Ийгл телевизийн сэтгүүлч Б.Жаргалмаа хүндээр өвдөж, өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр Тайландад мэс засалд орсон билээ. Түүний эмчилгээний зардалд Монголын олон мянган үзэгч хандив өргөж, эрүүл энхийг хүссэн юм. Үзэгчид тус телевиз рүү холбогдож, сэтгүүлч Б.Жаргалмаагийн бие ямар байгаагмэдэхийг хүсэх болжээ. Тиймээс Ийглийнхэн “Иргэдийн цаг” нэвтрүүлгээрээ сэтгүүлч Б.Жаргалмаатай холбогдож, биеийн байдлынх нь талаар тодруулсан байна. Тэрээр “Үзэгч түмэн, Монголын ард олныхоо чин сэтгэлийн хандив, тусламжаар мэс засал амжилттай болсон. Та бүхэндээ маш их баярлалаа. Удахгүй бүрэн эдгэрч, эфирээрээ үзэгчидтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Мөн хамт олон та бүхэндээ, салбарын үзэг нэгт нөхөддөө талархлаа илэрхийлье” гэжээ.
Month: June 2015
Жүжигчин Т.Хулан амаржиж, хүүтэй болжээ. Тэрээр улсын гавьяат жүжигчин Г.Дашхүү агсны хүү найруулагч Д.Галбаяртай амьдралаа холбож, хөөрхөн хүүгийн ээж аав болсон.
Тэд хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэжээ. Найруулагч Д.Галбаяр өөрийн фэйсбүүк хуудастаа “Удам залгах хоёр дахь хүү минь мэндэллээ. Хоёр сайхан хүү наддаа хайрласан ханьдаа хязгааргүй хайртай. Яг одоо би хамгийн жаргалтай аав” хэмээн сэтгэгдлээ бичсэн байна.
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийг хохироосон тухай өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцлээ.
Энэхүү ажлын хэсгийг тус Байнгын хорооны 2014 оны 04 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн Ж.Батзандангаар ахлуулан байгуулжээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн талаар Байнгын хороонд иргэдээс ирүүлсэн өргөдлүүдэд ерөнхийдөө газрын үнэлгээн дээр тохиролцохгүй байгаа, зөвхөн нэг компанийг төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулсан нь иргэдэд сонголт хийх боломж олгохгүй байгаа, НИТХ-ын тогтоолоор баталсан журамд төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулаагүй иргэдийн тухай зохицуулалт хангалтгүй байгааг анхаарахыг хүссэн, оршин суугчдын түр зөвлөл байгуулаагүйгээс төсөл хэрэгжүүлэгч иргэдтэй гэрээ байгуулахдаа газрын үнэлгээг багаар үнэлсэн тул уг гэрээг хүчингүй болгож өгөхийг хүссэн гомдол, хүсэлт зонхилж байв.
Ажлын хэсгийнхэн иргэдийн өргөдлийг судалж, тэдэнтэй уулзах явцад төслийн хэрэгжилтийн талаар энэ мэт гомдол мэдүүлж байгаа ч иргэд гэр хорооллыг орон сууцжуулах төслийг үргэлжлүүлэх, илүү олон айл өрх хамруулах, тэгэхдээ гол нь иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудалд анхаарахыг санал болгож байжээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэлсэн 2013 оноос хойш 2015 оны 3 дугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд иргэдээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлтэй холбоотой 20024 өргөдөл ирүүлсний 79,3 хувь буюу 15880 нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдах хүсэлт байгаа нь ч үүнийг баталж байгаа аж.
Ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандангийн мэдээлснээр бол тус хэсэг энэ оны 4 дүгээр сарын 20-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 4 байршилд үйл ажиллагаа явуулж буй “Баганат-Өргөө” ХХК, “Гангар-Инвест” ХХК, “Асар-Өргөө” ХХК, “Буурал Сутай” ХХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй асуудлаар саналыг нь сонсжээ. Мөн 4 дүгээр сарын 22-нд Баянзүрх дүүргийн 13, 14-р хорооны иргэдийн “Газрын эзэн Баянзүрх нөхөрлөл”, төсөл хэрэгжүүлэгч “Цагаан хуаран” ХХК-ийн захирал Ганзориг нартай уулзаж иргэдийн гомдол, хүсэлтийг хүлээн авсан байна. Ерөнхийдөө нийслэлийн хэмжээнд 8 дүүргийн 37 хорооны 1506,1 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр нийт 24 байршлыг баталж, төсөл хэрэгжүүлэгч 38 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Ажлын хэсэг “Нийслэлийн хүн амын 60 хувь нь амьдарч байгаа гэр хорооллын нөхцөлөөс үүдэн тулгарч буй бэрхшээлүүд болох агаар, хөрсний бохирдол, хог хаягдал, ядуурал, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний хангамж зэрэг асуудлыг шийдвэрлэхийн тулд хэрэгжүүлж байгаа гэр хорооллыг орон сууцжуулах дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжилт ерөнхийдөө олонх иргэдийн сэтгэлд нийцсэн, боломжийн хэмжээнд байна гэж үзэхээр байна” гэсэн дүгнэлтэд хүрсний зэрэгцээ дараах хэдэн саналыг Байнгын хороонд хэлэлцүүлэхээр оруулав. Үүнд:
1.Байнгын хорооны тогтоолоор Гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн хэрэгжилтийн талаар Засгийн газарт чиглэл өгөх,
2.Ажлын хэсгийн танилцуулга болон хуулийн төслийн талаарх саналыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо болон Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Г.Батхүү гишүүнээр ахлуулсан ажлын хэсэгт хүргүүлэх,
3.Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар иргэдээс ирүүлсэн зарим хүсэлт, гомдлыг шийдвэрлэх талаар Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд чиглэл өгөх.
