Categories
мэдээ соёл-урлаг

“Welcome to Mongolia – 2015” олон улсын балетын наадам энэ сарын 18 ,19-ны өдрүүдэд болно

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд МУГЖ Д.Алтанхуягийн удирдлагаар “Welcome to Mongolia-2015” олон улсын балетын наадмыг 2 дахь жилдээ энэ сарын 18, 19-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан МУГЖ Д.Алтанхуяг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Монгол Улсыг олон улсад сонгодог урлагаар дамжуулан сурталчлах зорилго бүхий “Welcome to Mongolia – 2015” олон улсын балетын наадамд АНУ, Куба, Испани, Япон, Казакстан, Тайвань, Гүрж, Оросын өнөө үед бүжиглэж байгаа шилдэг балетчид оролцох бөгөөд Монгол Улсад тоглосныхоо дараа Япон Улсад тоглох юм.
Уг наадамд дэлхийн шилдэг бүжигчидтэй ажиллаж, бүжиг дэглэх авъяасаараа номер нэгт тооцогдох балетчин, бүжиг дэглээч Фан И МУГЖ Д.Алтанхуягт зориулж тавьсан бүжгээ хамтран бүжиглэхээс гадна олон улсад танигдсан шилдэг бүжигчид сонгодог бүжгийн оргил бүтээлүүд болох “Хунт Нуур”, “Ромео Жульет” “Камэллиа Хатагтай”, “Корсар”, “Мөленруж”, “Травиата” зэрэг бүжгэн жүжгийн оргил хэсгүүдээс Монголын үзэгчдэд толилуулна гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“PLAYTIME 2015” амьд хөгжмийн наадам “Монгол шилтгээн”-д болно

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “PLAYTIME 2015” амьд хөгжмийн наадам энэ оны 6-р сарын 27, 28 өдөр “Монгол шилтгээн”-д болно. Тус наадам нь 14 дэх жилдээ болж байгаа бөгөөд наадмын гол зорилго нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд оршино.

Зохион байгуулагчдын зүгээс наадмыг угтан олон арга хэмжээ зохион байгуулж байгаагын дараагийн сонирхолтой үйл ажиллагаа бол амьд хөгжим сонирхогчидод зориулсан “PLAYTIME 2015” амьд хөгжмийн наадмын Pre-Party өдөрлөгийг 2015 оны 6 – сарын 18нд Gandan Live House-д зохион байгуулах гэж байна.

Энэхүү өдөрлөгт “Playtime”, “Шинэ Давалгаа”, “Нааглихац” тайзнаа уран бүтээлээ барих Khalisee, The Tourists, Homosapien “Headline”, Mrs.M /Sing Like a Pro team/, Dj Mika D / A.V.E team/, DJ Tuvshin /Mint Out team/, Vibelist team, HiFi team нар уригдан оролцох бөгөөд азтай 2 хос тасалбарын эзнийг хүрэлцэн ирсэн залуучууд дундаас тодруулах болно.

Тус өдөрлөгт “PLAYTIME 2015” наадмын ерөнхий зохион байгуулалт, болон REPLAY буюу наадамд хүрэлцэн ирсэн залууст хог хаягдалаа хэрхэн багасгах, зөв зохистой ашиглах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой урлагийн яармагийн тухай мөн наадамд хүрэлцэн ирэх залуусд зөвшөөрсөн болон хориглосон зүйлсийн талаарх дэлгэрэнүй мэдээллийг зохион байгуулагчидийн төлөөлөлүүд танилцуулах болно.

Мөн дашрамд дуулгахад 2015 оны 6 сарын 20 ний өдрийн 3 цагт GN Beverages компанийн Pepsi брэндтэй хамтран Playtime Pepsi хөтөлбөрийг Хүннү моллд зохион байгуулна. Тус өдөрлөгт наадамд оролцох хамтлаг дуучид хүрэлцэн ирж тоглох бөгөөд азтай 2 хос тасалбарын эздийг мөн цугларсан хүмүүсээс тодруулах болно.

