтын тухай хуулиараа нэр дэвшигч Ш.Хаан, та хоёрын дунд дахин санал хураалт явуулахаар болсныг та хэрхэн харж байна вэ?

-Засаг барьж байгаа энэ том намын шат шатны удирдлагууд, гишүүд дэмжигчид ажиллаж байгаа хүч тэнцвэргүй энэ өрсөлдөөнд налайхчууд маань зөв сонолтоо хийнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Намаас илүү налайхчууд хүчтэй, олуулаа гэдгийг харуулахыг хүсч байна.

-Таныг сонгуулийнхаа үеэр иргэдэд 5-10 мянган төгрөг тараасан гэдэг гомдол сонгуулийн Нэгдсэн хороонд ирсэн гэсэн. Үнэхээр тийм зүйл болсон юм уу?

-Сонгуулийн нэр дэвших үйл ажиллагаа, сурталчилгаа хийх явцад миний нэрийг татуулах, өрсөлдөх боломж олгохгүй байх талаар их оролдсон мөн сонгуулийн санал хураах өдөр Налайх дүүргийн сонгуулийн нэгдсэн хорооны дарга Манарбек бүх нэр дэвшигчдийн өмнө “Минжинхүү нэр дэвшигч мөнгө тараасан баримт олдсон нэр татуулах болно” гэж мэдэгдсэн. Харамсалтай нь огт үндэслэлгүй зүйл байсан нь тогтоогдсон тул тэрээр уучлал гуйж ярилцлага өгсөн байгаа. Энэ байдлыг харж байсан нэр дэвшигчид өөрөөр хэлбэл энэ удаагийн сонгуульд өрсөлдөгч болж оролцсон нэр дэвшигчид хүртэл ийм юм ярьж явах ч гэж дээ гэж харамсаж байна лээ. Налайхад хэн мөнгө тарааж хэн сонгогчдын санал худалдаж авч байсныг налайхчууд бүгд мэдэж байгаа. Тэгээд ч хоёр гурван мянган санал худалдаж авах мөнгө надад байхгүй. Энэ том намуудын өөдөөс зөв бодол сэтгэлтэй хэдэн залуучууд яаж ажиллаж байгааг бүгд харж байна. Тав гурван төгрөгтэй нь танилцуулга материал хэвлүүлээд, тав гурван төгрөггүй нь айл хунараар тарааж уулзаж сурталчилгаагаа хийсэн. Нэр дэвшигчийн цаана ажилласан намын нөхөд, төрийн албаны нэр дор алба хашиж байгаа хэсэг нөхөд л дэндүү шударга бус байсан гэдгийг онцолж хэлмээр байна. Дараагийн сонгууль шударга байгаасай гэдгийг чин сэтгэлээсээ хүсч байна.

-Ер нь Налайх хотын захирагч болбол ямар зүйлсийг шийдвэрлэх вэ?

-Налайх хотод хийх зүйл их байгаа. Миний мөрийн хөтөлбөр дээр дэлгэрэнгүй байгаа. Үүнээс гадна төрийн албаны нэр хүндийг орон нутагт унагаж шударга бус хууль бус үйл ажиллагааг дэврээж байгаа үйлдэлтэй нэн тэргүүнд тэмцэх шаардлагатай юм байна. Иргэд өндөр байшин өргөн зам тавиад өг гэж ярихгүй байна. Тэд шударга байдлыг, алагчлахгүй байхыг, ажил хийх боломж олгож өгөхийг л хүсэж байна.

-Налайх хотын захирагч болсон ч эрх мэдэл байхгүй. Бүх эрх мэдэл нь дүүргийн Засаг даргад байдаг гэсэн яриа гарч байгаа. Хотын захирагч болсноор яг ямар боломж байгаа вэ?

-Хуулиар энэ хоёр субьектийн эрх мэдлийг заагалсан байгаа. Хууль эрх зүйн орчны хүрээнд ажиллана. Шинээр боловсруулах батлуулах дүрэм журам их бий. Налайхад хүн болж өдий зэрэгтэй явж байгаагийнх хотоо сайхан болгох хүсэл бидэнд их бий.