Ажлын хэсгийн танилцуулгын дараа Байнгын хорооны гишүүд нийслэлийн захиргааны холбогдох газар, хэлтсүүдийн удирдлагад асуулт тавьж хариулт авсан бөгөөд хэлэлцэж буй асуудлаар санал бодлоо илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин гэр хорооллын дахин төлөвлөлт нь нэн нүсэр, бэрхшээлтэй, мөн хүчээр биш ухамсраар хийх ажил болохыг тэмдэглээд иргэдийн гомдолтой холбогдуулан “Тэдний хувьд хэрэгжүүлэгч компаниудаас сонголт хийх боломжгүй, чадаж байгаа компанийг нь л оруулах хэрэгтэй. Тэгэхдээ иргэдээс гарсан хүсэлтэд дор дор нь шуурхай харилут өгч, газрын үнэлгээн дээр тодорхой хязгаар тогтоох ёстой” гэсэн байр суурьтай байсан бол Улсын Их Хурлын гишүүн М.Зоригт “Энэ бол нийгмийн сэтгэл зүйд гарч буй том хандлага, тиймээс иргэдийг соён гэгээрүүлэх, тэдэнд ойлгуулах замаар эерэг хандлага бүрдүүлж, байж энэ ажил зүй зохистой урагшлах ёстой. Үүнд хэвлэл мэдээллийнхэн онцгой үүрэгтэй”-г сануулсан юм.
Гишүүд үг хэлж дууссаны дараа тэдний саналыг тусган Засгийн газарт чиглэл өгөх тухай Өргөдлийн байнгын хорооны тогтоолын төслийг батлах асуудлаар хуралдаанд оролцсон гишүүдийн саналыг хураахад уг асуудал 87,5 хувийн саналаар дэмжигдлээ. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар иргэдээс ирүүлсэн зарим хүсэлт, гомдлыг шийдвэрлэх талаар Байнгын хорооны хуралдааны тэмдэглэл хэлбэрээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд чиглэл өгхөөр болов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ сарын эхээр улсын хэмжээнд “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” аян өрнүүлж байна. Өнгөрсөн хугацаанд аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газар 145 аж ахуйн нэгж, байгууллага, 2500 гаруй иргэнд хяналтын хуудсыг сурталчлан, улсын байцаагч, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг сургалтад хамруулжээ. Мөн эрсдлээс сэргийлэх чиглэлээр гаргасан 36 төрлийн гарын авлага, зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэсэн байна.
Аж ахуйн нэгж, иргэд Мэргэжлийн хяналтын байгууллагын шинэчлэл, эрсдэлд суурилсан хяналт шалгалт, ил тод байдал, дотоод хяналт гэж юу болох талаар мэдээлэл авч цаашдынхаа ажил, үйлчилгээнд ашиглах боломжтой болсондоо талархаж байна.
Цаашид аяны хүрээнд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах урьдчилсан хяналт шалгалт хийх, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг мод, модон материалын захад үзүүлэх сургалт зохион байгуулах зэрэг олон арга хэмжээ авахаар төлөвлөөд байна.
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Рамсфелд сангийн ерөнхийлөгч, АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Доналд Рамсфелд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Ноён Доналд Рамсфелд уулзалтын эхэнд УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, Монгол Улсын ардчилсан хувьсгалын 25 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд танай улсын ардчиллыг амжилттай хөгжүүлж байгаа жишээ нь зүй ёсоор бусад улс оронд сайн туршлага болно гэв. Мөн тэрээр монголчууд чадварлаг, оюунлаг ард түмэн болохыг онцлоод, Рамсфелд сангийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 гаруй монгол иргэн хамрагдсан. Тэдгээр залуус өдгөө салбар, салбартаа амжилттай ажиллаж байгаа нь үүний илрэл мөн хэмээн хэлэв.