Наадмын тасалбарыг Хай-Фай Рекордзийн салбаруудаар болон 1900-1950 иар үнэгүй хүргүүлэн худалдаална. Мөн Юнителийн хэрэглэгчид GG оноогоо ашиглан Юнителийн 40 мянгат, Өргөө 2, Хорооллын салбаруудаас 15%-20% ийн хямдралтайгаар худалдан авах таатай боломжийг Танд олгож байна. Тасалбарыг нэг өдрийн 30,000₮, хоёр өдрийн 50,000₮-өөр худалдаалж байна.

Наадмын албан ёсны цахим хуудас www.playtime.mnцахим хуудсаар дамжуулан наадамтай холбоотой бүх мэдээллийг цаг тухайд нь авах боломжтой юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ашиг сонирхлын зөрчлийн хууль авгай нөхөр, анд нөхдийг ч зөрчилдүүлэх юм байна

Монгол улсад “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль” мөрдөгдөж байна. Тус хуульд хэрэглэсэн нэр томъёог дор дурдсан утгаар ойлгож хүлээж авах ёстой юм байна. Тухайлбал тус хуулийн 3.1.3.“ашиг сонирхлын зөрчил” гэж төрийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг хэлнэ гэжээ.3.1.5.“хамаарал бүхий этгээд” гэж тухайн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр (нөхөр)-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдүүдийг нэрлэжээ. Гэтэл “Хамаарал бүхий этгээд” гэдгээс бултуулаад хамааралгүй нэрийн дор хамгийн итгэлтэй хүнээ авчраад тавьчихдаг нь жижигхэн Монголд ердийн үзэгдэл шүү дээ. Мөн тус хуулийн 3.1.6.“нэгдмэл сонирхолтой этгээд” гэж тухайн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг оноожээ. Улмаар хуулийн 3.1.11.“ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” гэж тухайн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг хуульчлан хоригложээ. Хөдөөнийхөн бол нэг голд төрсөн бол төрийн албанд хамт ажиллаж болохгүй нь. Хот сууринд бол нэг төрөх газарт мэндлээд нэг хороонд өссөн бол бас болохгүй нь. Цагаан дээр хараар буусан нь энэ. Эдгээр заалтуудыг 2012 оны тавдугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмж оруулсан байдаг юм. Уламжлалт сэтгэхүй гэж айхавтар юм байна. Жишээ нь нотариатаар хичнээн ч батлуулаад очсон тэр хүнийг мэдэхгүй бол хэн ч итгэхгүй. Харин танил нь хэлээд явуулсан бол “Энэ гайгүй хүн юм байна” гээд итгэдэг нь Монголын уламжлал. Гуравхан сая хүнтэй Монголд 300 сая хүнтэй Америкийн хуулийг хуулж буулгасан нь энэ. АНУ гэдэг бол хэн хаанаас ирснээ ч мэдэхгүй, удам гарвал нь тодорхойгүй хүмүүс. Ийм л тивд зориулсан хууль Монгол Улсад мөрдөгдөөд байгаа нь энэ.

Тус хуулийг буруу тайлбарлаж байна гэж өөрийгөө бодохгүй байна. Энэ хууль амьдралын хөрсөнд хэрхэнбууж, нийгэмд ашиг тусаа өгч байгаад нь эргэлзэж байна. Аливаа хуульд амин сүнс, философи гэж байдгийг мэргэшсэн хуульчид хэлдэг. Энэ хуулийн амин сүнс нь гэвэл ах дүү, хамаатан садан, найз нөхөд, тэр бүү хэл дунд сургуулийн нэг ангид сурч байсан найзаасаа хүртэл хол байх юм байна.Хувь хүн төрд алба хашиж байх хугацаандаа харь гаригаас ирсэн амьтан шиг байх нь. Амьдралын шалгарсан үнэн гэвэл аливаа ажил хэрэг итгэлцэл дээр явагддаг үнэн юм.