Э.БОЛД

Categories
мэдээ улс-төр

Тавантолгойн ажлын хэсгийн явцын талаар мэдээлэл хийлээ

Улсын Их Хурлын гишүүн, Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө
оруулалтын болон дагалдах бусад гэрээг байгуулах асуудлаар дүгнэлт
гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах Улсын Их Хурлын ажлын хэсгийн
ахлагч Л.Эрдэнэчимэг ажлын хэсгийн явцын талаар өнөөдөр /2015.06.16/
сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Ажлын хэсэг томилогдоод 3 долоо хоног өнгөрч байгаа бөгөөд энэ
хугацаанд 3 удаа хуралдаж, ажлын дэд хэсэг нийт 10 гаруй удаа хуралдсан
байна.

Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг хэлэхдээ, нийт 14 зүйл заалтаар
дүгнэлт гаргах ёстой бөгөөд одоогоор 50 гаруй хуудас дүгнэлт бэлэн
болоод байна. Гэрээний англи эхийг хүсэж 2 долоо хоног хүлээсэн. Англи
эхийг хүлээн авснаас хойш 8 хоногт эхийг монгол орчуулгатай тулгалт
хийхэд 10 гаруй хуудас зөрүү байна гэлээ.

Мөн тэрээр Засгийн газрын 2014 оны 268-р тогтоолын хурлын протокол,
Энержи ресурс болон Шинхуа компанийн хооронд хамтарсан компани байгуулах
гэрээ, Сумитомо компанитай Худалдааны компани байгуулах гэрээ, Энержи
ресурс болон Эрдэнэставан толгой хоорондын эрх шилжүүлэх гэрээ зэргийг
ирүүлэхийг хүссэн ч өнөөдрийг хүртэл ирүүлээгүй байна. Тиймээс эдгээр
гэрээг авсаны дараа ажлын хэсэг үргэлжүүлэн хэлэлцээд дүгнэлтээ гаргаж
өгнө. Зарим гэрээ нууцлалын зэрэгтэй ба компанийн нууцад хамаарна гэсэн
тайлбарыг Засгийн газар өгч байгаа боловч Монгол Улс уул уурхайн ил тод
байдлын дэлхийн сүлжээнд орж үүрэг хүлээсэн учир уул уурхайн чиглэлийн
үйл ажиллагаанд нууцлалд хамаарах зүйл заалт байх ёсгүй гэж үзэж
байгаагаа мэдэгдсэн юм.

Түүнчлэн зургадугаар сарын 14-15 ны өдрүүдэд ажлын дэд хэсэг Эрдэнэс
тавантолгой компани дээр ажилласан байна. Өнөөдрийн байдлаар Эрдэнэс
тавантолгой компанийн агуулахад 2.3 сая тонн, хөрс хуулж олборлоход
бэлэн болсон 2 сая тонн нүүрс бэлэн байгаа бөгөөд нийт 140 сая долларын
үнэлгээ бүхий нүүрсний нөөц нь Чалкогийн 142 сая долларын өрийг дарахад
хүрэлцэхээр байна. Эрдэнэс тавантолгой дээр 1400 гаруй хүн 24 цагаар
ажиллаж байгаа бөгөөд Чалко компани сардаа 600 мянган тонн нүүрс
зөөвөрлөн авч байгаа талаар мэдээллээ.

Мэдээллийн төгсгөлд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрхийн 3 сая дахь иргэнд байр өглөө

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Хилчний 7-7 тоотод оршин
суух Цэндсүрэнгийн Өлзийбаяр, Гөлгөөгийн Гүндсамбуу нарын хүү
Өлзийбаярын Болд-Эрдэнийг Баянзүрх дүүргийн 3 сая дахь иргэнээр
тодруулжээ. Тэрбээр Монгол Улсын 3 сая дахь иргэнтэй хамгийн ойр
хугацаанд төрсөн тул дүүргийн 3 сая дахь иргэний үе чацуутнаар тодорсон
байна.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны арванхоёрдугаар сарын 22-ны
өдрийн 400 дугаар тогтоолоор 3 сая дахь иргэнд орон сууц олгохоор
шийдвэрлэсэн. Энэ дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд шинээр
ашиглалтад орсон Жуков хотхоны 49б байрны 14 тоот орон сууцыг олгохоор
болсон юм.