УИХ-ын дарга ноён Д.Рамсфелд тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, 2005 онд АНУ-ын Батлан хамгаалахын сайдын хувиар албан ёсны айлчлал хийж байснаас хойш Монгол Улс хурдацтай хөгжиж, олон ахиц дэвшил гарсныг тэмдэглэхийн зэрэгцээ нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, харилцан ярилцав.
Уулзалтад АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн доктор Фредерик Старр, Рамсфелд сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Стив Камбоне болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Номч мэргэн, гэвш Сэнгээ ринбүчийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “БУДДЫН МЭДЛЭГ УХААНЫ ХӨГЖИЛД МОНГОЛ МЭРГЭДИЙН ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал маргааш өдрийнХанбүргэдэй их дэлгүүрийнхурлын танхимд болох юм байна.
Архангай аймгийн Тариатын хүрээнд шавилан сууж хожим Төвдөд буддын судар, тарнийн гүн ухаанд суралцан мэргэшиж Сэра хийдийн хамба ламаар насан өөд болтлоо ажилласан монголын их мэргэн, гэвш Дарамбазарын Сэнгээгийн амьдрал, шашин номын үйл хэрэг болон бүтээн туурвисан зохиол бүтээлийг нь тодруулах, сургалт, судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах, түүнчлэн түүний монголын философи сэтгэлгээний хөгжилд оруулсан хувь нэмрийн талаар сурталчлан таниулахад хурлын гол зорилго оршиж байна.
Хурлыг нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Философийн ухааны доктор Ц.Балхаажав, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор Р.Ринчинбазар, БНХАУ-ын Өвөрмонголын Их сургуулийн судлаач Ч.Энхээ нар үг хэлэх аж.
Хуралд академич Г.Чулуунбаатар “Буддын мэдлэг ухааны хөгжилд монгол мэргэдийн оруулсан хувь нэмэр”, академич С.Нарангэрэл “Монголын уламжлалт ёс суртахуун ба хууль”, академич Б.Жадамба “Квантпсихологи ба “үйл үр”-ийн гүн ухаан”, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, төвд, буддын судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Л.Абаева “Стратегии и тенденции развития буддийской конфессии в монголосфере”, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Тэрбиш “Төвд – Монголын шашин төрийн харилцаанд монгол лам ноёдын гүйцэтгэсэн үүрэг”, философийн ухааны доктор, профессор М.Гантуяа, С.Цэдэндамба “Монголчуудын хутагт тодруулж ирсэн уламжлал ба үндэсний ухамсар”, философийн ухааны доктор Т.Булган “Сэнгээ гэвшийн Ядам бурханыг бүтээх бясалгалын тухай”, судлаач профессор Д.Чулуунжав “ХХ зууны их увдистан Сэнгээ ринбүчи (1905-1993)” зэрэг монголын буддын шашин, ёс зүй, философи сэтгэлгээнд холбогдох асуудлаар гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид нийт 19 илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Хурлыг ШУА-ийн Философийн хүрээлэн
МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим
Азийн буддистуудын Энх тайвны бага хурал зохион байгуулж, Хан бүргэдэй их дэлгүүр ивээн тэтгэжээ.
Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт энэ сарын 18-ны пүрэв гаригт эхэлнэ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохион байгуулагддаг, дэлхийн бизнесийн лидерүүд, улс орны удирдагчид оролцдог энэхүү чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцоно, энэ үеэр Ерөнхий сайд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхах юм.
Тус чуулга уулзалтад оролцохоор Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр мордлоо.
Тэрээр өнөөдөр Москвад хотноо ажиллах бөгөөд Евразийн эдийн засгийн комиссийн Сайд нарын зөвлөлийн дарга В.Б.Христенкотой уулзана. Энэ үеэр “Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны тухай санамж бичиг”-т гарын үсэг зурах юм.
Мөн Москвагийн Хүмүүнлэгийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
“Автобус” компанийн удирдлагууд хууль бусаар төсвийн мөнгө идэж байсан нь тогтоогдож, дөрвөн хүнийг цагдан хорьсон. “Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуяг, “Тулга огоо”-н захирал С.Энхболд нарыг сэжигтнээр тооцон хорьж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан юм.”Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуягийг батлан даалтад гаргаж, гадуур байцааж байгаа гэнэ. Тус компанийн ажилтан “А.Ганхуяг захиралажлаа хийж байгаа” гэж ярьжээ.