Төрд л алба хашиж буй бол төрлөө ч мэдэхгүй байх энэхүү ухаалаг бус хуулийн үндэс нь үнэндээ социалист нийгмээс эхтэй. Эв хамтын нийгмийг байгуулахад саад тотгор болдог зүйл нь ах дүүсэг байдал, үзэл сурталгүй ойр садны хүмүүс гэж шалгарсан коммунистууд үздэг байлаа. Бараг эхнэрээ нийтийн өмч гэж үзэж байсан дэглэм шүү дээ. Монгол оронд 1930-аад онд хэрэгжсэн хамтрал коммуны үйл явдал үүнийг батална. Тэр үеийн үйл явдлыг харуулсан Түвдэнгийн Бор гэж баатарлаг эмэгтэйн тухай киног санаж байгаа байх. Бошгыг халах залуучуудын эвлэлийн гишүүн тэр бүсгүй өөрийг нь хүний зэрэгт хүргэж хүмүүжүүлсэн нагац ахынхаа хойноос Дотоод яамныхныг дагуулан элдэж, мууг нь үзэх гэж улайрч байгааг. Төрсөн мах цусныхаа тасархайг хүртэл ингэж үзэн ядтал хүмүүжүүлсэн нийгмийн үзэл л орчин үежиж, өнөөдрийн ардчилсан нийгэмд ашиг сонирхлын хууль болон хэрэгжээд явж байна.

Тэгэхээр Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх энэ хууль 30 сая хүнтэй улсад тохирч болно. Яагаад гэвэл ийм тооны хүн дотроос эрхбиш ажлыг шударга хийдэг, ах дүү хамаатан садан гэх юмгүй, төрийн жинхэнэ албан хаагчид олдож болно. Харин гурван сая хүнтэй Монголд бол ийм хүн олдтолоо ховор юм. Бод доо, нэг дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн 14 нь хамаатан садан, ажил төрөл, анд нөхдийн гүн бат холбоотой нэгэн том даргын зоонтог дор байдаг хүмүүс байгааг мэдээллийн хэрэгслүүд бичээд л байгаа. Монгол ийм л жижигхэн. Эдгээр 14 хүн тус дүүргийн хувь заяаг шийднэ. Засаг даргыг томилно. Санхүүгийн даргыг тавиулна. Энэ хоёр хүн нь өнөө хуулиар хориглосон 1, 2 дугаар гарын үсэг зурдаг хүмүүс нь байх жишээтэй. Шинээр томилогдсон Засаг дарга бол өөрийг нь шоронд хийхээргүй хамгийн итгэлтэй, ойрын хүнээ л хоёрдугаар гарын үсэг зурах ерөнхий нягтлангаараа томилно. Хэн ч танихгүй хүнийг нягтлангаараа тавьж хэрэгт орохыг бодохгүй биз дээ. Харин хуулиар хэн ч танихгүй хүнийг тавь гэж байгаа.

Нэг суманд дээд тал нь 15 дээд боловсролтой хүн байна. Тэдгээр нь ядаж сумын Засаг даргынх нь ойрын хамаатнууд. Ашиг сонирхлын хуулиар мань дарга дээд боловсролтой хамаатнаа тавьж болохгүй. Яах вэ гэхээр 8 дугаар ангиа арайхийж төгссөн галчийг “Миний хамаатан биш юм” гэсэн хуулийн заалтаар нягтлангаар тавина. Бодит амьдрал дээрх хууль ийм.