2015 оны зургаадугаар сарын 15-ны морин цагт Баянзүрх дүүргийн Тамгын
газрын Хүндэтгэлийн танхимд Засаг дарга Д.Пүрэвдаваа дүүргийнхээ 3 сая
дахь иргэн Өлзийбаярын Болд-Эрдэнэд орон сууцных нь түлхүүрийг
гардууллаа.

Дашрамд дурдахад, 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр буюу Монгол
Улсад 3 сая дахь хүүхэд мэндэлсэн өдөр Баянзүрх дүүрэгт 9 хүү, 9 охин
төрсөн байна хэмээн дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Үр тариаг төлөвлөснөөс давуулан тариалжээ

Энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.7 мянган га-д хүнсний ногоо, 16.0 мянган га-д тэжээлийн, 33.0 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 401.2 мянган га-д тариалалт хийхээр зорилт дэвшүүлсэн.

Энэхүү зорилтын дагуу өнгөрсөн сарын 8-наас үр тариа, тос, тэжээлийн
таримлыг 14 аймгийн 1190 гаруй аж ахуйн нэгж, иргэн, төмс, хүнсний
ногоо, жимс жимсгэнийг 370 аж ахуйн нэгж, 35.0 мянган өрхийн хэмжээнд
тариалж эхлээд байгаа.

Өнөөдрийн байдлаар 384.2 мянган га-д үр тариа, үүнээс 357.5 мянган га-д
улаанбуудай, 11.5 мянган га-д төмс, 5.7 мянган га-д хүнсний ногоо, 15.1
мянган га-д малын тэжээл, 69.9 мянган га-д тосны ургамал, нийтдээ 486.6
мянган га-д тариалалт хийгдсэн байна. Үр тарианы тариалалт 116.9 хувь
төмс, хүнсний ногооны тариалалт 65.4-82.6 хувьтай үргэлжилж байна.

Энэ жилийн тариалалтад зориулан ТЭДС-гаас 201 аж ахуйн нэгж, иргэнд 3.8
мянган тонн буудайн үрийг 20 хувийн, Улсын нөөцийн салбараас 4.0 мянган
тонн буудайн үрийг 30 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгож үрийн
хангамжийг бүрдүүлсэн юм. Түүнчлэн 445 аж ахуйн нэгж, иргэнд 1942 тонн
шатахууныг 50 хувийн, 509 аж ахуйн нэгж, иргэнд 100 тонн ургамал
хамгааллын бодис, 1.0 мянган тонн эрдэс бордоог 30 хувийн
урьдчилгаатайгаар олгожээ.

Categories
мэдээ нийгэм

Их, дээд сургуулиудын элсэгчдийн тоог баталлаа

БСШУ-ны сайдын 2015 оны зургадугаар сарын 5-ны А/120 тоот тушаалаар их, дээд сургууль, коллежийн бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэх оюутны тоог баталсан байна. 2015-2016 оны хичээлийн жилд их, дээд сургуулиуд хичнээн оюутан элсүүлэх талаарх мэдээллийг хүргэе.

Анагаахын шинжлэх ухааны их сургууль 1400

Батлан хамгаалах их сургууль 270

Монгол Улсын боловсролын их сургууль 2500

Монгол Улсын их сургууль 3500

Монгол Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль 100

Соёл урлагийн их сургууль 1000

Ховд их сургууль 100

Хөдөө аж ахуйн их сургууль 1600

Хууль сахиулахын их сургууль 435

Шинжлэх ухаан технологийн их сургууль 3980

Дорнод дээд сургууль 150

Тээврийн дээд сургууль 250

Хөгжим бүжгийн коллеж 50 оюутан тус тус элсүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Замын трасст 317 газар оржээ

Зуслангийн зам буюу Дамбадаржаа-Шаргаторьт-Хандгайт чиглэлийн 16.35 км
автозамын өргөтгөл шинэчлэлийн ажил хийж эхэлсэн. Энэ хүрээнд газар
чөлөөлөх ажил түрүүчээсээ явагдаж буй аж.