Эдгээр хувийн компаниудын захирал 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан тухай урьдчилсан байдлаар тогтоосон гэнэ. Нийтийн тээврийн унаагаар үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардал болох нөхөн олговрын мөнгийг нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээнд явсан автобусны тоо, рейс нэг бүрийг тусгай тоног төхөөрөмжөөр бүртгэж үүний үндсэн дээр санхүүжилтийг олгодог журамтай. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь үйлчилгээнд гараагүй автобусны “МТ-150” төхөөрөмжийг хувийн суудлын автомашинуудад олноор байрлуулан тухайн автобусыг үйлчилгээнд гарсан мэт маршрут, чиглэлд явж, автобусны тоо болон рейс цагийг өсгөх замаар улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн холбогдох албан тушаалтангуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Зүүн Өмнөд Азийн 14 орны төв банкны бодлогын түвшний шийдвэр гаргагчид “Мөнгөний бодлого тодорхойлоход санхүүгийн зах зээлээс мэдээлэл цуглуулах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах түвшинд хэрхэн үр дүнтэйгээр ашиглах нь” сэдвийн дор Улаанбаатар хотноо энэ сарын 14-19-ний өдрүүдэд нэгдсэн уулзалт, хэлэлцүүлэг болж байна.
Энэ хэлэлцүүлгийн гол зорилго нь санхүүгийн томоохон бодлого тодорхойлоход санхүүгийн мэдээллүүдийг хэрхэн цуглуулах, ашигтай мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үр дүнд бодлого боловсруулах, санхүүгийн зах зээлийн оновчтой бодлого төлөвлөхөд санхүүгийн мэдээллийн солилцоо, ашиглалтыг сайжруулах талаар харилцан туршлага, санал солилцох юм.
Зүүн өмнөд Азийн төв банкны уулзалт, хэлэлцүүлэгт Бангладеш, Бруней, Камбож, Энэтхэг, Индонейз, Лаос, Малайз, Монгол, Непал, Шинэ Гуяана, Филиппин, Шри-Ланк, Хятад-Тайвань болон Тайландын төв банкны төлөөлөл оролцож байна. Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлгийг Монголбанкнаас зохион байгуулж байгаа аж.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10 цаг 05 минутад, 52.6 хувийн ирцтэй эхэлсэн юм. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Хяналтын тухай хуулийн төсөл, Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байв.
Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Г.Батхүү гишүүн “Хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдаад бараг нэг жил болох гэж байна.
Иймээс ажлын хэсгийн ахлагчийн хувьд хуулийн төслийн хэлэлцүүлгийг эхлүүлж зарчмын асуудлуудаа шийдээд явах нь зүйтэй” гэсэн саналтай байгаагаа хэлэв. Харин ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр хуулийн төслийн зарим асуудал дээр нам, эвслийн бүлгүүд байр сууриа нэгтгэж чадаагүй байгаа учраас шууд хэлэлцэх нь зохимжгүй юм. Иймээс ажлын хэсэг асуудлаа ярилцаж ойлголцон саналаа нэгтгэсний дараа хэлэлцэх нь зөв гэдгийг хэлэв. Ингээд ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү хуулийн төслийн хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн хуваарьт оруулаад ойлголцоод явах боломжтой, гол нь нам, эвслийн бүлгүүд хуулийн төслийн зарим заалттай холбоотой шийдлээ гаргаж ажлын хэсэгт ажиллах боломж олгох нь чухал гэдгийг хэлсэн тул уг асуудлыг хойшлуулж, байнгын хорооны дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр болов.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч ажлын хэсгийн саналаар уг асуудлыг бас хойшлуулж, байнгын хорооны ирэх долоо хоногийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Н.Энхболд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй байнгын хорооны ажлын хэсэг төслийн зарим зүйл, заалтын талаар ойлголцож зарчмын зөрүүтэй саналаа бэлтгэсэн ч нэгдсэн ойлголцод хүрээгүй асуудал бас байгаа. Иймээс ажлын хэсэг асуудлаа нэг мөр шийдэж оруулж ирээгүй байхад хэлэлцэх нь зарчмын хувьд зохимжгүй гэдгээ хэлсэн юм. Харин Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин ажлын хэсэг уг хуулийн төслийн нэгээс бусад асуудлаар ойлголцолд хүрч саналаа нэгтгэсэн учраас ажлын хэсгийн хэлэлцүүлгийг нээлттэй үлдээгээд бусад асуудлаа хэлэлцээд явах боломжтой гэж үзэж буйгаа хэлэв.
Байнгын хорооны дарга А.Бакей ч ажлын хэсгийн ахлагчийн саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Харин Д.Лүндээжанцан, Н.Батцэрэг нар зарчмаа баривал ажлын хэсэг саналаа нэгтгэж оруулж ирсний дараа хэлэлцэх нь зөв гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв. Иймээс уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулж, ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэх, энэ хооронд ажлын хэсэг хуралдаж нэг мөр шийдэж амжаагүй байгаа асуудлаа эцэслэн оруулж ирэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.