Нэгэн аймгийн Засаг даргад энэ хууль үйлчилсэн парадоксыг хэлье. Нөхөр Засаг дарга урьд жил хулхи зам бариулсан зэмийг аймгийн иргэдээсээ хүртэж үхтэл муугаа дуудуулсан. Дараа жил нь 20 км замын тендер дахин зарлагдахад өнөө хулхины компани нь бас ороод иржээ. Түүнтэй хамт бизнесийн түүхийг нь огт мэдэхгүй компаниуд бас оролцов. Нөхөр бол аймгийнх нь замыг хамгийн сайн технологиор, хамгийн шуурхай, чанартай барих компанийг мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Гэвч тэрхүү компанийн захирал эхнэрийнх нь ойрын хамаатан. Тендерийн комисст нь огт байдаггүй хэрнээ муу нэрийг нь сонсож үлддэг Засаг дарга тэр компанийг тендерт ялуулж чанартай замтай үлдэх хүсэлтэй байвч Ашиг сонирхлын зөрчлийн хууль зөрчинө. Хэдхэн хоноод хэмэрхээд унах замтай үлдэх үү, эсвэл огт замгүй байх уу. Энэ бол Эрх ашгийн зөрчлийн хуулийн амьдрал дээр үзүүлж буй парадокс буюу гарцгүй болсон байдал.

Эр хүнд хамгийн итгэлтэй хүмүүс нь хүү, хүргэн хоёр нь л байдаг юм шүү дээ. Эр хүүхэд, энхрий охиныхоо нөхөр хоёрт л хүн итгэж ажил амьдралаа явуулдаг юм. Хотын дарга Э.Бат-Үүл гэр хорооллыг барилгажуулах хамгийн том төсөл дээр хүүгээ л тавина биз дээ. Хамгийн тэнэг хүн л үүнийг үгүйсгэх байх. Амьдрал үнэн байдаг болохоор Э.Бат-Үүл хамгийн түвэгтэй газар болох Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Амгалан орчмын” газарт хүү Б.Чулуудайгийнхаа “Гранд лайн” компанийг орохыг зөвлөж “За чи наад газартаа сайхан орон сууцны хорооллыг сүндэрлүүлж нийслэлчүүдэд тус бол. Бусдад үлгэрлэ. Аавынхаа итгэлийг алдахгүй хүн нь чи байна” гэсэн байгаа. Яагаад гэвэл Э.Бат-Үүл хүүгээ хамгийн сайн мэдэж, чадна гэдэгт нь итгэж байгаа учраас тэр. Ийм л итгэл бүхий, таньж мэддэг хүмүүсээ зовлон бэрхшээл ихтэй том төсөлд оруулахгүй бол мэдэхгүй нөхдүүд нь өнөөдөр хулхидаад алга болсон дуулдана лээ. Хуулиараа тендерт шалгаруулах процесст Э.Бат-Үүл ямар ч оролцоогүй юм.

Аймгийн Засаг дарга нөхөр бол авгайн дүү гэдэг ашиг сонирхлоос айгаад аймгаа замгүй, өөрөө шоронгүй салахаар шийдэж. Э.Бат-Үүл бол хүүгийнхээ компаниар гэр хорооллыг барилгажуулж, хэсэг айлыг орон сууцтай болгоод өөрөө шорон руу явах юм байна л даа, цахим ертөнцөд бичиж байгаа хүмүүсийн сэтгэгдлээр бол. Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль амьдрал дээр ийм л дүр зурагтай байна.

Нарийндаа яривал Г.Дэнзэнг ЗГХЭГ-ын дэд дарга болгож, том төслийнхөө ТУЗ-ийн дарга болгохгүй өөр ямар итгэлтэй хүнээ болгох юм бэ, Н.Алтанхуягийн хувьд. Өнөөдөр Н.Алтанхуяг, Г.Дэнзэн нарыг буруутгадаг нөхөд амьдрал дээр хүү, хүргэнүүддээ итгэж байгаа. Үүнтэй чинь ялгаа юу байна. Таны хүүг, хүргэнийг шоронд хоривол шударга хүн та “Одоо яахав дээ, Ашиг сонирхлын хууль зөрчсөн юм байна лээ” гээд эхнэрээ тэврээд дуржигнатал хухираад байж чадах уу. Хүн тайван амгалан аж төрж, ажлаа сайн хийхийн тулд итгэлтэй, сайн таньж мэддэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлдэг хүн төрөлхтний тогтсон үзэл байна.