Тодруулбал , тухайн замын трасс Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг
дэвсгэрт хамаарагдаж буй бөгөөд Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын
гүүр хүртэлх 8.8 км зам Чингэлтэй, Шаргаморьтын гүүрнээс Хандгайт
хүртэлх 7.5 км зам Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдаж байгаа
юм.

Авто замын трасст орсон нийт 317 газар байгаагаас 231 нь Чингэлтэй, 104
газар нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хамаарч буй аж. Тухайлбал,
263 хашаа, 49 байшин, 5 шатахуун түгээх станц байгаа юм байна.

Categories
энтертаймент-ертөнц

“Камертон” 20 жилийн ойгоороо фенүүдтэйгээ уулзана


“Камертон” хамтлаг энэ сарын 24-нд 20 нас хүрнэ. Тэгвэл тэд 20 жилийн
ойн баяраараа “Crocus Event hall”-д тоглолтоо хийхээр болжээ. Ингэхдээ
бие даасан тоглолт бус “VIBE 105.5 Fm”-ийн нээлтийн “Black & White
party”-нд оролцох аж.

1995 оны зургаадугаар сарын 24-нд хөгжим бүжгийн коллежийн оюутан
Д.Болд, Г.Мэнд-Амар нар Б.Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат хоёрт хамтран дуулах
санал тавьснаар “Камертон” хамтлаг анх байгуулагдсан түүхтэй. Тэд Монгол
хүн бүрийн дуулж өсдөг алдарт “Маамуу нааш ир” дууг хөгжимгүй дөрвөн
хоолой салган дуулж хит болгож байсан бөгөөд рок, попын ертөнцөд
өөрсдийн байр суурийг хэдийнэ эзлэн олон хит дууг эгшиглүүлсэн билээ.
Тэдний анхны уран бүтээлийн нэг “18 нас” дуу өнөөдрийг хүртэл залуусын
дунд дуулагдсаар байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийг гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

Хоногийн хугацаанд объектын гал түймрийн 10 дуудлагаар Гал унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Тухайлбал: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол 16 дугаар байрны 3 дугаар орцонд айлаас утаа гараад байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийг очиход жижиг өрөөнд хөнжил шатаж байсныг аюулгуй болгосон байна. Уг гал түймэрт 6 настай, эрэгтэй хүүхэд угаартсан байсныг аварч ЯТТТ-ийн 103 хүлээлгэн өгсөн.

Баянзүрх
дүүргийн 11 дүгээр хороо, Туул зөрлөгийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж
байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 63 дугаар ангийн
тасгийг очиход 3х3 хэмжээтэй амбаар, 3.5х3.5 хэмжээтэй зуны байшин эд
хогшлын хамт, 8х5 хэмжээтэй өвлийн сууцны дээвэр, 10 метр хашаа,
хураалттай мод, Hyundia elantra маркийн автoмашин, 8 метр хашаа шатаж
байсныг нэмэлтээр Гал унтраах, аврах 35 дугаар ангийн тасаг тус тус
ажиллаж унтраасан.

Баянзүрх
дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 403 дугаар байрны 1
дүгээр орцонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах,
аврах 14 дүгээр ангийн тасгийг очиход цахилгаан зуухыг залгаатай
орхисноос утаатай байсныг 3 сунадаг шат, ХХУХ 3ш баг ашиглан аюулгүй
болгосон. 33 литр шатахуун зарцуулсан.

Хан-Уул
дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн байрны буудал дээр автомашин хашаанд
шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 30 дугаар ангийн
тасгийг очиход accent маркийн автомашины моторын хэсэг шатаж байсныг
унтраасан.

Сүхбаатар
дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 16 дугаар гудамжинд байшин шатаж
байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 10 дугаар ангийн
тасгийг очиход 5х4 хэмжээтэй өвлийн сууц, эд хогшил шатаж байсныг
унтраасан.

Сонгинохайрхан
дүүргийн 22 дугаар хороо, хуванцар савны үйлдвэр шатаж байна гэсэн
дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 26 дугаар ангийн тасгийг очиход
“Судал констракшн” ХХК-ийн 12х8 хэмжээтэй сендвичэн байшингийн баруун
талын хана, гадна хашаанд ууттай хуванцар савнууд шатаж байсныг
унтраасан байна.