Монголд ийм тамын тогооны хууль үйлчлэхээс өөр аргагүйд хүрчихсэн юм биш. Бүх улс оронд итгэлцлийн хууль үйлчилдэг юм. Америкийн нэгэн эдийн засгийн сэтгүүлд 2012 онд “Дэлхийн банкны шинэ Ерөнхийлөгч Жим Ен Ким дотнын нөхрөө Монголд томиллоо” гэсэн утгатай мэдээ гарч байсан юм. Тэр нь юу гэхээр тухайн онд Дэлхийн банкнаас Монгол Улсыг хариуцан ажиллахаар шинээртомилогдсон захирал Берт Хофмэныг хэлсэн хэрэг. Жим Ен Ким гуай шинэ албанд очоод л хамгийн итгэлтэй, урьд нь хамтран ажиллаж байсан нөхдөө бүс нутгуудад томилж эхэлсэн юм билээ. Тэгэхээр дэлхийн хамгийн том санхүүгийн байгууллага дотроо хүртэл ийм л итгэлцлийн хууль үйлчилдэг байна. Дэлхий ийм байхад манайх эсрэгээрээ таньдаг итгэдэг бүгдийгээ өөрөөсөө хол байлгаж төрийн ажлыг сайн явуул гэсэн хууль гаргасан нь дэндүү хоцрогдсон бүдүүлэг байгаагийн шинж юм даа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Халхын их аваргатай овог, нэр адилхан бөх цэргийн начин боллоо

Одоогоос хэдэн жилийн өмнө Д.Кёкүшюүзан Батбаяр Арлын орон руу өсвөр насны бөхчүүд явуулахаар болж хэвлэлийн хурлыг нь сурвалжилсан юм. Арав гаруй хөвгүүнээс арай л нэг сэргэлэн цагаан хүүтэй хөөрөлдөж, овог нэрийг нь асуувал “Дашдоржийн Цэрэнтогтох” гэв. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Халхын их аваргатай нэр овог нь адил болохоор жаахан гайхасхийж нутаг усыг нь асуувал “Баянхонгор аймгийн Заг сумынх” гэж төрсөн нутгийн маань нэрийг хэлдэг юм байна. Миний хувьд нутгархаж жалгархах талдаа жаахан төсөөдүү ч чин үнэнийг хэлэхэд дотроо их л баярласан юм даг. “Хүний газар нутгийн нэрийг хайрлаж яв” гэх өвгөдийн үг ямар ч монгол хүнд амин цэнэг нь болж явдаг биз. Монгол бөхийн өргөөнөө саяхан болсон Бүх цэргийн наадамд тэр жилийн уулзаж учирч явсан бяцхан хүү, эр өсч эсгий сунан зодоглож цэргийн начин цол хүртэж ус нутгийнхныхаа баярын магнайг тэнийлгэж байна. “Их Богд” дэвжээний бөх, сумын заан цолтой эл залуу Залаа, Чандмань овоо, Загийн гол, Хүрэн бэлчирийн талынханд Халхын их аваргын нэр овгийг өргөж явах хүчтэн шиг л сэтгэл зүрхэнд нь ойр дотно санагдаж байна. Нутгийн нэрийг өргөж, дуудах алдраа дуурсгаж яв гэж аав, ээж алтан сургаалиа хайрладаг нь учиртай байх юм. Тиймээс ч монголчууд ус нутгийнхаа нэрийг өргөх сайн бөхчүүд төрөөсэй гэж төрийн сүлдэндээ залбирч явдаг болов уу.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Нам гэдэг нам хуйвалдаж, сэм идэлцэхийн нэр болчихлоо” ярилцлага “Өдрийн сонин”-д гарлаа

Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2006 оноос өмнөх гадаад паспортоо солиулах гэсэн иргэд олноороо ирэх болжээ. Үүрийн 06 цагаас УБЕГ-ын үүдэнд дугаарлан зогсож, ихээхэн оочер дараалал үүсгэжээ. Дээрх үүссэн нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжлан“Өдрийн сурвалжлага” булангаараа уншигч та бүхэндээ хүргэж байна.

Уржигдар Малайзад амьдарч байсан монгол эмэгтэй халдлагад өртсөн талаарх мэдээлэл цахим ертөнцөөр тарж, иргэд шуугих болсон. Уг гэмт хэрэг Дамансара хотын Бандар Ютама дүүрэгт болсон бөгөөд мотоцикльтой гэмт этгээдүүд нэгэн жийп машин руу гал нээжээ. Харамсалтай нь тус автомашин дотор 26 настай монгол эмэгтэй сууж явсан бөгөөд тэрээр цээж мөрөндөө дөрвөн удаа буудуулан, эмнэлэгт хүргэгджээ. Харин халдлага болох үед жолоо барьж явсан Малайзын иргэн Датук огт бэртэж гэмтээгүй байна. Чухам ямар учир шалтгааны улмаас гэмт этгээдүүд монгол эмэгтэйн аминд хүрэхийг завдсан талаарх нийтлэлийг манай сонины долдугаар нүүрнээс уншаарай.

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга асан, гавьяат эдийн засагч Ж.Гомбожавтай улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар, Үндсэн хуулийн өөрчлөлтийн ярицлсан “Нам гэдэг нам хуйвалдаж, сэм идэхийн нэр болчихлоо” хэмээх сонирхолтой ярилцлагыг хоёрдугаар нүүртээ хэвлэлээ.

Монгол Улсын тод манлай уяач, Үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэгтэй зүүн аймгуудын тариаланчидтай хийсэн уулзалт, газар тариалангийн хуулиас авахуулаад өнөө жилийн наадамд сойж буй хурдан хүлгүүдийнх нь талаар ярилцав. 13 дугаар нүүрээс уншаарай.

Улсын баяр наадам хаяанд ирсэн энэ л өдрүүдэд хэн хүнгүй наадмаа хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа талаар чих тавин хүлээж суугаа. Тэгвэл энэ жил улсын их баяр наадмын арга хэмжээнүүд долдугаар сарын 4-нөөс эхлэн зохиогдож эхлэх юм байна. Нийт 16 төрлийн арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд ихэвчлэн Чингисийн талбайд болох аж. Энэ талаарх БСШУЯ-ны дэд сайд Я.Төмөрбаатартай ярилцлага хийснийгдөрөвдүгээр нүүрт гаргалаа .

Энэ мэтчилэн цаг үеийн онц сонирхолтой мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлага энэ удаагийн дугаарт багтлаа.

“Өдрийн сонин”-ыэрхэм уншигч та, манай
өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35
салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн
салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн
биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин
борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул
дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах
цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс
худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж
худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг
Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар
улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно
уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт
холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Улаанбаатарт Эмиратын ЭСЯ-ыг байгуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Шейх Мухаммед бин Рашид Аль Мактумын урилгаар өнгөрөгч тавдугаар сарын 19-20-нд тус улсад ажлын айлчлал хийсэн билээ. Айлчлалын дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгасан юм.

Айлчлалын үеэр болсон уулзалт, ярианы үеэр хоёр талын харилцаатай холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хөндөсний дотор хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхиүлэн дэмжих тухай, Орлогын татварыг давхардуулж ногдуулахаас сэргийлэх тухай, Агаарын харилцаа тогтоох тухай зэрэг эрх зүйн баримт бичгүүдийн талаар санал солилцож, Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайдын яамыг Улаанбаатар хотноо байгуулах асуудлыг эцэслэн тохиров. Түүнчлэн CIB санхүүгийн групптэй Монгол Улсын бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд нэг тэрбум хүртлэх ам.долларын хөрөнгө оруулах сан байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

ИЗИС-ийн багш нар осолд оржээ

Төв аймгийн Бор нуур сумын Өгөөмөр 1-р багийн нутаг УБ-Дархан чиглэлийн 105-106 км-т Х.Аванте маркийн Б жолоочтой авто машин нь Т.Ист маркийн авто машинтай мөргөлджээ.

Ослын улмаас 28 настай эрэгтэй О нас барж
долоон хүн гэмтсэн байна. Тодруулбал, осолд орсон хүмүүс ИЗИС-ийн багш
нар байсан бөгөөд декан нь нас барж, хоёр эмэгтэй багш нь сэхээнд байгаа
юм байна.

Тус сургуулийн 20 гаруй багш ажилтан Эрдэнэт рүү явж байжээ. Тэдний зарим нь зугаалгаар, зарим нь ажлаар явж байсан гэнэ.

Ямартаа ч ослын шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж эхэлжээ.

Categories
мэдээ улс-төр

Эмэгтэй гишүүд завсарлагыг цуцлахгүй бол чуулганд суухгүй гэдгээ мэдэгдэв

УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсныг эмэгтэй гишүүд эсэргүүцэж, хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тэд уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхгүй завсарлаад байвал хаврын чуулганаар баталж чадахгүй. Ирэх есдүгээр сард хичээл эхлэхэд дахиад цэцэрлэгийн хүрэлцээний асуудал үүснэ. Тийм учраас хаврын чуулганаар багтаан батлах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Гадаад худалдаа 174.5 сая ам.долларын ашигтай гарчээ

Ам.долларын ханш чангарч, импортын хэрэглээний өртөг нэмэгдсэнээр манай
улсын гадаад худалдаа ашигтай гарах болсон. Тодруулбал, он гарсаар
гадаад худалдаа тогтмол ашигтай гарч буй билээ. Эхний таван сарын
байдлаар манай улс дэлхийн 122 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны
нийт бараа эргэлт 3316.2 сая ам.долларт хүрсэн байна.

Үүнээс экспорт 1869.3, импорт 1447 сая ам.долларт хүрчээ. Ингэснээр
гадаад худалдааны тэнцэл 174.5 сая ам.долларын ашигтай гарсан байна. Энэ
нь импортын хэмжээ буурч, экспорт өссөнтэй холбоотой. Тодруулбал, нийт
экспортын хэмжээ 2.7 хувиар өсч, импортын хэмжээ 31 хувиар буураад
байгаа юм.

Categories
энтертаймент-ертөнц

“Jurassic World”-ийн ашиг орлого рекорд тогтоолоо

“Jurassic Park” киноны дөрөв дэх цуврал болох “Jurassic World” нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 500 сая доллараас дээш орлого олсон анхны кино боллоо. Түүнчлэн “Jurassic World” нь дэлхийн 66 орны хувьд дэлгэцийн хамгийн алдартай бүтээл хэмээн нэрлэгдэж байгаа юм.

Тус кино нь АНУ-ын зах зээлд 204.6 сая долларын ашиг олсон тухай
Exhibitor Relations пүүс мэдэгджээ. Мөн Хятад, Их Британи болон Ирландад
100 сая доллар гээд нийт дэлхийн зах зээлээс 511.8 сая долларын орлого
олоод байна. Энэ нь АНУ-д нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо ашиг
орлогороо рекорд тогтоосон Universal Pictures кино компанийн хоёр дахь
бүтээл болж байгаа юм. Universal-ийн Marvel-ийн “The Avengers” кино 2012
онд 207.4 сая долларын орлогоор рекорд тогтоож байжээ.